Жүжигчин У Ён Су: Энэ амьдралаа би театртаа л дуусгана

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг "Алтан бөмбөрцөг" наадмын 79 дэх удаагийн шагнал гардуулах ёслолоос "Шилдэг туслах дүр"-ийн шагнал хүртсэн БНСУ-ын жүжигчин У Ён Сү ихэд алдартай болоод байна. 

Өдгөө 78 нас хүрч байгаа тэрбээр энэ сарын 7-ны өдөр нээлтээ хийсэн "Last Session" хэмээх жүжигт Австрийн алдарт сэтгэл судлаач Зигмунд Фрейдийн дүрд тоглож байгаа аж. 
 


Урлагийн салбарт чамгүй олон жил ажиллаж байгаа ч энэ эрхэм өнөөг хүртэл өөрийгөө үргэлж голсоор ирсэн тухайгаа ярилцлагадаа дурджээ.

Тэрбээр хэлэхдээ "Хэрэв чи театрт мьюзикл тоглож байгаа бол энэ маш амархан байх болно. Учир нь үүнд бага зэрэг хэтрүүлэг хэрэгтэй байдаг. Би театрт олон жил болсон. Тиймээс аливаад хэтрүүлэггүйгээр тунг нь тааруулах тал дээр би одоог хүртэл ажиллаж байгаа. Үүнийг даван туулах урт хугацаа шаардлагатай мэт санагддаг. Би одоог хүртэл өөрийгөө голдог" хэмээсэн байна.

Театрын урлагт олон жил болсон У Ён Су дэлхий даяар алдартай болсон ч театртаа эргэн ирсэн нь түүнийг хэчнээн даруу төлөв нэгэн болохыг харуулж, үзэгчдийн хайр хүндэтгэлийг хүлээж байгаа аж. 

 


У Ён Су мөн ярилцлагадаа "Би "Алтан бөмбөрцөг" авсан тухайгаа сонсоод анх удаагаа өөрийгөө магтсан. Фрейдийн дүрд тоглох нь надад их хүндрэлтэй байсан. Дүрдээ бүрэн уусаж чадахгүй байгаа мэт сэтгэгдэл үргэлж төрж байсан. Хэрэв дүрээ муу гаргасан бол үзэгчдээсээ уучлалт хүсмээр байна" гэжээ.

Театрын тайзнаа олон жил болсон ахмад жүжигчин театраа орхих бодолгүй байгаа гэнэ.

Энэ тухайгаа "Жүжигчний амьдралаа би театраас эхэлсэн. Дуусгахдаа ч мөн театртаа л дуусгах байх. Театрын жүжигчин болсноор би ертөнцийг илүү сайхнаар харж эхэлсэн гэж хэлж болно. Жүжигчин хүн тайзан дээр олон дүрээр амьдардаг. Үүгээрээ дамжуулж үзэгчдэд олон зүйлс өгч чаддаг. Тийм учраас л би жүжиглэсээр байгаа, үүнийг би үүргээ биелүүлж байна гэж боддог" хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцсан байна. 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top