Б.Болор-Эрдэнэ: 2022 онд 1000 гаруй үйлчилгээг И-Монголиад оруулна

2021 оны 12 сарын 23

Засгийн газраас Нийтийн мэдээллийн тухай, Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Цахим гарын үсгийн тухай, Кибер аюулгүй байдлын тухай, Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх тухай хуулиудыг УИХ-д өргөн мэдүүлж батлуулаад байгаа. Тэгвэл өчигдөр эдгээр хуулиудын талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нар мэдээлэл хийсэн юм.


ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД А.АРИУНЗАЯА:

-Нийгмийн даатгалын сар бүрийн тайланг заавал манай хэлтэс дээр ирж тамга даруулан баталгаажуулдаг байсан бол үүнийг халж, нийгмийн даатгалын дэвтрийг цахимжуулсан. Хүн болгонд цахим гарын үсгийн хэрэглээг нэвтрүүлж байгаа учраас биеэр ирж баталгаажуулах шаардлагагүй болж байна.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт, халамжийн үйлчилгээ И-Монголиа системд нэвтэрсэн. Нийгмийн даатгалын газраас шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн нь ажилгүйдлийн тэтгэмжийг цахимаар авах боломж бүрдсэн. Иргэд daatguulagch.ndaatgal.mn сайтаар нэвтэрч энэ үйлчилгээг авах боломжтой. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг тодорхойлолт мөн нэвтэрсэн. Тус үйлчилгээг одоогийн байдлаар 1.4 сая иргэн авсан байна.

Эрүүл мэндийн байгууллагад хэвтэн эмчлүүлсэн бол лист авдаг. Үүнийг Эрүүл мэндийн яамтай хамтран ирэх оны нэгдүгээр сард багтаан улс даяар нэвтрүүлнэ. Листээр дамжуулан хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмжийг олгодог. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ олголтыг 56 мянган иргэнд илүү олгосон байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн Засаг даргын Тамгын газраас үнэмлэх тодорхойлолтоо шинээр авах, сунгуулах бол И-Монголиа системээс авах, эсвэл өөрийн төлөөллийн хүнээ илгээх боломж бүрдсэн. Цахим яам хөтөлбөрийг хичээнгүйлэн хэрэгжүүлж байна.

УИХ-ЫН ИННОВАЦИ, ЦАХИМ БОДЛОГЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Н.УЧРАЛ:

-Нийтийн мэдээллийн тухай хуулиар 67 багц мэдээллийг нийтэд ил болгож байна. Мөн хязгаартай, хаалттай мэдээлэл ямар төрлийн мэдээлэл багтах вэ гэдгийг тодорхойлсон. Нийтийн мэдээллийн тухай хууль батлагдсанаар цаасаар авдаг байсан үйлчилгээг зогсоож байна. Харин Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хуулиар дуу, дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах цэгийг тодорхой болгох, төхөөрөмж байрлуулах журам гаргаж, түүнийгээ мөрдөх зэрэг асуудлыг хуульчилсан.

Өмнө нь хувь хүн өөрөө өөрийнхөө хувийн мэдээллийг хамгаалдаг байсан бол энэ хуулиар мэдээлэл цуглуул, ашиглаж, боловсруулж байгаа бол мэдээлэл хариуцагч болж, мэдээллийн аюулгүй байдлыг хариуцдаг болсон. Сэтгүүлч болон иргэдийн зүгээс нууц гэдэг тамга дараад аливаа мэдээллийг нийтэд хаалттай байлгаж байна гэдэг гомдол гаргадаг байсан. Харин энэ хууль хэрэгжсэнээр нууцлаад байсан 67 төрлийн мэдээллийг ил болгож байна.

Цахим гарын үсгийн тухай хуулиар И-Монголиа систем дээр төрийн үйлчилгээг шуурхай боловсронгуй болгох том шийдэл болж чадсан. Өмнө нь цахим гарын үсгийг ашиглаж байсан ч ердөө 30 гаруй мянган иргэн энэ үйлчилгээг хэрэглэдэг байсан. Энэ бол хангалтгүй тоо. Харин одоо 16  нас хүрсэн иргэн бүрд иргэний үнэмлэх дээр нь цахим гарын үсэг суулгаж өгнө. Энэ хууль зөв хэрэгжээд биелэлээ олох юм бол өнөөдрийн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад маш их ач холбогдолтой гэж үзэж байгаа.

Гэрээсээ, гар утаснаас төрийн 600 гаруй үйлчилгээг тоон гарын үсгээрээ авч ашиглах боломж бүрдэж байгаа. Кибер аюулгүй байдлын тухай хууль нь Монголд анх удаа батлагдаж байгаа хууль. Энэ хууль батлагдсанаар мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх бүрэн боломжтой болж байна. Мөн цаашид гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэх, эдийн засгийн таатай орчин бүрдэх ач холбогдолтой юм.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийг хэлэлцэж байх явцад Санхүүгийн зохицуулах хорооноос виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлдэг биржүүдэд нэмэлт койн гаргахгүй байх талаар мэдэгдэл хүргүүлсэн. Тэр үед найман бирж ажиллаж байсан. Өнөөдөр 20 бирж ажиллаж байна. Тэд анхдагч зах зээл дээрээс хөрөнгө босгочихсон байна. Одоо бол виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг хуульчилж өгсөн. Тэгэхээр энэхүү хуулиараа үйлчилгээ үзүүлэгч нарыг мэдээлэл хүргэдэг үүрэгтэй болгож байна.

Мэдээлэх үүрэгтэй этгээд болсноороо Мөнгө угаах, терроризмийг санхүүжүүлэхийн эсрэг хуулиа бүхэлд нь хэрэглэж эхэлнэ. Бүхэлд нь хэрэглэнэ гэдэг нь гүйлгээ хийгдэнэ. Койныг арилжаална, хоорондоо худалдана гэсэн үг. Энэ тохиолдол 20 сая төгрөгөөс дээш гүйлгээг Монголбанканд мэдээлэх үүрэгтэй. Дээр нь сэжигтэй гүйлгээ байх аваас дээшээ мэдээлнэ. Түүнийг нь Монголбанкны Санхүүгийн мэдээлэх алба хүлээж аваад гэмт хэргийн шинжтэй байх юм бол тагнуул, цагдаагийн байгууллагад шилжүүлнэ, мэдээлнэ.

ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗРЫН ДАРГА Б.БОЛОР-ЭРДЭНЭ:

-И-Монголиа төслийн хувьд 2021 онд нийт 600 үйлчилгээг цахим руу нэвтэрүүлсэн. Энэ жил хамгийн түгээмэл авч буй үйлчилгээг танилцуулбал жолооны үнэмлэх солих, нөхөн олгох 95 мянган удаа, иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээ 50 мянган удаа, гадаад паспорт дахин авах үйлчилгээ 14471 удаа, шүүхийн шийдвэрийн архивын лавлагааг 3000 гаруй удаа авсан байна. Энэ оны арваннэгдүгээр сараас эхлэн хуулийн этгээд буюу компани, төрийн бус байгууллагыг И-Монголиа үйлчилгээг ашиглан байгуулах боломжтой болсон.Сүүлийн хоёр сарын хугацаанд нийтдээ 356 хуулийн этгээд байгуулагдсан байна. Мөн цэргийн бүртгэл хийх, хөгжлийн бэрхшээлтэй хүний үнэмлэх авах, сунгах боломжтой болсон.

Энэ бол зөвхөн төрөөс хийж байгаа ажил биш иргэдийн хувьд И-Монголиад ямар төрлийн төрийн үйлчилгээг оруулмаар байгаа санал хүсэлтээ нээлттэй илгээх боломжтой.

Манай багийн хувьд орон нутагт ажиллаж байгаа. Найман аймгийн 498 үйлчилгээг орон нутагт оруулсан. И-Монголиа систем 6.5 сая үйлчилгээг үзүүлсэн байна. Эдгээр үйлчилгээний 56 хувийг Улаанбаатарт 44 хувийг орон нутагт үзүүлсэн. И-Монголиа системээс лавлагаа тодорхойлолт авахад хоёр минут зарцуулж байна.

Иргэдийн хувьд И-Монголиа системд оруулах үйлчилгээтэй холбоотой 800-1200 санал хүсэлт ирүүлдэг. Тус системийг ашиглаж эхэлснээр 65 тэрбум төгрөгийн хэмнэлтийг иргэн болон төрөөс хийсэн. Энэ оны аравдугаар сарын 1-нд И-Монголиа-2-ыг байгуулсан. 2022 онд 100 гаруй байгууллагын 1000 гаруй үйлчилгээг И-Монголиад оруулахаар төлөвлөж байна.

Орон нутагт байгаа иргэдэд төрийн үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийг зорьж ажиллана. Ирэх жил 21 аймгийн 1200 гаруй үйлчилгээг оруулна. Шуудангийн үйлчилгээг сайжруулна.

Ж.САЙХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top