Италийн Ром хотноо аравдугаар сарын 30-31-нд болсон дэлхийн тэргүүлэгч хорин улсын “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын дүнгээр төгсгөлийн тунхаг гаргав.
Баримт бичигт “Их 20” хүлэмжийн хийн ялгарлыг энэ зууны дунд үе гэхэд тэглэх шаардлага буйг хүлээн зөвшөөрч, дэлхийн дулаарлыг 1.50 С түвшинд барих арга хэмжээ авахыг уриалжээ.
Түүнчлэн, талууд биологийн олон янз байдлыг хадгалж үлдэхэд чиглэсэн алхмуудыг эрчимжүүлэх тохиролцоонд хүрч, байгаль орчны эсрэг үйлдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх шаардлагатайг онцолсон байна.
“Их 20” эдийн засагт нөлөөлж буй сорилтуудыг хамтран даван туулах, тэр дундаа нийлүүлэлтийн сүлжээний хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр арга хэмжээ авахаар болжээ. Цар тахлаас үүдэлтэй хямралд орсон дэд бүтцийн салбарт чанартай хөрөнгө оруулалт шийдвэрлэх үүрэгтэй болохыг талууд онцлоод Дэлхийн дэд бүтцийн зангилаа (Global Infrastructure Hub) төвийн эрхийг 2024 оны сүүлч хүртэл сунгахаар тохирчээ.
“Их 20” бүлгийн удирдагчид нээлттэй, шударга тоон эдийн засгийг бий болгоход чиглэсэн төрийн бодлого чухал болохыг онцлоод тоон эдийн засагт жижиг, дунд үйлдвэрүүдийг татан оролцуулах, хүн амын компьютерын мэдлэгийг хөгжүүлэх, тоон орчин дахь эдийн засгийн харилцааг стандартжуулах шаардлага буйг хүлээн зөвшөөрөв.
Тоон шинэчлэл нь цар тахлаас үүдэлтэй хямралын дараах сэргээн босголтын үйл явцыг түргэтгэхэд чухал үүрэгтэй болохыг талууд онцолжээ.
Тэгш бус байдлыг бууруулах, ядуурлыг устгахын тулд нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, зайнаас ажил эрхэлж буй хүмүүсийн ажлын таатай нөхцөлийг хангах, ажлын шинэ хэлбэрт тохирсон хэм хэмжээ, эрх зүйн үндсийг бий болгох заалтууд тус баримт бичигт мөн тусжээ.
“Их 20” үндэстэн дамнасан корпорацуудын ашигт ногдуулах албан татварын доод хэмжээг 15 хувь байхаар тогтов.
Тус бүлгийн улс орнууд интернет дэх мэдээллийг чөлөөтэй дамжуулах нь чухал болохыг тэмдэглээд тоон орчин дахь аюулгүй байдлыг нэмэгдүүлэх үүрэг хүлээжээ.
“Их 20” бүлгийн удирдагчид соёлын өвийг хамгаалахыг уриаллаа.
Талууд эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, ДОХ, сүрьеэ, хумхаатай тэмцэхэд чиглэсэн санаачилгуудыг дэмжих, эрүүл мэндтэй холбоотой инновац, тоон болон бусад технологийг хөгжүүлэх, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай нийгмийн эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг шинэчлэн, бэхжүүлэх, ДЭМБ-ын дэргэд академи нээх санаачилгыг дэмжихээ илэрхийлэв.
“Их 20” бүлэг хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, өлсгөлөнтэй тэмцэх, хөдөө аж ахуйн салбарын инновацыг дэмжихээ илэрхийлж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санаачилсан Хүнсний эвсэлд нэгдэхийг уриалав. Тогтвортой хүнсний тогтолцоог бий болгосноор хүнсний аюулгүй байдлыг хангаад зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэл, биологийн олон янз байдлыг хадгалахад хувь нэмэр оруулна гэж талууд үзжээ.
“Их 20” бүлэг 2025 он хүртэлх хугацаанд хөгжиж буй орнуудад уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд нь зориулж жил бүр 100 тэрбум ам.долларын тусламж үзүүлж байхыг уриалав.
Талууд стейблкоиныг зөвхөн эрх зүйн орчны бүхий л асуудлыг зохицуулсны дараа олон улсын түвшинд нэвтрүүлэх боломжтой гэж үзжээ.
Хил дамнасан авлига, авлигын хэрэгслийг байршуулахад ашигладаг татварын оффшор бүстэй тэмцэх зорилгоор санхүүгийн ил тод байдлыг дээшлүүлэх тохиролцоонд хүрэв. Түүнчлэн, авлигын эсрэг тэмцэлд шинжээч, шинжлэх ухааны хамтын нийгэмлэг, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хувийн бизнесийг татан оролцуулах, төр болон хувийн хэвшлийн эрүүл хамтын ажиллагааны соёлыг төлөвшүүлэхээр тохиролцсон байна.
Сэтгэгдэл ( 0 )