Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 100 дугаар бүлэг

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 11

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

 ЖАН ЧИН ЧЮН ИН ХОЁУЛ ЦЭРГИЙН ГАВЪЯА БАЙГУУЛСАН ЧЭНЬ ХУАНЬ СҮН ЖЯН ХАМТААР

БАЯРЫН СЭТГҮҮЛ ДОВТОЛГОСОН 

 Өгүүлэх нь лусын эзэн Ли Жюнь их бороо орж догшин үер буусан тухайд Жан Хэн, Ян Шүнь, Юань овгийн гурван баатрын хамт усан цэргээ захирч цаг мөчийг болзож, цэрэг хуваан Хи Бо-ийн суваг ба Жинь Шүй голыг сэтэлж, Тайюань хотыг дэвтээсэнд агшин зуур их үер хаагин шуугин долгилмуй. Үзвээс: Халгилах үер гэнэт бууж, хуугих давалгаан ив дайрахуйяа, хуяг цэрэг онгоц салаар дайран ирж, хошууч жанжин нисэх завиар сумдан ормуй. Чөтгөр уйлан буг орилж гэгээн тэнгэр бүрэнхий болоод, уул юүрэн хад дэлбэрч догшин давалгаа хүрхрэн ойлмуй. Хот цайз нийдэм нурж, хороо хашаа цөм балрав. Туг хиур урсгалд хумигдаж улаан, хөх нь ялгагдахгүй болж, илд жад уснаа дэгдэж шүүдэр гялаа бутрах мэт. Хүүр яс ёроолд тунаж, загас мэлхий хувилаад, хүрэн цус бургилан сахарч мөрөн гол болжээ. Ургаа мод үзтэл үндсээрээ булгарч, унь нуруу хартал усны аяар хөвмүй. Төдийд гэнэт их үер түлхлэн ирснээ хот доторх цэрэг ард жанжин түшмэл ум хумгүй үймэлдэн сандарч шолбойтол норж хэрмийн толгой гэрийн оройд гарч өндөр мод бүдүүн нуруунаа авиралцахуйяа хөгшин зэмдэг хүүхэд нялх нь орох газаргүй, арга буюу авдар хорго, тагт индэрт мацаж гармуй.

Нүд ирмэхийн зуур ширээ сандал ч уснаа хөвж, гэр байшин ч юүрэн унасанд бүгдээр цөм усан хулгана болов. Хот гаднах Ли Жюнь, Жан Хэн, Жан Шүнь жич Руань овгийн гурван баатар нисэх завь, хөвөх шатыг авч хотын ойр ирвээс чив хэмээн хотын хайсан лугаа сацуу асан тул цэргийн ард хурц зэвсэг барин хотын хайсан дээр авиран гараад сахисан цэргийг нь нүдгүй цавчин үүсгэв. Удсангүй олон цэрэг онгоц салаар шууд даран ирснээ хотын хэрэм үерийн усанд түлхэгдэн зэрэг зэргээр юүрэн унасанд Жан Сюнь хотын асар дээр өвчүү дэлдэн гашуунаа тоочиж атал Жан Хэн, Жан Шүнь нисэх завинд суун хотын хайсанд дэвхрэн гараад атган зэвсгийг дээр далайж аянгын дуугаар нэгэнт хашхирмагц арав хорин цэргийн ардыг цавчин унагасанд бус хүмүүн тэргүүнээ тэврэн зүг зүгтээ буруулан эчив. Жан Сюнь бие зайлж завдсангүй Жан Хэн-ий илднээ цавчигдаж хөсрөө унасанд, Жан Шүнь нисэх мэт урагш давшиж нэгэн илдэнд тэргүүнийг нь тас цавчив. Үер намдан ус таттал хот доторх цэрэг иргэний их хагас нь усанд живж гэр тэргэнд дарагдаж үхэв.

Нуруу тулгуур, үүд цонх, хүмүүний хүүр, амьтны сэг мэтийн элдэв юм урсгалын аяар өмнө үүднээ дүүрсэн ажгуу. Ганц умард Чи улсын Шэнь Ү хааны байгуулсан зуслангийн ордон өндөр бэхлэг тул ойр орчмын цэрэг ард дөрвөн зүг найман зовхисоос амь тэмцэн шахалдан ирснээ бас хоёр гурван мянган хүмүүн гишгэлэгдэж үхэв. Өндөр дов хотын хайсанд авирч гараад амь үлдсэн цэрэг ард мянганы тооноос хэтрэхгүй болов. Лу Сянь фэн хэдийн хотын гаднах гацаа тосгоны түрүү нарыг сэмээр дуудан захиа өгсөн тул харангын дуу гармагц урьдаас бэлтгэсэн зуун овогтон цөм довцог хөтөлд гарч завдсан ажгуу. Түүнчлэн хотын гадна уудам саруул тул усны түлхэлт удсангүй татсанаа хотын гаднах ард иргэн нэг ч хүмүүн хохирсонгүй. Мөн өдөр лусын эзэн Ли Жюнь усан цэргээ захиран баруун хаалгыг эзлэв. Усан хувилгаан Жан Хэн жич жигүүрт загас Жан Шүнь хоёул хойд хаалгыг эзлэв. Догшин сахиус Руань Сяо Эр, Эл Лан тэнгэр Руань Сяо Ү зүүн хаалгыг эзлэв. Амьд эрлэг Руань Сяочи өмнө хаалгыг эзлэв. Тэр үе хотын дөрвөн хаалганд цөм Сүн улсын туг хиурыг мандуулав. Наран унаж бүрий тасрах үеэр ус татаж газар эвэрсэн хойно Ли Жюнь тэргүүлэн олон хүмүүн хотын хаалгыг цайтал нээж, Лу Сянь фэн нарын цэрэг морийг хотноо угтан оруулбаас тахиа, нохойн дуун тасраад хүмүүний хүүр уул мэт овоорсон ажгуу.

Жан Сюнь нарын нүглийн сав нь хэдий дүүрсэн боловч Ли Жюнь[1]ий хэрэглэсэн энэ арга ч мөн үнэхээр хартай ажгуу. Арай хэмээн амь үлсэн мянга илүү цэрэг ард шавар шалбагт горойтол сөгдөж тэргүүн авалгүй мөргөж амь хэлтрүүлэхийг гуйснаа Лү Жюнь И захиа буулган бүртгэн үзвээс арав хорин цэргийн ардаас бус нь цөм үтэл иргэн байсан ажгуу. Юаньшуай-н ордны ар хүрээлэнгийн хонгорцогт модны авирсан Сян Жүн, Сюй Юай үерийн ус намдсаныг үзээд сэмээр бууж ирснээ Сүн улсын цэрэг амьдаар барьж түлхлэн авчирсанд Лү Жюнь И тэргүүнийг цавчуулан олноо цээрлэл үзүүлсэн хойно тус сянь-ий сан хөмрөгийн алт мөнгийг гаргаж хот дотор гаднах уснаа автсан ард иргэнийг туслан тэнхрүүлж, нэгэнтээгүүр элч илгээн Сүн Сянь фэн-д баярын сэтгүүл довтолгож, нэгэнтээгүүр цэргийн ардад цааз зарлан хүүр ясыг оршуулж, гэр тэргийг шинэтгэн, ард иргэнийг орон сууцтай болгохыг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Тайюань хотыг алдахаас урьд, Тянь Ху-ын бие арван түмэн их цэргийг дайчлан мордоод борооноо тохиолдож Түн Ди Шань уулын өмнө хүрээ байгуулан бууснаа гэнэт туршуулч ард довтлон ирээд улсын нагац Ү Ли өвчнөөр өөд болж, хошой авхай жич хүргэн жюнь ма хоёул цэрэг ухран Сян Юань хотноо эгээд улсын нагацыг бэлэвсрэн оршуулж баймуй хэмээсэнд Тянь Ху их л цочиж даруй Сян Юань хотод элч довтолгож Чюн Ин үлдэж хотыг сахигтун. Чуань Юй урагш ирж зарлигийг хүлээтүгэй хэмээн захиад, Сян Юань хотноо эчсэн элч нарын юуны учир хойш ирж хэрэг айлтгахгүй аж хэмээн байцаан асуув. Жич өдөр, бороо зогсож тэнгэр гэгээрсэн хойно туршуулч ард нисэх мэт довтлон ирээд Сүнь Ань, Ма Лин хоёул Сүн Жян-ын захиагаар цэрэг дагуулан байлдахаар ирэв хэмээсэнд Тянь Ху үүнийг сонсоод их л хилэгнэж: - Сүнь Ань, Ма Лин хоёул миний өндөр хэргэм зузаан пүнлүүг хүртсэн атал энэ өдөр урван тэрсэлсэн нь үнэхээр уучлахуйяа бэрх мөхөс хүмүүн өөрийн биеэр эчиж ял асуусугай.

Чин та нар зэргээр зүтгэж, энэ хоёр хүмүүнийг олж бариваас мянган лан алт шагнаж, түмэн өрхийн хоу өргөмжилсүгэй хэмээгээд, их цэргийг авч мордоод Сүн улсын цэрэг лүгээ эсэргүүлэн жагсаад Сүн улсын цэргийн туг тэмдгийг үзвээс харин Жин Дэ-ийн хувилгаан Сүнь Ли, бишгүүрт сахиус Ма Линь байсан ажгуу. Ар жагсаалын өмнө алтан хэмх архайж, төмөр сүх ярайж, жад сэлэм гялбалзаж, туг хиур бүрхэж, есөн луут шар шүхрийн доор хулгайн хаан Тянь Ху хас хазаар алтан эмээл тааруулсан чандган цагаан моринд мордоод жагсаалын өмнө гарч цэрэг морийг захирмуй. Өмнө жагсаалын ард Сүн Жян бээр Ү Юн, Сүнь Синь, Гү Дасао, Ван Ин, Ху Саньнян, Жү Түн, Янь Шүнь нарын цэрэг морийг авч ирээд мөн өөрийн биеэр ерөнхийлөн захирмуй. Түүнээс Тянь Ху бээр Сүн Жянирэв хэмээн сонсоод чив хэмээн жанжин гаргаж бариулсугай хэмээтэл гэнэт туршуулч ард довтлон ирээд: - Гуань Шэн нар нэгэн дараагаар Юй Шэ, Да Гү хоёр хотыг эвдэв. Баруун замын Лү Жюнь И-ийн цэрэг морь бас Пин Яо, Же Сю хоёр сянь-ийг эвдээд ус тавин Тайюань хотыг тэвдээж, хот доторх жанжин цэргийг нэг ч хэмээн гаргасангүй дуусган алав. Баруун гарын чэнсян Бянь Сян-ий бие Мянь Шань уулнаа цэрэг бууж Хуа Рүн нартай байлдаж атал Лү Жюнь И цэрэг авч Тайюань хотоос мордоод хойно этгээдээс алан ирсэнд Бянь чэнян хоёр этгээдээс хавчин байлдахуйг халхалж чадахгүй болоод цэрэг дарагдан их дийлэгдэж Лү Жюнь И-д амьдаар баригдав.

Эдүгээ Лү Жюнь И бээр Гуань Шэн лүгээ цэрэг морийг нийлүүлж Чинь Юань сянь-ийг давхар давхар бүслэн хааж авав хэмээсэнд Тянь Ху цөс цалгитал эмээгээд яаран цааз зарлан цэрэг хурааж Вэй Шэн хотноо эгж батлан сахьсугай хэмээв. Төдийд, Ли Тянь Си нар жагсаалын хөлийг хамгаалж, Сюай Ши, Линь Синь, Ху Ин, Тан Чан нар Тянь Ху-г хамгаалан урьд мордоод хараахан явж атал Түн Ди Шань уулын араас гэнэт буу дуугарч, Лү Жишэнь, Лю Тан, Бао Сюй, Шян Цүн, Ли Гүнь нар Сүн Жян-ын нууц зарлигаар баатар шаламгай явган цэргийг авч Түн Ди Шань уулын ард ороон хүрээд хоёр замаар алан ирэв. Тянь Ху шадар цэргийг шаардан байлдсугай хэмээтэл Ма Лин, Сүнь Ань хоёул цэрэг дагуулан сүвээнээс дайран ирэв. Ма Лин салхи галын хос хүрдийг гишгэлэн арын цэргийг алтан тоосгоор нүдгүй занчин үүсгэхүйеэ Сүнь Ань хос сэлмийг бүжиглэн цавчиж, хоёр жанжин цэрэг морийг дагуулан ар жагсаалд шувтлан орох нь хүмүүн үгүй газар явах мэт, удсангүй арын цэргийг тасалж, хоёр анги болгов. Арын цэрэг хэдий арван түм баймуй хэмээвч Ү Юн цэрэг морийг гурван зам хувааж хөндлөн гулдгүй шувтлан дайрч урагш, хойш даран алсанд арын цэрэг их л дарагдаж үүл мэт сарнин бутарч энд тэнд таслагдан хашигдав.

Хуурмаг эрхин сайд Ли Тянь Ши нар Тянь Ху-г хамгаалан зүүн тийш шувтлан эчтэл Лү Жишэнь тэргүүлэн олон жанжин нисэх жад, дүгрэг бамбай, хурц илд барьсан хуяг цэргийг дагуулан цусан зам гарган даран орж ирээд Ли Тянь Си, Жэн Хи Рүй, Сюай Ши, Линь Синь нарын цэрэг морийг алан сарниулав. Тянь Ху-ын дагуулсан нь хэдий шилдэг хурц шадар цэрэг болох боловч ганц албан цэрэг лүгээ байлдаж өнгөрснөөс бус энэ мэт эрэмгий баатар жанжин цэрэг лүгээ ер харгасангүй тул эдүгээ хэрхэн эсэргүүцэн чадах аж! Түүнээс Тянь Ху-ын бие ганц дүдү Ху Ин, Тан Чан, Зүн Гуань Е Чин жич Жинь Ү Сяо Юй зэргийн хэдхэн жанжныг дагуулан таван мянга илүү дарагдсан цэргээ авч хараахан цухалдаж буруулан атал гэнэт бас нэгэн багийн цэрэг морь зүүн этгээдээс дайран ирсэнд, Тянь Ху их л эмээн тэнгэр өөд хандан шүүрс алдаж: - Тэнгэр намайг сөнөөх нь болой! хэмээтэл тэргүүндээ хар дуулга дарж, биедээ ногоон хуяг хэдэрч, гартаа ли хуа чян жад барьж, хурган үст цас цагаан морь унасан нэгэн залуу жанжин морь тавин жагсаалын өмнө гарч ирэв. Арын цэрэг тугт бичсэнийг үзвээс “Улсыг мандуулан өмнийг төвшитгөх хошууч жюнь ма Чуань Юй” хэмээмүй. Төдийд Тянь Ху-ын шадар асан Е Чин тэмдэг тугийг олж үзээд дээш айлтгасанд, Тянь Ху даруй зарлиг буулган жюнь ма-г түргэн ирж эзнээ тэнхрүүл хэмээсэнд Чуань жюнь ма урагш ирж мориноос үсрэн буугаад хөсрөө сөгдөн айлтгаруун: - Өчүүхэн түшмэл их вангаас мөргөн гуйх нь, хүнд хуягийг биед өмссөн тул хөсөр мөлхөн ёсолж чадахгүйг түмэн зэрэг уучлах болов уу? хэмээвээс Тянь Ху зарлиг болруун: - Чин чиний ялыг хэлтрүүлсүгэй” хэмээхүйд Чуань Жюнь Ма бас айлтгаруун: - Хэрэг үйл түгшүүртэй болсон тул их ван түр Сян Юань хотноо залран бууж дайсны сүрээс зайлбаас дээр болой.

Түшмэл би хошой авхайн хамт Сүн улсын цэргийг алан урхуулсны хойно дахин их ванг Вэй Шэн хотын их ордноо залж сайн аргыг зөвлөн тогтоод тулгар төрийг дахин мандуулсугай хэмээсэнд, Тянь Ху их баярлаж мөн даруй зарлиг буулгаж Сян Юань хотын зүг мордон эчихүйеэ Чуань жюнь ма хайгуул болж, араас нэхэмжлэх цэргийг халхалмуй. Тянь Ху цэрэг авч Сян Юань хотын ойр хүртэл арын хойноос алах дуу огторгуйд мандаж их цэрэг нэхэмжлэн ирсэнд, хотыг сахисан олон жанжин сандан мэндэн хаалга нээн унуул гүүрийг дорогш буулгахуйяа өмнө явах хошууч Ху Ин арын хойноос нэхэх цэрэг ирснийг үзээд их вангаа ч хайхрах завгүй болж цэрэг морио удирдан хот дотор түлхэн орсонд, гэнэт тогшуурын дуу гармагц хоёр этгээдийн бүгсэн цэрэг зэргээр хөдөлж, Ху Ин тэргүүлэн гурван мянга гаруй хүмүүнийг унуул нүхэнд унагааж нэг ч хүмүүнийг гаргасангүй самуун жадаар жадалж алав. Хот дотроос гэнэт: - Тянь Ху-г амьдаар баригтун!” хэмээх дуу мандсанд Тянь Ху хувьсгал гарсныг мэдэж сая аргад оров хэмээн ухаад морин жолоо эргүүлэн умар зүг буруулан эчтэл, Жан Чин, Е Чин морь ташуурдан хойноос нэхэн ирэв. Тянь Ху-ын унасан морь хурдан тул Жан Чин, Е Чин цэрэг дагуулан нэхэвч завдахгүй, үзтэл нэгэн харвааны газар мултран гарав.

Тянь Ху дутаан атал гэнэт нэгэн зурвас хуй салхи дэгдэж нэгэн эхнэр хүмүүн өөдөөс нь ирж: - Зальхай хулгай Тянь Ху чи манай Чоу овгийн эр эм хоёулыг хорлоод эдүгээ хааш буруулмуй? хэмээсэнд, тэр эхнэрийн хажуугаас бас нэгэн зурвас жихүүн салхи хуйлран босож Тянь Ху-ын зүг үлээн ирмэгц эхнэр хэдийн бараагүй болов. Тянь Ху-ын морь үргэн адгаж үүрсэн дэвхэцсэнд Тянь Ху мориноос тонгорцоглон унав. Тэр чөлөөнөө Жан Чин, Е Чин мориноос үсрэн бууж цэргийн ард лугаа урагш давшин Тянь Ху-г барьж хүлсэнд, Тан Чан олныг авч морь довтолгон жад сунгаж тэнхрүүлэхээр ирэхүйеэ Жан Чин олж үзээд яаран мориндоо мордож хавтаганаас чулуу авч нэгэнтээ шидсэнд чив хэмээн Тан Чан-ын нүүр оногдож мориноос савж унаснаа Жан Чин их дуугаар хашхиран өгүүлрүүн: - Миний бие Чуань Юй хэмээгч бус болой. Харин тэнгэрлэг төрийн Сүн Сянь фэн-ий гар доорх өдгүй сумт Жан Чин мөн ажгуу хэмээсэнд, Ли Күй, Ү Сүн хоёул таван зуун явган цэргийг авч хот дотроос давхин гарч ирээд аянгын дуугаар нэгэнт хашхирмагц Дянь Шуай жанжин, Жинь Ү Сяо Юй зэргийн хоёр мянга гаруй хүмүүнийг улаа бутартал алан сарниулав. Жан Чин бээр Тан Чан-г жадлан алж Тянь Ху-г атиртал хүлээд хот дотор түлхлэн ороод их хаалгыг таг дараад, Сүн Сянь фэн бээр арын цэргийг алан ухруулсан хойно эзэн хотноо хүргэхээр болов. Төдийд Лү Жишэнь нэхэж ирээд Тянь Ху-г барьж хотноо аваачсаныг үзээд яаран баруунш эргэж Түн Ди Шань уулын зүг дайран эчив.

Тэр үе чив хэмээн тахиа цаг болсон ажгуу. Түүнээс Сүн Жян нарын гурван замын цэрэг морь нь арын цэрэг лүгээ нэгэн өдөр зууралдан байлдаад хоёр түм илүү хүмүүнийг алав. Арын цэрэг эзнээ алдаж, дөрвөн зүг найман зовхист амь зулбан буруулав. Фань хатан тэргүүлэн олон татвар шивэгчин цөм цэргийн хөлд алагдав. Ли Тянь Си, Жэн Хи Рүй, Сюай Ши, Линь Синь нар гурван түм илүү цэрэг морийг авч Түн Ди Шань уулнаа зайлан суусанд, Сүн Жян цэрэг дагуулан дөрвөн талаас бүслэн хаасанд, Лү Жишэнь хүрч ирээд Тянь Ху нэгэнт Жан Чин-д баригдав хэмээн мэдүүлснээ Сүн Жян алга хамтатган наманчлан залбирсан хойно даруй цааз зарлан захиа буулгаж цэргийн ардыг шөнө дүлээр Сян Юань хотноо илгээж Ү Сүн-г хот цайзыг чанд бэхлэн Тянь Ху-г сайтар харагтун хэмээн захиад, Жан Чин-г цэрэг дайчлан даруй Вэй Шэн хотноо хүрч Чюн Ин-г туслан байлд хэмээв. Угт Чюн Ин-ий бие цэргийн багш Ү Юн-ий нууц аргыг хүлээж, Се Жэнь, Се Бао, Юэ Хэ, Дуань Жинжү, Ван Дин Лиү, Юй Баосы, Цай Фү, Цай Чин нарын хамт таван мянган цэрэг морийг авч, ар цэргийн туг хиурыг өргөж, Ү Сян сянь-ий хотын гаднах Ши Пань Шань уулын энгэрт бүгэж асан бөлгөө. Чюн Ин нар Тянь Ху-ын Сүн улсын цэрэг лүгээ байлдаж ахуг тагнаж мэдээд шөнө дүлээр цэрэг авч Вэй Шэн хотын өмнө давхин ирэхүйеэ нар унаж бүрий тасраад хавирган сар огторгуйд туяалмуй. Чюн Ин уран гургуулдайн уяхан эгшгээр хотын гаднаас ийн дуудруун: - Би болбоос хошой авхай Чюн Ин болой.

Эдүгээ их ванг өмөглөн ирсэн тул хотын хаалгыг хурдан нээгтүн! хэмээсэнд, хот сахисан харуулын цэрэг нисэх мэт түргэнээр хаан ордноо орж мэдүүлснээ Тянь Бао, Тянь Бяо яаран мориндоо мордож өмнө хаалгаа довтлон хүрээд мэнд санд хотын асарт авиран гарч үзвээс үнэхээр их ван сийлмэл эмээл дарсан мөнгөн дэлт цагаан морийг унаж шар шүхрийн доор зогсмуй. Хошой авхай Чюн Ин хэмээх үсэгт тугийн доор нэгэн хүүхэн жанжин жолоо хураан зогсох бөгөөд эрхин сайд тэргүүлэн дүдү зэргийн олон түшмэл арын хойно дагалцан зогсжээ. Чюн Ин өндөр дуугаар хашхиран өгүүлрүүн: - Ху дүдү нар Сүн улсын цэрэг лүгээ байлдаж дарагдсанаа миний бие тухайлан их ванг хамгаалан энд ирсэн тул олон түшмэд үтэр түргэн хотоос гарч хааныг угтагтун! хэмээсэнд, Тянь Бао нар үзвээс үнэхээр Тянь Ху мөн тул даруй захиа буулган хаалгыг нээлгэж хотоос угтаж гараад хоёр хүмүүн арай хэмээн морин өмнө хүртэл цагаан морь унасан их ван өндөр дуугаар зандан өгүүлрүүн: - Энэ хоёр хулгайг мөхөс надад түргэн барьж өгөгтүн! хэмээсэнд, зүүн баруун жигүүрийн ард зэргээр давшин тэр хоёулыг дарж унагаав.

Тянь Бао, Тянь Бяо их дуугаар: - Бид хоёул ялгүй болой! хэмээгээд гар хөдлөн тэлчилсүгэй хэмээтэл, цэргийн ард хэдийн дээс гарган атиртал барьж хүлэв. Үзвээс, Сүнь Ань бээр цэргийн багш Ү Юн-ий захиагаар Сүн улсын цэргийн дотроос Тянь Ху-д төсөөтэй нэгэн цэргийг сонгож Тянь Ху[1]ын маягаар засуулаад, Се Жэнь, Се Бао зэрэг хэдэн хүмүүнээр эрхин сайд, дүдү мэт хувцлуулсан ажгуу. Төдийд олон хүмүүн тус тусын зэр зэвсгээ барьж, Ван Дин Лиү, Юй Баосы, Цай Фү, Цай Чин нар таван зуу илүү хүмүүнийг дагуулан Тянь Бао, Тянь Бяо-г шөнө дүлээр Сян Юань хотноо хүргэж эчсэнээ, хот доторх жанжин нар Тянь Бао, Тянь Бяо-г баривчилж өмнө зүг авч эчсэнийг үзээд аргад унаж хууртагдсаныг ухаад яаран хотоос гарч хүмүүнээ булаасугай хэмээсэнд Чюн Ин хэдийн Тянь Дин-г алахаар шүд зууж юуг ч хайхрахгүйгээр Се Жэнь, Се Бао-ийн хамт хот дотор шурган ирэхүйеэ хаалга сахисан жанжин цэрэг урагш давшин угтан байлдсанаа Чюн Ин нисэх чулуугаар занчиж долоо, найман хүмүүнийг шархдуулав. Се Жэнь, Се Бао хоёул гавшгайлан Чюн Ин-г өмөглөн байлдаж атал хотын гадна асан Юэ Хэ, Дуань Жинжү цэргийн ардад цааз зарлан арын цэргийн хувцас хунарыг тайлуулж, Сүн улсын тэмдэгт хуягаа илрүүлж дотогш дайран орж өмнө хаалгыг булаан эзлээд хурц илдээ эргүүлж цэрэг аван хайсан дээр давхин гарч харуулын цэргийг алан сарниулж Сүн улсын тугийг босгосонд, хот дотор үймэлдэн үүсгэв.

Төдийд хуурмаг төрийн бичиг цэргийн түшмэд ба вангийн төрлийн садан зэргийн олон хүмүүн яаран цэрэг дагуулан байлдахаар ирэв. Чюн Ин дөрвөн мянгахан цэрэг морийг дагуулан дайсны үүрэнд гүн орсон тул хэрхэн эсэргүүцэн чадах аж?” төдийд түв хэмээн Жан Чин найман мянга илүү хүмүүнийг удирдан өмөглөн байлдахаар хотноо довтлон орвоос Чюн Ин, Се Жэнь, Се Бао нар чив хэмээн арын цэрэг лүгээ зууралдан байлдаж асан тул Жан Чин морь довтолгон чулуу нисгэн арын жанжныг дөрөв шархдуулж дайсны цэргийг алан ухруулаад Чюн Ин-ий зүг өгүүлрүүн: - Хот дотор шувтлан ороод цөөнөөр олныг дийлж хэрхэн чадмуй хэмээвээс Чюн Ин өгүүлрүүн: - Эцгийн өшөөг олж хариулбаас хэдий яс хэмхрэн бие цуцравч огт гомдох газаргүй!” хэмээхүйд Жан Чин өгүүлрүүн: - Миний бие Тянь Ху-г нэгэнт амьдаар барьж Сян Юань хотноо хүргүүлэв хэмээсэнд Чюн Ин сая санаа амарч өвчүү дүүрэн баярлав. Түүнээс Жан Чин нар цэрэг морийг авч хотоос ухран гарсугай хэмээтэл өшөөт хулгайг эцэг тэнгэр буруу үзсэн тул Лү Жюнь И хэдийн Чин Юань хотыг эвдээд их цэргийг захиран ирээд, өмнө хаалганы тэмдэг тугийг олж үзээд цэрэг морио даллан хотноо дайран ороод Жан Чин лүгээ цэрэг нийлүүлэн арын цэргийг нэхэн алав. Чин Мин, Ян Хи, Дү Чянь, Сүн Вань нар цэрэг дагуулан зүүн хаалгыг эзлэв.

Оу Пэн, Дэн Фэй, Лэй Хэн, Ян Линь нар баруун хаалгыг эзлэв. Хуан Синь, Чэнь Да, Ян Чүнь, Жоутун цэрэг захиран хойд хаалгыг эзлэв. Ян Сюнь, Ши Сю, Жяо Тин, Мү Чүнь, Жэн Тяньшоу, Зоу Юань, Зоу Рүнь нар явган цэргийг дагуулан хаан ордны өмнүүр сүр байгуулан алан оров. Гүн Ван, Дин Дэсүнь, Ли Ли, Ши Юн, Тао Зүнван нар явган цэргийг авч ар үүдээр дайран ороод хаан ордны хатан татвар боол шивэгчин зэргийг дуустал алснаа Тян Дин хувьсгал гарсныг мэдээд хүзүүгээ огтлон үхжээ. Жан Чин, Чюн Ин, Жан Чин, Сүнь Эл Нян, Тан Бинь, Вэнь Жүн Рүн, Цүй Е, Гэн Гүн, Цао Жэн, Сюэ Юнь, Ли Жүн, Жү Фү, Ши Чянь, Бай Шэн нар тус тус цэрэг дагуулан хуурмаг эрхин сайд, дянь шуай, шүми тэргүүлэн хуурмаг хааны өргөмжилсөн угсаа төрөл зэргийн хулгай нарыг алахаар эчив. Энэ үнэхээр: Хүний тэргүүн тасран унаж алтан ордноо өнхрөөд Хүрэн цус бургилан урсаж хас харшийг бялдмуй Хас чулууг ялгасангүй хэмээн гомдож яамуй Хавтгай цээжнээ гаслах баярлахыг тунгаан санаваас зохилтой. Түүнээс Сүн улсын цэрэг Вэй Шэн хотноо дайран орж хулгайн цэргийг шүүрдэн алснаа хүүр яс зээл дүүрч улаан цус гол мэт урсахуйяа, Лү Жюнь И яаран цааз зарлаж зуун овогт иргэнийг хөнөөж болохгүй хэмээсэн хойно Сүн Сянь фэн-д баярын сэтгүүл довтолгохоор элч илгээгээд, мөн шөнийн таван жин болтол байлдаж тоолшгүй олон жанжин цэргийг оруулж авав. Тэндээс тэнгэр гэгээрсэн хойно Лү Жюнь И олон жанжныг бүртгэн үзвээс мэргэн Жюньши Жү Ү-ийн бие Чинь Юань хотыг сахихаар үлдсэнээс гадна бус олон жанжин нар нэг ч хэмээн хохирсонгүй. Ганц дагасан жанжин Гэнь Гүн цэргийн хөлд дайрагдаж үхжээ.

Олон жанжин зэрэг зэргээр гавъяа мэдүүлэхээр ирж, Жяо Тин-ийн бие Тянь Дин-ий хүүрийг авч ирсэнд Чюн Ин араа шүдийг тачигнатал зууж зүүсэн сэлмээ суга татан тэргүүнийг нь огтолж биеийг нь мөчлөн салгав. Тэр үед Ү Ли-н гэргий Ни Ши нэгэнт үхсэн тул Чюн Ин бээр Е Чин-ий эхнэр Ань Ши-ийг эрж аваад Лү Жюнь И-ээс аяарлан салж Жан Чин лүгээ Сян Юань хотноо хүрээд, Тянь Ху зэргийн хүмүүнийг авч Сүн Сянь фэн-ий хүрээнээ хүргэхээр эчив. Лү Жюнь И цэргийн үйлийг шийтгэж атал гэнэт туршуулч ард довтлон ирээд, арын жанжин Фань Сюай Дү бээр Со Чао, Тан Лун-г Юй Шэ сэнь-ийн хотноо хааж бүслэв хэмээн мэдүүлсэнд Лү Жюнь И яаран Гуань Шэн, Чинь Мин, Лэй Хэн, Чэнь Да, Ян Чүнь, Ян Линь, Жоутун нарт цэрэг өгч Суо Чаонарыг  өмөглөхөөр илгээв. Жич өдөр, Сүн Жян Түн Ди Шань уулнаа Ли Тянь Си нарыг дараад элч довтолгон Чэнь Ань Фү-д мэдүүлрүүн: - Хулгайн үүрийг нэгэнт эвдэж, дээрмийн түрүүг амьдаар барьсан тул эрхин түшмэл Вэй Шэн хотноо ирж албан үйлийг таслан шийтгэх болов уу хэмээгээд өөрийн биеэр их цэргийг авч Вэй Шэн хотноо хүрснээ Лү Жюнь И нар яаран гарч угтан оруулсан хойно Сүн Жян зар тунхаг гаргаж, зуун овог иргэнийг амуулан тохинуулав. Лү Жюнь И цэргийн ардаар Бянь Сян-г түлхлэн ацруулсанд Сүн Жян түүний төрсөн байдал төв ихэмсгийг үзээд өөрийн биеэр хүлээсийг тайлж зочны ёсоор хүндэлсэнд, Бянь Сян-ий бие Сүн Жян-ын энэ мэт элбэрэл журамтайг үзээд харамж өгөн мөргөж дагав.

Жич өдөр Жан Чин, Чюн Ин, Е Чин нар Тянь Ху, Тянь Бао, Тянь Бяо-г битүү тэргэнээ хориод хүргэж ирсэн хойно, Чюн Ин, Жан Чин эр эм хоёул өлмий даран хөсрөө сөгдөж авга Сүн Жян-д мөргөн золгоод, бас Ван Ин нарт мэхийн ёсолж урьд өдрийн цөлсөөр гэгээн сүрд халдсан ялыг уучлан аваачмуй хэмээв. Сүн Жян захиа буулган Тянь Ху нарыг гянданаа хорьж их цэрэг дийлж эгсэн хойно баривчилсан ялтныг Жин балгаснаа хүргэхээр тогтоон дарсан ширээ засаж Жан Чин, Чюн Ин эр эм хоёулыг баярын ёсоор дайлав. Мөн өдөр Вэй Шэн фү-ийн харъяа Ү Сян сянь-ийг сахисан жанжин Фан Шүнь нар цэрэг ардын өрх амын данс эвхмэл жич сан хөмрөгийн амуу зоосыг авч өргөн барихаар ирсэнд Сүн Жян хөхиөн шагнаад мөн уг ёсоор Фан Шүнь-ийг эгүүлэн хотыг сахиулав. Сүн Жян Вэй Шэн хотноо сууж хэдэн өдөр болсон хойно гэнэт хүмүүн ирж мэдүүлрүүн: - Гуань Шэн нар Юй Шэ сянь-д хүрээд Со Чао, Тан Лун лүгээ дотор гаднаас хавчин байлдаад арын жанжин Фан Сюай Дү-г алж, таван мянга илүү цэрэг морийг сөнөөж, үлсэн бусыг нь цөм элсэж дагуулав хэмээсэнд, Сүн Жяних л баярлаж олон жанжны зүг өгүүлрүүн: - Таны зэргийн олон ах дүү нарын хүчинд найдаж хулгайг дарах их үйлийг олж бүтээв хэмээгээд, олон жанжны гавъяа зүтгэлийг нарийн нягтаар сийрүүлэн бичиж, Жан Чин, Чюн Ин хоёулд хулгайн түрүүг барьж дээрмийн үүрийг эвдсэн тэргүүн гавъяаг тэмдэглэж өгөв. Бас дөрөв таван өдөр өнгөрсөн хойно Гуань Шэн-ийн цэрэг морь жич Чэнь Ань Фү-ийн цэрэг морь хүрч ирэв.

Сүн Жян олон жанжныг авч хотоос гарч угтан оруулаад ёслон золгосон хойно Чэнь Ань Фү сайшаан өгүүлрүүн: - Таны зэргийн олон жанжин тавхан сарын дотор хорвоо ертөнцөд хосгүй их гавъяаг бүтээн чадав. Доод түшмэл миний бие хулгайн түрүүг барив хэмээснийг сонсмогц бодрол бичиг үйлдэн элчид тушааж Жин балгаснаа баяр мэдүүлэхээр илгээсэн тул эзэн төрөөс эрхгүй хүнд хэргэм зузаан пүнлүү хайрлах буй за хэмээсэнд Сүн Жян харамж өгч дахин ёслов. Жич маргаадрын өдөр, Чюн Ин ордноо ирж, Дайюань Фү-ийн Ши Ши Шань уулнаа эчиж төрсөн эхийн ясыг олж бумбалан оршуулсугай хэмээн гуйсанд Сүн Жян захиа буулган Жан Чин, Е Чин хоёулыг Чюн Ин-ий хамт илгээснийг түр өгүүлэхгүй Түүнээс Сүн Жян бээр Чэнь Ань Фү-д айлтгасан хойно Тянь Ху-ын гүн ордон их харш оюун өрөө хасын танхим зэргийг цөм галдаад, Чэнь Ань Фү лүгээ зөвлөн хэлэлцээд сан хөмрөгийн эд агуурсыг гаргаж цэргийн хөлд хөнөөгдөн түймрийн галд автсан эл газрын ард иргэнийг туслаад бичиг үйлдэн Су Тайюй-д илгээж айлтгал сийрүүлэн хаан төрд өргөхөөр мөн өдрийг Дай Зүн-д тушааж урагш илгээв. Түүнээс Дай Зүн бодрол бичгийг авч мордоод Чэнь Ань Фү-ийн зарсан элчийг завдаж нэгэн хамтаар Жин балгаснаа хүрээд урьд Су Тайюй-н ордноо ирж Ян овогт Юй Хоу-д золгож бичгийг гарган дээш бариулсанд, Су Тайюй их л баярлаж жич маргаадрын эртийн бараалалд бодрол бичгийг Чэнь Ань Фү-ийн айлтгалын хамт дээш эзэнд айлтгаснаа Дао Жюнь хаан мөшөөн баясаж даруй зарлиг буулган Сүн Жян нар үлдсэн үйлийг таслан шийтгэсэн хойно Жин хотноо цэрэг эгж хэрхэн хүлээн пүнлүүг хүрттүгэй хэмээсэнд Дай Зүн энэхүү мэдээг сонсоод мөн өдөртөө Су Тайюй-д салах ёсыг гүйцэтгэж Дунжин хотоос мордоод жич маргаадрын хонин цагт Вэй Шэн хотноо хүрч ирээд Чэнь Ань Фү, Сүн Сянь фэнд учрыг мэдүүлэв.

Түүнээс Чэнь Хуань, Сүн Жян хоёул амьдаар барьсан хулгайн түшмэл сайд нараас Тянь Ху, Тянь Бао, Тянь Бяо гурвуулыг Дунжин хотноо аваачхаас гадна үлсэн бус хулгай нарыг Вэй Шэнь хотноо цаазаар аваачиж алуулав. Хараахан хураамжлаагүй байсан Жинь Нин-ий харъяа Пү Жоу, Е Сянь зэрэг газрын зальхай түшмэл ховдог ноёд Тянь Ху-ын баригдсаныг сонсоод хагас нь, оргон дутааж, хагас нь биеэ хүргэж өчиглөсөнд Чэнь Ань Фү дагасныг тогтоож шударга иргэн болгоод зар бичиг тархаад эл газрын зуун овогт иргэнийг илбэн амаржуулж хүмүүн ардыг хөнөөсөнгүй арын цэргийг элсэн дагуулж гэр хөрөнгө газар тариаг нь эгүүлэн өгч гацааны иргэн болгов. Эл Жоу сянь-ийг дайлан төвшитгөсөн хойно цэрэг морийг татаж, хязгаар орныг хамгаалан ард иргэдийг амуулсныг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Дао Жюнь хаан элч ардад жуу бичиг бариулж Чэнь Хуань нарыг тохинуулахаар Хэбэй газар илгээв.

Жич маргаадар бичиг цэргийн зуун түшмэл цэргийн эрдэм боловсрох танхимд хураад тайш түшмэл Цай Жин-ий тайлбарлах цэргийн бичгийг хичээнгүйлэн сонсохуйяа, олны дотроос нэгэн түшмэл дээш хандан танхимын буланг шинжээд түүнийг огт хэрэгсэхгүйд, Цай Жин их л хилэгнэж тэр түшмэлийн овог нэрийг зандан асуув. Чив чиг нэгэн хүмүүн буланг шинжихүйеэ танхим даяар урамс хугарав. Ганц тайш Цай Жин бээр тэр түшмэлийн овог нэрийг байцаан асуусны харгайгаар тэнгэр газрын од хувилгаан Жэнь И оронд бууж, хүчирхэг жанжин эрэлхэг цэрэг Чу Жин-ийн газрыг төвшитгөмүй. Эгнэгт Цай Жин[1]ий байцаан асуусан тэр түшмэл чухам хэн болохыг мэдсүгэй хэмээвээс түр доод бүлэгт үзтүгэй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top