Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
Ү ЮН ХЭМЭЭХ Ү ШЮЭЖҮ ХУУРМАГ УВДИСААР ЛҮ ЖЮНЬ ИГ АРГАЛАХ
ЖАН ШҮНЬ ХАРАНХУЙ ШӨНӨ “ЖИН ША ТҮ” ХЭМЭЭХ ГАЗАР ЦЭРЭГ ҮЙМҮҮЛЭХ
Өгүүлэх нь, тэндээс Лүн Хуашань сүмийн хуушаан Да Юаниас энэ Лү Жюнь Иг сонсоод сая Сүн Жян мэдэж уулнаа залж авчрах аргыг Ү Юнд зөвлөсөнд Ү Шюэжү ийн өгүүлрүүн: - Энэ Лү Зянь И өчүүхэн би биеэр очиж гурван ямх хялбар уран арга учир ургуулан, Бээжин хотоос гаргаж ирэх нь үлгэрлэвээс уутны дотроос юм авах лугаа адил дагуулан ирмуй хэмээсэнд бас ийн өгүүлрүүн: - Би нь гагцхүү нэг сайн жанжинтай явж очвоос сайн хэмээсэнд хажуугаас Хэй Сюаньфэн Ли Күй ийн өгүүлрүүн: - Мэргэн ах эс голвоос би дагаж очих хэмээсэнд Сүн Жян хориглон өгүүлрүүн: - Мэргэн дүү чи байз. Энэ хэрэгт чи явж үл болмуй. Учир юу хэмээвээс Чи болбоос ууланд гал тавих ба хүн алах, хот булаах, дээрэм хийх тийм хэрэгт яваваас зохимуй.
Ийм хэрэгт явж болохгүй хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Эдүгээ бас намайг үл явуулах нь миний бие, зүс үзэмжгүй тул үл явуулах ажаамуу хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Чи явахад яахин үл болох буюу. Гагцхүү чамайг Ү Юн дагуулах эсэхийг би мэдэхгүй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Өчүүхэн ах нь чамайг дагуулахад үнэхээр бэрх. Хэрвээ чи над лугаа хамт явах хэмээвээс би чамд гурван зүйлийн үг буй. Чи түүнийг дагаваас явж болмуй. Үл дагаваас ууландаа сууж байх хэрэгтэй хэмээсэнд Ли Күй ийн өгүүлрүүн: - Би яахин үл дагах буюу. Гурван зүйл байтугай гучин зүйл боловч би дагамуй хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Тийм болбоос би чамд олны дэргэд өгүүлье. Чи болбоос архинд дуртай дээр зан түргэн догшин, үлгэрлэвээс галд тос хийсэн лугаа адил тул, гарсан өдрөөс эргэж ирэх хүртэл архи ууж үл болмуй. Хоёр зүйл нь, замд явж очих ирэхэд миний зарлага болж явах хэрэгтэй.
Гурван зүйл нь, Бээжин хотод очоод хэлгүй хүн мэт болж явагтун.Хэрхэвч үг өгүүлж үл болмуй хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Архийг үл ууж болно. Замд зардас болж болно. Гагцхүү хэлгүй болоход хэцүү тул, би яахин тэсэж болох буюу хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Тийм бөгөөс чи явж болохгүй хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Би хэрхэвч явмуй. Ахын тушаасныг дагаж, амандаа нэг гуулин зоос үмхэж яваваас дуу үл гарах хэмээсэнд олон жанжин зэргээр их инээж өгүүлрүүн: - Ли Күйг хориглон зогсоож болохгүй, явуулбаас барав хэмээн зөвлөөд, явахаар тогтов. Үүнд Сүн Жян нар “Жун И Тан”д-д их ширээ засаж хурим бэлтгээд Ү Юн, Ли Күйд хундага барьж найр тавиад, маргааш нь уулнаас бууж явахуйд Сүн Жян олон жанжинтай угтаж “Жин Ша Тан”-д хүргэж ирээд бас салах ёс хийж хундага барьж гаргав.
Тэндээс Ү Юн, Ли Күй хоёр Дунжингийн зүг явж, удсангүй, таван өдрийн эцэс нэгэн дяньд бууж хоол идэх хэмээн пүүсний зардас дуудаж будаа хийлгэсэнд Ли Күй тэр цаг хүмүүн лугаа учирваас хэл огт үгүй тул тэр дяний зардас хоол түргэн эс бэлтгэсэн учир Ли Күйгийн уур хүрч, тэр зардасыг гараар нэг занчсанд тэр зардасын цээжнээс цус маш их гарч, дотор нь балартаж газар унаад, даруй сэхээрч босоод, Ү Юнгийн дэргэд ирж ийн өгүүлрүүн: - Эрхэм гийчин таны энэ зарлагын хэлгүй, хар нүүртэй хүн яахин ийм омогтой хүн. Учиргүй миний биеийг нэг удаа нударгалсанд цээжнээс цус гарч, ухаан балартаж, газар унав хэмээсэнд Ү Юн тэр зардаст сөгдөн, ийн өгүүлрүүн: - Манай тэр хэлгүй хүн. Зам явж зүдэрсэн нь гэдэс өлсөж, хоолыг удав хэмээн уур хүрсэн байх. Үүнд эрхэм дүү бүү юм санагтун. Өчүүхэн мунхаг ах нь чамд бие сувилах зоос шагная хэмээгээд боодлоос нэг хэлхээ зоос гаргаж тэр зардаст өгөв.
Тэндээс маргааш нь тэр пүүснээс гарч замд явж Ли Күйд ийн өгүүлрүүн: - Чи ер яахин ийм ёс бусаар явж хэрэг дэгдээмүй. Урьд өдөр юу хэлж дагаж гарсан билээ. Эдүгээ ямар учирт дяний хүнийг занчиж зоосны гарлага болгов хэмээсэнд Ли Күй өгүүлрүүн: - Тэр зардасын хоол хийх нь маш удаан тул би уур хүрч зүгээр нэг хуруугаар хатгасанд тэр цээжнээс цус гарав. Би түүнийг яахин занчих буюу хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Үүнэс хойш хотод ороод энэ мэт хэрэг хийвээс чи миний биеийг энд алахаас өөр аргагүй биш үү? хэмээхэд: - Би мэдмүй. Одоо ер тийм хэрэг хийхгүй. Үүнээс хойш хотод ороод таны мэдээ тэмдгийг дагаж явъя. Та нэг тэмдэг байгуулж хайрлагтун хэмээсэнд Ү Юн ийн өгүүлрүүн: - Миний толгойг сэгсэрвээс бүү хөдлөгтүн. Гар хойш дохивоос тэр зүг хөдлөгтүн. Үг хэрхэвч хэлж үл болмуй хэмээн зөвлөөд, тэд сууж хуушаан хувцас өмсөв. Үүнд Ү Юнгийн өмссөн хуушаан хувцас нь толгойдоо хар шааны тоорцог малгай, биедээ хар торгоор эмжээрлэсэн цагаан шааны дээл, бүсэлсэн нь улаан өнгийн панс. Хөлдөө өмссөн нь дөрвөлжин хамарт хар шаахай, гартаа нэг очир хонх барьжухуй. Ли Күйгийн өмссөн нь: толгой дээрээ шар үс нааж ороогоод басхүү хар өнгийн торгон малгай, биендээ хар даавуу дээл, хөлдөө хар шаахай өмсч, даруй хотод орж ирэв. Ү Юн гартаа нэг пайз мод барьжухуй. Тэр пайз модны дээр хэдэн бичиг тавив. Үг нь “Тэнгэр дэлхий хүн амьтныг шинжээч хуушаан” хэмээн бичижүхүй.
Тэндээс явж нэгэн хүний заяа бодох шинжээч болон явтал, тэр Дунжин хотны дотор нэг цэргийн хороо баймуй. Тэр хорооны дотор жагссан цэрэг маш үлэмж. Түүний хэрмийн хаалга дээр нэг цэрэг зогсон харуул харж суумуй. Тэр цэрэг Ү Юн лугаа ийн асууруун: - Та нь аль газрын хүн, нэр хэн, ямар учирт энд ирэв? хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Өчүүхэн хүн Ин Жоугийн хүн. Нэр Жан Юэ. Угаас сурсан эрдэм нь тэнгэр дэлхийг шинжих ба хүний төрлийг үзэх. Энэ ба хойдын учрыг төлөг тавих, заяа бодох хүн. Энэ намайг дагаж яваа хүн нь нэр Лимин, миний гар доор зарагдан явах нэгэн хэлгүй сангарсва билээ хэмээсэнд тэдгээр цэргийн хүн ийн өгүүлрүүн: - Би үзвээс чи нь үнэхээр нэгэн увдист хүний байдалтай. Чиний энэ дагуулан яваа зарц нь хулгайн шинжтуй. Толгой нь том бүдүүн бөгөөд нүүр нь хав хар. Бие нь их бөгөөд нүд нь гурвалжин. Энэ ер сайн хүн бус бололтой хэмээсэнд үүнийг Ли Күй сонсоод маш их уур нь хүрч даруй гар хөдлөх хэмээн бодож байтал, энэ учрыг Ү Юн мэдээд, Ли Күйд толгойгоо сэгсрэн үзүүлсэнд Ли Күй сая доош харж зүгээр зогсов. Үүнд Ү Юн тэр цэргийн хүнд өгүүлрүүн: - Мэргэн дүү би нь маш их зовлон үзэж явмуй. Гэр ядуу тул уг нутгаас гарч газар газар тэнүүчлэн явж амь зуумуй. Энэ намайг дагах хүн болбоос миний төрсөн хөвгүүн тул аргагүй дагуулан явмуй. Энэ болбоос хэлгүй дээр бас хоёр чих дүлий болоод гар нь тахир. Тиймийн тул айлын ажил үл хийж чадмуй. Олдвоос, бид хоёрт хишиг зоос хайрлах болов уу хэмээн гуйсанд тэр цэргийн хүн үнэмшиж таван зоос өгөв. Үүнийг хүлээн авч сөгдөн мөргөөд явав. Бас нэгэн их зээл дээр очиж гартаа барьсан хонх очирыг дуугарган ийн хэмээн ном уншив.
“Ганлү хэмээх хүн би төрсөн эхээс хагацсаны хойно маш их буян эдлэв. Жан Ши Ин хэмээх хэмээх хүн хөгшин насандаа буяныг эдлэв. Пэнжү хэмээх хүн найман зуун нас наслав. Янсюй хэмээх хүн гучин хэдэн нас наслав. Үүнийг үзвээс энэ хоёрын нас яахин өндөр богино болов. Ванда хэмээх хүн адил гар хоосон хүн үгүй. Шичүн мэт далай адил баян хүн дэлхий дахинд үгүй. Хүмүүний төрөл олсноос хойш дэгжих баяжих хоосрох нь ертөнцийн ёс бөлгөө. Би болбоос хүмүүний төрөх ба үхэхийг мэдэхээс гадна эрдэмтнийг танимуй. Эрлэг мэт догшныг нэвт үзмүй. Хэрвээ надаас төлөг үзүүлэн заяагаа шинжүүлэх хүн буй ахул урьд над нэг лан мөнгө хайрлагтун хэмээв. Үүнд ер хүн заяа бодуулсангүй. Зээлээр энэ үгийг номлон уншаад явсанд тэр хотын бага хөвгүүн тавь жар шахам хөвгүүд Ү Юнгийн ном унших чих чагнан инээж, хойноос дагаж Лү Жюнь Игийн үүдээр өнгөрөн яваад дахин эргэж хойш буцсанд урьдын тавь жар шахам хөвгүүд дээр маш олон хөвгүүд нэмэгдэв. Үүнд Лү Жюнь И үүдний гадна маш олон хөвгүүд өндөр дуугаар инээлцэн байх чимээг сонсоод, “Тэр олон хөвгүүд яахин инээлцмүй учрыг мэдэж ирэгтүн хэмээн нэг зарцаа илгээсэнд тэр зарц Ү Юн, Ли Күй хоёрын бие байдлын дүрмийг амандаа хэлэх үг, төлөг тавих, урьд нэг лан мөнгө авах хэмээсэн учрыг сонсоод даруй хойш буцаж Лү Жюнь Ид, ийн өгүүлрүүн: - Юаньвэй ноён, манай үүднээс баруунтаа нэг сонин жигтэй хэрэг болж. Үзвээс нэгэн хар торгоор хөвөөлсөн дээлтэй хуушаан амандаа хүний заяаг төлөгдөж үзэх, үхэх төрөх хоёрыг мэдэх хэмээн ном номлож баймуй.
Түүнийг дагаж явах нэг жигтэй хүмүүн хав хар нүүртэй бөгөөд толгойн үс нь шав шар. Биендээ хар даавуу хувцас өмсжүхүй хэмээсэнд Лү Жюнь И энэ үгийг сонсоод: - Тэр үнэн заяа бодож хүмүүнийг үхэх төрөхийг мэдэх хэмээн хэлсэн болбоос энгийн хүн лугаа адилтгаж болохгүй. Даруй түүнийг залаад ирэгтүн. Би учрах хэрэг байнам хэмээсэнд тэр хүн Ү Юнгийн дэргэд очиж ийн өгүүлрүүн: - Үзэх багш таныг манай гэрийн эзэн Юаньвэй залж учрах гэнэм хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Таны гэрийн эзэн Юань Вэй хэмээгч ямар нэртэй, хаана суудаг хүмүүн буй? хэмээсэнд тэр хүн өгүүлрүүн: - Эдүгээ манай Юань Вэйгийн алдар нь Лү Жюнь И хэмээдэг. Мөн энэ зээлд ойр буй хэмээсэнд Ү Юн дотроо маш баярлан, эдүгээ миний санасан хэрэг бүтэв хэмээн сэтгэж, даруй Лү Юньвэйгийн үүдэнд хүрч, Ли Күйгийн гарыг барьж тэдний гэрийн үүдний дэргэд нэг сандал дээр суулгаж, ийш тийш явж болохгүй хэмээх тэмдгийг гараар заасанд Ли Күй яахин хөдөлмүй, тэнд сууж хүлээн байв. Тэндээс Ү Юн дотогш орж Лү Юаньвэйд учирсанд, Лү Юаньвэй маш хүндлэн, нэг ширээ тавьж залаад, ийн өгүүлрүүн: - Эрхэм сяньшэн хуушаан багшийн өндөр овог нэр хэн гэдэг, өргөө нутаг хаанав? хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Өчүүхэн ядуу сяньшэнгийн доор нэр Жан Юн хэмээдэг.
Цол нь “Тэнгэрийн ам” хэмээмүй. Уг нутаг Шаньдун мужид. Гэр ядуу учирт ийнхүү газар газар тэнүүчлэн явж заяа бодох ба хүний үхэх төрөх, тэнгэр газрын судал тамирыг мэдэх билээ. Гагцхүү төлөг нээхэд үнэ бэрх. Нэг төлөг үзвээс цагаан мөнгө нэг лан авмуй. Үгүй бөгөөс төлөг үзэхгүй хэмээсэнд Лү Жюнь И өгүүлрүүн: - Сяньшэн үнэхээр мэдэл төгссөн ахул нэг лан мөнгө гайгүй хэмээн дотоод нэгэн цэвэрхэн байшинд залж, сандал тавьж ширээ тавин цай барьсны хойно Лү Жюнь И ийн өгүүлрүүн: - Эдүгээ сяньшэн хуушаан надад нэг төлөг нээж хайрлагтун. Учир нь миний нас ба хойд төрөл басхүү тэнгэрээс заяасан буян хишиг цөм хичнээн хэмжээтэй болох зэргийг үзэж хайрлагтун хэмээн нэг зардсаар мөнгө нэг ланг авчруулж бэлэг болгон өгсөнд Ү Юн хүлээн аваад, ийн өгүүлрүүн: - Эрхэм өглөгийн эзэн таны төрсөн жил нас, чухам аль жил сар өдөр цаг буюу? хэмээсэнд Лү Жюнь И ийн өгүүлрүүн: - Миний төрсөн нь хөх хулгана жил, одоо гучин хоёр нас хүрэв.
Төрсөн сар нь хөхөгчин үхэр, өдөр нь улаан барс өдөр, цаг нь улаагчин туулай хэмээсэнд, Ү Юн ваадангаас нэг төмөр сампин гаргаж нэлээд цохиод хуруугаа тоолж үзээд, ийн өгүүлрүүн: - Өглөгийн эзэн үнэхээр жигтэй сонин хэрэг хэмээсэнд Лү Жюнь Игийн зүс нь хувилж, ийн өгүүлрүүн: - Эрхэм мэргэн сяньшэн учир нь юу, яахин жигтэй сонин хэмээв? Надад даруй тодорхойлон айлтгаж хайрлах ажаамуу хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Эрхэм Юаньвэй би учрыг нээж хэлэвээс та эрхгүй надад гомдох хэрэг болно. Тиймийн тул хэлэхэд хэцүү хэмээсэнд Лү Жюнь И бас хариу өгүүлрүүн: - Сяньшэн нэгэнт заяа буян ба үхэх төрөхөө төлөгдөж үзүүлсэн атал, юу боловч хэлэхээс айж хэрэггүй. Даруй учрыг нээж хэлэгтүн хэмээсэнд Ү Юн зовних царай гарган ийн өгүүлрүүн: - Юаньвэй таны заяа буян, үхэх төрөхийг бурханд залбирч, шинжиж үзвээс буян нь маш их боловч, алд биед зуу хоногийн дотор нэг их аюул ирэх. Цагаан бие нь улаан болох, улаан царай нь цагаан болохоос гадна зэвсгийн ирд амь бие сүйдэх билээ хэмээсэнд Лү Жюнь И өгүүлрүүн: - Мэргэн сяньшэн, таны энэ төлөг маш их ташаарав. Манай Лү овог угаас Дунжин хотод журмаар эцэг өвгөөс нааш дааж өсгөсний дээр, би болбоос угаас бичиг цэргийн хүн боловч ер насан багаас эдүгээ хүртэл хүнийг хорлож, цааз харшлах хэрэг хийсэнгүй бөгөөд басхүү цэрэг дайнд мордож хүнийг алсангүй, ямагт хоосон ядууд өглөг өгч буян үйлдмүй. Түүний гадна над төрсөн хөвгүүн байваас нүгэл хилэнцийн үр болохоос буяны хөрөнгө бус, мөн охин төрвөөс бас сэтгэл санааг зовоох үйлийн үртэй тул, алин ч над үгүй. Иймийн тул, над ер тэр мэт их нүгэл хилэнц хийсэнгүй атал яахин тийм зовлон ирэх буюу? хэмээсэнд Ү Юн царайгаа барайлган бас өгүүлэв: - Дэлхий дахины хүн амьтан яахин ийм тэнэг болов.
Өөр өөрийн үхэх төрөх, буян нүглээ мэдэх болбоос юунд бурханыг шүтэж бурсан хуврагийг залж буян нүгэл ялгуулмуй. Би эдүгээ төлгийн үгийг хэлэхэд харин буруу онол болгов. Тиймийн тул энэ хайрласан нэг лан мөнгийг хүлээн хүртэхэд үнэхээр сэтгэл өвдмүй. Одоо би явсугай хэмээн босч гарах гэтэл Лү Жюнь И хориглон өгүүлрүүн: - Сяньшэн, бүү хилэгнэгтүн. Өчүүхэн би наадам болгон хэдэн үг хэлэв. Юунд бурханы онол олсон шидтэнийг бурангуй хэмээн хэлэх буюу. Иймийн тул, надад дахин нэг сайн үзэж хайрлагтун хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Бурханы заяасан буян нүгэл болох нь урьдын сүнс ямар явсан ба мөн урьд төрөлд яахин буян нүгэл хийсэн нь цөм данс бүхий хэрэг тул, түүнийг бурханд шившиж мэдэхээс бус,хэн мэдмүй. Одоо эрхэм өглөгийн эзэн Юаньвэйгийн үхэх төрөх заяа буяныг төлөгдөж үзсэн нь зуу хоногт аюул болох хэмээн буусны дээр хүний газар очиж ирт мэсний үзүүрт үхэх хэмээсэн төлөг дээр байсныг хэлэв. Энэ нь ер мултран зайлах аргагүй билээ хэмээгээд дахин сампингаа ваадангаас гаргаж, нэг хэсэг бодож, хуруугаа тоолж, өгүүлрүүн: - Эрхэм өглөгийн эзэн, энэ их хэргээс хэрхэвч хэлтрэн гарах нь маш бэрх, урьд төрөлдөө цэргийн жанжин болж цагт чинадсыг? дарж, олон хүнийг алсан тул тэдний сүнс явсангүй байхад, тэнгэрээс бодисадвад бошго буулгаж, тэдгээр зэрлэг сүнсийг тус тус илгээв.
Тэндээс эрхэм Юаньвэйгийн гагцхүү тэнгэр хаанд гавъяа байгуулсан учир энэ насандаа ийм тэнгэрийн жаргалаар жаргах хэдэн жилийн нас хэмжээтэй тэгшилж төрүүлэв. Хэмжээ гүйцмэгц тэдний амийг энэ нас биеэр төлөх тул, ирт мэсэнд үхэх учир болой хэмээсэнд Лү Жюнь И маш их айн цочиж: - Эдүгээ мэргэн сяньшэн, тийм бөгөөс энэ аюулаас хэлтрэх арга байна уу? хэмээсэнд, худал сампингаа дахин гаргаж, бас нэг зэрэг цохиж өгүүлрүүн: - Юаньвэй амь гаръя хэмээвээс зүүн өмнө сайн зүг. Дахин мянган газрын чанад яваваас амь гарч болмуй. Түүний гадна Юаньвэй дөрвөн улиралд дөрвөн үг бий. Эрхэм та бийр авчирч, миний хэлэх дөрвөн үгийг байшингийн хавирганаа бичиж үлдээвээс өчүүхэн сяньшэн миний мэргэн тэнэг, хожим түүнээс мэдэгдмүй хэмээсэнд Лү Жюнь И даруй бийр авчирч, түүний үгийг сонсов. Ү Юн өгүүлрүүн:
“Зэгс бүхүй газар онгоц бэлэн буй.
Сайн баатар эр харанхуй шөнө гагцаар зугаацах.
Сайн муу явах нь хүний урьд насны хувь зохиол.
Гай зовлонгоос зугтан гарсны хойно эргэж дахин зовох хэрэггүй.”
хэмээх дөрвөн шүлгийг байшингийн хавирганаа бичиж аваад Ү Юнд ёслов.
Тэндээс Ү Юн нэгэнт сургаж үлдээсэн тул, одоо явсугай хэмээн санаж сампин зэргээ боож, явах гэтэл Лү Жюнь И хориглон өгүүлрүүн: - Мэргэн сяньшэн, одоо нар жинхэнэ үд болжихуй. Цаг халуун баахан азнаад сэрүүн болмогц яваваас ямар? хэмээсэнд Ү Юн өгүүлрүүн: - Өчүүхэн би эрхэм өглөгийн эзний үгийг дагаж, түр азнаваас зохих билээ. Гагцхүү төлөг үзэж хүмүүнийг туслах чухал хэрэг хожимдох болжихуй хэмээн аймуй. Гэмгүй, хожим учиръя хэмээгээд босч Лү Жюнь Игийн гэрээс гарч явсанд, Лү Жюнь И үдэж гаргав. Лү Жюнь И яахин гэрээс гарч зүүн өмнө зүг явав, өгүүлж яахийм. Дараа гэрээс гарч явах цагт бэлхнээ үлгэрийн дотор буй тул, үл өгүүлэн өгүүлэх нь: - Ү Юн, Лү Жюнь Иг эрдмээр эрхэндээ хууран авч Ли Күйгээ дагуулан хэрмийн гадна гарч буусан дяньдаа ирж, хоол ундаа идээд тэр дяньд хоолны мөнгө зоосыг өгч гараад, Ляншаний зүг ирэв. Үүнд Ли Күй дахин замд явж Лү Жюнь Иг эрхэндээ оруулж авсан ба байшингийн хавирганаа эрдэмт шидэт дөрвөн шүлэг бичсэн. Түүний биеийг мянган газар хол явуулах зэргийг бүрнээ хэлж, хоёул өдөр шөнөгүй явж ууландаа хариад Лү Жюнь Иг бүгдээр угтаж арга хийсүгэй хэмээн даруй явж Лян Шаньдаа ирснийг үл өгүүлэн өгүүлэх нь: Энэ Лү Жюнь И, ҮЮнгийн нарийн арга увдисанд орж, Ү Юнг үдэж явуулснаас хойш ер өдөр шөнийн цагт сэтгэл амаргүй, ямагт зовлон эдэлж байх тул, нэгэн өдөр өөрийн гэрийн доторхи их хэрэг мэдэгч данс барих бага дарга Лигү хэмээх хүнийг дуудаж учраа хэлэхээр завдав. Энэ Лигү угаас Дунжин хотын хүн. Гэр ядуу учир өглөг гуйхаар Бээжинд ирээд, юм гуйсаар Лү Жюнь Игийн үүдэнд сууж байтал, Лү Жюнь И ядуу хүнийг тэтгэдэг тул, түүнийг үзээд гэртээ оруулж мал тэжээлгэж байгаад, таван жил болсон хойно түүний гавъяатай сайныг мэдэж, гэрийн доторхи элдэв зүйлийг даатгаж тэргүүн зэргийн дарга тавьж, данс бичиг, түлхүүр цоожийг түүнд тушааж өгөв.
Тэндээс энэ Лү Жюнь Игийн гэрийн дотор бүгд тавь гаруй зарц буй ажгуу. Үүнд, тэд бүгдээрийг Лү Жюнь И дуудан авчирваас, нэг хүн дутагдмагц хэн хаана очсоныг асууваас, тэр хүн ирээд Лү Жюнь Ид ёслоход, түүнийг үзвээс бие өндөр махлаг бөгөөд үзэсгэлэн. Үүнд Лү Жюнь И магтаж, нэгэн их эрээн хатгамал дээл өмсгөж, басхүү түүний дуу бүжиглэх, лимбэ үлээх, ятга цохих зэрэг нь түүнээс илүү хүн үгүй. Мөн цэргийн эрдэм сурсан нь маш бэрх. Ухаан сэргэлэн, сэтгэл зөөлөн, аливаа юмыг үзүүр гарваас эцсийг хүртэл нэвтэрхийлмүй. Гагц хөвгүүн адил асарваас зохимуй. Үүний нэр Янь Чин. Үүнд хүн бүхний өгсөн цол нь “Өөрийн эрхээр явах зальхай хүн” хэмээмүй. Үүнд Лү Жюнь И ямагт сайн бөгөөд басхүү гэрийн хэргийг хавсруулан баймуй. Нэгэн өдөр гэрийн их бага бүгдийг цуглуулан ийн хэлэв: - Эдүгээ би өчигдөр нэг их үзмэрч багшаас энэ ба хойдын үхэх төрөх, буян нүглийг төлөг тавиулж үзүүлсэнд, тэр намайг “Хол явж буян эс хийвээс зуун хоногт ирт мэсний аюулд үхмүй” хэмээх тул, одоо би сайн зүгийг үзүүлж зүүн өмнө зүг мянганы газар явж Тайшань ууланд Сүн Жяний байгуулсан нэг их сүмд, нэг маш гайхамшиг онол төгссөн бодисадва буй тул, тэнд очиж буян үйлдээд, тэр сүмийн бурхан шүтээнд хүж өргөж, тэр багш лугаа учрахаас гадна Шаньдун мужид бага сага худалдаа хийхийн тул, Лигү чи над баахан бараа бэлтгэж авчир.
Бас арван сайн тэрэг хөлслөгтүн. Чи өөрөө миний хамт явтугай. Янь Чин гэр орноо цагдах, олон дүү нарыг харгалзан байгтун хэмээсэнд Лигү өгүүлрүүн: - Гэрийн эзэн таны энэ их аюул болно гэгч үг ер дэмий хэрэг. Учир юу хэмээвээс, эртний үгэнд төлөг мэргэ үзэх хүний үгийг итгэж болохгүй хэмээсэн билээ. Учир иймд явж үл болмуй хэмээсэнд бас Янь Чин өгүүлрүүн: - Гэрийн эзэн та хэрхэвч энэ гэрээс хөдөлж үл болмуй. Таны очих газар Тайшань уул нь алсласан хол дээр зам явахад бэрх. Хэрвээ Тайшань уул хүрвээс түүний ойр Лян Шань Фү хэмээх уул бий. Тэнд урвасан олон хулгай Сүн Жян нар учирваас та амьд үл гарах тул, гэрийн эзэн та тэрхүү урвасан хулгай нарыг арилгасан хойно яваваас болов билээ.” гэхийн гадна “Өчигдрийн ирсэн төлөг үзэгч хүмүүн нь чухам ямар хүнийг би үзсэнгүй учир арга үгүй.
Би учирсан болбоос түүнээс лав хэдэн үг гарах буй за. Тэр нь магад сайн эрдэмт хүн бус, лав Ляншаний урвасан хулгай нараас газар орныг залгихаар ирсэн байх хэмээсэнд Лү Жюнь И ихэд уурлан өгүүлрүүн: - Та нар бүү галзуурагтун. Яахин хүнийг тийнхүү мэхлэн явмуй. Тэр ч байтугай, хэрвээ Ляншаний урвасан хулгай нар болбоос түүнийг би өчүүхэн арвай мэт атгаж алах бөлгөө. Миний их хэргийг бүү саатуулагтун хэмээсэнд тэд нар хариу юу ч өгүүлсэнгүй байтал, гэнэт түүний гэргий Зяши ирж өгүүлрүүн: - Мэргэн нөхөр би сонсвоос та нэгэн зальхай хүний үгэнд орж, биеэ барсын үүрд аваачиж бэлэг хүргэх нь ямар учир? Алд биеэ ариун авч, аглаг ойр газар гагцаар бие амар сууж аж төрөвөөс зохих бөлгөө. Юунд тийм хол газар явах буюу. Үлгэрлэвээс, амар байсан араатан алах дайсан учирваас амь гарах нь бэрх хэмээн хэлсэн тул, алд сайн биеэ уужим өргөн далайд үлдээж алсын зовлонг хүлээхээс гадна яахин муу увидаст хууртан явах буюу? хэмээсэнд Янь Чин бас өгүүлрүүн: - Мэргэн гэрийн эзэн, өчүүхэн бидний гуйсан ёсоор болговоос, тэнгэр дэлхийн хишиг буусан адил болой. Ноён та хэрвээ зөрчиж эрхгүй явах болбоос өчүүхэн намайг дагуулбаас гэм их болохгүй хэмээхэд Лү Жюнь И өгүүлрүүн: - Чи явж болохгүй.
Учир нь хэмээвээс Лигү болбоос угаас худалдааны хэрэгт маш мэргэн тул түүнийг авч явмуй. Чи болбоос бичиг цэргийн эрдэм сурсан тул худалдаа хийж чадахгүй хэмээхэд Лигү өгүүлрүүн: - Мэргэн ноён та сонс. Өчүүхэн би таныг дагаж явахад үнэхээр дуртай боловч гагцхүү хөл өвчтэй тул явж үл чадмуй хэмээсэнд Лү Жюнь И ихэд уурлаж өгүүлрүүн: - Би цэрэг тэжээж мянган өдөр болсонд ачийг нэг өдөр авах болой. Чингэхэд чи харин над лугаа яахин үл явмуй. Чи үүнээс хойш энэ мэт үг хэлвээс миний нударганы амтыг үзэх буй хэмээсэнд Лигү маш айн Лү Жюнь Игийн эмийн зүг харваас мөн үг дуугүй тул, цөм хориглон чадсангүй тус тус тархав. Түүнээс Лү Жюнь И Лигүд тушаан өгүүлрүүн: - Одоо маргааш явах тул худалдааны бараа зүйлийг бэлтгэгтүн. Басхүү арван сайн тэрэг хөлслөн авчрагтун хэмээсэнд Лигү даруй юм зүйлээ бэлтгэж, арван сайн тэргийг хоёр хүний хамт хөлслөн авчраад, юмаа тэргэнд ачиж, нэг өдрийн урьд Бээжингээс хотоос гарч явав.
Түүний маргааш Лү Жюнь И гэртээ сууж өглөөний будаа идээд, явах цаг болсонд, түүний гэргий Зяши маш их уйлсанд Лү Жюнь И, ийн өгүүлрүүн: - Мунхаг гэргий чи дэмий л бүү уйлагтун. Би нь хол бодвоос зуу хономуй. Ойр бодвоос тавь илүү хоноод хойш буцаж ирмүй. Тиймийн тул чи Янцинийн хамт гэрийн хэргийг дааж захиран суугтун хэмээсэнд Янь Чин бас уйлан байхуйд Лү Жюнь И Янь Чинд ийн захиж өгүүлрүүн: - Мэргэн дүү би чамайг багаас тэжээж эдүгээ энэ гэрийн хэргийг захируулах хэмээсэн бөлгөө. Чи одоо миний төлөөнөө элдэв данс хараа зэргийг нарийн чанд үйлдэж, гадаад дотоод хэргийг эрхлэн байхаас гадна, басхүү бэргэн Зяшитай хоёул зөвлөж аливаа юмаа засаж сайнаар суугтун хэмээн захиад морио унаж гэрээс гарч явав.
Тэндээс удсангүй Лигүгийн хойноос явж хамт Тайшань уулнаа явав. Удсангүй нэг хэдэн газар явж Лү Жюнь И Лигүд ийн өгүүлрүүн: - Чи хоёр хүнийг дагуулан урд явж нэг дяньд бууж хоол цай бэлтгүүлэн биднийг хүлээгтүн. Би тэргийг дагаж хойноос явсугай хэмээсэнд Лигү хоёр хүнийг дагуулж, нэг дяньд орж хоол цай бэлтгэв. Тэндээс Лү Жюнь И тэр газар явж үзвээс уул мод ус нь үнэхээр үзэсгэлэн сайнд дотроо маш баярлан явж дяньд хүрэв. Тэнд нэг шөнө хоноод маргааш нь мөн тэргээ ачиж яваад гурван илүү газар явсанд, нэгэн дяний пүүс баймуй. Үүнд Лү Жюнь И нар тэр пүүсэнд бууж архи хоол идэхийг хэлэх юү. Гагцхүү маргааш нь дяний пүүснээс гарч явах гэтэл, тэр дяний тэргүүлэгч ийн өгүүлрүүн: - Эрхэм гийчин түр байз. Би танд нэг чухал үг хэлсүгэй. Өчүүхэн хүн энэ дяниас алсласан хорин газрын эцэст Лян Шань Фү хэмээх уул буй. Тэр ууланд гурван их боомт байгуулж зам явах хүнийг үл хорлох боловч, юмыг дээрэмдэх нь лав тэр уулын тэргүүлэгч нь Сүн Гүнмин хэмээх их ван буй. Бүгд сайн эр нь дал гаруй болж, цэрэг нь хэдэн түм буй.
Иймийн тул та тэр уулыг эрхгүй дайран өнгөрмүй. Тэр цагт шөнө өнгөрөхөөс бус өдөр хэрхэвч явж болохгүй хэмээсэнд Лү Жюнь И өгүүлрүүн: - Би тэр урвасан хулгай нараас айх газаргүй. Харин би тэдэн лугаа байлдаж эр эмээ үзэлцэх билээ хэмээгээд авдраас дөрвөн цагаан дарцаг гаргасанд, тэр дарцаг дээр бичсэн үсэг нь: - Бээжингийн Хань хай Лү Жюнь И” хэмээх долоон үсэг. Орчуулбаас “Хүнийг тусалж журмыг дагасан Бээжин хотын Лү Жюнь И” хэмээмүй. Үүнд тэр дяний тэргүүлэгч өгүүлрүүн: - Эрхэм гийчин та энэ дарцгаа далд хийгтүн. Хэрвээ хүн мэдээд Ляншаний Сүн Гүнмин мэдвээс эрхгүй өчүүхэн хүн холбогдох хэрэг болмуй хэмээсэнд Лү Жюнь И ийн өгүүлрүүн: - Энэ Ляншаний өчүүхэн хулгай нарыг би барихаар яваа атал, яахин тэднээс айх буюу хэмээн маш уурсан, дуу гаргасанд Лигү сөгдөн өгүүлрүүн: - Гэрийн эзэн сонсвоос энэ Лян Шань ууланд урвасан хулгай Сүн Жян нар маш хэцүү. Хүнийг алах ба эргэн дахин хууран авах нь тун ч бэрх хэмээн сонслоо. Иймийн тул бид эндээс буцаж хариваас зохимуй.
Хэрвээ тэр Лян Шань ууланд ойр очвоос худалдааны юмаа дээрэмдүүлэх. Байлдваас амь бие сөнөхөөс өөргүй болмуй хэмээн мөргөсөнд Лү Жюнь И маш уурсан загнасанд Лигү дагаж үл гарав. Гагцхүү хөлсний хүмүүн нар бас сөгдөж өгүүлрүүн: - Эдүгээ сонсвоос Лян Шань уул маш ойр болов гэнэм. Тиймийн тул бид тэнд очихгүй, эндээс гэртээ буцсугай хэмээсэнд Лү Жюнь И өгүүлрүүн: - Та нар бүү зовогтун. Тэр муу хулгай нар миний юмыг дээрэмдэх ба биднийг хорлох нь түмэн бэрх. Би харин тэднийг алаад, буй бүхүй юмыг аваад, олон тэргэнд ачиж буцмуй хэмээгээд тэргээ ачиж, тэр пүүснээс гарч Лян Шань уулын замаар явж үзвээс үнэхээр бэрх. Хад, чулуу, мод нь явар эрхгүй дээр тэдгээр Ли Күй тэргүүлэн олон хүчний хүн маш их айн зүрх нь түгшиж явтал, нэг шугуй модон дотроос их чимээ гарсанд харваас таван зуу гаруй цэрэг нэгэн их жанжин байв. Эд нар үүнийг үзээд зам явах байтугай тэргээ хурааж доор нь орж нуув. Бас нэг их буун дуу гарч уулаас мянга шахам цэрэг гарч мөн нэг их жанжин. Тэр жанжин гартаа хоёр балт сүх барьсан хав хар нүүртэй хүн үнэхээр баатар эр тул Лигү эднийг үзээд шээс баас нь гарч ухаан мэдрэлгүй, энэ газар амь алдахаас өөр үгүй. Тэндээс Лү Жюнь И тэр хар нүүртэй хүн лугаа байлдаж алахаар очсонд, тэр хар нүүртэй ийн өгүүлрүүн: - Лү Жюнь И чи намайг таних буюу, би нь хэлгүй сангарсва билээ хэмээсэнд Лү Жюнь И түүний өмнөөс сайтар ажиглан хараваас урьд өдөр Зан Юн хуушаан багш лугаа хамт зарцлагдан явсан хэлгүй сангарсва бөлгөө. Эдүгээ хэл ороод над лугаа байлдахаар ирэв хэмээн санаж Ли Күй лугаа гурван удаа зөрөлдөн байлдсанд Ли Күй хууран шугуй модны дотор зугтан явав.
Тэндээс Лү Жюнь И түүний хойноос хөөн явж модон шугуйд орвоос ер хүн үгүй, ийш тийш эрж явтал нэг хүн үзэгдэв. Үүнд Лү Жюнь И очиж тэр хүмүүн лугаа учирваас нэгэн тарган хуушаан биендээ хар шааны дээл, толгойдоо хуушаан малгай, хөлдөө дөрвөлжин хамарт гутал өмсжүхүй. Үүнд тэр хуушаан Лү Жюнь Ид ийн өгүүлрүүн: - Эрхэм дүү амархан морилж ирэв үү? Замдаа зүдрэв үү? Та намайг таних буюу? Би таныг энд морилж Лян Шань ууланд Сүн Гүнмингийн хамаатан болох хэмээн сонсоод, тан лугаа учрахаар ирэв. Харин зол тохиолдож энд учрав. Иймийн тул би бас Лян Шаньд очихоор ирэв. Хоёул энэ ууланд гарч Сүн Гүнмин хэмээх их ванд ёслон мөргөсүгэй хэмээсэнд Лү Жюнь И ийн хараан өгүүлрүүн: - Чиний урвасан хулгайн үүрийн эрлэг адил Сүн Жянийг амьдаар барьж Дунжин хотод хүргэх хэмээн явах атал, яахин түүнд мөргөх буюу? Чи хурдан очиж Сүн Жян аа надад тушааваас барав хэмээсэнд Лү Жишэн хуушаан өгүүлрүүн: - Мэргэн дүү чи тийм ёсгүй үг бүү хэлэгтүн хэмээн, бас үг өгүүлэх гэтэл Лү Жюнь И түүний үг хэлэхийг юунд хүлээмүй, шууд хоёр сэлмээ далайн орсонд тэр хоёр хэдэн удаа зөрөлдөн хэн хэнээ дийлсэнгүй. Тэндээс Лү Жишэн арга хэрэглэж уулын зүг хууран зугтсанд Лү Жюнь И нэг хэсэг хойноос хөөн байтал, бас нэг жанжин ирэв. Тэр нь Ү Сүн. Лү Жюнь Игийн дэргэд ирж, ийн өгүүлрүүн: - Юаньвэй юунд энд ирээд ийм их хэрэг хийв? Чи намаыг дагаж яваваас эдний муу аргад орохгүй хэмээсэнд Лү Жюнь И маш уур нь хүрч Ү Сүнгийн үгийг яахин дагамуй. Мөн урвасан хулгай хэмээн дэвшин очиж байлдаад, хэдэн удаа зөрөлдөөд Ү Сүн мөн зугтан уулнаа гарав.
Тэндээс Лү Зюнь тэр Ү Сүнг хөөж явтал, бас нэг хүн гарч, ийн өгүүлрүүн: - Мэргэн дүү Юаньвэй чи миний үгийг сонсогтун. Манай Лян Шань уулын тэнгэр газрын судал тамирыг мэдэх ба хүнийг шинжих Ү Шюэжү тэргүүлэгч жанжин тэр Дунжин хотод очиж, чиний биеийг энд авчрахаар арга хэрэглэж, төлөг үзэх, хүмүүний үхэх төрөхийг мэдэх Зан овгийн хуушаан болж очсон учрыг чи нарийнаа мэдсээр атал, эдүгээ энэ хавханд хүрч ирээд, одоо яахин гарч чадах буюу хэмээсэнд Лү Жюнь И ийн хараан өгүүлрүүн: - Өвс мэт хулгай нар харин тийм ов гаргаж намайг энд залж ирсэн нь энэ өдөр тэнгэр өршөөж тан лугаа учрав. Даруй ялаан хүлээж надад мөргөж дагагтун. Үгүй бөгөөс чамайг алмуй хэмээсэнд тэр Лю Тан инээмсэглэн өгүүлрүүн: - Юаньвэй яахин ийм их үг хэлж болмуй. Хэрвээ миний үг ийг эс дагаваас Юаньвэйгийн хайран алтан амь хөөрхий хэмээсэнд Лү Жюнь И маш уурлаж Лю Танг алах хэмээн очсонд Лю Тан хариу байлдаж хэдэн удаа болсонд Мү Хүн гарч ирээд ийн өгүүлрүүн: - Юаньвэй та юунд энэ мэт сайн лагшнаа зовоож эд лугаа байлдмуй. Бүү зөрөгтүн хэмээсэнд Лү Жюнь И яахин үг өгүүлмүй, тэр хоёр лугаа байлдсанд бас нэг жанжин гарч ирээд ийн өгүүлрүүн: - Юаньвэй дүү тэнгэрийн журам дагаж олон ах дүү лүгээ найрамдалтай учрахгүй яахин энэ мэт хилэгнэж зовмуй хэмээсэнд Лү Жюнь И мөн үг дуугүй тэр гурав лугаа байлдсанд, Лю Тан, Мү Хүн, Ли Ин нарын гурван хүн гурван зүг хууран зугтаад Лү Жюнь Иг бүсэлж зогсоов. Үүнд уулын дээрээс харанга цохисонд энэ гурав уулан дээр харив.
И яахин ийм мунхаг болов. Би чамд урьд гэрээлэн хэлсэн үг буй. Дээр бас чиний байшингийн хавирганд хэдэн шүлэг бат бичиг зохион хэлж, чиний биеэр бичүүлсэн журмыг одоо мартах буюу? хэмээсэнд Лү Жюнь И улмаар уур нь өрнөж муу үгээр хараасанд Хуа Рүн харваж алах хэмээн нум сумаа авчирсанд Сүн Жян, Ү Юн, Гүн Сүньшэн нар хориглож зогсоосонд Хуа Рүн Лү Жюнь Ид: - Ийм өчүүхэн адгуус адил амьтан бөгөөд аймшиггүй ах дүүгээ даруй дагаж мөргөхгүй, харин ийн тийн хэмээн хараах буюу. Чи миний сумны нэг тэмдгийг үзэгтүн хэмээгээд нэгэнтээ харвасанд Лү Жюнь Игийн өмссөн малгайн залааг тас харваж газар унагав. Үүнд Лү Жюнь И маш айж, хойш буцахаар явтал, уулын оройд гэнэт газар хагарах мэт их хэнгэрэг дуу гаргасанд уулын хэдэн этгээдээс Линь Чүн нарын хоёр жанжин цэрэгтэй, баруун этгээдээс Хү Яньжуо, Сюй Нин хоёр гарч ирсэнд Лү Жюнь И тэд нэр лугаа байлдая хэмээн санавч, нэгэд, олон жанжин лугаа байлдаж зүдэрсэн бөгөөд хоёрт, гэдэс нь өлсөж хоосон тул хүч тэнхэл нь буурч шууд буруулан явсанд нар орой болоод харанхуй болов.
Тэндээс Лү Жюнь И нэг усны захад хүрч суун байтал нэгэн онгоц сэлсэн хүн ирэв. Үүнд Лү Жюнь И өгүүлрүүн: - Эрхэм мэргэн ах чи нааш ирэгтүн. Би учирсугай хэмээсэнд тэр хүн ирж, ийн асууруун: - Эрхэм гийчин чи гагцаар энэ Лян Шань уулын дэргэд байх нь ямар учир. Энэ уулын олон жанжин лугаа учирваас амь гарах нь маш бэрх хэмээсэнд Лү Жюнь И өгүүлрүүн: - Би нь хол газрын хүн. Шөнө харанхуй болоод зам алдав. Олдвоос, эрхэм ах чи намайг тусалж нэгэн онгоцон дээр усны чанад захад хүргэж өгмүй хэмээсэнд тэр хүн өгүүлрүүн: - Чи зоос өгөх болбоос би чамайг онгоцон дээр суулгаж усны захад хүргэмүй хэмээсэнд Лү Зюнь: - арван хэлхээ зоос өгье хэмээсэнд тэр хүн онгоцон дээр гаргаж нэлээд явтал, гэнэт зэгсний дотроос нэгэн бага онгоц гарч ирэв. Үзвээс, нэг чармай нүцгэн хүн тэргүүнд баймуй. Хойно нь нүцгэн хүн баймуй. Энэ нүцгэн хүн нэг их дуу дуулж баймуй. Дууны үг нь:
Ном уншиж чадсангүй Лян Шаньд суув
Нум сумыг бэлтгэж барсыг барих
Төмөр дэгээгээр тэнгэрийн лууг дэгээдэн татах
хэмээн дуу бүжиглэн дуулсанд Лү Жюнь И маш цочиж айн явав.
Тэндээс бас нэг онгоц дээр хоёр хүн ирээд ийн дуу бүжиглэв.
Би үнэн муу хүн боловч
Хулгайг алахаас бус журмыг хадгалсан сайн эрийг алахгүй
Миний нүдээр харсан нь гадаад байшинд Юй Цилинь баймуй
Би нь нэр Гэн Баоши хэмээгч бөлгөө.
хэмээн дуулсанд Лү Жюнь И мөн их айж байв. Бас нэг бага онгоц нисэх
мэт явж ирээд, ийн дуу бүжиглэж дуулав.
Зэгс бүхий газарт онгоц бүрэн баймуй
Сайн баатар эр шөнө харанхуйд гацаар зугаалахаар явмуй.Сайн муу явах нь хүний урьд насны хувь зохиол
Гай зовлонгоос зугтан гарсан хойно эргэж дахин зовох хэрэггүй...хэмээн дуу дуулав.
Энэ гурван онгоцонд хэн хэн буй хэмээвээс, дунд нь Руань Сяо Эр, зүүн этгээд нь Руань Сяо Ү, баруун этгээд нь Руань Сяочи . Үүнд Лү Жюнь И маш айн өөрийн суусан онгоцны эзэнд ийн өгүүлрүүн: - Эрхэм мэргэн ах чи намайг түргэн хуурай газар гаргаж өгөгтүн хэмээн өгүүлсэнд тэр хүн маш их дуугаар инээн өүүлрүүн: - Би нь энэ Шүнь Ян Жинь мөрний хүн. Тэнгэрийн доор ногоон ус баймуй. Гурван жинд овог солихгүй. Дөрвөн жинд нэр солихгүй. Цол нь “Мөрөн хатгагч луу” хэмээмүй. Нэр нь Лизюнь хэмээгч би мөн. Юаньвэй чи эдүгээ үл дагах аваас болохгүй болжихуй хэмээсэнд, Лү Жюнь И ман их айж, босон ирээд сэлмээ барьж Лизюньд ийн өгүүлрүүн: - Үгүй бөгөөс чи үхэх, үгүй бөгөөс би үхэх хэмээн Лизюний өвчүүн дээр хатгаж ирсэнд Лизюнь даруй онгоцноос дэвшин усанд оров. Тэндээс Лү Жюнь И түүнийг үзээд сэлмээр цавчих хэмээсэн билээ. Харин өөрийн гарт барьсан сэлмийг усанд алдав. Тэр онгоцны доороос нэг хүн гарч ирээд ийн өгүүлрүүн: - Би нь Жан Шүнь хэмээмүй. Одоо чамайг оруулан авах тул би ирж. Чи эс орж дагах болбоос би чамайг усан дотор алах хэмээсэнд Лү Жюнь И тэнгэрт гаръя хэмээвээс шат үгүй, газар доор оръё хэмээвээс хаалга үгүй тул арга буюу үгийг үл дагах учрыг хэлсэнд, Жан Шүнь даруй онгоцоо хөмөрч, Лү Жюнь Иг усан дотор унагав. Энэ нь үлгэрлэвээс, хан гарьдыг дураар барин авах шидээр тэнгэрийн лууг усны дотроос шүүрэн авах. Тэнгэрийг цочоох газрыг хөдөлгөх чадалтай сайн баатар эр боловч хавханд орох лугаа адил болжихуй. Үүнд хөөрхий Лү Зюгь Игийн амийг уснаас ямар зүйлээр, яахин гаргаж авахыг хойд бүлэгт үзэгтүн.
Сэтгэгдэл ( 0 )