Ихэр хүүхэдтэй эхчүүдийн ТЭТГЭМЖИЙГ НЭМЭХ хууль өргөн барилаа

2021 оны 10 сарын 15

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулиудын төслийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.10.15) өргөн барилаа.


1. Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Нийгмийн даатгалын тухай хууль анх 1994 онд батлагдсан бөгөөд үүнээс хойш 26 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Өнөөгийн байдлаар Монгол Улсын ажиллах хүчний 80 орчим хувь нь нийгмийн даатгалд даатгуулж, жилд дунджаар давхардсан тоогоор 700 мянга орчим хүнд нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, нөхөн төлбөр олгож байна.

Гэсэн ч нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, хуваарилалтын тогтолцооноос хагас хуримтлалын тогтолцоонд шилжих, даатгалын сангийн ирээдүйн алдагдлыг бууруулах, нэрийн дансны хийсвэр бүртгэлийг мөнгөжүүлэх зорилгоор тэтгэврийн даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх шаардлага үүсчээ.

Түүнчлэн зарим салбарын хууль тогтоомжоор нийгмийн даатгалын шимтгэл төлөх, тэтгэвэр тогтоох харилцааг зохицуулсан нь хуулийн хийдэл үүсэж байна.

Сүүлийн жилүүдэд нийгмийн даатгалын чиглэлээр авч хэрэгжүүлж буй зарим бодлого, үйл ажиллагаа болон ирээдүйд хүн амын насжилтаас хамаарч нийгмийн даатгалын сангийн зардал өсөж, тэтгэврийн даатгалын сангийн алдагдал нэмэгдэхээр байгаа тул нийгмийн даатгалын сангуудын санхүүгийн тогтвортой, бие даасан байдлыг хангасан сангийн зөв менежментийг хэрэгжүүлэх шаардлага тавигдаж байгаа юм.

Нийгмийн даатгалын харилцааг зөвхөн нийгмийн даатгалын хуулиар зохицуулах, нийгмийн даатгалын сангийн тогтвортой байдлыг бүрдүүлэх, нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлгүй, үр өгөөжтэй удирдах, даатгалын сангийн бодит хуримтлалыг эхлүүлэх зэрэг тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулжээ.

2. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг УИХ-аас 1994 онд баталснаас хойш тэтгэврийн даатгалын хамрах хүрээг өргөтгөх, тэтгэврийн сангийн чадавхийг бэхжүүлэх, шимтгэл ногдуулах болон тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлсний дээд хэмжээг тодорхойлох, тэтгэвэр тогтооход баримталсан цалин хөлсний дундаж хэмжээг тэтгэвэр авагчийн хүсэлтээр нэг удаа өөрчлөх боломжийг олгох, тэтгэвэр бодох жишиг цалинг тогтоох, үнэ ханшны өсөлт, амьжиргааны өртөгтэй уялдуулан тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, эхчүүдийн хүүхдээ асрах чөлөөтэй байгаа хугацааны шимтгэл төлөх харилцааг зохицуулах зэрэг олон арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байна.

УИХ-аас нийгмийн даатгалын хууль эрх зүйн хүрээнд ажил олгогч болон даатгуулагчийн төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 2018 оноос үе шаттайгаар нэмэгдүүлж 19.0 хувьд хүргэх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг 2018 оноос жил бүр 3 сараар нэмэгдүүлж, 2037 онд эрэгтэйчүүд, 2057 онд эмэгтэйчүүдийн өндөр насны тэтгэвэрт гарах насыг тус тус 65 насанд хүргэх, хүүхэд төрүүлж, өсгөсөн эхийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэд бүрийн тоогоор нэг жил зургаан сараар нэмэгдүүлж тооцохоор хуульчилсан. Мөн өөрийн хүсэлтээр эрэгтэй 60, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацааг 2038 он хүртэл жил бүр 3 сараар нэмэгдүүлэх, малчны өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг 5 жилээр наашлуулах, тэтгэвэр тогтооход баримтлах хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дараалсан хугацааг 7 жил болгон өөрчилж, дундаж цалингийн хэмжээг мөн хугацааны цалин хөлсний нийт дүнг 84 сард хувааж тооцох зэрэг зохицуулалтуудыг тусгасан билээ.

Ийнхүү тэтгэврийн параметрийн өөрчлөлтүүд хийж байгаа ч хүн амын насжилт, тэтгэвэр авагчдын тооны өсөлт нь тэтгэврийн даатгалын сангийн зардал, улсын төсвийн ачааллыг нэмэгдүүлж, цаашид үүсэх асуудлуудыг нэг мөр шийдвэрлэж чадахгүйд хүргээд байгаа аж.

УИХ-аас 2015 онд баталсан “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого”-д олон давхаргат тэтгэврийн тогтолцоог бүрдүүлэх, тэтгэврийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүссэн ахмад настан бүрд суурь тэтгэвэр олгох, эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд иргэн бүр сайн дурын үндсэн дээр хувийн тэтгэврийн нэмэлт даатгалд даатгуулж, нэмэгдэл тэтгэвэр авах талаар дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх шаардлагад үндэслэн энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

3. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг мөрдөж эхэлснээс хойш 25 жилийн хугацаанд тэтгэвэр, тэтгэмжийг тогтоох, олгохтой холбогдсон асуудлаар 20 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Түүнчлэн Нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийн тухай хуульд 3 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.

Эдгээр нэмэлт, өөрчлөлтөөр тэтгэмжтэй холбоотой тулгамдсан асуудлыг тухай бүр шийдвэрлэсэн боловч нийгмийн даатгалын сангийн тогтвортой, бие даасан байдлыг урт хугацаанд хангах, тэтгэмж болон ажилгүйдлийн даатгалын сангаас олгож буй тэтгэмжийн хэмжээ, хугацааг өөрчлөх, нөхцөл, шалгуурыг даатгуулагчид ээлтэй байдлаар уян хатан болгох зэрэг асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм.

Энэ хуулийн зорилт нь тэтгэмжийн болон ажилгүйдлийн даатгалын сангаас даатгуулагчид олгох тэтгэмжийн төрөл, хэмжээ, эрх үүсэх нөхцөл, хугацааг тодорхойлох, ажлын байрыг тогтвортой хадгалсан, нэмэгдүүлсэн ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад чиглэжээ.

Хуулийн төсөлд тэтгэмжийн даатгалын сангаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны, нас барсан даатгуулагчийн гэр бүлийн гишүүнд тэтгэмж олгохоор, харин ажилгүйдлийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж, ажил олгогчид шимтгэлийн хөнгөлөлт үзүүлэхээр тусгасан байна.

Мөн бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн болон эрхтэний донор болсон даатгуулагчид хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж олгох хугацааны нэг удаагийн дээд хязгаар нь ажлын 132 өдрөөс (одоогийн хуулиар 66 хоног) хэтрэхгүй байхаар хоногийг нэмэгдүүлжээ.

Нэг болон ихэр хүүхэд төрүүлсэн эхийн амаржсаны тэтгэмжийг адил хугацаагаар бодож байгааг өөрчлөн ихэр хүүхэд төрүүлсэн эхчүүдэд 20 хоног нэмэгдүүлэн тэтгэмж олгохоор зохицуулсан байна.

Хуулийн төсөл батлагдсанаар даатгуулагчийн авах тэтгэмжийн хэмжээ нэмэгдэж, даатгуулах сэдэл, хүсэл, сонирхол өсөж даатгуулагчийн нийгмийн баталгааг хангахад эерэг нөлөө үзүүлэх, хуулиудын уялдаа холбоо сайжирч, иргэд, даатгуулагч, ажил олгогч болон нийгмийн даатгалын байгууллага хууль тогтоомжийг нэг мөр хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх, даатгуулагчийн амьдралын  баталгаа сайжирч, ажил олгогчийн санхүү, төлбөрийн чадавхид эергээр нөлөөлнө гэж хууль санаачлагч үзжээ.

4. Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл

Энэ хуулийг анх 1994 онд баталснаас хойш шимтгэл төлөх, зардал гаргах, урьдчилан сэргийлэх хүрээнд нийт 4 удаа нэмэлт, өөрчлөлт оржээ. Гэвч үйлдвэрлэлийн ослыг бүртгэх, хяналт тавих, осолд өртсөн болон мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид эрүүл мэндийн нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлэх замаар ажиллах боломж, чадварыг сайжруулах, хөдөлмөрийн зах зээлд эгүүлэн оруулах, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны менежментийг боловсронгуй болгох, мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх зэрэг тулгамдсан асуудлууд үүссэнтэй холбогдуулан энэхүү хуулийн төслийг санаачилжээ.

Төсөлд үйлдвэрлэлийн ослын улмаас учирсан хохирлыг арилгах, хэвийн үйл ажиллагааг сэргээх зорилгоор сул зогссон хугацаанд, хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр тогтоолгосон ажилтнаа тохирсон ажлын байраар хангасан тохиолдолд үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалын шимтгэлийн чөлөөлөлт үзүүлэхээр, урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлын төлбөрийг нэмэгдүүлэх зорилгоор даатгалын сангийн тухайн жилийн шимтгэлийн орлогын 2 хувиас ихгүй байхаар тусгажээ.

Хөдөлмөрийн чадвараа алдсан тэтгэвэр авагчид протез, ортопедийн жишиг үнийг баримтлан 5 жилд 1 удаа 100 хувиар, дараагийн удаа 50 хувиар тооцон даатгалын сангаас хариуцаж байсныг 3 жил тутамд 100 хувь хариуцахаар зохицуулсан байна. 

Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлсэн, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулсан ажил олгогчид 3 жилд 10 хувийн шимтгэлийн хөнгөлөлт үзүүлдэг байсныг 15 хувь болгож нэмжээ.

Мөн даатгуулагч тэтгэвэр, тэтгэмж авах өргөдлөө цахимаар өгөх, үйлчилгээг түргэн шуурхай болгох харилцааг төсөлд тусгасан байна.

5. Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл

Монгол Улс тэтгэврийн нэг давхаргат тогтолцоотой, тэтгэврийн санхүүжилтийн арга нь хуваарилалтын (pay go) хэлбэртэй. Нийгмийн даатгалын сангаас болон цэргийн тэтгэвэр авагчдын тоо жил бүр өсч, 2020 оны жилийн эцсийн байдлаар 441.5 мянгад хүрсний 332.9 мянга нь өндөр насны тэтгэвэр авагч байна.

Хүн амын насжилт, нийт хүн амд эзлэх ахмад настны хувийн жингийн өсөлттэй холбоотойгоор тэтгэврийн даатгалын сангийн зардал орлогоос давж, сангийн алдагдал хурдацтайгаар нэмэгдэж байна. Нэг давхаргат тэтгэврийн тогтолцоо, санхүүжилтийн хуваарилалтын арга нь даатгуулагчийн нийгмийн хамгааллын үндсэн баталгааг дангаараа хангахад хүндрэл учруулж байгаа аж.

Монгол Улсад ажиллагсдын дундаж цалингийн хэмжээ 2020 оны жилийн эцсийн байдлаар 1.220.6 мянган төгрөг, өндөр насны бүрэн тэтгэврийн дундаж хэмжээ 435.4 мянга байгаа нь дундаж цалингийн 35.6 хувь болж байна. 

Хэдийгээр манай улсын тэтгэврийн хуульд зааснаар даатгуулагч 20 ба түүнээс дээш жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бол дундаж цалингийн 45 хувиар тооцож байгаа хэдий ч дундаж тэтгэвэр ба дундаж цалингийн харьцаа нь олон улсын конвенцод заасан хувиас бага байгаа юм.

Иймд даатгуулагчид нэмэлт тэтгэвэр авах боломжийг хуулиар олгох, ирээдүйд авах тэтгэврийн хэмжээг өсгөх, олон эх үүсвэрээс тэтгэвэр авах боломжийг бий болгох, хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсруулсан байна.

Манай улсад хувийн нэмэлт тэтгэврийн харилцааг зохицуулсан хууль эрх зүйн орчин бүрдээгүй ч зарим байгууллагууд өөрсдийн ажиллагчдыг хамруулсан хувийн тэтгэврийн сангуудыг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж байна. Гэвч тухайлсан хуулийн зохицуулалтгүй байгаа нь хувийн тэтгэврийн санд хамрагдсан 14.0 мянга гаруй даатгуулагчийн эрх ашиг зөрчигдөх, тухайн сан дампуурах тохиолдолд хэрхэх, эрсдэлд орохоос яаж сэргийлэх арга замууд тодорхойгүй байгаа юм.

Дээр дурдсан практик шаардлага, олон улсын туршлагад үндэслэн ахмад настны нийгмийн баталгааг улсын нийгмийн даатгалын сангаас олгож байгаа тэтгэврээр хангахаас гадна даатгуулагчийг хөдөлмөрлөж, цалин орлоготой байх үедээ нэмэлт тэтгэврийн даатгалд даатгуулж, ирээдүйд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төслийг боловсруулсан байна.

Хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог бий болгох хууль эрх зүйн орчин шинээр бүрдсэнээр тогтвортой ажил хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх; хувийн нэмэлт тэтгэвэрт хамрагдсан иргэдийн эрх ашиг хамгаалагдах, хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, ахмад настнууд олон эх үүсвэрээс тэтгэвэр авах, орлогын эх үүсвэр нэмэгдэх; хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх урт хугацааны сан бий болох; ажил олгогчоос ажилтныхаа хувийн нэмэлт тэтгэвэрт төлсөн шимтгэлийн хэмжээнд татварын чөлөөлөлт үзүүлснээр ажиллагчдынхаа нийгмийн баталгааг хангах зорилгоор хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоонд хамрагдах сонирхлыг нэмэгдүүлэх зэрэг эерэг өөрчлөлт бий болно гэж үзэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top