Цар тахал Монголын түүхий эдийн орлогыг хаалаа

Автор | Zindaa.mn
2021 оны 04 сарын 21

-Гашуунсухайтын боомтоор өдөрт дунджаар 55 машин нүүрс гарч байна-

Монголын уур уурхайн түүхий эдийн гол худалдан авагч Хятадын эдийн засаг хурдтай сэргэж эхэллээ. Харин түүхий эдээ нийлүүлэгч Монгол Улсын хувьд байдал тэс өөрөөр эргээд байгаа. Цар тахлын хамрах хүрээ тэлж, 100 мянган хүнд ногдох өвчлөлөөрөө дэлхийд тэргүүлэх болсон нь эдийн засгийн үзүүлэлтүүдээ бүхэлд нь хойш татаж эхэлсэн. Тэдгээрээс хамгийн том алдагдлаа экспортын орлогын 90 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбараас хүлээж мэдэхээр байна. Гуравдугаар сарын гадаад худалдааны дүнгээс харахад, экспорт 665.8 сая ам.доллар болж, өмнөх сараас 4.1 хувь буюу  28.8 сая ам.доллароор буурчээ. Энэ нь Монгол дахь цар тахалтай нөхцөл байдалтай холбоотойгоор Хятадын зүгээс Оюутолгойгоос зэс худалдаж авахаа түр хугацаанд зогсоосноос шалтгаалсан. Гэхдээ Гашуунсухайт боомтын зэсийн экспорт гацаанаас сэргэж эхэлсэн гэдэг мэдээлэл байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны мэдээллээр, өнгөрсөн гурав хоногт тус бүр 32 машин зэс гарчээ. Нүүрсний хувьд энэ он гарсаар 6.9 сая тонныг экспортолсон нь өнгөрсөн жилийн мөн үеэс 3.6 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт болж байгаа аж. Ийнхүү энэ оны эхний саруудад өсөлттэй байсан нүүрсний тээвэр ч цар тахлын нөлөөнд өртсөн. Сүүлийн гурав хоногийн дунджаар Гашуунсухайт боомтоор өдөрт 55 машин нүүрс гарсан байна. Тэгвэл Гашуунсухайт боомтын оргил ачааллын үедээ 1400-1600 машин нүүрс гарч байжээ. Энгийн үед хоногт 400-500 машин нүүрс тогтмол гардаг. Өөрөөр хэлбэл, Монгол Улс цар тахлаас шалтгаалан өнгөрсөн нэг сарын хугацаанд  экспортын орлогынхоо 90 хувийг алджээ. Энэ нөхцөл байдал нь удаан үргэлжилбэл төсвийн орлогод муугаар нөлөөлж, эдийн засагт  том дарамт болохыг судлаачид анхааруулсаар байгаа.

Монгол Улс энэ онд уул уурхайн салбараас 3.4 их наяд төгрөг төвлөрүүлэх зорилт тавьсан. Тухайлбал, 42 сая тонн нүүрс экспортолж, 1.3 их наяд төгрөгийн орлого олох төсөөллийн хүрээнд төсвөө баталсан. Мөн зэсийн экспортоос 1.5 их наяд төгрөг олох төлөвлөгөөтэй байгаа. Зэс, нүүрснээс улсын төсвийн орлогын 21.4 хувийг бүрдүүлэх учиртай. Өөрөөр хэлбэл, улсын төсвийн таван төгрөг тутмын нэгийг зэс, нүүрснээс олно гэсэн үг.

Олон улсын байгууллагуудаас гаргасан түүхий эдийн үнийн таамаглал, Тавантолгой, Оюутолгойн ордод үйл ажиллагаа явуулж компаниудын олборлолтын төлөвлөгөөнд үндэслэн ийн тооцсон. Тэгвэл олон улсын бирж дэх зах зээлийн дундаж үнийг нүүрсийг тонн тутамд нь 73 ам.доллар, зэсийг 6500 ам.доллар, алтны үнийг унц тутам 1950 ам.доллар байхаар төсөөлжээ. Ингэснээр Төсвийн тогтворжуулалтын санд 156 тэрбум төгрөг, Ирээдүйн өв санд 1.2 их наяд төгрөг хуримтлуулна. Гэтэл цар тахлын нөлөөллөөр энэ орлого тасраад эхэлчихлээ. Эргэн сануулахад, Засгийн газраас энэ онд уул уурхайн салбараас олох орлогыг 3.2 их наяд төгрөгт хүрэхээр тооцсон байдаг. Үүнээс төсвийн нийт орлогын 24.8 хувийг бүрдүүлэхээр төлөвлөсөн боловч гаалийн шинэчлэл бүрэн хэрэгжээгүй, КОВИД-19 цар тахлын нөлөөллөөр зэс, нүүрсний экспорт буурсан юм. Дээрх төлөвлөгөөний хүрээнд өнгөрсөн онд 18 сая орчим тонн нүүрс нэвтрүүлсэн Гашуунсухайт боомтоор гарах нүүрсний хэмжээг энэ жил 23 сая тонн болгож нэмэгдүүлэхээр зорилт тавьсан. Төлөвлөгөөг биелүүлэхийн тулд тус боомтоор өдөрт дунджаар 400 тээврийн автомашин нэмж нэвтрүүлэх шаардлагатайг боомтын мэргэжилтнүүд мэдээлж буй. Үүнээс гадаад худалдаанаас олох валютын урсгал, төсвийн орлого ямар хэмжээгээр тасарч буйг харж болох юм.

Нөгөө талаар уул уурхайн салбарын экспорт тоо хэмжээний хувьд үлэмж буурсан ч үнийн хувьд таатай үе тохиож байгааг шинжээчид онцолсоор байгаа. Хэрэв Засгийн газар төлөвлөгөөнийхөө дагуу зургаадугаар сарын 1-н гэхэд вакцинжуулалтаа хийж чадвал  энэ оны хоёрдугаар хагасаас экспортын орлого сэргэх боломж байгаа юм. Экспорт энэ оны эхний улиралд өмнөх оныхоос 964.6 сая ам.доллароор өссөн нь  түүхий эдийн дэлхийн зах зээлийн ханштай шууд хамааралтай байгаа.  Дэлхийн хэмжээний банк санхүүгийн байгууллагууд ч үүнийг онцолж эхлээд байгаа. Тухайлбал, Хятадын эдийн засгийн өсөлт энэ онд зургаан хувийг давах эерэг хүлээлттэй болж ирсэн. Тус улсын эдийн засгийн өсөлт эхний улиралд  шинжээчдийн тооцооноос өндөр гарсан  нь үүнийг улам бататгаж байгаа. Цар тахлын дараах улс орнуудын сэргэлт, төв банкуудын хэт зөөлөн мөнгөний бодлогын хэрэгжилт зэрэг нь уул уурхайн түүхий эдийн ханшид өсөлт авчирсан үе одоо л тохиож байна. Улмаар 10 жилийн давтамжтай эргэдэг уул уурхайн түүхий эдийн оргил үе супер цикль эргэн ирж буй аж. Ерөнхийдөө цар тахлаас үүдэлтэй хямарсан дэлхийн эдийн засагт сэргэлт гарч байгаа ч бүрэн сэргэх хүртэл өдий байгааг АНУ-ын Төв банкны ерөнхийлөгч хэлжээ. Гэвч анхны тархалтаас арван сарын дараа КОВИД-19 цар тахалтай нүүр тулсан Монгол Улсын хувьд энэ сараас эхлэн байдал бүр хүнд болж ирлээ. Хоногт илрэх халдварын тоо 200 давсан нь эрх баригчдад хатуу хөл хорио тавихаас өөр сонголт үлдээсэнгүй. Дээр нь нийт экспортын орлогын 90 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбар гацаанд орчихлоо. Тиймээс Засгийн газарт одоо бүхий л боломжоороо уул уурхайн экспортоо хамгаалах гарц үлдээд байна. Өвчний тархалтыг эдийн засгийн гол бүс Өмнөговьд алдчихвал дэлхийн эдийн засаг сэргэсэн ч Монголд сэргэлт ирэхгүй. Харин ч гадаад хөрөнгө оруулалт саарч, түүхий эдийн орлого буурах нөхцөл бүрдчихлээ. Дээр нь уул уурхай дагасан олон хүн орлогогүй болж, ажилгүйчүүдийн эгнээнд нэгдэх дарамт бий болчихлоо. Монголбанкны тооцооллоор энэ онд 1.4 орчим тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт орж ирэх бөгөөд үүний дийлэнхийг “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалт эзлэхээр байгаа юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top