Зарим аймаг УОК-ын тушаал, шийдвэрийг мөрддөггүй гэв

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 24

Цар тахлын халдвар орон нутаг, аймгуудад ихээр тархаж, зарим аймгийн сумд тэр чигээрээ халдварт өртсөн байдалтай байна.

Тиймээс энэ цаг үед Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан тушаал, шийдвэр, Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэл, зааврыг мөрдөж ажиллаж байгаа эсэхэд ихээхэн анхаарал хандуулах болов.

Жишээ нь Сүхбаатар аймагт Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан тушаал шийдвэрийг дагаж мөрдөөгүй, Эрүүл мэндийн яамнаас өгсөн чиглэл зааврыг дагаагүй улмаас бүх сумдад нь халдвар тарх­сан гэж мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Тиймээс үүнтэй холбогдуулан, зарим аймгууд хамтарсан ажлын хэсэг гарган чиглэл чиглэлд хяналт шалгалт тавин ажиллаж байгааг орон нутгаас мэдээллээ. Тодотговол, аймгийн төвөөс сумд руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлаж байгаа ч иргэд хулгайн замаар явж халдвар тараах, сумаас аймаг руу нууцаар нэвтрэх зэрэг хөдөлгөөнөөс үүдсэн халдвар нийт сумдад тархаад байгаа аж.

Харин өчигдрийн байдлаар Дорноговь, Хэнтий, Дорнод аймгуудад хамтарсан ажлын хэсгүүд байгуулан ажиллаж эхлээд байгаа. Тэгвэл энэхүү ажлын салхийг хагалж Баянхонгор аймагт хяналт шалгалтын ажлыг дуусган дүнгээ танилцуулсан байна.

Тухайлбал, тэд халдвар хамгааллын чиглэлээр гарсан тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг хангах хяналт шалгалтыг аймгийн Онцгой комиссын гишүүд, Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын нийт 50 албан хаагч хамтран долоон чиглэлд хийжээ. Ингэхдээ нийт 341 объектод  шалгалт хийж, 1853 зөрчил илэрснээс 1265 буюу 68.2 хувийг газар дээр нь арилгуулж ажилласан байна. Нэгдсэн хяналт шалгалт хийсэн ажлын хэсгийн зүгээс доорх найман саналыг аймгийн Онцгой комиссын хуралдаанд танилцууллаа.

Нэгдүгээрт, Төрийн байгууллагуудын ажилтан, алба хаагчдын 30 хувь нь ажлын байран дээр, 70 хувийг цахимаар ажиллах нөхцөлийг бүрдүүлж өгөх, байгууллагууд дотоод зохион байгуулалтаа сайжруулах,

Хоёрдугаарт, Төрийн байгууллагууд хөдөлмөрийн эрүүл ахуй хариуцсан ажилтанг томилж, түр тусгаарлах өрөө, цэвэрлэгээ, халдваргүйтгэл, холбогдох бусад асуудалд хяналт тавиулдаг байх,

Гуравдугаарт, Ачаа тээврийн хэрэгслийн ачаа ачиж буулгах нэгдсэн цэгийг өмнөхөөр байгуулах,

Дөрөвдүгээрт, Халдвар хамгааллын шаардлага хангасан жолооч, тээврийн хэрэгсэлд /хот хооронд/ холбогдох дүрэм журмыг үндэслэн аймгийн Онцгой комиссоос зөвшөөрөл олгох,

Тавдугаарт, Зорчигч болон ачаа тээврийн  хэрэгслийн зорчих, ачиж буулгах үйл ажиллагаанд мэргэжлийн хяналтын газраас Авто тээврийн төвтэй  хамтран тогтмол хяналт тавьж ажиллах,

Зургаадугаарт, байгууллагууд дотоод хяналтаа сайжруулж, үүрэг гүйцэтгэж буй эмч, эмнэлгийн ажилчид болон тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын алба хаагчдыг стандартад нийцсэн хамгаалах хувцас хэрэгслээр хангах,

Долоодугаарт, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангахгүй, агааржуулалтын системгүй бар, караоке, ресторан, цайны газар, сүм хийдүүдийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, эрүүл ахуйн нөхцөл шаардлага хангасны дараа мэргэжлийн байгууллагын саналыг үндэслэн нээх эсэхийг аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэх,

Наймдугаарт, “Есөн эрдэнэ”, “Түйн долгио”, “Майхан цахир”, “Дунд зах”-уудын хүнсний, барааны худалдаа эрхлэгч нар нь эрүүл ахуйн тусгай нөхцөл шаардлага хангахгүй, хүний бөөгнөрөл ихээр үүсгэж байгаа тул тус захуудын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоож, эрүүл ахуйн шаардлага хангасны дараа мэргэжлийн байгууллагын санал дүгнэлтийг үндэслэн үйл ажиллагааг нээх зэрэг саналыг дэвшүүлж аймгийн Онцгой комиссын хурлаар хэлэлцүүлсэн байна.

Аймгийн Онцгой комиссоос зөрчил дутагдлыг арилгуулах, ард иргэдийг эрүүл ахуй, халдвар хамгааллын шаардлага хангасан орчинд үйлчилгээ авах нөхцөлийг  бий болгох үүднээс хяналт шалгалтын ажлын хэсгээс гаргасан саналуудыг хэрэгжүүлэхийг дэмжжээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (31.155.244.242) 2021 оны 06 сарын 24

Ajiltai yum shig neg negniiheeree demii teneed ovchin taraana bas

0  |  0
Top