"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-12 ДУГААР БҮЛЭГ
ТАО ГҮНЗҮ СЮЙЖОУГ ГУРВАНТАА НАЙР ТАВЬСАН ЦАО МӨНДӨ ЛЮЙБҮ ЛҮГЭЭ ЗУУРАЛДАН БАЙЛДСАН
Өгүүлэх нь: Цаоцао хараахан яаран явж атал чиг өмнөөс нэг баг цэрэг хүрч ирэв. Харин Ся Хоудүнь цэрэг авч өмөглөхөөр ирсэн ажгуу. Люйбүг тосож байлдсаар гэгээ тасрах үес их бороо цутган ороход тус тусдаа цэргээ хураав. Цаоцао хүрээндээ эгэж Дяньвэйг хүндэд шагнаж цэрэг дагуулах Дү Вэй түшмэл болгов. Тэндээс Люйбү хүрээндээ эгэж Чэньгүн лүгээ зөвлөхөд Чэньгүн өгүүлрүүн: “Пү Ян хотын дотор нэгэн Тянъ овогт баян хүн буй. Түүний гэрт зарцлах хүн мянга шахам аж. Нэгэн мужийн их өрх бөлгөө. Түүгээр хулган хүн зарж Цаоцаогийн хүрээнд бичиг хүргүүлэн хэлэх нь: “Люйбү харгис догшин өршөөлгүй тул олон иргэн цөм гасалмуй. Эдүгээ Ли Янд цэргийг дэвшүүлээд ганц Гаошүньгийн төдий хотын дотор баймуй. Хэрвээ шөнө дөлөөр цэрэг авч ирвээс би дотоодоос тусалсугай!” хэмээн илгээгтүн. Цаоцао хэрвээ ирвээс түүнийг өдөөн хотын дотор оруулж дөрвөн хаалганд гал тавин гадаадад цэрэг бүгүүлбээс Цаоцаод тэнгэрийг эелэх газрыг эвлэх эрдэм байвч энд хүрч ирвээс яахин олж хэлтрэн гармуй”. Люйбү тэр аргыг дагаж Тянь овогтод хулган ухуулаад хүн зарж шууд Цаоцаогийн цэргийн хүрээнд илгээв. Түүнээс Цаоцао шинэ дарагдсан учирт түдгэлзэн байхад гэнэт хүн мэдүүлрүүн: “Тянь овогтын гэрийн хүн ирэв” хэмээн нууц бичгийг өргөвөөс уг бичигт өгүүлсэн нь: “Люйбү нэгэнт Ли Янд одоод хотын дотор хоосон байх тул түмэнтээ хүсэх нь түргэнчлэн ирвэл дотоодоос тусалсугай! Хотын дээр цагаан туг хатгаж “Журам” хэмээн бичсэн тэр нь битүү тэмдэг мөн” хэмээжээ. Цаоцао ихэд баярлаж өгүүлрүүн: “Тэнгэр надад Пү Янг олгуулах нь болой!” хэмээгээд бичиг хүргэж ирсэн хүнийг хүндэд шагнаж нэгэнтээгүүр цэрэг засахад Лю Е өгүүлрүүн: “Люйбү хэдий бодлогогүй боловч Чэньгүнд үлэмж арга буй тул түүнд мэхэлсэн хэрэг байхаас эмээмүй. Сэргийлэхгүй байж болохгүй. Хэрвээ гэгээн гүн очсугай хэмээвээс гурван аймгийн цэргийг гурван анги хувааж хоёрдугаар ангийг хотын гадна бүгүүлж өмөглүүлэн нэг ангийг хотын дотор оруулбаас болмуй” хэмээв.
Тэндээс Цаоцао үгийг дагаж цэргийг гурван анги хуваан Пү Ян хотын дор хүрч ирээд Цаоцао урагш очиж анхаарваас хотын дээр цөм туг хиур хатгажээ. ганц баруун хаалганы зовхист нэгэн “Журам” хэмээх үсэг цагаан туг байх аж. цаоцао дотроо сэмээр баярлав. Тэр өдрийн морин цагт хаалга нээмэгц хоёр жанжин цэрэг авч байлдан гарав. Өмнөд цэрэгт Хоучэн, хойд цэрэгт Гаошүнь байх тул Цаоцао даруй Дяньвэйг гаргахад шууд Хоучэнтэй 146 гурван улсын үлгэр байлдахаар очсон тул Хоучэн тулж тэсэхгүй хойш хотын зүг буруулан очив. Дяньвэй хөөж гүүрний дэргэд хүрсэнд Гаошүнь бас халхалж чадахгүй цөм хотын дотор буруулан оржээ. Дотроос хэдэн цэргийн хүн тэр үймээнд хулган ирж цаоцаод золгоод Тянь овогтын зарц нууц бичгийг өргөн барив. Тэр бичигт болзсон нь:
“Энэ шөнө тэргүүн жинд хотын дээр харанга дуугарахаар тэмдэг болгосугай! Сонссон даруй цэрэг орвоос хотын хаалгыг өргөн барьсугай” хэмээжээ.
Түүнээс Цаоцао Ся Хоудүнийг цэрэг авч зүүн этгээдэд, Цаохуныг цэрэг авч баруун этгээдэд болгож өөрөө Ся Хоу Юань, Лидянь, Юэзинь, Дянъвэй дөрвөн жанжныг дагуулан цэрэг авч хотын дор ормуй хэмээн зарлав. Лидянь өгүүлрүүн: “Эзэн гүн түр хотын гадна байж бид нарыг урьд хотод орохоор болгомуй”. Цаоцао зандран өгүүлрүүн: “Би биеэр одохгүй болбоос хэн хүн урагшлах аж!” хэмээгээд даруй өөрөө урагш шууд оров. Тэр үед тэргүүн жингийн бараг саран бас гарч ирээгүй. Сонсвоос баруун хаалганд бүрээн дуу гарч гэнэт бас хашхиралдан галын гэрэл үзэгдээд хотын хаалгыг нээж гүүрийг тавъжээ. Цаоцао морь давхиулан тэмцэн орж шууд мужийн яамны өмнө хүрвээс замд нэг ч хүн үзэгдэхгүй тул сая аргыг мэдээд морио буцуулан их дуугаар “Цэрэг буцагтун!” хэмээтэл мужийн яаман дотроос буун дуу нэгэнтээ дуугармагц дөрвөн хаалганаас гал хөгжиж тэнгэр тулмаар болжээ. Харанга хэнгэрэг харилцан дуугарч хашхирах дуун мөрөн өрөвхийлөн далай буцлах мэт. Зүүн гудамжнаас Жанляо баруун гудамжнаас
Занба гарч хавчин алахаар ирэв. Цаоцао хойд хаалганы зүг явахад замын хажуугаас Хаомөн, Цаосин гарч бас нэгэн зэрэг байлдахад Цаоцао яаран өмнө хаалганы зүг явбаас Гаонгүнь Хоучэн тосжээ. Дяньвэй нүдээ бүлтийлгэн шүдээ зуугаад дайран гарав. Гаошүнь, Хоучэн хоёр ч мөн хотоос даган гарчээ. Дяньвэй байлдсаар гүүрэнд хүрээд хойш үзвээс Цаоцао үзэгдэхгүй тул биеэ эргэн дахин хотын дотор байлдан орж хаалганд Лидяньтай учраад: “Эзэн гүн хаана буй” хэмээн асуув. Лидянь өгүүлрүүн: “Би бас ч эрээд олсонгүй” хэмээсэнд Дяньвэй өгүүлрүүн: “Чи хотын гадаа өмөглөх цэргийг эрэхээр одсугай!” хэмээсний хойно Лидянь эчив. Дяньвэй хотын дотор байлдан орж ирээд олохгүй тул дахин хотын гадаа алан гараад голын хөвөөнд Юэзиньтэй золгов. Юэзинь өгүүлрүүн: “Эзэн гүн хаана буй?”. Дяньвэй өгүүлрүүн: “Би хойш урагш хоёр удаа эрэв ч олсонгүй” хэмээсэнд Юэзинь өгүүлрүүн: “Бид хамт байлдан орж эзнийг авран гаргасугай!” хэмээгээд хоёр хүн хаалганы дэргэд хүрсэн хойно хотын дээрээс гал өнхрөн бууж ирсэнд Юэзиньгийн морь орж чадахгүй болжээ. Дяньвэй галыг харайн утааг цуулсаар бас байлдан орж газар бүхэнд эрж явав. Түүнээс Цаоцао Дяньвэйг байлдсаар хотоос гарсныг үзээд сая өмнө хаалгыг эрж гарсугай хэмээхэд дөрвөн этгээдээс цэрэг морь тосож ирмүй. Дахин хойд хаалганы зүг одоход галын гэрэлд Люйбү жадаа барьж мориор давхин ирэхтэй таарсанд Цаоцао гараараа нүүрээ халхалж морио ташуурдан өнгөрөн очтол Люйбү хойноос морь довтолгон нэхэн ирж жадаар Цаоцаогийн дуулгыг цохин асууруун: “Цаоцао хаана буй?”. Цаоцао харин хуруугаараа заан өгүүлрүүн: “Өмнөд хонгор морь унасан энэ мөн болой” хэмээв. Люйбү сонсоод Цаоцаог гээж морио ташуурдан урагш нэхэн очив. Цаоцао морин толгойг эгүүлэн зүүн хаалганы зүг одохуйяа төвхийж Дяньвэйд золгожээ. Дяньвэй даруй Цаоцаог хамгаалан байлдаж нэгэн цусан зам гаргаад хаалганы ойр хүрвээс шатсан гал цав хэмээн хөгжин ахуй бөгөөд хотын дээрээс хаясан өвс түлээ шатаж газар дүүрэн болжээ. Дяньвэй даруй жадаар зайлуулж мориор довтолгон галд шургаж гарав. Цаоцао бас хойноос дагаж гарахад сая хаалганд хүртэл хотын асар эвдэрч нэгэн галт нуруу унаж ирээд цав хийтэл
Цаоцаогийн унасан морины бөгсийг оносонд тэр морь газарт хэвтэв. Цаоцао даруй гараараа тэр нурууг өргөн зайлуулж газарт тавьтал гар, тохой, сахал, үс цөм хуйхлагдан шатагджээ. Дяньвэй биеэ эргэн туслахаар ирэхэд Ся Хоу Юань бас хүрч ирсэн тул хоёул хамт Цаоцаог аварч галыг цуулан гараад Цаоцао Ся Хоу Юаньгийн морийг унаж Дяньвэй байлдан нэгэн цусан зам гаргаж явав. Харилцан хутган байлдсаар тэнгэр гэгээрсэн хойно Цаоцао сая хүрээнд эгсэнд олон жанжин ёслон мэхийж амрыг асуухад Цаоцао дээш хандаж инээн өгүүлрүүн: “Ташааран бэртэгчин эрийн аргад оров. Би эрхгүй хариу авмуй!” гэхэд Хоузянь өгүүлрүүн: “Аргыг хурдан үүсгэвээс зохимуй” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Мөн аргаар арга хийж хуурмагаар намайг галд шархдаж нэгэнт үхэв хэмээн хэлбээс Люйбү эрхгүй байлдахаар ирмүй. Тэр үес бид Малин Шань ууланд цэрэг бүгүүлэн хүлээж түүний хагасыг өнгөрсөн хойно байлдваас Люйбүг барих болой” гэхэд Хоузянь өгүүлрүүн: “Энэ үнэхээр сайн арга болой” хэмээжээ. Түүнээс цэргийн хүнд цагаан өмсгөж уярлалыг тархаан хуурмагаар Цаоцаог үхэв хэмээв. Түүнийг хүн хэдийнээ Пү Янд одож Люйбүд хэлрүүн: “Цаоцао галд дөрвөн мөч шархдаж хүрээнд хүрмэгц үхэв” хэмээсэнд Люйбү даруй цэрэг шалгаж Малин Шань уулын зүг байлдан ирээд сая Цаоцаогийн хүрээнд ойр хүрч ирвээс хэнгэргийн дуу нэгэнтээ дуугармагц бүгсэн цэрэг дөрвөн зүгээс гарч ирэхэд Люйбү үхэлдэн байлдаж арайхийн олж гарав. Хүн морь ихэд хохирч хойш Пү Янд буруулан эгээд бэхлэн сахиж гарч ирэхгүй болжээ. Мөн жил гэнэт нүгэлт царцаа үүсэж тарианы чихийг дуусган идсэнээр Гуаньдунгийн хязгаарт нэгэн суулга амуу тавин хэлхээс зоос хүрч хүн иргэн харилцан идэлцмүй. Цаоцао цэргийн амуу тасарсан тул Зюанчэн хотод эгэж түр цэрэг суужээ. Люйбү бас ч Шань Янд эгээд цэргээ тэжээв. Тиймийн тулд хоёр этгээд цөм цэрэг зогсов.
Түүнээс Таоцянь Сюйжоуд сууж байх тэр он жаран гурван настай бөлгөө. Гэнэт өвчин олж үзсээр улам хунд болохуйяа Мижү, Чэньдөнг залж хэрэг зөвлөхөд Мижү өгүүлрүүн: Цаоцаогийн цэрэг буцсан нь Люйбүгийн Яньжоуг байлдсаны учир болой. Эдүгээ жилийн ховохт цэргийг түр зогсоожээ. Ирэх жилийн хавар эрхгүй ирмүй. Эзэн хоёронтоо суурийг Лю Сюаньдөд найр тавьсугай хэмээсэн боловч тэр тухайд эзний бие махбодь тэнхлүүн байсан бөлгөө. Тийнхүү Лю Сюаньдө хүлээн авахад төвдөхгүй болой. Эдүгээ өвчин нэгэнт хүнд болсон тул чухам мөн шалтагт өгвөөс Сюаньдө лав маргахгүй буй за”. Таоцянь ихэд баярлан хүн зарж “Цэргийн үйл зөвлөе!” хэмээн Сяопэй хот руу Сюаньдөг залахаар илгээв. Сюаньдө Гуань, Жан лугаа арваад морьтой хүнийг авч Сюйжоуд хүрч ирвээс Таоцянь хэвтсэн гэрт оруулав. Сюаньдө амар мэндийг асуусан хойно Таоцянь өгүүлрүүн: “Сюаньдөг залж ирсэн нь өөр учир бус, хөгшин миний өвчин нэгэнт түгшүүртэй болоод өглөө үдшийг батлахуйяа бэрх болжээ. Гэгээн гүн ихэд толилж Хань улсын хот балгасыг хайрлан хүндэтгэж Сюйжоу мужийн тамга шошгыг хүлээн авбаас хөгшин би сүхэвч амар болмуй!” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Авгайд хоёр хөвгүүн буй атал юунд уламжлахгүй аж”. Таоцянь өгүүлрүүн: “Ахмад хөвгүүн Шан, дэд хөвгүүн Ен эрдэм чадал цөм түшмэл болоход хүрэлцэхгүй. Хөгшин хүн үхсэн хойно бас гэгээн гүнгийн сургахыг хүсмүй. Яавч мужийн хэргийг битгий тушаагтун!”. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй би гагц биеэр яахин энэ тушаалыг хүлээн чадмуй”. Таоцянь өгүүлрүүн:
“Би нэгэн хүнийг баталж гүнд тусалсугай. Бэйхайгийн хүн, овог Сүнь, нэр Цянь, өргөсөн нэр Гүн Ю. Энэ хүнийг Цунши түшмэл болгон хэрэглэвээс болмуй” хэмээгээд бас Мижүгийн зүг өгүүлрүүн: “Лю гүн эдүгээ цагийн аруухан эрдэмтэн бөлгөө. Чи сайхнаар үйлчлэгтүн!” хэмээв. Сюаньдө эцэстээ маргахад Таоцянь гараар зүрхээ заасаар үхэв. Олон түшмэл цэрэг уйлан гаслалцсан хойно шошго тамгыг тэвэрч ирээд Сюаньдөд тушаахад Сюаньдө маргаж хүлээн авсангүй. Дараа өдөр Сюйжоугийн олон иргэн шахалцан түшилцсээр яамны өмнө ирж уйлан өгүүлрүүн: “Лю Сюаньдө авгай та хэрвээ мужийн хэргийг хүлээн авахгүй болбоос бид цөм амраар амьдарч чадахгүй!” хэмээсэнд Гуань, Жан хоёул бас ч дахин давтан ятгасан хойно Сюаньдө сая мужийн хэргийг түр хамааран шийтгэхээр хүлээн авч Мижү, Сүнь нарыг туслагч Чэньдөнг зочмод104 болгов. Сяопэйгийн цэргийг цөмөөр хотод оруулж тунхаг бичиг гаргаж иргэнийг тохинуулан нэгэнтээгүүр бэлэвсрэлийн хэргийг бэлтгүүлэв. Сюаньдө жич их бага бичиг цэргийн түшмэл ба цэрэг иргэн лүгээ цөм цагаан өмсгөлийг өмсөж их тахилга бэлтгэж тахисан хойно ясыг хатан голын хөвөөнд талбиад Таоцяньгийн гэрээс үгийн илтгэлийг хаанд айлтгуулав.
Тэндээс Цаоцао Зюаньчэн хотод сууж байхдаа Таоцянь нэгэнт үхээд Сюаньдө Сюйжоугийн хэргийг хүлээн авсныг сонсоод ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Би өшөөгөө аваагүй атал чи хагас зэв сүйтгэсэн гавьяа ч үгүй сууж байсаар Сюйжоуг олжээ! Би эрхгүй урьдаар Любэйг алж хойно Таоцяньгийн ясыг гаргаж хэмхчээд эцгийн хорслыг арилгасугай!” хэмээгээд даруй цааз зарлан өдөр хугацан цэрэг хөдөлгөж Сюйжоуг байлдахаар очмуй” хэмээсэнд Сюнь Юй дотогш ороод хориглож өгүүлрүүн: “Эрт Хань улсын Гаозү хаан Гуанжунгийн газрыг хамгаалан, Гуан Ү хаан Хөнэй газрыг сахиад цөм үндсийг гүн бөгөөд угийг бат болгосноор дэлхий дахиныг төвшитгөжээ.
104 зочин гэсэн утгатай
Давшваас дайсныг дийлээд эгвээс батлан сахиж чадсан тул хэдий зовлон байсан боловч эцэстээ их хөрөнгийг бүтээжээ. Эдүгээ гэгээн Гүн Яньжоу хотыг тэргүүн болгосон тул Хө, Зи хэмээгч дэлхий дахины чухал газар бөгөөд энэ нь даруй эртний Гуанжун, Хөнэй лүгээ адил болой. Эдүгээ хэрэв Сюйжоуг авахаар очиход цэргийг үлэмж үлдээвээс хэрэглэхэд гүйцэхгүй цөөн үлдээвээс Люйбү хоосныг завшиж байлдахаар ирвээс Яньжоу үгүй болмуй. Хэрвээ Сюйжоуг олохгүй болбоос гэгээн гүн хааш эгэх аж. Эдүгээ Таоцянь хэдий үхэвч Любэй нэгэнт сахиад хотын доторх иргэн хэдийн Люйбү дагасан тул эрхгүй Люйбүг туслан үхэлдэн байлдмуй.
Гэгээн гүн Яньжоуг гээж Сюйжоуг авахаар очих нь ихийг гээж багыг эрэн үндсийг гээж эцсийг авч амгаланг түгшүүрээр арилжих болой. Боловсруулан хянахыг хүсмүй” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Энэ жилийн ховорт амуу чухаг болсон тул цэргийг энд суулган идүүлэх нь эцэстээ сайн арга бус” хэмээсэнд Сюнь Юй өгүүлрүүн: “Зүүнш одож Чэньгийн газрыг уулгалан цэргийн хүнийг тэжээхэд хүрэх үгүй. Рунань, Инчуаньд шар алчууртны үлдсэн намын Хө И, Хуаншао нар муж хошууг уулгалж олсон алт торго, амуу будаа үлэмж буй хэмээмүй. Энэ зэргийн хулгайг эвдлэхэд маш хялбар. Эвдээд түүний амууг авч гурван аймаг цэргийг тэжээвээс хаан сайшааж иргэн баярлаад харин тэнгэрт эедэх хэрэг болой” хэмээв.
Тэндээс Цаоцао ихэд баярлаж даруй Ся Хоудүнь, Цаорэньгийг үлдээж Зюаньчэн зэрэг газрыг сахиулаад биеэр цэрэг авч урьд Чэньгийн газрыг авч дараагаар Рунань, Енжоуд хүрсэн хойно шар алчуурт хулгай Ху И, Хуаншао нар Цаоцаогийн цэрэг ирснийг сонсож цэрэг авч угтан ирээд ян шань ууланд учрав. Хулгайн цэрэг хэдий олон боловч цөм үнэгэн сүрэг нохойн нам бөгөөд нэг ч анги мөргүй тул Цаоцао хатуу нум хурц зэвээр харван зогсоогоод Дяньвэйг “Байлдахаар оч!” хэмээн гаргав. Ху И туслагч Юаньсег гаргаж хоёул байлдаад гурван удаа болсонгүй Дяньвэйд жадлагдаж мориноос унав. Цаоцао дийлсэн хүчинд олныг авч хөөгөөд Ян Шань уулыг өнгөрч хүрээ байгуулав. Дэд өдөр Хуаншао өөрөө цэрэг авч байлдахаар ирээд жагсаал жагссан хойно түүний жагсаалаас нэгэн жанжин явганаар байлдахаар гарч ирэв. Тэргүүнд шар хэвийг ороож биед ногоон дээл өмсөн гартаа төмөр шийдэм барьж их дуугаар: “Би болбоос Зе Тянь Ца105 Хөмань болой! Хэн над лугаа аймшиггүй байлдмуй” хэмээн дуудав. Цаохун үзээд их дуугаар нэгэнтээ бархираад мориноос бууж илд аван явганаар угтахаар гарав. Хоёул жагсаалын өмнө дөч тавин удаа байлдваас хэн нь ч дийлэгдэхгүй тул Цаохун хууран буруулахад Хөмань даруй нэхэн иртэл Цаохун илдээ чирэн араар цавчих аргыг хэрэглэж бие эргэн нэгэнтээ үсэрхийлээд Хөманийг цавчин унагаагаад дахин нэгэн хутгаар цавчин алав.
105 Тэнгэрийг халхлах ягчис
Лидянь мөн хүчинд хулгайн жагсаалд нисэх мэт орсонд Хуаншао сэргийлсэнгүй тул Лидяньд амьд баригдав. Цаоцаогийн цэрэг олон хулгайг даран алж сарниулаад түүний алт торго, амуу будааг булаан авсан нь тоогүй. Ху И хүчин мөхөс болсноор хэдэн зуун морьт цэргийг авч Хөбэйгийн зүг буруулан явах хооронд уулын хойноос нэгэн багийн цэрэг гарч ирэв. Тэргүүлсэн нэгэн идтэнгийн бие найман тохой өндөр, нуруу арван төө, их гарт дам илд барьж очих замыг тосжээ. Ху И жадаа далайж байлдан гараад нэгэн удаа болсонгүй. Тэр идтэнд амьд баригдав. Дагасан олон яаран цөм мориноос бууж хүлэхийг хүлсэнд тэр идтэн цөмийг Хөбэйгийн хашаанд хөөж оруулав.
Түүнээс Дяньвэй Ху Иг нэхсээр Хөбэйд хүрвээс тэр идтэн цэрэг авч угтан зогсоожээ. Дяньвэй асууруун: “Чи бас шар алчууртан хулгай уу?” хэмээсэнд тэр идтэн өгүүлрүүн: “Хэдэн зуун морьтон цөм надад баригдаж хашаанд хоригдож буй!”. Дяньвэй өгүүлрүүн: “Юунд гарган өргөхгүй буй?”. Тэр идтэн өгүүлрүүн: “Чи миний гарт барьсан эрдэнийн илдийг ялгууваас би даруй өргөн барьсугай!” хэмээхэд Дяньвэй хилэн төрж хоёр жадаа барьж байлдахаар оров. Хоёул луу цагаас морин цаг хүртэл байлдваас хэн аль нь ч дийлэхгүй тул цөм хойш эгэж баахан амсхийв. Удалгүй тэр идтэн бас гарч “Байлдсугай!” хэмээхэд Дяньвэй бас гарав. Хоёул байлдсаар гэгээ тасраад хоёр морь цөм ядсанд түр зогсов. Дяньвэйгийн доорхи цэргийн хүн нисэх мэт Цаоцаод хэлэхээр ирсэнд Цаоцао ихэд цочиж даруй олон жанжингуудыг авч үзэхээр ирэв. Дэд өдөр тэр идтэн бас байлдсугай хэмээн ирсэнд цаоцао тэр хүнийг үзвээс ихэд цогтой тул дотроо сэмээр баярлан Дяньвэйд энэ өдөр байлдахад “Хууран буруул!” хэмээн сургав. Дяньвэй захиаг хүлээн гарч байлдаад гучин удаа болсонгүй хойш жагсаалын зүг буруулсанд тэр идтэн нэхэж жагсаалын хаалганд хүрсэн хойно үүдэн дотроос холховч нумаар харваж эгүүлээд Цаоцао яаран цэргийг авч таван газар эгэж сэмээр суваг ухуулан дотор нь дэгээ барьсан хүнийг бүгүүлэв. Дэд өдөр дахин Дяньвэй зуу илүү цэргийг авч байлдахаар гарваас тэр идтэн инээн өгүүлрүүн: “Буруулсан жанжин ямар аймшиггүй дахин ирмүй!” хэмээгээд морио тавин угтан байлдав. Хэдэн удаа болсонгүй Дяньвэй морио эгүүлэн явахад тэр идтэн гагц сэргийлсэнгүй. Хүн морьтойгоо цөм сувагт унажээ. Дэгээ барьсан хүн тэр идтэнийг хүлж Цаоцаогийн дэргэд авч ирсэн хойно Цаоцао яаран цацраас бууж цэргийн хүнийг зандран эгүүлээд өөрийн биеэр хүлсэн дээсийг тайлж дээл өгч өмсгөөд суулгаж түүний суусан нутаг газар нэр овгийг асууваас тэр идтэн хэлрүүн: “Би болбоос Цяогуогийн Цяосянь газрын хүн, овог Сюй нэр Чу өргөсөн нэр Жункан. Урьд хулгай самуурахад би угсаа төрлийн хэдэн зуун хүнийг цуглуулж хашааны гадна бэх хэрэм цогцолж халхалсан бөлгөө. Нэгэн өдөр хулгай ирсэнд би олон хүнээр арвин чулуу хураалгаж тавиад би өөрөө чулуугаар цохисонд нэг ч оногдсонгүй нь үгүй тул хулгай сая тархав. Бас нэгэн өдөр хэсэг хулгай ирсэнд хашаан дотор амуу үгүй тул хулгай лугаа хэлэлцэн нийлж үхрээр амуу арилжихаар болзоод амууг нэгэнт хүргэж ирсэн хойно үхрийг хөөж хашааны гадна хүрэхүйеэ үхэр цөм хойш гүйн эгэхэд би харин хоёр гараараа үхрийн сүүлийг атгаж хойш зуу илүү алхам татаж ухрасхийсэнд хулгай их цочин айж үхрийг авсангүйгээр одов. Тиймийн тул энэ газрыг хамгаалж нэг ч хэрэг үгүй болжээ.” Цаоцао өгүүлрүүн: “Би их нэрийг тань сонсож удав. Чи намайг дагамуй уу?”. Сюйчу өтүүлрүүн: “Миний хүсэх нь болой” хэмээгээд даруй төрлийн хэдэн зуун хүнийг урин ирж цөм дагав. Цаоцао Сюйчуг Дү Вэй түшмэл болгон шагнаж хүртээсэн нь ихэд зузаан. Ху И, Хуаншаог алсан хойно Рунань Инчуаньгийн газар төвшин болов.
Түүнээс Цаоцао цэрэг эгсэнд Цаорэнь, Ся Хоудүнийг угтаж аваад өгүүлрүүн: “Ойр өдөрт туршуулын мэдүүлсэн нь” Яньжоу мужийн Сюэлань, Лифэнгийн цэрэг уулгалахаар одоод хот хоосон буй хэмээнэм. Мөн дийлсэн цэргийг авч байлдваас даруй олмуй” хэмээсэнд Цаоцао үгийг дагаж шууд Яньжоугийн зүг байлдахаар ирэв. Сюэлань, Лифэнгийн санаанд үгүй ч хүрч ирсэн тул даруй цэргээ дагуулан гарч угтсанд Сюйчу өгүүлрүүн: “Би энэ хоёр хүнийг очиж бариад сая золгосон тал болгохыг хүсмүй” хэмээсэнд Цаоцао ихэд баярлан даруй байлдахаар гар хэмээн зарлав. Лифэн сарт жадаа барьж угтан ирээд хоёр удаа болсонгүй. Сюйчу цавчин унагасанд Сюэлань яаран хойш жагсаалын зүг буруулж сая гүүрний ойр хүрсэнд Лидянь замыг тосжээ. Сюэлань айж хотод эгсэнгүй. Цэргээ дагуулан Жюй Егийн зүг одоход харин Люйцян морь довтолгон нэхэн ирж нэгэн сумаар харван мориноос унагасанд олон цэрэг сарнин дутаажээ.
Үүнээс Цаоцао Яньжоу хотыг дахин олсонд Чэн Юй цэрэг дэвшүүлж “Пү Янг авсугай!” хэмээсэнд Цаоцао Сюйчу, Дяньвэйг гавшгай болгон Ся Хоудүнь, Ся Хоу Юанийг зүүн цэрэг, Лидянь, Юэзинийг баруун цэрэг, Цаоцао өөрийн биеэр дунд цэргийг дагуулан Юйзинь, Люйцянийг хойно болгов. Цэрэг Пү Янд хүрсэн хойно Люйбү “Биеэр цэрэг авч гарсугай!” хэмээхэд Чэньгүн хориглож өгүүлрүүн: “Гарч байлдаж болохгүй! Олон жанжин цуглаж ирсэн хойно сая гарваас болмуй!” хэмээсэнд Люйбү өгүүлрүүн: “Би хэн хүнээс аймуй?” хэмээгээд Чэньгүнгийн үгийг авсангүй цэрэг авч угтан гараад сарт жадаа хөндлөн барьж ихэд хараахад Сюйчу гарч байлдаад хорин удаа болтол хэн аль нь дийлэхгүй байхад
Цаоцао өгүүлрүүн: “Люйбүг нэгхэн хүн байлдаж ялах нь бус” хэмээгээд Дяньвэйг гаргаж туслуулав. Хоёр жанжин хавсралцан байлдаж атал зүүнээс Ся Хоудүнь, Ся Хоу Юань баруунаас Лүдянь, Юйзинь хамт гарч ирээд зургаан жанжин хамт Люйбүг байлдав. Люйбү халхлан тосож чадахгүй болж морийг эгүүлэн хотын зүг буруулахуйяа хотын дээр зогссон Тянь овогт Люйбүгийн дарагдаж эгснийг үзээд даруй хүнээр гүүрийг татан авахуулсанд Люйбү өндөр дуугаар “Хаалгыг нээгтүн!” хэмээхэд Тянь овогт өгүүлрүүн: “Би нэгэнт Цао жанжинг дагав” хэмээжээ. Люйбү ихэд хараагаад цэрэг авч Динтаогийн зүг буруулав. Чэньгүн яаран зүүн хаалгыг нээж Люйбүгийн эм хүүхдийг авч одов. Цаоцао Пү Янг олж Тянь овогтын урьд өдрийн ялыг хэлтрүүлэв. Лю Е өгүүлрүүн: “Люйбү хэмээх догшин барс болой. Энэ өдрийн зүдсэнийг өнгөрүүлж болохгүй!” хэмээсэнд Цаоцао даруй Лю Е нараар Пү Янг сахиулаад өөрөө цэрэг дагуулан Динтаод нэхэж хүрвээс тэр цагт Люйбү Жанмяо, Жанчао лугаа цөм хотод буй. Гаошүнь Жанляо, Занба, Хоучэн нар далайг байцаан амуу авахаар яваад ирээгүй. Цаоцаогийн цэрэг Динтаод хүрээд хэдэн өдөр болтол байлдсангүй. Хотоос дөчин газар эгэж хүрээ байгуулав. Тэр цаг цав хэмээн Зизюнь хошууны буудай боловсорсон тул Цаоцао даруй цэргийн хүнээр буудай хадуулж идүүлэв. Түүнийг туршуул хүн Люйбүд хэлсэнд Люйбү цэрэг авч хөөхөөр ирээд Цаоцаогийн цэргийн хүрээний ойр хүрч үзвээс зүүн этгээдэд нэгэн шугуй буй. Мод адбиш ягч тул түүнд бүгсэн цэрэг буй хэмээн эмээгээд эгэв. Цаоцао Люйбүгийн цэрэг эгснийг сонсож олон жанжин нарын зүг өгүүлрүүн: “Люйбү шугуйд лав бүгсэн цэрэг буй хэмээн сэжиглэсэн бөлгөө. Туг хиурыг арвин босгож сэжиглүүлтүгэй. Хүрээний баруун галд байх урт даланд усгүй тул шилсэн цэргийг бүгүүлж болмуй. Маргааш Люйбү эрхгүй шугуйд гал тавихаар ирэх учир далангийн дотор бүгсэн цэрэг түүний хойдыг тасалбаас Люйбүг барьж болмуй” хэмээгээд гагц хэнгэрэг дэлдэх хүнийг тавин нэр үлдээж хэнгэрэг дэлдүүлж гацаанаас олзлон ирсэн эр эмийг хүрээнд хашхируулаад шилсэн цэргийн арвиныг даланд бүгүүлэв.
Түүнээс Люйбү эгэж Чэньгүн хэлэхэд Чэньгүн өгүүлрүүн: “Цаоцаод хуйхар106 арга үлэмж тул хөнгөлөн байлдваас болохгүй” хэмээсэнд Люйбү өгүүлрүүн: “Би галаар бүгсэн цэргийг эвдэж болмуй” хэмээгээд Чэньгүн Гаошүньд “Хотыг сахь!” хэмээн үлдээж дэд өдөр Люйбү цэрэг авч ирээд холоос үзвэл шугуйн дотор туг хиур байх тул цэрэг довтолгон ирж дөрвөн зүгээс гал тавиваас дотор нь нэг ч хүнгүй. Цаоцаогийн хүрээнд орсугай хэмээтэл хэнгэргийн дуу ихэд дуугарав. Хараахан сэжиглэж тогтворгүй байсанд гэнэт хүрээний хойноос нэгэн баг цэрэг гарч ирэв. Люйбү морь тавин нэхэж ирэхүйеэ пүүн дуу гармагц даланд бүгсэн цэрэг бүрнээр гарч ирэв. Ся Хоудүнь, Ся Хоу Юань, Сюйчу, Дяньвэй, Лидянь, Юйзинь нар цөм мориор довтолгон байлдан ирмүй. Люйбү санахад мөчөөрхөж чадахгүй мэт тул даруй хээрийн зүг буруулав. Дагасан жанжин Чэнлянь Юйзиньгийн нэгэн зэвд үхэв. Люйбүгийн цэрэг гурван хувиас хоёр хувь хохиров. Буруулсан цэрэг хойш эгэж Чэньгүнд мэдүүлсэнд Чэньгүн өгүүлрүүн: “Хоосон хотыг сахиваас болохгүй тул даруй одвоос зохимуй” хэмээгээд Гаошүнь лүгээ Люйбүгийн хөгшин залууг авч Динтаог гээж одов. Цаоцао дийлсэн хүчинд хотын дотор ороод хүч нь хулс модыг хагалах адил. Жанчао өөрөө хүзүүгээ огтолж үхээд Жанмяо Юаншуд дагахаар одов. Шаньдунгийн нэгэн мужийг цөм Цаоцао олсонд иргэнийг тогтоож хот балгасыг засахыг өгүүлэх юун.
Тэндээс Люйбү буруулан явж атал олон жанжин нар цөм эгсэнд учраад Чэньгүн бас эрэн ирсэнд Люйбү өгүүлрүүн: “Миний цэрэг хэдий бага боловч бас Цаоцаог эвдэхэд гүйцмүй!” хэмээгээд дахин цэрэг дагуулан ирэв. Энэ чухамхүү:
“Цэрэглэгчдийн дийлэх дийлдэгдэх нь үнэхээр ерийн хэрэг боловч
Чийрс107 мод ороогоод дахин ирэхэд ямар болохыг яахин мэдмүй”
Эгнэгт Люйбүгийн дийлэх дийлдэгдэхийг мэдэх үгүй доор бүлэгт үзтүгэй.
106 зусар зальхай
107 Тариалангийн газар ургах нэгэн зүйл бүдүүн өв
Сэтгэгдэл ( 0 )