Сар шинийг цомхон буюу ГЭР БҮЛИЙН ХҮРЭЭНД тэмдэглэхийг уриалав

2021 оны 12 сарын 23

-Гадаад орноос ирсэн иргэдийг гурав хоног тусгаарлана-

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр (2021.12.22) болж, зарим асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.

Тухайлбал, хуралдаанаар УОК-оос Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Танилцуулгын дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй гэдгийг онцолж, нийтээр тэмдэглэхгүй, цомхон буюу гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг уриалжээ.

Мөн гадаадаас ирж буй иргэдийг гурав хоног тусгаарлах арга хэмжээ авч ажиллахыг Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханд үүрэг болгосон аж. Улмаар УОК-оос коронавируст халдварыг үүсгэгч SARS-CoV-2 вирусийн Омикрон хувилбарын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 25-ны өдрөөс эхлэн гадаад улсаас ирж байгаа бүх хүнээс хилийн нэвтрэх цэг, нисэх буудалд шинжилгээ авч гурав хоног тусгаарлах, тусгаарлалтын сүүлийн хоногт давтан шинжилгээ авах шийдвэр гаргасан юм.

УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль”-ийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг өнгөрөгч сард УИХ-ын даргад албан бичгээр ирүүлж байв. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар “Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль”-ийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг 2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулахаар болжээ.

Харин хуулийн нэмэлт өөрчлөлт нь ихээхэн хардлага дагуулж байгаа төдийгүй Шинэ жилийн уур амьсгал нэгэнт орчихсон 30-ны өдөр сонсгол хийж байгаа нь улам ч хардлага дагуулах аж.

Ямартай ч Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д зааснаар бол “Монгол Улсын иргэн тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй байх, энэхүү эрх чөлөөгөө баталгаатай эдэлнэ” гэсэн заалт бий.

Үүнийг зөрчсөн зүйл бол бий. Тиймээс  хуулийн төсөл өргөн барьсан гишүүдийн зүгээс дараах байр суурийг өгч байгаа. Тухайлбал, сүүлийн үед хүний жам ёсны эрхийг зөрчих үзэгдэл олноор гарах болсон. Үндсэн хуулиар итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрхийг олгосон. Гэтэл өнөөдөр жагсаж цуглах, үзэл бодлоо илэрхийлэхдээ заавал тухайн орон нутгийн Засаг даргаас зөвшөөрөл авдаг болсон.

Тодруулбал, жагсаал цуглаан хийх гэж байгаа талаараа заавал тухайн нэгжийн Засаг даргад мэдэгдэж, түүнийгээ бүртгүүлдэг. Ингээд гурав хоногийн дотор Засаг дарга үндэслэлийг нь нягтлаад зөвшөөрөл олгодог заалттай. Гэхдээ улс төрийн талаасаа зөвшөөрөхгүй тохиолдол цөөнгүй байдаг. Өөрөөр хэлбэл тухайн Засаг дарга эрх барьж байгаа намын дэмжлэгээр томилогдсон байгаад аль нэг дарга, сайд нь үүрэг өгөхөөр жагсаал цуглааны зөвшөөрөл олгодоггүй нь энгийн үзэгдэл.

Тус заалтыг 2015 онд батлагдсан хуульд оруулсан бөгөөд энэ нь зөвхөн бүртгүүлж байгаа болохоос биш зөвшөөрөл олгох зохицуулалт биш гэдгийг дурджээ. Тус хуульд өөрчлөлт оруулж, иргэд жагсаал цуглаан зохион байгуулах бол тухайн шатны Засаг даргадаа зөвхөн мэдээлэл хүргүүлж, бүртгүүлдэг болох шаардлага үүссэн. Ингэж зөвшөөрөл авч байгаа нь иргэд жам ёсны эрхээ эдэлж чадахгүй нөхцөл байдалд хүргэсэн байна.

Иргэд жагсаал цуглаан зохион байгуулж байгаа тохиолдолд төр тэдний аюулгүй байдлыг л хангаж ажиллах үүрэг хүлээдэг. Харин эрхээ эдэлж жагсахад нь болно, болохгүй гэсэн зөвшөөрөл олгодог байх болохгүй асуудал юм. Энэ нь манай улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцыг зөрчсөн давсан асуудал гэсэн зүйлийг ярьж байгаа. Тэдний байр сууриас харахад яах аргагүй зөв асуудал хөндсөн ч хардлага байсаар байна.

Нөгөө талаар эрх барьж байгаа олонхийн бүлэг хүч түрэн хуульд өөрчлөлт оруулж магадгүй гэсэн эргэлзээ ч бий. Үнэхээр эрх баригчдад жагсаад байх шаардлага байхгүй. Харин байгаа эсэх нь мэдэгдэхгүй сөрөг хүчин жагсдаггүй юм гэхэд иргэний хөдөлгөөний байгууллагуудаас жагсаал цуглаан зохион байгуулж таарна. Нөгөө талаар хувь улстөрчдийн, бүлэглэл фракцийн санхүүжилттэй жагсаал цуглаан гээд мундахгүй.

Энэ бүгдийн эрхийг хазаарлах гэж байгаа юм биш биз гэх асуудал үүсээд байна. Аливаа жагсаал цуглаанаас нийгэм, улс төрийг эргүүлэх хэмжээний томоохон үр дүн тэр бүрий гардаггүй ч төр иргэд хоёрын дунд яс хаяж, нийгэмд үймээн дэгдээж чаддаг зүйл. Тиймээс энэ бүгдийг “цэгцлэх”, өөрсөддөө ашигтай талд эргүүлэх санаархал байхыг үгүйсгэхгүй гэж үзэж байна.

Ж.САЙХАН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top