ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан өнөөдөр /2022.11.09/ хийсэн мэдээлэлдээ Монгол Улсад өмнө нь тодорхойлогдож байгаагүй BF7, BQ1.2 гэсэн Омикроны шинэ хувилбар бүртгэгдсэн талаар хэлсэн билээ. BF7 хувилбар нэг хүнээс, BQ1.2 хувилбар таван хүнээс илэрсэн байна.
Манай улсад BF7 хувилбараар өвчилсөн нэг хүн нь 72 настай эрэгтэй бөгөөд тэрбээр БНХАУ-ын иргэн аж. ОХУ-д ажиллаж байгаад Монголд ирсэн түүний биеийн байдал тогтвортой байгаа гэнэ.
Тэгвэл BQ1.2 хувилбараар өвчилсөн таван хүн нь Монгол Улсын иргэд бөгөөд аравдугаар сарын 18, 19-ний хоорондох шинжилгээний сорьцоос илэрсэн байна.
BF7 болон BQ1.2 хувилбар олон улсад
Омикроны BF7 шинэ хувилбар нь Хятад, Энэтхэг, Тайланд зэрэг олон оронд өнгөрсөн аравдугаар сарын дундуур бүртгэгдсэн байна.
Норвегид энэхүү шинэ хувилбарын тархалтаас сэрэмжлүүлж эхлээд байгаа аж. Тус улсад BF7 шинэ хувилбар 2023 оны нэгдүгээр сараас хоёрдугаар сард тархах төлөвтэй байгаа гэнэ.
Норвегийн мэргэжилтнүүд COVID-19-ийн энэхүү ээлжит шинэ хувилбараас сэрэмжлүүлж, цар тахлын шинэ давлагаа болох аюултай байгааг хэлжээ. Норвегийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн (FHI)-гээс “Омикроны шинэ хувилбар BF.7 нь олон хүнийг хамарсан цар тахлын шинэ давлагааны шалтгаан болох аюултай. Коронавирустэй зэрэгцэн томууны тархалт ихсэх төлөвтэй байна. Эмнэлгийн ачаалал, тэр дундаа хүүхдийн тасгийн ачаалал нэмэгдэнэ. Хэд хэдэн өвчний тархалт нэгэн зэрэг эхэлвэл ачаалал маш ихэснэ” гэж мэдэгдсэн байна.
Норвегийн Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтнүүд иргэдэд хандан ковид болон томууны шинж тэмдэг илэрсэн бол эдгэртлээ гэртээ байхыг зөвлөжээ.
Харин тус улсад шинэ хувилбартай холбоотойгоор хүнд өвчтөнүүдийн тоо нэмэгдэх эрсдэл харьцангуй бага гэж тодорхойлжээ. Учир нь Норвегийн иргэдийн дийлэнх нь вакцинжуулалтад хамрагдсан, эсвэл ковидоор өвчлөөд эдгэрсэн байгаа аж. Ахмад насны хүмүүс вакцины давтан тунд хамрагдсан нь давуу тал болж байгаа гэнэ.
Тэгвэл урд хөрш Хятадын мэргэжилтнүүд коронавирусний шинэ хувилбар BF7, BQ.1, BQ.1.1 хувилбараас сэргийлэх эрүүл ахуйн дэглэм барихыг иргэддээ анхааруулжээ.
Хятадын эх газарт BF.7 хувилбар аравдугаар сарын 1-нд бүртгэгджээ. Хятадын өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвийн вирус судлаач Дун Сяопины мэдэгдсэнээр BF.7 хувилбар нь тус улсад анх Өвөр Монголын Хөх хотод бүртгэгдсэн байна.
Тэгвэл Орост Омикроны BQ.1, BQ.1.1 (цербер гэж нэрлэгдэж байгаа) хувилбарууд нь ОХУ-д давмгайлж байгаа BA.4 болон BA.5 хувилбарын тархалтыг давах эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Гэхдээ тархалтын үйл явц нь Дельта омгийн эргэлт Омикрон болж өөрчлөгдсөн шиг хурдан явагдахгүй талаар Оросын шинжлэх ухааны академийн вирус судлаач Александр Лукашев ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )