Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 101 дугаар бүлэг

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

ХҮМҮҮНИЙ ОНГОНЫГ БОДОЛХИЙЛЭЭД СӨРГҮҮ ХҮҮ ЗАЯАСАН ХАВРЫН НАРАНД ЗОРЧООД САМУУ ЯВДАЛ СЭДСЭН

                                                                                                                                                                      

Өгүүлэх нь Цай Жин бээр олон түшмэлийн хамт цэргийн эрдэм боловсрох танхимд суун цэргийн бичгийг хараахан тайлбарлахуйяа нэгэн хүмүүн дээш хандан танхимын буланг шинжээд түүний тайлбарлан шүүмжлэхийг үл таалсанд байцаан асууваас тэр хүмүүний овог Ло нэр Жянь, өвөг дээдээсээ Юнь Нань Жюнь-ий Дажоу газар сууж, эдүгээ эзэн төрийн Ү Сюай Юй түшмэлд байхуй тул хилэнгийн уур хэвлийд мандан хараахан донгодон зэмлэсүгэй хэмээж атал хаалга сахих ард дотогш ирж тэнгэрийн хөвүүн хүрч ирэв хэмээн мэдүүлсэнд, Цай Жин энэ үйлийг түр тавьж бичиг цэргийн зуун түшмэлийг дагуулан эзэн хааныг угтан оруулж түмэн наст хэмээн дуудав. Төдийд Дао Жюнь хааны бие цэргийн бичгийг тайлбарлаж бараад бие дээшилсүгэй хэмээтэл Ү сюай юй түшмэл Лоо Жянь бээр Цай Жин-ийг дуугарахаас өмнө урагш давшин өвдөг нугалж сөгдөөд: - Өчүүхэн түшмэл Ло Жянь үхэх ялыг гуйж, Хуай Си газрын хүчирхэг хулгай Ван Чин-ийн урвасан байдлыг тэнгэрийн хөвүүнд айлтган сонордуулсугай. Ван Чин Хуай Си газар самуун дэгдээж нэгэнт таван он болсон бөгөөд албан цэрэг хэдийн хулгайг тулан чадахгүй болжээ. Урагш өдөр Түн Гуань, Цай Ю хоёул зарлигийг хүлээн Хуай Си-ийн хулгайг дайлахаар эчээд цэрэг морийг бүрнээ хохируулсан атал тэд хоёул ялаас айж эзэн хааныг мэхлэн тэр газрын ус шороо хуяг цэрэгт таарахгүй учраа цэрэг орохыг түр зогсов хэмээн бачлан айлтгаснаар хулгайн сүр нэнд их болов.

Хулгай Ван Чин сүрд эрэмшин өнгөрсөн сард түшмэл миний нутаг Юнь Нань жюнь-ийг байлдан эзлээд булаан дээрэмдэж эмс охидыг нөжидлөн зуун зүйлээр харгислан явсныг тоочин өгүүлэхүйеэ бэрх аж. Эдүгээ хүчирхэг хулгай нэгэнт найман жюнь-ий газар, наян зургаан жоу сянь-ий газрыг эзлэв. Цай Жин-ийн хөвүүн Цай Ю цэрэг морийг сүйтгэн эзэн төрийн нүүрийг гутаасан атал эзэн хааныг залран ирэхээс өмнө Цай Жин дээд суудалд залран их үгсийг үүсгэн цэргийн үйлийг шүүмжлэх нь үнэхээр гутамшгийн туйл болох бус уу! Олдохул эзэн хаан зарлиг буулган улсыг мэхэлсэн Цай Жин зэрэг зальхай түшмэлийг арилгаж жанжныг сонгож цэргийг үүсгэн хулгайг түргэнээ арилгаж зуун овогтныг зовлонгоос авран төр гүрнийг энх амгалан болговоос дээдэд болбоос эзэн сайдын завшаан, доордод болбоос цэрэг ардын завшаан болох бус уу! хэмээсэнд Дао Жюнь хаан их л хилэгнэн Цай Жин нарыг ялаа нуун далдлав хэмээн зэмлэн донгодсонд Цай Жин нар уран үгээр эзэн хаанд айлтгаж ялаас хэлтэрч, эзэн хаан орноо эгэв. Жич өдөр Хаожоу газрын тайш түшмэл Хоу Мэн бас зарлигийг хүлээн Жин балгаснаа ирээд бодрол бичиж голч үгээр Түн Гуань, Цай Ю нар цэрэг жанжныг хохируулж эзэн төрийг гутаасан ялыг эзэн хаанд айлтгасан бөгөөд бас: - Сүн Жян зэргийн олон хүмүүн эрдэм чадал арга бодлого олноос хэтийдэж, Ляо улсыг дарангуйлан Хэбэй газрыг төвшитгөөд олон удаа их гавъяа байгуулан эдүгээ цэрэг морийг багцалж Жин балгаснаа эгсүгэй хэмээж байхуй тул эзэн хаан жуу бичиг буулган, Сүн Жян зэргийн олон хүмүүнд шан хишиг хүртээн түүний харъяа цэрэг жанжныг илгээж Хуай Си газрыг байлдуулбаас эрхгүй их гавъяаг бүтээж болмуй хэмээн өргөн баталсанд эзэн хаан айлтгалыг зөвшөөн цэргийн үйлийг захирах яаманд зарлиг буулган гавъяаг үзэн Сүн Жян зэргийн олон жанжинд зэрэг хэргэм нэмэн өгтүгэй хэмээв. Цэргийн үйлийг захирах яамны түшмэл Цай Жин зэргийн хүмүүн лүгээ зөвлөж: - Хулгайн түрүү Ван Чин бээр Ваньжоу[1]ийн газрыг байлдан эвдэв хэмээн өчигдөр Юйжоу, Зайжоу, Лай сянь зэрэг гурван газраас бачим сэтгүүл довтолгон түгшүүрийг мэдүүлэв. Энэ гурван газар болбоос Дунжин хотын харъяа Жоу сянь-ий газар болох бөгөөд эзэн нийслэлээс ойр тул эзэн хааныг гуйх нь Чэнь Хуань, Сүн Жян нарыг эзэн хотноо ирэх хэрэггүй. Шөнө дүлээр цэрэг морийг шаардан Юйжоу газрыг өмөглөн байлд хэмээн зарлиг буулгаму. Хоу Мэн-г илгээн цацрын өмнөх зөвлөлийн түшмэл болговоос зохимуй. Ло Жянь угаас аюулхай цээжнээ арга бодлого үлэмж тул түүнийг Хоу Мэн-ий хамт илгээж Чэнь Хуань-ий цацрын өмнө туслуулбаас болмуй.

Сүн Жян нарын олон хүмүүн түв хэмээн хулгайг дарангуйлж байхуй тул эдүгээ дэвшүүлэн хэрэглэвээс зохихгүй. Хожмын өдөр Хуа Си газрыг төвшитгөсөн цагт гавъяаг үзэн зэрэг хэргэм хүртээсүгэй хэмээн эзэн хаанд айлтгал өргөв. Үзвээс Ван Чин-ийн жанжин чийрэг цэрэг гавшгай хэмээн сонсоод Цай Жин бээр Түн Гуань, Ян Жянь, Гао Чю лүгээ зөвлөж Хоу Мэн, Ло Жянь хоёулыг Чэнь Хуань-ийн цацрын өмнө илгээж Сүн Жян-ын цэрэг дийлэгдсэн хойно бүрнээ баримтлан ял асуун алсугай хэмээсэн ажгуу. Үлгэрийн учрыг нуршихгүй. Жич өгүүлэх нь Дао Жюнь хаан дөрвөн зальхай сайдын айлтгалыг нэг нэгээр зөвшөөн зарлиг буулган жуу бичиг сийрүүлэн бичүүлж Хоу Мэн, Ло Жянь хоёулд тушаагаад хааны сангаас алт, мөнгө, торго дурдан, хуяг дуулга зэр зэвсэг, амтат дарс, өнгөт хэмэрлэг зэргийг гаргалган Хоу Мэн, Ло Жянь хоёулд тушаан мөн өдөртөө мордож Хэбэй газар хүрээд Сүн Жян нарт жуу бичгийг ухуулан сонсго хэмээсэн бөгөөд бас Хэбэй газрын шинээр эзэлсэн эл жоу, эл сянь[1]ий албан яаманд албан түшмэл дутах тул даруй түргэн түшмэл томилж өдөр хоног хугацан шаардан илгээ хэмээн зарлиг буулгаад, тэнгэрийн хөвүүн засгийн үйлийг шийтгэж төгсгөөд дотоод ордноо эгсүгэй хэмээтэл Ван Фү, Цай Ю хоёул эзэн хааныг ятган Гэнь Юй-д явуулан цэнгэлдүүлэхийг түр өгүүлэхгүй. Өгүүлэх нь Хоу Мэн бээр эзэн хааны жуу бичиг жич эд агуурсны зүйлийг авч гучин таван хөсөг тэргэнд дүүртэл ачиж, Жин балгаснаас салж ГХэбэй газрыг чиглэн явсаар нэгэн өдөр Ху Гуань боомтыг өнгөрөн, Жао Дэ фү-г дайран, Вэй Шэн хотоос хорин газрын үзүүр хүрч ирснээ хулгайн түрүүг хүлж Жин балгаснаа хүргэх Сүн улсын цэрэг морьд учрав. Үзвээс Сүн Жян бээр цэрэг морийг тэгшлэн Жин балгаснаа эгтүгэй хэмээх хааны жуу бичгийг олоод хараахан мордсугай хэмээж атал Чюн Ин бас эхийн ясыг оршуулаад эгж ирэх тохиолдсонд Е Чин жич Чюн Ин эх охин хоёулын шударга элбэрэлтэй үйл ба хулгайн түрүүг баримталсан гавъяаг тэмдэглэж, Чяо Дао Чин, Сүнь Ань нарын эзэн төрд эелэн дагасан учрыг зүй зүйгээр илэрхийлэн бичээд Жан Чин, Чюн Ин, Е Чин гурвуулыг хулгайн түрүүг хүлж цэрэг дагуулан их цэргийн өмнө болж морд хэмээн илгээсэн ажгуу.

Төдийд Жан Чин урагш давшин Хоу Мэн, Ло Жянь хоёулд ёслон золгосон хойно Чэнь Ань Фү, Сүн Сянь фэн нарт хүмүүн илгээн мэдээ уламжлуулав. Чэнь Хуань, Сүн Жян хоёул олон жанжныг дагуулан хот гарч жуу бичгийг тосон авч Хоу Мэн нарыг угтан хотноо орсон хойно ширээ засан, хүж шатаан Чинь Хуань, Сүн Жян тэргүүлэн олон жанжин дээл малгайг тэгшлэн умарш хандан, өвдөг нугалан сөгдсөнд Хоу Мэн олны өмнө зогсож жуу бичгийг илэрхийлэн дуудав. Жуу бичгийн үг нь: Зарлигийн бичиг: - Мөхөс хүмүүн тэнгэрийг сүсэглэн өвгөдийг дүрэмлэж, тулгар төрийг үүсгэн залгамжлахуйяа ганц аруухан баатрын хүчинд түшиж их үйлийг цогцлон бүтээсэн бөлгөө. Ойроос алс хязгаараа түгшүүр үлэмж, улс гүрэн төвшингүй болсон учраа хошууч жанжин Сүн Жян нар усыг огтлон, уулыг давж аюулыг хүлцэн бартааг туулж, урьдаар түрэмгийг төвшитгөн гавъяаг байгуулж, сүүлээр хулгайг дарангуйлж зүтгэл бүтээснээ чухамхүү мөхөс хүний найдсан санааг эс үтээрсэн нь болой. Эдүгээ тухайлан зөвлөлийн түшмэл Хоу Мэн-д жуу бичиг тушаан Чэнь Ань Фү жич Сүн Жян, Лү Жюнь И зэргийн олон хүмүүнд алт мөнгө, торго дурдан, нэрт морь амтат дарсны зүйлийг шагнаж гавъяаг хөхиүлсүгэй хэмээн илгээв. Ойроос хүчирхэг хулгай Ван Чин бээр Хуай Си газар самуун дэгдээн хот балгасыг булаан ард иргэдийг дээрэмдэж хил хязгаарт халдан баруун нийслэлийг давчилсны тул мөхөс хүмүүн бээр сайд Чэнь Хуань-ийг бас илбэн тохруулагч ань фү түшмэл болгон, Сүн Жян-г өрнийг төвшитгөх хошууч жанжин өргөмжилж, Лү Жюнь И-ийг барууныг амуулах дэд Сянь фэн болгон дэвшүүлж, сайд Хоу Мэн-г цацрын өмнөх зөвлөлийн түшмэл болгосугай.

Жуу бичгийг хүлээн авсан өдрөөс цэрэг морийг нийгэмлэн авч даруй түргэн мордож урьдаар Ваньжоу-ийн газрыг өмөглөн байлдсугай. Таны зэргийн олон жанжин шударга сэтгэлээр хүчлэн зүтгэж гавъяаг бүтээн хулгайг төвшитгөвөөс эрхгүй өргөмжлөн дэвшүүлмүй. Хуяг цэргийн түрүүчүүдэд хишиг шан түгээж эс хүрэлцвээс сайд Чинь Хуань чиний бие Хэбэй газрын харъяа жоу сянь-ий доторх баялаг газрын сан хөмрөгийг нээж, хишиг шанг нөхөж түгээгээд эвхмэл үйлдэн эзэн төрд айлтган мэдүүл. Үүний тул тухайлан ухуулав. Сюань Хэ-ийн тавдугаар оны дөрөвдүгээр сарын өдөр хэмээжээ. Хоу Мэн бээр эзэн хааны жуу бичгийг дуудаж барьсанд Чэнь Хуань, Сүн Жян зэргийн олон хүмүүн түмэн наст хэмээн дуудаж, эзэн хааны хишигт мөргөснөө Хоу Мэн бээр эзний шагнасан алт мөнгө эд агуурсны зүйлийг авчруулж, Чэнь Хуань, Сүн Жян, Лү Жюнь И гурвуулд нэжгээд шар алт, таван зуун лан, хоргой торго арван бүхэл, хэмэрлэг магнаг нэгэн зах, нэрт морь нэг, хааны зоогийн дарс хоёр лонх шагнаж, Ү Юнь зэргийн гучин дөрвөн жанжинд нэжгээд цагаан алт хоёр зуун лан, өнгөт торго дөрвөн бүхэл, зоогийн дарс нэгэн лонх хүртээн, Жү Ү зэргийн далан хоёр хүнд нэжгээд цагаан алт нэг зуун лан зоогийн зарс нэгэн лонх шагнаж, үлдсэн алт мөнгө, эд агуурсны зүйлийг Чэнь Ань Фү-д тушааж олон цэргийн гавъяаг үзэж түгээн өгтүгэй хэмээв. Сүн Жян бээр Жан Чин, Чюн Ин, Е Чин гурвуулыг дуудан хулгайн түрүү Тянь Ху, Тянь Бао, Тянь Бяо-г хүлж Жин балгаснаа хүргэж эчигтүн хэмээн цааз зарласанд Гүн Сүнь Шин урагш давшин Ү Лүн Шань уулын Лусын сүмд таван лууны хөргийг цогцолж өгмү хэмээн айлтгаснаа Сүн Жян айлтгалыг зөвшөөн барилгын дархан зэрэг гар урчуудыг урагш илгээв. Сүн Жян хий хүлэгт Дай Зүн, Ма Лин хоёулыг дуудан, шинэ түшмэлд ирсэн хойно эл замын хот сахисан жанжин нар аливаа үйлийг тушааж цэрэг морийг захиран авч ирсний хойно Ван Чин-ийг байлдахаар эчмүй хэмээн зам замын жанжинд захиа өгсөнд, хэдэн өдөр болсонгүй шинэ түшмэл дараа дараагаар тушаалд ирэхүйеэ эл замын хот сахисан жанжин цэргийг авч зэрэг зэргээр хүрч ирэв. Сүн Жян алт мөнгийг гаргаж олон жанжин цэрэгт шагнаж барсны хойно Сяо Ран, Жинь Да Жянь-ийг дуудан чулуун хөшөө цогцлуулж энэхүү үйлийг тэмдэглэж тавигтун хэмээн захив. Жич өдөр түв хэмээн таван сарын шинийн тавны бэлгэт өдөр болсноо Сүн Жян бээр дүү Сүн Чин-г дуудан их хурим тавиулж энх амгалан болсныг бэлэглэн Чэнь Ань Фү-г залж дээд суудалд суулгаад шинэ ирсэн тайшоу түшмэл, жич Хоу Мэн, Ло Жянь, тус жоу-ийн мэдэгч зэрэг ноёдыг зэрэг тушаалыг ялган дэс дараалан суудалд залав.

Жан Чин Жин хотноо эчсэн тул Сүн Жян зэргийн нэг зуун долоон хүмүүн жич Хэбэйн дагасан жанжин Чяо Дао Чин, Сүнь Ань, Бянь Сян нарын арван долоон хүмүүн дээл малгайг тэгшлэн хоёр жигүүрээр суусанд архины ширээнээ Чэнь Хуань, Хоу Мэн, Ло Жянь нар Сүн Жян зэрэг олон жанжны гавъяаг магтав. Төдийд Сүн Жян, Ү Юн нар энэ гурвуулыг өөрийгөө мэдэгч хэмээн сэтгэл эвхрэн баярлаж, төрийн хэргийг шүүмжлэн ярилцаж, өвчүү цээжний үгийг дэлгэн хэлэлцэж, хундага мөргөлдүүлэн уусаар удсангүй чимэгт дэн цэцэгт зул асаах цаг болж олон хүн найрлан ууж шөнийн гүн болсон хойно сая тархав. Жич өдөр Сүн Жян, Ү Юн хоёул зөвлөж цэрэг морийг тэгшлэн соу сянь-ийн түшмэлд салах ёсыг гүйцэтгэж, Вэй Шэн хотын өмнө хаалгыг шурган Чэнь Хуань зэрэг олон хүний хамт өмнө зүгийг чиглэн мордоод замын гудас зуун овогтонд үсэн төдий ч халдсангүй тул газар газрын ард иргэн хүж шатаан дэнлүү өргөлцөн зогсоод Сүн Жян зэргийн олон жанжин нар хулгайг арилгаж зуун овогтонд дахиж нарны гэрэл үзүүлсэн хишигт мөргөхийг түр өгүүлэхгүй. Түүнээс Сүн Жян нар өмнөш мордохыг өгүүлэхгүй. Өгүүлэх нь өдгүй сумт Жан Чин бээр Чюн Ин, Е Чин-ий хамт битүү тэргэнд хулгайн түрүү Тянь Ху зэргийн хүмүүнийг хорьж Жин балгасыг чиглэн явсаар нэгэн өдөр Дунжин хотноо хүрснээ урьдаар Су Тайюй-н ордны өмнө ирж Сүн Жян-ын хуудаст бичиг ба алт мөнгө, эд агуурсны зүйлийг өргөн барив. Су Тайюй бичгийг хүлээн аваад эзэн хаанд айлтгаснаа эзэн хаан Чюн Ин эх охин хоёулыг журам бат хэмээн сайшааж Чюн Ин-ий эх Сүн Ши-ийг Же Сю сянь[1]ий чигч бат сянь жюнь болгон өргөмжилж, сүм хийд байгуулан өгөөд түүний журам батыг сайшаан тахил тавилга тасруулж болохгүй хэмээн албан яаманд зарлиг буулгав. Баг охин Чюн Ин-г бат журамт хүүхэн хэмээн өргөмжилж Е Чин-г цэрэг морийг захирах жэн пай жюнь түшмэл болгон дэвшүүлээд цагаан мөнгө тавин лан шагнаж түүнийг шударга журамтай хэмээн сайшаав. Жан Чин-г угийн тушаалд дэвшүүлэн тэд гурвуулыг бас Сүн Жян-д туслан Хуай Си газрын хулгайг дарсан хойно гавъяаг үзэн дэвшүүлэн хэрэглэсүгэй хэмээв. Төдийд Дао Жюнь хаан бас хуулийн яаманд зарлиг буулган урвасан хулгай Тянь Ху, Тянь Бао, Тянь Бяо гурвуулыг цаазын газар аваачиж огтчин алтугай хэмээв.

Тэр үед Чюн Ин-ий биед эцэг Чоу Шэнь эх Сүн Ши-ийн хөрөг зураг байх тул цаазлах түшмэлд айлтган, эцэг эхийн зургийг цаазын газрын гол төвд өлгөж, өмнө нь ширээ засан тавиад жин үд морин цагийн гурван мөч болж, Тянь Ху-г огтчин алсанд Чюн Ин тэргүүнийг нь авч эцэг эхийн хөргийн өмнө тайж тавиад дуу тавьж гашуудан уйлав. Тэр үед Чюн Ин-ий энэ явдал нэгэнт бүх Дунжин хотын зуун овогтонд тархсан тул үүнийг үзэх хүмүүн маш олон бөгөөд түүний гаслан уйлахыг үзсэн бүхэн эс уйлсан нь үгүй. Чюн Ин эцэг эхийн хөргийг тайсан хойно Жан Чин, Е Жин-ий хамт эзэн хааны хишигт мөргөн Дунжин хотоос салаад Сүн Жян-г туслан Ван Чин-г арилгасугай хэмээн Ваньжоу-г чиглэн ирэхийг түр өгүүлэхгүй. Үүл гарваас бороо ормуй. Үлгэр үүсгэвээс салаа гармуй. Эдүгээ Ван Чин-ий бага насны явдлыг гаргаж өгүүлсүгэй. Ван Чин болбоос угт Дунжин Кай Фэн фү-ийн дэд пай жюнь түшмэлийн тушаалд асан бөлгөө. Түүний эцэг Ван Сюй болбоос Дунжин хотын нэгэн баян сартваа өрх болох бөгөөд тухайлан хэрэг зарга үүсгэн хэрүүл зодоон хийж хэл ам гарган ард иргэдийг хорлож явах тул хүмүүн бүхэн түүнээс зайлдаг ажгуу. Нэгэн өдөр Ван Сюй бээр нутаг усыг шинжих нэгэн сяньшэн-г дагуулж ирээд угсаа төрлийн нэгэн айлын хүүр онгоны газрыг шинжүүлсэнд тэр сяньшэн энэ газар хүүр оршуулбаас эрхгүй баян эрхэм хүмүүн гарах болой хэмээн хэлэв. Ван Сюй бээр сяньшэн-ийн үгийг итгэмжлэн тэр газрыг үзэж тоогоод нутаг усыг шинжигч сяньшэн лүгээ зөвлөж зальт арга үүсгэн тэр айлыг гүжрээр заалдаж хэд хэдэн жил болоод адал хөрөнгийг бүрэлгэж барсанд угсаа төрлийн тэр айл Ван Сюй лүгээ зарга хийгээд зүг гарахгүй хэмээн бодоод Дунжин хотоос салж хол газар эчиж суув.

Хожим Ван Чин урваж гурван угсаа хүйс тэмтрэгдсэнд албан яам байцааваас угсаа төрлийн энэ хүмүүн урагш өдөр Ван Чинд хөнөөгдсөн тул ганц түүний гэр хотлоорыг өршөөн үлдээжээ. Ван Сюй хүмүүний онгоныг булааж, хожим эцэг эхээ тэр газарт оршуулснаа түв хэмээн түүний эхнэр бие шалтагтай болжээ. Нэгэн шөнө эрээн барс өргөөнд нь орж гэрийн баруунаа оцойн суусанд гэнэт нэгэн арслан орж ирээд эрээн барсыг амандаа хазаж явав хэмээн Ван Сюй зүүдэлж цочин сэрвээс эхнэр нь Ван Чин-г төржээ. Ван Чин хараахан багаас эрх танхи өсөж арван долоон нас хүрмэгц хүч чадал мохошгүй, ном бичиг унших дургүй, ганц тахиа хэрэлдүүлэн, морь уралдаж бялуу шийдэм бүжиглэхүйд авьяастай болов. Ван Сюй эр эм хоёул хөвүүн Ван Чин-г туйлаар энхрийлэн дур зоргоор нь явуулж эрх танхиар өсгөсөн тул өөлэй өндөр болмогц эцэг эхийн үгийг сонсохгүй, өдөр бүр зоос мөрийцөн, архи ууж дууч эхнэр лүгээ явалцах тул Ван Сюй эр эм хоёул хааяа сурган хэлэхүйеэ Ван Чин гэдрэг муу авьяас нь хөдлөн эцэг эхийг гутаан хараах тул хөгшин эр эм хоёул арга буюу түүний дураар нь тавив. Энэ байдлаар зургаа долоон жил болсны дараа Ван Чин адал хөрөнгөө дуустал сүйтгээд өөрийн биеийн хүчинд түшин Кай Фэн фү[1]ийн дэд пай жюнь болов. Төдийд Ван Чин зоос мөнгө олбоос архи дарсны ах дүү нарыг цуглуулан, өдөржин согттол идэж уумуй. Санаанд эвгүй явдал тохиовоос нударга эргүүлэн занчих тул олон хүмүүн түүнээс эмээх бөгөөд бас түүний хүчин чадлыг нь биширмүй. Нэгэн өдөр, Ван Чин тавдугаар жингийн үед яамнаа орж хэргийг шийтгэж бараад сэлгүүцэн алхсаар хотын өмнө гарч Юй Жинь фү хүрээлэнд хүрч ирэв. Тэр үед түв хэмээн их Сүн улсын Хүй Зүн-ий Жэн Хэ[1]ийн зургадугаар оны хаврын дунд сар болсон тул зорчин наадах хүмүүн үүл хурж, ус нэлийх мэт цугларчээ. Шүлэгт өгүүлсэн нь: Үзэмжит хүрээлэнгийн цэцэг дэлгэрч хөвөөнд уд нойрсмуй Өндийн алхлах хүний сүрэгт үзэсгэлэн хүмүүн нуугджээ Үрээ хүлэг хазаар дугтран өөдөн зүлэгт довтлохуйяа Өндөр асрын гүйлсэн лавай хүний сэтгэлийг согтууруулмуй.

Түүнээс Ван Чин хөлийн аяар алхсаар нуурын хөвөөнөө хүрч ногоон удыг түшин зогсоод архины ах дүү нар ирвээс хот орж хэдэн хундага уусугай хэмээн хараахан хүлээж атал, нуурын хөвөөнөөс хиа гочиг, юй хоу түшмэл, шадар дагагсад, хөхөлт эх зэрэг арван хэдэн хүмүүн нэгэн сүйхийг дагаж өмнөш ирэх харагдав. Ван Чин нүд өргөн үзэхүл цэцэг хуар мэт гоо үзэсгэлэн нэгэн авхай сүйхэн бүрхүүлийг өргөж уул усны өнгө үзэмжийг сонирхмуй. Ван Чин хэмээгч өнгөнд шунасан хүмүүн тул сүйхэн доторх гоо охиныг үзмэгц сэтгэл тэмүүлж сүнс татагдан хэдийн мэдээ алджээ. Төдийд Ван Чин лавлан үзвээс сүйхийг дагалцах хиа гочиг,юй хоу нар нь шүми түшмэл Түн Гуань-ий ордны хүмүүс болох тул холоос сүйхийг даган явсаар Гэнь Юай хүрээлэнд хүрч ирэв. Үзвээс Гэнь Юай хүрээлэн болбоос Жин хотын зүүн хойд өнцөгт байхуй бөгөөд тухайлан Дао Жюнь хаанд байгуулан өгсөн ажгуу. Энэ хүрээлэнгийн өндөр мод гайхалтай хад сонин чулуу, үзэмжит шувуу, ширт асар угалзат тагтны өнгө үзэмжийг өгүүлэн тоочвоос барахгүй. Улаан хэрсэг шар дээврийг холоос үзвээс эзэн хааны дотоод ордон лугаа эгээ адилхан бөлгөө. Хүрээлэнгийн үүдийг хааны шадар цэрэг сахих тул хар тэргүүт ард бээр хаалга хатавчийг хавьдаж чадахгүй ажгуу. Төдийд олон хүмүүн сүйхийг дагалцан хөхөлт эх бээр үзэсгэлэн авхайг түшиж буулгасанд, тэр эхнэр бие нахилзуулан бэлхүүс мушгилдаж шууд хүрээлэнгийн хаалгыг чиглэн эчихүйеэ хаалга сахих цэргийн ард түүнд зам тавин өгөв. Үзвээс энэ авхай болбоос Түн Гуань-ий дүү Түн Ши-ийн охин, Ян Жянь-ий зээ оч охин ажгуу. Түн Гуань түүнийг үрчлэн тэжээж Цай Ю-ийн хөвүүнд өгсүгэй хэмээн сүйлсэн тул Цай тайшийн оч бэр болох бөлгөө.

Энэ охины багийн нэр Жяо Сю, нас арван зургаа хүрчээ. Энэ хоёр өдөр эзэн хаан бээр Ли Ши Ши-ийн гэрт найр үүсгэхийг сонсоод Жяо Сю бээр Гэнь Юай хүрээлэнд эчиж зорчин наадсугай хэмээн Түн Гуань-д айлтгаснаа Түн Гуань хаалга сахих шадар цэргийн ардад урьдаас захиа өгсөн тул Жяо Сю-г хориглосонгүй тавин оруулжээ. Түүнээс Жяо Сю хүрээлэнд ороод хоёр цаг болтол гарч ирсэнгүйд Ван Чин гадна зогсож түүнийг хүлээсээр гэдэс өлсөж яаран зүүн зээлийн архин пүүснээ очиж бага сага архи мах худалдан аваад зургаа долоон хундага хөнтрөн тэр охиныг явах болуузай хэмээн сандарч пүүсийн зарцын архи махны зоосыг ч бодон өгөхийг хүлээлгүй даалингаас хоёр цэн мөнгө гаргаж пүүсийн зарцад өгөөд: - Удахгүй ирж илүү дутуу зоосыг бодмуй хэмээгээд бас хүрээний өмнө ирж үзвээс түв хэмээн тэр эхнэр хөхөлт эхийн хамт лянхуа цэцгийн гэсэр мэт бяцхан хөлийг өргөн хаалга гарч сүйхэндээ суухгүйгээр өнгө үзэмжийг сонирхон үзмүй. Ван Чин өлмий өндөлзүүлэн тэр эхнэрийг үзвээс үнэхээр хувийн гадна үзэсгэлэн хээнцэр төржээ. Нэгэн анги Хүн Жян Лүн хэмээх дуулалд өгүүлсэн нь: “Ариун хээнцэр өнгө зүсийг алтан ордноо хэрхэн багтаамуй? Жимийн хамхисан тоорын уруул, жирмийн инээх намрын долгион, өчигдөр шөнө тэнгэр цэлмэж, шинэ саран туяарсангүй бөгөөс, энэ өглөө элэг эмтрүүлэх Лянжоу-г хэрхэн мэдмүй? Анхилмал үнэр хамар нэвт бөх лавайн хань, ариун цогц нүд дүүрэн цацагт цэцгийн ханцуй, хоёр этгээдийн хавтгай цээжинд сэтгэлийн сармагчин дүүлж хавирган сар хас цэцгийн гох дэгээг илэрхийлжээ. Түүнээс Ван Чин бээр тэр охины гоо үзэсгэлэнг үзсээр байгаад сэтгэл хөдлөн яс зөөлөрч, шөрмөс минчүүрэн хамаг бие мэдээ алдран манарав. Тэр охин бас олон хүний сүргээс Ван Чин-ий төрсөн байдлыг хулгайн нүдээр шинжвээс: Гардийн нүд бэхэн хөмсөг зурсан мэт, гайхалтай сахал цагаан царай, улаан хацар. Өргөн магнай уудам нүүр идэвх сүр гэрэлтэй, эр бие долоон тохой хүчин чадал их. Хасыг хулуун чимгийг солихуйд эгнэгт мэргэшиж, ханцуй дэрвэлзүүлэн садарлан үйлдэхүйд огоот цагаарав. Санаа алмайран нүд мэлрэн нарийвчлан шинжихүйеэ сэтгэл дотор хөвөлзөн өнгө зүс үнэхээр үлэмж.

Төдийд залуу охин Жяо Сю бас Ван Чин-ий энэ мэт ганган хээнцэр төрснийг үзээд хэдийн тоожээ. Тэр үед хиа гочиг, юй хоу зэргийн дагах ард олон хүмүүнийг зандран зам тавиулсанд хөхөлт эх бээр Жяо Сю-г түшиж сүйхнээ суулгаж, олон хүмүүс хойно өмнө дагалцан чавгат хаалга Суань Зао Мэн-ий гаднах сүмийг чиглэн хүж шатаахаар ирэв. Ван Чин бас хойноос дагаж сүмийн өмнө ирвээс хүж шатаах хүмүүн ус мэт нэлийж хөл гишгэх газаргүй шахалдмуй. Төдийд олон хүмүүн Түн Гуань-ий ордны хиа гочиг, юй хоу зэргийн хүмүүсийг үзээд зам тавин өгснөө Жяо Сю сүйхнээс бууж хүж асаан мөргөв. Ван Чин олон хүмүүний дотор шахалдан орвоос бие ойр болж чадахгүй бөгөөд бас албан ардын зандан зайлуулахас эмээн сүмийн гонир лугаа хуучин танил мэт овлон гонирыг хамжин зул асаан хүж шатааж өгөх зуур нүд шилжүүлэхгүй Жяо Сю-г ширтсэнд, Жяо Сю бас хулгай нүдээр түүнийг өдөөж сэрдэгдэв. Угт Цай Ю-ийн хөвүүн болбоос тэнэг мунхаг бөгөөд өнгө зүс үзэшгүй хэмээн сонсож Жяо Сю зууч эмгэнийг дуудан асууваас үнэн тул өдөр шөнөгүй бухимдан зовж байсан бөлгөө. Завшаанаар энэ өдөр Ван Чин-ий энэ мэт ганган хээнцрийг үзээд түүний хаврын сэтгэл хэдийн хөдөлсөн ажгуу. Тэр үед Жяо Сю-г дагаж байсан Дүн юй хоу угаас Ван Чин-г таних бөгөөд түүний энэ мэт нүд хөмсөг гүйлгэхийг хэдийн олж үзээд ихэд хилэгнэн нударга эргүүлэн Ван Чин-г нүүр нүдгүй занчиж: - Самуун хулгай маныг үл танимуй уу? Чиний бие болбоос Кай Фэн Фү-ийн цэргийн хүмүүн, ямар аймшиггүй энэ газар ирж олны сүрэгт чихэлдэх аж! Хойш эгж сянгүн-д айлтгаваас чиний нохойн толгой хэрхэн мөрөн дээрээ тогтож чадмуй! хэмээн зандарсанд Ван Чин хэрхэн гэдрэг хэлж чадах аж. Тэргүүнийг тэврэн хулгана мэт гүйж сүмийн хаалгыг арай хэмээн шургаж гараад түй хэмээн нулимж: - Би юутай ийн мунхаг аж! Лаг мэлхий хун галууны маханд хэрхэн дурлаж болмуй! хэмээгээд уурыг дарж гутран зовсоор гэртээ харьж ирэв. Санасангүй тэр өдөр Жяо Сю бээр ордондоо эгсэн хойно өдөр шөнийн хувинд элэг зүрх таталдан бага шивэгчинд хээл түлхэж Дүн юй хө түшмэлийн гэрт илгээн Ван Чин-ий байдлыг лавлан асуулгав. Тэр бага шивэгчин болбоос Сюай овогт нэгэн эмгэн лүгээ сайн танилцах тул өөд уруу гүйж далдуур Ван Чин-г удирдан ар хаалгаар оруулж хүмүүн амьтанд мэдэгдэхгүйгээр Жяо Сю лүгээ нийлүүлсэнд Ван Чин өвчүү дэлбэртэл баярлаж өдөр бүр архи дарс лугаа нөхөрлөв.

Өдөр сарын өнгөрөх нь өдөт зэв харвах мэт түргэн тул удсангүй гурван сар өнгөрч цэнгэл хэтэрч зовлон дэгджээ. Нэгэн өдөр Ван Чин дарс ууж шал болтол согтоод тус яамны пай жюнь түшмэл Жан Бин-ий өмнө өөрийн хэргийг сэрэгдсэн тул энэ хэрэг удсангүй олноо тархаж Түн Гуань-ий чихэнд хүрснээ, Түн Гуань их л тачаадан түүнээс өө сэв эрж ял асуусугай хэмээхийг үл өгүүлмүй. Түүнээс энэ хэрэг лаварснаас хойш Ван Чин аймшиггүй Түн Гуань-ий ордонд орж чадахгүй болов. Тэр үед түв хэмээн таван сарын хорьд болсон тул тэнгэр маш халуун болов. Нэгэн өдөр Ван Чин бээр бие сэрүүцсүгэй хэмээн гэрийн сүүдэрт сууж атал тэнгэрийн амьсгал улам халуун болсноо дэвүүр авчирсугай хэмээн гэртээ ороод гарч ирвээс түүний суусан сандал хөдөлж асанд их л цочин: - Жигтэй болой! хэмээгээд баруун хөлийг сунган сандлыг өшиглөмөгц: - Аяа, муу болов! хэмээн гаслав. Ширээг өшиглөсөнгүй бөгөөс түмэн хэрэг төгсөх бөлгөө. Энэ нэгэн өшиглөснөөр хэргийн үндэс дэгджээ. Энэ үнэхээр тэнгэрийн амьсгал хувилахыг урьдчилан мэдэхүйеэ бэрх, хүмүүний зовж жаргах нь өглөө үдшийн хооронд ажгуу. Эгнэгт Ван Чин бээр ширээг өшиглөж явуулаад юунд дуу алдан бархирсныг мэдсүгэй хэмээвээс түр доод бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top