Ц.Төрхүү: Нийслэлчүүд 2024 оноос Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэртэй болж, саарал усыг хэрэглэж эхэлнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 08 сарын 19

Монгол Улсын Засгийн газраас шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Нийт 17.6 га газарт баригдах шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалт, барилга угсралтын ажил 30 гаруй хувьтай үргэлжилж байна.

Тэгвэл шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажилтай зэрэгцэн Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг барьж эхлэхээр төлөвлөөд байгаа юм. Сонгино уулын бэлд баригдах тус үйлдвэрийн шав тавих ёслол маргааш /2021.08.20/ болно. Харин үйлдвэрийг 2024 онд ашиглалтад хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ. 

Өнгөрсөн мягмар /2021.08.17/ гарагт Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү нарын албаны хүмүүс шинэ цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтын ажилтай танилцсан.

Энэ үеэр Хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэр барих болон саарал усыг хэрэглээнд хэрхэн нэвтрүүлэх асуудалд Ус сувгийн удирдах газрын дарга Ц.Төрхүү "Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг шинэ цэвэрлэх байгууламжтай уялдуулж барих ёстой. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр АНУ-ын Мянганы сорилтын корпорацын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Төв цэвэрлэх байгууламжийн дэргэд баригдах юм. Шинэ төв цэвэрлэх байгууламжаас цэвэрлэгдэн гарах уснаас хоногт 50 мянган шоо метрийг авч дахин боловсруулна. Дахин боловсруулж цэвэрлэсэн усыг эхний ээлжид III, IV цахилгаан станцад нийлүүлнэ. Одоо бол тус хоёр станц хөргүүртээ цэвэр ус ашиглаж байгаа.

Саарал усыг ундны уснаас бусад бүх зүйлд ашиглах боломжтой юм. Бид 2016, 2017, 2018 онд цэвэрлэх байгууламжийн хур лагийг цэвэрлэсэн. Одоо бараг үнэртэхгүй болчихсон. Дараагийн асуудал бол шинэ цэвэрлэх байгууламжийн асуудал яригдаж байна. Барилга, хот байгуулалтын сайд газар дээр нь ажиллаж, үүрэг чиглэл өглөө. Тэр чиглэл, үүргийн дагуу ажиллана. Хуучин цэвэрлэх байгууламж 60 гаруй жил болчихсон. Орос технологиор барьсан, хүчин чадал нь хоногт 160-170 мянган шоо метр усыг цэвэрлэдэг. Өнөөдөр Улаанбаатар хот 1.2 сая хүн амтай. Хүн ам ихэссэн, хөрсний ус элбэг байна. 197.200 шоо метр ус ирж байна. Тиймээс зайлшгүй шинэ цэвэрлэх байгууламж шаардлагатай. Барилга угсралтын ажил 30 орчим хувьтай явна. Цэвэрлэх байгууламж ашиглалтад орсон ч хуучин цэвэрлэх байгууламжаа хамт ажиллуулах юм. Ингэснээр хоногт 410 мянган шоо метр усыг цэвэрлэх боломжтой болно” хэмээн ярьж байна.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ! 

Дээрх асуудлаар түүнтэй товчхон ярилцлаа. 

-Манай улсын цэвэр усны нөөц хомсдож, саарал усыг ашиглах шаардлага үүссэн гэдгийг албаныхан хэлж байна. Монгол Улс анх удаа хаягдал усыг дахин боловсруулах үйлдвэртэй болохоор ажиллаж байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ус сувгийн удирдах газарт Мянганы сорилтын сангаас баруун эх үүсвэрийн усыг дахин боловсруулах, дахин сэргээж саарал усыг ямарваа нэгэн хэлбэрээр ашиглах үйлдвэрийн зураг төслийг хүлээлгэж өглөө.

Энэхүү үйлдвэр нь Монгол Улсад Мянганы сорилтын сангийн хүрээнд хийгдэж байгаа 350 сая ам.долларын буцалтгүй тусламжаар барих үйлдвэр юм. Сонгино уулын бэлд баригдана. Энэ наймдугаар сарын 20-нд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, нээлтээ хийнэ.

-Улаанбаатар хотын хэмжээнд өдөрт хэчнээн м.куб бохир усыг цэвэршүүлэг юм бэ. Саарал усны үйлдвэрийг барьснаар тэр тоо хэд дахин өсөх вэ?

-Хоногт 160-170 мянган м.куб усыг Төв цэвэрлэх байгууламжаараа дамжуулж цэвэрлэж, стандартын шаардлага хангасан усыг байгальд нийлүүлдэг. Сүүлийн үед Төв цэвэрлэх байгууламжийн ачаалал их болсон. Хоногт 180 мянган м.куб хүрээд байна. Усыг дахин цэвэрлэх үйлдвэр маань хоногт 180 мянган м.куб усыг хүлээж авч, цэвэрлэн дахин ашиглах боломжтой болж байгаа юм.

Өөрөөр хэлбэл, Төв цэвэрлэх байгууламжаас гарсан бүх усыг хүлээн авч хүн амын ундны усанд хэрэглэхээс бусад бүх зүйлд хэрэглэх боломжтой болж байгаа юм.Хамгийн анх баригдах үйлдвэр болохоор эхний ээлжид 30 мянган м.куб ус, дараа нь 70 мянган м.куб ус гэх зэргээр нэмэгдүүлнэ.

Эхний ээлжид Улаанбаатар хотын III, IV цахилгаан станцын хөргүүр дээр ашиглана. Тэнд гүний цэвэр, цэнгэг усыг ашигладаг. Улаанбаатар хотын гүний цэнгэг усны нөөцийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Цаашлаад зүлэг ногоо, машин тэргээ угаадаг усыг саарал усаар хангаж эхэлнэ. Энэхүү үйлдвэр маань 2024 онд баригдаж дуусах юм.

-Саарал усны эрэлт хэрэгцээ зайлшгүй бий болох ёстой нь харагдаж байна. Саарал усыг ашиглахгүй бол цэвэр усны хомсдол бий болоход ойрхон байна л даа?

-Хэрэгцээ өндөр байна. Бид ирээдүйгээсээ хулгайлж  цэвэр усаа бүх зүйлд хэрэглэж байна. Цэвэр усыг хайрлахгүйгээр шууд хэрэглээндээ хэрэглэж байна. Иймэрхүү зүйлийг 2024 оноос хална, байхгүй болгоно. Үйлдвэрийн зураг төслийг 2018 оноос эхэлж хийж эхэлсэн,

Маш олон хүний гар оролцсон. Шилдэг гэсэн эрдэмтэд хурдтай ажилласны хүрээнд бидэнд бичиг баримтыг нь хүлээлгэн өгч байна. Дэлхийн стандартыг барьж, усныхаа хэрэглээг авч явахгүй бол болохгүй. Зураг төслийн хүрээн манайх эхнээс нь дуустал хяналтаа тавьж ажиллах болно. 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Top