Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 96 дугаар бүлэг

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 01

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ЧЯО ДАО ЧИН УВДИС ЭВДЭРЧ Ү ЛҮН ШАНЬ УУЛНАА ДИЙЛЭГДСЭН ГҮН СҮНЬШЭН ЦЭРЭГ ДАЙЧИЛЖ БАЙ ГҮ ЛИН ДАВААГ БҮСЭЛСЭН

485 СҮН УЛСЫН ХҮЙТЭН УУЛЫН БИЧИГ

 

Өгүүлэх нь Сүн улсын жагсаалын дотроос Чяо Дао Чин-ийн гажуу увдисыг эвдсэн тэр бумба болбоос өөр хүмүүн бус, чив хэмээн үүлэн хүлэгт Гүн Сүньшэн мөн болой. Гүн Сүньшэн бээр Вэйжоу хотноо Сүн Сянь фэн-ийн захиаг хүлээн Ван Ин, Жан Чин, Се Жэнь, Се Бао нар лугаа шөнө дүлээр мордон их цацарт орж Сүн Сянь фэн-д золгохуйяа түв хэмээн Чяо Дао Чин гажуу увдис улируулан Фань Руй-г дийлсэнд тохиолджээ. Тэр өдөр чив чих хоёр сарын шинийн найман, шар морин өдөр байсан тул шороон махбодод тохиолджээ. Тийнхүү Гүн Сүньшэн арван өнгийн хувилгаан жанжныг дуудан ацарч хар харагчин усан махбодыг эвдэж, шимнусын уурыг шүүрдэн арилгаж гэрэлт нарыг гийгүүлсэн бөлгөө. Сүн Жян, Гүн Сүньшэн хоёул морь унан жагсаалын өмнө эчиж үзвээс Чяо Дао Чин тэсгэлгүй ичингүйрээд өмнөш одохуйяа Гүн Сүньшэн бээр Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Чяо Дао Чин увдис эвдрэн буруулсан тул түүнийг хотод тавин оруулбаас нэгэн цагт эвдэхүйеэ бэрх болмуй. Ийнхүү эрхин ах мөн даруй цааз зарлан Сюй Нин, Со Чао-д таван мянган цэрэг өгч, зүүн этгээдээс өмнө хаалгад давшиж хүрээд түүний буцах замыг тос хэмээгтүн.

Ван Ин, Сүнь Синь-д бас таван мянган цэрэг өгч баруун хаалганд тосоод, Чяо Дао Чин[1]ийн дарагдсан цэрэг буруулан ирвээс түүн лүгээ байлдах хэрэггүй, хотноо орох замыг хашиж тасал хэмээгтүн хэмээсэнд Сүн Жян үгийг дагаж олон жанжинд цааз зарлаж тус тус илгээв. Тэр үе чив хэмээн могой цаг болсон тул Сүн Жян, Гүн Сүньшэн-ийн хамт Линь Чүн, Жан Чин, Тан Лун, Ли Юнь, Ху Саньнян, Гу Да Сао зэргийн долоон жанжныг авч, хоёр түмэн цэрэг дагуулан нэхэмжлэн ирсэнд арын жанжин Лэй Жэнь нар Чяо Дао Чин-г хамгаалан нэгэнтээгүүр байлдаж, нэгэнтээгүүр ухарч атал өмнө зүгээс нэгэн багийн цэрэг морь хүрч ирэв. Үзвээс Сүнь Чи, Не Синь хоёул цэрэг дагуулан тосохоор ирсэн тул цэрэг морийг нэгнээ нийлүүлээд Ү Лүн Шань уулын хүрээний өмнө хүрэхүйеэ ар хойно Сүн улсын цэрэг харанга хэнгэрэг дэлдэж их дуугаар бархиран хашхиралдсаар нисэх мэт түргэн нэхэж ирмүй. Сүнь Чи өгүүлрүүн: - Улсын багш цацарт орж бие амрагтун. Өчүүхэн жанжин миний бие түүн лүгээ таслан байлдсугай хэмээхэд Чяо Дао Чин анх олон жанжны өмнө их үг хэлж өөрийн биеийг мажуулсны дээр увдис хэрэглэн байлдсанаас нааш хандсан зүг эсэргүүцэлгүй, эдүгээ Сүн улсын цэрэгт дарагдсан тул их л ичингүйрэн хорсож Сүнь Чи-ийн зүг өгүүлрүүн: - Танай зэргийн олон хүмүүн түр ухрагтун. Би эчиж дайсныг халхалсугай хэмээгээд цэрэг морийг тэгшлэн жагсааж, Лэй Жэнь нарыг зүүн баруунаа дагуулан морь нисгэн гарч өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Өмхий шалбаагийн өчүүхэн хулгай үнэхээр хүмүүнийг доромжилмуй! Эдүгээ тануус лугаа эрэгчин эмэгчнээ үзэлцсүгэй хэмээв.

Угт Чяо Дао Чин-ийн бие Жин Юань-ий газар төрж өссөн тул Шаньдун газраас асар хол. Ийнхүү Сүн Жян зэргийн ах дүү нарын нягт учрыг мэдэхгүй аж. Жин Юань хэмээгч алс харийн баруун хойд хязгаарт баймуй. Түүнээс Сүн улсын жагсаалын хиур зүүнш баруунш хоролзож цэрэг морийг эсэргүүлэн жагссан хойно хоёр этгээд бүрээ үлээн хэнгэрэг дэлдэн харанга цохихуйяа өмнөд жагсаалын шар туг хөдлөн жагсаалын хиур нээгдмэгц хоёр морьтон жагсаалаас гарч ирэв. Шаньдун газрын бат журамт цагийн хур Сүн Гүн Мин дунд орж үүлэн хүлэгт Гүн Сүньшэн зүүнээ болж, эрдэнийн сэлмийг дээш өргөн Чяо Дао Чин-г зааж өгүүлрүүн: - Чиний эрдэм болбоос цөм гажуу увдис болой. Чи үнэн увдисыг мэдэхгүй тул хурдан мориноос бууж дагагтун! хэмээсэнд Чяо Дао Чин нүд өргөн тэр увдис эвдсэн бомбыг үзвээс: Одон титэмд эрдэнээ шигтгэж, өдөн нөмрөгт алт суулгав. Есөн ордны хувилгаан хуягт бор туяа цацраад, илбэ увдисын салхи аянгад гайхамшигт тарнийг нуужээ. Эрээн алаг ёнхор бүсийг бэлхүүсний дундуур даруулж, эрт галавын нарсан сэлмийг хувилгаан мутарт барьжээ. Үүл ороолдсон улаан шаахайг хос өлмийд өшиглөж, үүрсэн тоглох хонгор хүлгийг эмээл даран унажээ. Ариун хөмсөг гүйлсэн мэлмийд хувилгаан сүрийг товчилж, агшуун урт битүү сахал нь эрүү даган бутарчээ. Төдийд Чяо Дао Чин, Гүн Сүньшэн-ийн зүг өгүүлрүүн: - Энэ өдөр санамсаргүй увдис эвдрэв. Юу хэмээн чамд бууж өгмүй? хэмээвээс Гүн Сүньшэн өгүүлрүүн: - Чи бас аймшиггүй тэрхүү муу увдисаа гайхуулмуй уу?” Чяо Дао Чин зандан өгүүлрүүн: - Чи битгий хүмүүнийг доромжлогтун.

Би чамд дахиж увдисаа үзүүлсүгэй хэмээгээд сүр байгуулан тарни уншиж гар юугаа өргөж Фэй Жэнь-ий зүг нэгэнт дохисонд, Фэй Жэнь-ий гар дахь ган жад булт үсрэн хий дээр дүүлэн гарч нисэх могой мэт Гүн Сүньшэн-ийн зүг сумдан ирэв. Гүн Сүньшэн сэлэм юүгээ өргөн Чинь Мин-ийн зүг нэгэнт загасанд түүний барьсан араат шийдэм хэдийн суга үсрэн дээш нисэж ган жадыг угтан аваад хойш урагш зөрөлдөн хуй салхи мэт эргэлдэхүйеэ хоёр этгээдийн цэрэг дуу алдан шагшин бархиралдав. Дингар хэмээх дуу гарч хоёр этгээдийн цэрэг гэнэт бархирмагц огторгуйд нисэх араат шийдэм хэдийн ган жадыг дорогш занчин илгээж гэнэт пүс хэмээх дуу гараад ар царгийн арьсан хэнгэргийг нэвтэлсэнд хэнгэрэг дэлдэх цэргийн ард цөс цалгитал эмээж царайн өнгө шороо мэт болжээ. Араат шийдэм хуучин хэвээр Чинь Мин-ийн гарт орж уртад эзнийхээ гараас салсангүй мэт аснаа Сүн улсын цэрэг ам хамхилгүй инээлдмүй. Гүн Сүньшэн их дуугаар зандан өгүүлрүүн: - Ямар аймшиггүй эрдэмт дарханы өмнө сүхний эрдэм гайхуулмуй! хэмээвээс Чяо Дао Чин дахин хумс няслан тарни уншиж умар зүгийг хуруугаар зааж: - Түргэн! хэмээн нэгэнт бархирсанд ар цэргийн хүрээний хойнох Ү Лүн Шань уулны заваас хар үүл эвхрэн дэгдээд хар луу хайрс босгон үүл хөлөглөн нисэн ирэхүйеэ Гүн Сүньшэн хадганатал инээгээд Ү Лүн Шань уулын зүг гар өргөн нэгэнт далласанд нэгэн шар луу цахилгаан мэт түргэнээр уулан заваас үүл хөлөглөн нисэж ирээд хар лууг угтан авч өндөр огторгуйд магшин тэмцэв. Чяо Дао Чин их дуугаар: - Хөх луу хурдан ир! хэмээсэнд уулан оройгоос нэгэн хөх луу дээш нисэн гартал бас нэгэн цагаан луу дэвхрэн нисэж хөх лууг угтан авснаа хоёр этгээдийн жанжин цэрэг нүд бүлтийлгэн гайхаш тасрав.

Чяо Дао Чин сэлэм эргүүлэн: - Улаан луу түргэн ирж өмөглөн байлд!" хэмээ” зандарсанд уулан заваас улаан луу нисэж ирээд төмөр, мод, ус, гал, шороо таван махбодын ёсоор таван луу магшин тоглож харилцан харгаж харилцан дийлж зууралдан мөчөөрхөж байр болохуйяа догшин салхи дэгдэж хоёр этгээдийн туг барьсан хуяг цэргийг дайрч хэдэн арван хүмүүнийг хөсөр унагав. Гүн Сүньшэн зүүн гартаа сэлэм барьж баруун гарын өдөн гөвүүрийг дээш орхисонд тэрхүү өдөн гөвүүр хий дээр дэгдэн хун галуу мэт нэгэн шувуу болж хувилаад алгуураар дээш ниссээр огторгуйн мандалд хүрмэгц хангарди болж хувилаад агаарыг бүрхэм үүл мэт жигүүрээ дэлгэж магшин тоглох таван луун зүг дайрч ирэхүйеэ гэнэт аянга мэт их дуу гармагц тэр таван луу няц дайрагдаж хайрс бутран зүг зүгт сарнив. Угт Ү Лүн Шань ууланд илбэ илэрч үүр таван өнгийн үүл тунараад, луун сахиус нутгийн иргэнд зүүд өгсөн тул уулан дээр сүм барьж лусын эзний шүтээнийг төв харшид тахиад таван орны ёсоор хөх, улаан, хар, цагаа, таван өнгийн луун хөргийг хийдийн тулгуур багана дээр шууж сийлээд шир суулга алтаар алтадсан ажгуу. Тэр өдөр хоёр бумба таван лууг тарни уншин дуудаж хооронд нь байлдуулж, Гүн Сүньшэн өдөн гөвүүрээ хангарди болгон хувилуулж таван өнгийн шавар лууг няц дайруулсанд он удсан хатуу шавар ар цэргийн толгой руу мөндөр мэт буусанд жанжин цэрэг гэлмэгдэн цочиж бие зайлан завдсангүй хэмхэрсэн шаварт оногдож царай шалбаран толгой цоорч нүүр дүүрэн цус урсаж, үзэж байтал хоёр гурван зуун хүмүүн шархадсанд жагсаал самууран цэрэг үймэлдэв.

Чяо Дао Чин бас арга баран гараа нухалж авран тэнхрүүлж чадахгүй болж хараахан цухалдаж атал шар луун шавар сүүл түүний орой уруу нуаж ирээд бомбын титмийг хамсийтэл цохиж тэргүүнийг нь арай хэмээн хагалсангүй. Гүн Сүньшэн гар өргөн нэгэнт далласанд хангарди агшин зуур үзэгдэхгүй болоод өдөр гөвүүр гарт нь оров. Чяо Дао Чин дахин уруул хөдөлгөн гажуу увдис үүсгэсүгэй хэмээтэл Гүн Сүньшэн тарни уншиж таван аянгын үнэн увдисаа улируулснаа алтан хуягт сахиус агаараас бууж ирээд: - Чяо Ле мориноос бууж хүлэхийг хүлээгтүн! хэмээн зандарсанд, Чяо Дао Чин товор товор тарни уншивч тус болохгүй тул барьж тавихаа олохгүй болж жагсаалын зүг морь ташуурдан буруулав. Линь Чүн морь довтолгон жад сунгаж араас нь нэхэн хүрээд: - Шимну бумба битгий буруул! хэмээн дуу гарсанд ар жагсаалын жигүүрийн жанжин нь Линь морь 488 ташуурдан тосон ортол Лэй Жэнь бас жолоо хөнтрөн жад эргүүлж өмөглөн оров. Өмнө жагсаалын Тан Лун морь хийсгэн лантуу эргүүлж угтан авахуйяа хоёр этгээдийн цэрэг аянга мэт хашхирч дөрвөн жанжин хос хосоор зэвсэг өргөлцөн зөрөлдөн байлдав. Ни Линь, Линь Чүн хоёул хорин хэдэн удаа зөрөлдөж дийлэн дийлэгдэх ялгарахгүй тул Линь Чүн чөлөөг үзэж унасан мориныхоо гуяыг жадлан морийг унагасанд Ни Линь хөсөр савагдаж ойчсоноо Линь Чүн жад өргөн зүрхэн сүвийг шувт жадлав.

Төдийд Тан Лун үгээ байлдаж халамшсан Лэй Жэнь-ий бие Ни Линь-ий мориноос унасныг үзээд хоосныг жадлаад морь эгүүлэн хойш буруулахуйяа Тан Лун нисэх мэт нэхэн эчээд төмөр лантууг дээр далайн толгой руу нь нэгэнт занчсанд дуулга няцран гавал хагараад мориноос тонгорцоглон унав. Сүн Жян ташуур өргөн нэгэнт далласанд Жан Чин, Ли Юнь, Ху Саньнян, Гу Да Сао зэргээр алан орсноо арын цэрэг их л самуурч дөрвөн зүг бутран амь тэмцэн буруулж алагдсан хүмүүнийг тоолбоос барахгүй. Түүнээс Сүнь Чи, Не Синь, Фэй Жэнь, Сюай Цань дөрвүүл Чяо Дао Чин-г хамгаалан, Ү Лүн Шань уулын хүрээг гээж цэрэг морийг аван Жао Дэ хотноо орсугай хэмээгээд уулан бэлийг давж хотын ойр зургаа долооны газар хүрч ирсэнд өмнө гэнэт хэнгэргийн дуу гарч хүмүүн хар хашхиралдаад зүүн сүвээний бага замаар нэгэн багийн цэрэг морь довтлон гарч ирэв. Тэргүүлсэн хоёр жанжныг үзвээс чив хэмээн нисэх жадат Сюй Нин, гавшгай баатар Суо Чаобайсан ажгуу. Хоёр этгээд эсэргүүлэн байлдахаас урьд Жао Дэ хотыг сахисан жанжин Дай Мэй, Жэн Күй хоёулыг хотын гадна алалдаж байхыг үзээд таван мянган цэрэг авч өмнөд хаалгыг нээн туслахаар ирэхүйеэ Сюй Нин, Суо Чаоцэрэг хуваан дайсныг угтав. Төдийд Суо Чаохоёр мянган цэргийг салгаж аваад умарш давшиж Дай Мэй лүгээ харгаж арваад удаа зөрөлдсөн хойно Дай Мэй-г саран сүхээр цавчиж хоёр анги болгосонд Вэн Күй их л сандран цэрэг татан хотноо эгэхүйеэ Суо Чаохойноос нэхэмжилж зуу илүү хүмүүнийг алж өмнөд хаалганд хүрснээ Вэн Күй цэргийг авч хотдоо ороод унуул гүүрийг дээш өлгөж хотын хаалгыг таг дараад өндөр хайсангаас мөндөр буух мэт мод чулууг өнхрүүлэх тул Суо Чаоарга буюу цэргээ авч хойш эгэв. Тэндээс Сюй Нин гурван мянган цэрэг авч арын цэргийн эгэх замыг эчиж тосов.

Арын цэрэг хэдий дарагдаж бага бус хохирсон боловч бас хоёр түм илүү цэрэг морь байсан тул Сүнь Чи, Не Синь хоёр жанжин Сюй Нин[1]ийн цэргийг угтан байлдав. Фэй Жэнь, Сюай Цань байлдах сэтгэлгүй болж таван мянган цэргийг дагуулан Чяо Дао Чин-г хамгаалж баруунш буруулав. Сюй Нин-ийн бие Сүнь Чи, Не Синь лүгээ хүчлэн байлдан арын цэрэг үлэмж тул цөөнөөр олныг дийлэхгүй болж дайсанд бүслэгдэн хараахан цухалдаж атал Со Чао, Сүн Жян-ын өмнө умар хоёр замын цэрэг хүрэлцэн ирсэн тул Сүнь Чи, Не Синь гурван этгээдийн цэрэг морийг халхлан чадахгүй болоод, Не Синь, Сюй Нин-д зүүн тохойгоо жадлуулж мориноос тонгорцоглон унаад цэргийн хөлд гишгэлэгдэн шавар мэт болов. Сүнь Чи зам булаан буруулсугай хэмээтэл Жан Чин хойноос нэхэн ирээд зүрхэн эхийг жадалж мориноос унагав. Арын цэрэг их л дийлэгдэж гурван түмэн хүмүүний их хагас нь хохироод хүүр яс тал дүүрч хүмүүний цус гол болоод харанга хэнгэрэг туг хиур, хуяг дуулга хүлэг морь энд тэнд гээгдэж, үлдэн цэрэг морь дөрвөн зүгт сарнин буруулав. Түүнээс Сүн Жян, Гүн Сүньшэн, Линь Чүн, Жан Чин, Тан Лун, Ли Юнь, Ху Саньнян, Гу Да Сао нар Сюй Нин, Суо Чаолугаа цэрэг морийг нийлүүлэн бүгд хоёр түм таван мянган хүмүүнийг дагуулж баруунш дутаасан Чяо Дао Чин жич Фэй Жэнь, Сюай Цань-ий нэгэн баг таван мянган цэргийг нэхсүгэй хэмээвээс өдрийн нар нэгэнт бичин цаг болсны дээр өдөр дуустал зууралдан байлдаж цэрэг морь өлсөж зүдэрсэн тул Сүн Сянь фэн цэрэг хороон хүрээнээ эгсүгэй хэмээтэл цэргийн багш Ү Юн, Сүн Сянь фэн нарыг удтал байлдав хэмээгээд тухайлан Фань Руй, Шань Тингүй, Вэй Дингуо-д нэгэн түмэн цэрэг морь өгч гал бамбар бариулан өмөглөхөөр илгээсэнд баярлав.

Гүн Сүньшэн өгүүлрүүн: - Энэ нэгэн салаа цэрэг морь ирсэн тул эрхин ах олон жанжныг авч урьд цайзнаа харьж бие амрагтун. Дүү би Фань Руй, Шань Тингүй ... Вэй Дингуо зэргийн гурван жанжин лугаа цэрэг аван Чяо Дао Чин-г нэхэмжилж түүнийг дагуулан авсугай хэмээхэд Сүн Жян өгүүлрүүн: - Мэргэн дүүгийн хувилгаан эрдмээр гай зовлонгоос олж хэлтрэв. Мэргэн дүү холоос ирж алжаан зүдсэн тул цэргийн хүрээнээ хамт эгж жич маргаадар мэдсүгэй. Санаваас Чяо Дао Чин увдис эвдрэн арга мохсон тул өөр аюулгүй болсон буй за хэмээвээс Гүн Сүньшэн өгүүлрүүн: - Эрхин ах мэдэхгүй болой. Анх өдөр уулан багш Ло Жэнь Рэнь бээр шавь надад олонтоо ийн сануулруун: “Жин Юань газрын бомбын шидэт Чяо Ле хэмээгч хүмүүн увдис сурахаар уулнаа ирснээ түүний шимнусын сэтгэл хараахан хүнд нүгэл хураан амьтныг хороох анхны тавилан нь дуусаагүй тул би түүнийг шавь болгон үлдээсэнгүй болой. Хэдий тийн хэмээвч хожмын өдөр шимнусын сэтгэл нь алгуураар гээгдэж, хувь ерөөл тохиолдсон хойно Дэ-д учирваас сүсэглэн дагамуй. Ийн ерөөл чив хэмээн чамд тохиолдох тул шавь чи түүнийг гэсгээн сургагтун. Ариун үүднээ орж винайн ёсыг ухсан хойно хожмын өдөр түүнийг хэрэглэх газар бас байх буй за” хэмээдэг болой. Дүү би захиаг хүлээн Вэйжоу хотоос мордож замын гудас энэ шимнусын учрыг лавлаваас дагасан жанжин Гэн Гүн түүний нягт учрыг мэдмүй хэмээн Жан жанжин хэлсэн тул Гэн Гүн-ээс асууваас Чяо Дао чин хэмээгч чив хэмээн Жин Юань газрын Чяо Ле мөн ажгуу. Өнөөх түүний увдисыг үзвээс түв хэмээн дүү минь увдис лугаа адил болой. Ганц дүү би уулан багш Ло Жэнь Рэнь-ээс таван аянгын үнэн увдисыг бясалгаж сурсан тул сая түүний гажуу увдисыг олж эвдсэн бөлгөө.

Энэ хотын нэр Жао Дэ хэмээх тул чив чих уулан багшийн сургасныг” дэд тохиолдвоос шимнусыг дарангуйлмуй” хэмээсэн нууц үгэнд нийлжээ. Хэрвээ түүнийг дутаалгаж шимнусын мананд төөрөхөд хүрүүлбээс хувилгаан багшийн захисан сургаалаас зөрөх тул дүү би энэхүү тохиолыг алдаж үл болмуй. Дүү би мөн даруй цэрэг дайчлан нэхэмжилж тухайг үзэж гэсгээн дагуулсугай хэмээсэнд Сүн Жян сэхэсхийн баярлаж харамж өгөөд олон жанжин лугаа цэрэг морийг авч хүрээндээ эгэв. Гүн Сүньшэн-ийн бие Фань Руй, Шань Тингүй, Вэй Дингуо-ын хамт нэгэн түмэн цэргийг авч Чяо Дао Чин-г нэхэмжлэхээр мордсоныг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Чяо Дао Чин, Фэй Жэнь, Сюай Цань лугаа таван мянган дарагдсан цэргээ авч Жао Дэ хотын баруунаа хүрч хаалгаар орсугай хэмээтэл гэнэт хэнгэрэг бүрээ зэргээр дуугараад, өмнө этгээдийн ягч шугуйгаас нэгэн багийн цэрэг морь нисэх мэт довтлон гарч ирэв. Үзвээс ягжгар барс Ван Ин бяцхан Жин дэ Сүнь Синь хоёул таван мянган цэрэг дагуулан зам хөндөлсөн зогссонд Фэй Жэнь, Сюай Цань үхэхвэр байлдан хаасныг шувтлан буруулав. Сүнь Синь, Ван Ин хоёул Гүн Сүньшэн-ийн захиаг дагаж түүнийг хотод оруулсангүй, умарш тавин илгээж хойноос нэхэмжилсэнгүй. Төдийд хот сахисан жанжин түшмэл хэдийн Чяо Дао Чин-ийн увдис эвдэрч ихэд дарагдсан ба Сүн улсын цэргийн сүр их л бадарсныг сонсоод хотыг алдах болуузай хэмээн дөрвөн хаалгыг чанга дараад аймшиггүй өмөглөхөөр гарсангүй болой. Түүнээс удсангүй Сүнь Синь, Ван Ин хоёул үзвээс Гүн Сүньшэн бээр Фань Руй, Шань Тингүй, Вэй Дингуо-ын хамт цэрэг дагуулан нисэх мэт нэхэмжлэн ирэв. Гүн Сүньшэнь өгүүлрүүн: - Хоёр жанжин хүрээнээ эгж бие амрагтун. Ядуу бумба миний бие түүнийг нэхэмжилсүгэй хэмээвээс Сүнь Синь, Ван Ин цаазыг дагаж цайзнаа эгэв.

Тэр үе чив хэмээн тахиа цаг болсон ажгуу. Чяо Дао Чин-ийн бие Фэй Жэнь, Сюай Цань-ий хамт дарагдсан цэргээ дагуулан эзнээс салсан нохой өөшнөөс мултарсан загас мэт бальдан сандарч умарш буруулан эчихүйеэ, Гүн Сүньшэн араас Фань Руй, Шань Тингүй, Вэй Дингуо лугаа нэгэн түмэн цэргийг дагуулан тавихгүй нэхэмжлэн ирээд хашхиран өгүүлрүүн: - Чяо Дао чин хурдан мориноос бууж дагагтун, битгий эргүүтэн зөрүүлэгтүн! хэмээхэд Чяо Дао Чин морь тавин зугтах зуур өндөр дуугаар хариу өчрүүн: - Хэн хэмээвч өөрийн эзэнд үйлчлэх тул чи юун хэмээн ийнхүү шахамдуулмуй?” төдийд нар унаж бүрий тасарсан тул Сүн улсын цэрэг бамбар асаахад галын гэрэл дуалан өдөр мэт тунгалаг болов. Чяо Дао Чин зүүн барууныг үзвээс Фэй Жэнь, Сюай Цань тэргүүлэн гуч дөчин морьтон дагаж явмуй. Үлсэн цэрэг морь дөрвөн зүгт сарнин эчсэн тул эрдэнийн сэлмээ сугалан өөрийн хоолойг огтолсугай хэмээтэл Фэй Жэнь мэндэн сандан сэлмийг нь булаан аваад: - Улсын багш ийн үйлдэж болохгүй хэмээгээд хуруугаар өмнөх уулыг зааж өгүүлрүүн: - Энэ даваанд бие далдалж болмуй хэмээсэнд, Чяо Дао Чин арга мохож тэнхээ тасарсан тул хоёр жанжныг дагаж ууланд довтлон оров. Угт Жао Дэ хотын зүүн хойно этгээдэд Бай Гү Лин хэмээх нэгэн өндөр даваа байх бөгөөд энд Шэнь Нүн хаан зуун амууг амталсан учир ийнхүү нэрлэж Шэнь Нүн богдын сүмийг байгуулсан ажгуу.

Төдийд Чяо Дао Чин бээр Фэй Жэнь, Сюай Цань хоёр жанжны хамт Шэнь Нүн богдын сүмд шурган орвоос биеийн шадар арван хэдхэн морьтон үлдсэн ажгуу. Ганц Гүн Сүньшэн түүнийг дагуулан авсугай хэмээсэн тул түүнийг дутаалган ууланд оруулав. Бус бөгөөс цэрэг тавин нэхүүлсэн цаг нэгэн Чяо Дао Чин-г байтугай түмэн Чяо Дао Чин-г боловч алж чадмуй, сул үгийг нуршихгүй. Өгүүлэх нь Гүн Сүньшэн бээр Чяо Дао Чин-ийн Бай Гү Лин даваанд шурган орсныг мэдээд цэрэг морийг дөрвөн тийш хувааж цацар босгон хүрээ байгуулж Бай Гү Лин давааг дөрвөн талаас бүслэн хаав. Мөн шөнийн дэд жингийн үед зүүн баруун хоёр этгээдээс гэнэт галын гэрэл мандахуйяа нягтлан үзвээс Линь Чүн, Жан чин хоёр жанжин Сүн Сянь фэн-ийн зарлигаар тус бүр таван мянган цэрэг авч шөнө дүлээр цагдан байцаахаар ирсэн ажгуу. Тийнхүү Гүн Сүньшэн цэрэг морийг нийлүүлж, бүгд хоёр түмэн хүмүүн хүрээ салган буугаад Чяо Дао Чин-г уулнаа хаасныг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь, Сүн Жян жич өдөр Гүн Сүньшэн тэргүүлэн олон жанжин цэрэг авч Чяо Дао Чин-г Бай Гү Лин даваанд бүсэлснийг туршуулч ардаас олж сонсоод Ү Юн лүгээ хотыг эвдэх аргыг зөвлөөд их цэргийг эвхэн дайчилж Жао Дэ хотын ойр ирж жанжин цэргийг тэгшлэн салгаж Жао Дэ хотыг давхар давхар бүслэхүйеэ хот сахих жанжин Е Шэн нар цайзыг бэхлэн сахисан тул хэдэн өдөр дараалан байлдсан боловч хотыг эвдэж чадсангүй. Хотын өмнөх цацарт асан Сүн Жян хотыг эвдэж чадахгүйд дайсанд баригдсан Ли Күй нарын амь нас хааш болсныг мэдэхгүй хэмээн цухалдан уярч тэсгэлгүй нулимс унагахуйяа цэргийн багш Ү Юн ятган өгүүлрүүн: - Эрхин ах үүний тул сэтгэл зовох хэрэггүй. Ганц хэдхэн хуудас цаасыг хэрэглэвээс бардаагаар хотыг эвдэж болмуй хэмээхэд Сүн Жян яаран асууруун: - Цэргийн багш чамд ямар сайн арга баймуй? хэмээсэнд Ү Юн хуруугаа дарж алгуур аажмаар нэгэн аргыг хэлж гаргав. Ингэснээр атган зэвсгийг бялдахгүй өнчин хот эвдэрч, аруухан баатад зэвсэг хаясанаа зуун овогтон амжээ. Эгнэгт Ү Юн ямар арга хэлж гаргасныг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top