“Өглөөний сонин” энэ удаа Тогтвортой ноос, ноолуурын эвслийн Монгол дахь захирал, доктор Б.Батхишигийг урьж ярилцлаа.
-Энэ жилийн ноолуур бэлтгэл ямар явцтай явна. Байгаа мэдээллээсээ хуваалцахгүй юу?
-Энэ жилийн ноолуур бэлтгэл гадаад, дотоод олон хүчин зүйлээс шалтгаалаад сум, нэгжийн түвшинд харилцан ялгаатай байна. Ноднин жил ноолуурын үнэ ханш маш доогуур, сайн чанарын 1 кг ноолуур л дээд тал нь 70 гаруй мянган төгрөг хүрч байлаа. Түүн дээр төрийн урамшуулал ороод, арайхийж 90 мянган төгрөг болсон доо. Энэ жил ноолуурын үнэ нэг дахин нугараад, 140-150 мянга, зарим газартаа 155 мянган төгрөгт хүрч, Монголд урьд өмнө байгаагүй үнийн өөрчлөлт гарсан. Гэхдээ тун удалгүй үнэ ханш огцом буурах хандлагатай болсон. Нэг талаас харвал малчдын орлого нэмэгдэж байна. Нөгөө талаасаа үндэсний үйлдвэрүүдэд хүндрэл учирч байна. Ноолуурын үнэ ингэж хадсан үед үндэсний үйлдвэрүүд түүхий эдийн нөөцөө хангалттай бүрдүүлж чадахгүй. Чадлаа ч гэсэн бага хэмжээгээр л бүрдүүлнэ. Бүрдүүллээ гээд ийм өндөр үнэтэй түүхий эдийг боловсруулаад, бүтээгдэхүүн хийгээд зарлаа гэхэд дотоодод хэн ч авахгүй, гадаад зах зээлд худалдан авагч хэн байх вэ гэдэг өөрөө том асуудал.
-Ноолуурын үнийн хөөрөгдөл Засгийн газраас хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжихэд зориулж 500 тэрбум төгрөг олгохоор зарласантай холбоотой юу?
-Ноолуурын үнийн асуудлыг хэн ч шийдэж чадахгүй байна л даа. Жил бүр л “зах зээл өөрөө шийднэ” гээд зөнгөөр нь орхиод байгаа. Гэтэл зах зээлийг зохион байгуулж болдог. Удирдаж болдог. Нөлөөлж болдог. Засгийн газар ноолуур бэлтгэлд зориулж тодорхой хэмжээний санхүүжилт гаргахаа зарладаг ч өмнөх зээл тусламжийн үр өгөөж, үр дүн ямар байсан, зорьсон үзүүлэлтийг авчирсан уу гэдгийг тодорхой болгох нь зүйтэй.
Энэ жилийн хувьд нэг онцлогтой. Ноолуураа борлуулж байгаа мал аж ахуй эрхлэгч өрх бүр татварын системд бүртгүүлж, и-баримт шивэхийг татварын албанаас төдийгүй худалдан авалт хийж байгаа үйлдвэрүүд шаардаж байгаа. Тэгэхээр ноолуураа борлуулах малчид маань өнөөдөр бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч гэдгийн хувьд тодорхой хэмжээний хариуцлага үүрэх болж байгаа. 50 сая төгрөгөөс доош хэмжээний орлогод 1 хувийн татвар төлөх ёстой. Хэрвээ би ноолуураа зараад 5 сая төгрөгийн борлуулалт хийсэн бол 50 мянган төгрөгийн татвар төлөх нь байна шүү дээ. Энэ асуудал удаашралтай явагдаж байгаа болов уу гэж ажиглагдсан. Юунаас болж, удаашралтай байгаа вэ гэхээр хэд хэдэн шалтгаан бий, үүнд зарим худалдан авагчид НӨАТ-ын бүртгэлийг шаардаж байхад, зарим нь шаардахгүй байгаа юм.
Бид татварын цахим системд регистрийн дугаараараа бүртгүүлээд, худалдан авсан юмаа оруулдаг. Түүн шиг малчид ноолуур, түүхий эдээ зарсан бол зарсан худалдагч тал гэдэг утгаараа орлогын дүнгээ оруулах ёстой. Энэ ажилд жаахан хойргодуу хандаж байна. Малчид дургүйцсэндээ, эсэргүүцсэндээ биш харин энэ талаарх мэдээлэл, ойлголт хангалтгүйгээс тэр юм. Хэрвээ энэ асуудлыг тал талдаа сургалт, мэдээлэл, аргачлалын хувьд шийдчихвэл үйлдвэрүүдэд тун амар болно. Авсан, өгсөн нь тодорхой юм чинь үндэсний үйлдвэрүүд сүүлд нь торгуульд орохгүй.
-Та манай уншигчдад Тогтвортой ноос, ноолуурын эвслийнхээ тухай танилцуулахгүй юу? Яг юу хийдэг байгууллага вэ?
-Sustainable Fibre Alliance (SFA) буюу монголоор орчуулбал Тогтвортой ноос, ноолуурын эвсэл (ТННЭ) нь олон улсын нийгэм, экологийн зарчмаар хөндлөнгийн этгээдийн баталгаажуулалт хийдэг байгууллага. Лондон хотод төвтэй. Товчоор хэлбэл олон улсын брэнд болон ноолуурын худалдаа эрхэлж байгаа байгууллагуудын хамтын зөвшилцлийн дүрэмд эвлэлдэн нэгдсэн хувийн хэвшлийн төлөөлөл. Тэр утгаараа ТННЭ нь ноос, ноолуурын салбарын тогтвортойгоор удаан хугацаанд оршин тогтнох чадварыг бүрдүүлэхийн төлөө ажилладаг ашгийн бус байгууллага. Бидний ард олон улсад нэртэй 100 гаруй брэнд үйлдвэрлэгчид, ноолуурын үйлдвэрлэл, худалдаа эрхэлж байгаа олон улсын компани, үйлдвэрүүд бий. Манай эвсэл тогтвортой ноос, ноолуурын стандартыг нэвтрүүлснээр байгальд ээлтэй, хүн мал амьтны тав тухтай орчныг хангасан, малчдын амьжиргааг дэмжсэн ноолуурын хариуцлагатай үйлдвэрлэлийг явуулах, дэмжих зорилготой.
-Одоо танай эвсэлд Монголын хэдэн үйлдвэр, аж ахуйн нэгж нэгдээд байгаа вэ?
-Монголоос “Ханбогд кашемир”, “Говь” ХК, “Сор кашемир”, “Гоёл кашемир”, “Хатант интернэйшнл”, “Монитал Шнайдер”, “Өгөөж шим”, “Үлэмж кашемир” гээд найман аж ахуйн нэгж нэгдсэн.
-Сая “Говь” компани ТННЭ-ийн мөнгөн батламжлал авсан. Ингэснээр олон улсын зах зээлд баталгаажсан гэсэн үг үү?
-“Говь” компани “Цэвэр ноолуур боловсруулах зохистой дадал”-ыг амжилттай нэвтрүүлж, манай батламжийг авсан. “Говь” бол түүхий эдээ бэлтгэхээс авахуулаад эцсийн бэлэн бүтээгдэхүүн хүртэл үйлдвэрлэдэг вертикал буюу цогцолбор үйлдвэрлэл. Тэднийх анхан шатны боловсруулах үйлдвэртээ манай зохистой дадлын шалгууруудаар хөндлөнгийн этгээдийн үнэлгээ, тохирлын үнэлгээнд орсон.
Зохистой дадлын шалгуурууд маань цаанаасаа олон улсын зах зээлийн шаардлага юм. Тэнд нийгэм, байгаль орчин, хөдөлмөр хамгаалал, үйлдвэрлэлийн угаах, самнах, ангилах, лабораторийн дүн шинжилгээ хийх ажилбар болгон дээр үндэснийхээ хууль тогтоомжийг дагаж байна уу, хүнд ойлгомжтой, нээлттэй бүртгэлээ явуулж чадаж байна уу, хөдөлмөр хамгааллынхаа бодлого, журам, заавар, зааварчилгаанууд нь ээлтэй байна уу гэх мэт 116 шалгуураар л үнэлэгдэж байгаа гэсэн үг л дээ.
“Говь”-ийн ээрэх, будах, нэхэх, сүлжих гээд гүн боловсруулах үйлдвэрлэл рүү ороогүй.
-Яг ийм батламж авсан хэдэн үйлдвэр байна?
-“Ханбогд кашемир”, “Сор кашемир”, “Монитал”, “Өгөөж шим”, “Хатант интернэйшнл”, тэгээд “Говь” ХК. Батламжлалын хувьд ялгаатай байгаа. “Говь”-ийн хувьд 40 жилийн түүхтэй үйлдвэр. Энэ хугацаанд тогтсон, сайжруулалт хийгдээд, хөгжлийн шатаа дамжаад явсан, бусад үйлдвэрээ түүчээлээд асар их нөү-хауг түгээн дэлгэрүүлсэн. Түүнийг сүүлд гарч ирсэн, анхан шатны хувийн үйлдвэртэй харьцуулшгүй.
Зөвхөн анхан шатны боловсруулалтаар дагнасан жижиг, дунд үйлдвэрүүд манай үнэлгээнд орсноороо шалгуур үзүүлэлт болгон дээр биднээс сайжруулах, хөгжүүлэх зөвлөмж, төлөвлөгөө авч байгаа. Ингэснээр тэр үйлдвэрт их дөхөм болчихож байгаа юм.
Гарын авлага, замыг нь заагаад олон улсын жишиг, шаардлагыг нь хэлээд өгчихөөр үйлдвэр, аж ауй эрхлэгч нарт асар их нэмэртэй болдог.
Наад зах нь эрчим хүч, усны хэмнэлт, хог хаягдлыг хянах, бууруулах талаар хийгдэж байгаа бодит ажлаа нийт ажилчиддаа танилцуулж байх, ингэснээр ажилчид эрчим хүчээ хэмнэх сэтгэлгээг бий болох бөгөөд энэ нь компаний үр ашигт тодорхой хэмжээгээр нөлөөлнө гэсэн зарчмаар зөвлөмжөө өгөөд, үндэсний стандартуудыг нь давхар сануулаад өгчихдөг. Хүнд халддаг төрөл бүрийн халдварт өвчин тусах, шороо тоосны харшилтай болохоос урьдчилан сэргийлэх самбартай болоорой гээд энгийн боловч хүндээ ээлтэй арга ажиллагааг заагаад, ийм байдаг гээд зөвлөөд өгчихөж байгаа юм.
-Манай төр засаг ноолуурын худалдааг зах зээл нь зохицуулаг гэх маягтай явж байгаа гэж та түрүүн хэллээ. Тэгвэл манай түүхий ноолуурын үндсэн худалдан авагч БНХАУ-ын төр ноолуур үйлдвэрлэгчдээ дэмжих ямар бодлого барьдаг бол?
-Тэд эрэлт, нийлүүлэлтийн зарчмаар явдаг юм билээ. Хэрвээ Хятадын үндэсний үйлдвэр нь эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, олон улсын томоохон үйлдвэрүүдийн, мөн тэр үйлдвэрүүдэд бэлтгэн нийлүүлэгч болчихож байгаа бол асар том өртгийг, үнэлэмжийг улсдаа авчирч байна гэж үзэж, төрөөс олгох зээл, баталгаажуулалтад хамрагдах, өөр бусад янз бүрийн том дэмжлэгт шууд хамруулдаг. Тийм ч учраас худалдан авагч, захиалагч талд нь асар том баталгаа болж өгдөг. Манайд бол зээл олгохдоо гадаад зах зээлийн шинэлэг ямар сувгийг нээчихээд байгаа, олон улсын ямар байгууллагуудтай хамтарч, ямар шалгуурыг хангачихаад байгаа юм гэдгийг илүү сайн харгалзах шаардлагатай. Борлуулалтын орлогоос зээлийн эргэн төлөлт явагдах учраас зах зээлийн асуудлаа шийдэх гэж олон улсын жишиг болсон сайн туршлагуудыг үйлдвэртээ нэвтрүүлээд явж байгаа, гадаад худалдаанд шаардаж байгаа шалгууруудыг тасралтгүй хөгжлийн зарчмаар бүрдүүлээд, үнэлүүлээд явж байгаа үйлдвэрүүдийн гүйцэтгэлийг ажиглан дэмжлэгээ түлхүү чиглүүлэх нь зүйтэй боловуу. Мөн тэдгээр үйлдвэрт ноолуураа өгч байгаа хоршоодод ноолуурын урамшууллыг түлхүү олгох гэх мэтээр янз бүрийн дэмжлэгийн зарчмыг дурьдаж болно.
Олон хүнд нөхцөл үүсэхэд үндэсний үйлдвэрүүдээ, дотоодын зах зээлээ яаж хамгаалах талаар байнга судалж үзээд, олон талын уулзалт хэлэлцүүлгийг нээлттэйгээр мэргэжлийн болон санхүүгийн байгууллагатай хамтран явуулбал маш хэрэгтэй юм. Гэтэл нэг хөтөлбөр, бодлого гаргадаг, тэрийгээ жижиг цар хүрээтэй хэлэлцээд дуусгачихдаг байдал үүсээд байна. Гэтэл ноолуурын зах зээлийн бодлого гэдэг өргөн хүрээтэй, олон улсын түвшинд авч үзэх ёстой бодлого. Яагаад гэвэл дэлхийн ноолуурын зах зээлд бид онцгой үүрэгтэй улс.
-Ингэхэд Монгол Улс маань дэлхийн ноолуурын зах зээлийн яг хэдэн хувийг бэлтгээд байна вэ?
-Олон улсад жилдээ 20- 22 мянган тонн ноолуур бэлтгэдэг гэж үзэхэд тэрний ойролцоогоор 45 хувь нь Монголоос гарч байгаа гэж үздэг. Гэхдээ жилийн эцсийн ноолууран бэлэн бүтээгдэхүүний 5 хүрэхгүй хувь Монголоос гарч байгаа. Гэхдээ эцсийн бэлэн бүтээгдэхүүн хэний гар дээр очиж байгаа нь хамгийн чухал. Үл мэдэгдэх брэнд, үл мэдэгдэх дэлгүүр, сүлжээ рүү манай бүтээгдэхүүн гулсаж ороод, яаж байгаа нь мэдэгдэхгүй болчих гээд байгаа юм. Тэгвэл бид ямар зах зээлийн шалгуурыг хангаж байгаа, энийг өргөсгөх, худалдан авагчаа татах боломж байна уу, нийлүүлэлтийн тэр сувгийг тэлэх боломжоо хэд хэдэн хувилбартай баймаар байгаа юм.
-Монгол ноолуурыг дэлхийн зах зээлд таниулсан ганц брэнд гэвэл “Говь” л байна даа...
-Би энд “зах зээлд таниулах” гэдэг асуудлыг яримаар байна. Монголын зах зээлд таниулах, олон улсын зах зээлд таниулах хоёр бол ондоо шалгуур шаардлагаар, хоёр өөр замналаар явдаг юм байна. Хэн олон улсын зах зээлд Монголын ноолуурыг таниулах вэ, түүнийг яаж хийдэг вэ, зарчим, тогтолцоо нь яаж явагддаг юм бэ гэдэг талаар бид маш дэлгэрэнгүй, нухацтай, ний нуугүй ярих хэрэгтэй байна. Монгол ноолуур олон улсын зах зээлд өрсөлдөж, гадаад зах зээлд танигдана гэдэг бол тэр чигтээ асар том үнэ цэнэ ба контентийн суудал. Яагаад гэвэл загварын ертөнцийг тодорхойлж байгаа том загвар зохион бүтээгчид, брэндүүдэд танигдахгүйгээр энэ боломжгүй. Олон улсад брэндийг хөгжүүлэх замнал асар өндөр хэмжээнд хариуцлагатай хөгжсөн. Бид тэр хэмжээнд хүрэхэд олон жилийн төлөвлөгөөт, уйгагүй, идэвхтэй хандлага хэрэгтэй.
“Говь”-ийн хувьд сүүлийн үед онлайн худалдааг идэвхжүүлж байна, бизнесээс шууд хэрэглэгчид хүрдэг системийг хөгжүүлж байна. Бизнесээс хэрэглэгчид очихын тулд хэрэглэгч тэр бүтээгдэхүүнийг хэрэглээд, эдлээд сурчихсан, олон жилийн хэрэглээний явцад угаах индүүдэх арга учрыг нь олчихсон, өнгө, загварт нь дасчихсан, чанарт нь итгэчихсэн байх ёстой болно. Энийг л “зах зээлд таниулна” гэж энгийнээр хэлээд байгаа юм.
Тэгэнгүүтээ эцсийн бэлэн бүтээгдэхүүн болгоод хэрэглэгчдэд хүргэх ажлыг голдуу брэнд эзэмшигчдийн ажил юм билээ. Дэлхийд алдартай брэнд байлаа гэхэд өөрөө үйлдвэрлэгч төдийлөн үйлдвэр биш шүү дээ. Үйлдвэрлэгчид чинь брэндээсээ ондоо бизнесийн загвартай, цаашлаад боловсруулагчид бас тэс ондоо, бэлтгэн нийлүүлэгчид бас ондоо. Жишээлбэл манайх хамгийн сайн боловсруулах үйлдвэр байя гэж бодъё. Манайхаас бүгдээрээ самнасан ноолуураа авдаг. Манайх тэрүүгээрээ л үйлдвэрийнхээ хувьд хамгийн сүүлийн дэвшилтэд болох, ажилбар, дамжлага болгон дээр чанарын менежментийн тогтолцоог авчирна гэдэг маш хэцүү. Тиймээс бид кластерлах шаардлагатай болчихож байгаа юм. Дээр нь загвар зохион бүтээгчид голдуу брэндэд л байдаг. Тэдний сонголт, шийдлийг хууль дүрэм мэт үздэг. “Ийм өнгийн утсыг, ийм чанартай ноолуурыг ийм силктэй холиод ийм бүтээгдэхүүн хийнэ, энэ загварыг 2-3 жил үйлдвэрлэнэ” гээд тогтчихсон байхад үйлдвэрлэгч яах юм. “Та 100 хувь монгол ноолуур л ав” гэж зүтгэж чадахгүй шүү дээ. Тэгэхээр манайд тэр айхтар том загварын ертөнц, брэндийн ертөнцийн хөгжиж байгаа түүх замналыг ойлгох мэдрэмж хандлага илүү хөгжих хэрэгтэй байна л даа.
-Ийм нарийн төрөлжсөн олон зуун жилийн туршлагатай зах зээлд шинэ, залуу тоглогч орохын тулд тэдний тоглоомын дүрмийг мэдэх, тэр түвшинд өөрийгөө чирч явах хэрэгтэй болох юм байна даа...
-Тийм ээ, бүх түвшинд гадаад зах зээлийн дүрмээр тоглох шаардлагатай болно. Манайх хүн, хүчний нөөц багатай, дээрээс нь инженер, ажилтнуудын мэргэжлийн давтан сургалт, техник, технологийн шинэчлэл удаан, тэгээд бэлтгэн нийлүүлэлтийн түүхий эдийн чанарын гарал үүсэл, чанарын тогтолцоо муутай. Дээрээс нь өндөр хүүтэй, богино хугацаатай зээлээр энэ айхтар зах зээлд өрсөлдөж байна шүү дээ.
Олон улсын зах зээлийн ийм нарийн шаардлагыг хангах ёстой болохоор бид жилээс жилд, алхам алхамаар шаардлагаа хангаад яваад байвал худалдаааны итгэлцэл үүсч, тэр түвшинд хүрэх юм. Манайх яагаад анхан шатны боловсруулалт дээр олон улсын чанарын стандартыг оруулж ирсэн гэхээр Монголын ноолуурын зах зээлийн ирээдүйг томоор харж байгаа юм.
Жилд 10-аад мянган тонн ноолуур бэлтгэн нийлүүлдэг зах зээлд бэлтгэн нийлүүлэх хэрэгтэй, ангилан ялгах, угааж самнах хэрэгтэй байна. Түүнээс биш Итали, Испани, Английн зах зээл бол утсаа ээрдэг зах зээл биш. Бод л доо, Италийн агуулахад “50 кг самнасан ноолуур авъя” гэсэн захиалга ирдэг гэж байгаа юм. Тэр 50 кг ноолуураа силктэй хольж ээрээд, 100 кг ээрмэл утас болгоод 1000 ш маш тансаг, хүмүүсийн хэрэглээд сурчихсан нимгэн ороолт хийнэ. Түүнээсээ 500 ширхгийг зарахад л тэдний бүтикт хангалттай орлого. Яагаад бид анхан шатны боловсруулалт дээр ажиллах гээд цөөхөн үйлдвэр дээр эхний загвар туршилтын загвар төслүүдээ үүсгээд яваад байгаа юм гэхээрээ бэлтгэн нийлүүлэлт сайжирч байна, олон улсын стандарт, шаардлагыг хангаж байна гэдэг мессежийг л дэлхий дахинд өгөх гээд байгаа юм. Алсын зайндаа зах зээлд Монголыг таниулж өгч байгаа хамгийн анхны арга. Зах зээлийн шаардлагыг хангаж байгаа гэдгээ бид юугаар нотлох юм. Түрүүчийн 116 үзүүлэлтээрээ сайжруулаад, хөгжүүлээд, төлөвлөгөө гаргаад, эрмэлзэл гаргаад явж байна гэдгээ бид дөрөв дэх жилдээ зарлаад явж байна. ТННЭ-ийн шалгуурыг хамгийн багадаа 60- 70 хувь хангасан байх ёстой. Тэгж байж бид тэнд 50 кг ТННЭ-ээр баталгаажсан ноолуур таван төгрөгийн ахиу үнээр зарчихмаар байна шүү дээ. Авч байгаа хүн ч энийг баталгаатай, эргэлзээгүй авна. Монголын ноолуурыг зах зээлд сурталчлах контент хэрэгтэй байгаа.
-Монгол ноолуурыг таниулахын тулд “Хаан ширхэгт” гээд чанарын итгэмжлэл бий болгосон. Эхний алхмууд хийгдэж л байна...
-Тийм ээ, Монголдоо үндэсний чанарын стандарт гаргаад, ноолуурын ширхгийн параметр үзүүлэлтүүд, нарийн бүдүүн голчоор нь “Хаан ширхэгт”-ийг тодорхойлсон. Гэхдээ тэрийг жирийн хэрэглэгч мэдэхгүй. Тэрийг зөвхөн бизнесүүд мэдэж, худалдаж авна. Бизнесүүд тэрийг худалдаж авахын тулд эрэлтийг үүсгэх ёстой болчихоод байгаа юм. Яаж эрэлт үүсгэх вэ гэхээр эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид мэдээд эхэлбэл эрэлт үүснэ.
-Одоо танай эвслээс хийж байгаа зүйл юу байна?
-Манайх одоо нэлээн олон ажлын ард гарчихаад байна. Нэгдүгээрт бид сургалт, сурталчилгаа, чадамж сайжруулах хөтөлбөрүүд дээр ажиллаж байна. Өөрөөр хэлбэл сургалт, мэдээлэл, олон улсын ноолуур ангилан ялгах чадамжийн сургалтыг мэргэжлийн сургалтын байгууллагуудтай хамтраад өгч байна. Хоршооны бизнесийн чадамжийг бэхжүүлэх, зөв сайн туршлагыг нэвтрүүлэх, цахимаар ажиллах чадварыг сургаж байна. Түүнчлэн манай эвслийн гишүүн Америкийн J.Crew гээд үйлдвэрийн санхүүжилтээр 1000 эмэгтэй малчинд зориулсан чадамжинд суурилсан сургалт явуулсан.
Мөн 60 гаруй хоршоодыг сургалт, мэдээллээр хангаж, мал маллагаа болон бэлчээрийн зохистой тохирлын үнэлгээ хийж дууслаа. Тэднийг ТННЭ-ийн баталгаажсан 6 үйлдвэртэй холбож, ноолуурын мөшгөлтөд оролцох нөхцөл бололцоог нээж өгч байна. Мөшгөлтийн гарын авлагыг бас хийсэн. Түүхий эдийн бэлтгэлийн стандартыг боловсронгуй болгох зорилгоор 15 аймгийн 57 сумын хоршоо, засаг захиргаатай хамтын ажиллагаа өрнүүлээд явж байна. Манай Англи дахь төвөөс 2021 оны сард “Ноолуурын салбарын тогтвортой хөгжил” гэдэг олон улсын хурлыг гурав дахь удаа хийх гэж байна. Хоёр жил тутам болдог энэ удаагийн хурлыг Монгол, Хятадад зохион байгуулна. Бид хуралд зориулж виртуал үзэсгэлэн гаргана.
-Танайхаас “Залуу малчин” хичээлийн хөтөлбөр боловсруулсан гэж сонссон. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Залуу малчдыг бэлтгэх сургалт, сонгон суралцах хичээлийн хөтөлбөрийг мэргэжлийн байгууллагуудтай хамтраад боловсруулсан. Тэр хичээлээр өсвөр, залуу үедээ байгаль экологидоо ээлтэй, тогтвортой аж үйлдвэр эрхлэхийн суурь мэдлэгийг өгч байгаа. Тэр хичээлийн гарын авлага, “Хараацай” гээд цахим сургалтын платформыг гаргасан. “Хараацай”-г ямар ч сургуулийн хүүхдүүд хэрэглэх боломжтой. Таван багц, 33 сэдвийн хүрээнд өв соёлоо хадгалан хамгаалж, түгээн дэлгэрүүлэх, ирээдүйд тогтвортой аж ахуй эрхлэхэд хэрэгцээтэй бэлчээрийн эко системийн талаар мэдлэг, ойлголтыг өгнө. Энийг бид сүүлийн 3, 4 жил нэвтрүүлээд, хоёр жилийн өмнө Хэнтий аймгийн Боловсролын газартай хамтран ерөнхий боловсролын 6 сургуульд туршсан. Энэ хөтөлбөрийн өртөг нь 30 сая төгрөг, түүнийг манай эвслийн гишүүн 225 жилийн түүхтэй “Johnstons of Elgin” гээд Шотландын том үйлдвэр санхүүжүүлж байна.
-Монголын ноолуур үйлдвэрлэгчид болоод бэлтгэн нийлүүлэгчид, энэ салбарын ирээдүйд санаа зовдог хүмүүсийн хувьд бид үргэлж түүхий эдийн орон хэвээрээ үлдэх үү, төрөлжин кластерлах уу, эсвэл хүлээн зөвшөөрөгдсөн брэндээрээ танигдах уу гээд ярвигтай асуулт босоод байна. Мэргэжлийн эвслийн Монгол дахь төлөөлөгчийн хувьд энэ талаарх бодлоо хуваалцаач...
-Энэ дээр дахин ялгаж салгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл ноолуурын салбар гэдэг даян дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнээс олон улсын асар олон хүн татвар, орлогоо бүрдүүлж байна. Тэгэхээр бид эн түрүүнд хамгийн сайн бэлтгэн нийлүүлэгч болох ёстой. Түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг зөв шалгуур шаардлагын хүрээнд баталгаажуулах ёстой. Тэр ажил хаанаас эхлэх вэ гэхээр өрх, хоршооны түвшнээс эхэлнэ. Ноолуурыг самнах, ангилах, торлох, уутлах, савлах, шошголох, тэмдэглэгээ хийх, тэрийгээ тээвэрлэх... тэр болгон дээр бид олон улсын чанарын шаардлага, шалгуурыг нэвтрүүлэх ёстой.
Ганцхан жижигхэн жишээ хэлье л дээ. Бид малчдадаа ноолуураа битгий мяндсан уутанд хийгээрэй гэдэг сургалт өгч байгаа. Мяндсан уутанд үнэ цэнтэй ноолуураа хийхэд ширхгүүд нь хоорондоо холилдоод, самнах машинд ороход мяндас яг ноолуур шиг самнагдчихдаг. Түүгээр утас ээрэхэд мяндас хурдан сэмэрч, биед наалдаад, тэрийг нь ширхэг ширхгээр түүдэг байхгүй юу. Хялгас түүж байгаатай яг адил. Энэ бол анхан шатнаасаа эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа бүх үйлдвэрийн сэтгэлийг зовоосон асуудал.
Ахиад нэг асуудал байна. “Ноолуураа бараан, цайвар, цагаанаар нь тусдаа ангилаад тушаагаарай.” гэдгийг зааж байна. Яагаад нэг өрхөөс гурван өөр өнгийн ноолуур тушаагдаад байгаа юм бэ гэвэл ямаан сүргээ зүсээр нь жигдрүүлээгүй. Үржил селекц гэж томруулахын оронд ямаан сүргээ жигдрүүлэх л асуудал байгаа. Дааж давахгүй хүнд ажил биш. Хэрвээ би 300 ямаатай малчин байлаа гэж бодоход хээлтүүлгээ хийхдээ зүсээ жигдрүүлье, нэг л төрлийн ноолуур өгье гэсэн ухамсартай байхад л болно. Дан хар ямаагаараа дагналаа гэхэд нэг л өнгийн ноолуур тушаана шүү дээ. Зүсээ жигдрүүлбэл малчинд ашигтай, үйлдвэрлэгчид зардал багатай. Тэгээгүйгээс олон өнгийн ноолуур холиод тушаачихаар анхан шатны үйлдвэрт ангилах зардал нэмэгдэнэ. Тээвэрлэлт дээр бас ялгаагүй. “Өрхөөсөө боогоод тээвэрлээд ачихдаа хоршоон дээрээ, эсвэл бэлтгэн нийлүүлэгч цэг дээрээ төвлөрүүлээч ээ” гэдэг санал хүргэж байгаа. Анхан шатны тордолт бол цуглуулах, бөөгнүүлэх, өнгөөр нь ялгах, шошгожуулах, тэмдэгжүүлэх, уутлах гээд шат дамжлагатай. Нэг өрх тэр болгоныг дангаараа хийж чадахгүй.
-Танай эвсэл “Цагаан алт”-ны экспортоо нэмэгдүүлэхийг зорьж байгаа Засгийн газартай хамтран ажиллах боломж юу байна?
-Бидний зүгээс Ковидын онцгой нөхцөл байдалд Монгол Улсын ноолуурын салбарын экспортын салбарыг нэмэгдүүлэхэд ТННЭ дэмжлэг үзүүлнэ гэдгээ мэдэгдчихсэн байгаа. Төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан, олон улсын зах зээлд давуу байдлаар нэвтрэх боломжийг өргөжүүлэх чиглэлээр хариуцлагатай ноолуурын худалдаа, нийлүүлэлтийн сүлжээг дэмжье гээд мэдэгдлийг зохих яамдад өгсөн.
Гурван жилийн хугацаанд бид гарал үүсэл нь баталгаажсан, экспортын чиг баримжаатай 1000 тн ноолуурыг жил жилдээ өссөн байдлаар малчид, хоршоодоос хүлээн аваад гэрээт үйлдвэрүүдээр нь нийлүүлэх ажлыг зөв хандлага, оновчтой арга барилаар тодорхой системийн дагуу, цаг хугацаанд нь зохион байгуулна. Гэхдээ цар тахлын үед бүх дэлхий даяар ноолуурын нийлүүлэлтийн илүүдэл гарчихсан байгаа. Нийлүүлэлт илүүдсэн үед ямар ноолуурыг худалдаж авах вэ? Гарал үүсэл нь тодорхой, баталгаатай, эх мөшгөлттэй ноолуурыг л авна. Тиймээс бид тэр шалгуурт нь нийцсэн ноолуур өгөхийг л зорьж байна.
Ноднин бид үндэсний үйлдвэрийг гадаад руу гарахад нь баталгаажилтаараа дамжуулан худалдааны давуу байдлыг үзүүлж, 5,5 тэрбум төгрөгийн борлуулалтыг зуучилж дэмжсэн. 2020 оны статистикаар нийтдээ 260 тн самнасан ноолуур экспортолсон. Үүнээс ТННЭ-ийн гэрчилгээтэй, баталгаажсан, 35 тн самнасан ноолуурыг гишүүн байгууллагуудынхаа хүрээнд зарсан. Боловсруулсан ноолуурын экспортын 12-13 хувийг хариуцна гэдэг хөөрхөн дэм. Энэнээс илүү өгөх боломжтой байсан боловч мөшгөлтийг хийж чадаагүй. Энэ жил бид 300 тн-ыг экспортлохыг дэмжих төлөвлөсөн зорилттой явж байгаа.
- Мөшгөлтийн тухайд манайхан тэндэхийн ноолуур, энэ сумын ноолуур, бүр нарийвчилбал Балдан гуайн ноолуур гэх төдий л ойлголттой байгаа. Мөшгөлт гэдэг үгийн цаана ямар утга агуулга байна вэ?
-Мөшгөлтийг манайхан хувь хүнийг л яриад байна гэж ойлгодог. Бидний хувьд мөшгөлт гэдэг бол эцсийн бэлэн бүтээгдэхүүнд агуулагдах агууламжийн үнэн зөв мэдээллийг баталгаажуулах гэж үздэг. Арай тодруулбал, нэг үйлдвэр 100 хувь ноолууран ороолт хийдэг байж болно, эсвэл силктэй холиод ороолт хийдэг байж болно. Тэнд нь агуулагдаж байгаа силкийн хувь нь хэд юм, ноолуурынх нь хувьд хэд юм гэдэгтэй адилхан баталгаажсан, хариуцлагатай гарал үүсэлтэй явж байгаа ноолуурынх нь хувь түүхий ноолуурт нь хэд байгаа юм, самнасан ноолуурт нь ямар байна, цаашлаад утсандаа хэдэн хувь орж байгаа юм, бэлэн бүтээгдэхүүндээ хэдэн хувь байгаа гэдгийг хэлж байна л даа.
Үйлдвэр хоршоодоос хоёр тн ноолуур авч гэж бодъё. Авсантайгаа яг ижилхэн өнгөтэй ноолуурыг хажуу сумын, хоршоолж нэгдээгүй малчдаас авч, нийлүүлээд бүтээгдэхүүн хийгээд заръя гэж тооцжээ. Тэгэхээр энэ мэдээллүүдээ үнэн зөв мөшгөх ёстой болж байгаа юм. Хамгийн чухал нь агууламжийн мэдээлэл. Тухайн эцсийн бэлэн бүтээгдэхүүнд ТННЭ-ийн баталгаажсан ноос ноолуурын агууламж хамгийн багадаа 33 хувь байна гэж заасан. Тэгж байж эцсийн бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа үйлдвэрлэгчид уян хатан нөхцөл гаргаад өгч байгаа. Цэвэр монгол ноолуураар утас ээрээд бүтээгдэхүүний коллекц болгох асуудал брэнд, үйлдвэрийн бизнесийн загвараас шалтгаалж байдаг . Тэгэхээр гадаадын ноолуурын үйлдвэрлэл эрхулж буй худалдан авагч манай ноолуурыг аваад өөр улсын ноолууртай хольж тусгай ээрмэл утсаар бүтээгдэхүүн гаргадаг юм. Өвөр монголын цагаан ноолууртай, эсвэл нарийн ширхэгтэй Афганистаны ноолууртай холиод утас ээрдэг. Зарим Европын улсад манайх шиг тэсгэм хүйтэн болохгүй, тиймээс хэтэрхий зузаан, сүлжмэл хувцас сонгодоггүй байж болно шүү дээ. Тэрэнд нь тааруулж ээрмэл утас, бүтээгдэхүүнээ хийдэг. Тэр болгоныг брэнд үйлдвэрлэл эрхэлж буй компаниуд олон арван жилийн туршид туршиж үзээл борлуулалтаа хийдэг. Тэгэхээр эцсийн бэлэн бүтээгдэхүүнд агуулагдах орцынх нь агууламжийн талаарх мэдээлэл бүхий мэдэгдлийг хэлэхийг мөшгөлтийн тогтолуоо гэж хэлээд байгаа юм.
-Танайх мөшгөлтийн гарын авлага хийсэн гэдэг нь бас л нэг шинэ менежментийн технологийг нэвтрүүлсэн гэсэн үг үү?
-Энэ бол менежментийн нэг инноваци гэж хэлж болноо. Манай гарын авлагад баталгаажсан ноолуур худалдан авах, үйлдвэрлэх компаниудад багцаар ангилан, хяналттай холих мөшгөлтийн загварыг зааж өгсөн. Бэлтгэн нийлүүлэгчээс эхлээд бүх шатны оролцогч мөшгөлтөд яаж оролцох шалгууруудыг заагаад өгсөн. Тухайн нэг хэмжээний ноолуурыг түүхий эд байхаас эхлээд боловсруулж, эцсийн бэлэн бүтээгдэхүүн болтол нь оролцсон бүх талуудын борлуулалтын баримтжуулалтыг хөтлөх үйл явц юм.
Жишээ нь, нэг үйлдвэр нэг тн ээрмэл утас үйлдвэрлэлээ гэхэд жижиг үйлдвэрлэгчид бас авахыг хүсдэг. Гэтэл дан том худалдан авагчдад үйлчилж болохгүй шүү дээ. Түүнээс болж бидэнд олон талын эрэлт үүсч, худалдан авалт хөгжихгүй байх шалтгаан болж байгааг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл 1000 кг ээрмэл утсыг 10 жижиг үйлдвэр худалдаж авч үйлдвэрлэлээ явуулмаар байдаг. Гэтэл тэр худалдааны нөхцлийг бид хангаж, тэр утаснаас 10 үйлдвэр авлаа гэхэд мөшгөх хэрэгтэй болно. Тэгэхээр 10 үйлдвэрийн эзэн манай зарчмыг зөвшөөрөх ёстой болно. Ийм л амаргүй ажил. Гэхдээ олон улсын үйлдвэрлэл эрхлэгчдийн эвслийн хувьд энийг эхлүүлээд хийгээд явж байгаа.
Ноднин Монголоос экспортолсон самнасан ноолуурын 12-13 хувийг бид мөшгөсөн. Энэ мөшгөлтийн үр дүнд юу болж байна гэхээр “Johnston’s of Elgin” компани манай бараан өнгийн ноолуурыг өөр өнгөтэй холихгүйгээр нэг коллекц гаргаад загвар дээр нь ажиллаж байна. “Johnston’s of Elgin” компани нь олон тансаг зэрэглэлийн Hermes, Burberry, Christian Dior зэрэг брэндийн бүтээгдэхүүнийг хийж өгдөг. Чанарын шалгуур шаардлага нь юу юм бэ гэхээр “Johnstons of Elgin” хариуцлагатай үйлдвэрлэл явуулдаг, ажилтныхаа илүү цагийг нь өгдөг, татвар, нийгмийн даатгалаа төлдөг, үйлдвэрлэл технологийн шинэчлэл хийдэг, усаа угаадаг... гээд олон үзүүлэлт бий.
-Өмнө хөрш маань барууны алдартай брэндүүдийг зах зээлээсээ шахаж байна. Энэ нь бидэнд ямар боломж авчрах вэ?
-Боломж байгаа. Бас эрсдэл байгаа. Яагаад гэвэл манай бэлтгэн нийлүүлж байгаа ноолууртаа аажмаар гарал үүслийнх нь үнэн зөв мэдээллийг тогтоох л ёстой. Хэрвээ би эцсийн бэлэн бүтээгдэхүүн авч байгаа л бол гарал үүслийг нь мэдэх ёстой болно. Ноолууран даавуу байлаа гэхэд утасных нь гарал үүслийг, утас үйлдвэрлэгч нь самнасан ноолуурынхаа, тэр нь цаашлаад арилжаа эрхлэгчийнхээ, хоршооныхоо, эцсийн цэгт ямаан сүргийнхээ гарал үүслийг мэдэх ёстой. Энэ болгоны мэдээллийг бид өгч чадаж байна уу гэдэг том асуудал. Бусад ХАА-н бүтээгдэхүүний экспорт хөгжсөн улс оронд энэ систем шат дараалалтай тогтмол хөгжиж байна. Харин манайд ийм систем хараахан хөгжөөгүй учраас манай ноолуурын салбарын хөгжилд саад тушаа болж байгаа учир манай байгууллага үүний төлөө итгэл төгс ажиллаж байна.
-Ийм системийг бий болгохын тулд бодлогоор юу хийх ёстой вэ?
-Ерөөсөө ноолуурын бэлтгэн нийлүүлэлтийн гарал үүслийг нотлон бүртгэх шаардлагатай. Улмаар ноолуурын агууламжийн талаар үнэн зөв мэдээллийг худалдан авагчид гаргах зорилготой мөшгөлтийн олон загварыг гадаад, дотоодын мэргэжлийн байгууллагуудтай, олон салбарт туршиж үзэх хэрэгтэй.
Харин яаж турших вэ гэхээр хөнгөлөлттэй нөхцөлөөр зээлээ олгож, эсвэл мөшгөлтөд оролцох том төслүүдээрээ экспертүүдийн зардлыг олгож өгдөг ч юм уу, үнэлгээ, баталгаажуулалтын зардлыг нь өгдөг, сургалтынх нь зардлыг өгдөг байж болно. Тэгээд хамгийн гол нь эцсийн дүндээ төр та нар хэдэн тн ноолуурыг ямар баталгаажуулалттай хэнд зарчихсан юм, ямар мөшгөлтийн загварыг гаргаад ирсэн юм түүнийгээ тайлагна гэж шаардана. Мөшгөлтийн загварт стандарт, технологи нэвтэрч байдаг нь хамгийн чухал. Дараагийн асуудал болохоороо шат бүрд гарал үүслийн үнэн зөв мэдээллийг нийлүүлэлтийн сүлжээнд оролцогчдод дангаараа болон зорилго нэгт байгууллагуудтай хамтран хүргэх, хариуцлагатай хамтын ажиллагааг дэмжих хэрэгтэй байна.
Хууль тогтоомжийг ямар нэг байдлаар нь хэрэгжилттэй нь уяж, амжилттай хэрэгжилтээр нь дамжуулаад татаас, болон урамшууллын хөтөлбөрийг холбож өгөх загвар төслүүдийг жижиг гэлтгүй хийж үзмээр байна даа. Бас энэ салбарын тоглогчид харилцан бие биенээ хүлээн зөвшөөрөх асуудал байна. Юу хийж чадахаа мэдээд, чадахгүйгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Жишээлбэл төр дангаараа ноолуурын салбарын зохицуулалтыг хийж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрөөд, хувийн хэвшлийнхэн, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай байна.
Манайх бүртгэлтэй арилжаа эрхлэгчийн тогтолцоог оруулж ирж байгаа юм. Энэ бол дэлхий даяар жишиг болсон систем. Тэр тогтолцоо ороод ирвэл арилжаа эрхлэгч ч гэсэн хариуцлагатай болно. Арилжаа эрхлэгчдийн дотор улс орноо, нутгийнхнаа боддог хүмүүс байж л байгаа. Чухамдаа арилжаа эрхлэгчид л агуулах, тээвэр, ложистикээ хариуцдаг шүү дээ. Бас малчдаа жилийн туршид зах зээлд холбодог. Тэдэнд хандсан их ажил хийдэг. Нэг үгээр төрийн нийгмийн халамжийн зарим үүрэг ачааллыг тэд үүрдэг. Тийм болохоор арилжаа эрхлэгчдээ бүртгэлжүүлээд, тэдний өгдөг авдагийг баталгаажуулж, хариуцлагатай болгочихвол манай ноолуурын салбар зөв тогтолцоотой болно.
-Ярилцлагынхаа төгсгөлд хэлэх зүйл юу байна?
-Малчдадаа хандан “худалдан авч байгаа талдаа ээлтэйгээр бэлдэж өгөөч ээ” гэж хэлмээр байна. Бид хүнийг эмнэлэгт эргэх гээд набор авахдаа хугацааг нь хараад авдаг байж 10 сая төгрөгийн бараагаа зарж байгаа өрх тэр үнэ цэнтэй ноолуураа ядаж шороог нь сэгсрээд, өнгөөр нь ангилаад өгчихдөг ухаан, соёл баймаар байна. Уг нь монгол хүн хүнд юм зарахдаа “Авсан өгсөн өлзийтэй байг” гэдэг дээ. Яг тэрэн шиг монгол ноолуураараа юм хийх гээд, ажлын байр бий болгоод, улсдаа орлого оруулах гэж байгаа үндэсний хэдэн үйлдвэрлэгчдээ ачаалал зардал нэммээргүй байна. Монгол хүн монгол хүнээ хайрламаар байна.
Арилжаа эрхлэгчдэдээ хандан хүсэхэд худалдаж авсан ноолуураа баталгаажсан, баталгаажаагүйгээр нь ангилж салгаад бүртгэдэг, ялгаад, тээвэрлээд, хариуцлагатайгаар арилжаа хийдэг болцгооё.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 4 )
Малчид төрийн дэмжлэг урамшуулалаар жаргаж сууна байгаль орчинд учруулж байгаа хохиролыг төлүүлэх нөхөн сэргээлгэх хэрэгтэй үнэгүй болгон малчидын халаасанд ороод байж болохгүй ноолуурийн үнэ хэт өндөр байгаан улс оронд хохиролтой ихдээ 50000төгрөг байж үйлдвэрлэлээ дэмжих боломжтой
ноолууран бүтээгдэхүүн зайлуул сүлжмэл эдлэл, made in mongolia гээд хөгийн муу 2 $ ийн Tshort шиг л санагдаж байна, хэн бэлтгэн нийлүүлдэг билээ гэдэгээ хармаар юм , малчид нь болсон болоогүй чанар муутай ямаа өсгөөд л, бэлчээр дууслаа гээд л хоорондоо будалцаад л..
Монголчууд дэндүү хариуцлагагүй тэд мөнгө л олж байвал болоо гэсэн сэтгэхүйтэй учир ноолуураар дэлхийд танигдаж чадахгүй. Үүнийг баталгаатай хэлчихье.
Сайхан юм уншлаа. Амжилт хүсье