Сүн улсын Хүйтэн уулын бичиг | 105 дугаар бүлэг

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 03 сарын 28

Хятадын дөрвөн их сонгодог зохиолын нэгэн болох "Хүйтэн уулын бичиг" хэмээх 100 бүлэг зохиолыг Дундад эртний үеийн Хятадын алдарт бичгийн хүн Ши Най Ань түүхэн үйл явдалд тулгуурлан туурвижээ.

Зохиолын үйл явдал Хятадын Умард Сүн улсын үед өрнөх агаад адал явдал, зовлон зүдгүүр туулсан 108 баатар эр Ляньшань ууланд хувь заягаар учран цугларч, гадаадын дайсан ба дотоодын урвасан хулгай, зальхай ноёдын эсрэг тэмцэж буйг уран яруугаар харуулсан юм.

Зохиолын уг нэр "Усан хөвөөний шастир" бөгөөд монголчууд эртнээс "Хүйтэн уулын бичиг" хэмээн нэрийдсээр ирсэн билээ. Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.

  • Зохиогч: Ши Най Ань
  • Хөрвүүлэгч: Д.Уртнаст
  • Редактор: В.Уянга, Сьү-Шаа

СҮН ГҮН МИН ХАЛУУНААС ЗАЙЛАН ЦЭРЭГ МОРИЙГ ЭМНЭСЭН ЧЯО ДАО ЧИН САЛХИЙГ ЭГҮҮЛЭН СӨРГҮҮ ХУЛГАЙГ ГАЛДСАН

Өгүүлэх нь Ван Чин, Дуань Сань Нян нар Ляо Ли лугаа хойш урагш зөрөлдөж дэмий зургаа долоон удаа болсонгүй Ван Чин дашрамыг үзэж илд сунган Ляо Ли-г цавчиж мориноос унагасанд Дуань Сань Нян бас завдан хүрч нэгэнт жадлан түүний амийг нь дуусгав. Хөөрхий Ляо Ли хагас насаараа хүчирхэг хулгай болоод эдүгээ нэгэнт хаврын зүүд мэт болжээ. Төдийд Ван Чин илд далайн их дуугаар: - Эс дагах хүмүүнийг Ляо Ли-ийн дүрмээр аваачмуй! хэмээн зандарсанд олон лүлү бээр Ляо Ли-ийн алагдсаныг үзээд ямар аймшиггүй эсэргүүцэж чадах аж. Зэрэг зэргээр зэвсгийг хаяж мөргөн дагав. Ван Чин олныг авч өндөр уулнаа гараад цайзад ортол тэнгэр хэдийн гэгээ шарлаж дорно зүг гийжээ. Үзвээс энэхүү өндөр уулын дөрвөн этгээдэд цөм гэр байшин мэт хад чулуу ургасан тул уулын нэрийг Фан Шань хэмээж Фанжоу-ын харъяа болгожээ. Төдийд Ван Чин бээр өрх гэрийн өтөлсөн залуусыг тохруулсан хойно бага лүлү нарыг тэгшилж цайзын амуу хүнс алт мөнгө, эд эрдэнэс, торго дурдангийн зүйлийг данслан бүртгэж үхэр хонь алж олон лүлү нарт шан тавин архин ширээ засаж олон лугаа найрлан уулцаад Ван Чин-г цайзын эзэн болгосонд Ван Чин бээр цааз зарлан нэгэнтээгүүр цэргийн зэр зэвсэг үйлдүүлэн нөгөөтээгүүр хуяг цэргийг боловсруулан албан цэргийг угтан байлдахаар бэлтгэхийг түр өгүүлэхгүй.

Жич өгүүлэх нь Ван Чин-г барихаар ирсэн Фанжоу-ын дүтоу болон цэргийн ард Ван Чин нарт алагдаж зүг зүгтээ буруулан эчихүйеэ арай хэмээн амь гарсан албан ард тэргүүнээ тэврэн дутаасаар жоу-ын түшмэл Жан Гү Син-д ийн мэдүүлрүүн: - Ван Чин зэргийн хүчирхэг хулгай үйлийг урьдаар сэрж мэдсэн тул албан цэрэг лүгээ эсэргүүцэлдэж дүтоу жич чимээ хүргэсэн хүмүүн Хуан Да цөм алагдав. Сөргүү хулгай баруунш одов" Жан Гү Син их л цочиж жич өглөө цэрэг морийг бүртгэн үзвээс гучаад хуяг алагдаж дөчөөд хуяг шархаджээ. Жан Гү Син тус жоу-г батлан сахих цэргийн түшмэл лүгээ зөвдөн дахин албан цэрэг гаргаж нэхэмжлэн бариулахаар илгээвээс хулгайн хүч нэнд ихэдсэн тул албан цэрэг бас өдий төдий хохиров. Фан Шань уулын цэрэг морь өдөр өдөр нэмэгдэж, Ван Чин нар олон хулгайг дагуулж ойр орчмын айл гацааг үүр булаан дээрэмдэж хулгайн хүч улам ихэдсэнд Жан Гү Син бээр харъяа жоу сянь-ий газар албан бичиг довтолгож хязгаар газрыг сахин хамгаалж цэрэг морийг илгээн хүч хавсран хулгайг байлд хэмээн захиад, тус жоу-ын хязгаарыг сахих цэрэг морийг захирагч дүжянь түшмэл Ху Ю Вэй-г дуудаж хулгайг баривчлах үйлийг зөвлөв.

Ху Ю Вэй бээр цэргийн хүрээнд хуяг жанжныг тэгшилж өдөр сонгон цэрэг хөдөлгөж хулгайг арилгасугай хэмээн бэлтгэж атал гэнэт цэргийн дотор үймж түйвж хэрүүл цуугиан гарав. Үзвээс хуяг цэрэгт нэгэнт хоёр сар хүнс цалин түгээж өгсөнгүй учраа гэдэс хоосон хуягаар хүчирхэг хулгайг хэрхэн тулж болмуй? Жан Гү Син үүнийг сонсоод их л гэлмэж арга буюу нэгэн сарын цалин хүнсийг түгээн өгүүлсэнд эргийн ардын уур хилэн нэнд дэгджээ. Учир юун хэмээвээс, цалин хүнсийг захирсан түшмэл бээр энгийн цагт цэргийн ардад цалин хүнсийг өгөхгүй. Ганц хэрүүл зодоон хийсэн хойно сая өгсөн учраа цэргийн сэтгэлийг хориглохуйяа бэрх болжээ. Нэнд инээлтэй нэгэн учир хэмээвээс, энэ өдөр хэрэг уршиг дэгдсэн атал авлигач түшмэл бас урагш өдрийн мэт цэргийн ардын хүнс цалинг хяхан залгив. Цэргийн ард удаа бүр түүнд цалин хөлсөө залгигдаад хэдийн уураа гаргах газаргүй бухимдаж атал энэ өдөр бас хүнс цалинг сорсон тул олон цэргийн уур хилэн ус мэт буцалж нэгэн цугаар гар хөдлөн Ху Ю Вэй-г алав. Жан Гү Син бээр байдал муу болсныг үзээд яаран тамга шошгын зүйлийг авч бие буруулан зайлахуйяа хот дотор эзэнгүй болсон тул олон цэрэг хулгайн цэргийг дагаж ард иргэдийг хөнөөн гэр тэргийг галдав.

Хулгайн түрүү Ван Чин бээр хот дотор хувьсгал гарсныг үзээд завшааныг далимдуулан олон лүлү цэргийг дагуулж Фанжоу хотыг хаан байлдсанд хот доторх урвасан цэрэг жич зальхай ард гэдрэг хүчирхэг хулгайг дагаснаар Ван Чин-ийн хүч нэнд ихдэж Фанжоу-г байлдан эзлээд хулгайн үүр болгов. Жан Гү Син бас эцэстээ бие зайлж чадсангүй самуун цэрэгт алагджээ. Түүнээс Ван Чин бээр Фанжоу-ын яамны амуу хүнс алт мөнгөний зүйлийг хоосортол булаагаад Ли Жу, Дуань Эл, Дуань Ү нарыг тус тус томилон өндөр уул Фан Шаньжич газар газар цэрэг морь элсэх туг хиур босгон хуяг цэрэг элсэж амуу өвс хураамжил хэмээн илгээсэнд ойр орчмын айл гацаа цөм хүчирхэг хулгайд булаан дээрэмдэгдэв. Зүг зүгийн танхай ард, ял үйлдэн хэрэг гаргасан бүтэлгүй хүмүүн зэрэг зэргээр Ван Чин-г дагахаар ирэв. Тэр үед Гүн Дуань, Гүн Жэн ах дүү хоёул бас Хуан Да-д гүжрээр заалдагдаж адал гэр ашиг зоосоо бүрнээ сүйтгэсэн тул Ван Чин[1]ийн цэрэг морь элсэхийг сонсоод урагш ирж хоршоо нийлэв. Ойр орчмын жоу сянь бээр ганц хот балгасыг батлан сахихаас бус ямар аймшиггүй цэрэг үүсгэж хулгайг байлдахаар ирэх аж! Ийнхүү дэмий хоёр сар болсонгүй хүчирхэг хулгай хоёр түм илүү хүмүүнийг цуглуулж ойр хавийн Шан Жинь сянь, Жу Шань сянь, Юн Сян сянь зэрэг гурван сянь-ий хотыг байлдан эзэлснээ эл жоу сянь бээр эзэн төрд цас лавс мэт сэтгүүл довтолгон цэрэг үүсгэж хүчирхэг хулгайг арилган өгмү хэмээн айлтгав. Тэр үед их Сүн улсын албан цэрэг олонх нь амуу хүнс дутагдаж удаан өдөр зэр зэвсэг барьсангүй тул цэрэг нь жанжнаас эмээхгүй, жанжин харъяа хуягаа танихгүй болсон цаг асан бөлгөө.

Тийнхүү хулгайн чимээг сонсмогц адбиш сүр хүчтэй хэмээн түрхтэл хэлэлцэж хуяг цэргийн сэтгэлийг зэвүүн болгоод, зуун цөсийг хэмхлэв. Хэдий жагсаал жагсан хулгай лугаа байлдавч жанжин цэрэг үхээнц дорой, цэргийн ард зориг буурай учраа Ван Чин зэргийн олон хулгайн амь тавин үхэхвэр байлдахыг хэрхэн тулж болмуй. Барааг үзмэгц албан цэрэг амь зулбан буруулах тул Ван Чин-ийн сүр нэнд бадарч энэ фэн фү-ийн газрыг байлдан эзлэв. Сүүлээр, эзэн хот Дунжин-ээс цэрэг морь томилсон боловч Цай Жин, Түн Гуань, Ян Жянь, Гао Чю зэргийн зальхай түшмэл цөм хээл хахууль залгисан тул цэрэг жанжны үхээнц буурайг хэрхэн хамаарах аж! Тэдгээр цэрэг морийг захирах жанжин түшмэл эрх мэдлийг олмогц санаан дураар цэрэг морины цалин хүнсийг залгиж сайн ардыг алж гавъяа болгон бачлан айлтгах бөгөөд бас хуяг цэргийг дураар нь тавьж булаан дээрэмдүүлсэн учраа ард иргэд арга буюу хулгай болон үйлдсэнд хулгайн хүч нэнд ихдэж өмнө зүг байлдан оров. Ли Жу болбоос Жин Нань газрын хүмүүн тул арга өргөж өөрөө заяа бодогчоор хувцаслаад Жин Нань хотод орж зальхай ард зусар иргэн лүгээ нууцаар зөвдөн дотор гаднаас хүч хамжин Жин Нань хотыг байлдан олсонд Ван Чин их л баярлаж өөрийн биеэ "чү ван хэмээн өргөмжилж Ли Жу-г цэргийн жюньши болгосноо мөрөн тэнгисийн дээрэм, өндөр уулын хулгай сүрэг сүргээр ирж Ван Чин-г дагасанд гурав дөрвөн жилийн дотор их Сүн улсын зургаан жюнь жоу-ын газрыг эзлэв. Төдийд Ван Чин бээр Фэн Нань хотод хаан ордон цогцлуулж дотоод харш байгуулаад улсын нэр он сарыг халав. Бас Сүн улсыг дуурайн бичиг цэргийн түшмэл, дотоод үйлийн сайд, цэрэг морийг захирах жанжин өргөмжилж, Ли Жу-г цэргийн жюньши дү чэнсян өргөмжлөн, Фан Хань-ийг дотоод цэргийн яамны шүми түшмэл, Дуань Эл-ийг улс гүрнийг хамгаалж цэрэг морийг захирах их жанжин, Дуань Ү-г улс гэрт тусалж цэрэг морийг хавсран захирах дү жянь түшмэл, Фань Чуань-ийг дяньшуай жанжин, Гүн Дуань-ийг ухуулан тохруулах сюань ү ши түшмэл, Гүн Жэн-г тухайлан орлого зарлага эд ашгийг хамаарч цэрэг морины амуу хүнсийг захирах жуань юнь ши түшмэл хэмээн тус тус өргөмжилж Чю Сян-г эзний шадар үйлчлэх юй ин ши түшмэл хэмээж, Дуань овогтын охин Дуань Сань Нин-г хааны хатан хэмээн өргөмжлөв. Ван Чин бээр их Сүн улсын Сюань Хэ-ийн тэргүүн оноос Сюань Хэ-ийн тавдугаар оны хавар болтол нийт найман жюнь жоу-ын газрыг эзлэв.

Тэр үед Сүн Жян зэргийн олон жанжин түв хэмээн Хэбэйн Тянь Ху-г дийлж Ху Гуань боомтыг байлдаж байсан хооронд Ван Чин бас Юнь Ань жюнь жич Ваньжоу-г байлдан олов. Аль найман жюнь жоу-ын газар хэмээвээс: Нань Фэн Жин Нань Шань Нань Юнь Ань Ань Дэ Дүн Чуань Ваньжоу Си Жин Энэхүү найман жюнь жоу-ын харъяа сянь нийт наян зургаа байхуй бөлгөө. Ван Чин бээр Юнь Ань жоу-ын газар орд харш цогцолж Ши жюнь[1]ийг сахих түшмэл болгож Юнь Ань жюнь-ий газрыг сахиулав. Анханд, Ван Чин бээр Лю Мин нарыг явуулан Ваньжоу-г байлдуулахад, энэ Ваньжоу болбоос Дунжин-ээс ойролцоо тул Цай Жин зэргийн хүмүүн эзэн хаанаас нуухын аргагүй болж сая Дао Жюнь хаанд айлтган мэдүүлэв. Эзэн хаан зарлиг буулган Цай Ю, Түн Гуань нарыг цэрэг үүсгэн Ваньжоу-г өмөглөж Ван Чин-г арилга хэмээв. Тэр үед Цай Ю, Түн Гуань нарын харъяа цэрэг цааз захиа тодорхой үгүйн дээр Түн Гуань, Цай Ю нар албан цэргийг харгислан дарласны учраа цэргийн сэтгэл цалгайрч Лю Минь-д хүч дарагдаж их л дийлэгдэн Ваньжоу-г алдаад эзэн нийслэл түгшүүртэй болов. Цай Ю Түн Гуань нар ялаасаа эмээж ганц эзэн хаанаас нуун далдалмуй. Хулгайн жанжин Лю Минь, Лү Чэн нар Цай Ю, Түн Гуань-ийг дийлсэн хүчиндээ цэрэг урагшилж Лүжоу, Сянжоу-г бүслэв. Тэр үед түв хэмээн Сүн Жян зэргийн олон жанжин Хэбэй газрыг төвшитгөн дийлсэн цэргийг авч эзэн хааны зарлигийг хүлээн Хуай Си-ийн хулгайг байлдахаар мордохоор бэлтгэж асан цаг ажгуу. Төдийд Сүн Жян нар хөлийн чилээ гаргаж хүлгийн нуруу амрааж завдалгүйгээр хорин түмэн их цэргийг авч өмнөш цэрэг ороод хатан голыг сая гаталтал цэргийн үйлийг захирах яамнаас бас Чэнь Ань Фү, Сүн Жян нарыг түргэн Лүжоу, Сянжоу-г өмөглөгтүн хэмээн шаардах тул Сүн Жян нар халуун наранд хүлэг морийг ташуурдан довтолсоор зам дагасан зуун овогтонд хуруун төдий халдсангүйгээр Су сянь, Сэшуй усыг дагаж өмнөш ороод Ян Жай жоу-ын хязгаараа хүрснээ хулгайн хоршоогоор их цэрэг хүрч ирснийг сонсоод Лүжоу, Сянжоу-г хаасан цэргээ татав.

Тэр үед түв хэмээн Жан Чин, Чюн Ин, Е Чин нар Тянь Ху-г алж эзэн хааны өршөөлийг хүртэн Сүн Жян-д туслан Хуай Си-ийн хулгай Ван Чин-г арилга хэмээх хааны зарлигийг хүлээсэн цаг асан ажгуу. Төдийд Жан Чин нар эзэн хотоос салж Ин Чан жоу-ын газар ирж хагас сар болохуйяа Сүн Жян-ын их цэрэг бас хүрч ирсэнд гурван хүмүүн цэргийн өмнө гарч угтан золгоод эзэн хаан өршөөл хүртээн өргөмжлөн дэвшүүлсэн үйлийг зүй зүйгээр нарийвчлан тоочихуйяа Сүн Жян зэргийн олон жанжин шүтэн сүсэглэж зогсохгүй нэгэн зэрэг магтаад Жан Чин зэргийн гурван жанжныг цэргийн өмнө хэрэглэхийг хүлээ хэмээн зарлав. Түүнээс Сүн Жян бээр Чэнь Ань Фү, Хоу Мэн, Ло Жянь зэргийн төрийн түшмэлийг Ян Жай Чэн хотноо оруулан суулгаад өөрийн биеэр их цэргийг авч хотон гадна хүрээ буудаллан, мод шугуй ягч ургасан сүүдэр газар цацар майхан цогцолж наршихаас сэргийл хэмээн зарлиг уламжлав. Хуяг цэрэг халуун наранд хол зам хөөж бие зүдэрч наршсан нь маш олон тул амь оточ Ань Даочуань-ийг дуудаж эм дом найруулан олон цэргийг эмнэн засагтун хэмээгээд бас сэрүүн газрыг эрэн горхи саравч бариулж цэргийн агтыг тэжээлгээд хүлэг унааны дэл сүүлийг хяргаж халуунаас сэргийлэх эм найруулан эмнэн застугай хэмээн Хуан Фү Дуань-д зарлиг буулгав. Тэр үед цэргийн багш Ү Юн бээр Сүн Жян-ын зүг өгүүлрүүн: - Их цэргийн хүрээг шугуйн дотор буудалласан тул хулгай гал тавих болуузай хэмээсэнд, Сүн Жян өгүүлрүүн: - Түв хэмээн гал тавихыг хүлээмүй хэмээгээд цэргийн ардад цааз зарлан уулын хярын ой мод элбэг ургасан сүүдэр газар өвс хулсаар пэн бариулав. Төдийд Хэбэй газрын дагасан жанжин Чяо Дао Чин бээр Сүн Жян-ын санааг мэдээд урагш давшин ийн айлтгаруун: - Чяо Дао Чин би Сянь фэн-ийн зузаан хишигт хүртсэн тул эдүгээ дуртайяа өөрийн нимгэн эрдмээ өргөсүгэй хэмээсэнд, Сүн Жянихэд баярлаж түүнд нууц арга сургаж уулан хярын улалжин пэнд илгээв. Бас гурван түмэн чийрэг цэргийг сонгож Жан Чин, Чюн Ин хоёулд нэг түмэн цэрэг өгөөд зүүн уулын хормойд бүгүүлэв.

Сүнь Ань, Бянь Сян хоёулд нэг түмэн цэрэг өгч баруун уулын хормойд бүгүүлээд, дундад цэрэгт тэмдэг буу дуугарахыг сонсмогц нэгэн хамтаар хулгайг байлд хэмээгээд амуу хүнсийг бүрнээ уулан өмнө хормойд хуваалгаж, Ли Ин, Чай Жинь хоёрт таван мянган цэрэг өгч сахиулав. Сүн Жян жанжин цэрэгт тус тус цааз зарлаж барснаа гэнэт Гүн Сүньшэн урагш ирж ийн өгүүлрүүн: - Мэргэн ахын арга хэдий гайхалтай хэмээвч цэрэг морь халуун наранд хол зам хөөж их л зүдэрсэн тул хулгай хэрвээ гавшгай цэргийг авч шувтлан байлдваас бидний цэрэг хэдий арван хувь олон боловч эрхгүй дийлэн чадахгүй. Ийнхүү ядуу бумба өчүүхэн увдисыг үүсгэн олон цэргийн ядрал зүдрэлийг тайлан, хуяг жанжныг сэрүүцүүлбээс эрхгүй аяндаа хүч чийрэг болмуй хэмээгээд ард үүрсэн эрдэнийн сэлмийг суга татан авч хөлөөр ган одыг гишгэн, зүүн гараар аянга цахилгааныг далбааг сажлан, баруун гарын эрдэнийн сэлмээр даллаж нүд анин аман тарни уншин пү хэмээн үлээсэнд удсангүй өндөр уулын үүл хаднаас сэрүүн салхи сэр сэр үлээж, бараан үүл огторгуйг бүрхэж үүлэн толгой Фан Чэн Шань уулан дээгүүр хөвөлзөхүйеэ, хорин түмэн их цэрэг сэрүүн жаварт үлээгдэж ариун амьсгалд илбэгдэв. Өндөр уулын өөр этгээдэд халуун нарны илч бас ч хад төмрийг хайлуулах мэт цоргиж голио царцаахай ягч өвсөнд шургаж жигүүртэн шувуухай мөр сүүдрээ баллажээ. Төдийд Сүн Жян зэргийн олон жанжин их л баярлаж Гүн Сүньшэн-ийн хувилгаан эрдмийг гайхан магтаж баршгүй. Ань Даочуань жанжин цэргийг эмнэн, Хуан Фү Дуань хүлэг морийг додомдох тул зургаа долоон өдөр болсноо жанжин цэргийн өвчин эмгэг арилж хүлэг морьд хүч тэнхээ орохыг түр өгүүлэхгүй.

Жич өгүүлэх нь, Ваньжоу хотыг сахисан жанжин Лю Минь болбоос аюулхай цээжнээ арга бодлого үлэмж хүмүүн тул хулгайчууд түүнийг аргын уут "Лю Хи Бо хэмээн дуудах ажгуу. Төдийд Лю Минь бээр Сүн улсын цэрэг морь гүн уул ягч шугуйд хүрээ буудаллан сэрүүцэж баймуй хэмээн олж сонсоод ийн өгүүлрүүн: - Сүн Жян зэргийн олон хүмүүн болбоос эгнэгт өмхий шалбаагийн хулгай тул цэргийн ёсыг үл төсөөлмүй. Ийнхүү их үйлийг бүтээж чадахгүй бөлгөө. Олдой хүмүүн би бага аргыг хэрэглэж түүний хорин түмэн их цэргийг үнсэн товрог болгосугай хэмээгээд цааз зарлан таван мянган шилдэг цэргийг шилэн гаргаж хувь хувьдаа галт сум, галт буу, галт бамбар бэлтгэ хэмээгээд бас хоёр мянган байлдааны тэрэг авчруулж түүний дээр хуурай өвс, хүхэр дарийн зүйлийг дүүртэл тээлгээд, дөрвөн хүмүүнээр нэг тэргийг түлхүүлжээ. Тэр үед түв хэмээн долоон сарын дунд болсон тул Лю Минь бээр Лү Чэн, Жэн Же, Коу Мэн, Гү Чэнь зэрэг жигүүрийн дөрвөн жанжныг дагуулж, нэг түмэн гавшгай цэрэгт хөнгөн хуяг өмсүүлж хүлэг морины хүзүүн дэх хонхыг авуулан хойноос өмөглөн байлдмуй хэмээгээд, Хань Жэ, Бань Зэ зэрэг жигүүрийн жанжныг үлдээж хотыг сахиулав. Төдийд өдрийн наран баруунаа ташиж, Лю Минь бээр цэрэг морийг авч хотоос гарахуйяа чив хэмээн өмнөөс салхилах тул Лю Минь их л баярлан: - Сүн Жян зэрэг олон хулгайн мөхөх цаг тулав! хэмээгээд цэрэг морийг шаардан явсаар гуравдугаар жингийн үед сая Фан Чэн Шань уулаас хоёр гурван газар зайтай болж ирэхүйеэ гэнэт уулан хавцалд хүдэн манан татжээ. Лю Минь их л баярлан: - Эцэг тэнгэр Лю Минь надад туслах нь болой хэмээгээд цэргийн ардыг зандан хэнгэрэг харанга дэлдүүлэн сүр мандуулж таван мянган гавшгай цэрэгт захиа уламжлан галт сум, галт бууг зузаан мод ягч шугуй зүг харвагтун хэмээгээд жигүүрийн жанжин Коу Мэн, Би Шэн, Зүй Зань нарт захиа уламжлан цэргийн ардын зүтгэсэн байлдааны тэрэгт гал ноцоож амуу өвс хураасан уулан хормой зүг алан орогтун хэмээв. Олон хүмүүн захиаг хүлээн алан орсонд өмнөх цэргийн ард гэнэт: - Барав! Барав! хэмээн бархиралцан үүсгэв. Үзвээс, юутай гайхалтай аж. Өмнийн салхи гэнэт хувилж хойноос салхилжээ! Төдийд уулан дээр гэнэт аянга дуугарах мэт дуу гарснаа Чяо Дао Чин увдис үүсгэн салхийг эгүүлэн хойноос салхилуулсанд галт сум, галт буу, галт бамбар гэдэргэн түм мянган галт могойн хэл гурвалзах мэт хулгайн цэргийн зүг дүрэлзэн ирэхүйеэ хулгайн цэрэг дутаан зайлж завдахгүй болж хуяг дуулганд гал авалцан хоромхон зуур үнсэн товрог болов. Тэр үед Сүн улсын цэргийн ард дөрвөн бадаг шүлэг зохиож Лю Минь-ийг элэглэсэн нь: Цэргийн үйлийг огоот төсөөлөхүйеэ бэрх Чивэлт хулгай эгнэгт талаар боджээ. Гал тавин өөрийн цэргээ шатаасан Гайхал Лю Хи Бо бодлого юутай мунхаг! Төдийд Сүн Жян бээр Лин Жэнь-ээр тэмдэг буу тавиулсанд тэр буу өндөр огторгуйд нүрчигнэн дуугарав. Зүүн этгээд Жан Чин, Чюн Ин хоёул, баруун этгээдээс Сүнь Ань, Бянь Сян нар тус тус цэрэг авч алан ирснээ хулгайн цэрэг их л дийлэгдэж, Сүнь Ань сэлэм далайн Лү Чэн-г цавчиж хэдийн хоёр анги болгов. Чюн Ин бас чулуун мөхлөгөөр занчиж Жэн Же-г мориноос цохин унагасанд Жан Чин жадлан алжээ. Бянь Сян жадаар Гү Чэнь-ийг жадлан алж, Коу Мэн бас самуун цэрэгт үхжээ. Хулгайн хоёр түм гурван мянган цэргийн их хагас нь галд шатаагдан үхэж хоёр мянган байлдааны тэрэг шатаж дуусаад үлдсэн цэргийн ард зүг зүг буруулж эчив. Хулгайн жанжин Лю Минь гурав дөрвөн зуун дийлэгдсэн цэргийг дагуулан морь ташуурдан буруулж Ваньжоу хотод оров.

Сүн Жян нэг тэвэр өвсөө шатаасангүй, нэг цэргийг сүйтгэсэнгүйгээр хулгайг дийлээд байлдааны агт, зэр зэвсэг хуяг дуулганы зүйлийг маш олон олжээ. Төдийд Жан Чин, Сүнь Ань нар дийлсэн цэргийг авч цацрын өмнө ирж гавъяагаа мэдүүлэхээр ирж, Сүнь Ань бээр Лү Чэнь-ийн тэргүүнийг өргөв. Жан Чин, Чюн Ин хоёул Жэн Же-ийн толгойг өргөв. Бянь Сян бас Гү Чэнь-ий тэргүүнийг өргөв. Сүн Жяних л баярлан зам замын цэрэгт шан түгээгээд Чяо Дао Чин-д тэргүүн гавъяа тэмдэглэн өгч, дараагаар Жан Чин, Чюн Ин, Сүнь Ань, Бянь Сян нарын гавъяаг нэг нэгээр сийрүүлэн бичүүлэв. Төдийд цэргийн багш Ү Юн өгүүлрүүн: - Эрхин ах гайхалтай арга гаргаж хулгайн цөсийг хэмхэлсэн боловч Ваньжоу хот хэмээгч уулыг түшин усыг өшиглөж, газар нутаг элбэг баялаг бөгөөд усан хуурайгаар цөм байлдаж болох тул хулгай хэрвээ жанжин цэргийг нэмж хүнд цэргээр хотыг бэхэлбээс байлдан олоход бэрх болмуй. Эдүгээ намрын салхи сэрчигнэж, хас шүүдэр буугаад уур амьсгал сэрүүн болсноо цэргийн ард хүч дорвитой, агт хүлэг тарга сайтай болжээ. Ийнхүү хулгайг дийлсэн тохиолд нийлүүлэн хот доторх буурай цэргийг үтэр түргэн байлдуулбаас эрхгүй хотыг олж болмуй. Бас нэгэн учир хэмээвээс цэрэг морийг хувааж хотын өмнө хойнод буулган хулгайн өмөглөх цэрэг ирж шувтлан байлдахыг сэргийлбээс зохимуй хэмээсэнд Сүн Жян бээр цэргийн багшийн үг маш зохимжтой хэмээгээд Гуань Шэн, Чинь Мин, Ян Хи, Хуан Синь, Сүнь Ли, Сюань Зан, Хао Сывэнь, Чэнь Да, Ян Чүнь, Жоутун нарыг дуудан гурван түмэн цэрэг авч хотын зүүн этгээдэд хүрээ буугаад өмнөөс өмөглөх цэрэг ирэхийг сэргийл хэмээн захиад Линь Чүн, Хү Яньжуо, Дүн Пин, Со Чао, Хань Тао, Пэн Чи, Шань Тингүй, Вэй Дингуо, Оу Пэн, Дэн Фэй нарыг дуудан гурван түмэн цэрэг авч хотын баруун этгээдэд цацар майхан цогцлон хойноос ирэх өмөглөх цэргийг угтан байлд хэмээн тус тус цааз зарласанд олон жанжин за хэмээн захиаг хүлээн цэрэг морио авч эчив. Төдийд Хэбэй газрын дагасан жанжин Сүнь Ань зэргийн арван долоон хүмүүн зэргээр айлтгаруун: - Эрхин Сянь фэн-ийн үлдээн хураамжилсан хишигт шүтэж бид дуртайяа өмнөд байлдаж хотыг олоод гүн ачийг хариулсугай хэмээсэнд Сүн Жян үгийг зөвшөөн Жан Чин, Чюн Ин хоёулаар арван долоон жанжныг захируулж таван түмэн цэрэг өгч хошууч болгон илгээв. Аль арван долоон жанжин болов хэмээвээс: Сүнь Ань, Ма Лин, Бянь Сян, Шань Ши Чи, Тан Бинь, Вэнь Жүн Рүн, Цүй Е, Жинь Дин, Хуан Юай, Мэй Юй, Жинь Жэнь, Би Шэн, Фань Сюнь, Ян Фан, Фэн Шэн, Ху Би, Е Чин Төдийд Жан Чин захиаг хүлээн арван долоон жигүүрийн жанжныг авч цэрэг морийг хөдөлгөн Ваньжоу хотын зүг чиглэн эчив. Түүнээс Сүн Жян жич Лү Жюнь И, Ү Юн нар үлдсэн олон жанжин ба их цэргийг авч, цацар майхныг эвхэн Фан Чэн Шань уулнаас салаад өмнөш мордож Ваньжоу хотоос арван газрын үзүүр ирж хүрээ буугаад Ли Юнь, Тан Лун, Тао Зүнван нарыг дуудан хотыг эвдэх үүлэн шат үнст буу зэргийн юмыг шалавдан үйлдэж Жан Чин нарын хэрэглэхэд бэлтгэ хэмээн захиа уламжлав.

Жан Чин зэргийн олон жанжин цэрэг морийг авч Ваньжоу хотыг салхи жавар нэвтрэхгүй болтол бүслэн хаав. Төдийд хотыг сахисан жанжин Лю Минь урагш шөнө Сүн Жян-ын аргад унаж амь зугтан Ваньжоу хотод буруулан ирээд нэгэнтээгүүр элч илгээж Нань Фэн хотод суух Ван Чин-д түгшүүрийг айлтган нөгөөтээгүүр ойр орчмын жоу сянь-д албан бичиг довтолгон өмөглөх цэрэг гуйж хараахан хот дотор сууж атал Сүн Жян хотыг бүсэлсэн тул Лю Минь захиа уламжлан хотоо бэхлэн сахиад өмөглөх цэрэг ирсэн хойно сая угтан байлдсугай хэмээв. Түүнээс Сүн Жян зургаа долоон өдөр хотыг байлдавч хотын хэрэм бат бэх бөгөөд бэхлэн сахих нь маш чанга тул дотор их л зовниж атал Ваньжоу-оос умар Линь Роу жоу-г бэхлэн сахисан хулгайн жанжин Жан Шоу хоёр түмэн цэрэг дагуулан өмөглөн байлдахаар ирсэнд Линь Чүн харъяа жанжин цэргийг авч угтан байлдаад гол жанжин Жан Шоу-г нь жадлан унагасанд жигүүрийн жанжин жич олон цэрэг цөм зүг зүгтээ сарнин дутаав. Мөн өдөр Ваньжоу-ын өмнөд Ань Чан, И Ян хоёр сянь-аас туслах цэрэг хүрч ирэхүйеэ Гуань Шэн тосож аваад хулгайн цэргийг их л дийлж жанжин Бай Рэнь, Жан И-г баривчилж Сүн Жян-ын цацрын доор хүргэж шийтгүүлэв. Хоёр замын цэрэг хулгайн цэргийг маш олон алжээ. Төдийд Ли Юнь нар бас хотыг эвдэх багаж хэрэгслийг үйлдэж дууссанд Сүнь Ань, Ма Лин хоёул хүч хамтран цэргийн ардаар хотын дөрвөн хэрмийн угаар шороо чулуу овоолуулж хаасан цэргийг урагш дэвшүүлэв. Бас чийрэг гавшгай цэргийг сонгож нисэх гүүр эргүүлэг тэргээр унуул гуу усан сувгийг даваад хотын хэрэмд авиран гарч зэрэг зэргээр гар хөдлөн Ваньжоу хотыг байлдан эзлээд хот сахисан жанжин Лю Мин-г амьдаар барьж, хорин хэдэн жигүүрийн жанжныг алж таван мянгаад цэргийн ардыг алан сарниулсанд дагасан хүмүүн түм илүү болжээ. Сүн Жяних цэргийг авч хотод ороод хулгайн жанжин Лю Минь-ий тэргүүнийг цавчин цээрлэл үзүүлээд зар тунхаг наан зуун овогтныг илбэн тохруулж, Гуань Шэн, Линь Чүн, Жан Чин, Сүнь Ань нарын гавъяаг илэрхийлэн бичүүлээд Ян Жай жоу-д элч илгээн Чэнь Ань Фү-д баяр сонсгоод түүнийг Ваньжоу хотод ирж сууму хэмээн залуулсанд Чэнь Ань Фү их л баярлан зөвлөлийн түшмэл Хоу Мэн, заан сургагч түшмэл Ло Жянь нарын хамт Ваньжоу хотын зүг ирэхүйеэ Сүн Жян зэргийн олон жанжин хотоос гарч угтсанд Чэнь Ань Фү бээр Сүн Жян-ын байгуулсан гавъяаг магтан сайшаахыг түр өгүүлэхгүй.

Түүнээс Сүн Жян цэргийн үйлийг шийтгэн Ваньжоу хотод сууж арваад өдөр болов. Тэр үед чив хэмээн найман сарын эх болж уур амьсгал сэрүүн болжээ. Нэгэн өдөр Сүн Жян бээр Ү Юн-ийн зүг зөвлөж өгүүлрүүн: - Эдүгээ ямар хотыг байлдан авбаас болмуй? хэмээсэнд, Ү Юн өгүүлрүүн: - Үүнээс өмнөш гарваас Шань Нань жюнь-ий харъяа газар болох бөлгөө. Энэхүү Шань Нань жюнь болбоос өмнөд Хунань Хэбэйд тулж умарш Гуань Жүн, Ло Шүй газарт нийлэх тул Чу Шу газрын хоолой мэт чухал газар болох бөлгөө. Ийнхүү урьдаар энэ газрыг байлдаж хулгайн хүчийг тасалбаас зохином хэмээв. Сүн Жян өгүүлрүүн: - Цэргийн багшийн үзэл түв хэмээн миний санаанд нийлэв хэмээгээд Хуа Рүн, Линь Чүн, Сюань Зан, Хао Сывэнь, Люй Фан, Гуо Шэн нарыг дуудан Чэнь Ань Фү-д тусалж таван түмэн цэрэг авч Ваньжоу хоты батлан сахь хэмээв. Чэнь Ань Фү бас хувилгаан бичээч Сяо Ран-г биеийн шадар үлдээн усан цэргийн түрүү Ли Жюнь зэргийн найман хүмүүнд захиа уламжлан харъяа цэрэг жанжин жич онгоц салыг багцлан Ли Шүй уснаас өмнөш мордон Шань Нань Чэн хотын умард этгээдийн Хань Жюн мөрөнд цугларч их цэргийн эчихийг хүлээ хэмээн зарлиг уламжлав. Сүн Жяних цэргийг гурван зам хуваан Чэнь Ань Фү-д салах ёс хийж олон жанжныг дагуулан арван таван түмэн цэргийг хөдөлгөж Ваньжоу хотоос гараад Шань Нань жюнь-ий зүг алан ирэв. Энэ үнэхээр түмэн агтын туурай тачигнахуйяа тэнгэр сахиус эмээн, мянган хуяг магшин орохуйяа чөтгөр шимну зовнимуй. Эгнэгт Сүн Жяних цэргийг хөдөлгөж Шань Нань жюнь[1]ий газрыг хэрхэн байлдахыг мэдсүгэй хэмээвээс түр доорд бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Чойжинямодцоржав(119.109.253.149) 2022 оны 06 сарын 04

Хүйтэн уулын бичиг гэхээр 105 эр болон 3 эмийн үлгэр гэх нь зөв юм аа. 梁山 гэх нь яасан ч хүйтэн уул биш юм.

0  |  0
Top