Амьсгалын замын халдвараар эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо НЭМЭГДЭХ ЭРСДЭЛТЭЙ байна

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 11

ХӨСҮТ-өөс Монгол Улсад шинээр илэрсэн Омикроны дэд хувилбарууд болох BF7, BQ1.2 омгийн эмнэлзүйн шинж тэмдэг, хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн байдал, томуу болон ковидын вакцинжуулалтын талаар мэдээлэл өглөө.


Манай улсад ковидоос бусад халдварт өвчин болох томуу, томуу төст өвчин идэвхжилийн түвшинд байгаа аж. Зарим аймагт үүний дараагийн түвшин буюу улбар шар түвшинд шилжжээ. Дөрвөн аймаг улбар шар түвшинд шилжсэн бөгөөд томуу, томуу төст өвчний хүндрэлээр хүмүүс эмнэлэгт хэвтэж байгаа гэнэ.

Дэлхий дахинд томуугийн А хүрээний H1N1 болон H1N2 вирусууд эргэлтэд орсныг ДЭМБ-аас мэдээлсэн билээ. Монгол Улсад томуугийн вирус хүн амын дунд эргэлтэд ороогүй гэж хэлж байгаа ч амьсгалын замын цочмог хүнд халдвараар эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо нэмэгдэх эрсдэлтэй байгааг ХӨСҮТ-өөс мэдээллээ.

Иймээс иргэд томуугийн вакцинжуулалтад хамрагдах хэрэгтэйг ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма хэллээ. Тэрбээр "Томуугийн эсрэг вакцинжуулалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Нийт хүлээн авсан вакцины 53 хувийг Улаанбаатар хотод, 47 хувийг хөдөө орон нутагт хуваарилсан. Томуугийн вакцинд хамрагдах зорилтот бүлэг нь 5 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан болон архаг хууч өвчинтэй хүмүүс юм" гэлээ.

Иргэд та бүхэн харьяа сум, дүүргийнхээ эрүүл мэндийн төвд хандан томуугийн эсрэг вакцинд хамрагдаарай. Хүүхдүүдийн хувьд цэцэрлэг, сургуулиар нь дамжуулан томуугийн эсрэг вакцины мэдээллийг өгч, эцэг, эхэд мэдээлсний дагуу зөвшөөрлийн хуудасны үндсэн дээр вакцинжуулалтыг зохион байгуулж байгаа аж.      

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top