Дэлхийн уур амьсгалыг загварчилсан эрдэмтэд Нобелийн шагнал хүртлээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 10 сарын 06

Нобелийн хороо 2021 оны физикийн салбарын Нобелийн шагналыг эрдэмтэн Сюкүро Манабэ, Клаус Хассельман, Жиоржио Паризи нарт хүртээжээ.

1901 онд анхны физикийн салбарын Нобелийн шагналыг гардуулж эхэлснээс хойш нийт 218 эрдэмтэн хүртээд байна. АНУ-ын физикч Жон Бардин энэхүү шагналыг 1956 болон 1972 онд гардаж, Нобелийн хошой шагналтан болж байв.

АНУ-ын уур амьсгал судлаач Сюкүро Манабэ, Германы далай, ус цаг уур судлаач, физикч Клаус Хассельман нар Дэлхийн уур амьсгалын физик загварчлалыг бүтээж, дэлхийн дулаарлын найдвартай урьдчилсан таамаглал, үнэлгээ гаргасны төлөө энэхүү нэр хүндтэй шагналыг хүртсэн бол Италийн онолын физикч Жиоржио Паризи атомаас гараг хүртэлх физикийн тогтолцоон дахь эмх замбараагүй байдал, хэлбэлзлийн харилцан уялдааг нээсний төлөө Нобелийн шагналын эзэн болжээ.

Мэргэжилтнүүд манай гарагийн уур амьсгал зэрэг физикийн нарийн тогтолцооны шинж байдлыг урт хугацаанд урьдчилан таамаглах туйлын хүнд гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Гэсэн хэдий ч чулуужсан түлшний шаталтын үр дагаврыг урьдчилан таамаглах чадвартай компьютерын загварууд уур амьсгалын өөрчлөлтийг ойлгоход шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ гэж Нобелийн хороо үзжээ.

Энэ жилийн физикийн салбарын Нобелийн шагнал хүртэгсэд хэзээ ч хамтарч ажиллаж байгаагүй. Түүгээр ч үл барам тэдний судалгаанууд физикийн шинжлэх ухааны тэс өөр салбаруудад хамаарах тул Нобелийн шагналын эздийг тодруулах ажиллагааны үеэр сэтгүүлчид тэдний бүтээлийг юу нэгтгэж буй талаар дахин дахин лавлаж байжээ.

Эрдэмтэд хоёр зууны туршид физикийн нарийн тогтолцоог тайлбарлахаар оролдож байна. Үүнийг тоон хэлээр тодорхойлоход туйлын хүнд. Учир нь аливаа нарийн системд “тохиолдол” асар их үүрэг гүйцэтгэдэг байна. Аливаа үйлдэл нарийн системтэй харилцан үйлчлэхдээ тэс өөр үр дүн өгдөг тул асар их хэмжээний өгөгдлийг тооцоолох шаардлага гардаг байна.

Жиоржио Паризи 40 орчим жилийн өмнө анх харахад туйлын санамсаргүй мэт хүчин зүйлс өөр хоорондоо холбоотой байдаг төдийгүй тодорхой дүрэмд захирагддаг болохыг нотолжээ. Түүний судалгаанууд бүхий л үл мэдэх хувьсагчдыг нэг хүчин зүйл дор нэгтгэдэг бөгөөд тодорхойгүй байдал урьдчилсан таамгийг илүү бодит болгодог байна. Үүн дээр үндэслэн эрдэмтэд манай гараг дээр болж буй уур амьсгалын өөрчлөлтийн загварыг илүү нарийвчлан гаргах боломжтой болжээ. Хүний үйл ажиллагааны улмаас манай гараг дээрх дулаан солилцооны механизм тэнцвэрээ алдаж, өдгөө хуурай газрын ихэнх хэсгийг цөл болгохоор заналхийлж байна.

1960-аад оноос эхлэн уур амьсгалын физик загварчлалыг гаргахаар ажиллаж буй Сюкүро Манабэ нь агаар мандал дахь нүүрстөрөгчийн давхар ислийн агууламж нэмэгдсэнээр газрын гадаргуу дээрх агаарын температур өсөхөд хүргэдгийг бодитоор үзүүлжээ. Харин Германы эрдэмтэн Клаус Хассельман 1970-аад онд цаг агаарын байдлыг уур амьсгалтай холбосон компьютерын загварыг анх бүтээж байжээ. Түүний судалгаа цаг агаар байнга өөрчлөгддөг хэдий ч урт хугацааны уур амьсгалын загварчлалд юуны учир бүрэн итгэж болох асуултад хариулах боломжийг нээжээ. Профессор Паризигийн хийсэн нээлтийн хувьд олон тооны янз бүрийн хоорондоо холбоогүй юмс, үзэгдлийг, тэр дундаа бичил түвшний нарийн системийг ойлгох, тодорхойлох боломж нээсэн гэж Нобелийн хороо онцолжээ.

Эдгээр нээлтийг зөвхөн физикийн шинжлэх ухаанд төдийгүй математик, биологиос авахуулаад неврологи, машин сургалт /хиймэл оюун ухааны салбар/ зэрэг олон салбарт хэрэглэх боломжтой аж.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top