БНАСАУ-ын бие даасан эдийн засгийн хөгжлийн бодлогын суурь

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 16

БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч, Солонгосын Хөдөлмөрийн Нам (СХН)-ын дарга, Солонгосын ард түмний жолоодогч Ким Ир Сен 1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд мэндэлжээ.

Японы түрэмгийллийн эсрэг тэмцэлд ард түмнээ манлайлсан Ким Ир Сен 1948 онд БНАСАУ-ыг үндэслэн байгуулж, нас барах хүртлээ удирдсан юм. Тэрбээр 1942- 1972 онд тус улсын Ерөнхий сайд, 1972- 1994 онд Ерөнхийлөгчөөр ажиллахдаа СХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хавсран гүйцэтгэж байв. Түүний дэвшүүлсэн өөрийн хүчинд тулгуурлан хөгжих “Жүчхэ” үзэл санааг нийгэм, улс төр, эх оронч сэтгэлгээний үндэс болгон хэрэгжүүлсээр байна. 

Ким Ир Сений “Жүчхэ” үзэл санааг хүү Ким Жон Ил үргэлжлүүлж, гадны их гүрнүүдийн дарамт шахалтаас цэрэг зэвсгийн хүчээр өөрийгөө хамгаалж, эх орноо нэгтгэх “Сонгунь” хэмээх номлолыг боловсруулсан нь өнөө ч хүчин төгөлдөр байна.

Ким Ир Сен бол Монгол- БНАСАУ-ын найрамдалт харилцааг үндэслэн хөгжүүлэгч удирдагч байлаа. 1948 онд БНМАУ-тай дипломат харилцаа тогтоох санаачилга гаргасан анхны улс БНАСАУ байсан төдийгүй БНМАУ-д хоёр удаа төрийн айлчлал хийж, дэлхий дахинд хоёр улсын найрамдалт харилцааг сурталчилж зоримог дипломат арга хэмжээ авч байсан ухаалаг улс төрийн зүтгэлтэн байлаа. 

БНАСАУ-ын үндэсний хамгийн том баяр болох “Нарны баяр” буюу Ким Ир Сений мэндэлсний 109 жилийн ойд зориулж, 1948-1960 оны хооронд авч хэрэгжүүлсэн бие даасан эдийн засгийн бодлогын талаар өгүүлэв.

 

Нэг. Бие даасан үндэсний эдийн засгийн бодлогын суурь

 

БНАСАУ-ын хувьд “бие даасан үндэсний эдийн засаг” (Independent National Economy) хэмээх ухагдахууныг “Бусад эдийн засгуудад хаалттай байх биш харин эдийн засгийн бие даасан, хараат бус байх тухай үзэл” хэмээн тодорхойлдог. Тиймээс ч БНАСАУ 1948 онд тусгаар тогтнолоо зарласнаас хойш 1990 он хүртэлх хугацаанд социалист эдийн засгийн интеграцийг бий болгох зорилготой Эдийн Засгийн Харилцан Туслалцах Зөвлөлд гишүүнээр элсээгүй юм.

1955 оны арванхоёрдугаар сард болсон СХН-ын хурлын үеэр Ким Ир Сен “Их гүрнүүдийн хөгжлийн үзэл санаа, ЗСБНХУ-д хэрэгжиж буй марксизм, ленинизм болон БНХАУ-ын Мао Зэдуны бодлогыг дагах бус харин өөрийн онцлог бүхий бие даасан үзэл санааг бий болгох шаардлагатай” гэж хэлсэн нь бие даасан бодлогын үндэс суурь болжээ. Тэрбээр 1950-аад онд “Улс төрийн хувьд тусгаар тогтнох” (chaju), “Эдийн засгийн хувьд өөрийгөө тэтгэх” (charip) болон “Батлан хамгаалахын хувьд өөрийгөө хамгаалах” (chawi) гэсэн 3 үндсэн зарчмыг дэвшүүлсэн бөгөөд эдгээр тулгуур ойлголтыг 1967 оны тавдугаар сард болсон СХН-ын Төв хорооны XV Бүгд хурлын үеэр хэлэлцсэн байдаг.

Судлаачид БНАСАУ үүсгэн байгуулагдсан 1948 оноос 1960 он хүртэлх түүхэн цаг хугацааг “Социалист эдийн засгийн тогтолцооны суурийг тавьсан үе” гэж тодорхойлдог бөгөөд цаг хугацааны хувьд хоёр ангилдаг. Энэ нь: 1) “Энх тайвныг цогцлоох үе” буюу Солонгосын дайн (1950-1953 он) эхлэхээс өмнөх үе буюу 1947-1950 он, 2) “Дайны дараах сэргээн босголтын үе” буюу дайны дараах 1953-1957 он хүртэлх хугацаа юм.

1. Энх тайвныг цогцлоох үе. Энэ үед тулгамдаж байсан гол асуудал бол Японы эзлэн түрэмгийллээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг давж туулах, социализмын суурийг бэхжүүлэх болон ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх явдал байлаа.

Эдийн засгийн бодлогын үр дүнд, 1947-1949 онд нийт аж үйлдвэрлэлийн хэмжээ дунджаар 2.7 хувиар, харин 1949 онд хөнгөн аж үйлдвэрлэлийн хэмжээ 1946 оныхоос 3 дахин, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 50 орчим хувиар тус тус өсчээ. Мөн 1949 онд машин, механизмын үйлдвэрлэл, 1944 оныхоос 535 хувиар өсч, түүний нийт аж үйлдвэрлэлийн салбарт эзлэх хувь 1.6-аас 8.1 хувь болтлоо нэмэгдэв.

2. Дайны дараах сэргээн босголтын үе. Энэ үед Солонгосын дайнд нэрвэгдсэн эдийн засгаа сэргээн босгох, мөн Социализмын материал, техникийн баазыг бэхжүүлэхийг зорьж байлаа. 1953-1954 онд хөдөө аж ахуйг “хамтын хүчээр хөгжүүлэх” хөдөлгөөн өрнөж, 1958 оны наймдугаар сар гэхэд улс даяар хамтралжуулж дуусчээ. 1948 оноос хойших арван жилийн хугацаанд, хөдөө аж ахуйн салбарын газрын төрд шилжсэн хувь нь 3.2-иос 96.6, худалдаа, үйлчилгээний салбарын төрд шилжсэн хувь нь 56.5-иас 100 хүртэл нэмэгджээ.

1953 оны наймдугаар сард болсон СХН-ын Төв хорооны бүгд хурлаас хүнд үйлдвэрлэлийг тэргүүн эгнээнд хөгжүүлж, улмаар хөнгөн үйлдвэрлэл болон хөдөө аж ахуйг зэрэг хөгжүүлэх үндсэн чиг шугамыг баталсан. Үүний үр дүнд 1953 онд 700 мянган тн байсан нүүрс олборлолт 1956 онд 3, 91 сая тн-д хүрч, Үндэсний нийт бүтээгдэхүүний (GNP) өсөлт, жилд дунджаар 30.1 хувьтай байв.

1956 онд СХН-ын III Их хурлаас баталсан социализмын материал, техникийн баазыг бэхжүүлэх хөтөлбөр нь 1957 оны “I таван жилийн төлөвлөгөө”, 1961 оны “I долоон жилийн төлөвлөгөө”-ний биелэлт, 1957 оноос улс ардын аж ахуйн бүх салбарт өрнөсөн “Чөллимагийн” хөдөлгөөний үр дүнд бүрэн хэрэгжсэн гэж үздэг.

 

Хоёр. “I таван жилийн төлөвлөгөө” (1957-1961)

 

1958 оны есдүгээр сард Ким Ир Сен, СХН-ын Төв хороог хуралдуулж, социалист бүтээн байгуулалтыг түргэсгэхийн тулд металлург болон машин үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх, 1 сая га талбайд газар тариалан эрхлэх бодлогыг дэвшүүлсэн юм. Үүний үр дүнд, 1958 онд “Сынри 58” загварын ачааны автомашиныг, 1961 онд “Улаан дарцаг №1” цахилгаан галт тэргийг анх удаа үйлдвэрлэжээ. 1960 он гэхэд нийт аж үйлдвэрлэлийн хэмжээ 1956 оныхоос 9 дахин нэмэгдсэн бөгөөд ялангуяа хүнд үйлдвэрийн салбарт томоохон өөрчлөлт гарч, эдийн засгийн бүх салбар 2,5 – 4 дахин үсрэнгүй хөгжсөн байна.

Энэхүү “бие даасан үндэсний эдийн засгийн” бодлогын суурийг тавихад ЗХУ-ын тусламж, үүрэг оролцоо чухал үүрэгтэй байсан ч тухайн үеийн БНАСАУ-ын удирдлагын баримталсан чигч тууштай бодлого нөлөөлсөн байна.

1980-аад онд БНАСАУ-ын эдийн засаг, нийгэм жигд хурдтай дэвшин хөгжиж Социалист лагерийн улс орнууд дундаа хөгжлийн түвшнээрээ эхний байранд байсан ч тэр үеийн социалист орнуудын ЭЗХТН-ийн улсуудын интеграцид хамруулж тооцдоггүй байсан учир энэ их амжилт олон улсын түвшинд туршлага болж чадаагүйд олон улсын судлаачид харамсдаг.

БНАСАУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур болсон Жүчхэ үзэл санаа 1990-ээд онд тохиолдсон социалист системийн хямралыг амжилттай даван туулахад нөлөөлсөн нь дамжиггүй.

1990-ээд оны эхэн үеэс БНАСАУ-д тавьсан эдийн засаг, улс төр, нийгмийн хориг арга хэмжээнүүд, түүнтэй зэрэгцэн нүүрлэсэн байгаль, цаг уурын гамшиг БНАСАУ-д ноцтой хохирол, аймшигтай хүндрэл учруулж,  их гүрнүүд БНАСАУ-ын дэглэмийг удахгүй унана гэж хүлээж байсан боловч тус улс 1953 оны дайны дараа дахин сэргэн мандсан шиг хөгжил дэвшлийн шинэ шатанд орсноо тунхаглаж, анхны хиймэл дагуулаа хөөргөж олон улсыг гайхширалд оруулсан түүхтэй.

Дэлхийн олон улсад ардчилал, либерализмын хөгжил хямралд орж байгаагийн шалтгаан нь эдийн засаг, баялгийн тэгш бус хуваарилалт, нийгэмд гарч ирсэн ардчилсан бус либерал- олигархиудын ноёрхолд орших бөгөөд энэ нь нийгмийг эмх замбараагүй болгож байна. Энэхүү эмх замбараагүй засаглалын хямрал сонгуулийн дараах улс төрийн тэмцэл, эдийн засгийн тэгш бус хуваарилалтыг эсэргүүцэгчдийн хөдөлгөөн зэргээр илэрч байна.

Энэ хямралт цаг үед БНАСАУ-ыг хүний эрхийг бүдүүлгээр зөрчдөг, эдийн засаг соёлын хувьд хамгийн хоцрогдсон, харанхуй бүдүүлэг, мэдээлэл хомс улс гүрэн гэж  үздэг ч баллистик пуужинтай, цөмийн зэвсэгтэй, олон улсын хэмжээнд Их гүрнүүдтэй эрх тэгш харилцах чадвартай, мэдээллийн систем, компьютерийн технологи, хими, нанотехнологи зэрэг мэдлэгийн салбарыг өндөр хөгжүүлж чадсан хүчирхэг улс болсон нь тус улсын үндэс суурийг тавьсан БНАСАУ-ын жолоодогч Ким Ир Сентэй холбоотой билээ.

Олон улс судлаач Н.Доржсүрэн

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Засаг ард(202.179.25.250) 2021 оны 04 сарын 16

Монголын коммунистууд Хойд Солонгосын хоцрогдсон аж ахуйг магтан дуулаад эхэллээ. Энэ цаагуураа нэг юм хэлээд байгаа юм биш үү сэрсэн монголчууд аа?

0  |  0
Top