Сайд баларлаа гээд хөмсөг зангидаад байсан нь ч учиртай байж. Манай дарга нар тэндхийн зовлонг өөртөө авчирч наагаад бодлогынхоо бурууг чихдэг гэмтэй улс. Гэтэл үнэхээр ч манайх шиг “жижиг” улсад дайны сүүдэр хүнд тусна гэдэг нь ОУВС болон Дэлхийн банкны 2026 оны хаврын уулзалтаар тодорхой боллоо. Ялангуяа хөгжиж буй орнуудад санхүүгийн сахилга бат, өрийн нэгдсэн удирдлага, хүнс болон эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалах бодлого хэрэгжүүлэхийг онцгойлон зөвлөсөн. Ялангуяа экспорт, импортын хараат улс орнууд бодлогын өөрчлөлт хийхгүй бол инфляц өсөж, өрийн дарамт нэмэгдэж, хөрөнгө оруулалт буурч, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурах эрсдэлтэй байгааг анхаарууллаа. Тэд чухам юу зөвлөж бид чухам ямар бодлого хэрэгжүүлэх вэ?!
Тэд юу зөвлөв
- Өрийн удирдлага: Хөгжиж буй орнууд өндөр хүүтэй богино хугацааны зээлээс зайлсхийж, өрийн бүтцийг урт хугацаанд тогтвортой байлгах шаардлагатай.
- Санхүүгийн сахилга бат: Төсвийн алдагдлыг тана. Танасан бол дахиад тана. Үр ашиггүй зарцуулалтыг хянаж, нийгмийн хамгааллын чиглэлд төсвийн санхүүжилт ахиу хуваарилах ёстой.
- Хүнс, эрчим хүчний аюулгүй байдал: Ойрх Дорнодын дайнаас улбаалж нефть, хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх эрсдэлтэй тул дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, хангалттай нөөц бүрдүүл.
- Хөрөнгө оруулалтын орчин: Гадаадын хөрөнгө оруулалт буурах бодит эрсдэлтэй тул хууль эрх зүйн тогтвортой байдлыг хадгалж, бизнесийн орчныг илүү нээлттэй болго.
Тэд ийм зөвлөгөө өгсөн. Энэ бол бидний байр байдалтай яг адилхан африк тивийн голцуу улс орнуудад өгсөн зөвлөгөө юм. Бидэн шиг улсад сорилт нь юу вэ гэвэл, инфляц. Манайд нэгэнт нөлөөллөө үзүүлчихсэн. Мах, хүнсний ногооны үнэ 20% даваад өсчихлөө. Өрийн дарамт үүсэх эрсдэлтэй. Харин манайд энэ эрсдэл одоохондоо алга. Идэвхтэй ажил хайгч болон ажил олгогчдын идэвх буурах эрсдэлтэй. Эдийн засгийн хямралаас шалтгаалж ядуурал, ажилгүйдэл нэмэгдэх бодит эрсдэлтэй.
Өрөө ухаалгаар зарцуулж, төсвөө танаж, ач холбогдолтой бүтээгдэхүүнээ заах, бизнесийн орчныг нээлттэй болго гэж ОУВС, Дэлхийн банк зөвлөлөө...
Бид яах ёстой вэ?
- Төсвийн сахилга бат. Дэлхийн банкны тайланд дурдсанаар Монгол Улсад төсвийн зарцуулалтыг илүү оновчтой болгож, үр ашиггүй хөрөнгө оруулалтыг танах, нийгмийн хамгааллын зорилтот бодлого хэрэгжүүлэхийг зөвлөсөн. Өөрөөр хэлбэл 14, 24 тоо нь ямар байхаас үл хамаараад өнөө маргаашдаа хоолойд тулаагүй төслүүдэд хөрөнгө оруулахаас илүүтэй нийгмийн дарамтаас сэргийлсэн сөрөг урвал үзүүл л гэсэн санаа.
- Өрийн удирдлага. Элдэв нэртэй бонд гаргаж, “дидандаж” тоглох оо боль л гээд байгаа юм. Өрийг өрөөр дарах бус урт хугацаандаа өрийн тогтвортой бодлого барихгүй бол хоолойн дээр хутга тулсантай адил байдалд орно оо гэдгийг ОУВС-ийн тайланд дурдаж.
- Мөнгөний бодлого. Монголбанк инфляцыг тогтворжуулах, төгрөгийн ханшийг хамгаалах бодлого баримтлах замаар иргэдийн орлогыг хамгаалж, санхүүгийн тогтолцооны тогтвортой байдлыг хангахыг Дэлхийн банкнаас зөвлөсөн. Дайн самууны сүүдэр дайрахаас бүр өмнө даян дэлхий арай амгалан байхад манайх чангаруулсан. Чангарсан хэвээрээ л дайнтай золгочихсон. 2025 оны 3-р сарын 7-ны өдрөөс хойш 12%-д тогтоосон бодлогын хүү өөрчлөгдөөгүй байна. Дэлхий дахинд суларч байхад манайд чангараад л байв. Гэтэл одоо дайны үед бодлогын хүү өсөхөөс өөр аргагүй нөхцөл үүслээ. Манай улс гадаад зах зээлийн орчноос шууд хамааралтай тул байнга шахуу өөрчилсөөр ирсэн. Энэ нь гадаад шок, үнийн хэт хөөрөгдлөөс л хамгаалах арга шүү дээ. Үнэндээ манайд үүнээс өөр арга байхгүй. Одоо ер нь улам чангаруул л гээд байгаа. Тийм учраас өр, орлогын харьцааг нэмж жир иргэдэд зээл олдохгүй дээрээ л тулчхаад байна. Төгрөгийн ханшийг хамгаалахыг гаднын байгууллагууд зөвлөсөн ч хамгаалж чадахгүй нь нэгэнт тодорхой тул олныг эс нуршъя.
- Эдийн засгийн төрөлжилт. Уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэх, хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, цахим үйлчилгээ зэрэг шинэ салбарыг бодлогоор дэмжихийг зөвлөсөн. Төрийн бодлогын залгамж чанараар энэ асуудал өмнөхөө бодвол дээрдсэн гэж дүгнэж болох талтай. Аялал жуулчлал, хөдөө аж ахуй, ноос ноолуурын салбар хөгжиж байна. Гэхдээ алгуур. Нийт эдийн засагт нөлөөлөх хэмжээ нь ч нэмэгдээгүй байгаа. Эдийн засгийг жингийн туухай гэж үзвэл нэг талд хэт том уул уурхайн салбар, нөгөө талд олон салбар байгаа ч балансыг нь барьж чадахгүй байгаа юм.
"Дайн самууны сүүдэргүй байхад бодлогын хүүгээ чангалсан манайх шиг улс одоо үүнээс ч чангалахаас өөр аргагүй нөхцөл байдал үүслээ"
Сэтгэгдэл ( 0 )