Температур хэрхэн мэдрэхүй болж хувирдгийг тайлсан эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 05

Нобелийн хороо физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эздийг тодрууллаа. Нэр хүндтэй шагналыг энэ жил температур эсвэл хүртэхүй хэрхэн хүний мэдрэхүй болж хувирдгийг нээсэн Дэвид Жулиус, Ардем Патипутян нар хүртлээ.

Энэ жилийн физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагнал хүртэгсэд температур эсвэл механик хүч мэдрэлийн өдөөгчийг үүсгэж, хүнийг хэрхэн ертөнцийг ухамсарлах, дасан зохицох чадвартай болгодог тухай ойлголтыг бидэнд өгсөн гэж Нобелийн хороо онцолжээ. Энэ технологийг анагаах ухаанаас авахуулаад виртуал орон зай болон робот бүтээх зэрэг янз бүрийн салбарт ашиглах боломжтой гэж Нобелийн ассамблейн гишүүн, профессор Жулин Зират мэдэгдээд энэ нээлт бидэнд шинэ үүдийг нээж, асуудлыг шинээр харах боломж олголоо гэж тайлбарласан байна.

Байгалийн нууцыг тайлсан нь  

Та хөл нүцгэн шүүдэр буусан өвсөн дээгүүр алхаж байна гэж төсөөл. Та шүүдэр бууж, сэрүүхэн байгааг яаж мэдэв?

Бид мэдрэхүйн эрхтэндээ хэт их итгэж сурсан тул эдгээр эрхтэн хэрхэн ажилладаг тухай боддоггүй. Бид нүдээ аниад хүйтэн зүйлсийг халуунаас, хатууг зөөлнөөс төвөггүй ялгадаг. Тэгвэл энэ мэдрэмж ямар механизм дээр суурилдаг болохыг шинжлэх ухаан олон мянган жилийн турш тайлбарлаж чадаагүй. XVII зуунд Францын гүн ухаантан Рене Дакарт галд хүрснээр бид түлэгдэлт, өвдөлтийг мэдэрдэг тул энэ мэдрэмж ямар нэгэн байдлаар холбогдох дохио явуулдаг тархитай холбоотой байх ёстой гэсэн таамаг дэвшүүлж байжээ. XIX зууны сүүлээр аливаа өдөөгчид хариу үйлдэл үзүүлдэг мэдрэлийн цэгүүдийг нээсэн. Гэхдээ хэрхэн үйл явц явдаг нь нууц хэвээр үлджээ. 1906 онд Камилло Голжи, Сантьяго Рамон-и-Кахал нар мэдрэлийн тогтолцооны бүтцийг тодорхойлсноор Нобелийн шагнал хүртэж байсан бол 1932 онд энэ шагналыг мэдрэлийн эсийн үйл ажиллагаа, тэр дундаа соматосенсор буюу махбодоор мэдрэх чадвартай холбоотой нээлт хийсэн Чарлз Шеррингтон, Эдгар Эдриан нар хүртэж байжээ. 1944 онд буюу үүнээс хойш 12 жилийн дараа мэдрэлийн судал дангаараа гүйцэтгэдэг янз бүрийн үйлдэлийг тодорхойлсон Жозеф Эрлангер, Херберт Спенсер Гассер нарт Нобелийн шагнал олгож байсан түүхтэй.

Дэвид Жулиус халуун ногоотой хоол халуун хоолны нэгэн адил хариу урвалыг бие организмд үзүүлдэг болохыг анзаарч, төрөл бүрийн чинжүүний  алкалоид капсаицин /ам дарвиганах мэдрэмж төрүүлдэг/ гэх бодис өндөр температурын нэгэн адил хүний ДНХ-ийн тодорхой хэсгийг идэвхжүүлдэг гэсэн таамаг дэвшүүлсэн байна. Олон мянган хувилбарыг судалсны дүнд эрдэмтэн эл хариу урвалыг бий болгодог “TRPV1” хэмээх уургийг нээжээ. Үүний дараа өндөр температурт хариу үйлдэл үзүүлдэг “TRPV2” уургийг мөн тогтоосон байна.

Харин хүйтэнд хариу үйлдэл үзүүлдэг уургийг Дэвид Жулиус, Ардем Патипутян нар 2002 онд бараг зэрэг нээжээ. Ингэснээр эрдэмтэд бие махбодоор мэдрэх тогтолцоо зөвхөн температур төдийгүй өвдөлт, өөрийн биеийн хөдөлгөөнийг хэрхэн мэдэрдэг болохыг нээсэн байна. Тиймээс ч Нобелийн хорооны шийдвэрт “2021 оны Физиологи, анагаах ухааны салбарын Нобелийн шагналын эзэд бидний хүрээлэн буй ертөнцийг ухамсарлах, тайлбарлах чадвар болон дотоод мэдрэмжийг молекулын түвшинд тайлбарлан, байгалийн нэгэн оньсыг тайлсан” гэж дурджээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
wow(103.212.119.141) 2021 оны 10 сарын 07

pooh hiimel es gesen ug baina,tegeheer robotuud hurtel hair segel sex hiideg bolno gesen ug,

0  |  1
Top