Д.Мөнхсайхан: Хотоос ирсэн иргэдийн гуравны нэг нь халдвартай байна

2021 оны 06 сарын 25

Монгол Улсад өчигдрийн байдлаар 2213 халдвар бүртгэгдэж нийт халдвар 100263 боллоо. Орон нутагт өчигдөр 1024 тохиолдол бүртгэгдэж, нийт халдварын тоо  18238 болов. Үүнээс хамгийн өндөр буюу 154 хүн нэмж бүртгэгдэж Баянхонгор аймагт бүртгэгдсэн халдварын тоо 1562 болжээ. Тус аймгийн Засаг дарга Мөнхсайхантай цаг үеийн талаар ярилцлаа.


-Ковидоор орон нутгийн хэмжээнд халдварын тоогооро хамгийн өндөр нь Баянхонгор аймаг бүртгэгдлээ шүү дээ. Коронавирусний халдварын нөхцөл байдал ямар түвшинд байна вэ?

-Манай аймагт энэ сарын 1-нээс хойш 10 мянган PCR шинжилгээ, 30 мянган түргэвчилсэн тестээр одоогийн байдлаар нийт 40 мянган хүнд шинжилгээ хийсэн. Бид  халдварын тоо их гарахаас болгоомжлохгүй байна. Хөнгөн дээр нь, эртхэн илрүүлж эмчлэхийн төлөө ажиллаж байна. Гурав хоногийн турш хөл хорьж байгаад аймагтаа 72 цаг бүрэн ариутгал хийхээр бэлдэж байна. Ойрын хавьтлын 2700 хүн байгаа бөгөөд 10 мянган эмийн багц гаргаж хүргүүлж байгаа. Эмийн багцад мана4, норов7, аспирин 100, С, Д витаминууд багтсан.

-Хэчнээн хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа вэ, орны хүрэлцээ хэр байна вэ?

-Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 400 орчим хүн бий. Сургуулийн шинэ дотуур байрыг 120 хүний ортой дэлгэж өвчтөнүүдээ хэвтүүлэхээр боллоо.

-Аймгийн хэмжээнд дархлаажуулалт хэдэн хувьтай байна вэ. Халдвар авсан иргэд дархлаажуулалтанд хамрагдсан байв уу, эсвэл?

-Аймгийн хэмжээнд вакцинд хамрагдвал зохих 66 мянган хүн бий. Үүнээс нэгдүгээр тунд 81 хувь, хоёрдугаар тунд 72 хувь нь хамрагдсан. Ер нь ковидын халдвар авсан хүмүүсээс дархлаажуулалтанд хамрагдсан нь хөнгөн өвдөж байгаа бол хамрагдаагүй нь хүнд тусаж байна шүү. Маш хүнд хоёр хүн байгаа. Дөрвөн хүн нас барсан.

-Ярианы сэдвээ жаахан өөрчилье. Аймгийн хэмжээнд энэ жилийн тухайд хэдэн төл хүлээн авав, төл малын хорогдол хэр байв?

-2019-2020 онд манай аймаг байгалийн гамшиг, цаг уур тун таагүй байсан бөгөөд гамшгийн зэрэг өндөр гарч байсан. Тэр ч утгаараа энэ жилийн өвөлжилт, хаваржилт хүн байлаа. Аймгийн хэмжээнд 120 мянган төл хүлээн авсан. 560 мянган төл мал хорогдолтой байлаа. Эх малын жилбэ тааруу, тарга тэвээрэг муу, цаг агаарын хүндрэл бэрхшээлээс болж төл малын хорогдол их гарсан.

-Зуншлага ямар байна вэ, хур бороо орж байна уу?

-Зуншлага арай дээрдэж байна. 14 хоногийн өмнө бороо орсон. Хур бороо зурвас зурвасхан хэсгээр л зүсрээд өнгөрч байна. Урдуурх говийн сумд гандуу, хойгуур хангай сумд сэрүүхэн байна. Үүл буудаж бороо оруулах ажлыг гүйцэтгэж энэ сарын 20-нд үүл буудсан.

-Тариалалтын байдал үндсэндээ дууссан байх, аймгийн хэмжээнд хэдэн га-д тариалалт хийгдсэн бэ?

-Тэжээлийн ургамал 60 га-д, хүнсний ногоо 30 га-д тариалсан. Бизнесийн зориулалтаар голчлон тариалдаг даа.

-Аймагт бүтээн бай­гуулалтын ямар, ямар ажил өрнөж байна вэ?

-Аймгийн хэмжээнд шинэ бүтээн байгуулалт өнгөрсөн онд эхэлсэн тав, зургаадугаар дунд сургууль ирэх намар есдүгээр сарын 1 гэхэд ашиглалтад оропчихно гэж үзэж байна.  Шинэ сум төслийн хүрээнд Эрдэнэцогт, Галуут сумдад цэвэр, бохир усны  дэд бүтэц сайжруулах, зам харгуй тавих, зүлэг ногоо тарих зэрэг ажлыг аймаг өөрийн хөрөнгө оруулалтаар барьж байна.

Аймгийн төвд өөрийн хөрөнгөөр мод зүлэг тарих, шороон талбайд ногоон байгууламж барих, худаг ус гаргах ажил хийж байна. Манай аймаг 87 мянган хүн амтай, Баянхонгор сумдаа 33 мянган хүн ам суурьшдаг. Аймгийн төвөө тоос шороогүй, цэвэр цэмцгэр жишиг хот болгох гэж хичээж байна даа.

-Аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн эмнэлэг болон Онцгой байдлын газрын хүн хүч, тоног төхөөрөмж, хэрэглээний бүтээгдэхүүний хүрэлцээ хэр байна вэ?

-Хангалттай байгаа. Саяхан татан авалтаа хийсэн. Бид өөрсдийнхөө нөөц боломжийг ашиглаад нэг тэрбум төгрөгийн зардал гаргажээ. Хандиваар 200 орчим сая төгрөг  цугларсан. Ер нь нөхцөл байдал аүндрэхээс сэргийлж аймаг орон нутагт санхүүгийн дэмжлэг маш чухал байна.

-Аймаг руу орох, гарах постоор өдөрт хэчнээн хүн зорчиж байна вэ?

-Өмнө нь Улаанбаатараас Баянхонгор аймаг руу өдөрт 600 хүн орж ирж байсан бол хөл хориог чангатгаснаар өдөрт 100 хүн орж ирж байна. Нийслэлээс аймаг руу орж ирж байгаа иргэдийн гуравны нэг хувь нь эерэг буюу халдвартай гарч байна. Бид ирж байгаа бүх хүмүүст түргэвчилсэн тестээр шинжилгээ авч байгаа. Хотод сөрөг гарсан гээд бичгээ үзүүлээд ирдэг боловч постон дээр шинжлүүлэхээр эерэг гарч байна шүү. Тиймээс иргэд маш болгоомжтой, халдвар хамгааллаа чанд сахих хэрэгтэй байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top