Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЖАН ЧИН ХУВЬ БАРИЛДЛАГААР ЧЮН ИН-ТЭЙ ХОЛБОСОН Ү ЮН ХОРТ ДАРСАЕРЭН НАЙМДУГААР БҮЛЭГ ЖАН ЧИН ХУВЬ
БАРИЛДЛАГААР ЧЮН ИН-ТЭЙ ХОЛБОСОН Ү ЮН ХОРТ ДАРСАН
Өгүүлэх нь улсын нагац Ү Ли бээр бага охин Чюн Ин-г хошууч болгож, өөрийн биеэр их цэргийг хөдөлгөж хойноос мордов. Бага охин Чюн Ин энэ жил түв хэмээн арван зургаа насалж өнгө зүс цэцэг хуар мэт гоо үзэсгэлэн, угаас Ү Ли-ийн төрсөн охин бус бөлгөө. Чюн Ин[1]ийн дээдийн овог Чоу, эцгийн нэр Шэнь, өвөг дээдээс Фэнь Ян фү-ийн Же Сю сянь-ий Мянь Шан хэмээх газар суужээ. Энэ Мянь Шан хэмээх газар болбоос эртний Чүнь Чю-ийн үе дэх Жинь Вэнь Гүн бээр бие давшиж чадахгүйдээ түв хэмээн энэ газар сууж тариалан үйлдсэн ажгуу. Чюн Ин[1]ийн эцэг Чоу Шэнь гэр асар баялаг дээр тавин насыг өнгөртөл хөвүүн үгүй бөгөөд хожим бас авааль эхнэр нөгчсөн тул Пин Яо Сянь-ий Сүн Ю Ле-ийн охиныг авч хойд эх эхнэр болгоод сая Чюн Ин-г төржээ. Чюн Ин-г арав насалсан тэр жил Сүн Ю Ле нас барснаа охин Сүн Ши эр Чоу Шэнь-ий хамт эцгийн бэлэвсрэлийг гүйцээсүгэй хэмээн эчив. Пин Яо сянь болбоос Же Сю сянь-ий зэргэлдээ газар болох бөгөөд хоорондоо далан газар зайтай бөлгөө.
Тэр үед Сүн Ши бээр эцгийн бэлэвсрэлд яарч зам хол учраа бага охин Чюн Ин-г дагуулсангүй, гэрийн үйлийг хамаарах Е Чин эр эм хоёулыг дуудаж бага охиныг харгалзан үзэж байгтун хэмээн тушааж эрийн хамт зам хөөж явтал гэнэт нэгэн сүрэг хүчирхэг хулгайд тохиолдсоноо олон хулгай бээр Чоу Шэнь-ийг алж, гэрийн ардыг хөөн сарниулж түүний эм Сүн Ши-ийг уулгалан булаажээ. Гэрийн ард яаран буруулсаар Е Чин-д ирж мэдүүлэв. Тэр Е Чин хэмээгч хэдий гэрийн үйлийг хамаарагч бага ард боловч журам ёсыг хичээж бялуу шийдэмд бас нэлээд цагаарсан хүмүүн ажгуу. Е Чин[1]ийн эхнэр Ань Ши болбоос хичээнгүй болгоомжтой хүмүүн, Чоу Шэнь[1]ий хулгайд алагдсаныг сонсоод Е Чин түүний төрөл саданд мэдүүлж, нэгэнтээгүүр албан яаманд эчиж хүчирхэг хулгайг нэхэмжлэн бариму хэмээн айлтгаад, нөгөөтээгүүр гэрийн эзний хүүрийг оршуулав.
Чоу Шэнь[1]ийн төрөл садан зөвлөн овог угсааны хүнээс нэгэн хүмүүнийг гаргаж Чоу Шэнь-ий адал хөрөнгийг залгамжлуулав. Е Чин, эхнэр Ань Ши лүгээ бага авхай Чюн Ин-г асран харгалзав. Түүнээс нэгэн жилийн сүүлээр, Тянь Ху самууныг үүсгэн Вэй Шэн хотыг байлдан эзлээд Ү Ли-д цэрэг өгч ойр хавийн гацаа тосгоныг булаан дээрэмдүүлэв. Ү Ли хулгайд дагуулан Же Сю сянь-ий Мянь Шан газар ирээд эд ашгийг булаан, эхнэр охидыг бузарлан зуун зүйлээр түйвээснээ Чоу Шэнь[1]ий адал хөрөнгийг залгамжилсан тэр хүмүүн бас самуун цэрэгт алагдаж,
Чин эр эм хоёул жич бага охин Чюн Ин бас хулгайд баригдав. Төдийд Ү Ли хараахан хөвүүн үгүй тул бага охин Чюн Ин-ийн гоо үзэсгэлэнг үзээд үр болгон авсугай хэмээн эхнэр Ни Ши-д учруулав. Түүний эхнэр Ни Ши угаас хүүхэдгүй учраа Чюн Ин-г үзмэгц их л хайрлан өөрийн биеэс төрсөн хүүхэн мэт үрчлэн санажээ. Чюн Ин хараахан багаас цэцэн сэргэлэн, ухаан томоотой, эцэг эх нь хажууд үгүй өөрийн бие бас дутаан гарваас болохгүйг бодоод Ү Ли жич түүний эхнэр Ни Ши-д хэлж Е Чин-ийн эм Ань Ши-ийг ордноо дуудан оруулж биеийн шадар үйлчлүүлсэн тул Ань Ши лүгээ их л дасалцаж сүүдэр мэт дагаж салан түвдэхгүй болов. Тэр Е Чин хулгайд баригдаад дутаан гарсугай эмээсэн боловч дотроо бас: - Бага охин Чюн Ин болбоос миний гэрийн эзний орчлон дэлхийд үлдээсэн үрийн ганц үндэс бөлгөө. Би хэрвээ дутаан эчвээс түүний амь нас хааш болохыг мэдэхгүй.
Завшаанаар миний эхнэр бас энд байхуй тул тохиолыг үзэн бие мултран зовлонгоос зайлан гарч чадваас Чюн Ин-ийн эцэг эх бас есөн булгийн доор сэтгэл амар болох бус уу хэмээн бодоод арга буюу Ү Ли-д дагажээ. Хожим цэргийн гавъяа байгуулснаа Ү Ли бээр Ань Ши-г Е Чин-д эгүүлэн өгсөн тул Ань Ши эхнэр үргэлж ордноо орж бага охин Чюн Ин-д сураг чимээ хэлж өгөх болов. Хожим Ү Ли бээр Тянь Ху-д айлтган Е Чин-г Зүн гуань түшмэл болгон өргөмжлүүлэв. Нэгэн өдөр Ү Ли бээр Е Чин-г дуудан Ши Ши Шань уулнаа цэцэг чулуу түүлгэхээр илгээсэнд доорх цэргийн ард өмнөх нэгэн их хадыг зааж: - Энэ хадны доор нэгэн хэсэг сайхан чулуу баймуй. Түүний өнгө цас мэт цагаан бөгөөд огтхон ч өө сэвгүй бөлгөө. Нэгэн удаа нутгийн иргэд түүнийг цавчин авсугай хэмээн эчсэнээ гэнэт аянга нижигнэж, хэд хэдэн хүмүүнийг нь айлгаж манаруулсанд нутгийн ард их л эмээж аймшиггүй түүнд халдахгүй болов хэмээхүйеэ Е Чин их л гайхаж цэргийн ардыг дагуулж өмнөш эчиж үзэхүл олон хүмүүн их л цочиж дуу алдан: - Сонин болой! Мөнөөхөн сая нэгэн хэсэг цагаан чулуу байсан бөлгөө.
Юунд харин эхнэр хүний хэлхээ яс болсон аж? хэмээхүйеэ Е Чин бас их л гайхаж нарийвчлан үзвээс үзвээс тэр хэлхээ яс чив хэмээн гэрийн эзэн эхнэрийн гавлын яс асан ажгуу. Нүүрийн өнгө амьд мэт огт хувилсангүй бөгөөд магнайн яс цөмөрсөн нь илэрхийеэ хад мөргөн үхсэн төлөвтэй тул Е Чин их л гайхаж сэмээр нулимс унагаан аргагүй алмайрч атал Тянь Ху-ын гар доор морь тэжээж асан нэгэн хуяг өгүүлрүүн: - Миний бие Сүн Ши эхнэрийн Тянь Ху-д баригдаж бие эцэслэсэн үйлийг тов тодорхой мэдмүй. Урагш өдөр их ван Тянь Ху сая цэрэг үүсгэх үед Же Сю газраас энэ эхнэрийг олж өөрийн биедээ холбож уулан цайзын тэргүүлсэн хатан болгосугай хэмээв. Тэр эхнэр арга гаргаж хүлээсийг тайлуулсан хойно энэ газар ирээд хад харайж бие барав. Их ван Тянь Ху бээр түүний үхсэнийг үзээд намайг дуудаж түүний засал зэмсэг хувцас хунарыг хураалган авчээ. Би тэр эхнэрийг түшиж моринд унуулж, хойно бас хувцас хунар, засал зэмсгийн зүйлийг хураан авсан тул түүнийг эндэшгүй таних бөлгөө. Эдүгээ нэгэнт гурван жилийн нүүрийг үзэв. Түүний
яс юунд энэ мэт хэвээр байх аж? хэмээхүйеэ Е Чин гашуун нулимсыг залгиж хуягийн зүг өгүүлрүүн: - Би бас түүнийг таньжээ. Түв хэмээн миний урагш өдрийн саахалт айл Сүн овогт өвгөний охин болой хэмээгээд цэргийн ардыг дуудан шороо дамнуулж бүтээн тавьсугай хэмээн урагш давшин үзвээс мөн угийн адил нэгэн хэсэг цагаан чулуу болжээ. Олон хүмүүн их л гайхалдан цэцэг чулууг эрэхээр эчив. Хойно Е Чин бээр Вэй Шэн хотдоо хариад Тянь Ху гэрийн эзэн Чоу Шэнь-ийг алж түүний эхнэр Сүн Ши-г булаасанд Сүн Ши бат журмыг сахиж хад мөргөн бие барсан үйлийг өөрийн эхнэр Ань Ши-дээ зүй зүйгээр нарийвчлан хэлж тохиолыг үзэн Чюн Ин-д сэмээр хэлж өгөгтүн хэмээв.
Түүнээс бага охин Чюн Ин энэхүү чимээг сонсоод элэг зүрхийг түмэн зүүгээр шивэх мэт зовж өдөр шөнийн хувьд бэгтрэн зовж их л уйлан эцэг эхийн өшөөг хожмын өдөр эрхгүй авсугай хэмээн уртад бодмуй. Үүнээс хойш Чюн Ин үдэш орой унтах бүр нэгэн сахиус хүрч ирээд: - Чи эцэг эхийн өшөөг авсугай хэмээх тул би чамд зэвсгийн эрдэм зааж өгсүгэй” хэмээмүй. Чюн Ин угаас цэцэн сэргэлэн хүмүүн тул сахиусан багшийн зааж өгсөн зэвсгийн эрдмийг нэг нэгээр тогтоож аваад хаалгаа дарж ганцаар бялуу шийдэм бүжиглэж цэргийн зэвсгийг боловсормуй. Түүнээс хойш Чюн Ин удаан өдөр зузаан хоног цэргийн эрдэмд нэвтэрч, санамсаргүй их Сүн улсын Сюань Хэ-ийн дөрөвдүгээр оны өвлийн нэгэн үдэш, ширээнээ хажуулан хэвтэж асаар нүд анин зүүрмэглэснээ гэнэт хүйтэн жавар сэр сэр үлээж ариун үнэр хамар дүүрэн анхилав. Удсангүй нугалааст алчуурыг тэргүүнд тавьсан нэгэн бичгийн хүмүүн ногоон магнаг хэдэрсэн нэгэн залуу жанжныг дагуулан орж ирээд Чюн Ин-д чулуун мөхлөг нисгэх эрдмийг зааж өгөв. Тэр бичгийн хүмүүн бас Чюн Ин-ийн зүг өгүүлрүүн: - Би тухайлан Гао Пин газар эчиж, завшаанаар Тянь Же Син одны хувилгааныг залж чамд нисэх чулуу хэрэглэх гайхалтай эрдмийг сургав. Чиний бие үүнийг хичээж барсын амнаас мултарч эцэг эхийн өшөөг авбаас болмуй.
Энэ жанжин болбоос чиний урд төрөлд ерөөл барилдлага тавьсан хүмүүн бөлгөө хэмээв. Чюн Ин “Урьд төрлийн ерөөл барилдуулах хүмүүн” хэмээхийг сонсоод царай улайн их л ичингүйрч дээлийн ханцуйг өргөн нүүрийг халхалтал санамсаргүй ширээн дээрх хайчийг унагааж дингар хэмээх дуу гарснаа цочин сэржээ. Чюн Ин их л гайхаж нүд өргөн үзвээс гийвэн сарны гэрэл цонхноо тусаж, гэрэлт зул ширээнээ сүүмэлзэх бөгөөд зүүд зэрэглээ мэт тул дуу үгүй нэгэн зэрэг алмайран суугаад сая унтав. Жич өдөр, Чюн Ин бээр өчигдөр шөнийн зүүдээр сурсан чулуун мөхлөг нисгэх эрдмийг боловсорсугай хэмээн хэрмийн хажуугаас нэгэн өндгөн чинээ өөхөн чулууг шүүрэн авч гарын аяар гэрийн саравчинд өлгөсөн шар шувууны сүүлийг зааж цохисноо пас хийх дуу гарахын сацуу шар шувууны сүүл оногдож газар дүүрэн бутран унав. Ни Ши эхнэр сонсоод их л цочиж яаран Чюн Ин-г дуудаж учрыг асууваас Чюн Ин сайхан үгээр мэхэлж өгүүлрүүн: - Өчигдөр шөнийн зүүднээ нэгэн арш миний хажууд
ирээд: - Чиний эцэгт Ван Хоу-ийн суурийг залгамжлах буян байхуй тул би тухайлан ирж чамд гайхалтай эрдэм заан өгч эцгээ хавсран гавъяа нэрийг бүтээлгэсүгэй хэмээв. Ийнхүү бага охин миний бие мөхлөг чулуу хэрэглэх эрдмийг туршин үзсүгэй хэмээгээд санамсаргүй шар шувууны сүүлийг цохин унагаав хэмээхүйеэ Ни Ши эхнэр их л гайхаж түүний үгийг зүй зүйгээр эр Ү Ли-д мэдүүлэхүйеэ Ү Ли итгэхгүй Чюн Ин-г дуудаж учрыг лавлаад жад, сэлэм, илд, сүх, дэгээ, гох, бялуу, шийдэм зэрэг цэргийн зэвсгийг авчирч, Чюн Ин-г шалгахуйяа үнэхээр зүйл бүхнийг нэвтэртэл сурсан бөгөөд нэнд чулуун мөхлөг хэрэглэхүйд зуунтаа цохивоос зуунтаа онож огт хоосонгүй тул Ү Ли их л гайхаж дотроо: - Ү Ли би үнэхээр буянтай бөлгөө.
Энэ нь илэрхийеэ эцэг тэнгэр хувилгаан эрдэмтнийг илгээж над туслуулав хэмээн бодов. Түүнээс Ү Ли-ийн гэрээс Чюн Ин-ийн цэргийн эрдэм олноо тархсанаа Вэй Шэн хотын ард иргэн цөм гайхалдан хэлэлцэж Чюн Ин-г “нисэх зэвт” хэмээн түрхрэлдэн дуудах болов. Төдийд Ү Ли бас сайн хүргэн сонгож охиндоо холбосугай хэмээсэнд Чюн Ин үүнийг сонсоод Ни Ши эхнэрийн зүг өгүүлрүүн: - Над холбосугай хэмээвээс ганц чулуун мөхлөг хэрэглэхүйд мэргэшсэн хүмүүн болбоос болмуй. Түүнээс бус хүмүүнд холбовоос бяцхан шивэгчин эрхгүй үхэх бөлгөө хэмээв. Ни Ши эхнэр үүнийг сонсоод Ү Ли-д хэлснээ энэ хэрэг маш бэрх тул хүргэн сонгох үйлийг түр зогсжээ. Эдүгээ Ү Ли Ван Хоу хэмээх үгийг сонсоод өөр санаа орсон тул энэ өдөр бага охин Чюн Ин-г баталж хошууч жанжин болгоод хоёр улсын цэрэг дайны дундаас өөрийн үйлийг бүтээсүгэй хэмээх нь энэ ажгуу.
Төдийд Ү Ли цэрэг морийг тэгшлэн жанжин баатрыг сонгож, Вэй Шэн хотоос гараад өөрийн охин Чюн Ин-д таван мянган шилсэн цэрэг өгч хошууч болгоод, өөрийн биеэр их цэргийг хөдөлгөн дараа дараагаар мордохыг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь: Сүн Жян-ын бие Жао Дэ хотод сууж эзний элч Чэнь Ань Фү-г угтахаар бэлтгэн арван хэдэн өдөр болсонд гэнэт харуулын ард дотогш ирж Чэнь Ань Фү цэрэг морийг удирдан хүрч ирэв хэмээн мэдүүлсэнд Сүн Жян олон жанжныг авч хотоос гаран угтаж Жао Дэ хотноо залан оруулж олон жанжныг дагуулан ёслон золгов. Чэнь Ань Фү угаас хэдий Сүн Жян-г итгэл журамтай хэмээн сонссон боловч ер нүүр уулзсангүй тул эдүгээ Сүн Жян-д учирч түүний энэ мэт даруу хичээнгүй, өршөөл эрдэмтэйг үзээд өвчүү цээжнээ их л биширч ийн өгүүлрүүн: - Сянь фэн жанжин чамайг олон удаа их гавъяаг бүтээв хэмээн эзэн хаан сонсоод тухайлан өчүүхэн намайг цэрэг морийг шаардан захирах түшмэл болгоод алт мөнгө, торго дурдангийн зүйлийг тушааж олон цэрэгт шан хишиг түгээн өгтүгэй хэмээн илгээв хэмээхүйеэ, Сүн Жян нар хишигт мөргөн өгүүлрүүн: - Манай зэргийн олон жанжин сянгүн-ийн хүчлэн айлтгасны ачаар энэ өдрийн зузаан өршөөлд хүртжээ. Манай цэргийн хүмүүст дээдэд болбоос болбоос эзэн хаанд өршөөгдөж, доодод болбоос сянгүн-ийн эрдэмд таалагдсан тул Сүн Жян зэргийн олон хүмүүнд хэдий элэг зүрхийг уудлавч
энэ ачийг хариулахуйяа бэрх болой хэмээвээс, Чэнь Ань Фү өгүүлрүүн: - Жанжин эрт өдөр их гавъяаг бүтээж эзэн хотноо эгвээс эзэн хаан эрхгүй хүндэд хэрэглэх болой хэмээсэнд, Сүн Жян зэргийн олон хүмүүн дахиж хишигт мөргөн өгүүлрүүн: - Эрхин сянгүн биеийг зүдээн Жао Дэ хотыг сахиму. Бага жанжин цэрэг хувааж мордоод Тянь Ху-ын үүрийг довтолж хулгайг тэргүүн сүүлийг харилцан хамгаалж чадахгүй болгосугай” Чэнь Ань Фү өгүүлрүүн: - Өчүүхэн түшмэл би Жин балгаснаас мордох цагт жанжин чиний байлдан олсон жоу сянь-ий газар хэрэг мэдэгч түшмэл дутах тул үтэр түргэн томилон илгээх болов уу хэмээн эзэн хаанд айлтгасан тул санаваас удахгүй ирэх буй за хэмээв.
Сүн Жян нэгэнтээгүүр илэрхийлэл бичиж олон жанжны гавъяанд шагнаад нөгөөтээгүүр цэргийн зар тархааж хий хүлэгт Дай Зүн-г илгээн эл жоу сянь-ийг сахих олон жанжинд захиа уламжлуулан шинэ түшмэл тушаалд ирмэгц аливаа үйлийг түүнд тушааж цэрэг морийг хөдөлгөн өмнөш ирж хэрэглэхийг сонс хэмээн хэлүүлсэнд, олон жанжин цэрэг захиаг хүлээж Фэнь Ян газар хүмүүн илгээж сураг чимээ авуулав. Сүн Жян бас Хэбэй газрын шинэ дагасан жанжин Тан Бинь-ийн гавъяаг Чэнь Ань Фү-д айлтган, жигүүрийн жанжин Жинь Дин, Хуан Юай нарыг өргөн баталж Ху Гуань боомт, Бао Дү Шань уулыг сахиулж угт энэ хоёр газрыг сахисан Сүнь Ли, Жү Түн хоёр жанжныг дуудан авчирч өөр газар хэрэглэсүгэй хэмээхүйеэ Чэнь Ань Фү айлтгалыг нэгд нэгээр зөвшөөв. Гэнэт харуулын цэрэг нисэх мэт довтлон ирээд: - Тянь Ху бээр их жанжин Ма Лин-д жанжин цэрэг захируулан Фэнь Ян газрыг өмөглөн байлдахаар илгээв.
Бас улсын нагац Ү Ли жич хошой авхай Чюн Ин нар олон жанжныг захирч зүүн зүгээс Сян Юань газрыг байлдахаар ирмүй хэмээн мэдүүлсэнд, Сүн Жяних л цочиж цэргийн багш Ү Юн лүгээ жанжин цэргийг томилон хулгайг байлдах үйлийг зөвлөхүйд шинэ дагасан жанжин Чяо Дао Чин өгүүлрүүн: - Ма Лин угаас шимнугийн увдист мэргэшин газар товчлон явж чадах бөгөөд алтан тоосгоор хүмүүнийг цохих нь зууд нэгийг үл алдмуй. Бага бумба би Сянь фэн-ий хишгийг хүртсэнээс нааш хуруун төдий хүч гаргаагүй тул дуртайяа эрдэмт багш Гүн Сүньшэн-ийн хамт Фэнь Ян-д хүрч түүнийг хэлэлцэн дагуулсугай хэмээвээс Сүн Жян их л баярлан Гүн Сүньшэн Чяо Дао Чин хоёулд хоёр мянган цэрэг өгсөнд тэд хоёул мөн өдөр Сүн Жян-аас салж цэрэг морийг авч Фэнь Ян-ы зүг эчихүйг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Сүн Жян цэргийн цааз зарлан Со Чао, Сюй Нин, Шань Тингүй, Вэй Дин Гуо, Тан Лун, Тан Бинь, Гэнь Гүн нарт хоёр түмэн цэрэг морийг захируулан Лу Чин сянь-ийг байлдахаар явуулж, бас Ван Ин, Ху Саньнянь, Сүн Синь, Гу Да Сао нарт нэгэн мянган морьт цэргийг өгч арын цэргийн үнэн ташааг тагнуулахаар явуулж, өөрийн биеэр Ү Юн, Линь Чүн, Жан Чин, Лү Жишэнь, Ү Сүн, Ли Күй, Бао Сюй, Фань Руй, Сянь Чүн, Ли Гүнь, Лю Тан, Се Жэнь, Се Бао, Лин Жинь, Пэй Сюань, Сяо Ран, Сүн Чин, Жинь Да Жянь, Ань Даочуань, Жян Жин, Юй Бао Се, Ван Дин Лиү, Мэн Кан, Юэ Хэ, Дуань Жинжү, Жу Гүй, Хуан Фү Дуань, Хоу Жянь,
Цай Фү, Цай Чин жич шинэ дагасан жанжин Сүнь Ань зэрэг гучин нэгэн жанжныг авч, гурван түм таван мянган цэрэг морийг хөдөлгөн Чэнь Ань Фү-ээс салж Жао Дэ хотын хойд хаалгаар гаран умарш мордов. Их цэргийн өмнө тагнаж явах Ван Ин нарын олон хүмүүн Сянь Юань сянь-ий хязгаарын Ү Ень Шань уулын ар хормойд хүрснээ арын жанжин Е Чин, Шэн Бэнь нар бас туршуулын цэрэгтэй учрав. Хоёр этгээдийн цэрэг хэнгэрэг дэлдэн туг хийсгэн хашхиралцаж, арын жанжин Шэнь Бэнь морь тавин ирснээ, Сүн улсын жагсаалаас Ван Ин морь довтлон гарч ирээд үг өчихгүй шууд жад бүжиглэн байлдан оров. Төдийд хоёр улсын жагсаалд хашхиралцах дуу мандаж, Шэн Бэнь зэвсэг далайн угтан авч хойш урагш зөрөлдөж арван хэдэн удаа болохуйяа, Ху Саньнян морь ташуурдан, илд бүжиглэж өөрийн эрийг өмөглөн байлдмуй. Шэн Бэнь хоёр жанжныг тулан чадахгүй болж жолоо даран буруулсанд, Ху Саньнян морь довтлон нэхэмжилж ирээд, илд өргөн Шэнь Бэнь-ийг цавчиж мориноос унагаав. Ван Ин цэргийг даллан алан орсонд Е Чин эсэргүүцэн чадахгүй болж, цэрэг морийг дагуулан яаран буруулбаас Сүн улсын цэрэг нэхэж ирээд таван зуу гаруй цэргийг алж, үлдсэн олон цэрэг зүг зүгтээ буруулав.
Е Чин гагц зуу илүү морьтныг дагуулж Сян Юань хотын өмнө хорин газрын үзүүр дутаан хүрэхүйеэ түв хэмээн Чюн Ин цэрэг морийг авч энд хүрээ буужээ. Угт Тянь Ху хагас жилийн өмнө Е Чин-г авчирч тэргүүлсэн жанжин Сүй Вэй нарын хамт Сян Юань газрыг сахиулахаар илгээжээ. Ойрын өдөр Чюн Ин-г хошууч болж ирмүй хэмээн сонсоод Е Чин тэргүүлсэн жанжин Сүй Вэй-д мэдүүлж харъяат цэрэг морио авч туршуул болж эчээд энэхүү дашрам Чюн Ин-д золгосугай хэмээхүйеэ Сүй Вэй үгийг зөвшөөн жигүүрийн жанжин Шэн Бэнь-ий хамт илгээсэнд, Шэн Бэнь харин Ху Саньнян-д алагдаж, өөрийн бие буруулан дутаасаар Чюн Ин-ийн цэрэг морьд учирсан ажгуу. Төдийд Е Чин цацарт орж хошой авхай Чюн Ин-д ёслон золгож нүд өргөн үзвээс Чюн Ин урьдаас хол өөлэй болсон бөгөөд хэдий залуу охин боловч бас маш сүр гэрэл нэмэгдэн баатар жанжны төлөвтэй болжээ. Чюн Ин бээр Е Чин хэмээн таниад зүүн баруун этгээдийг зандан ухруулж Е Чин[1]ийн зүг өгүүлрүүн: - Миний бие энэ өдөр хэдий барсын үүрнээс мултарсан боловч гарын доор зөвхөн таван мянган хүмүүний төдий байхуй тул эцэг эхийн өшөөг хэрхэн авч чадах аж. Дутаан явсугай хэмээхүл хэрэг сэрэгдэж гэдрэг зовлон болохоос эмээн түдгэлзэж атал чи хүрч ирэв хэмээсэнд, Е Чин өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн бас хэдий арга ухаан бодовч олдогдохгүй тул хожмын өдөр тохиол таархул чамд ирж хэлж өгсүгэй” хэмээх үг барахын урьд харуулын ард дотогш ирж Сүн улсын олон жанжин цэрэг дагуулан алахаар ирэв хэмээн мэдүүлсэнд, Чюн Ин яаран бие хуяглаж морь эмээллэн дайсныг угтан байлдав.
Хоёр этгээдийн цэрэг туг хиур сажлан хэнгэрэг харанга дэлдэж жагсаал жагссанд умард цэргийн жагсаалаас гоо үзэсгэлэнт нэгэн охин жанжин цавьдар зээрд морины дэл сүүл хийсгэн гарч ирэв. Түүний байдлыг үзвээс: Алтан хатгуур гардийн татуураар адбиш сайхан үүлэн үсийг ороож, мөнгөн хуяг гэрэл цацран мөс цасыг гутаамуй. Эрдэнийн дөрөө өшиглөх эртгэр улаан цоморлог, сарт жадыг хөндлөн хөших нэмүүн зөөлөн хас. Удан навчин бэлхүүсийг сунайлгахуйяа, өнгөт бүс хоргой сажлага аясын салхинаа хийсэж, хас мэт цогцыг нахилзуулахуйяа, хэмэрлэг магнагийн хормой дэрвэлзэн улаан туяа татмуй. Царайн өнгө гурван сарын тоорын цэцэг мэт, хөмсөгний сэжүүр хавар цагийн удан навч адил. Хэмэрлэг уутнаа жанжныг занчих чулуун мөхлөг савлаж, чив хэмээн хос найман настай охин жанжин аж. Үзвээс охин жанжны тугийн дээр “Өмнийг төвшитгөх хошууч жанжин бөгөөд хошой авхай Чюн Ин” хэмээн тов тодорхой бичсэн тул Сүн улсын олон жанжин үүнийг үзээд зэрэг зэргээр шагшин гайхав. Хоёр этгээдийн жагсаалд хэнгэрэг харангын дуу тэнгэр газрыг донсолгон өнгөт туг наран сарыг халхалмуй.
Ван Ин умард жагсаалаас гарч ирсэн гоо үзэсгэлэн охин жанжныг үзээд морь хийсгэн жагсаалаас гарч жад сунган Чюн Ин-г байлдан орохуйяа хоёр этгээдийн цэрэг хашхиралдаж, Чюн Ин морь довтолгон зэвсэг бүжиглэн угтан аваад хойш урагш арван хэдэн удаа болсонд Ван Ин сэтгэлийн сармагчин санааны морийг хориглон үл чадан жад нэгэнт самуурав. Чюн Ин дотроо: - Энэ адгуус үнэхээр заналтай хэмээн хараагаад завшааныг үзэн жад сунгаж нэгэнт жадалсанд Ван Ин-ийн зүүн гуя оногдож, хоёр хөл дөрөөнөөс салж мориноос тонгорцоглон унав. Ху Саньнян өөрийн эрийн жадлагдсаныг үзээд их дуугаар: - Бага өлөгчин ямар аюулгүй ийнхүү ёс бус аашилмуй! хэмээн харааж, морь хийсгэн Ван Ин-г өмөглөн авсугай хэмээн өмнөш иртэл, Чюн Ин сарт жадыг сунган угтан авч зууралдан байлдав. Ван Ин тонгорцоглон унаж тэлчлэн боссугай хэмээтэл арын цэрэг гүйлцэн ирж, Ван Ин-г барьсугай хэмээх тул Сүнь Синь, Гу Да Сао хоёул зэргээр гарч түүнийг тэнхрүүлэн авч жагсаалдаа эгэв. Гу Да Сао нүд өргөн үзэхүл, Ху Саньнян бээр Чюн Ин-д хүчин мөхөсдөх тул хоёр илдийг далайн морь довтолгон өмөглөн оров. Гурван бүсгүй жанжин хувь хувийн хүчийг гарган гарын зэвсэг сунган, урагш хойш зууралдан байлдах нь үнэхээр хасын үртэс салхинаа бутран, цасны цэцэг жаварт хийсэх мэт тул хоёр этгээдийн цэрэг бахран үзсээр хэдийн нүд баларчээ. Гурван бүсгүй жанжин хойш урагш зөрөлдөж хорин хэдэн удаа болсонд Чюн Ин хоосныг жадлан жолоо дарж, буруулан эчихүйеэ Ху Саньнян, Гу Да Сао хоёул морь ташуурдан хойноос нэхэмжлэв.
Чюн Ин зүүн гараар сарт жадыг хөшиж баруун гараар хэмэрлэг уутан дахь чулуун мөхлөгийг шүүрэн авч бие эргэн нүд дүгрэглэн Ху Саньнян-г зааж чулуун мөхлөгийг занчин илгээснээ чулуун мөхлөг чив хэмээн түүний баруун гарын бугуйг онож их л өвдөж баруун гарын зэвсгээ алдаж жагсаалын зүг буруулан эчив. Гү Да Соа бээр Ху Саньнян-ын шархадсаныг үзээд Чюн Ин-г хаяж Ху Саньнян-г өмөглөн авсугай хэмээн буруулан эчтэл Чюн Ин морь довтолгон нэхэн ирэв. Сүнь Синь үүнийг үзээд их л хилэгнэж хос ташуурыг бүжиглэн угтан ортол Чюн Ин хэдийн бас нэгэн чулуун мөхлөгийг шүүрэн аваад цохин илгээснээ дингар хэмээх дуу гарч түв хэмээн Сүнь Синь-ий тэргүүнд дарсан гуулин арслант дуулгыг оносонд Сүнь Синь их л эмээн, аймшиггүй урагшилсангүй морин жолоо дарж жагсаалдаа эгж, Ван Ин, Ху Саньнян нарыг өмөглөн цэргээ авч ухрав. Түүнээс Чюн Ин цэргийг шаардан нэхсүгэй хэмээтэл гэнэт уулан араас буун дуу гарав. Тэр үед түв хэмээн хоёрдугаар сарын сүүл болсон тул Чюн Ин нүд өргөн үзвээс уд модны цаана туг хиур хоройлзон хийсэж, өнгөт цэцгийн дээгүүр барманусын тоос дэгдэж, өндөр уулын ард хормойгоос нэгэн багийн цэрэг гарч ирэв. Үзвээс, Лин Чүн, Сүнь Ань хоёул Сүн Жян-ын зарлигийг хүлээж, явган цэргийн жанжин Ли Күй нарын хамт цэрэг авч өмөглөхөөр ирсэн ажгуу. Хоёр этгээдийн цэрэг чив хэмээн учирч, хэнгэрэг дэлдэн туг хоройлзуулан хашхиралцаан үүсгэсэнд ирвэсийн тэргүүт Линь Чүн жан ба мао жадыг өргөн морь тавьж жагсаалын өмнө гарсанд, нисэх зэвт Чюн Ин бас сарт жадыг бүжиглэн морь хийсгэн гарч ирэв.
Линь Чүн ирэх жанжныг үзвээс нэгэн бага охин тул их дуугаар зандарч: - Өчүүхэн хүмүүн ямар аймшиггүй тэнгэрийн цэрэг лүгээ эсэргүүцэлдмүй хэмээсэнд, Чюн Ин үг өчихгүй хэдийн жад сунган морь тавьж угтан орж, Линь Чүн жан ба мао жадыг эргүүлж тосон орж хойш урагш зөрөлдөн хүчин чадлыг гаргаж хэдэн удаа болсонд Чюн Ин хүлээн чадахгүй болж хоосныг занчин жолоо дарж зүүнш буруулан эчихүйеэ Линь Чүн морь хийсгэн нэхэж ирэв. Жагсаалын өмнө зогсож байсан Сүнь Ань бээр Чюн Ин-ийн тугийг таниад өндөр дуугаар: - Линь жанжин нэхэж болохгүй, гэнэдэгдүүзэй хэмээн хашхирав. Линь Чүн хэмээгч цэргийн эрдэмд цагаарсан хүмүүн тул хэрхэн түүний үгийг сонсох аж. Морь ташуурдан тавилгүй нэхмүй. Хоёр жанжны унасан хүлгийн ган туурайнаас улаан тоос мандаж, ногоон зүлгийг зулгацан хаямуй. Линь Чүн нэгэнт ойр болж ирснийг үзээд Чюн Ин зүүн гартаа жадыг хөшин баруун гарыг сунган хэмэрлэг уутнаас чулуун мөхлөгийг шүүрэн авч бие эргэн Линь Чүн-ийн гал магнайг чиглүүлэн цохин илгээсэнд Линь Чүн нүд гярхай, гар түргэн тул жан ба мао жадаар чулуун мөхлөгийг зайлуулав.
Чулуун мөхлөг хоосон болсныг үзээд Чюн Ин дахин гар сунгаж бас нэгэн чулууг шүүрэн авч, Линь Чүн-ийн зүг цохин илгээхүйеэ чулуун мөхлөг чөтгөр сахиусыг цочоон солир од харвах мэт нисэж ирснээ Линь Чүн зайлан завдсангүй түв хэмээн хацар оногдож цус гоожуулан, жадыг чирсээр жагсаалдаа буруулан орсонд Чюн Ин бас морь тавин нэхэж ирэв. Төдийд Сүнь Ань гарч байлдсугай хэмээтэл олон цэрэг зам тавьж хоёр тийш хагарсанд Ли Күй, Лү Хи Шэнь, Ү Сүн, Се Жэнь, Се Бао зэргийн таван явган жанжин таван зуун явган цэргийг авч байлдахаар гарч ирэв. Ли Күй сүх далайн тэргүүлэн гарч ирээд өндөр дуугаар: - Самуун охин юутай ийнхүү ёсгүй аж! хэмээн хашхирсанд Чюн Ин бээр түүний энэ мэт догшин сүртэйг үзээд чулуун мөхлөгийг авч цохин илгээснээ түв хэмээн Ли Күй-н магнайг онов. Ли Күй их цочив. Завшаанаар түүний магнайн яс маш бөх тул ганц эвэршээн өвдсөнөөс бус хэмээсэнгүй. Ли Күй шархадсангүйд
Чюн Ин морь довтолгон жагсаалдаа оров. Ли Күй их л хилэгнэж барсын сахлыг сэрвийлгэн луун нүдийг дүгрэглэж аянгын дуугаар бархирч шууд нэхэн орсноо Лү Хи Шэнь, Ү Сүн, Се Жэнь, Се Бао нар бас түүнийг эндэш гарах болуузай хэмээн хойноос дагаж нэгэн цугаар алан орохуйяа Сүнь Ань хэрхэн хориглон зогсоож чадах аж. Чюн Ин олон хүмүүн нэхэн ирснийг үзээд бас нэгэн чулуун мөхлөгийг шүүрэн авч Се Жэнь-ийг хэдийн цохин унагаасанд, Се Бао, Лү Жишэнь, Ү Сүн нар их л сандран түүнийг тэнхрүүлэн авав. Төдийд Ли Күй ганц Чюн Ин-г тавилгүй нэхэж ирсэнд Чюн Ин бээр түүний ойр болж ирснийг завшин яаран чулуун мөхлөгийг шүүрэн авч цохисонд бас Ли Күй-н магнай оногдож улаан цус урсав. Ли Күй хэмээгч үнэхээр хүрэл төмрөөр давтсан хүч ихт баатар тул хар царай дээрээ улаан цусыг урсган хос саран сүхийг эргүүлэн ар цэргийн жагсаалд шувтлан орж хөндлөн гулд цавчин үүсгэв. Тэр үед Сүнь Ань бээр Чюн Ин-ий жагсаалдаа орсныг үзээд цэрэг морийг даллан алан ирснээ чив хэмээн Ү Ли бээр Сюй Вэй зэрэг найман жанжныг дагуулж их цэргийг шаардан өмнөш ирэхүйд тохиолдож хоёр этгээдийн цэрэг их л зууралдан байлдав.
Лү Жишэнь, Ү Сүн хоёул Се Жинь-ийг өмөглөж гаргаад бие урван арын цэргийн жагсаалд алан орсноо, Се Бао ахыг түшиж жагсаал зүгээ эчтэл арын цэрэг нэхэн ирж хөл торгох дээс тавин Се овогт ах дүү хоёулыг хөсөр унагаад амьдаар барьж жагсаалдаа аваачив. Сүн улсын явган цэрэг их л дарагдав. Сүнь Ань үхэхвэр байлдаж нэгэн сэлмээр арын жанжин Тан Сянь-ийг цавчин мориноос унагаав. Ү Ли, Сүнь Ань-ийн цэргийн самуун зэвд оногдон хүзүү шархдан мориноос тонгорцоглон унасанд Сюй Вэй нар үхэн байлдаж тэнхрүүлэн авч моринд нь унуулав. Чюн Ин жич олон жанжин бээр Ү Ли-ийн шархадсаныг үзээд харанга цохиж цэрэг хураатал, Сүн улсын цэрэг бас хүрч ирэв. Түрүүлэгч жанжин өдгүй сумт Жан Чин харуулын цэргээс арын цэргийн жагсаалд чулуун мөхлөгт мэргэшсэн нэгэн охин жанжин баймуй. Тэр охин Ху Саньнян зэргийн хэдэн хүмүүнийг цохин шархдуулав хэмээхийг сонсоод их л цочиж, Сүн Сянь фэн-д айлтган бие хуяглаж, цэрэг дагуулан өмөглөн байлдаж, охин Сянь фэн лүгээ уулзсугай хэмээн ирвээс Чюн Ин хэдийн Ү Ли-г хамгаалж, их шугуйн далд орж Сян Юань-ий зүг эчих тул Жан Чин арга буюу морин жолоо татаж хойноос нь бараалан харсаар хоцров. Шүлэгт өгүүлсэн нь: Үзэсгэлэн авхай жолоо дарж хэмэрлэг туг намиран Эрэмгий жанжин хуяг цэрэг хувь хувинаа сандармуй. Ягч шугуйд өдөөн оруулж хүмүүн нь үзэгдэхгүй Өнгөт цэцгийн зуун цоморлог улаан өнгөтнийг халхлав Түүнээс Се овогтын ах дүү хоёул баригдаж, Лү Жишэнь, Ү Сүн, Ли Күй гурвуул дайсны жагсаалд алан орсныг үзээд, Сүнь Ань цэрэг авч нэхэмжилсүгэй хэмээтэл өдрийн нар орой болсон тул арга буюу Жан Чин[1]ийн хамт Линь Чүн-г хамгаалж цэрэг хураан хүрээндээ эгэв.
Сүн Жян цацарт суун хувилгаан оточ Ань Даочуань-аар Ван Ин-г эмнэн засуулах тул олон жанжин урагш ирж Ван Ин-г үзэхүл зүүн гуя жадлагдаж магнай бас шархаджээ. Ань Даочуань эм түрхэж барсны хойно бас Лин Цүн[1]ий шархыг эмнэн засав. Се Жэнь, Се Боа жич Ли Күй зэргийн гурван жанжин ямар болсныг мэдэхгүй хэмээн сонсоод Сүн Жян өвчүү цээжнээ нэнд зовж атал удсангүй Ү Сүн, Ли Күй хоёул бүх биедээ цус нөж наалдуулж цацарт орж ирэн Сүн Жян-д золгоод Ү Сүн өгүүлрүүн: - Дүү би Ли Күй-н алсаар байгаад халамшсаныг үзээд түүнд хамжин цусан зам гарган алсаар арын жагсаалыг шувталж хот доор хүрэхүйеэ арын цэрэг Се Жэнь, Се Бао хоёулыг хүлж хот орсугай хэмээх тул бид хоёул цэргийг цавчин унагаагаад, Се овгийн ах дүү хоёулыг булаан автал, Сюй Вэй нар их цэрэг дагуулан нэхэн ирээд Се Жэнь, Се Бао хоёулыг эгүүлэн булаан авав. Ийнхүү бид хоёул бас цусан зам гарган алсаар хоосноор харьж ирэв. Ганц Лү Жишэнь-ийг олж үзсэнгүй хэмээхүйеэ Сүн Жян нүд дүүрэн нулимс унагааж дөрвөн зүгт хүмүүн гарган Лү Жишэнь[1]ийг эрүүлж, Ань Даочуань-аар Ли Күй-н шархыг эмнэн засуулав. Энэ үед түв хэмээн бүрий тасарсан тул Сүн Жян хуяг цэргийг бүртгэн үзвээс гурван зуун гаруй хорогдсон тул цацар майхныг бэхлэн сахиулж хонх өлгөн дохио зарлан чанд сэрэмжилж нэгэн шөнө учиргүй өнгөрөв. Жич маргаадрын өдөр, Лү Жишэнь-ийг эрэхээр эчсэн цэрэг харьж ирээд сураг чимээг олсонгүй хэмээн мэдүүлснээ Сүн Жян нэнд зовниж бас Юэ Хэ, Дуань Жинжү, Жу Гүй, Юй Баосы зэргийн дөрвөн жанжинд гавшгай цэрэг өгч дөрвөн зүгт гарган эрүүлээд хотыг хавчин байлдсугай хэмээвч хэд хэдэн жанжин шархадсан тул арга буюу цэрэг морийг хөдөлгөсөнгүй. Хотын доторх цэрэг бас хаалга үүдийг дарж үл байлдмуй.
Энэ мэтээр хоёр өдөр болсноо Юй Баосы арын цэргийн нэгэн тагнагчийг баривчилж цацрын доор авч ирснээ Сүнь Ань нүд өргөн үзвээс үзвээс өөр хүмүүн бус түв хэмээн зүн гуань түшмэл Е Чин асан ажгуу. Сүнь Ань бээр Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Миний бие энэ хүмүүнийг угаас шударга журамтай хэмээн сонссон бөлгөө. Ганц биеэр хот гарсныг үзэхүл эрхгүй өөр шалтгаан баймуй хэмээсэнд Сүн Жян цэргийн ардаар хүлээсийг нь тайлуулж урагш дуудан авчирснаа Е Чин тэргүүн авахгүй мөргөлхийлж: - Надад нууц үйл байх тул юаньшуай зүүн баруун этгээдийг зайлуулан гаргаваас Е Чин би нууц учрыг нарийвчлан тоочсугай хэмээвээс Сүн Жян өгүүлрүүн: - Энд зогсох олон ах дүү нарын элэг зүрх нэгэн адил тул хэлэн гаргахуйд хамаагүй хэмээвээс Е Чин сая өгүүлрүүн: - Урагш өдөр Ү Ли хорт суманд шархдаж одоо болтол ухаан баларч сэхээ ороогүй бөлгөө. Хот доторх эмч домчийг бартал залж үзүүлэвч огт тус болохуун ч үгүй тул Е Чин миний бие эмч залсугай хэмээн шалтаг эрж хотоос гарч ирээд мэдээ авсугай хэмээх бөлгөө хэмээхүйеэ Сүн Жян асууруун: - Урагш өдөр баригдсан манай хоёр жанжныг хэрхэв?” Е Чин өгүүлрүүн: - Хоёр жанжны амь насанд эндэш гарах болуузай хэмээн өчүүхэн хүмүүн би Ү Ли-ийн мэдээ сэхээгүй байх дашрамд хуурмаг захиа уламжлан хоёр жанжныг сахин харгалзуулав.
Эдүгээ их л сайхан баймуй хэмээгээд Чоу Шэнь эр эм хоёул Тянь Ху-д хорлогдож Ү Ли бээр Чюн Ин-г үрчлэн тэжээсэн үйлийг зүй зүйгээр нарийвчлан тоочиж дуу тавин уйлав. Сүн Жян түүний тоочин хэлэхийг нэгэн зэрэг сонсоод элэг зүрхэнд хэдий гуниах боловч Е Чин болбоос арын жанжин болох тул түүнийг арга үүсгэх болуузай хэмээн хараахан түдгэлзэж атал Ань Даочуань урагш давшиж: - Эцэг тэнгэрийн нийлүүлсэн хувь зохиол байх тул үүнийг сэжиглэж үл болмуй! хэмээгээд урагш өдрийн үйлийг нэг нэгээр нарийвчлан тоочиж ийн өгүүлрүүн: - Ноднин өвөл Жан Чин бас зүүдээр нэгэн бичгийн хүмүүнд учирч тэр хүмүүн Жан Чин-г дагуулан нэгэн охин хүнд чулуун мөхлөгийн эрдмээ зааж өгөгтүн хэмээсэн бөгөөд бас энэ охин бөгөөс чиний урьд төрлийн ерөөл барилдлагат хүмүүн бөлгөө хэмээн хэлж өгсөнд Жан Чин цочин сэрж ухаан санаа тогтворгүй болов. Тэр үед эрхин ах түв хэмээн дүү намайг Жан Чин-ийн хамт Гао Пин-д сууж түүний шархыг эмнэн засуулахаар явуулав. Нэгэн өдөр дүү би түүний судлыг барьж үзвээс бодлого санааны өвчин болохоор юуны учир ийнхүү сэтгэл санаа самуурав хэмээн уг үндсийг ухачлан асуусанд Жан жанжин сая арга буюу зүүдний үйлийг хэлсэнд дүү би түүний өвчний үндсийг олж эм тавимагц сайн болгожээ. Энэ өдөр Е Чин-ий үгийг сонсвоос түв хэмээн Жан Чин-ийн зүүд лүгээ нийлэх бус уу? хэмээхүйеэ Сүн Жян бас дагасан жанжин Сүнь Ань-ийг дуудаж учрыг асууваас Сүнь Ань өчрүүн: - Өчүүхэн жанжин бас Чюн Ин болбоос Ү Ли-ийн төрсөн хүүхэн бус хэмээн сонссон бөлгөө. Миний гар доорх жигүүрийн жанжин Ян Фан угаас Ү Ли-ийн шадар үйлчлэх ард лугаа зузаан найртай тул Чюн Ин-ий учрыг нарийн мэджээ.
Е Чин-ий үг огт сэжиглэлгүй хэмээсэнд Е Чин бас өгүүлрүүн: - Миний гэрийн эзэн Чюн Ин угаас эцэг эхийн өшөө хорслыг авах хол бодлоготой бөлгөө. Хэдий ийн хэмээвч Чюн Ин удаа дараагаар тэнгэрийн сүрд халдах тул хожмын өдөр хот эвдэрвээс хас чулууг ялгахгүй хагалах болов уу хэмээн бодоод өчүүхэн хүмүүн үхэхийг бодолгүй тухайлан юаньшуай-аас гуйхаар ирэв хэмээхүйеэ цэргийн багш Ү Юн бээр урагш давшиж, Е Чин-ий царайг нэгэн зэрэг шинжээд Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Ү Юн би түүний царайг шинжвээс бодлого нь цэх үнэн тулд энэ хүмүүнийг үнэхээр шударга журамтан хэмээвээс болмуй! Энэ болбоос түв хэмээн дээд тэнгэр эрхин ахыг туслан гавъяа бүтээлгэж, элбэрэлт охиныг тэтгэж өшөөг нь авуулах тохиол болов! хэмээгээд Сүн Жян-ын чихэнд: - Бид цэрэг морийг гурван зам хуваан бүслэн байлдваас Тянь Ху эрхгүй Алтан улс лугаа нийлж манай цэргийг хоёр этгээдээс хавчин байлдмуй. Тэр үед Алтан улс цэрэг хөдөлгөхгүй болбоос Тянь Ху эрхгүй арга мухардаж Алтан улсыг дагах бөлгөө. Ингэвээс бид хэрхэн хулгайн цэргийг төвшитгөж чадах аж?” өчүүхэн хүмүүн түв хэмээн дотроос туслах хүчийг бодож аснаа эцэг тэнгэр энэ өдөр Жан Чин-ий хувь барилдлагын шижмийг орхив. Ганц ийм тийм аргаар үйлдвээс Тянь Ху-ын тэргүүн Чюн Ин-ий гарт дүүрэх бөлгөө. Бас Ли Күй-н зүүдэнд тохиосон тэр сахиус: - Тянь Ху[1]ын аймгийг арилгасугай хэмээвээс нисэх зэвт Чюн лүгээ нийлвээс болмуй хэмээн тольдон соёрхсоныг эрхин ах умартсан буюу? хэмээхүйеэ, Сүн Жян сая зүүднээс сэрсэн мэт цочиж тэргүүн дохиж зөвшөөгөөд, Жан Чин, Ань Дао Чюнь, Е Чин гурвуулыг дуудан нууц аргыг сургасанд тэр гурвуул аргыг хүлээн Сүн Жян нараас салж эчив. Түүнээс Е Чин хотон хаалган доор хүрээд өндөр дуугаар: - Хурдан хаалгыг нээгтүн, би болбоос улсын нагац Ү Ли жигүүрийн жанжин Е Чин бөлгөө.
Зарлигийг хүлээн эмч залахаар эчээд эдүгээ эмч Чуань Лин, Чуань Юй-г дагуулан ирэв хэмээн дуудсанд хаалгыг сахих цэрэг дотогш орж хэнгэрэг дэлдэн мэдээ нэвтрүүлсэнд оруул хэмээн зарлиг буулгав. Удсангүй зарлигийн зэв уламжлан хаалгыг нээснээ Е Чин бээр Чуань Лин, Чуань Юй хоёулыг удирдан хаалга шургаж, улсын нагац Ү Ли-ийн ордны өмнө ирж дотогш уламжлуулсанд эмчийг дотогш оруулж өвчнийг нь эмнэн засагтун хэмээн зарлиг буулгав. Түүнээс Е Чин эмч Чуань Лин-ий хамт ордноо орж цацрын доор зарагдах шадар ардыг дагаж Чюн Ин-ий суух гэрт орж ёслон золгосон хойно улсын нагац, Ү Ли-ийн орны дэргэд ирж үзвээс ганц нэг хоёр амьсгалын төдий л үлдэв. Чуань Лин түүний судлыг барьж өвчнийг нь тодолсон хойно шархан дээр нь эм түрхэн өгч хор тайлах сайн эмийг уулгав. Гурван өдөр болсонгүй Ү Ли-ийн царайд цусны өнгө нэмэгдэж идэш уушинд дурлав. Таван өдрийн дараа шарх хэдийн бүр мөсөн илаарь болоогүй хэмээвч идэш уушинд орж угийн мэт болсноо Ү Ли их л баярлан Е Чин-г дуудаж эмчийг залж дотор ордноо оруулсан хойно Чуань Лин мөргөн золгов. Ү Ли бээр Чуань Лин-ий зүг өгүүлрүүн: - Эрхин эмч хувилгаан увдисыг хэрэглэн эмнэн зассанаар миний шарх эдгэж илаарь болов. Хожмын өдөр баян эрхмийг олбоос эрхин авгай лугаа хамт эдэлсүгэй хэмээхүйеэ Чуань Лин хишигт мөргөж өгүүлрүүн: -Өчүүхэн хүний сурсан олдой эрдмийг ийн магтаж хэрхэн болмуй. Миний дүү Чуань Юй хараахан багаас намайг даган мөрөн тэнгист хэсэн цэргийн эрдэмд цагаарсан бөгөөд эдүгээ намайг дагаж эм дом найруулах тул олдохул гэгээн гүн дэвшүүлэн хэрэглэх болов уу хэмээхүйеэ Ү Ли захиа уламжилж дотогш оруул хэмээв.
Ү Ли нүд өргөн үзвээс Чуань Юй-н төрсөн байдал олноос өөр гайхалтай тул их л баярлаж ордны гадна түр сууж хэрэглэхийг хүлээ хэмээв. Түүнээс Чуань Лин, Чуань Юй ах дүү хоёул ордноос гарч бас гурав дөрвөн өдөр болсонд нэгэн өдөр харуулын цэрэг дотогш орж Сүн Жян цэрэг морийг авч хотыг байлдмуй хэмээн мэдүүлсэнд Е Чин дотор ордноо орж Ү Ли-д айлтгаад Сүн улсын цэрэг чийрэг жанжин баатар тул хошууч жанжин Чюн Ин-ээс бус өөр хүмүүн тулан чадахгүй хэмээн хэлэв. Ү Ли айлтгалыг сонсоод Чюн Ин-ий хамт зарлиг уламжлах тайзанд гарч цэрэг морийг тэгшлэн атал Чуань Юй жанжин зарлах тайзан доор сөгдөж ийн айлтгаруун: - Өчүүхэн хүмүүн өршөөлт Сянгүн-ий хишигт хүртэн биеийн шадар зарагдмуй. Эдүгээ сонсвоос хулгайн цэрэг хотын доор ирэв хэмээх тул өчүүхэн хүмүүн хэдий эрдэмгүй хэмээвч дуртайяа цэрэг аван хотоос гарч хулгайн цэргийг хоосортол алсугай хэмээхүйеэ Зүн Гуань түшмэл Е Чин зоримгоор ихэд хилэгнэж Чуань Юй-н зүг өгүүлрүүн: - Чиний бие ямар аймшиггүй ийм их үгийг үүсгэмүй. Чамд над лугаа зэвсгийн эрдэм адилтгах цөс байму уу? хэмээсэнд Чуань Юй инээн өгүүлрүүн: - Миний бие хараахан багаасаа арван найман зүйлийн цэргийн зэвсгийг сурсан тул чив хэмээн чам лугаа цэргийн эрдэм адилтгасугай хэмээмү хэмээвээс Е Чин бээр Ү Ли-д айлтган хуяг дуулга, зэр зэвсгийн зүйлийг авчруулсан хойно хоёр жанжин бие хуяглан морь эмээллэж өөр өөрийн зэвсгийг барьж жанжин зарлах тайзан доор ар өврөөр зөрөлдөн атган зэвсэг бүжиглэж зууралдан байлдаж дөч тавин удаа болтол дийлэн дийлэгдэх ялгарсангүй. Тэр үед Чюн Ин түв хэмээн тайзан дээр асан тул Чуань Юй-н бие байдлыг үзээд дотроо их л цочиж: - Энэ хүмүүнийг хаана үзсэн буй за? Түүний зэвсгийн эрдэм над лугаа юутай адил аж? хэмээгээд гэнэт унтсан зүүднээс сэрсэн мэт сэхэсхийж: - Үзвээс, урагш өдрийн зүүдэнд тохиож над чулуун мөхлөгийн эрдмийг зааж өгсөн хүмүүн энэ бус уу, энэ хүмүүн чулуун мөхлөг хэрэглэж чадах эсэхийг үзсүгэй хэмээн бодоод морь хийсгэн урагш ирж сарт жадыг өргөж тэд хоёулын зэвсгийг зайлуулав. Үзвээс, Чюн Ин бээр Е Чин-ий далд санааг мэдэхгүй тул Чуань Юй-г шархдуулах болуузай хэмээн морь тавин ирсэн ажгуу. Төдийд Чюн Ин бээр жад бүжиглэж Чуань Юй-г угтан орсноо Чуань Юй бас зэвсэг далайн тосон авч хойш урагш зөрөлдөн тавин удаа болсноо Чюн Ин гэнэт морин жолоо татаж буруулан эчихүйеэ Чуань Юй морь ташуурдан нэхэж ирэв. Чюн Ин мөхлөг чулууг авч бие хэлбийн Чуань Юй-н сугыг зааж цохин илгээснээ Чуань Юй хэдийн хулгай нүдээр олж үзээд баруун гарыг сунган нисэх чулууг давхийтэл шүүрэн авав.
Чюн Ин бээр чулуун мөхлөгийг шүүрэн авсныг үзээд л их гайхаж бас нэгэн чулуун мөхлөгийг аван цохин илгээхүйеэ Чуань Юй бас гарт атгасан чулуун мөхлөгийг цохин илгээснээ хоёр чулуун мөхлөг чив хэмээн хий дээр мөргөлдөн их дуу гарахын сацуу хага үсэрч түүний хэмхдэг цасан лавс мэт газар унав. Тэр өдөр их жанжин Сюй Вэй нар хотын дөрвөн хаалгыг сахиж жанжин зарлах талбарт ганц хэд хэдэн жигүүрийн жанжны төдий л асан тул Чуань Юй-г хэдий тагнагч хэмээн сэжиглэх боловч, нэгд болбоос тэр хүмүүн хасын салаа алтны навч Чюн Ин лүгээ зэвсгийн эрдэм мөчөөрхөж баймуй. Хоёрт болбоос Ү Ли-ийн шадар жанжин Е Чин-ий дагуулж ирсэн хүмүүн тул ямар аймшиггүй энэ тэр хэмээн өгүүлмүй? Бас үзэн атал хотыг хамгаалахаар бэрх болсон тул олон хүмүүн цөм хувь хувьдаа салхины аяар онгоц сэлэхийг бодмуй. Тэр үед түв хэмээн Тянь Ху-ын дийлэгдэх цаг болсон тул дээд тэнгэр Ү Ли-ийн сүнсийг зайлуулан мэдээ сэхээгүй болгосон ажгуу. Төдийд Ү Ли бээр Чуань Юй-г дуудан тайзанд гаргаад хуяг дуулга, хүлэг морь шагнаж хоёр мянган цэрэг авч хот гаран хулгайг угтан байлд хэмээхүйеэ Чуань Юй хишигт мөргөн хот гарч байлдаад Сүн улсын цэргийг их л дийлж хойш ухруулаад Ү Ли-д ирж золгосонд их л баярлаж Чуань Юй-г хүндэд шагнав. Жич маргаадрын өдөр, Сүн улсын цэрэг бас хот доор ирсэнд Ү Ли цааз зарлан Чуань Юй-д гурван мянган цэрэг өгч угтан байлдуулав. Чуань Юй луу цагаас морин цаг болтол зууралдан байлдаж чулуун мөхлөгөөр Сүн улсын жанжныг бутартал цохиж цэргийг дохин Ү Жинь Шань уулыг өнгөртөл нэхэн алсанд Сүн улсын цэрэг эсэргүүцэн чадахгүй болж Жао Дэ хотдоо буруулан оров.
Чуань Юй дийлсэн цэргийг авч хотод орсноо Ү Ли их л баярлав. Е Чин өгүүлрүүн: - Өршөөлт эзэн эдүгээ энэ хүмүүнийг олж бас Чюн Ин байх тул Сүн улсын цэрэг хэдий баатар чадалтай хэмээвч их үйлийг бүтээхэд зовох учиргүй! хэмээгээд бас өгүүлрүүн: - Урагш өдөр хошой авхай чулуун мөхлөг хэрэглэх жанжинд тохиовоос биеэ тушаасугай хэмээн амласан бөлгөө. Эдүгээ Чуань жанжин энэ мэт баатар чадалтай тул хошой авхайг үл гутаамуй хэмээгээд дахин дахин шаардан хэлэв. Тэр үед түв хэмээн Чюн Ин-ий урьд төрөлд холбосон улаан шижмийг салгаваас болохгүй ерөөл барилдлагат цаг болсон тул Ү Ли үгийг зөвшөөн гурван сарын арван зургааны өлзийт өдрийг сонгож ёсны эд бэлгийн юмыг бэлтгэн, их хурим тавьж Жан Чин, Чюн Ин хоёулын хар үсийг холбож хаан тэнгэрт мөргүүлж Жан Чин-г хүргэн болгожээ. Мөн өдөр бялар хөгжим үүсгэж хадаг самбай дэлгэн хурим найр тавихуйяа хоёр шинэ хүний хонох гэрийн цэцэгт зул чимэгт дэнлүүний үзэмжийг тоочин хэлбээс барахгүй. Төдийд хоёр шинэ хүмүүн магнаг торгон дээл өмсөж тэнгэр газарт мөргөсөн хойно бие нахилзуулан урагш ирж Ү Ли-д золгож хуурмагаар эцгийн ёсоор хүндэтгэхүйеэ олон хүмүүн бялар бишгүүр эгшиглэн, үнэрт хүж асааж, хоёр шинэ хүмүүнийг удирдан хонох гэрт орсноо Чуань Юй нүд өргөн үзвээс цэцэгт дэнгийн гэрэлд цэвэр гувай Чюн Ин-ийн бие байдал цэрэг жанжин зарлах талбарт байснаас этгээд өөр болжээ. Нэгэн анги Юань Хэ Лин шүлэгт өгүүлсэн нь: Уран хурууны нэмүүн нь лянхуан хэлтэс мэт Уяхан бэлхүүсний зөөлөн нь удан найлзуур адил. Хөлийн өлмий туссан газраас гэрэлт сувд бөмбөрөн Хөмсөг нүд хөдлөхүйеэ тоорын цэцэг дэлгэрмүй Өлзийт зулын гэрэл доор үзэсгэлэн авхайг шинжхүйеэ Өндөр тэнгэрийн дагина хувилгаан орчлонд буусан мэт. Төдийд Чуань Юй, Чюн Ин хоёул загас усан мэт зайдашгүй амраглаж цавуу ширд адил салшгүй янагласныг өгүүлэн тоочвоос барахгүй.
Мөн шөнө Чуань Юй орон дотроо үнэн нэрээ хэлж, би болбоос Сүн улсын жанжин өдгүй сумт Жан Чин мөн бөгөөд эмч Чуань Лин болбоос хувилгаан оточ Ань Даочуань мөн бөлгөө хэмээн нарийн учрыг нэгэн зэрэг тоочин хэлсэнд Чюн Ин бас өөрийн удаан өдрийн үйл зовлонг өгүүлж хоёул шивэр шивэр ярилцаж нэгэн шөнө нүд аньсангүй. Хоёр өдөр болсонгүй дотор гаднаас хамжин хорт дарс өргөж Ү Ли-г хордуулан алаад, их жанжин Сюй Вэй-г бас дотоод ордноо зөвлөх үйл баймуй хэмээн дуудан оруулж түүнийг алсанд бусад жанжин нар зэрэг зэргээр дагав. Жан Чин, Чюн Ин хоёул хот доторх цэрэг ард хэмээн ялгаагүй. Хэн хэрвээ живдрээ цуу гаргаваас түүнийг хүйс тэмтэрмүй хэмээн цааз зарлаж, бас Се Жэнь, Се Бао ах дүү хоёулыг гянднаас тавин гаргаж, Жан Чин, Е Чин-ий хамт хотын дөрвөн хаалгыг сахиж, Ань Даочуань бээр Е Чин-ий гар доорх явган цэргийг авч Жао Дэ хотноо очиж Сүн Жян-д чимээ хүргэсэнд цэргийн багш Ү Юн бээр Ли Күй, Ү Сүн хоёулд захиа уламжлан хувилгаан бичээч Сяо Ран-г хамгаалан шөнө дүлээр Сян Юань хотноо орж, Чюн Ин, Жан Чин нарт золгоод Ү Ли-ийн гарын тигийг дуурайн хүргэн сонгож, бага Чюн Ин-ий биеийг бүтээв хэмээн хуурмаг бичиг үйлдүүлж, Тянь Ху-д мэдүүлээд тохиолыг үзэн хэргийг бүтээ хэмээн сургаж илгээв. Тэндээс Е Чин хуурмаг бичгийг авч, Жан Чин, Чюн Ин-ээс салж, Вэй Шэн хотын зүг ирэхийг түр өгүүлэхгүй.
Өгүүлэх нь: Сүн Жян Жао Дэ хотоос Сяо Ран, Ань Дал Чуань хоёулыг тус тус явуулсны дараа Со Чао, Сюй Нин хоёул Лу Чэн хотыг байлдан олж элч илгээн баяр мэдүүлж: - Суо Чаозэргийн олон жанжин цэрэг авч Лу Чэн хотыг байлдахуйяа хотыг сахисан жанжин Ти Фан хаалгыг дарж үл байлдахуйд Сюй Нин олон жанжин нар лугаа зөвлөн арга үүсгэж цэргийн ардыг бие нүцгэлэн хотын доор илгээж зуун зүйлээр гутаан хараалгаснаа хотын хаалгыг сахих жанжин цэрэг их л тачаадан уурлаж Ти Фан-ын ятгахыг үл сонсон хаалгыг нээж байлдахаар гарав. Арын цэрэг баатар хүчтэй, дөрвөн хаалгаар байлдан гарснаа бидний цэрэг байлдах бөгөөд ухарч арын цэргийг өдөөж хотын хаалганаас хол болгоод Тан Бинь зүүн этгээдээс цэрэг дагуулан шувтлан байлдаж, Тан Лун баруун биеэс цэрэг аван хавчин байлдав. Зүүн баруун хаалгыг сахисан цэрэг тулан чадахгүй болж яаран хаалгыг дарсугай хэмээтэл Тан Лун, Тан Бинь хоёр жанжин цэрэг авч алан ороод хотыг булаав. Сюй Нин бээр Ти Фан-г жадалж мориноос унагааснаа бусад жанжин алагдах нь алагдаж, буруулах нь буруулж, арын цэргийг таван мянга илүү алж, гурван мянга илүү морь олзлоод, түм илүү хүмүүнийг дагуулав. Суо Чао зэргийн олон жанжин хотод ороод зуун овогтныг илбэн тохруулж тухайлан баяр мэдүүлэхээр илгээв. Албан яамны алт, мөнгө жич цэрэг ардын ам өрхийн тоог тусгай дэвтэр зохиож дараагаар өргөн мэдүүлсүгэй хэмээж баймуй хэмээхүйеэ Сүн Жяних л баярлан хуудаст бичиг үйлдэн Чэнь Ань Фү-д айлтгаад Суо Чаозэрэг олон жанжны гавъяаг илэрхийлэн тэмдэглэж ирсэн элчид шагнасан хойно зам замын цэрэг морь хүрч ирсний дараа нэгэн хамтаар цэрэг ормуй хэмээн хариу бичиг үйлдэн ирсэн элчид өгснөөр ирсэн элч Сүн Жян-аас салж, Лу Чэн хотын зүг эчихүйг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь: Вэй Шэн хотын Тянь Ху-ын харъяа дотоод үйлийг захирах яам Чяо Дао Чин, Сүнь Ань нар Сүн улсыг дагаж, Жао Дэ, Лу Чэн хоёр хотыг алдав хэмээн дараа дараагаар мэдүүлсэн туршуулын ардын айлтгалыг сонсоод, Тянь Ху-д орж мэдүүлэв.
Тянь Ху их л цочиж олон жанжин түшмэлийг цуглуулан хараахан зөвлөн бүхийд харуулын ард дотогш орж Сян Юань хотыг сахисан жигүүрийн жанжин Е Чин улсын нагац Ү Ли[1]ийн ёсны бэлэг хуудаст бичгийг аван хүрч ирэв хэмээн мэдүүлсэнд Тянь Ху бээр дотогш оруул хэмээн зарлиг буулгав. Жигүүрийн жанжин Е Чин-ий ирснээр Вэй Шэн хотноо хүчирхэг хулгайг төвшитгөж, Ү Сян сянь-д урвасан ванг амьдаар баримуй. Эгнэгт Тянь Ху бээр улсын нагац Ү Ли-ийн бичгийг дуудаад ямар юм өгүүлэхийг мэдсүгэй хэмээвээс түр доод бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )