Яармаг дахь Хотын захиргааны байранд маргаашнаас өвчтөнүүдээ авна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хотын захиргаагч наадмын дараа яармаг руу шилжүүлнэ гэж мэдэгдэж байсан. Тэгвэл нүүлгэн шилжүүлэлтийг түр хойшлуулж, коронавирус туссан иргэдийг эмчлэх байр болгохоор боллоо. Ингэхдээ халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авах зорилгоор яаралтай ор дэлгэхийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Эрүүл мэндийн газарт үүрэг болгосон байна.

Хөнгөн өвчтэй болон биеийн байдал хүнд хүмүүсийг хоёр өөр танхимд байрлуулах ба эрчимт эмчилгээний 15 ор бэлджээ. Мөн танхимууд бүгд камержуулалттай бөгөөд эмчилгээний явц, нөхцөл байдлыг хянах боломжтой юм. Хүчилтөрөгчийн баллонууд байрлуулах шугамаа өнөөдөр тавьж дууссаны дараа маргаашаас өвчтөнүүдээ авч эхлэх юм байна.  

Энд Улсын 1-р болон 2-р эмнэлгийн резидент эмч нараас, энэ жил төгсөж байгаа дадлагатай эмч нар, залуу эмч нарыг ажиллуулахаар төлөвлөж байгаа аж. Нийт 64 эмч, 64 сувилагч, 64 туслах сувилагч ажиллаж, нэг удаагийн ээлжид 6 эмч, 16 сувилагч ажиллахаар төлөвлөжээ. 

УОК-ын дарга С.Амарсайхан нийслэлийн зургаан дүүрэгт нэмэлтээр 1500 ор дэлгэж, хүчилтөрөгчийн хамгамжийг 1000 баллоноор нэмэх талаар мэдээлсэн билээ.  


Энэ талаар хотын дарга Д.Сумъяабазар "Өнөөдрийн байдлаар 0-18 насны 400 орчим хүүхдүүд, 500 гаруй жирэмсэн эхчүүд Ковид-19-ийн халдвар авч, биеийн байдал нь хүндрээд байгаа тул зайлшгүй хэвтэн эмчлүүлэх шаардлага тулгарч байна. Иймд Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комиссоос эмнэлгийн ор дэлгэх боломжтой байршлуудад бэлтгэл ажлыг хийж эхэлсэн бөгөөд Яармаг дахь хотын захиргааны шинэ байранд Яаралтай тусламжийн төв байгуулж, 145 ор дэлгэж эхэллээ. Энэхүү Яаралтай тусламжийн төвд зайлшгүй эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, ор хүлээж буй иргэдийг хүлээн авч түргэн тусламжийн үйлчилгээг үзүүлэх бөгөөд дүүргийн эмнэлгүүдэд ор гарахаар дараагийн шатлалын эмнэлгүүдэд шилжүүлэн хэвтүүлэх юм" гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top