Ц.Билэгтсайхан: Томуу болон ковидын хариу арга хэмжээ нь ижил

2022 оны 11 сарын 09

Монгол Улсад короновирусийн шинэ хувилбар бүртгэгдсэн талаар өнөөдөр /2022.11.09/ Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өгсөн мэдээллийг бид хүргэсэн.

Мөн үеэр ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан хариу арга хэмжээг эргээж хэвшүүлэх шаардлагатай байгааг хэллээ.


Тэрээр "Энэ 7 хоног буюу 44 дүгээр 7 хоног дээр шинээр 772 тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх 43 дугаар 7 хоногт 357 байсан. Өөрөөр хэлбэл 2 дахин өссөн байна.

Үүнийг дагаад эмнэлгийн тусламж үйлчилгээний ачаалал сүүлийн хоёр 7 хоногт нэмэгдсэн. Улс даяар Ковид-19 гэсэн оноштой 349 хүн эмчлэгдэж байгаагаас ХӨСҮТ дээр 255 хүн эмчлэгдэж байна.

Өмнө нь тохиолдож байгаагүй омикроны шинэ хувилбар бүртгэгдлээ. Ийм учраас цаашдаа томуу, томуу төст өвчний нөхцөл байдал ч амаргүй, идэвхжлийн шар түвшинд байна.

Ковидын халдвар ч тэр, томуу, томуу төст өвчний халдвар ч тэр ялгаагүй амьсгалын замаар халдварладаг. Тэгэхээр хариу арга хэмжээ нь ижил гэж ойлгож болно.

Иймээс бид нэгдүгээрт хувь хүний хариуцлагаа өндөржүүлэх шаардлага гарч байна. Өөрийгөө болон эргэн тойрны хүмүүсээ энэ халдваруудаас хамгаалах шаардлага үүсэж байна.

 

Үр дүндтэй, хялбар нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээнүүдээ буцааж хэрэгжүүлж, хэвшүүлье.

Үүнд амны хаалтаа зүүх, агаар сэлгэлт хийх, гараа угаах, хүн хоорондын зай барих шаардлагатай.

Түүнчлэн томуу, томуу төст өвчний болон ковидын шинж тэмдэг илэрсэн бол өөрийгөө тусгаарлах, хайртай хүмүүстээ халдвар тархахаас нь сэргийлэх арга хэмжээг авах шаардлагатай байна.

Хамгийн чухал арга бол шинжлэх ухааны баталгаатай вакцинжуулалтдаа хамрагдах юм. Бид ковидын эсрэг вакцинд хамрагдах эрх зүйн үндэслэл байгаа. Ялангуяа 5-11 настай хүүхдүүдээ хамруулах шаардлага байна.

Түүнчлэн томуугийн вакцинд идэвхтэй хамрагдахыг уриалж байна" гэв.

Томуугийн вакцинжуулалтын талаар ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга П.Дашпагма "21 аймаг 9 дүүргийн өрхийн эрүүл мэндийн төвүүд болон байнгын төвүүдэд томуугийн вакцинжуулалт явагдаж байна. 545 мянган хүн тун вакцинаас 190 мянган тунг хийгээд байна" гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top