Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 104 дугаар бүлэг

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

 

ДУАНЬ ЖЯ ЖУАН ГАЦАА ДАХИН ШИНЭ ХҮРГЭН ЭЛССЭН ФАНЬ ШАНЬ ЗАЙ ЦАЙЗ ХОРШИН ХУУЧИН ХУЛГАЙГ ДАРСАН

 

 

Өгүүлэх нь, тэр өдөр Ван Чин бээр Дин Шань фү тосгоноо эчвээс тав зургаан зуун өрх иргэн суух бөгөөд ший дуулах өндөр тайзыг тосгоны зүүн этгээдийн буудайн тарианаа байгуулсан ажгуу. Тэр үе дууч эхнэр хараахан тайзнаа гараагүй тул олон хүмүүн өндөр тайзны дөрвөн захаар тавьсан гуч дөчин ширээнээ авааралдан шоо орхин зоос мөрийцмүй. Лавлан шинжвээс шоо орхихуйд адил зургаа, таван нэг залгаа зургаа, цул улаан хэмээх зэргийн дуудлага байх аж. Бас хориод бүлэг хүмүүн хөсөр цөмцийн суугаад онх дарж бархиралцмуй. Онх дарахуйд бас бөх, цэх, онх хэмээх зэргийн нэрийдэлтэй ажгуу. Шоо орхих тэдгээр хүмүүн нэгийг бархиран зургааг дуудахуйд онх дарах тэдгээр гайхал тоо хашхиран үсэг тааж, хэсэгт инээлцэн хэсэгт хараалцаж, эсхүл нударга буулган хөл явуулмуй. Шүүгдсэн хүмүүн нь дээл хувцсаа данжид барьж, малгай оймсоо өрнөө төлөөчилж адал хөрөнгөө хаян, унтаж хэвтэхээ огоороод үхэхвэр чармайвч уг бэл юүгээ эгүүлж чадахгүй хоосортол шүүгдмүй. Шүүсэн хүмүүн нь тухгүй донхолзон аашилж энүүгээр тэрүүгээр хэхэлзэн алхаж архин пүүснээ дарвайн суугаад түүний даалин богц, дээлний ханцуйд цөм зоос дүүрсэн ажгуу. Хэдий шүүв хэмээн хуруу даран тоолбоос хонжсон зоос төдий арвин бус, олонхыг нь зоос салгагч ба мөрий тавигч гэрийн эзэн хураамжлан хонжсон ажгуу. Тэр ч байтугай тосохын охид гацааны бэрээд чих ялган ногоо услахаа байгаад хэд хэдээрээ хөл нийлж, шавар мэт нүүрээ дээш хандуулан алт мэт шүдээ ярзайлгаж дайсны өмнө мэлрэн зогсоод нэгэн адил эцэг эхээс заяасан атал тэр дууч юуны учир тэр мэт сайхан төрөв хэмээн дууч эхнэрийн гарч ирэхийг бүлтэлзэн хармуй. Төдийд ойр хавийн тосгоны ард байтугай хот балгасны хүмүүн ч үзэхээр ирсэн тул арваад мо хөх тариаг гишгэлэн үгүй хийв. Түүнээс Ван Чин нэгэн зэрэг тойрон үзсэн хойно дууч эхнэрийг үзсүгэй хэмээн дайсны зүг нүд орхин шинжвээс олон хүмүүний дунд нүд их царай өргөн мөр тавиу бэлхүүс нарийн нэгэн их эр ширээ түшин исэрт суух бөгөөд зургаан шоотой модон тэвшийг таван хэлхээ зоосны хамт ширээнээ өрсөн боловч түүн лүгээ наадах хүмүүн нэг ч үгүй тул Ван Чинь ийн санаруун: - Миний бие ялд унан заргад ороод арваад сар болтол энэхүү эдийг огт барьсангүй, урьд өдөр төлөө автугай хэмээн Фань ахын өгсөн хэсэгт мөнгө өвөрт байх тул үүгээр хөрөнгө хийж энэ гайхал лугаа хэдэн зэрэг шоо хаяж бага сага зоос хонжоод жимс боорцог авч идсүгэй хэмээгээд  өврөөс хэсэгт мөнгийг гаргаж ширээнээ хаяж тэр хүмүүний зүг өгүүлрүүн: - Хоёул зүг зүгээр нэгэн удаа мөрийцвөөс ямар хэмээсэнд тэр хүмүүн нүд цайвайлган Ван Чин-г ширтсэн хойно: - Наадах дуртай болбоос нааш ир” хэмээх үг дуусахын урьд хэдийн нэгэн хүмүүн олны дундуур шахалдан орж ирэв. Үзвээс төрсөн байдал нь ширээний хажууд суух их эр лүгээ төсөөтэй ажгуу. Тэр хүмүүн Ван Чин-ийн зүг өгүүлрүүн: - Авгай чи хэсэгт мөнгөөр мөрий тавьж болмуй юу?” Мөнгө юүгээ надад тушаагтун, би чамд сул мөнгө зээлэн өгсүгэй.

Чи хэрвээ хонжвоос нэгэн хэлхээнээс хорин зоосны хүү өгөгтүн” хэмээхүйд Ван Чин: - Ийн бөгөөс сайн болой хэмээгээд хэсэгт мөнгөө тушаагаад хоёр хэлхээ зоос зээлэхүйеэ тэр хүмүүн хэдийн хэлхээ бүрээс хорин зоос суулган авснаа Ван Чин үзээд: - Тэр ч яамай! хэмээгээд нөгөө хүмүүн лүгээ Жү Вэй Эл наадам наадахаар хэлэлцээд шоог авч хэдэн зэрэг орхитол нэгэн хүмүүн урагш чихэлдэн ирээд зоос гарган мөрийцсүгэй хэмээв. Ван Чин хэмээгч угаас Дүн Жян хотын удамт наадамчин болох тул шоо орхин онх дарж цагаарсны дээр гөр гарган заль хэрэглэх, худал хэлж хүмүүнийг мэхлэх зэрэгт гар татахгүй бөлгөө. Зоосыг хэлж өгсөн тэр хүмүүн чөлөөг үзэн өөр ширээнээ гулган очив. Чихэлдэн шургаж наадахаар ирсэн тэр хүмүүн ч Ван Чин-ийн шоо хаяхыг аймаар хэцүү хэмээн зоосоо авч тэр их эр лүгээ хоршин нийлэв. Ван Чин нэгэн амьсгаагаар хоёр хэлхээ зоос олоод хаях тутам санаагаар болж гурван улаан дөрвөн дөрөв дараа дараагаар ирэхүйд тэр их эр алдсан зоосоо эгүүлэн авсугай хэмээн хорсоод ясан шоог авч орхивоос бяцхан дөрөв гараас салахгүй тул дэмий нэгэн мөч болсонгүй таван хэлхээ зоосыг нь ховх шүүв. Ван Чин олсон зоосоо олсон утсаар хэлхэж хоёр хэлхээ салган аваад хадгалсан мөнгөө гаргаж авахаар хүлээж атал шүүгдсэн тэр хүмүүн зандан өгүүлрүүн: - Чи зоосыг аваад хааш одсугай хэмээмүй?” Гал зуухнаас сая гаргасан зоос гайхал чиний гарыг халаахаас эмээхгүй үү!” хэмээхүйд Ван Чин бас уурлаж: - Нэгэнт надад шүүгдсэн атал дэмий унгас алдаж яамуй? хэмээвээс тэр эр нүд дүгрэглэн хараан өгүүлрүүн: - Энэ муу нохойн гөлөг ямар аймшиггүй өвөг ааваа хараамуй! хэмээхүйеэ Ван Чин бас хараан өгүүлрүүн: - Биеэ мэдэхгүй бэлтрэг чи энэ эцгээ айж баймуй хэмээн санамуй уу? хэмээсэнд тэр эр нударга далайн Ван Чинийн орой уруу занчин илгээснээ Ван Чин хажуу тийш хэлбийсхийн зайлж тэр эрийн гараас шүүрэн авч баруун тохойгоороо цээжийг нь тулж баруун хөлөөр зүүн хөлийг нь нэгэнт гоходсонд тэр эр ар духаараа хөсрөө саван унав. Тойрон зогсоод үзэж байсан олон хүмүүн тэсгэлгүй инээлдэн үүсгэв. Тэр эр гар хөлөө сарвалзуулан боссугай хэмээтэл Ван Чин багалзуурдан дарж нударга эргүүлэн эрий хурийгүй занчихуйд, анхны зоос зээлүүлсэн тэр хүмүүн салгах ч үгүй өмөөрөх ч үгүйгээр ширээн дээрх зоосыг хураан аваачсанд Ван Чин их л уурлаж сулдайн хэвтэх их эрийг орхиод алхам тавин нэхэхээр эчтэл олны дотроос нэгэн авгай гарч итгээд их дуугаар зандан өгүүлрүүн: - Битгий ёсгүй аашил, би энд баймуй!” хэмээмүй. Ван Чин нүд тавин тэр авгайн төрсөн байдлыг үзвээс:  Хүйтэн харцнаас хөнөөх гал бадраад, хөмсгөн сэжүүрээс алах уур мандмуй. Бүдүүн нуруу тэнхлэг мэт, бүжиглэн нахилзах гоо авхайн дүрсгүй, нүүрийн арьс хуруу зузаан, нойтон оо шингэн энгэсгийг дагтартал түрхжээ. Этгээд сонин сүйх татуураар үст тэргүүнийг засаад эрин цагийн бөлзөг, бугуйвчаар хос гарыг чимжээ. Чулуун тээрмийг давхийтэл өргөөд чадал дорой залуу эрсийг үүр доог баримуй. Сэглэгэр модыг мулга татаад, сүүжний хүч ууцны чадлаа үргэлж бусдад гайхуулмуй. Зүү сүвлэж үйл оёх эхнэрийн эрдмийг төсөөлөхгүй, зэвсэг далайн нударга бүжиглэхийг бах цэнгэл болгожээ. Тэр авгай бараг хорин дөрөв таван настай, төдийд гадар дээлээ тайлж ороогоод хажуугийн ширээнээ бялуудаад биеийг барьсан ногоон ууж, өргөн шурхнагт хүрэн торгон өмдөөр урагш дэвхрэн ирж нударга өргөн Ван Чин-г занчихуйяа Ван Чин түүнийг эхнэр хүмүүн бөгөөд бас занчих нударга сэвтэй тул зоримгоор наадсугай хэмээн бушуу хаясангүй. Мөн хос нударгыг зангидан урагш магшин ороод тэр авгай лугаа барилдсугай хэмээв. Үзвээс: Хүзүү сунган хөсрөө магшиж, хөл хавсран хоосонд үсэрмүй. Бурхан багш зам удирдаж, богд лууз тогоруу хөлөглөмүй. Хүчирт мутар хүүдгийг чиглэж, хүнд нударга магнайг заамуй. Тоглоод орох нь мөрний луу мэт, тосоод магших нь хадны ирвэс адил. Цэцэн төрсөн залуу авгай цэцэг цацах эрдмээ улируулж, сэргэлэн заяасан баатар эр сүүж шүүрэх мэх юүгээ хэрэглэмүй.

Аясын салхийг дагаж хийсэх дэвүүр хэмээн гайхалтай, аадрын бороог угтаж зулгарах цэцэг хэмээн цочилтой. Төдийд дууч эхнэр нэгэнт тайзнаа гарч инээдэмт ший дуулж атал олон хүмүүн чанад этгээдэд эрэгтэй эмэгтэй хоёр хүмүүний мөчөөрхөн байлдахыг үзээд авааралдан ирж хоёр хүмүүнийг дундаа хааж үзэхүйеэ тэр авгай үзвээс Ван Чин ганц тосож халхлахаас бус дайран ороох эрдэм үгүй тул зэвийг үзэж хар барс зүрх сугалах магшилтаар нударга өргөн аюулхайг заан занчсанд Ван Чин хэлбэхийтэл зайлбаас тэр авгайн нударга хий тусаж, бие эргэж завдсангүй. Ван Чин тэр зэвийг гэнэдүүлэн нэгэнт хавсарсанд тэр авгай хөсрөө ойчив. Түүнийг хөсрөө ойчтол Ван Чин хэдийн гарын аяар өргөж босгов. Үүнийг эрээн барсын тэргүүн тэврэх эрдэм хэмээмүй. Ван Чин өгүүлрүүн: - Битгий хувцсаа бузарлагтун. Чи өөрөө эрснээс бус, би чамд халдсан бус хэмээсэнд тэр авгай огт ичингүйрэн уурлах байдал гаргасангүй, харин Ван Чин-г магтаж өгүүлрүүн: - Важагянь үнэхээр бөхийн эрдэмд шалгасан хүмүүн аж! хэмээтэл шоо орхиж зоосоо шүүгдсэн тэр хүмүүн жич ширээн дээрх зоосыг булаасан тэр хүмүүн олны дундуур шахалдан орж ирээд их дуугаар зандан өгүүлрүүн: - Энэ муу илжгэн шээс ямар их цөстэй хэмээн аймшиггүй охин дүүг унагамуй?” хэмээхүйд Ван Чин хараан өгүүлрүүн: - Наадаж шүүгдсэн Ванба-ийн зулзага хүмүүний зоосыг булаасан атал бас муу үгээр хараахыг үз! хэмээгээд урагш дэвхрэн эчиж нударга далайн занчсугай хэмээтэл нэгэн хүмүүн шургалан орж ирээд тэр гурвуулыг биеэр салган халхалж их дуугаар: - Ли Да Лан битгий ёс  бус аашлагтун! Дуань Эл Гэ, Дуань Ү Гэ та хоёул бас гар хөдлөх хэрэггүй. Цөм нэг газрын хүмүүн болох тул үг байваас эе эвтэй хэлэгтүн! хэмээсэнд Ван Чин үзвээс чив хэмээн Фань Чуань байсан ажгуу. Гурвуул хойш ухран занчилдахгүй болов. Фань Чуань яаран тэр авгайн зүг бие мэхийн: - Сань Нян-ийн амрыг асуусугай хэмээн ёсолсонд тэр авгай бас хариу амар асуугаад: - Энэ Ли Да Лан эрхин чамд садан болмуй уу? хэмээвээс Фань Чуань өгүүлрүүн: - Тэр болбоос миний бөл дүү болой хэмээв. Тэр авгай өгүүлрүүн: - Хөл нударгын эрдэмд үнэхээр цагаарсан хүмүүн ажгуу хэмээхүл Ван Чин бээр Фань Чуань-ий зүг өгүүлрүүн: - Энэ муу амьтан өөрөө наадаж шүүгдээд хоршооны хүмүүнээрээ миний зоосыг булаалгав хэмээхүйеэ Фань Чуань инээн өгүүлрүүн: - Энэ хэмээгч хоёр ахын наймаа болох тул чи ийн үйлдэж хэрхэн болмуй? хэмээсэнд Дуань Эл, Дуань Ү нүд шилжихгүйгээр охин дүүгийн зүг ширтэхүйд тэр авгай өгүүлрүүн: - Түр Фань Юань Жан-ын нүүрийг бодож түүн лүгээ хэрэлдэхээ байсугай. Тэр нэгэн хэсэгт мөнгийг авч ир! хэмээсэнд Дуань Ү бээр охин дүүгийн ийн ятгахын дээр огт харамчгүйг үзээд: - Би ч бас түүнд шүүгдэв хэмээн санаад анхны хэсэгт мөнгийг гарган охин дүү Сань Нян-д тушааваас Сань Нян тосож аваад Фань Чуань-ий зүг: - Уг мөнгө нь энд баймуй. Авч эчигтүн! хэмээн мөнгийг өгөөд Дуань Эл, Дуань Ү-ийн гараас татаж олны дундуур гарч эчихүйеэ Фань Чуань бас Ван Чин-ийн гараас чангааж улалжин гэртээ харив.

Фань Чуань бээр Ван Чин-г зэмлэн өгүүлрүүн: - Би эхийн нүүрийг бодоод тэргүүн унах аюулыг хэрэгсэхгүйгээр дүү чамайг энд үлдээсэн болой. Хожмын өдөр ялаас хэлтрүүлбээс дүү чамд амь зуух замыг олж өгсүгэй хэмээн санасан атал чи яахин ийн тавтиргүйгээр үйлдмүй! Тэр Дуань Эл, Дуань Ү хэмээгч их л харгис амьтан бөгөөд түүний охин дүү Дуань Сань Нян хэмээгч нэн зусар хэрцгий амьтан тул хүмүүн түүнийг “өлөгчин барс” хэмээн дуудах бөлгөө. Энэ амьтан шударга ардын үр ачийг хэдий олон үгүй хийснийг мэдэхүйеэ бэрх. Арван таван насандаа нэгэн хүмүүн лүгээ үс тэргүүнийг холбосон боловч тэр хүргэн нь ог мунхаг тул нэгэн жилийн нүүрийг үзсэнгүйгээр элдэв хоёроор хал үзүүлэн алав. Тэр бас өөрийн хүч тэнхээндээ эрэмшин ах Дуань Эл, Дуань Ү лүгээ нийлэн харгисаар явж бузар зоосыг хонжмуй. Ийнхүү ойр орчмын айл гацааны хүмүүн түүнээс үл эмээх нь үгүй болой. Тэр авгай удаа бүр дууч эхнэрийг урьж ацраад тухайлан хүмүүн хар цуглуулан зоос наадуулмуй. Тэр ширээ болбоос чив хэмээн хүмүүнийг урхидах урхи болох атал дүү чи юун хэмээн энд ирж хэл ам дэгдээн уршиг татах аж. Хэрвээ хэрэг задран хүнд сэрэгдвээс чи бид хоёулд тэнгэр тулам гай зовлон учирмуй хэмээсэнд Ван Чин тэргүүнээ дарж огт дуун гарсангүй.

Фань Чуань суусан орноос босож Ван Чин-ийн зүг өгүүлрүүн: - Би одоо жоу-ын яамнаа жасаалахаар одоод жич маргаадар дахин ирж үзсүгэй хэмээв. Фань Чуань-ий жасаалахаар Фаньжоу хотноо очсоныг түр өгүүлэхгүй. Жич өгүүлэх нь Ван Чин тэр өдөр гэртээ амарч нэгэн шөнө явдалгүй өнгөрөөд жич маргаадар босож нүүр гараа угааж адал  гэрийн ард орж ирээд: - Дуань Тай Гүн-ийн бие Да Лан чамайг үзэхээр ирэв хэмээсэнд, Ван Чин арга буюу угтахаар гарваас нүүр дүүрэн атираа суусан мөнгөн цагаан сахалтай нэгэн өвгөн байсан тул дотогш залж ёслон золгоод эзэн зочны ёсоор суулцсан хойно Дуань Тай Гүн нүдээ өргөн Ван Чин-г оройгоос аваад улд хүртэл нэгэн зэрэг шинжиж ийн өгүүлрүүн: - Үнэхээр бие бялдартай хүмүүн ажгуу! хэмээгээд Ван Чин-ийн уг нутаг, энд ирсэн учир жич Фань Юань Жан лугаа ямар садан болох, бэр гуйсан ба эсэх зэргийг лавлан асуусанд Ван Чин дотроо эргэлзэн сэжиглэж худлаар хааш яаш өчрүүн: - Өчүүхэн хүмүүн болбоос Си Жин хотын хүмүүн, эцэг эх бурхан болж авааль гэргий бие өнгөрөв. Фань Юань Жан болбоос миний бөл ах болмуй. Хэдэн жилийн өмнө Фань Юань Жан албан үйлээр Си Жин хотноо эчиж надад учраад өчүүхэн хүмүүнийг ганц бие, харгалзах хүмүүн үгүй хэмээн тухайлан энд авчирчээ. Өчүүхэн хүмүүн нударга шийдмийн эрдмийг бага сага төсөөлөх тул тохиол таарваас тус жоу-оос нэгэн алба олж хийсүгэй хэмээсэнд, Дуань Тай Гүн их л баярлаж Ван Чин-ийн нас жилийг лавлан асуугаад салж эчив. Дэмий удсангүй Ван Чин цэрэг хараахан гайхаж атал бас нэгэн хүмүүн үүдийг түлхэн орж ирээд: - Фань Юань Жан гэртээ баймуй уу? Ли Да Лан хэмээгч та мөн буюу? хэмээгээд хоёул нүүр нүүрээр харж: - Ямар газар уулзаж өнгөрөв хэмээн нэгэн зэрэг гайхсан хойно харилцан ёс хийж ам нээн хэлэлцсүгэй хэмээтэл Фань Чуань орж ирэв. Гурвуул суулцсан хойно Фань Чуань асууруун: - Ли багш ямар учраар энд ирэв? хэмээсэнд Ван Чин гэнэт сая сэхэсхийн: - Энэ хүмүүн болбоос чив хэмээн төлгө үзэгч Ли Жу мөн болой хэмээн санатал Ли Жу бас гэнэт санаанд орж ийн сэтгэрүүн: - Энэ хүмүүн болбоос урьд өдөр төлгө үзүүлсэн Дунжин хотын Ван овогт болой хэмээгээд даруй Фань Чуань-ий зүг өгүүлрүүн: - Өчүүхэн хүмүүнд Юань Жан лугаа явалцах завшаан ер таарсангүй. Эрхин танд Ли Да Лан хэмээх нэгэн төрлийн дүү баймуй уу? хэмээвээс Фань Чуань бээр Ван Чин-г зааж өгүүлрүүн: - Энэ хүмүүн болбоос миний дүү Ли Да Лан хэмээгч болой” хэмээхүйд Ван Чин түүний үгийг тосож аваад: - Өчүүхэн хүмүүний овог Ли, тэр Ван овог болбоос миний нагац эцгийн овог мөн болой хэмээвээс Ли Жу алга юугаа ташиж инээн өгүүлрүүн: - Өчүүхэн миний цээжилсэн нь ташаарсангүй болой. Би түүнийг Ван овогтой, Дунжин хотын Кай Фэн фүийн өмнө учирч өнгөрөв хэмээсэн бус уу” хэмээхүйд Ван Чин бээр нарийн учрыг нь хэлж гаргав хэмээн тэргүүн дарж дуугарсангүй. Ли Жу бас Ван Чин-ийн зүг өгүүлрүүн: - Би чам лугаа салснаас хойно Жин Нань хотноо эгж нэгэн эрдэмт багшид учраад сэлмийн эрдэм заалгасны дээр Зи Пинийн нууц увдисыг хичээн боловсорсон тул хүмүүн намайг “алтан сэлэмт багш” хэмээн дуудах болов. Орчмын өдөр Фанжоу хотноо ирж сонсохул энэ газрыг хөл үймээнтэй хэмээсэн тул тухайлан ундрах замыг эрэхээр ирсэнд Дуань овгийн ах дүү хоёул өчүүхэн хүмүүнийг сэлмийн эрдэмтэй хэмээн гэртээ үлдээж багш танив. Өнөөхөн Дуань Тай Гүн харьж ирээд эрхмийн нас жилийг төлгөдүүлбээс ийн сайн хувь ерөөл хаана байх аж. Хожмын өдрийн  баян эрхмийг өгүүлж баршгүй болой. Эдүгээ өлзийт одон ивээн гийгүүлэх тул баярын хэрэг тохиох буй за. Дуань Сань Нян эцэг Юань Тай Гүн лүгээ их л баярлаж эрхин Да Лан-г хүргэн болгож авсугай хэмээх тул өчүүхэн хүмүүн өлзий мөрт өдрийг сонгож тухайлан сарны өтгөс болохоор ирэв.

Сань Нянийн нас жил хий морь учирсан эрд маш сайн бөлгөө. Төлгө орхин бодож үзвээс гуулин гадура төмөр шүхэр мэт зохирсон эр эм хоёул болой. Ийнхүү явдлыг бүтээж хэдэн хундага баярын архийг уусугай хэмээмүй хэмээсэнд, Фань Чуань нэгэн зэрэг бодлого болж ийн санаруун: - Дуань овогт хэмээгч угаас зусар зальхай тул ургийн учрыг хүлээхгүй болбоос сэжиг авч живдрээ гаргаваас гүехэн бус зовлон тулгарах тул түүний аяыг үл дагаваас болохгүй хэмээгээд Ли Жу-ын зүг өгүүлрүүн: - Ийн бөгөөс Дуань Тай Гүн, Дуань Сань Нян-ийн сайн санаанд нийлүүлсүгэй. Ганц миний дүү төрөлхийн мунхаг тул шинэ хүргэн болж хэрхэн болмуй хэмээвээс Ли Жу өгүүлрүүн: - Аяа, эрхин Юань Жан ийн эрээлж яамуй. Ли Да Лан-г Сань Нян ам хамхихгүй магтаж баймуй” хэмээхүйд Фань Чуань өгүүлрүүн: - Ийн бөгөөс их л сайн, өчүүхэн хүмүүн толгой мэдсүгэй хэмээгээд өврөөсөө таван лан мөнгө гарган Ли Жу-д бариад : - Буйд бөглүү тосгонд төдийлөн ховор юм олдохгүй тул энэ өчүүхэн бэлгийг барьж нимгэн сэтгэлээ илтгэсүгэй. Хожим хэрэг бүтсэний хойно дахин хүндэд талархсугай хэмээхүйеэ Ли Жу өгүүлрүүн: - Ийн үйлдэж хэрхэн болмуй! хэмээвээс Фань Чуань өгүүлрүүн: - Аймшигтай хэрэг, ганц гуйх нь эрхин сяньшэн аливаа үйлийг сайхан бүтээгтүн. Түүнийг хоёр овогтой хэмээн битгий хэлэгтүн хэмээсэнд Ли Жу хэмээгч төлгөч хүмүүн тул мөнгийг олмогц өвчүү дүүрэн баярлаж Фань Чуань, Ван Чин-д харамж өгөн гарч ирээд Дуань Жя Жуан-д хариу мэдүүлж, юуны нэг овог хоёр овог, сайн хүмүүн муу амьтныг хэрэгсэх аж. Аргацан нийлүүлж архи дарсыг хууран ууж, мөнгө зоосыг мэхлэн авбаас барав хэмээн ганц сэтгэлээр хүчлэн аваачив.

Түүнчлэн Дуань Сань Нян өөсөө үзэж тоосон тул гэрийн хүмүүн хэн аймшиггүй дуугармуй. Хэдий Дуань Тай Гүн хэмээвч охины санаанаас зөрж болохгүй тул энэ хэргийг гаргаж хэлмэгц даруй бүтэв. Түүнээс Ли Жу хуримын барилгыг илүү зааваас сарны өтгөс арвин олз омогтой болмуй хэмээн хоёр этгээдэд зуучлан гүйхүйеэ Фань чюнь бэлэг зэлэг барьж хурим той хийвээс цуу чимээ гаран хэрэг үйл задрах болуузай хэмээн энэ бүхнийг бүр хасаж цөөчлөв. Дуань Тай Гүн хэмээгч мөн гар хатуу хүмүүн тул нэнд баярлан зөвшөөж өдөр үзүүлэн богтлохоор болоод мөн сарын хорин хоёрын өдөр өлзий мөртэй сайн өдөр болох тул хонь гахай алж загас мэлхий бариулж хэдэн ширээ засаад ойр төрлийн хөгшин залуусыг залж баярын архи уулгав. Бишгүүр үлээн хэнгэрэг дэлдэх, зул шатаан дэнлүү өлгөх мэтийн хурим найрын хуучин ёсыг цөм хасав. Фань Чуань бээр Ван Чин-г хүргэний ёсоор засаж хувцлаад Дуань Жя Жуан гацаанаа хүргэж эчсэн хойно албан яамнаа яаралт учир баймуй хэмээн урьд салж эчив. Ван Чин, Сань Нян хоёулын тэнгэрт мөргөх зэргийн үйлийг ч хааш яашаар хийж төгсгөв. Дуань Тай Гүн хойд ордноо хурим базааж төрөл садан тэргүүлэн  хоёр хөвүүн, шинэ хүргэн жич зууч Ли Жу нарын хориод хүмүүнийг урьж өдөр дуустал найрлан уулцаад бүрий тасарсан хойно сая ширээ тархахуйяа зам ойр төрөл садан нь тал хийж харив. Хүргэн нь Фань Хань эр эм хоёул, бөл дүү нь Чю Сянь эр эм хоёул Дуань Эл-ийн хүр дүү Ши Жюнь эр эм хоёул зам хол тул зүүн гэрт залж амруулав. Гурван эмэгтэй гийчин нь тархи дундуур овгүй улс болох тул дарсны ширээ дамнуулан Ван Чин, Сань Нянийн гэрт эчиж хи хи, ха ха хэмээн нэгэн зэрэг наргин уулцсан хойно тус тус тархаж одов. Хөхөл эх баярын гэрт ор дэвсгэр засаад шинэ бэр, шинэ хүргэнийг залж хэвтүүлсэн хойно зарц шивэгчин үүдийг нь цүүдээд биеэ мэдэж зайлан эчив.

Түүнээс олон охид бэрээд хараал ерөөл тавин чимхэлцэн хэдэглэж атал Дуань Эл гүйн орж ирээд: - Барав, барав! Таны зэргийн олон хүмүүн ямар зэргийн гай болсныг мэдэхгүй дэмий л инээлцэн хөхрөлдөж яамуй! хэмээсэнд, олон бэрээд их л цочиж ямар учир болов хэмээн гайхаж атал Дуань Эл их дуугаар бархиран өгүүлрүүн: - Охин дүү Сань Нян чи хурдан босогтун. Чиний орон дээр нэгэн түйтгэр одон баймуй! хэмээсэнд, Дуань Сань Нян чив хэмээн гал идэн дээрээ асан тул Дуань Эл-д уур хүрч ор ширээнээс ийн өчрүүн: - Шөнийн гүнд ямар хэрэг гарав хэмээн энэ мэт эрээн мяраан дуу гармуй” хэмээхүйд, Дуань Эл бас хашхиран өгүүлрүүн: - Хэргийн үзүүр хөмсөг шатах мэт бачим шахар болсон атал та бас үхэж амьдрахыг мэдэхгүй баймуй! хэмээсэнд Ван Чин угаас дотор бодлоготой байсан тул яаран гэргий юүгээ хувцлуулан босгож гэрээс гарч ирээд учрыг асуусугай хэмээвээс бэрээд охид хэдийн зүг зүгтээ сарниж эчив. Ван Чин-г үүд гартал Дуань Эл түүний гараас давхийтэл шүүрэн аваад өмнө танхимд чирэн аваачсанд Фань Чуань дуу алдан гашуудаж зуухан дээрх шоргоолж мэт нааш цааш эргэцэн сандармуй. Удсангүй Дуань Тай Гүн тэргүүлэн Дуань Ү, Дуань Сань Нян нар хойно хойноосоо хүрч ирэв. Ямар учир болов хэмээвээс Синь Ань сянь-ий Гүн Жя Жуан гацааны зүүн үзүүр дэх Хуан Да бие сувилан шарх эдгэрсэн хойно Ван Чин-ийн оргож эчсэн газрыг сураглан мэдээд өчигдөр шөнө Фанжоу фү-ийн түшмэлд эвхмэл өргөн заалдсанд түшмэл Жан Гү Син бээр тамгат бичиг үйлдэн яамны дүтоу-д хуяг цэрэг өгч ялт хүмүүн Ван Чин жич түүнийг нуусан хэрэгтэн Фань Чуань тэргүүлэн Дуань овогтныг бариулахаар илгээв.

Фань Чуань лугаа зузаан найр бүхий жоу-ын яамны шүүгч түшмэл Сюай Күн Му энэхүү чимээг сэмээр Фань Чуань-д хэлснээ Фан Чуань гэрийн хотлоорыг гээж Дуа Жя Жуан гацаанаа сэмээр оргож ирээд удахгүй албан цэрэг хүрч ирмүй. Хэн ч болов заргаас зайлж чадахгүй хэмээсэнд олон хүмүүн газар дэвсэн өвчүү дэлдэн гашуудаж хяргуй үзсэн болжмор мэт цочин гэлмэгдэж сүнсээ гартал эмээгээд Ван Чин-г хараан Сань Нян-г буруушааж хараахан бархиралцан үймэлцэж байтал зүүн гэрээс төлгө үзэх алтан сэлэмт багш Ли Жу гарч ирээд олон хүмүүний зүг ийн өгүүлрүүн: - Таны олон нүдэн өмнөх гай зовлонгоос мултарсугай хэмээвээс өчүүхэн хүмүүний нэгэн үгийг сонсогтун!” хэмээхүйд олон хүмүүн урагш давшиж  лавлан асууваас Ли Жу өгүүлрүүн: - Хэрэг нэгэнт ийн алхамд хүрсэн тул жаран хоёр аргаас зайлах нь дээд буй за! хэмээсэнд олон хүмүүн асууруун: - Ямар газар зайлмуй? хэмээхүл Ли Жу өгүүлрүүн: - Эндээс баруунш хорин газрын үзүүр Фан Шань хэмээх нэгэн уул баймуй! хэмээснээ олон хүмүүн өгүүлрүүн: - Тэр уул болбоос хулгай дээрмийн газар болой хэмээхүйеэ Ли Жу инээн өгүүлрүүн: - Таны олон ямар эргүү аж. Ийн алхамд хүрсэн атал бас сайн хүмүүн болохыг хүсмүй үү?” хэмээхүйд олон хүмүүн: - Чухам яаваас зохимуй? хэмээвээс Ли Жу өгүүлрүүн: - Фан Шань уулын цайзын эзэн Ляо Ли-г би угаас таних бөлгөө. Түүний гар доор тав зургаан зуун лүлү цэрэг байх тул хэдий албан цэрэг хэмээвч хураамжилж чадахгүй. Ийнхүү хэргийг алгуурлаж болохгүй. Мөн даруй нарийн чухаг эд эрдэнэсийн зүйлийг багцлан аваад хоршоо нийлэхээр эчвээс сая их зовлонгоос олж хэлтэрмүй хэмээсэнд Фан Хань нар хожмын өдөр төрөл төрснийг чирэгдүүлэх болуузай хэмээн татгалзахуйд Ван Чин, Сань Нян нар дахин дахин өдөөж байгаад энэ замд татан оруулав. Олон хүмүүн нарийн чухаг эд агуурсыг багцалж аваад гуч дөчин бамбар асаан мордов. Ван Чин, Сань Нян, Дуань Эл, Дуань Ү, Фан Хань, Чю Сян, Ши Жюнь, Ли Жу, Фань Чуань зэргийн есөн хүмүүн бие хуяглан тус тус охор илдийг сүүжиндээ суйрч, зэвсгийн тавиураас дам илдийг аваад эчих дуртай дөч тавин хүмүүнийг хуяглуулсан хойно Ван Чин, Ли Жу, Фан Чуань хошууч болж Фан Хань, Чю Сян, Ши Жюнь эмс хүүхдийг хамгаалан дунд оров.

Завшаанаа таван тэр эхнэр цөм нуруу бүдүүн хөл их тул эр хүмүүн мэт явгалан алхаж чадах аж. Дуань Сан Нян, Дуань Эл, Дуань Ү хайгуул болон хойно орж гэр хүрээнээ гал тавьсан хойно дуун гаран бархиралдсаар баруун зүгийг чиглэн мордсонд айл аймгийн улс угаас Дуань овогтныг барс мэт сүрхий хэмээн эмээхийн дээр энэ мэт алах уур мандуулан гацаанаас гарахын нягт учрыг бас мэдэхгүй тул үүд хаалгаа таг дараад нэг ч хүмүүн эмээж хориглосонгүй бөлгөө. Түүнээс Ван Чин нар гацаанаас гараад дөрөв тавхан газар явтал жоуын яамны дүтоу цэрэг дайчлан Хуан Да-г дагуулж хэрэгтнийг баривчлахаар ирэхүйд тохиолдоод Ван Чин илдийг өргөмөгц дүтоу-г хоёр анги болгов. Ли Жу, Сань Нян нар зэргээр гавшгайлан цэргийн ардыг алан сарниулав. Хуан Да бас Ван Чин-д алагдав. Ван Чин зэргийн нэгэн багийн хүмүүн Фан Шань уулын цайзын өмнө хүрэхүйеэ хэдийн таван жингийн үе болов. Ли Жу бээр урьд уулнаа гарч Ляо Ли-д гуйчлан айлтгасан хойно сая олон хүмүүнийг авч уулнаа гарсугай хэмээтэл уулан цайзын туршуулч ард уулан энгэрт бамбарын гэрэл дулалзахыг үзээд цайзын эзэнд мэдүүлснээ Ляо Ли бээр албан цэрэг ирэв хэмээн санаад угаас албан цэргийг чадалгүй хэмээн айлгаж сурсан тул яаран босож бие хуяглан лүлү цэргийг дайчлан уулнаас бууж байлдахаар ирэв.

Ван Чин уулан цайзнаа гал мандаж, удсангүй олон хүмүүн бууж ирэхийг үзээд цааз зарлан бэлтгэл хийв. Ляо Ли уулнаас бууж ирээд нягтлан үзвээс эмс хүүхэд зэргийн олон хүмүүн зогсох тул албан цэрэг бус хэмээснийг мэдээд жадаа хөндөлсөж зандан өгүүлрүүн: - Таны зэргийн  бүтэлгүй хүмүүс юуны учир миний цайзыг үймүүлэн барсын сүрд халдах аж! хэмээвээс Ли Жү Үрагш давшин бие мэхийж ёслоод: - Мунхаг дүү Ли Жу их ванд золгохоор ирэв хэмээгээд Ван Чин-ийн ялд орсон, гяндангийн захирлыг алсан ба албан цэргийг алж сарниулсан зэргийн учрыг зүй зүйгээр тоочин хэлсэнд Ван Чин-ийн энэ мэт баатар эрэмгийн дээр Дуань овогтны ах дүү тусалж байх тул хожмын өдөр намайг ганц бие хэмээн дарлах болуузай хэмээн санаад царай тавин Ли Жу-ын зүг өгүүлрүүн: - Миний энэ өчүүхэн цайз таны зэргийн олон хүмүүнийг хэрхэн багтааж чадмуй хэмээсэнд Ван Чин дотроо санаруун: - Уулан цайзад өөр түрүү хэмээн үгүй тул энэ хүмүүнийг тонилгосон цагт лүлү цэргийг юунд тоочмуй? хэмээгээд дам илдийг далайн Ляо Ли-ийн зүг цавчин орохуйд Ляо Ли их л хилэгнэн жад сунгаж угтан авснаа Дуань Сань Нян бээр Ван Чин-г гэнэдэх болуузай хэмээн илд эргүүлэн өмөглөхөөр ороод арваад удаа зөрөлдсөн хойно гурван хүмүүний нэг нь түсхийтэл өнхрөн унав. Энэ үнэхээр сав сааль зуухан дээр хэмхрэхүйеэ самуун хулгай зэр зэвсэгт үхмүй. Эгнэгт гурван хүмүүний дотроос хэн нь үхсэнийг мэдсүгэй хэмээвээс түр доод бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top