Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.
Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.
Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
ЖАН ГУАНЬ ИН ХҮР ДҮҮГИЙН УЧРАА БИЕ СӨНӨСӨН ФАНЬ ЖЕ ЖИ БӨЛ ДҮҮГИЙН НҮҮРИЙН СОРВИЙГ ЗАССАН
Өгүүлэх нь Ван Чин бээр Гүн Жя Жуан тосгоны Гүн Дуань-ий хүрээнээ гэрэлт наран мандаж хонгор салхи сэвэлзсэн эртийн сэрүүнээр үтрэмийн хашааны уд модны сүүдэрт ирж Гүн Дуань ах дүү хоёулд нударга эргүүлэн хөл зарах эрдэм юүгээ сургаж атал гэнэт нэгэн их эр хэхэлзэн орж ирэв. Тэр хүмүүнийг үзвээс тэргүүнд малгай дарсангүй, гэзэг юүгээ шанхлан ороогоод биедээ Лэй Жоу газрын нарийн зотонгийн охор дээл хэдэрч, бэлхүүсэндээ сиймхий торгон бүсийг даруулж, хөлдөө өвсөөр гөрсөн сэрүүн шаахай өшиглөж, гартаа гурвалжин өнцөгт зэгсэн дэвүүр бариад тэнгэр өөд хандан нуруу үүрэн хэлбэн халбан алхсаар хүрч ирээд, нэгэн цөллөгийн хүмүүн зэвсгийн эрдэм сургаж байхыг олж үзээд өчигдөр Ман Дун Жэнь балгаснаа нэгэн цөллөгийн хүмүүн ирээд шийдэм бүжиглэх их эрийг занчин унагасныг сонссон тул Гүн Дуань ах дүү хоёул нударгын эрдмийг сурах болуузай хэмээн бодоод Ван Чин-г хуруугаар зааж хараан өгүүлрүүн: - Чи нэгэн ялт хүмүүн бөгөөтөл юуны учир зам зуур ийн саатаж айл гацааны залуу дүү нарыг бачлан хуурмуй? хэмээсэнд, Ван Чин түүнийг Гүн овогтны төрөл садан мөн болуузай хэмээн санаад аймшиггүй дуу гарсангүй бөлгөө. Үзвээс энэ хүмүүн болбоос түв хэмээн зүүн айлын Хуан Да хэмээгч мөн ажгуу.
Энэ өглөөний сэрүүнийг завдаж, Гүн Жя Жуан тосгоны баруун үзүүр дэх Лю Да Лан-аас өр нэхэхээр гарч ирээд гэнэт чагнаваас Гүн Дуань-ий хүрээнээс хашхиралдах дуу гарах тул их л гайхаж, угаас Гүн Дуань ах дүү хоёулыг айлгаж дассандаа эрэмшиж шууд алхам тавин орж ирснээ Гүн Дуань олж үзээд зүрхэн сүвний урин гал түмэн жан өндөр мандаж, хилэнгийн галыг дарж чадахгүй болж өндөр дуугаар хараан өгүүлрүүн: - Эхдээ орсон илжгэн шээс чи урьд өдөр шүүгдсэн зоосоо гөрлөн мэлзсэн атал энэ өдөр үүднээ ирж хүмүүнийг дарлах нь юун!” хэмээхүйд, Хуан Да хилэн төрж хараан өгүүлрүүн: - Сурталгүй самуун золигийг үз! хэмээгээд зэгсэн дэвүүрээр нэгэн тийш бялуудаж хоёр нударгаа зангидан урагш ухасхийн давшаад Гүн Дуань-ийн орой уруу нүдгүй занчин үүсгэв. Ван Чин тэд хоёулын үгийг сонсоод дотроо бас өс зангидсан Хуан Да мөн хэмээн найман хувь бараглаад зоримгоор хэрүүл салгагчаар овлоод урагш дөхөж төмөр гав юугаа далайн Хуан Да-ийн мөр дал уруу нэгэнт занчсанд Хуан Да ар духаараа саван унаад босож чадахгүй сарвалзахуйяа Гүн Дуань, Гүн Жэн жич хэдэн зардас зэргээр давшиж багалзуурдан дараад толгой түрүүгүй нудрагдан өшигчиж, дээл бүсийг нь өөдөс болтол тасдсанд Хуан Да их дуугаар: - Таатай болой!, таатай болой! хэмээн чармай нүцгэнээр тэлчлэн бархирахуйд хүргэж явах албаны хүмүүн Сүнь Линь, Хэ Жи хоёул дахин давтан хориож гуйснаа Гүн Дуань нар сая занчихаа зогсов. Хуан Да үхширтэл занчигдаж арай хэмээн мар мар амьсгах боловч хэрхэн босож чадах аж? Төдийд Гүн Дуань бээр гурав дөрвөн зардас нарыг зандан Хуан Да-г дамнуулан айлын зүүн дэх замын хажууд аваачиж хаяад халуун наранд хагас өдөр шарав.
Хуан Да-ийн айл зэргэлдээгийн ард өвс хадахаар гарч ирээд түүнийг олж үзээд түшиж тулсаар гэрт нь хүргэн ирж ор ширээнээ амруулсанд хүмүүнийг гуйж заргын бичиг үйлдүүлэн Шинь Ань сянь-ий албан яаманд заалдсаныг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Гүн Дуань нар нэгэн өглөө тэвчээрэн үймэлдсэн хойно гэрийн ардаар архи зууш базаалгаж, Ван Чин нарыг дайлахуйд Ван Чин өгүүлрүүн: - Тэр боол хойч өдөр эрхгүй өс авахаар аашилмуй хэмээвээс, Гүн Дуань өгүүлрүүн: - Энэ боол эцгийн буянаа бараад эмээсээ өөр сохор зоосны хөрөнгө ч үгүй бөлгөө. Энгийн цагт эрэмгий хүчиндээ эрдэж айл зэргэлдээгийн улсаа айлган дарлах тул энэ өдөр хэдий үхтэл занчигдав хэмээвч, санаваас түүнийг өр өвдөж, өмөөрөх хүмүүн огт үгүй. Тэр хэрвээ үхвээс нэгэн зардсыг гаргаж амин золиг болговоос барав. Зарга хийж заалдлага хөөхүй нь ч болзошгүй хэрэг. Хэрвээ заяа дээрдэж амь гарваас хэрүүл хийж гар хөдөлсөн төдий л хэрэг буй за. Энэ өдөр эрхин багшийн ачаар өшөө хорслоо авсан тул та санаа амраар хэдэн хундага ууж, энд түр хэдэн өдөр саатаж гүдэг мунхаг ах дүү бид хоёулд бялуу шийдмийн эрдмээ сургаваас хүнд ачийг эрхгүй хариулмуй хэмээгээд тав, таван лангийн хоёр хэсэг мөнгийг гаргаж хоёр албан хүмүүнд бариад түр хэдэн өдөр хойшлуулахыг гуйснаа Сүнь Линь, Хэ Жи хоёул хэсэгт мөнгийг хүлээн аваад ам дүүрэн зөвшөөж дагав. Ван Чин нэгэн дараагаар арваад өдөр сууж бялуу шийдмийн эрдмээ Гүн Дуань, Гүн Жэн хоёулд бүрнээ уламжилсан хойно албан ард явсугай хэмээн шаардахын дээр Хуан Да бас хүмүүнийг гуйж сянь-ий яаманд заалдав хэмээх тул Гүн Дуань арга буюу тавин лан мөнгө гаргаж Шаньжоу фү-д хүрсэн хойно зартугай хэмээн Ван Чин-д тал хийснээ шөнө дүлээр босож юм хүмээ багцлан төхөөрөөд гэгээ орохоос урьд Дуань Жя Жуан тосгоноос салав.
Гүн Дуань бээр дүү Гүн Жэн-д мөнгө зоос өгч бас үдэж хүргүүлэв. Замын гудас учир гарсангүй, аяны замыг хороон явсаар нэгэн өдөр Шаньжоу хотноо хүрч ирэв. Сүнь Линь, Хэ Жи хоёул Ван Чин-г авч жоу-ийн яаманд ороод Кай Фэн фү-ийн албан яамны цохолсон бичгийг гаргаж өргөхүйеэ жоу-ийн яамны эрхэлсэн түшмэл шүүж уншаад Ван Чин-г хураамжлан авч хариу бичиг сийрүүлэн үйлдэж албан элчид бариулж эгүүлсэн хойно цохолбор үйлдэн Ван Чин-г тус жоу-ийн гяндан хотноо илгээж хариу бичиг авчруулсныг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Гүн Жэн Шаньжоу хотноо цуг ирээд хуучин танилаа эрж авчирсан ашиг зоосоо тушааж гяндан хотын захирал хафан нарт Ван Чин-г төлөөчлөн хээл хахууль түлхүүлэв. Тэр гяндангийн захирал Жан Ши Кай хэмээгч бээр Гүн Жэн-ий түлхсэн хээлийг идээд Ван Чин-ийн гав дөнгийг авуулж омог дарах шийтгэлийг хэлтрүүлж, хүнд ажлаас чөлөөлөөд тусгай өрөөнөө суулгаж санаан таваар орж гарахыг зөвшөөв. Өдөр сарын өнгөрөх нь өдөт сум мэт түргэн тул удсангүй бас хоёр сар өнгөрч намрын сүүл болохуйяа нэгэн өдөр Ван Чин бээр өөрийн гэртээ сууж атал гэнэт нэгэн хуягийн ард орж ирээд: - Захирал ноён чамайг ир хэмээн дуудаж баймуй хэмээснээ, Ван Чин яаран хуягийн ардыг дагаж шүүн байцаах танхимд орж тэргүүн даран мөргөсөнд Жан Ши Кай өгүүлрүүн: - Энд ирээд өдий удтал чамайг алба барьсан удаа огт үгүй. Миний бие Чэньжоу фү-ээс ирсэн дээд зэргийн занх нумыг авсугай хэмээмү.
Тэр Чэньжоу болбоос эзэн хот Дунжин-д захирагдах бөлгөө. Ван Чин Чи Дунжин-ий хүмүүн болох тул тэр нумын сайн мууг магад таних буй за хэмээгээд ханцуйнаас нэгэн баглаа мөнгийг гаргаж Ван Чин-д тушаагаад ийн өгүүлрүүн: - Чи энэ хоёр лан зайр мөнгөөр нэгэн нумыг худалдаж аваад над хүргэж ирэгтүн хэмээвээс Ван Чин: - Өчүүхэн хүмүүн ноёны захисан ёсоор гүйцээсүгэй хэмээгээд тушаасан мөнгийг тосож аваад өрөөнөө ирж цаасан баглааг нээж үзвээс нүд гялсхийм цагаан мөнгө бөгөөд жинлүүр ацран хэмжвээс илүүц гурав дөрвөн фун байсан тул мөнгө юүгээ баглан гяндангийн хүрээнээс гараад тус хотын хойд зээл дэх нум сумын пүүст хүрч нэг лан долоон цэн мөнгөөр Чэньжоу газрын занх нумыг худалдан аваад хойш эгвээс Жан Гуань Ин яамандаа байсангүй тул Ван Чин дотоод ордны шадар зардаст нум юугаа тушаагаад хэдэн цэн мөнгийг олж хонжив хэмээн өвчүү дүүрэн баярласаар харив. Жич өдөр Жан Ши Кай бас Ван Чин-г танхимдаа дуудан аваачаад ийн өгүүлрүүн: - Чи үнэхээр явдал учрыг бүтээж чадмуй. Өчигдрийн авчирсан тэр нум асар сайн болой хэмээвээс Ван Чин өгүүлрүүн: - Эрхин сяньгүн тэр нумыг үргэлжид галд ээвээс сайн ажгуу хэмээхүл Жан Ши Кай: - Үүнийг би мэдмүй хэмээгээд тэр өдрөөс эхлэн Ван Чин-г зарж идэж уух зэргийн элдэв хэрэгслийг ацруулах болов. Тийн хэмээвч анханд адил бэлэн зоос бариулахгүй, үүнд нэгэн эвхмэл данс өгч өдөр бүрийн авсан эд хэрэгслийг нэгд нэгнээр тэмдэглэн бичигтүн хэмээснээ наймааны пүүсний хүмүүн юмаа шээлж өгөх дургүй тул Ван Чин арга буюу өөрийн зоосоор худалдан аваад яаманд хүргэж ирэхүйеэ Жан Ши Кай түүнийг сурталгүй хэмээн үүр хараан занчмуй. Түүнээс арван хэдэн өдөр болсон хойно Ван Чин тэмдэглэсэн дансыг дээш өргөж зарсан мөнгийг авахаар гуйсанд сохор зоос ч хэмээн гаргаж өгсөнгүй бөлгөө.
Энэ мэтээр нэгэн сар илүү болтол Жан Ши Кайд өдөр бүр арав таван мод занчигдсаар аж хойно өмнө хэд хэдэн зуун мод болж хоёр гуя нь цөм язраад Гүн Дуань-ий өгсөн тавин лан мөнгийг ор тас үгүй зарж дуусгав. Түүнээс нэгэн өдөр Ван Чин бээр гяндны хүрээний баруун этгээд дэх Ү Гүн Пайлү-ийн зүүн биед хүрч үрэл тан найруулж эм дом худалдан өвчин хуучныг засаж шарх сорвийг анагаах Жан овогт эмчийн пүүснээ ороод цавчиргын шархыг эдгээх гоёо авсугай хэмээсэнд, Жан овог эмч бээр Ван Чин гоёо авч өгөх зуур ийн өгүүлрүүн: - Жан Гуань Ин-ий хүр дүү хэдэн өдрийн өмнө Ман Дүн Жэнь балгаснаа бүдрэн унаж гарын бугуйгаа булзаав хэмээн энд ирж гоёо авсан болой. Би үзвээс булзаасан бус, хүнд занчигдаж гэмтсэн мэт хэмээвээс Ван Чин сонсоод яаран өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүн гяндны хүрээнээ яахан түүнийг олж үзсэнгүй аж?” хэмээхүйд Жан овогт эмч өгүүлрүүн: - Тэр болбоос Жан Гуань Ин-ий бага хатны төрсөн дүү Пан Юань хэмээгч мөн болой. Пан хатан болбоос Жан Гуань Ин-ий амраг татвар болмуй. Пан Да Лан хэмээгч зоос мөрийцөх дуртай бөгөөд жад бүжиглэн шийдэм эргүүлэхүйд их л бахтай тул эгч нь үргэлж ашиг зоосоор тусалдаг ажгуу хэмээсэнд, Ван Чин түүний үгнээс найман хувь бараглаж ийн санаруун: - Хэдэн өдрийн урьд нарсан модны сүүдэрт надад занчигдсан тэр амьтан магад өнөөх Пан Юань хэмээгч мөн буй за. Бус болбоос Жан Ши Кай юуны учир намайг өө эрэн тамлан занчих аж хэмээгээд, Жан овогт эмчээс аяарлан салж гяндны хүрээнээ эгээд сэмээр Жан Гуань Ин-ий нэгэн насан бага шадар гочигийг залж архи дарс ацран уулгаж зоос зугаа гарган өгөөд Пан Юань-ий нягт учрыг алгуураар ухчлан асууваас түүний өчсөн нь чив хэмээн Жан овогт эмчийн үг лүгээ яв цав нийлснээс гадна бас нэгэн зүйлийн нууц учрыг гаргаж ийн өгүүлрүүн: - Тэр гайхал Пан Юань урьд өдөр Ман Дунжин балгаснаа чамд занчигдаж гэмтсэнээс нааш чамайг үүр Ян Гуань Ин-ий нүүр дээр муучилдаг ажгуу. Санаваас, чиний бие шийдмийн эрүүгээс хэлтрэхүйеэ бэрх болов! хэмээв. Энэ үнэхээр: Эрэмгий бардмаар хүчирхэн явбаас ямагт зовлонгийн үүсэл Эелдэг зөөлнөөр хичээн үйлдвээс эгнэгт жаргалын үндэс Эрт цагт нэгэн шийдмээр өшөө хорсолтой болсноо Энэ өдөр хүү нэмэгдсэн хорын хариуг амсав. Мөн өдөр Ван Чин бээр шадар гочигоос нягт учрыг олж сонсоод өөрийн суух өрөөндөө хариад урт шүүрс алдан ийн санаруун: - Ноёноос эмээхгүй боловч ноёлохоос зүрхшээмүй.
Урьд өдөр увайнд үгүйгээр ам алдаж тэр боолыг үгээр дайруулж шийдмээр мөчөөрхөж дийлэв хэмээвч түүнийг Жан Гуань Ин-ий амраг хүмүүний төрсөн дүү хэмээн санасангүй. Тэр намайг энэ мэт хардаж зовоох тул нэгэн тийш оргон зайлаад жич өөр нэгэн арга бодсугай хэмээгээд сэмээр зээлд эчиж нэгэн хурц ирт ахар илдийг авч биеийн далд нуугаад гэнэтийн хэрэг тохиолдохыг сэрэмжлэв. Энэ мэтээр арван хэдэн хоног өнгөртөл Жан Гуань Ин дахиж дуудсангүй тул эрүүний шарх ч идэг идгээр илаарь болжээ. Нэгэн өдөр Жан Гуань Ин гэнэт бас хоёр бүхэл торго авсугай хэмээн захиснаа Ван Чин угаас бодлоготой асан тул айж алгуурласангүй мэндэн сандан наймааны пүүснээ очиж торго аваад эгэхүйеэ Жан Гуань Ин түв хэмээн шүүн байцаах танхимдаа заларч асан тул урагш давшиж хариу айлтган өргөсөнд Жан Ши Кай торгыг авч нэгэн зэрэг шинжээд өнгө нь илгүй бөгөөд хэмжээ нь дутуугийн дээр цагаас хоцорсон юм хэмээгээд Ван Чин-ийн нүдэнд хуруу хийж хараан өгүүлрүүн: - Цөс их сөргүү боол чи ялт хүмүүн болох тул чухамдаа ус дамнуулан чулуу үүрүүлэх буюу эс бөгөөс чамайг дөнгө зүүлгэн хоривоос зохих болой. Энэ өдөр чамайг энэ мэт санаан таваар энд тэнд зарах нь чамд нүүр өгч найр тавьсан хэрэг бөлгөө. Ийн атал муу хулгай чи сайн мууг ялгаж мэдэхгүй! хэмээсэнд Ван Чин эмээж огт дуу гарахгүй, өлмий даран сөгдөж мөргөн гуйх тул Жан Ши Кай зандан өгүүлрүүн: - Түр чиний ялыг хэлтрүүлж занчихыг байсугай. Хурдан эчиж торгыг буцааж сайныг нь ацрагтун. Хэрвээ энэ орой хариу мэдүүлэхгүй болбоос утсан төдий улаан голтой чинь хэлэлцсүгэй! хэмээсэнд Ван Чин яаран гарч өмссөн дээлээ тавьж дэнжийн пүүснээ аваачиж хоёр хэлхээ зоосоор данжлаад зоос нэмэн сайн торгоос сольж аваад хойш эгснээ зам зуур нэлээд саатсан тул наран унаж бүрий тасраад хүрээний хаалгыг даржээ.
Үүднээ ирэхүйеэ жасааны хуяг ийн өгүүлрүүн: - Ийн харанхуйд ямар хүмүүн аймшиггүй толгой мэдэж чамайг тавьж оруулмуй? хэмээвээс Ван Чин учрыг тайлж өгүүлрүүн: - Ордны эзэн Гуань Ин сяньгүн-ийн захиагаар ирэв хэмээн өчивч хуяг цэрэг огт хүлээхгүй тул өврөөс үлдсэн зоосыг гаргаж барьсанд бас нэгэн зэрэг төвөгшөөн яршиглаад сая дотогш тавин оруулав. Ван Чин торго юугаа тэврэн дотоод ордны үүднээ ирвээс хаалга сахих харуулын ард ийн өгүүлрүүн: - Гуань Ин Сяньгүн бээр их хатан лугаа хэл ам болж цуугилдаад ар хүрээлэнгийн бага хатны ордонд эчжээ. Их хатан хэмээгч халдашгүй хар хамуу болох тул хэн аймшиггүй чиний төлөө үг уламжилж уршиг яршигт чирэгдмүй? хэмээвээс Ван Чин ийн сэтгэрүүн: - Тэр намайг энэ орой эгж ир хэмээн захисан атал юунд энэ мэт хөл хорин төвөгшөөх аж? Санаваас зоримгоор өө эрэн хөнөөсүгэй хэмээсэн буй за. Жич маргаадрын шийдмийн эрүүгээс хэрхэн хэлтэрвээс зохимуй? Хөөрхий миний өчүүхэн амь эрхгүй энэ самжан зулзагын гарт дуусах нь буй за. Миний нэгэлхэн шийдмийн хариуд хоёр гурван зуун мод занчсан атал бас сэтгэл ханахгүй. Тэр ч байтугай урагш өдөр Гүн Жэн-ийн түлхсэн тийм арвин мөнгө зоосыг залгисан бөгөөтөл энэ өдөр гэнэт царай хувилж намайг ийн сүрхий зовоомуй!” Жич өгүүлэх нь энэ Ван Чин хэмээгч болбоос хараахан багаас хэрцгий балмад хүмүүн тул төрсөн эцэг эх нь ч айж хэлэхгүй бөлгөө. “Өчүүхэнд хорсвоос сайд эрдэмтэн бус сэтгэлд хоргүй бөгөөс сайн эр бус” хэмээсэнчлэн, тэр өдөр Ван Чин-ий муу авьяас нь гэнэт хөдөлж, хийвээс бүү ай, айваас бүү хий хэмээн шүд зуун хүлээсээр тэргүүн жингийн үе болж, хүрээний хуяг тэргүүлэн олон ялтныг унтсаны хойно, сэмээр дотоод хүрээний хойно этгээдэд алхаж хүрээд хэрэм харайн дотогш орж ар үүдний цүүг аяархан сугалж аваад нэгэн тийш нуусан хойно жирвэлзэн туяалах одны гэрэлд үзвээс хүрээний зүүн биед нэгэн морин пинд байх бөгөөд баруун талд нь нэгэн тасалгаа бяцхан гэр байх аж. Лавлан шинжвээс харин морь засах жорлон асан ажгуу. Ван Чин бээр морины хашааны бургасан үүдийг мултлан авч дотоод хүрээний хаалганаа түшүүлж тавиад дээш авиран хэрмийн орой дээр гараад бургасан үүдийг авч хүрээн дотор босгож тавиад хөв хөнгөхөнөөр гулгаж буугаад дотоод хаалганы цүүг татан авч, бургасан үүдээ далд газар тавиад урагш явбаас бас нэгэн давхар хүрээ байхуй бөгөөд чих тавин чагнаваас хүрээн дотор инээлдэн бархиралцах дуу гармуй.
Ван Чин сэмбэг сэмбэг алхсаар хэрмийн ёроолд хүрч сэмээрхэн чагнаваас, нэг нь Жан Ши Кай-н дуу, нэг нь эхнэр хүмүүний дуу, нөгөө нь мөн эр хүмүүний дуу болох бөгөөд архи дарс уулцан, сул зоог дэлгэж найралдах аж. Ван Чин чих тавин чагнаж атал Жан Ши Кай ийн өгүүлрүүн: - Хүр дүү минь, тэр боол маргаадар ирж хариу айлтгаваас самуун шийдмээр улаан голыг нь тасалсугай хэмээвээс нөгөө нэгэн эр хүмүүн нь өгүүлрүүн: - Би санаваас тэр гайхлын авч ирсэн эд ашиг дуусах шахсан тул хүргэн ах сэтгэл шуудан гар хөдөлж миний өшөөг хариулж өгөгтүн!” хэмээхүйд Жан Ши Кай өчрүүн: - Ойрын хэдэн өдөр чамайг баясгаваас барав! хэмээхүл тэр эхнэр бас өгүүлрүүн: - Болжээ, та хоёул ч гараа татваас зохимуй хэмээснээ тэр эр өгүүлрүүн: - Эгч юунд ийн өгүүлмүй. Энэ хэрэг чамд харъяагүй!” хэмээмүй. Ван Чин сонсоод их л уурлаж зүрхний үзүүр хилэн дэгдэж хөмсөгний сэжүүр гал бадраад цээжинд бэгтэрсэн хилэнгээ дарж чадахгүй болоод агшин зуур аварга хүчит махаранз болж хувилаад өндөр хэрмийг ив түлхэж өшөөт хүмүүнийг дуусган алсугай хэмээх бодлого түмэн давхар төрөгдмүй. Энэ үнэхээр: Ам хурцлан ашгийг хурааваас эцэст өвчин болъюу Аюулхай цухалдан хэргийг ахдуулбаас гамшиг зовлон ирмүй Аясын салхи хөдлөхөөс урьд голио хэдийн сэржээ Аюулт хөнөөл гэнэт ирэхийг хэрхэн сэргийлж чадмуй за. Төдийд Ван Чин хорслын гал юугаа дарж чадахгүй хилэгнэж атал Жан Ши Кай гэнэт зардас хөвүүнийг их дуугаар дуудан: - Дэнлүү асааж намайг ар хүрээний жорлонд дагуулж эчигтүн хэмээсэнд, Ван Чин хормойд нуусан хурц илдээ суга татан гаргаад Мэй цэцгийн ард оцойн далдалснаа ордны үүд харгитал нээгдэв.
Ван Чин харанхуй дотор нүд орхин лавлаваас өдөр бүр чимээ уламжлах тэр бяцхан зарц хөвүүн бээр гартаа дэнлүү бариад Жан Ши Кай-г дагуулан гарч ирснээ Жан Ши Кай харанхуй дунд хүмүүн байхыг мэдэхгүй тул шууд хэлбэн халбан гэсээр хоёрдугаар хаалганы дэргэд ирээд хараан өгүүлрүүн: - Энэ муу адгуусуудын хэрсүү болгоомжгүйг үз. Ийн орой болсон атал юу хэмээн хаалга цүүдэхгүй аж?” хэмээхүйд бяцхан зарц бээр үүдийг нээж өгснөө Жа Ши Кай сая дотроос алхан гарч ирэхүйеэ Ван Чин сэмээр урагш дөхөсхийв. Жан Ши Кай арын хойно хөлийн чимээ гарахыг олж сонсоод яаран бие урван үзвээс Ван Чин баруун гартаа илд барьж зүүн алгаа урагш дэлгэн их алхмаар дэвхрэн ирсэнд Жан Ши Кай цөс хэмхэртэл эмээж биеийн сүнс биед үгүй болж, билгийн ухаан цээжинд үгүй болоод дуу алдан: - Хулгай ирэв!” хэмээх үг дуусахын урьд Ван Чин илд өргөн нэгэнт цавчсанд Жан Ши Кай-н аман хүзүү оногдож элэг түрүүлэн дарж унав. Бяцхан зарц хэдий энгийн цагт Ван Чин лүгээ дасал болсон боловч эдүгээ түүний хурц илд барин хүмүүн алахыг үзээд эмээхгүй ёс баймуй уу? Сая бие зайлан дутаасугай хэмээхүл хөлийг нь хөрснөө хадсан мэт болоод зогссон орноос огт хөдөлж чадахгүй болсон бөгөөд ам нээн бархирсугай гэж хэдий ангас ангас хэмээвч яв хүмүүн мэт яг дуу гарч чадахгүй болж баас алдтал айжээ. Жан Ши Кай тэлчлэн боссугай хэмээтэл Ван Чин гүйн ирж ар голд нь бас нэг хутгалж амийг нь хороов. Эгчийн гэрт дарс ууж асан Пан Юань хүрээн гадна хүмүүн ёолох чимээг гэнэт сонсоод дэнлүү асааж завдсангүй мэндэн сандан гүйн гарч ирсэнд Ван Чин дэнлүү барьсан бяцхан хөвүүнийг хөл өргөн өшиглөснөө бяцрах зарц дэнлүүний хамт хөсрөө өнхрөн унаж дэнлүүг унтраахуйяа Пан Юань бээр Жан Ши Кай-г бяцхан зарц юугаа занчив хэмээн санаад: - Хүргэн ах та юуны учир зарц хөвүүнийг занчмуй? хэмээгээд салган хориглосугай хэмээн урагш ирснээ Ван Чин сүрхийтэл ирж нэгэнт чичсэнд Пан Юань-ий сүвээ оногдож гахай мэт чарласаар газар саван унасанд, Ван Чин үснээс шүүрэн авч тэргүүнийг нь тас цавчив.
Пан овогт эхнэр хүмүүний чарлах зэвүүн дууг сонсоод инж охиноор дэнлүү асаалган гарч үзсэнээ Ван Чин урагш давшиж алсугай хэмээн хутга далайх зуур нүд өргөн дахин лавлаваас, үзвээс Пан овогт эхнэрийн хойно арваад илүү шадар ард зэвсэг барин багларан дагалцаж эрээн мяраан дуугаар бархирсаар гарч ирсэн тул Ван Чин их л мэндүүрч гадагш гүйн хойд хаалгыг нээж хэрэм даван гадагш үсрэн гараад цустай хувцсаа тайлж илдээ зүлгээд хормойн доор нууж жингийн хэнгэргийг чагнаваас хэдийн гуравдугаар жин болсон тул нам сэлүүг завдан хотын захад ирэв. Шаньжоу хот хэмээгч шороон хот болох тул хэрэм нь богино бөгөөд суваг нь гүехэн тул Ван Чин мөн оройдоо хэрэм харайн дутаан гарав. Жич өгүүлэх нь Жан Ши Кай-н бага хатан Пан овогт эхнэр хоёрхон инж дагуулан дэнлүү барин гарч ирснээс бус өөр хүмүүнийг огт хэмээн дагуулсангүй ажгуу. Төдийд өөрийн дүү Пан Юань-ий бие тэргүүн хоёр анги болж цус нөжнөө сулдайн хэвтэхийг үзээд, Пан овогт эхнэр жич бяцхан инж хиртхийн гэлмэж нүүр нүүрээ ширтээд мөс залгисан мэт мэхийрэн огт дуун гарч чадахгүй болоод гурвуул унан тусан гүйж чичрэн дагжиж алцганасаар гэртээ ороод дуу гаран бархирч, дотоод ордны шадар ардаас тэргүүлэн гадаад хүрээний жасааны хуягуудыг дуудан гал бамбар өргүүлж хурц зэвсэг бариулж хойд хүрээнээ ирж үзвээс Жан Гуань Ин бээр хоёрдугаар хаалганы гадна алагдаж, бяцхан зарц хөсрөө тэлчигнэж, амнаас нь хар цус бургиж арайхан амьтай байсан ажгуу.
Олон хүмүүн хойд хаалга нээгдсэнийг үзээд ар хүрээгээр хулгай орж ирэв хэмээн үүдэн гадна гарваас хоёр бүхэл өнгөт торго газар байхыг олж үзээд нэгэн дуугаар Ван Чин хэмээн бархираад яаран ялтныг бүртгэн үзвээс ганц Ван Чин үгүй тул их хүрээний дотор гадна, зүүн баруун айл зэргэлдээ түрхэлцэн үймж, хотын гаднах хэрмийн ёроолоос цуст дээлийг олж нарийвчлан байцааваас цөм Ван Чин-ий эд болох тул бүгдээр нэгэн зэрэг зөвлөж, хотын хаалгыг нээхээс урьд жоу-ийн түшмэлд мэдүүлж хүмүүн гарган нэгжүүлэхээр болов. Мөн шөнийн таван жинд жоу-ийн яамны эрхэлсэн түшмэл мэдээг сонсоод их л цочиж нэгэнтээгүүр сянь-ий түшмэлийг илгээж алагдсан хүмүүнийг байцаалган, хүмүүн алсан хэрэгтний орж гарсан газрыг шинжүүлж, нэгэнтээгүүр хүмүүн зарж хотын дөрвөн хаалгыг таг даруулж, цэрэг морь ба нэгжин баривчлах албан ард жич зээл гудамжийн даамал нарыг гарган өрх дараалан нэгжин байцаалгаж хэдэн өдөр үймүүлсэн боловч хэрэгтнийг олсонгүй тул жоу-ийн ноён бичиг тархааж харъяа газрын гацаа тосгон бүрд хүмүүн илгээн өрх дараалан нэгжүүлэхээр захиа буулгаад Ван Чин-ий уг нутаг, нас жил, төрсөн байдал зэргийг сийрүүлэн зуруулж, олзолсон хүмүүнийг мянган хэлхээ зоосоор шагнахаар тогтов. Хэн хүмүүн Ван Чин-ий байх газрыг мэдүүлбээс тогтсон журмаар шан хүртээмүй. Хэн хүмүүн ялтныг гэртээ нуун тэжээгээд хэрэг лаварч албанд сэрэгдвээс хэрэгтэн лүгээ нэгэн адилаар аваачмуй хэмээгээд ойр хавийн жоу сянь-д бас зар тархаан, ялтныг баригтун хэмээв. Жич өгүүлэх нь Ван Чин бээр тэр шөнө Шаньжоу хотоос дутаан гараад хормой шууж сувгийн усыг гэтэлсэн хойно дотроо ийн сэтгэрүүн: - Эдүгээ хэдий амь гарч бие мултрав хэмээвч хаана эчиж далдалбаас зохимуй?” Тэр үе чив хэмээн өвөл цагийн хүйтний гол болсон тул өвс шарлаж навч хувхайраад, одны гэрэлд зам мөр хараахан харагдмуй. Ван Чин мөн шөнө хэд хэдэн зөрөг замыг ороон гарч их замд ороод мэндэн сандан явсаар үүр гийж наран гартал хэдийн жар далан газрын үзүүр гарч өмнө зүгийг барин хараахан замнаж атал нүдэн өмнө зузаан өрхтэй нэгэн их гацаа харагдав.
Ван Чин санаваас өвөрт нэгэн хэлхээ зоос байхуй тул гацаанаа бууж дарс уусан хойно хааш эчихийг жич мэдсүгэй хэмээн өлмий сунган өндөлзөн алхсаар удсангүй балгаснаа оров. Тэнгэр хараахан эрт тул дарсан мухлаг махан пүүс үүднээ нээгээгүй байсан ажгуу. Балгасны зүүндэх нэгэн дияаны саравчинд зочныг урих хуучин дэнлүү өлгөх бөгөөд үүд нь завсартай байсан ажгуу. Санаваас дияаны хүмүүн өчигдөр шөнө сэтгэл алгасаж умартсан буй за. Төдийд Ван Чин урагш давшиж үүдийг түлхэн дотогш орохуйяа үс гэзгээ самнасангүй нэгэн хүмүүн гарч ирснээ Ван Чин тэр хүмүүнийг үзмэгц ийн санаруун: - Энэ хүмүүн болбоос миний бөл ах гяндны захирал Фань Чуань хэмээгч мөн болой. Тэр хараахан багаас эцэг юүгээ дагаж Фанжоу хотноо арилжаа хийж ашиг олон дэгжсэн тул тус жоу-ийн гяндны захирал болжээ. Энэ жилийн гурван сард албан хэргээр Жин балгаснаа эчсэн хойно миний гэрт эчиж хэд хоног суусан бөлгөө хэмээгээд, тэр хүмүүний зүг ийн өгүүлрүүн: - Ахын бие лагшин тунгалаг буй за! хэмээвээс Фань Чуань бас: - Чи бөл дүү Ван Чин бус уу хэмээгээд нүд өргөн үзвээс нүүрт нь хоёр мөр үсэг шивсэн тул их л гайхаж хариу өчихөөс урьд Ван Чин эргэн тойрон хүмүүн үгүйг үзээд түсхийтэл сөгдөж: - Эрхин ах дүү миний амийг аврах болов уу?” хэмээхүйд Фань Чуань яаран түшиж босгоод: - Чи үнэхээр Ван Чин дүү мөн буюу? хэмээхүл Ван Чин гар юугаа сажиж: - Битгий дуу гарагтун! хэмээсэнд Фань Чуань түүний санааг ухаж, ханцуйгаа татаж өөрийн суух гэртээ аваачив.
Фань Чуань чив хэмээн өчигдөр шөнө ирж нэгэн хүмүүний суух өрөөг хөлсөлсөн тул доор дуугаар асууруун: - Дүү чи яахан энэ мэт болов? хэмээсэнд Ван Чин заргад унаж Шаньжоу цөлөгдсөн ба Жан Ши Кай өшөө зангидан хар санааг өвөрлөснөө өчигдөр шөнө ийм тиймээр үйлдсэнээр зүй зүйгээр түүний чихэнд шивнэн тоочсонд Фань Чуань их л цочиж хэсэг дуугүй эргэлзсэн хойно мэндэн сандан нүүр гараа угааж эртийн хоол идээд дянь-ий зоосыг бодож өгөөд хоёул нэгэн зэрэг зөвлөж Ван Чин-г шадар хуягаар хувцлуулж, дянь-ий үүднээс гарч Фанжоу хотыг чиглэн одох зуур Ван Чин бээр Фань Чуань-ий хэрхэж энэ газар ирснийг асууваас Фань Чуань өгүүлрүүн: - Тус жоу-ийн ноёны захиагаар Шаньжоу фү-ийн тайшоу түшмэлд бичиг хүргэж эчээд өчигдөр сая хариу бичгийг хүлээн аваад мөн даруй Шаньжоу хотоос мордон гарч тэнгэр оройтсон тул энд бууж хоноглосон болой. Дүү чамайг Шаньжоу хотноо аж, ийн хэрэг үйлдсэнийг ер мэдсэнгүй хэмээгээд Ван Чин лүгээ шөнө хоноглон өдөр замнасаар Фанжоу хотод оргон ирээд хэдэн өдөр суутал хэрэгтэн Ван Чин-г баривчлах Шаньжоу фү[1]ийн яамны албан зар ирсэн тул Фань Чуань их л эмээж яаран гэртээ харьж ийн өгүүлрүүн: - Дүү чи хэрхэвч хотноо хоргодож болохгүй болов. Хотын гаднах Дин Шань Бао тосгоны зүүн биед хэдэн тасалгаа шавар гэр, хорин хэдэн мо тариа байх бөгөөд үүнийг би урьд жил худалдан аваад хэд хэдэн гэрийн ардыг илгээн тариа тариулж байх тул миний дүү түр тэнд хэдэн өдөр бие зайлсан хойно жич мэдсүгэй хэмээгээд шөнө дүл болгоод Ван Чин-г хотоос дагуулан гарч Дин Шань Бао тосгонд хүрч, шавар байшинд суулгаж нэрийг нь Ли Да хэмээн халав. Фань Чуань санаваас Ван Чин-ийн нүүрт шивсэн үсэг нь сэрэгдэх аюултай мэт, завшаанаа урьд жил Жянь Кан Фү-д асан цагт амьд оточ Ань Даочуань-ий алдрыг сонсож ашиг зоос түлхэн түүн лүгээ танилцаад, нүүрийн үсгийг эмнэх аргыг сурсан тул Ван Чин-ий нүүрт хорт эм түрхэж улаан сорви суусан хойно алтан хасын зүйлийг хэмхчин дээр нь шивж хэдэн сар өнгөрснөө шархны сорви эдгэрч оргүй сайн болов.
Өдөр сар ээлжлэн улирсаар зуу илүү хоног болохуйяа хэдийн Сюань Хэ-ийн тэргүүн оны хаврын дундад сар болов. Албан яамнаас нэгжин баривчлах үйл алгуураар намдсаар дэмий хэрэгсэхгүй болов. Ван Чин-ий нүүрийн үсэг ч арилсан тул байн байн гадагш бултайн гарах болов. Түүний өмсөж зүүх хувцас хунарын зүйлийг цөм Фань Чуань бээр тусалмуй. Нэгэн өдөр Ван Чин ганцаар гиюүрэн сууж атал гэнэт алсын үзүүрээс үймэлдэн бархирах дуу гарах тул Ван Чин яаран гарч гэрийн ардаас юуны учир ийн хөхрөлдөн наргилдмуй хэмээн асуусанд гэрийн ард хариу өчрүүн: - Ли ноён та мэдэхгүй болой. Эндээс баруунш нэгэн газрын алсад Дин Шань Бао хэмээх нэгэн гацаа баймуй. Тэр гацааны Дуань овогт ах дүү хоёул тус жоу[1]ийн хотоос нэгэн дууч эхнэрийг урьж ацраад тайз цогцолж элдэв зүйлийн шийг дуулуулж баймуй. Тэр дууч эхнэр болбоос шинэхэн Си Жин хотоос ирсэн бөлгөө. Түүний өнгө эрдэм зэргээс тасархай тул үзэхээр ирэх хүмүүн нь үхрийн үс мэт зузаан ажгуу. Эрхин ноён юун хэмээн үзэхээр эчихгүй аж? хэмээсэнд, Ван Чин эчих сэтгэлийг дарж ядаад шууд Дин Шань Бао гацааг чиглэн эчив. Ингэснээр цөллөгийн ялтан тосгоны хүүхэн ургийн хэлхээг байгуулж, газрын барс ардын түйтгэр нэгэн зовхист эзэдмүй. Эгнэгт Ван Чин-ий эчсэн газарт дууч эхнэр чухам байх ба эсэхийг мэдсүгэй хэмээвээс түр доод бүлэгт үзтүгэй.
Сэтгэгдэл ( 0 )