Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ВАН ЧИН САМУУНААР ЯВЖ АЛБАН ЯАМНАА БАРИГДСАН ГҮН ДУАНЬ ХҮНД ЗАНЧИГДАЖ ЯЛТНЫГ БАГШ БАРЬСАН
Өгүүлэх нь, Ван Чин бээр суусан сандлын хөдлөхийг үзээд их л гайхаж хөл сунган нэгэнт өшиглөсөнд санасангүй хүч ихдэж үе хавирга шургасан тул газар оцойн суугаад ганц: - Өвдмүй! Их л өвдмүй! хэмээн бархирахаас бус оцойн сууж ёолох бөгөөд огт хөдөлж чадахгүй болсонд, эхнэр нь түүний ёолохыг сонсон гэрээс гарч үзэхүл эр нь газар сууж сандал нь нэгэн тийш өнхрөн унасанд урагш эчиж Ван Чин-ий хацрыг нэг алгадаж аваад: - Бүтэлгүй адгуус өдөртөө айл хэсэж гэрийн бараа үзэхгүй. Энэ орой сая харьж ирэв. Удахгүй бас юу хийсүгэй хэмээн аашилмуй? хэмээхүйеэ Ван Чин өгүүлрүүн: - Мэргэн гэргий битгий наадам хийгтүн. Хавирга шургаж их л өвдмүй! хэмээн гуйсанд, эхнэр нь түүнийг түшиж босгов. Ван Чин эхнэрийн мөрийг түшиж, шүд зуун хэд алхаад: - Аяа! Сүрхий өвдмүй! хэмээн ёолсонд, эхнэр нь хараан өгүүлрүүн: - Бүтэлгүй амьтныг үз! Энгийн цагт ганц хөл гар хөдөлгөхүйд байдаг бус уу? Үзвээс энэ өдөр хэрэг бүтэв хэмээгээд өөрийн үг ташаа болсныг санаж ханцуйгаар амаа таглан инээтэл Ван Чин бас “Хэрэг бүтэв” хэмээх үгийг сонсоод хэдийн эвэршээн өвдөж байвч тэсгэлгүй ам дарвайн хадганан инээсэнд, эхнэр нь түүний хацрыг бас нэг алгадаж аваад: - Энэ муу үхдэл бас юу хэмээн бодож ам дарвайн инээх аж! хэмээгээд түүнийг түшиж орон дээр гаргасан хойно нэгэн таваг интоорын чөмөг, нэгэн хуу дарс авчирч Ван Чин-д өгөөд хаалгыг дарж, батгана шумуулыг хөөн гаргаж, бүрхүүлийг буулгаж эрийн хамт хэвтэв. Ван Чин-ийн нуруу маш өвдөх тул хаанаас хөдөлж чадах аж.
Нэгэн шөнө үлгэргүй өнгөрчээ. Жич өдөр, Ван Чин-ий нуруу бас өвдөх тул дотроо энэ мэт болбоос хэрхэн албан яаманд эчиж хэрэг шийтгэх аж хэмээн бодоод алмайн суусаар үд болсонд эхнэр нь түүнийг гоёо худалдан авчирсугай хэмээн хэдэн зэрэг шаардах тул арга буюу алчир балчир алхсаар албан яамны өмнө хүрч яс гэмтсэнийг засах гоёо худалдах Чянь өвгөний эмийн пүүснээ орж хоёр фү гоёо худалдан авч наав. Чянь овогт өвгөн өгүүлрүүн: - Хурдан эдгэсүгэй хэмээвээс эрхбиш цусыг гүйлгэх эм ууваас зохимуй хэмээгээд хоёр боодол эм баглаж Жан Чин-д өгөв. Ван Чин даалингаасаа нэгэн хэсэг мөнгө гаргаж үзвээс нэг цэн хоёр гурван фун асан тул өвгөнөөс цаас гуйн авч хэсэгт мөнгийг баглахуйяа өвгөн үүнийг үзээд зоримгоор зүсүү ханджээ. Ван Чин цаасанд багласан мөнгийг өвгөнд өгөөд: - Эрхин авгай бага хэмээн чамлахгүй бөгөөс үлдээн авч дүнгуа худалдан авч шөл уугтун хэмээхүйеэ Чянь овогт өвгөн өгүүлрүүн: - Сайн явалцах атал хэрхэн энэ тэр хэмээн яршиглаж болмуй хэмээн амандаа өгүүлэх боловч баруун гарыг сунган мөнгийг нь тосож аваад эм хадгалсан авдрыг нээн хураав.
Ван Чин боодолтой эмийг авч пүүсээс гарсугай хэмээн бостол баруун зээлээс заяа бодох нэгэн сяньшэн нааш ирмүй. Тэр сяньшэн тэргүүндээ хөмсөг дарсан торгон сиймхий малгай дарж, биедээ шулуун бөс хувцас өмсөөд, бороог халхалж шүхэр барьжээ. Шүхрийн доор нэгэн илэрхийллийг өлгөж “Ирээдүйг айлдах хувилгаан төлгөчин” хэмээх хэдэн үсгийг бичиж түүний хажууд бичсэн нь: “Жин Нань газрын Ли Жу бээр арван зоосоор нэгэн удаа заяа бодож хожим ирээдүйг тольдон айлдаж мэргэн бодлого Гуань Лу-аас хэтийдмүй" хэмээжээ. Төдийд Ван Чин бээр заяа бодох Сяньшэн-г үзээд өвчүү цээжнээ урагш өдрийн Жяо Сю-ийн үйл ба өчигдрийн гайхалтай хэргийг санаж ийн өгүүлрүүн: - Эрхин багшийг энд залсугай хэмээхүйеэ заяа бодох сяньшэн өчрүүн: - Эрхин авгайд ямар мэргэн сургаал байх аж? хэмээгээд нүд өргөн Ван Чин-г оройгоос уланд хүртэл нэгэн зэрэг нарийвчлан үзэв. Ван Чин өгүүлрүүн: - Доод би нэгэн төлгө үзүүлсүгэй хэмээмү хэмээхүйеэ Ли Жү борооны шүхрийг буулгаж эмийн пүүснээ ороод алга хамтатган Чянь өвгөнд ёслоод ханцуй дотроос төлгө хаях бор зандан савыг гаргаж амсрыг нь нээн нэгэн их гуулин зоосыг авч гаргаад Ван Чин-д өгч: - Эрхин авгай тэнд эчиж тэнгэр сахиусанд наманчлан даатгатугай хэмээв.
Ван Чин гуулин зоосыг тосож аваад зуны цагийн халуун наранд зогсож нуруу бөхийн наманчлан даатгахуйяа бие тэсэшгүй өвдөх тул ная гарсан өтгөс мэт найган тайгаж бие хатуужин хааш яашаар алга хамтатган эзэд сахиусанд даатган залбирав. Заяа бодох сяньшэн Ли Жү үүнийг үзээд дотроо хэдэн хувь бараглаж сэмээр Чянь овогт өвгөнд өгүүлрүүн: - Санаваас хүмүүнд занчигдаж шарх олсон буй за. Авгай чиний гоёо нааваас эрхгүй хурдан сайн болмуй хэмээхүйеэ, Чянь овогт пүүсийн эзэн өгүүлрүүн: - Сандал хөдлөхийг үзээд нэгэнт өшиглөсөнд санасангүй хавирга шургав хэмээмүй. Саяхан энд ирэхүйеэ амьсгаа сүйлэх тул би хоёр гоёо нааж өгснөөр сая нуруу бөхийж чадах болов хэмээвээс Ли Жү өгүүлрүүн: - Би үзвээс бас хавирга шургасан төлөвтэй хэмээв. Төдийд Ван Чин хэдийн наманчлан даатгаж бараад гуулин зоосыг Ли Жү-д буцааснаа Ли Жү бээр Ван Чин-ий овог нэрийг асууж бор зандан саваа сажилж амандаа ийн уншруун: “Өлзийт өдөр бэлгэт цаг, тэнгэр газар шидийг нээмүй. Хувилгаан мэргэд төлгө хаяхуйяа хурмаст тэнгэрт даатган залбирмуй. Сав ертөнцийн түмэн бодис сансар орчлонд эелэн найрлаж, тэнгэр газар мэт эрдмийг дэлгэрүүлэн наран саран мэт гэгээнээр тольдон дөрвөн улирал адил хэлхээг хичээн чөтгөр сахиус мэт ёр бэлгийг айлдмуй. Эдүгээ Дунжин хотын Кай Фэн Фү-ийн Ван Чин бээр тэнгэр газарт наманчлан залбирч хожмын заяаг бодуулав.
Хөх барс сарын хөхөгчин туулай өдөр хувилгаан багш Жоу Вэнь Ван, мэргэн сахиус Гүй Гүй сяньшэн далдаас айлдагч Юань Тянь Ган хувилгаан ба газар газрын эзэд сахиус, галав лусын бурхан бумба бээр хожмын үйлийг соёрхон айлдаж ирээдүйн учрыг ухуулан тольдму. Төдийд Ли Жү төлгийг хоёр зэрэг орхиж нэгэн шавгыг татан авч үзвээс усан цахилгааны өлзий бус төлгө буусанд арга билгийн зургаан орныг нарийвчлан үзэж ийн асууруун: - Эрхин авгай ямар явдлыг төлгөдүүлмүй? хэмээсэнд, Ван Чин өгүүлрүүн: - Орон сууцыг төлгөдүүлсүгэй хэмээвээс, Ли Жү толгой дамардуулан ийн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүний шууд өгүүлэхүйд авгай битгий муу санагтун. Өлзий бус хэмээгч зовлон болой. Чиний биед гай барцад удахгүй тохиох тул хэдэн бадаг үг сургасугай. Эрхин авгай тунгаан тогтоому хэмээгээд ясан бариулт дэвүүрийг сажлан ийн уншруун: Орон сууц эрий хурийгүй болж, олон түйтгэр гамшиг үүсгэвээс өрх гэр амгалан бус. Өвгөдийн сүмд бус болбоос эрхгүй Вэй Чяо газар тохиож, цагаан барс түйтгэр одноо харгаснаа өвчин тахалд нэрвэгдмүй. Тэргүүн агаад сүүл үгүй бөгөөс тус юун. Хэргэмтэнд учирч цочин алмайраад хэрэг заргад ормуй. Гэрийн хүмүүн амгалан бус энд тэнд сарнин дөрвөн мөч хүчингүй гохир таяг хэрэглэмүй. Өөр замыг сэдвээс зөв буруу хоосон болмуй. Луу барс тахиа нохой өдөр тохиовоос элдэв гай барцад зэргээр тулгарч гайт од далламуй. Төдийд Ван Чин бээр Ли Жү-ийн өмнө суухуйяа түүний барьсан дэвүүрийн ширийн үнэр хамар цоргим үнстэх тул арга буюу бор торгон ханцуйгаар хамраа битүүлмүй. Ли Жү уншиж бараад Ван Чин-ий зүг өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн нуулгүй шууд өгүүлбээс чиний гэрт удахгүй муу учир хэрэг тохиох тул үтэр түргэн нүүн явбаас сая зовлонгоос зайлж болмуй. Дэд маргаадрын өдөр түв хэмээн улаан луу өдөр тул хичээн болгоомжилбоос зохимуй хэмээв.
Ван Чин бээр түүний энэ мэт өгүүлэхийг сонсоод хэдийн бодлого тогтворгүй болсон тул харамж мөнгийг өгч тал хийж ёсолсонд Ли Жү эмийн пүүсээс гарч шүхрээ дэлгэж зүүн зүгийг чиглэн явжээ. Удсангүй албан яамны тав зургаан хиа гочиг нар пүүст орж ирээд Ван Чин-г үзмэгц: - Чи юунд энд сул үг зоогдож суумуй? хэмээсэнд, Ван Чин бээр урагш өдрийн явдлыг гарган хэлснээ олон хүмүүн түрчигнэтэл инээлцэв. Ван Чин өгүүлрүүн: - Албан яамны хэрэг мэдэгч түшмэл өчүүхэн хүмүүнийг сураглан асууваас олон ах дүү нар миний өмнөөс хэдэн сайн үг хэлэх болов уу хэмээн гуйхуйяа олон хүн: - Үүнд ямар бэрх газар баймуй хэмээгээд зүг зүгтээ салж эчив. Төдийд Ван Чин гэртээ харимагц эхнэрийг дуудан эм чануулав. Ван Чин өвчнөө хурдан эдгээсүгэй хэмээн яарах тул дэмий хоёр мөч болсонгүй хоёр уух эмийг бүрнээ ууж дуусгаад эм даруулсугай хэмээн дээрээс нь бас хэдэн хундага архи уусан тул Ван Чин эр эм хоёул жич өдрийн луу цаг болтол нойрсоод сая бие дээшилж угааж самнаж барсан хойно Ван Чин[1]ий гэдэс өлсөх тул бас хэдэн хундага дарс халуулж уугаад өглөөний хоолыг идсүгэй хэмээн аяга савхыг атгатал гаднаас: - Ду Пай түшмэл гэртээ амуй юу? хэмээн дуудсанд эхнэр нь үүдэн завсраар шагайж үзээд: - Ордны хоёр хиа хүрч ирэв хэмээн хэлсэнд, Ван Чин яаран аяга савхыг тавьж амаа зүлгээд гэрээс гарч алга хамтатган ёсолж: - Хоёр авгай ямар сургаал хүртээсүгэй хэмээн богино саравчнаа заларч буув хэмээсэнд, тэр хоёр албаны хүмүүн өгүүлрүүн: - Эрхин авгай үнэхээр буянтай, хар өглөөгүүр хацар нүүрт юутай ийнхүү цог сүлдтэй аж! Энэ эрт тайеэ нэр бүртгэхүйд эрхин авгай байсангүй тул ихэд тачаадан уурлав.
Олон ах дүү нар чамайг хавиргаа гэмтээв хэмээн хэлж өгсөнд тэр юуны итгэж аж. Зарлигийн шавга сугалан бид хоёулыг илгээж чамайг дуудуулав хэмээн шавгыг үзүүлэв. Ван Чин өгүүлрүүн: - Миний нүүр улайсан тул энэ янзаар хэрхэн албан түшмэлд уулзмуй. Баахан удаж эчвээс барав хэмээсэнд, хоёр албаны хүмүүн өгүүлрүүн: - Бид хоёулд харъяа үгүй. Ганц тайеэ ноён зогсоогоороо хүлээж байх тул алгуурлан эчвээс бид хоёулыг бас занчих бөлгөө. Хурдан явтугай, хурдан явтугай! хэмээн Ван Чин-г түшиж гэрээс гарахуйяа түүний эхнэр их л яаран хойноос нь гарч иртэл Ван Чин хэдийн хаалга гарчээ. Түүнээс албаны хоёр хүмүүн Ван Чин-г түшиж явсаар Кай Фэн фү-ийн яамнаа хүрч ирснээ фү-ийн түшмэл түв хэмээн танхимын дундах барсын арьсан түшлэгт суудалд сууж баймуй. Албаны хоёр хүмүүн Ван Чин-г удирдан дотогш орж өвдөг нугалан сөгдөөд: - Ло-ийн зарлигаар Ван Чин-г авч ирэв хэмээсэнд, Ван Чин бие хатуужин тэргүүн дарж дөрвөн зэрэг ёслов. Фү-ийн түшмэл зандан өгүүлрүүн: - Ван Чин, чи цэргийн түшмэл мөн атал юунд элдвээр шалтаглан ордноо ирж үйлчлэхгүй аж! хэмээсэнд, Ван Чин сандлыг өшиглөж хавирга шургасан явдлыг нэгэн зэрэг айлтгаад: - Үнэхээр нуруу хавирга өвдөж, явж чадахгүй болов. Ямар аймшиггүй наадамд шунан осолдож болмуй.
Өршөөлт сяньгүн уучлан аваачих болов уу хэмээн гуйсанд фү-ийн түшмэл бээр Ван Чин-ий царай улайж байхыг үзээд их л хилэгнэж зандан өгүүлрүүн: - Энэ муу малыг тухайлан архи дарс ууж элдэв хоёроор танхайран хууль цаазаас тэрслэх үйлийг үйлдэж явах бөгөөд энэ өдөр бас гажуу үг үүсгэж түшмэл намайг бачлах нь юун! хэмээгээд зүүн баруун этгээдийн ардыг зандран занч хэмээсэн тул Ван Чин юунай ялган хэлж чадах аж. Жигүүрийн ард зэргээр гар хөдлөн Ван Чин-г даран унагааж арьс махыг нь тас тас гуядаж, түүнийг шимнусын бичиг зохиож мунхаг ардыг бачилж ёс бус үйлийг сэдсэн ялаа өчиглө хэмээмүй. Төдийд Ван Чин хэдэн зэрэг манарч занчихыг хүлээн чадахгүй тул арга буюу хилсээр хүлээн авснаа фү-ийн түшмэл түүний аман өчгийг сийрүүлэн бичиж, шимнугийн бичиг зохиож ёс бус үйлийг сэдсэн үхэх ялыг нь асуусугай хэмээн жигүүрийн ардыг дуудан Ван Чин-ий хүзүүнд хүнд дөнгө зүүлгэж үхэх ялтныг гянданд аваачиж хорь хэмээсэнд олон хиа за хэмээн зарлигийг хүлээж Ван Чин-г дамнан гянданд аваачиж хорив.
Үзвээс түшмэл Түн Гуань хэдийн Кай Фэн фү-ийн түшмэлд нууцаар хэлж, Ван Чин-ээс өө сэв эрэн ял асуусугай хэмээж атал түв хэмээн энэ мэт гайхалтай хэрэг тохиолдсон бөлгөө. Тэр үед яамны доторх дээр доор гэсэнгүй цөм Ван Чин жич Жяо Сю хоёулын хөлтэй болсныг мэдэх аж. Ийнхүү олон хүн: - Ван Чин энэ учраар ялд унасан тул эрхгүй амьд гарахгүй болов хэмээн түрхэлдэн хэлэлцмүй. Цай Жин, Цай Ю эцэг хөвүүн хоёул энэ үгийг сонсоод нүүрт хүрсэн тул хоорондоо ийн зөвдрүүн: - Хэрвээ Ван Чин-ий амийг хөнөөвөөс энэхүү үйл улам муухай болж нэнд муу нэр муу цуу гарах тул сэтгэл зүрх мэт хүмүүнийг фү-ийн яамнаа илгээж фү-ийн түшмэлд хэлж Ван Чин-ийн царай дээр үсэг сийлж алс хязгаараа цөлөн явуулбаас энэ явдлыг дарж болмуй хэмээн зөвлөж тогтоод өлзийт өдөр бэлгэт цагийг сонгож Жяо Сю-г буулган авчраад нэгэнтээгүүр Түн Гуань-ий нүүрт сайн болгож, нөгөөтээгүүр олон хүний хэл ам гаргахыг таслав. Өгүүлэх нь Кай Фэн фү-ийн яамны түшмэл бээр Цай тайшийн зарсан элэг зүрх мэт элчийн нууц үгийг сонсоод мөн өдөр хэрэг шийтгэхээр танхимд залрав. Үзвээс тэр өдөр түв хэмээн цагаагчин тахиа өдөр болой. Фү[1]ийн түшмэл бээр гяндны хафан-д зарлиг уламжлан Ван Чин-г яамны өмнө авчруулаад хүзүүний дөнгийг нь авуулж хорин мод занчаад, нүүр дээр нь үсэг шивүүлж хязгаарын хол баруун нийслэл Ши Жин-ий харъяа Шаньжоу[1]ийн гянданд цөлж илгээ хэмээгээд бас арван жин хүнд төмөр дөнгийг Ван Чин-ий хүзүүнд нь зүүлгэж түүний дээр битүүмж наалгаж албан бичиг үйлдэн Сүнь Линь, Хэ Жи хэмээх хоёр хуягийг дуудаж албан бичгийг тушаан Ван Чин-г авч түргэн морд хэмээн зарлиг буулгав.
Түүнээс Сүнь Линь, Хэ Жи хоёул захиаг хүлээн Ван Чин-г авч Кай Фэн фү-ийн яамнаас гарч ирвээс Ван Чин-ий хадам эцэг Ню Да Ху хэдийн зам дээр хүлээж байсан тул хоёр хуягийг өмнө зээлийн архин пүүст залж оруулав. Ню Да Ху пүүсний зарцыг дуудан архи мах авчруулж хэдэн хундага уулцсан хойно өврөөсөө нэгэн баглаа зайр мөнгө гаргаж Ван Чин-д өгч: - Энэ гучин лан зайр мөнгийг замын гудас гар үзүүр зарагтун хэмээсэнд, Ван Чин: - Өршөөлт хадам эцэгт тал хийсүгэй хэмээгээд тосон авсугай хэмээтэл Ню Да Ху бээр Ван Чин-ий гарыг түлхэн зайлуулж: - Гар сарвайх нь юутай ийн хялбар аж! Учиргүй болбоос би чамд юу хэмээн мөнгө зоос өгмүй. Эдүгээ чи мянган газрын алс Шаньжоу газарт цөлөгдөх тул чиний хэзээ эргэж ирэхийг хэн мэдэх аж! Чи өөр хүний охиныг сэрдэгдэж өөрийн эхнэрээ бас зовлонд унагасан тул чиний эмийг хэн тэжээмүй? Чамд үр хүүхэд, газар тариа хэмээн үгүй тул ураг салах бичиг үйлдэн эхнэрээ өөр хүмүүн лүгээ суухыг зөвшөөвөөс хожмын өдөр сая хэрүүл зуураангүй болох бөлгөө. Үүнийг зөвшөөрвөөс сая мөнгийг чамд өгсүгэй хэмээв.
Ван Чин хэмээгч энгийн цагт ашиг зоосыг ус цас мэт зарах дуртай хүмүүн тул дотроо ийн санаруун: - Миний даалингаас сохор зоос ч үгүй болсон тул Шаньси-д яахан хүрч чадмуй? хэмээн дээш харж бодвоос зоос зарах нь маш чухал тул хэдэн зэрэг урт шүүрс алдаад: - Ураг салах бичиг үйлдэхээс өөр замгүй болов хэмээгээд бийр цаас авчруулж бичиг үйлдэн өгсөнд Ню Да Ху сая боодолтой мөнгийг тушааж пүүсээс салж гэртээ харив. Түүнээс Ван Чин бээр хоёр албан хүний хамт бараа боодлоо авсугай хэмээн гэртээ ирвээс эхнэр нь хэдийн Ню Да Ху-г дагаж төрхөмдөө хариад үүдийг нь оньсолжээ. Ван Чин зэргэлдээ айлаас сүх зээлж оньсыг балба цохиж гэртээ ороод үзвээс эхнэр нь өөрийн өмсөж зүүх хувцас хунар, хатгуур зэмсгийн зүйлийг бүрнээ авч явсан тул Ван Чин уурлах бөгөөд бас гомдож, зэргэлдээ гэрийн Жоу овогт эмгэнийг гуйж бага сага архи мах авчруулан албаны хүний амт идэж уусан хойно арван лан мөнгө гаргаж Сүнь Линь, Хэ Жи хоёрт бариад: - Өчүүхэн хүмүүний шарх их л өвдөх тул хэдэн өдөр бие амарваас сая зам хөөж чадах болой хэмээсэнд, Сүнь Линь, Хэ Жи хоёул түүний мөнгийг олж хэдий толгой дохин зөвшөөрсөн боловч Цай Ю бас хэдэн удаа хүмүүн зарж түргэн морд хэмээн шаардсанд Ван Чин арга бус адал гэрийн эд хэрэгслийг хааш яашаар борлуулан худалдаж Ху Юаньвай-н гэрийн түрээсийг төлж өгөв. Тэр үед Ван Чин-ий эцэг Ван Сюй хэдийн хөвүүндээ уурласаар хоёр нүд нь сохорч хувиндаа суух тул хөвүүнийг ирвээс энгийн цагт хараахгүй бөгөөс зодмуй.
Энэ өдөр Ван Сюй бээр хөвүүн Ван Чин-ий албан яамнаа баригдаж нүүртээ үсэг шивүүлэн алс хязгаараа цөлөгдөв хэмээн сонсоод элэг зүрх эмзэглэн зовниж бага зарцаар түшүүлэн Ван Чин-ий өргөөнөө ирээд: - Хөвүүн минь чи миний үгийг сонсохгүй явсаар энэ зам дээр хүрэв хэмээгээд нулимс бөмбөрүүлэн гашуудан уйлав. Ван Чин хараахан багаас Ван Сюй-г эцэг хэмээн нэг удаа ч дуудсангүй ажгуу. Энэ өдөр өрх гэри бусниж өөрийн бие ялд унасныг бодоод тэсгэлгүй уяран зовниж: - Эцэг минь! Хөвүүн чинь би энэ өдөр хилс хэрэгт орсноо Ню Да Ху бас ёс бус аашилж намайг шахамдуулан охиноо гаргаж авах бичиг хийлгээд сая бага сага зайр мөнгө өгөв хэмээвээс эцэг Ван Сюй өгүүлрүүнж: - Чи хадам эцгээ элбэрлэж учирсан нөхрөө санасан бөгөөс хэрхэн энэ мэт аашилмуй хэмээв. Ван Чин эцгийн хэлсэн энэ хэдэн үгийг сонсоод ихэд уурлан эцгийг хамаарахгүй албан хүмүүний хамт шууд хотын хаалгыг чиглэн эчихүеэ, Ван Сюй газар дэвслэн цээжийг шааж: - Сөргүү боолыг үзэхээр ирээд ямар хэрэг байх аж хэмээгээд бага зарцын хамт өрх гэртээ эгэхийг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Ван Чин бээр Сүнь Линь, Хэ Жи-ийн хамт эзэн хотоос гараад замын гудас буйд сэлүү газар эрж арваад өдөр бие сувилснаа шарх баахан илаарь болсонд албан ард бас зам хөөсүгэй хэмээн шаардах тул арга буюу Шаньжоу-ийн зургийг чиглэн замаа хөөв. Тэр үед түв хэмээн зуны зургаан сарын эх болж өдрийн нар маш халуун тул нэг өдөр арай хэмээн дөч тавин газар явж, хээр гадна хоноглож өлсөж ундаасаж явсаар удсангүй хагас сар болж Сүн Шань уулыг давж гарав.
Нэгэн өдөр гурвуул хараахан зам хөөж байтал Сүнь Линь бээр баруун этгээдэд хөхрөн сүндэрлэх өндөр уулыг зааж: - Энэ уулыг Бэй Ман Шань хэмээмүй. Баруун нийслэл Си Жин[1]ийн харъяа бөлгөө хэмээгээд гурвуул энэ тэрийг хэлэлцэн эртийн сэрүүнд завдаж замаа хөөсөөр хэдийн хориод газрын үзүүр гарч Бэй Ман Шань уулын зүүн хормой доор хүрч ирэв. Гурвуул нүд өргөн үзвээс өндөр уурын зүүн хормойд нэгэн балгас харагдах бөгөөд ойр орчмын тариачин ард бүлэг бүлгээр балгасын зүг эчих нь харагдмуй. Тэд гурвуул алхсаар балгасны зүүн зээлд ирж үзвээс хүмүүн амьтан сийрэг цөөн бөгөөд тонолжин зээлийн үзүүр гурван суурь майлсан мод харагдмуй. Модон сүүдэрт дээд биеэ нүцгэлсэн нэгэн их эр хөл сунган шийдэм далайж магшин бүжиглэх бөгөөд мөр далаа ивэлцсэн олон хүмүүн тэр их эрийг хүрээлэн зогсжээ. Тэд гурвуул ас модон сүүдэр доор ирж сэрүүцэн зогсов. Ван Чин зам хөөсөөр хамаг бие хөлс болж их л халуурсан боловч хүзүүний дөнгийг зүүж олон хүмүүний дунд шахалцан ороод өлмийгөөрөө зогсон тэр их эрийн шийдэм бүжиглэхүйг нэгэн зэрэг үзээд санамсаргүй дуу алдаж: - Энэ шийдмийг нисэх шийдэм хэмээмүй хэмээв. Тэр их эр шийдэм бүжиглэж хараахан гал хөг дээр байтал энэ үгийг сонсоод бүжиглэхээ зогсон эргэж харан үзвээс нэгэн цөлөгдсөн ялтан асан тул ихэд хилэгнэн харааж өгүүлрүүн: - Самуун цөлөгдмөлийг үз! Миний шийдмийн эрдэм хол ойр нэр гарсан атал чи ямар аймшиггүй миний шийдмийн эрдмийг доромшоон унгас алдах аж! хэмээгээд шийдмийг орхиж нударга эргүүлээд Ван Чин-ий нүүр өөд занчин ирснээ, олон хүмүүний сүргээс хоёр залуус урагш ирж тэр их эрийг хориглон: - Битгий гар хөдлөгтүн хэмээгээд Ван Чин-ээс: - Эрхин авгай эрхгүй зэвсгийн эрдэмд нэвтэрсэн хүмүүн буй зай хэмээхүйеэ Ван Чин өгүүлрүүн: - Аман таваар нэгэн үг хэлж их эрийн уурыг хүргэжээ.
Өчүүхэн хүмүүн бас бага сага төсөөлөх бөлгөө хэмээвээс, тэр их эр хараан өгүүлрүүн: - Муу цөлөгдмөл над лугаа мөрийцмүй юү хэмээсэнд, тэр хоёр залуус бас хажуугаас өгүүлрүүн: - Чи хэрвээ тэр хүмүүн лүгээ эрдэм мөрийцөж түүнийг дийлбээс энэ хоёр хэлхээ зоосыг чамд бүрнээ өгсүгэй хэмээв. Ван Чин инээн өгүүлрүүн: - Энэ бас ч болмуй хэмээгээд олон хүмүүнийг зайлуулж Хэ Жи-ээс шийдмээ авч хантаазаа тайлан хормойгоо шууж шийдэм далайн урагш магшин орохуйяа, олон хүн: - Чи хүзүүндээ хүнд дөнгийг зүүж атал хэрхэн эрдэм мөрийцөж болмуй хэмээн зэргээр хэлбээс, Ван Чин өгүүлрүүн: - Үүнийг сая үзэлтэй хэмээмүй. Дөнгөө зүүж агаад түүнийг дийлбээс сая баатарт тооцогдмуй хэмээсэнд олон хүмүүн нэгэн дуугаар: - Дөнгөө зүүж агаад түүнийг дийлбээс энэхүү хоёр хэлхээ зоосыг эрхгүй чамд өгсүгэй хэмээгээд хоёр тийш хагаран Ван Чин-д зам тавьж өгөв. Тэр их эр шийдэм далайн урагш дэвхрэн: - Ир!, ир! хэмээн бархирснаа Ван Чин: - Олон авгай битгий элэглэгтүн хэмээгээд шийдэм далайн магшин оров. Тэр их эр Ван Чин-г хүзүүндээ дөнгөтэй хэмээн басамжилж аварга могой зааныг залгих маягаар зогссонд Ван Чин бас өрмийн хулгайч ус шүүрэх маягаар зогсохуйяа тэр их эр өндөр дуугаар зандарч цохин оров.
Ван Чин хойш ухарсанд тэр эр урагш дэвхрэн Ван Чин[1]ий гал магнай уруу дахин занчсанаа Ван Чин зүүнш хялавхийн зайлахуйяа тэр их эр хоосныг занчиж хөл алдсанд Ван Чин түүний араас дэвхрэн очиж баруун гарт барьсан шийдмийг занчин илгээснээ түв хэмээн тэр их эрийн баруун гарын бугуйг онож аяа хэмээн дуу алдаж, атгасан шийдмийг газар алдав. Завшаанаар Ван Чин түүнд найр тавин хөнгөхөн занчсан тул тэр их эрийн яс хугарсангүй. Төдийд тойрон зогссон олон хүмүүн түрчигнэтэл инээлдсэнд Ван Чин урагш эчиж тэр эрийн гараас нь бариад: - Аймшиггүй гар хүрчээ. Битгий муу санагтун хэмээв. Тэр их эр баруун гар өвдөх тул зүүн гараа сунган газар тавьж асан хоёр хэлхээ зоосыг шүүрэн авсугай хэмээтэл олон хүмүүн зэрэг зэргээр: - Өөрийн эрдэм олдойгоо мэдэхгүй хүмүүнд дийлэгдээд бас ямар нүүрээр тэр зоосыг авмуй хэмээн бархиралцахуйяа саяын тэр хоёр залуус бас олны дундаас гарч ирээд хоёр хэлхээ зоосыг булааж аваад Ван Чин-д өгч: - Эрхин авгайг ядуу гацаанаа залсугай хэмээв. Тэр их эр олон лугаа маргаваас болохгүй тул арга буюу шийдэм бялуугаа аваад зээлийг чиглэн эчсэнд олон хүмүүн сая тархав. Түүнээс тэр хоёр залуус Ван Чин жич албаны хоёр хүмүүнийг дагуулан сэрүүн бүрх зүүж хоёр гурван ягч шугуйг давж нэгэн их гацааны өмнө хүрч ирэв. Олон хүмүүн нүд өргөн үзвээс шугуй дотор нэгэн их тосгон харагдах бөгөөд гадуур шорооны хэрэм босгож хэрмийн гадна хоёр гурван зуун суурь уд мод ургажээ. Тосгоны гадна хүрэлзгэнэ царцаахай жиргэн нисэж тосгоны дотно хараацай, гургуулдай дуулан бүжиглэжээ. Тэр хоёр залуус Ван Чин зэргийн гурван хүмүүнийг удирдаж тосгонд ороод улалжин саравчинд залж ёслон золгосон хойно тус тус охор хувцас олсон шаахайг тайлж зочин гэрийн эзний ёсоор суулцав. Гэрийн эзэн өгүүлрүүн: - Та нарын үг аялгууг сонсвоос Дунжин хотын хүмүүн мэт хэмээхүйеэ Ван Чин өөрийн нэр овгоо хэлж хилс хэрэгт унаж албан яаманд мушгигдсан үйлийг зүй зүйгээр тоочиж хоёр залуусын овог нэрийг асуусанд тэр хоёул их л баярлав. Дээр суудалд суусан тэр залуус ийн өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүний овог Гүн нэр Дуань, энэ болбоос миний дүү, нэр Жэн хэмээмүй. Бид өвөг дээдсээсээ энэ тосгонд суусан тул тосгоны нэрийг Гүн Жя Жуан хэмээмүй. Баруун нийслэл Си Жин-ий Шинь Ань сянь-ий харъяа газар бөлгөө хэмээгээд, тэд гурвуулын хөлсөнд дэвтсэн хувцсыг тайлуулж хүйтэн усанд шавхуулаад хүйтэн цай авчруулж уулгасан хойно Ван Чин зэргийн гурван хүмүүнийг дагуулж хойд хүрээлэнд орж бие гарыг нь угаалгаад танхимд хуримын ширээ засаж боов боорцгийн зүйлээр зочлоод бас тахиа нугас алж архи зууш гарган дайлав.
Сүүлээр бас дарсан ширээ засаж ногоо зууш, жимс боорцог, загасан мах, тахиан шөл жич арилгаж давсалсан сонгино, саримсгын зүйлийг гаргаж Ван Чин жич албаны хоёр хүмүүнийг дээд суудалд залж Гүн овгийн ах дүү хоёул доод суудалд сууж архи хэмнэн барьсанд Ван Чин тал өгч өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн болбоос нэгэн цөлөгдсөн ялтан болой. Та хоёул энэ мэт хүндлэн аваачихуйяа элэг зүрхэнд үнэхээр түвдэхгүй хэмээвээс Гүн Дуань өгүүлрүүн: - Ийн өгүүлж хэрхэн болмуй? Хэн хүнд хэрэг зарга тохиохгүй аж! Гадагш гарах хүмүүн гэрээ үүрч явах ёсон баймуй юу? хэмээгээд хуруу жимэлзэн уулцсаар нэлээд халамшсанд Гүн Дуань үг үүсгэж ийн өгүүлрүүн: - Манай энэ бага гацаанд бүгд хоёр зуугаад өрх суух бөгөөд олон хүмүүн ах дүү бид хоёулыг гацааны эзэн болгожээ. Бид хоёул угаас бас бялуу шийдэмд бахтай тул айл гацааны хүмүүсийг дарангуйлан захирчээ. Энэ хаврын хоёрдугаар сард зүүн гацаанд сүмийн хурал болж ший жүжиг дуулмуй хэмээн сонсоод бид хоёул наадахаар эчив. Энэ тосгонд нэгэн хүмүүн баймуй. Нэрийг Хуан Да хэмээх бөлгөө. Санасангүй Хуан Да лугаа зоос мөрийцөж хэл ам болсонд ах дүү бид хоёул хүчин мөхөсдөж тэр гайхалд занчигдав.
Ах дүү хоёулаа ороод намайг яаж ч чадсангүй хэмээн энэ гайхал хүмүүний өмнө биеэ гайхуулж балмадлан аашлах тул ах дүү бид хоёул ганц уураа дарж явмуй. Саяхан эрхин авгайн шийдмийн эрдмийг үзвээс маш гайхалтай тул ах дүү бид хоёул дуртайяа багш болгон таньсугай хэмээмү. Олдохул эрхин багш ах дүү бид хоёулд эрдмээ зааж өгвөөс хожмын өдөр хүнд ачийг эрхгүй хариулсугай хэмээсэнд Ван Чин их л баярлаж нэгэн зэрэг найр тавив. Гүн овгийн ах дүү хоёул Ван Чин-г багшийн ёсоор үйлдэж согттол уулцсан хойно сая тархаж хувь хувьдаа амрахаар явав. Жич өдөр тэнгэр гэгээрсэн хойно Ван Чин өглөөний сэрүүнд завдаж Гүн овгийн ах дүү хоёулд үтрэмийн хашаанаа нударга эргүүлэн хөл зарах эрдмийг сургаж атал гаднаас нэгэн их эр нуруу үүрч хэхэлзэн алхсаар үтрэмийн хашаанд орж ирээд их дуугаар: - Ямар газрын муу цөлөгдмөл аюулгүй манай энэ газар ирж эрдмээ гайхуулмуй хэмээн зандарч өмнөш дэвхрэн ирэв. Энэ хүний ирснээр Ван Чин дахиж их гамшгийг тарьж, Гүн Дуань шинэ өшөө зангидмуй. Энэ үнэхээр танхай эр гамшгийн үрийг тарьж, ичгүүр гутамшиг зоос наадсанаас шалтаглажээ. Эгнэгт Гүн Дуань-ий тосгонд хэхэлзэн ирсэн энэ хүмүүн ямар хүмүүн болохыг мэдсүгэй хэмээвээс түр доод бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )