"Шинэ сэргэлт" гэх уриан дор Монголын Эдийн засгийн чуулган хоёр дахь өдрөө зохион байгуулагдаж байна. Засгийн газрын зүгээс энэ удаагийн чуулганыг төр, хувийн хэвшил, судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд салбар бүрийн тулгамдсан асуудлыг нээлттэй ярилцаж, бүтээлчээр хэлэлцэх зорилготой гэж тодотгож буй.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Энэ удаагийн эдийн зсгийн чуулганаас зөвлөмж, уриалга гаргахгүй, 10 гол ажлыг хэлэлцэж гаргая. Дараа жилийн эдийн засгийн чуулганаар арван ажлынхаа үр дүнг харъя. Ингэж чадвал томоохон дэвшил, бүтээлч үр дүн болно” хэмээн мэдэгдсэн. 10 гол ажил гэдэгт нь чухам ямар асуудлууд багтаж орох вэ гэдгийг өнөөдрийн хэлэлцүүлгүүдийн төгсгөлд тодорхой болох биз ээ.
Тэгэхээр өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжлэх товтой Монголын Эдийн засгийн чуулганаас ирэх нэг жилийн хугацаанд үр дүнг нь үзэхээр тооцож, төлөвлөж эрэмбэлэх 10 гол ажлыг зарлахаас өмнө тус жагсаалтад нь багтаж орох бодит боломж байхгүй нэг гол асуудлыг энд дурдъя.
Тухайлбал, Шинэ сэргэлтийн бодлогын үндсэн асуудлуудын нэг болох Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд хийгдэх ажлууд ирэх нэг жилийн хугацаанд хэрэгжих боломжгүй гэдэг нь “Эрчим хүчний сэргэлт Үр ашиг, алдагдал” сэдэвт хэлэлцүүлэгт оролцогчдын байр сууриудаас харагдаж буй юм.
Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд хэрэгжүүлэх төслүүдээс дурдвал:
Тэгвэл Монголын Эдийн засгийн чуулганы Эрчим хүчний салбарын талаарх хэлэлцүүлэгт оролцогчид дараах байр суурийг илэрхийллээ.
Ерөнхий сайдын ахлах зөвлөх Э.Болормаа: Огцом өөрчлөлт хийхгүй
Эрчим хүчний салбар үр ашгийн алдагдал, тарифийн зөрүү гэх мэт маш олон тулгамдсан асуудал байгаа ч геополитикийн нөхцөл байдал, ковидын нөхцөл байдал, инфляцын түвшин зэргийг авч үзээд бид огцом өөрчлөлтийг хийхгүй. Өрхийн хэрэглээ, төлбөрийн чадамжтай уялдуулсан ухаалаг шийдвэр гаргана.
Монголын бизнесийн зөвлөлийн УЗ-ийн дарга Ц.Түмэнцогт: Ойрын 4-5 жилд 3 орчим их наяд төгрөгийг цахилгааны импортод зарцуулна
Ойрын 4-5 жилд өөрийн эх үүсвэртэй болтол 3 орчим их наяд төгрөгийг цахилгааны импортод зарцуулахаар байна. Энэ хэмжээний орлогоор хэчнээн хүн ажилтай болох вэ? Хэчнээн хэмжээний татвар төлөх вэ? Энэ бол алдагдаж буй боломж гэж харж байна. Сүүлийн хоёр жилд 1 их наяд төгрөгийг цахилгааны хөнгөлөлтөд зарцуулсан нь зах зээлд сөргөөр нөлөөлж байна.
Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан: Цаашдаа цахилгааны үнийг 28 хувиар нэмж байж бодит өртөгт хүрнэ
Манай улс өнгөрсөн жил нийт хэрэглээнийхээ 80 хувийг дотоод эх үүсвэрээс, 20 хувийг импортоор авсан. Өнөөдөр нүүрсний үнэ, төмөр замын тээвэр, цахилгаан станцын дамжуулах үйлчилгээ зэргийг оруулахад 1 кВт цахилгааны үнэ 224.11 төгрөг, худалдаж буй үнэ 175 төгрөг байна. Цаашдаа цахилгааны үнийг 28 хувиар нэмж байж бодит өртөгт хүрэхээр байна. Дулаан ч мөн ялгаагүй. Энэ үнэ нь хөгжингүй орнуудаас 3-5 дахин хямд байна.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх: ДБ-ны зээлээр 11 засаг захиргааны нэгжийн түгээх сүлжээг ашиглалтад оруулна
Эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангах нэг арга зам нь эх үүсвэрүүдийг барихаас гадна хэмнэлтийн бодлогод шилжих юм. Эрчим хүчний хэмнэлт хийхээс гадна, бас нэгэн тулгамдсан асуудал нь цахилгаан эрчим хүчний чанар, тасалдал байдаг. Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 11 засаг захиргааны нэгжийн түгээх сүлжээг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Удаан хугацааны туршид төлөвлөсөн ажлаа бид хийгээгүй
Цаг хугацаа шаарддаг томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн орчин ойлгомжтой, тодорхой, тогтвортой байх нь хамгийн чухал асуудал. Эрчим хүчний салбар хууль эрх зүйн орчны хувьд харьцангуй ойлгомжтой. Энэ салбарын асуудлууд өнөөдөр үүссэн асуудал биш. Удаан хугацааны туршид төлөвлөсөн ажлаа бид хийгээгүй, хуулийг хэрэгжүүлээгүйгээс үүдсэн асуудал юм.
Дашрамд тодотгоход, Монгол Улсын эрчим хүчний салбар 2019 онд 59 тэрбум, 2020 онд 88 тэрбум, 2021 онд 78 тэрбум төгрөгийн алдагдал тус тус хүлээжээ. Салбарын сайд Н.Тавинбэх хэлэхдээ “Эрчим хүчний салбарын тогтвортой байдлыг хангахгүйгээр улс орны эдийн засгийг сэргээх боломжгүй. Энэ салбарт олон жилийн турш томоохон хөрөнгө оруулалт хийгээгүй. Иймд "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд нийт 22 төсөл хэрэгжүүлнэ. Эрчим хүчний үнэ тарифийг бодит өртгөөр тогтоож, индексжүүлнэ. 2022 онд хэрэглэгчдийн цахилгаан дулааны үнэ тарифийг 28 хувиар нэмэгдүүлнэ. Ингэснээр Шинэ сэргэлтийн бодлогод туссан төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно” хэмээн өмнөх урьдчилсан хэлэлцүүлэг дээр мэдэгдэж байсан. Тэгэхээр эхлээд үнээ нэмж, алдагдлаа бууруулсны дараа Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан төслүүдээ хэрэгжүүлэх арга замыг эрэлхийлэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Сайд ярихдаа 2022-2025 онд системийн хүчин чадал хүрэхгүй тул оройн оргил ачааллын үед цахилгааны хягаарлалт хийхээс өөр аргагүй\n2025-2030 онд жил бүр 300-340 МВт чадлын цахилаан эрчим хүчний иморт авах төлөвтэй гэлээ\nЭнэ нь шинэ сэргэлт харагдахгүй байна