Өнөөдөр, маргааш хоёр өдөр Төрийн ордонд Монголын Эдийн засгийн чуулган зохион байгуулагдах юм. Уг чуулганыг угтан өнгөрсөн сарын сүүлийн арав хоногт Шинэ сэргэлтийн бодлогын зургаан зорилтоор урьдчилсан цуврал хэлэлцүүлэг зохион байгуулагдсан.
Гадаад, дотоод шалтгаануудын улмаас эдийн засаг амаргүй нөхцөл байдалд шилжиж, олон сарын турш өссөн инфляцын эрчим энэ онд буурах байх гэсэн хүлээлт талаар болж, төгрөгийн ханш унаж, Төв банкны валютын нөөц хурдтай буурч буй ийм онцгой цаг үед үр ашиг багатай олон хурал цуглааныг татварын төлөгчдийн мөнгөөр хийж байна гэх шүүмж дагаж буйг хэлэхэд илүүдэхгүй байх.
Ковидын улмаас зохион байгуулагдалгүй хойшлоод байсан Монголын Эдийн засгийн чуулган энэ удаад хоёр өдрийн хуралдаанаараа өнгөрсөн сарын 21-30-ны өдрүүдэд болсон салбар хэлэлцүүлгээс дэвшүүлсэн санал зөвлөмжүүдийг хэлэлцэж, Шинэ сэргэлтийн бодлогыг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад танилцуулах юм. Мөн нийгэм эдийн засагт тулгамдаж буй асуудлыг хөндөн ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлж, дунд болон урт хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого тодорхойлогдоно гэсэн мэдээллийг Сангийн сайд Б.Жавхлан өгч байгаа юм.
Сайдын хэлж ярьж байгаатай холбогдуулан хэлэхэд, энэ удаагийн чуулганаар урт хугацаанд эдийн засаг хэрхэн өсөх, тэлэх боломжтой талаарх тооцооллуудын талаар яриад өнгөрөх нь ойлгомжтой. Харин дунд хугацаанд эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодитой гарц гаргалгаанууд дээр төвлөрөх, шийдэл гаргаж чадах уу гэдэг нь анхаарал татаж буй.
Чууулганы хүрээнд хэлэлцэх асуудлыг нь аваад үзэхэд, “Шинэ сэргэлтийн бодлого-Эдийн засагт үүсэж буй сорилт боломж” гэсэн сэдвийн хүрээнд эхний хэлэлцүүлэг явагдах юм.
Ерөнхий сайд хэлэхдээ, Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан асуудлууд, хэрэгжүүлэх арга хэмжээнүүд нь Монгол Улсын хөгжлийн бодлого, зорилго, зорилтуудтай ус, агаар, хөрс мэт шүтэн барилдсан гэж буй. Хэдий тийм ч Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд 57 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Цаашид төсөл хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэхэд 110-120 их наяд орчим төгрөгийн хөрөнгийн эх үүсвэр шаардлагатай.
Эдийн засгийн төсөөлөл, тооцооллыг тодорхой цаг хугацаагаар тооцож гаргах нь зөв боловч, өнөөгийн нөхцөл байдлыг аваад үзэхэд Шинэ сэргэлтийн бодлого гэх макро түвшний, дэндүү өндөр зардалтай бодлогоо тойрон ярихаас гадна эрсдэл сөрсөн, цаг үеэ мэдэрсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Өнөөдрийн үдээс хойш болох хэлэлцүүлгүүдийн хүрээнд, Гадаад орчны тодорхой бус байдал, үр дагавар – Үнэ ханш, гадаад худалдаа, төлбөр тооцоо, Дотоодын хүнсний хангамж, нийлүүлэлт, Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, чиг хандлага гэсэн сэдвүүдээр хэлэлцэж, дүгнэлт гаргах аж.
Ерөнхий сайд үүсээд буй нөхцөл байдлын учиг шалтгааны 70 хувь нь гадаад нөхцөл байдалтай холбоотой гэсэн байр суурийг илэрхийлж байгаа. Монгол Улсын экспорт, импортын үндсэн хоёр гарц болох хөрш орнуудын нөхцөл байдалтай холбоотойгоор асуудал амаргүй байгааг хаа хаанаа харж л байгаа.
Гэхдээ сорилтыг давахад чиглэсэн улс төрийн болон эдийн засгийн бодлого, шийдвэрийн нөөц бидэнд үнэхээр хомс байна уу. Эсвэл нөөц, боломжоо оновчтой олж харах, эрэмбэлэх чадавх хаа хаанаа дутагдаад байна уу гэдэг асуудал ч анхаарал татаж л байна.
Засгийн газраас одоогоор авч хэрэгжүүлэх гэж буй арга хэмжээг нь харахаар, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай парламентаар батлуулахаар хүлээж буй юм. Энэ арга хэмжээ нь эдийн засагчид, судлаачдын тал талын л байр суурьтай тулж байгаа.
Ерөнхийдөө бидний авч чадах арга хэмжээ ийм л байна, хичээж байна гэсэн байр суурийг Ерөнхий сайд танхимын гишүүдийнхээ хамтаар илэрхийлж байна. Түүнчлэн ₮120 их наядын хөрөнгө шаардах Шинэ сэргэлтийн бодлогоо ямар ч байсан Эдийн засгийн чуулганаар хэлэлцэж эхэллээ.
Засгийн газар холын зайн макро түвшний асуудлуудаа Эдийн засгийн чуулганаар тоймлон хэлэлцэхээс өмнөхөн Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг байгууллагуудаас Монголбн эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд ямар эрсдэлүүд бодитой байгаа талаар мэдээлснийг товч дурдъя.
Тухайлбал, Дэлхийн банкнаас “Зүүн Ази, Номхон далайн бүсийн эдийн засгийн тойм: Шуургыг сөрөх нь” шинэ тайлангаа танилцуулахдаа, ОХУ, Украины асуудалтай холбоотойгоор шатахууныхаа дийлэнх хэсгийг импортолдог Монгол Улс болон Тайландын Хаант улсын, мөн түүнчлэн хүнсний импортоос хэт хамааралтай Номхон далайн арлын улс орнуудын бодит орлого буурч байгааг анхааруулсан. Их хэмжээний өртэй Монгол Улс дэлхийн санхүү, эдийн засгийн цочролд өртөмтгий байхаар байна гэж мэдээлсэн.
Харин Азийн хөгжлийн банкнаас өчигдөр /2022.04.06/ мэдээлэл хийхдээ, өнгөрсөн оны сүүлийн хоёр улирал дараалан агшсан Монголын эдийн засаг энэ оны эхний улиралд ч буурч гарах төлөвтэйг, гурван улирал дараалан эдийн засаг агших нь эдийн засагт хямрал үүссэнийг илтгэдэг болохыг сануулан мэдээлсэн юм. Түүнчлэн төсвийн нөхцөл байдал хүндрэхээр байгааг анхааруулсан. АХБ-ны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Павит Рамачандран “Үүссэн хүнд нөхцөл байдалтай уялдан Монгол Улс стагфляцийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх бодлого буюу хариу арга хэмжээг нэн яаралтай авах шаардлагатай... Монгол Улс макро эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор мөчлөг сөрсөн багц бодлогыг боловсруулж, гадаад болон дотоод санхүүжилтийн хэрэгцээнд шаардагдах валютын эх үүсвэрүүдийг баталгаажуулан олж авах хэрэгтэй” гэхчлэн байр сууриа илэрхийлсэн юм.
Нэг улирал хүрэхгүй хугацаанд нийт валютын нөөцийнхөө ¼-ийг хэрэглэчихээд, үлдсэн 3 тэрбум ам.долларын нөөцөө бууруулчихгүй, хэмжээнд нь барьчих нэн чухал шаардлага тулгараад буй ийм үед авч хэрэгжүүлж болох бодитой арга хэмжээнүүд юу байгаа талаар төр, хувийн хэвшлийнхэн нүүр нүүрээ харж суугаад, шийдэлтэй хэлэлцвэл нэг хэрэг. Эсрэгээрээ дээр дурдсанчлан холын зайн макро түвшний асуудлуудаа ярьдгаараа яриад өнгөрвөл улиг болсон арга хэмжээнүүдийн нэг болоод л үлдэнэ.
Сэтгэгдэл ( 0 )