Коронавирусний шинэ омог “Омикрон”-ы талаар эрдэмтэд судалгаа хийж, дүгнэлтээ танилцуулсаар байна.
“Омикрон” омгийг халдварлах чадвар хурдан ч хүндрэл үүсгэдэггүй гэдэгтэй эрдэмтэд санал нийлж буй. Түүнчлэн энэхүү шинэ омог гарч ирсэн нь цар тахлын төгсгөлтэй холбоотой байж болох юм гэсэн дүгнэлтийг ОХУ-ын Холбооны анагаах ухаан, биологийн агентлагийн (ФМБА) ахлах халдварт өвчин судлаач, Пироговын нэрэмжит Оросын үндэсний судалгааны анагаах ухааны их сургуулийн халдварт өвчин, тархвар судлалын тэнхимийн дарга Владимир Никифоров хийжээ.
“Москвагаас ярьж байна” сувгийн мэдээлснээр Оросын халдварт өвчин судлаач коронавирус удахгүй улирлын ердийн халдварт өвчин болох магадлалтай гэж үзжээ. Шинэ “Омикрон” хувилбараар хүмүүс хөнгөн өвчилж, хүндрэхгүй бөгөөд үүнийг цар тахлын төгсгөл гэж үзэж болох аж.
Владимир Никифоров “Омикрон омог гарч ирсэн нь энэ аймшигт цар тахал дуусах талдаа орсны эхний дохио байж магадгүй гэж бодож байна. Энэхүү шинэ омог нь коронавирус суларч эхэлсний анхны дохио. Омикрон омог дэлхийн хүн амын дийлэнхэд халдварлах ч илүү хөнгөн тусна. Ердийн улирлын чанартай амьсгалын замын халдварт өвчин болно” гэсэн байна.
Түүнчлэн Оросын Гамалейн нэрэмжит Халдварт өвчин судлал, микробиологийн хүрээлэнгийн вирус судлаач, профессор Анатолий Альтштейн “Коронавирусний Омикрон омгийн нас баралтын түвшний талаар ярихад эрт байна. Яагаад гэвэл COVID-19-ийн энэ шинэ хувилбараар хэдхэн зуун хүн өвчилсөн мэдээлэл дээр үндэслэн ДЭМБ мэдээллээ гаргасан. Гэхдээ Омикрон хувилбарын халдвар нь цар тахлыг дуусгаж магадгүй” гэжээ.
“Омикрон” вирусийн ирээдүй
Вирус судлаач, профессор Анатолий Альтштейны ярьж байгаагаар “Омикрон” хувилбар шинэ он хүртэл өргөн тархаж амжихгүй ажээ. Тархахад хагас жил шаардлагатай гэнэ. Үүнийг батлахын тулд тэрбээр “Дельта” хувилбар 2020 оны намар анх батлагдсан талаар яриад “Гэхдээ энэ хувилбар 2021 оны тавдугаар сараас долоодугаар сар хүртэл тархсан” гэжээ.
Тэрбээр “Омикрон” хувилбар халдварлах чадвар илүү өндөртэй, дэлхий даяар тархсан ч одоогийнхоос илүү хөнгөн өвчлөл үүсгэх боломжтойг хэлсэн байна. “Омикрон” хувилбар нь COVID-19-ийн хүндрэл үүсгэхгүй аж. Мөн энэ хувилбар нь олон мутацид орж, сул геномтой болсон байна.
“Омикрон”-ы тархалт
Коронавирусний “Омикрон” хувилбар дэлхийн 40 гаруй оронд тархаад байгаа талаар ДЭМБ мэдээлсэн билээ. АНУ-д л гэхэд “Омикрон” хувилбар гуравхан хоногийн дотор 12 муж улсад бүртгэгджээ.
Шинэ хувилбар олон тооны мутацитай, COVID-19-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүс дахин халдварлах эрсдэлтэй. Өмнөд Африкийн судлаачдын дүгнэлтээр өмнө нь “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн хүмүүсийн “Омикрон” хувилбараар халдварлах эрсдэл “Дельта”-тай харьцуулахад гурав дахин өндөр байгааг тогтоожээ.
Энэхүү шинэ хувилбар анх илэрсэн Өмнөд Африкт л гэхэд “Омикрон” хувилбарын улмаас “COVID-19”-ийн дөрөв дэх давлагаа дэгдээд байна гэж тус улсын Эрүүл мэндийн сайд Жо Фахла мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хэлэхэд арай эрт байгаа юм биш шүү!