Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 97 дугаар бүлэг

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 02

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
 

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

 

 ЧЭНЬ ХУАНЬ АЙЛТГАЛ ӨРГӨЖ ТОХРУУЛАГЧ ТҮШМЭЛД ДАВШСАН ЧЮН ИН

ЦЭРЭГ ДАЙЧИЛЖ ХОШУУЧ ЖАНЖНААР МОРДСОН

 

Өгүүлэх нь цэргийн багш Ү Юн урагш давшиж Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Хот доторх цэрэг морины хүчин баатар болов. Урагш өдөр Чяо Дао Чин-ийн гажуу увдист эрэмшин асан боловч энэ өдөр Чяо Дао Чин дарагдаж гаднаас өмөглөх хүчингүй болсныг сонсвоос эмээх үгүй ёс баймуй уу. Дүү би энэ өглөө үүлэн шатанд авиран нарийвчлан үзэхүл хотыг сахих жанжин цэрэг цөм эмээн цочих байдалтай тул түүний дашрамд нийлүүлэн тэдэнд хажуугаас ангижрах замыг нээн өгч, сөргүүгээс салах ёс ухуулан сонсвоос хот доторх цэрэг ард эрхгүй жанждаа баривчилж дагах бөлгөө. Ингэвээс бид зэвсгийг бялдахгүйгээр бартаагаар хотыг олж болмуй хэмээсэнд Сүн Жяних л баярлан: - Цэргийн багшийн арга их л сайн хэмээгээд мөн даруй хот дотор жанжин цэргийг ухуулан сэнхрүүлэх тунхгийг хэдэн арав сийрүүлэн гаргав. Түүний үг нь: Их Сүн улсын умрыг дайлах их Сянь фэн жанжин Сүн Жян бээр Жао Дэ Чэн хотыг батлан сахих цэрэг ардад ухуулан сургах нь: - Хулгай Тянь Ху самуун дэгдээсэн тул хуулийн ёсоор албаас зохимуй. Түүнийг дагагсдыг өршөөлтэйгөөр уучилсугай. Хотыг сахисан жанжин цэрэг гажууг гэгээн төвийг дааж, буруугаа халан зөвөөр явж, цэрэг ардаа дагуулан хаалгыг нээн оруулж авахыг дагаваас лавтайяа хан төрд айлтган мэдүүлж, ялыг хэлтрүүлэн хүндэд хэрэглэмүй. Цэрэг жанжин буруугаа үхэн баримталбаас, таны зэргийн цэрэг ард Сүн улсын шударга ард тул их журмыг түргэнээ үүсгэж, жанжин түшмэлийг үтэр баривчилж, тэнгэрийн сүрийг эелэн дагатугай. Тэргүүлсэн гавъяатанд хүндэд шагнаж, цагт хас чулууг хамаарахгүй, хөгшин залуусыг ялгахгүй, хүйс тэмтрэн цаазаар авчмуй. Үүний тул ухуулан сургав хэмээжээ. Түүнээс Сүн Жянь цэрэгт захиа уламжлан ухуулан сургах зар бичгийг зэвийн үзүүрт уяж зүг зүгээс хот дотор харван оруул. Эл үүдийг байлдахаа түр зогсож, хот доторх байдлыг анхаарагтун хэмээв. Жич өдрийн тэнгэр гэгээрэх үед, хот дотор хашхирах дуу гарч дөрвөн хаалганд цөм бууж өгөх туг өлгөн, хотыг сахих жигүүрийн жанжин Жинь Дин, Хуан Юай хоёул цэрэг ардыг цуглуулан дэд жанжин Е Шэн, Ню Гэн, Лэн Нин гурвуулыг алж тэргүүнийг нь цавчиж аваад урт шурагт өлгөн Сүн улсын цэрэгт үзүүлэн тэмдэг болгосон хойно гяндангаас Ли Күй, Лү Жишэнь, Ү Сүн, Лю Тан, Бао Сюй, Сян Чүн, Ли Гүн, Тан Бинь нарыг тавин гаргаж, сүйхэнд суулгаж хотын хаалгыг цайтал нээж үдэн гаргав. Хот доторх цэрэг ард өнгөт цэцэгүзэмжит дэнлүү барин зээл гудамжнаа зогсож Сүн улсын цэргийг угтсанаа Сүн Сянь фэн их л баярлан, зам замын жанжинд захиа буулган цэрэг морийг хөдөлгөж дараа дараагаар хотод оров. Сүн улсын цэрэг зэр зэвсгээ хөдөлгөсөнгүй, зуун овогтонд үсэн төдий халдсангүйгээр хотыг олсонд цэрэг ардын баярлан түрхэлцэх дуу тэнгэр газрыг донсолгожээ. Түүний Сүн Жян бээр юаньшуай-н яаманд орж суусан хойно Лү Жишэнь зэргийн найман хүмүүн урагш ирж ёслон золгоод: - Эрхин ахад үнэхээр уулзан чадахгүй болов хэмээн бодов! Эдүгээ эрхин ахын гэгээн сүрээр дахиж нүүр уулзан чадсан нь үнэхээр зүүд зэрэглээ мэт хэмээхүйеэ Сүн Жян зэргийн олон хүний элэг зүрх игтлэн зэргээр нулимс унагав. Удсангүй Жинь Дин, Хуан Юай нар Вэн Күй, Цай Зэ, Ян Чүнь нарыг удирдан урагш ирж өвдөг нугалан Сүн Жян-д ёслон золгохуйяа Сүн Жян яаран хариу ёсолж түшиж босгоод: - Олон жанжин их журмыг үүсгэн хамаг амьтан зургаан зүйлийн амь насыг баталсан нь үнэхээр орчлон дэлхийд олдохуйяа бэрх гавъяа болой хэмээхүйеэ Хуан Юай нар өгүүлрүүн: - Тэнгэрийн сүрт эрт эс дагасан ялыг үл уучилбаас болох атал жанжин гэдрэг энэ мэт хүндэтгэн аваачих нь үнэхээр дахиж түрүүлсэн эцэг эх мэт болой. Их ачийг элэг зүрхнээ тэмдэглэж, үхэн үхтэл хариулсугай! хэмээгээд Лү Жишэнь, Ли Күй нар гяндан гэрт хулгайг харааж үхэвч үл дагах цөс зоригийг нэгэн зэрэг нарийвчлан тоочсоноо Сүн Жян нар сэтгэл эвхрэн нулимс унаган магтжээ. Ли Күй өгүүлрүүн: - Би сонсвоос хулгай бумба Бай Гү Лин даваанаа бүслэгдэн хаагдав хэмээмүү. Ли Күй би хулгай бомбыг зуун анги болгон цавчиж хорслоо тайлсугай хэмээсэнд, Сүн Жян өгүүлрүүн: - Эрдэмт багш Гүн Сүньшэн Бай Гү Лин даваанаа Чяо Дао Чин-г бүслэн авч, түүнийг оруулан авсугай хэмээмүй. Их багш Ло Жэнь Рэнь өөр сургаал байх тул дүү чи хөнгөнөөр үйлдэж болохгүй.” Лү Жишэнь бас хажуугаас: - Эрхин ахын захианаас ямар аюулгүй зөрчиж болмуй хэмээвээс Ли Күй сая эчихийг зогсов. Төдийд Сүн Жян зар тунхаг гарган зуун овогтныг тохруулсны хойно гурван замын жанжин цэрэгт шан хишиг тавьж Гүн Сүньшэн, Жинь Дин, Хуан Юай нарын гавъяаг илэрхийлэн бичүүлээд, хараахан цэргийн үйлийг зөвлөн суутал харуулын ард дотогш ирж хий хүлэгт Дай Зүн Жинь Нин[1]ээс эгж ирэв хэмээн мэдүүлсэнд Сүн Жян яаран оруул хэмээв. Дай Зүн ордноо орж ёслон золгосноо Сүн Жян Жинь Нин-ийн чимээг асуусанд, Дай Зүн өчрүүн: - Дүү би ахын зарлигийг хүлээн Жинь Нин-д хүрэхүйеэ түв хэмээн Лу жанжин хотыг байлдаж асан бөлгөө. Лү Жюнь И: “Миний бие хотыг байлдан авсан хойно чи сая хойш эгж Сүн Сянь фэн-д баярын чимээ сонсго” хэмээсэн тул би тэнд гурав дөрөв хоножээ. Жинь Нин-г шаардан байлдваас болохгүй тул мөн сарын шинийн зургааны шөнө их манан дэгдэж зүс царай танигдахгүй болсноо Лу Сянь фэн цэрэгт цааз зарлан өвсөн уутанд шороо дүүргэж хотын доор овоолуулав. Тэр шөнийн гуравдугаар жингийн үед хотын зүүн хойд этгээдийг сахих цэрэг баахан сул болсон тул манай цэрэг бие далдлан хотын хэрэмд авиран гараад хотыг сахисан арван гурван жанжныг алсанд, Тянь Бяо хойд хаалгаар шувтлан гараад амь буруулан зугтав. Үлдсэн жигүүрийн жанжин бүрнээ дагаж таван мянга гаруй байлдааны агтыг олж, хоёр түмэн цэргийг элсэн дагуулж үхсэн хүмүүнийг тоолбоос барахгүй. Лу Сянь фэн Жинь Нин хотыг байлдан эвдээд жич өдөр тэнгэр гэгээрч манан арилсан хойно амуулан тохруулах үйлийг хараахан зөвдөж атал Вэй Шэн хотод суусан Жинь Ван Тянь Ху, их жанжин Сүнь Ань-ийг юаньшуай болгож арван жанжнаар туслуулж, хоёр түмэн цэрэг захируулан өмөглөн байлдахаар илгээж эдүгээ хотоос арван газрын үзүүрт хүрээ буув хэмээн мэдүүлэв. Лу Сянь фэн-ийн бие Чинь Мин, Ян Хи, Оу Пэн, Дэн Фэй нарт захиа буулган цэрэг дагуулан угтан байлдуулж, өөрийн биеэр их цэргийг хөдөлгөж өмөглөн байлдав. Төдийд Чинь Мин, Сүнь Ань лугаа тавь жаран удаа зөрөлдөж дийлэн дийлэгдэх ялгараагүйд, Лу Сянь фэн хулгайн жанжин Сүнь Ань-ий энэ мэт эрэмгий баатрыг үзээд харанга цохиж цэрэг хураахуйяа Сүнь Ань бас цэргээ хурааж хойш буцав. Лу Сянь фэн цацарт эгсний хойно Сүнь Ань-ий хүчин чадал мохошгүй, хүчлэн байлдваас болохгүй, ганц арга үүсгэвээс сая эвдэж болмуй хэмээв. Жич өдөр, цэрэг морийг илгээж бүгүүлсэн хойно Лу Сянь фэн өөрийн биеэр жагсаалаас гарч Сүнь Ань лугаа байлдаж тавин хэдэн удаа болохуйяа, гэнэт Сүнь Ань-ий морь хөл алдан бүдэрсэнд тэр тонгорцоглон унажээ. Лу Сянь фэн их дуугаар: - Энэ болбоос байлдан дийлэгдсэн осол бус, хурдан морь сольж дахин байлдахаар ирэгтүн хэмээн зандарсанд Сүнь Ань жагсаалд буцан морь сольж унаад Лу Сянь фэн лүгээ бас тавин хэдэн удаа зөрөлдөв. Лу Сянь фэн дийлэгдсэнээр овлон Сүнь Ань-ийг өдөөж их шугуйн хажууд дагуулан аваачсанд гэнэт үхэр буу дуугарч хоёр этгээдийн бүгсэн цэрэг цугаар гарч ирж Сүнь Ань-ийг гар хөдлөн завдахын урьд морийг дээсээр торгоосонд тэр тонгорцоглон унав. Олон цэрэг урагш дэвхрэн хүмүүн морьтой нь амьдаар барьсанд арын жагсаалаас Чинь Ин, Лу Чин, Яо Юай нар морь довтолгон ирж Сүнь Ань-ийг тэнхрүүлсүгэй хэмээтэл Ян Хи, Оу Пэн, Дэн Фэй гурвуул угтан авч гурван хос жанжин нэгэн зэрэг зууралдан байлдахуйяа Ян Жигэнэт их дуугаар зандарч нэгэн жадаар Чинь Ин-г жадалж мориноос унагаав. Оу Пэн бас завшааныг үзэж Лу Чин-ийн жаднаас хэлбийсхийн зайлсанд Лу Чин хоосныг жадалж бие эргэн завдахаас өмнө Оу Пэн түүний араас нэгэнт жадалж алав. Яо Юай хоёр жанжны мориноос унасныг үзээд морин жолоо дарж жагсаалын зүг буруулан эчтэл Дэн Фэй нэхэж гүйцээд төмөр суунагийг далайн гавал тэргүүнийг хэмх занчиж алав. Лу Сянь фэн цэргийг дохиж алан орсонд арын цэрэг их л дарагдан дөрөв таван мянган хүмүүн алагдаж арван газар ухран хүрээ буув. Манай цэрэг их л дийлж хотод орсонд цэргийн ард Сүнь Ань-ийг хүлж түлхлэн авчирснаа, Лу Сянь фэн өөрийн гараар түүний хүлээсийг тайлж хүндэтгэн зочлоод эзэн төрд эелэн дагагтун хэмээн ятгасанд Сүнь Ань бээр Лу Сянь фэн-ийн энэ мэт баатар зоригийг үзээд дуртайяа дагаж, Лу Сянь фэн-ийн зүг өгүүлрүүн: - Хотын гадна бас долоон жанжин, нэг түмэн таван мянган цэргийг авч сууж байх тул Сүнь Ань би дуртайяа хотоос гарч тэднийг хэлэлцэн дагуулсугай хэмээсэнд Лу Сянь фэн огт сэжиглэсэнгүй хотоос тавьж гаргав. Сүнь Ань ганц биеэр хойд хүрээнээ ирж долоон жанжныг хэлэлцэн дагуулаад Лу Сянь фэн-д ирж ёслон золгосноо Лу Сянь фэн их л баярлан дарсан ширээ засаж хүндэтгэн дайлав. Сүнь Ань өгүүлрүүн: - Сүнь Ань би Чяо Дао Чин[1]ийн хамт цэрэг авч Вэй Шэн хотоос гараад Чяо Дао Чин Ху Гуань боомтыг өмөглөн байлдахаар эчив. Энэ хүмүүн угаас солгой увдистай тул Сүнь Сянь фэн түүнд гэнэдэгдэх болуузай. Сүнь Ань би угаас Чяо Дао Чин лүгээ нэгэн нутгийн хүмүүн тул дуртайяа Ху Гуань боомтноо эчиж сураг чимээ сонсон Чяо Дао Чин-г хэлэлцэн дагуулж жанжин танай хүнд ачийг хариулсугай хэмээсэнд Лу Сянь фэн бээр түүний үгийг зөвшөөн дүү над лугаа баярын мэдээ сонсгохоор илгээв. Лу Сянь фэн бээр Шюань Цань, Хуа Сэ Вэнь, Люй Фан, Гуо Шэн нарт хоёр түмэн цэрэг өгч, Жинь Нин-г сахиулаад өөрийн биеэр үлдсэн жанжныг авч хоёр түмэн цэрэг дагуулаад Фэнь Ян-ийн зүг дайлахаар эчив. Өчигдөр Дай Зүн миний бие Сүнь Ань-ий хамт мордож замдаа хоёулаа хувилгаан хүрдийг уяж явсаар энэ өдөр өршөөлт эрхин ах чамайг Жао Дэ хотыг хааж Чяо Дао Чин-г бүсэлж баймуй хэмээн сонсоод хотын хаалган доор хүрч ирвээс ах чамайг хотод оров хэмээн сонсовч тухайлан цацрын өмнө ирж золгохоор ирэв. Сүнь Ань үүдэн гадна зарлиг хүлээж баймуй хэмээв. Сүн Жян их л баярлан Дай Зүн-ийг Сүнь Ань-ийг удирдаж дотогш оруул хэмээсэнд Дай Зүн захиаг хүлээж Сүнь Ань-ийг дагуулан ордноо орж ёслон золгов. Сүн Жян нүд өргөн үзэхүл Сүнь Ань-ийн төрсөн байдал тэсгэлгүй сүр гэрэлтэй. Эгэл хүмүүнтэй адилгүй тул яаран индрээс бууж угтав. Сүнь Ань тэргүүн дарж мөргөөд: - Сүнь Ань би аюулгүй тэнгэрийн цэрэг лүгээ эсэргүүцэлдэж ял тэнгэрт тулав хэмээсэнд Сүн Жян хариу ёсыг гүйцэтгэж: - Жанжин гажууг тэвчин төвийг дагаж Сүн Жян миний хамт Тянь Ху-г устгаж эзэн төрд эгсэн хойно эрхгүй дээш айлтган мэдүүлж хүндээр хэрэглүүлсүгэй хэмээвээс Сүнь Ань хишигт мөргөв. Сүн Жян суудал хайрлаж хуримын ширээ засаж хүндэтгэн дайлахуйяа Сүнь Ань өгүүлрүүн: - Чяо Дао Чингийн гажуу увдис маш сүрхий, завшаанаар эрдэмт багш Гүн Сүньшэн увдисыг нь эвдэв хэмээсэнд Сүн Жян өгүүлрүүн: - Эдүгээ Гүн Сүньшэн бээр түүнийг оруулан авч төв ёсонд оруулсугай хэмээн гурав, дөрвөн өдөр бүслэн хаатал огт дагах санаагүй хэмээвээс Сүнь Ань өгүүлрүүн: - Энэ хүмүүн Сүнь Ань над лугаа зузаан нөхөрлөсөн тул дуртайяа эчиж хэлэлцэн дагуулахыг хүсмү” Сүн Сянь фэн их л баярлан Дай Зүн-г дуудаж Сүнь Ань-ий хамт Гүн Сүньшэн-ийн цэргийн хүрээнээ илгээв. Ёслон золгосон хойно Дай Зүн, Сүнь Ань хоёул ирсэн санааг нэгэн зэрэг нарийвчлан хэлсэнд Гүн Сүньшэн их л баярлан Сүнь Ань-ийг даваанаа гарч Чяо Дао Чин-г эрэн эч хэмээсэнд Сүнь Ань зарлигийг хүлээн гагц биеэр даваанаа гарахыг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь Чяо Дао Чин бээр Фэй Жэнь, Сюай Цань-ий хамт арван тав зургаан цэрэг дагуулан Шэнь Нүн богдын сүмд бие далдлан өдөр бүр сүмийн бумба нарын хоол хүнснээс хуваалцан идэж өдөр өнгөрөөж өл залгаж байсан бөлгөө. Энэ сүмд гуравхан бумба байх бөгөөд Чяо Дао Чин зэргийн олон хүмүүн тэдний бадарчлан цуглуулсан амуу хүнсийг хоосортол идсэн боловч бас тэдний хүмүүн олноос айж арга буюу уурыг дарж аргацаан өнгөрүүлмүй. Нэгэн өдөр, Чяо Дао Чин бээр хот дотор хашхирах дуун гарахыг сонсоод сүмийн өмнөх өндөр хаданд авиран гарч үзвээс хотыг бүсэлсэн их цэрэг нэгэнт үзэгдэхгүй болж, хаалгаар хүмүүн морь нааш цааш цувралдах тул Сүн улсын цэрэг хотод орсныг мэдээд урт шүүрс алдаж гуниан зогсож атал гэнэт ой дотроос нэгэн түлээчин эр сүүжиндээ сүх суйрч, дамнуураар таяг болгож хэлбэн дэлбэн алхаж, нэгэн дуу дуулсаар хадны доор хүрч ирэв. Дууны үгийг чагнаваас: Ууланд гарахуйяа онгоц сэлэх мэт Уулнаас буухуйяа урсгалыг дагах адил Онгоц сэлэхүйеэ биеийг хичээвээс зохином Урсгалыг дагахуйяа бие уртад амар Уулан оройд эдүгээ гарах нь Уулнаас буухыг төсөөлөн бодохын учраа хэмээжээ. Чяо Дао Чин бээр түлээчин эрийн ийн дуулахыг сонсоод их л цочиж: - Чи хот доторх чимээг мэдмүй үү? хэмээн асуусанд түлээчин эр хариу өчрүүн: - Жинь Дин, Хуан Юай хоёул дэд жанжин Е Шэн нарыг алж хотыг өргөн Сүн улсад эелэн дагав. Сүн улсын цэрэг, зэвсэг бялдсангүйгээр Жао Дэ хотыг олов хэмээсэнд Чяо Дао Чин их л цочиж: - Үзвээс ийм асан ажгуу хэмээв. Түлээчин эр хэлбэн дэлбэн алхсаар хадыг ороон хойш эчив. Чяо Дао Чин баахан алмайран зогсож атал морь унасан нэгэн хүмүүн уулын замыг өлгөн сүмийн зүг чиглэн ирэх тул хаднаас бууж нарийвчлан үзээд их л цочив. Үзвээс ирэх хүмүүн түв хэмээн юаньшуай Сүнь Ань асан ажгуу. Төдийд Чяо Дао Чин дотроо: - Тэр юунд энэ газар ирэв? хэмээн бодож атал Сүнь Ань хэдийн өмнө хүрч ирээд мориноос бууж ёслон золгосонд Чяо Дао яаран: - Юаньшуай цэрэг дагуулан Жинь Нин-г байлдахаар эчсэн атал юунд ганц биеэр энд хүрч ирэв? Уулан доорх цэрэг морь зам хашсангүй юу? хэмээвээс Сүнь Ань өгүүлрүүн: - Эрхин ах лугаа хэлэлцэх нэгэн чухал явдал баймуй хэмээн түүнийг улсын багш хэмээн дуудсангүйд Чяо Дао Чин хэдийн гурван хувь сэжиглэв. Сүнь Ань өгүүлрүүн: - Хоёул түр сүмд хүрч нарийвчлан тоочсугай хэмээн хоёул сүмд орсон хойно Фэй Жэнь, Шюай Цань нар цөм ирж ёслон золгов. Сүнь Ань үг гаргаж Жинь Нин-ийн эзэн төрд дагасан үйлийг нэгэн зэрэг тоочин хэлсэнд, Чяо Дао Чин огт дуун гарсангүй. Сүнь Ань өгүүлрүүн: - Эрхин ах битгий сэжиглэгтүн. Сүн Сянь фэн адбиш итгэл журамтай тул бид түүний цацрын өмнө үйлчилж эзэн төрд эелэн дагаваас хожмын өдөр хэрхэвч хоосон болохгүй. Сүнь Ань би тухайлан энэ хэргийг зөвлөсүгэй хэмээн эрхин ахад бараадахаар ирэв. Урагш өдөр эрхин ах та уулын багш ЛоЖэнь Рэнь-ийг сурвалжлан асуусан бус уу? хэмээхүйеэ Чяо Дао Чин яаран: - Үүнийг чи хэрхэж мэдэв? хэмээн асуусанд Сүнь Ань өгүүлрүүн: - Уулын багш Ло Жэнь Рэнь чам лугаа уулзсангүй. Тухайлан номын шавьд захиж: “Дэ-д тохиолдвоос шимнуг дарангуйлмуй” хэмээн хэлүүлснийг умартсан буюу? хэмээвээс Чяо Дао Чин яаран: - Юунд умартах аж” гэв. Сүнь Ань өгүүлрүүн: - Чиний увдисыг эвдсэн тэр хүмүүнийг чи танимуй уу хэмээхүл Чяо Дао Чин өгүүлрүүн: - Тэр болбоос миний өшөөтөн бөлгөө. Түүнийг Сүн улсын цэргийн доторх хүмүүн хэмээн мэдмүй. Уг ирэлтийг нь үл мэдмүй” Сүнь Ань өгүүлрүүн: - Тэр хүмүүн болбоос уулын багш Ло Жэнь Рэнь-ий шавь, нэр нь Гүн Сүньшэн хэмээмүй. Эдүгээ Сүн улсын цэргийн дэд жюньши[1]ийн тушаалд баймуй. Саяын энэ номын үгийг мөн энэ хүмүүн надад хэлж өгөв. Энэ хотыг Жао Дэ Чэн хэмээмүй. Эрхин багшийн увдис эвдэрсэн нь түв хэмээн Дэ-д тохиолдвоос шимнуг дарангуйлмуй” хэмээх үгэнд нийцсэн бус уу. Гүн Сүньшэн хэмээгч төв ёсыг бясалгасан хүмүүн тул чамайг гэсгээн ухааруулж нэгэн хамтаар төв ёсыг хичээсүгэй хэмээн цэрэг мориор өндөр уулыг бүсэлсэн боловч уулнаа гарч авгай чамайг баривчилсангүй. Түүний эрдэм чамаас хэтийдэх тул хэрвээ чамайг хөнөөсүгэй хэмээвээс ямар бэрх газар баймуй? Ийнхүү эрхин ах битгий мунхгаар үйлдэгтүн хэмээхүйеэ Чяо Дао Чин сая зүүднээс сэрсэн мэт болж Сүнь Ань лугаа Фэй Жинь, Сюай Цань нарыг авч даваанаас бууж Гүн Сүньшэн-ийн цацарт хүрч ирэв. Түүнээс Сүнь Ань цэргийн цацарт орж мэдүүлснээ Гүн Сүньшэн цацрын өмнө гарч угтав. Чяо Дао Чин цацарт орсон хойно ялыг гуйж мөргөн өгүүлрүүн: - Эрдэмт багш өршөөл журмыг санаж Чяо Дао Чин миний нэгэн хүмүүний төлөө их цэрэг морийг зүдээсэн тул миний ял гүехэн бус! хэмээхүйеэ Гүн Сүньшэн их л баярлаж хариу ёслоод зочны ёсоор хүндэтгэн зочлов. Чяо Дао Чин бээр Гүн Сүньшэн-ийн энэ мэт өршөөл журамтайг үзээд: - Би нүд байгаад сайн хүмүүнийг таньсангүй. Эдүгээ би их багшийн хойно өмнө үйлчилбээс үнэхээр түмэн завшаан болой хэмээв. Гүн Сүньшэн захиа уламжлан уулыг бүсэлсэн цэрэг морийг хойш ухруулагтун хэмээсэнд Фань Руй зэргийн олон жанжин нар цацар майхныг эвхэн хураав. Гүн Сүньшэн бээр Чяо Дао Чин, Фэй Жэнь Сюай Цань нарыг дагуулж хотод орж Сүн Сянь фэн-д ёслон золгосноо Сүн Жян хүндэтгэн зочилж сайн үгээр тохруулсанд Чяо Дао Чин үүнийг үзээд элэг зүрхнээ нэнд биширчээ. Дэмий удсангүй Фань Руй, Шань Тингүй, Вэй Дин Гуо, Линь Чүн, Жан Чин нар дараа дараагаар хүрч ирсэнд Сүн Жян цааз зарлан цэрэг морийг дуустал хотод оруулж буулгаад их хурим тавьж баярлан уулцав. Дарс уух зуур Гүн Сүньшэн бээр Чяо Дао Чин-ийн зүг өгүүлрүүн: - Авгай чиний увдис дээдэд болбоос хэдэн галавыг өнгөрөөн сэтгэлийг засаж хоосны мөрийн гурван самадийг олж, увдис улируулах бурхан бодисатва-д хүрэхгүй. Дунддад болбоос хэдэн арван он агуй дүнд сууж ус, галыг боловсруулан, хэвлий төрлийг сольж, рид шидийг бясалган орчлонгийн улаан тоосноос ангижирсан гучин зургаан агуу дүнгийн бумба хувилгаанд тэнцэхгүй бөлгөө. Чи гагц хэдэн тарнийн хүрдэнд эрэмшин нэгэн цагт бачлан, тэнгэр газрын шим хүчийг хулгайлж, чөтгөр сахиусны увдисыг зээлсэн тул чиний энэ увдисыг бурхан бодисатва[1]ын ёсонд “Очирваанийн солгой увдис” хэмээх бөгөөд бумба хувилгааны сургаалд болбоос “гажуу увдис” хэмээмүй. Чи хэрвээ энэ сургаалаар улаан тоосноос ангижран богд хувилгааны мөрд орсугай хэмээн бодвоос үнэхээр мянган галавын ичгүүр бус уу! хэмээсэнд Чяо Дао Чин сая унтсанаас сэрсэн мэт их л цочиж Гүн Сүньшэн-г багш барин ёслов. Сүн Жянь нар Гүн Сүньшэн[1]ийн энэ мэт ил далдад нэвтэрч нарийвчлан сургахыг сонсоод зэрэг зэргээр түүний хувилгаан эрдмийг биширч архин ширээ тархав. Нэгэн шөнө үггүй. Жич өдөр Сүн Жян бээр Сяо Ран-г дуудан Жинь Нин, Жао Дэ хоёр фү-г олов хэмээн эзэн төрд айлтгал бичүүлж, бас Вэйжоу, Жинь Нин, Жао Дэ, Гайжоу, Лин Чуань, Гао Пин зэрэг зургаан жоу сянь-ий албан яаманд хэрэг мэдэгч түшмэл дутах тул эрдэмтэн мэргэдийг сонгож тушаалд түргэн илгээхийг тэнгэрийн хөвүүнд айлтган мэдүүлэх болов уу хэмээн Жин балгасны Су Тайюй-д өргөх бичиг үйлдүүлэн Дай Зүн-г дуудаж хуудас бичгийг авч үтэр түргэн морд хэмээн захив. Түүнээс Дай Зүн захиаг хүлээн боодол даалинг багцалж, хуудаст бичгийг аваад цэргийн ардаас нэгэн хурц шаламгай хүмүүнийг сонгон шадар дагуулж, Сүн Сянь фэн-ээс салан увдис үүсгэн явсаар жич өдөр эзэн нийслэл Дунжин хотод хүрч, урьдаар Су Тайюй-н ордны өмнө ирж сураглан асууваас Су Тайюй ордондоо байсан тул ордны доторх Ян овогт нэгэн юй хоу түшмэлд уулзаж бага сага мөнгө хүргээд хуудаст бичгийг эрхин Тайюй-д уламжлан өгмүй хэмээн гуйснаа Ян юй хоу бичгийг авч дотогш оров. Удсангүй Ян юй хоу гарч ирээд: - Тайюй түшмэл захиа уламжлан чамайг удирдан оруул хэмээмүй хэмээсэнд Дай Зүн юй хоу түшмэлийг дагаж дотогш эчвээс Су Тайюй түв хэмээн танхимд сууж хуудаст бичгийг үзнэм бөлгөө. Дай Зүн урагш давшиж мөргөн золгосонд, Су Тайюй өгүүлрүүн: - Хуудаст бичиг ирүүлсэн нь юутай сайн болсон аж! Урагш өдөр Цай Жин, Тун Гуань, Гао Чиү нар эзэн хааны өмнө чиний ах Сүн Жян-г жанжин цэргийг хохируулж улс гүрний сүрийг гутаав хэмээн дураар гүтгэж ял асууваас зохимуй хэмээн айлтгав. Эзэн хаан тогтоон чадахгүй түдгэлзэж атал Юй Жэн Янь түшмэл Чэнь Хуань айлтгал өргөж Цай Жин, Түн Гуань, Гао Чиү нар шударга журамтныг гүтгэн, Аруухан баатрыг гадарчилж баймуй. Сүн Жян зэргийн олон жанжин эдүгээ цэрэг морийг дайчлан хавчил боомт Ху Гуань-ийг гэтлэв. Ийнхүү дээдийг бачилсан Цай Жин зэргийн хүмүүсээс ял асууваас зохимуй хэмээн голч шударгаар айлтгаснаар Цай тайш лугаа өстэй болж, Цай Жин түүний өө сэвийг эрж ял тулгасугай хэмээж баймуй. Өчигдөр Цай Жин бээр эзэн хаанд: “Чэнь Хуань эртний Яо хааныг бишрэн шүтэж Шэнзүн хааныг Яо хаан болгон шүтжээ. Түүний санаа нь эзэн хааныг доромшоох тул Чэнь Хуань-д дээдийг доромшоосон ял тулгаваас зохимуй” хэмээн айлтгасанд завшаанаар эзэн хаан ял асуусангүй. Энэ өдөр баярын мэдээг олсон нь Чэнь Хуань-д баяр болох бөгөөд бас миний өвчүү цээжниймаш олон зовлонг арилгах бөлгөө. Маргаадар өглөөний бараалалд би энэ баярын мэдээг эзэн хаанд айлтган сонсгосугай хэмээсэнд Дай Зүн хишигт мөргөн ордноос гарч хонох газар эрэн захиа хүлээхийг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь, жич өглөө Су Тайюй дотоод ордноо орсонд эзэн хаан Дао Жюнь хаан Вэнь Дэ Дянь харшнаа заларч бичиг цэргийн түшмэлийн мөргөхийг хүлээх тул Су Тайюй олны сүргээс хэхэлзэн гарч өвдөг нугалан сөгдөөд түмэн наст хэмээн дуудсан хойно Сүн Жян зэргийн олон жанжин Тянь Ху-г дайлахаар мордоод дараа дараагаар зургаан жоу сянь-ий газрыг байлдан авч, баярын сэтгүүл довтолгов хэмээн айлтгасанд эзэн хааны луун царайд мөшөөх дүр илрэв. Су Юань Жин бас айлтгаруун: - Баруун этгээдийн Жэн Янь түшмэл Чэнь Хуан бээр эрт цагийн Яо хааныг бишрэн шүтэж язгуурын богд Шэньзүн хааныг Яо лугаа адилтган эдүгээ цагийн тэнгэрийн хөвүүнийг Шүнь хаан хэмээн шүтсэн нь чухам ямар ялтай аж? Чэнь Хуан угаас үг өгүүлэл төв чигч, учир явдалд шударга голч бөгөөд аюулхай цээжнээ арга бодлого үлэмж тул зэрэг тушаал нэмэн өгч Хэбэй газрын цэрэг морийг шаардан захирах түшмэл болговоос эрхгүй их гавъяаг бүтээж болмуй хэмээхүйеэ тэнгэрийн хөвүүн айлтгалыг зөвшөөж: - Сайд Чэнь Хуан-ы угийн тушаал дээр дотоод цэргийн хэргийг захирах яамны нийлэн мэдэгч түшмэл нэмэн өгч, бас тохруулагч түшмэл ань фү болгон хоёр түмэн шадар цэрэг өгч, Сүн Жян-ын цэргийн хүрээнээ илгээн цэрэг морийг шаардан байлдуулсугай. Хааны сангаас алт, мөнгөний зүйлийг гаргаж жанжин цэрэгт шан хишиг хүртээгтүн хэмээн зарлиг буулгав. Түүнээс чао тархсан хойно Су Тайюй ордондоо эгж Дай Зүн-г дуудан хариу бичгийг тушааж хааны зарлигийг уламжлан сонсгосонд, Дай Зүн бээр Су Тайюй-ээс ёслон салж Дунжин хотоос гараад хувилгаан увдисыг улируулан нисэх мэт замнасаар дэд маргаадрын өдөр Жао Дэ Чэн хотод хүрч ирэв. Эчиж ирэхийг бодвоос сая дөрвөн өдөр болжээ. Түүнээс Сүн Жян цэрэг морийг тэгшлэн байлдах үйлийг хараахан зөвлөн бүхийд Дай Зүн эгж ирэв хэмээн мэдүүлэв. Удсангүй Дай Зүн дотогш орж Су Тайюй-н хариу бичгийг өргөн барьсанд Сүн Жян бичгийг задалж дуудан бараад бичигт өгүүлсэн үйлийг зүй зүйгээр нарийвчлан хэлсэнд олон жанжин зэргээр өгүүлрүүн: - Завшаанаар Чэнь Ань Фү энэ мэт цөс зоригтой тул бид энэ мэт хүчлэн зүтгэвч бас хоосонгүй хэмээв. Сүн Жян бээр эзэн хааны зарлигийг хүлээсэн хойно цэрэг ормуй хэмээн цааз зарласанд олон жанжин зарлигийг сонсож цэрэг морийг тэгшлэн хотыг сахихыг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Жао Дэ Чэн хотын хойнох Лу Чэн Сянь-ий газар болбоос тус жоу-ийн харъяат сянь бөлгөө. Лу Чэн Сянь-ийг сахисан жанжин Ти Фан бээр Чяо Дао Чин-ийн бүслэгдэн хаагдсан чимээг сонсоод шөнө дүлээр хүмүүн зарж Вэй Шэн хотод илгээн Тянь Ху-д бачим болсныг мэдүүлэв. Тянь Ху-ын гар доорх хуурмаг дотоод явдлын яамаар Лу Чэн Сянь-ий яаруу бачим чимээг олоод Тянь Ху-д айлтган мэдүүлсүгэй хэмээж атал харуулынард дотогш ирж Жинь Нин-ийн газрыг алдаж, их вангийн гуравдугаар дүү Тянь Бяо ганц биеэр буруулан хааш эчсэнийг мэдэхгүй хэмээн айлтгаж барахын урьд Тянь Бяо хүрч ирэв. Төдийд Тянь Бяо бээр дотоод явдлын яамны түшмэлийн хамт ордонд орж Тянь Ху-д ёслон золгосноо Тянь Бяо дуу тавин уйлж: - Сүн улсын цэргийн сүр хүчин их тул Жинь Нин газрыг алдаж хөвүүн Тянь Ши-ийг алуулж сайд би арай хэмээн амь зугтан дутааж ирэв. Сайд би жанжин цэргийг хохируулж хот балгасыг алдсан тул дуртайяа үхэхүйг хүсмү хэмээгээд бас нэгэн зэрэг гашуудан уйлав. Дотоод явдлын яамны түшмэл хажуугаас айлтгаруун: - Түшмэл би саяхан Лу Чэн Сянь[1]ий бачим айлтгалыг хүлээн олов. Айлтгалд улсын багш Чяо Дао Чин бээр Сүн улсын цэрэгт бүслэгдэн хаагдаж Жао Дэ Чэн хотын эвдрэх нь өглөө үдшийн хооронд болов хэмээн мэдүүлжээ.” Тянь Ху сонсоод их л цочиж бичиг цэргийн түшмэлийг цуглуулан зөвлөхүйеэ баруун этгээдийн улсын чэнсян тайш түшмэл Бянь Сян, дотоод явдлын яамны шүми түшмэл Пань Чуань, цэрэг морийг захирах их жанжин Ма Лин нар урагш давшиж зөвдөн өгүүлрүүн: - Эдүгээ Сүн Жян хязгаарыг халдан, хоёр их жюнь-ий газрыг эзлээд, маш олон жанжин цэргийг алж, улсын багш Чяо Дао Чин бас бүслэн хаагдсан тул чухам хэрхвээс сайн? хэмээхүйеэ улсын нагац Ү Ли айлтган өгүүлрүүн: - Эзэн гүн сэтгэл зовних хэрэггүй. Сайд би угаас улс гүрний хишиг пүнлүүг хүртсэн тул дуртайяа өдөр хугацаа болзон цэрэг үүсгэж Жао Дэ хотыг байлдан Сүн Жян зэргийн хүмүүсийг амьдаар баривчлан алдсан газрыг эгүүлэн авсугай хэмээв. Үзвээс улсын нагац Ү Ли болбоос угт нэгэн баян гэрийн эзэн бөгөөд хараахан багаас зэвсэг бүжиглэхүйд мэргэшиж хоёр мөрөнд мянган жинг өргөх хүчтэй, хүчит нум хэрэглэхүйд цагаарч тавин жин хүнд дам илдийг хэрэглэх бөлгөө. Түүнд нэгэн бага охин дүү буй. Өнгө зүс үзэсгэлэн гоо тул Тянь Ху түүнийг эхнэр болгон авч, Ү Ли[1]ийг шүми түшмэл өргөмжилж, улсын нагац хэмээн дууджээ. Төдийд улсын нагац Ү Ли бас айлтгаруун: - Сайд миний охин Чюн Ин урагш өдөр нэгэн сахиусанд учирч цэргийн эрдэм заалгав хэмээн зүүдэлж цочин сэрвээс хоёр мөрөнд гэнэт олноос цуурхай хүч чадалтай болов. Цэргийн зэвсэгт нэвтэрсэн бөгөөд бас нэгэн зүйлийн этгээд гайхалтай эрдмийг сурчээ. Чулуу шүүрэн жигүүртнийг цохивоос нэг ч алдахгүй тул хүмүүн түүнийг “нисэх зэвт” хэмээн дуудмуй. Сайд би бага охин Чюн Ин-г баталж хошууч жанжин болговоос хулгайг эрхгүй дийлмүй хэмээхүйеэ Тянь Ху тэр даруй зарлиг буулган Чюн Ин-г хошой авхай хэмээн өргөмжлөв. Ү Ли хишигт мөргөсөнд цэрэг морийг захирах их жанжин Ма Лин айлтгаруун: - Сайд би дуртайяа цэрэг морийг авч Фэнь Ян-ийн хулгайг байлдан ухруулсугай хэмээхүйеэ Тянь Ху их л баярлаж тэд хоёулд цөм алтан тамга барсын туг гэрэлт сувд гэгээн чандманийг шагнахуйяа Ү Ли, Ма Лин хоёул тус тус гурван түмэн цэрэг авч мордов. Түүнээс их жанжин Ма Лин жигүүрийн жанжин цэргийг хөдөлгөн Фэнь Ян-ийн зүг орохыг өгүүлэхгүй. Өгүүлэх нь улсын нагац Ү Ли эзний зарлигийг хүлээн жанжин зарлах тайзанд гарч гурван түмэн гавшгай цэргийг шилэн аваад зэр зэвсэг хуяг дуулгыг тэгшлэн бага охин Чюн Ин-г өмнөд цэрэг морийг захирах хошууч Сянь фэн болгон, дотоод ордонд орон Тянь Ху-д салах ёсыг гүйцэтгэн цэрэг морийг хөдөлгөв. Бага охин Чюн Ин эцгийн зарлигийг хүлээж өмнөд цэрэг морийг захиран Жао Дэ хотыг чиглэн мордов. Эмэгтэй жанжин аян дайнд мордсоноор цэвэр охин тэнгэр газрыг хамт үл шүтэх өсийг зангидан цээж баатар ятга хөгжим цугаар дэлдэх нөхөр ханийг олмуй. Эгнэгт залуу охин Чюн Ин-ийн хэрхэн байлдахыг мэдсүгэй хэмээвээс түр доод бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top