Гэр орноо мөсөнд даруулсан иргэн авто машинд өдөр хоног өнгөрүүлж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 01

Байгалийн давагдашгүй хүчин зүйлд нэрвэгдсэн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны зарим айл өрхийн бодит байдлыг сурвалжлахаар тус газрыг зорилоо. Олны нэрлэдгээр Таван буудлаас Дарь-Эх рүү явах зам дагуу баригдсан “Шинэ гүүр” давуут Сэлбэ голын дагуу байрлан буусан хэсэг айл харагдах аж. Амьдарч буй гэр орон, авто машинаа мөсөнд “хучуулсан” нөхцөл байдал биднийг угтсан юм. Хаа сайгүй мөс... Мөсөнд дарагдсан хашаа...  Хашаан дотор хоёр эрэгтэй мөс нүдээд зогсож байв. Тэд “Ундарч гарч ирээд байгаа усны гольдролыг нэг сувгаар урсгахын тулд шуудуу гаргаж байгаагаа” учирлав. Ингээд ч болов арга хэмжээ авахгүй бол доороос ундарч байгаа ус нэлэнхүйдээ тархаж, шөнөдөө хөлдөөд мөс улам л зузаараад байгаа гэх. Тэдний нэг болох ... тоот хашааны оршин суугч иргэн Н-ээс дараах тодруулгыг авлаа.


 

“Үүрээр гэнэт тачигнасан чимээ гараад ус урсаад эхэлсэн”

 

-Яг хэзээнээс ийм хүнд байдалд орчихов оо?

-Хоёрдугаар сарын 4-ний үүрээр гэнэт тачигнасан чимээ дуугараад эхэлсэн. Тэгээд босоход пүл гээд л хулдаасан доороос ус бөмбийгөөд гараад ирсэн. Бичиг баримтаа, өмссөн хувцастайгаа аваад гарахад гэр тэр чигтээ усанд автчихдаг юм билээ.

-Энэ их мөс ингэж тогтоход хугацаа орно биз дээ. Ядаж гэр машинаа холдуулаад авах боломж байгаагүй хэрэг үү?

-Угаасаа энэ чинь маш хурдан хугацаанд л болдог юм билээ. Бид энэ мөсөнд  дарагдсан айлын  хажуу гэрийг нь бас нэг авто машиныг холдуулж л амжсан.

-Байгалийн давагдашгүй хүчин зүйл л юм даа, тиймээ?

-Тиймээ. Гэр нь мөсөнд дарагдсан өрх бол яг манай хажуугийн айл л даа. Эднийх үнэхээр хүнд байгаа. Өрх толгойл­сон эмэгтэй, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Ээжийнх нь хаяанд нь хамт амьдардаг байсан. Бид ээжийнх нь гэрийг л авч амжсан. Эд нар маань нэг хэсэгтээ айлд байсан ч байнга байгаад байх хэцүү. Одоо өдөр хоногийг машиндаа л өнгөрүүлж байгаа юм билээ. Өмссөн хувцастайгаа л үлдсэн. Яг тэдний гэр барьсан хэсгийн газар  доор энэ усны ундарга байрлаад байгаа юм. Улмаар ундаргаас оргилсон их хэмжээний ус өдөр өдрөөр төвшин нь нэмэгдсээр л байна. Одоо ойр орчмын бүхий л зүйл усанд автаж гүйцлээ. Хамгийн хэцүү нь шөнөдөө мөстөж хоноод байгаа болохоор бүр их хүндрэл учруулж байна.

-Урьд нь ийм зүйл болж байсан уу?

-Өмнө нь 2007 оны үед ийм зүйл болж байсан. Гэхдээ энэ удаагийнх шиг арай ч ийм байдалд хүрээгүй. Түүнээс хойш бол гайгүй. Хавар дулаараад ирэхээр жаахан халиа л урсдаг.

-Энэ хавийн айлууд газрын зөвшөөрөлгүй дур мэдээд суурь­чихсан байдаг тухай албаны­хан ярьж байсан. Танайх жишээ нь газрын зөвшөөрөлтэй юу?

-Манайх газрын зөвшөөрөлтэй. Кадастрын зураг энэ тэр нь гар­чихсан, тамга тэмдэгтэйгээ бүх  зүйл нь бүрэн. Яахав ганц нэг айл бол зөвшөөрөлгүй юм билээ.

-Та нарын зүгээс дүүрэгтээ хандсан уу?

-Хандсан. Өргөдөл бичээд өг гэсэн. Бид өгсөн.

-Дүүргээс та нарт ямар хариу өгсөн бэ?

-Хариу өгөөгүй таг болсон. Маргааш /өнөөдөр/ дахиад л очно доо.

-Холбогдох албаныхан ирж нөхцөл байдалтай танилцсан уу?

-Өнгөрсөн хугацаанд баахан л хүн ирсэн. Өчигдөр л гэхэд нийслэлээс дарга нар бололтой хүмүүс гээд арав гаруй машинтай хүмүүс ирж, бөөн сүрийг үзүүлсэн. Тэр үеэр хорооноос энэ хавийн айлуудад гурил, наранцэцгийн тос гэх зэрэг аар саар зүйл өгсөн. Түүнээс бус дорвитой шийдвэр хариу бидэнд өгсөнгүй.

-Шинэ суурьшлын бүс тог­тоож, усанд автсан айлуудыг нүүл­гэж шилжүүлнэ гэсэн мэдээл­лийг албаныхан өгч бай­сан. Та энэ талаар сонссон уу?

-Аан тийм. Тэр яриад байгаа суурьшлын бүс гэдэг нь “Ганц худаг” гээд шорон байгаа шүү дээ. Тэр шоронгийн хойшоо л нэг газрын сураг дуулдсан. Гэхдээ яг тэр энэ гэж зааж барьсан юм бол байхгүй.

-Дүүргийн газрын албанаас иргэдтэй уулзаж, нарийвчилсан судалгаа хийж байгаа гэдэг юм билээ?

-Өргөдөл л бичиж өг гэсэн. Түүнээс өөрөөр өнгөрсөн хуга­цаанд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Уг нь тэр нүүлгэн суурьшуулах газар нь тог, худагтай л гэж сонссон. Иргэд бидний зүгээс хүсэхэд, байгалийн ийм давагдашгүй хүчин зүйлд автсан айлуудаа онцгой анхаарч, асуудлыг шийдэхэд дор­ви­той, түргэн хугацаанд шийдвэрээ гаргаж өгөөчээ л гэж хүсэж байна.

 

Р.Баянжаргал: Долоон айлын асуудал яригдаад байгаа

 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Баянзүрх дүүр­гийн Онцгой байдлын орлогч, хошууч Р.Баянжаргалтай утсаар холбогдлоо.

-Танай дүүргийн 21 дүгээр хорооны зарим өрх усанд автсан гэх мэдээлэл байна. Дүүргийн онцгой коммисоос газар дээр нь очиж нөхцөл байдалтай танилцсан уу?

-Газар дээр нь очсон. Танилц­сан.  Холбогдох арга хэмжээг аваад явж байгаа.

-Үүсээд байгаа нөхцөл байд­лын талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Хавар болгон л энэ орчимд асуудал гардаг л даа. Голын жалга дагаж буусан, үер усанд автах магадлалтай нийтдээ долоон л айлын асуудал яригдаад байгаа юм. Энэ дундаас нэг айлын орон гэр, машин нь усанд автчихсан байдалтай. Бусад нь бол харьцангуй гайгүй байгаа. Бидний зүгээс боломжоороо үерийн шуудуу татаад өгсөн. Цаашид бол эдгээр айлыг өөр суурьшлын бүсэд нүүлгэн шилжүүлэх асуудал яригдаж байна.

-Энэ газартаа иргэд хашаа хороо, байшин сав барьчихсан байдаг. Нүүлгэн шилжүүлнэ гэхээр иргэдийн өмч хөрөнгийн асуудал яригдана. Энэ талаар яаж зохицуулах бол?

-Энд нэг зүйлийг маш сайн ойлгох хэрэгтэй. Угаасаа голын ай сав орчмын хэсгээс 50 метрийн зайнд суурьшлын бүсийг тогтооно гэсэн журамтай байхад иргэд  юун 50 метрийн зай барих байтугай голтой хаяа залгаад дур мэдэн буучихсан байгаа юм. Тэр усанд автаж, мөсөнд  хучуулчихаад байгаа айлын газар бол зөвшөөрөлгүй байх жишээтэй. Надад нэг л зүйл ажиглагдаад байгаа юм. Манайхан суурьших газраа аюулгүй байдал, газрын зөвшөөрөл олгогдсон эсэхийг нь нягтлахгүйгээр зуны дэлгэр цагт сайхан ногоо идсэн голын эрэг дээр гоё газар гээд л буучихдаг нь харамсалтай. Одоо энэ усанд автсан айл гэхэд л өнгөрсөн зун энэ газрыг худалдаад авчихсан. Өмнөх айл нь ийм эрсдэл үүсдэг болохоор нь бодвол хямдхан зарсан бололтой. Ийм байдлаар өөрсдийн эрүүл мэнд, эд хөрөнгө, аюулгүй байдлаа тооцохгүйгээр дур мэдэн хаана ч хамаагүй бууж байгаа нь харамсалтай.

-Дүүргийн зүгээр усанд автсан айлуудын нөхцөл байд­лыг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Ийм нөхцөл байдал жил болгоны л хавар үүснэ. Тиймээс эдгээр айлуудын ирээдүйг бодоод шинэ суурьшлын бүс тогтоож өгөх үүрэг даалгаврыг дүүргийн Засаг даргаас өгсөн. Газрын албаныхан ажиллаж байгаа. Иргэдийн зүгээс ч нөхцөл байдалтайгаа эвлэрээд нэгдсэн ойлголтод хүрсэн.

-Гэр нь усанд автчихсан айл өрхөд  дүүргээс тусламж дэмжлэг үзүүлэх болов уу?

-Ер нь нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй. Иргэн хүн өөрийнхөө өмч хөрөнгийг өөрөө л хариуцах ёстой шүү дээ. Жишээ нь, тэр ус гэнэт орж ирээгүй, мөстөж хөлдтөлөө тодорхой хугацаа үргэлжилж байгаа юм. Тэр хугацаанд машинаа, гэр орноо яагаад уснаас холдуулж авч болоогүй юм бэ. Хамаг зүйл хүндэрсэн хойно нь өчнөөн зовлон тоочоод бүх зүйлийн хариуцлагыг төрөөс нэхээд байж болохгүй. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг аашлах нь буруу хандлага. Гэхдээ нэгэнт ийм хүнд нөхцөлд орчихсон айл өрхөө төрөөс боломжоорооо зохицуулалт хийнэ. Тиймээс ч эдгээр айлд шинэ суурьшлын бүс тогтоож өгөхөөр газрын алба нарийвчилсан судалгаа хийгээд ажиллаж байгаа.

 

Нийслэлийн экологийн асуудал хүндрэх нь ээ!!!

 

Мөсөнд дарагдсан хэмээн яригдаад байгаа айлуудын нөхцөл байдлыг тодруулахад ийм байна. Дулаарах тусам усны ундарга улам нэмэгдэж, улмаар мөстөж тогтсон ус хайлах нь тодорхой. Тухайн цагт энэ орчим тэр чигтээ усанд автаж, айлуудын  муу усны нүх, жорлон зэрэг бүх бохир халих нь тодорхой. Улмаар тэр бохир ойр орчмын хөрсөнд нэвчих,  Сэлбэ гол руу шууд урсаж орох нь гарцаагүй байна. Өөрөөр хэлбэл, үүсээд байгаа энэ нөхцөл байдал зөвхөн долоон айлын асуудал бус нийслэлийн экологийн асуудал болж таарна. Сэлбэ гол руу цутгагдаж байгаа тэр бохир гольдролоо дагаад Дунд гол, цаашлаад Туул гол руу урсана. Иймээс энэ асуудал дээр холбогдох албаныхан онцгой анхаарч, учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ажлыг авч хэрэгжүүлэхийг энэхүү сурвалжлагаараа сануулахыг зорилоо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.15) 2021 оны 03 сарын 01

Яг тэр ундаргатай айл амьтан суурьшиж болохгүй газрыг нь хашаалаад хамгаалчихаж болдоггүй юм болов уу жил болгон л ийм байдал үүсдэг шүү дээ хорооны зүгээс дорвитой юм хийх хэрэгтэй өөрөөсөө зайлуулаад байж болохгүй иргэдийг ийм эрсдэлд оруулахгүйн төлөө ажиллах ёстой

0  |  0
Mongol(139.5.216.138) 2021 оны 03 сарын 01

Hohi ni ee

0  |  0
Зочин(203.91.118.150) 2021 оны 03 сарын 01

Мэдсээр байж ийм газар амьдраад байдаг ямар учиртай юм бэ. Дураараа юм бэ.

0  |  0
54(203.91.112.133) 2021 оны 03 сарын 01

нүүгээчээ, айл амьдрах боломжгүй л газар юм байна ш дээ

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2021 оны 03 сарын 01

Toirgoos songogdson ih hurliin gishuud yasan be yagaad tor zasag tuslahgui bna be

0  |  0
Zocnin(68.145.61.75) 2021 оны 03 сарын 01

Irgediig bgaliin gamshigt ortson yed uls shuurhai arga hemjee awcn tur bairshuulah oron bairaar hangaj tsaashid amidrahad ni demjleg uzuuleh heregteishdee Gadaadad uer bolson ail orhod bolon busad berhaheeltei yued ni zasgaas ni shuurhai butsaltgui demjleg uzuulj bdag yum bilee

0  |  0
Бат(202.9.46.226) 2021 оны 03 сарын 01

Нэг хүнд ноогдох газар нутгаараа дэлхийд тэргүүлдэг монголчууд энгэж амьдрах гэж дээ бурхнаас заяасан хүний хувь тавиланг яалтай билээ

1  |  0
Top