"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-25 ДУГААР БҮЛЭГ
ШОРООН УУЛАНД ЦОГЦОЛЖ ГУАНЬ ГҮН ГУРВАН ЗҮЙЛИЙН ХЭРГИЙГ БОЛЗСОН БАЙМА ХӨТӨЛД ТУСАЛЖ ЦАОЦАОГИЙН ДАВХАРЛАН ХААГДСАНЫГ ТАЙЛСАН
Өгүүлэх нь: Чэн Юй арга өргөж өгүүлрүүн: “Юньчан түмэн хүнд тэнцэх баатар тул ухаанаас бусаар дагуулан чадахгүй бөлгөө. Эдүгээ Любэйгийн дагасан цэргээс зарж Сяпид илгээн Гуань гүнд золгож “Оргон ирлээ” хэмээн хэлүүлж хотын дотор бүгүүлэн туслуулаад Гуань гүнийг өдөөн гаргаж байлдуулан зоримогоор буруулж бусад газарт удирдан шилсэн цэргээр түүний эгэх замыг таслуулсан хойно хэлэлцүүлбээс сая болмуй”. Цаоцао тэр аргыг авч даруй сюйжоугийн дагасан цэргийн хүнийг хэдэн арав сонгож шууд Сяпи хотод Гуань гүнг дагахаар илгээв. Гуань гүн түүнийг хуучин цэрэг хэмээж үлдээж сэжиглэсэнгүй. Дэд өдөр Ся Хоудүнь таван мянган цэрэг авч өдөөн байлдахаар ирвээс Гуань гүн гарахгүй байтал Ся Хоудүнь балгасны дор хүн илгээж ичээн хараалгахад Гуань гүн ихэд хилэн төрж гурван мянган цэрэг аван гарч Ся Хоудүнь лүгээ байлдаж арван хэдэн удаа болсонгүй. Ся Хоудүнь морийг буцуулж буруулав. Гуань гүн нэхэж ирэхэд Ся Хоудүнь байлдах бөгөөд буруулмуй. Гуань гүн нэхсээр хорин газрын бараг болоод Сяпиг алдуузай хэмээн цэргийг авч эгэхэд гэнэт буун дуу гармагц зүүн этгээдээс Сюйхуан баруун этгээдээс Сюйчу хоёр замын этгээд буцах замыг тосов. Гуань гүн зам булаан явахад хоёр этгээдийн бүгсэн цэрэг холховч нумыг жагсааж, харвах зэвийн ирэх нь нүгэлт царцаа нисэх адил. Гуань гүн гарч эс чадаад цэргийг авч хойш буцахад Сюйхуан, Сюйчу бас хүлээн авч байлдмуй. Гуань гүн шаламгайлан байлдаж тэр хоёр хүнийг эгүүлээд Сяпид эгэхийг завдтал Ся Хоудүнь бас ирж байлдав. Гуань гүн байлдсаар үдэш болж буцах замгүй нэгэн шороон ууланд олж хүрээд цэргийг авч уулын оройд бууж түр бие амсхийсэнд Цаоцаогийн цэрэг тэр шороон уулыг давхарлан тойрч хаав. Гуань гүн уулын дээрээс Сяпи хот руу харвал галын гэрэл тэнгэрт тулжээ. Энэ нь урьд хууран дагасан цэргийн хүн хулган хотын үүдийг нээсэнд Цаоцао өөрийн биеэр их цэрэг авч хотод орж гал өргүүлэн Гуань гүнгийн сэтгэлийг самууруулсан ажгуу. Гуань гүн Сяпи балгасанд гал мандсаныг үзээд ихэд цочин айж шөнө хэдэнтээ уул руу нэвтлэн гарсугай хэмээн ирвээс цөм сацлан харвасан зэвд харвагдаж эгэв.
Тэнгэр гэгээрсэн хойно дахин уулнаас бууж дайран гарсугай хэмээтэл гэнэт нэгэн хүн морь довтолгон ууланд гарч ирэв. Үзвээс Жанляо болой. Гуань гүн угтаж өгүүлрүүн: “Вэнь Юань ирж байлдсугай хэмээмүй үү”. Жанляо хэлрүүн: “Бус болой! Хуучин нөхрийн урьдын найрыг бодож тусгайлан золгохоор ирэв” хэмээгээд даруй дам илдээ гээж мориноос буугаад Гуань гүн лугаа ёслон барсан хойно уулын оройд суулцав. Гуань гүн өгүүлрүүн: “Вэнь Юань эсвээс намайг хэлэлцсүгэй хэмээн ирэв үү?” хэмээн асууваас Жанляо өгүүлрүүн: “Тийм бус! Ах намайг аварсан тул энэ өдөр дүү би яахан ахыг тэнхрүүлэхгүй байж болох болмуй”. Гуань гүн өгүүлрүүн: “Тийм болбоос Вэн Юань надад тусалсугай хэмээмүй үү?”. Жанляо өгүүлрүүн: “Бас бус бөлгөө”. Гуань гүн өгүүлрүүн: “Надад туслахгүй болбоос энд ирж юу хиймүй?”. Жанляо өгүүлрүүн: “Сюаньдө байх ба үгүй болсныг мэдэхгүй бөгөөд Идөгийн амьд ба үхсэнийг эс мэдмүй. Цаоцао гүн нэгэнтээ Сяпи хотыг эвдээд цэрэг иргэнийг огт халдсангүй хүн томилж Сюаньдөгийн гэрийн бүхнийг халхлан сахиулж “Цочоож болохгүй!” хэмээн цаазлав. Энэ мэт хүндэтгэснийг дүү би тухайлан ахад хэлэхээр ирэв”. Гуань гүн ихэд хилэн төрж өгүүлрүүн: “Энэ үг чухам намайг хэлэлцэхээр ирсэн болой. Би эдүгээ хэдий мохдолын газар буй гэвч үхэхийг эгэх мэт санамуй. Чи хурдан очигтун! Би уулнаас бууж байлдмуй” хэмээсэнд Жанляо ихэд инээн өгүүлрүүн: “Ахын энэ үг дэлхий дахинд элэглэгдэх бус уу?”.
Гуань гүн өгүүлрүүн: “Би шударга журмаар үхэхэд яаж дэлхий дахинд элэглэгдмүй?”. Жанляо өгүүлрүүн: “Эдүгээ үхвээс таны ял гурав буй” хэмээжээ. Гуань гүн өгүүлрүүн: “Чи түр миний аль гурван ялыг өгүүлэгтүн!”. Жанляо өгүүлрүүн: “Анхан Лю мужийн захирагч ах лугаа журмаар барилдах цагт “амьдравч үхэвч цуг” хэмээн ам алдсан бөлгөө. Эдүгээ Лю мужийн захирагч сая алдсанд ах даруй үхэн байлдаад хэрвээ мужийн захирагч дахин гарч ирээд ах чиний туслахыг эрэвч олохгүй болбол харин тэр оны болзож ам алдсаныг үтээрэх бус уу? Энэ нэгэн ял болой. Жич Лю авгай гэрийн бүхнийг ахад найдсан атал ах үхэн байлдаад хоёр хатан итгэж, түших газаргүй болбоос харин захирагч танд найдсан хүнд явдлыг үтээрмүй. Энэ хоёр дахь ял болой. Ахын цэргийн эрдэм олноос хэтийдсэн бөгөөд ном судрыг нэвтэрсэн атал Лю авгай лугаа хамт Хань улсын төрийг тэнхрүүлэхийг санахгүй. Талаар буцлам ус, ноцох галд орсугай хэмээх нь бэртэгчин эрийн мугуйд санаа бөгөөд яахан журам хэмээж болох билээ? Энэ гурав дахь ял болой. Ахад ийм гурван ял байхад дүү би хэлж өгөхгүй болмуй уу?” хэмээв. Гуань гүн нэлээд удаан бодож өгүүлрүүн: Чи надад гурван ял буй хэмээсэн нь намайг яатутай хэмээмүй”. Жанляо өгүүлрүүн: “Эдүгээ дөрвөн зүгт цөм Цаоцао гүнгийн цэрэг тул ах дагахгүй болбоос эрхгүй үхэх нь гарцаагүй.
Талаар үхэвч тусгүй тул түр Цао гүнг дагаж алгуурхнаар Лю авгайгийн мэдээг сурвалжлаад ямар газарт байхыг мэдсэн хойно эрэхээр одвоос нэгд хоёр эхнэр хүмүүнийг хамгаалж чадаад, хоёрт болбоос тоорын хүрээлэнгийн болзооноос үтээрэхгүй. Гуравт болбоос хэрэгтэй биеийг агуулж болмуй. Энэ гурван тус байх тул ах нарийвчлан хянаваас зохимуй” хэмээсэнд Гуань гүн өгүүлрүүн: “Чи гурван тустайг өгүүлбээс надад гурван зүйлийн болзоо буй. Цао чансанг дагавал би даруй хуягаа тайлсугай! Хэрвээ эс тогтоовоос би мөн гурван ялыг хүлээн авч үхэхийг хүсмүй”. Жанляо өчрүүн: “Чансангийн сэтгэл агуу бөгөөд бодлого их тул юунд багтаахгүй аж? Гурван хэргийг сонсохыг хүсмүй”. Гуань гүн өгүүлрүүн: “Нэгд нь би Лю хааны авга лугаа хамт Хань хааны төрийг тэтгэмүй хэмээн амалдсан бөлгөө. Би эдүгээ гагц Хань хаанд дагахаас Цаоцаод дагахгүй. Хоёрт хоёр бэргэнд хааны авгын пүнлүүг өгч тэжээхийг гуйж алив дээд доорд хүн цөм хаалганд хүрч болохгүй. Гуравт нь хааны авгыг байх газрыг мэдсэн даруйд мянга түмэн газар хэмээн хаана үгүй, доороо маргаж эрэхээр одмуй. Гурваас нэг нь дутагдваас дагахгүй, Вэнь Юань хурдан хойш мэдүүлэхийг хүсмүй”. Жанляо хүлээн авч даруй морио унаж Цаоцаод золгохоор ирээд урьд Хань улсын хаанд дагахаас Цаоцаод дагахгүй хэмээх хэргийг хэлэхэд Цаоцао инээн өгүүлрүүн: “Би Хань хааны тэргүүлсэн сайд тул Хань хэмээгч даруй би болой. Үүнийг дагаж болмуй”. Жанляо бас хэлрүүн: “Хоёр эхнэр хүмүүнд хааны авгын пүнлүүг өгч алив дээд доорхийг хаалганд хүргүүлж болохгүй хэмээмүй”. Цаоцао өгүүлрүүн: “Би хааны авгын пүнлүүнд нэн хувь нэмж өгсүгэй. Дотоод гадаадыг чанга цаазлах нь гэрийн хууль тул ямар сэжиглэх хэрэг буй?”. Жанляо бас өгүүлрүүн: “Ганц Сюаньдөгийн мэдээг олбоос хэдий хол гэвч эрхгүй одмуй” хэмээсэнд Цаоцао толгойгоо сэжлэн хэлрүүн: “Тийм болбоос би Юньчаныг тэжээж юу хиймүй. Энэ хэргийг дагахуйяа бэрх” хэмээсэнд Жанляо өгүүлрүүн: “Эртний Юйрангийн олон улсын эрдэмтэн хэмээх шүүмжлэлийг192 сонссонгүй юу? Лю Сюаньдөгийн Юньчаныг хүндэтгэсэн нь зузаан өршөөснөөс өнгөрөхгүй болой. Чансан нэнд илүү зузаан өршөөж түүний сэтгэлийг зангидваас Юньчангийн бишрэн дагахгүйгээс юунд эмээх болой?”. Цаоцао өгүүлрүүн: “Вэнь Юаньгийн үг маш зохистой. Би энэ гурван хэргийг дуртайяа дагасугай!” хэмээв. Жанляо дахин уулын дээр очиж Гуань гүнд сануулсанд гуань гүн өгүүлрүүн: “Хэдий ийм боловч Чансанг түр цэргээ татахыг хүсмүй. Би балгасанд орж хоёр бэргэнд золгож хэргийг хэлсний хойно даруй дагасугай!”. Жанляо бас хойш эгэж энэ үгийг Цаоцаод хэлэхэд Цаоцао даруйд захиа зарлаж цэргийг гучин газрын хойш татуулбаас Сюнь Юй өгүүлрүүн: “Болохгүй! Хуурмаг болбоос яанам”. Цаоцао өгүүлрүүн: “Би үзвээс Юньчан журамт сайд тул яавч батыг алдахгүй” хэмээгээд даруй цэргээ татав. Гуань гүн цэргээ авч Сяпи хотод орж үзвээс хүн ард амар жимэр нэгэн ч хөдөлсөнгүй. Шууд ордонд орж хоёр бэргэндээ золгохоор ирвэл Гань, Ми хоёр хатан Гуань гүнийг хүрч ирэв хэмээн сонсоод даруй гарч угтав. Гуань гүн яндрын дор ёсолж өгүүлрүүн: “Хоёр бэргэнийг цочоосон нь миний осол болой!” хэмээв. Хоёр хатан өгүүлрүүн: “Хааны авга эдүгээ хаана буй”. Гуань гүн өгүүлрүүн: “Одсон газрын мэдэхгүй” хэмээсэнд хоёр хатан өгүүлрүүн: “Хоёрдугаар авга эдүгээ яасугай хэмээмүй?”. Гуань гүн өгүүлрүүн: “Би балгаснаас гарч үхэн байлдсаар шороон ууланд хаагдсан хойно, Жанляо намайг ятгаж, дагатугай хэмээхэд би гурван зүйлийн хэргээр болзсоныг Цаоцао ойшоон дагасан тул тусгайлан цэргийг татаж хот дотор тавин оруулсан бөлгөө. Би бэргэний санааг олж мэдээгүйд зориг дураар болсонгүй” хэмээсэнд хоёр хатан өгүүлрүүн: “Аль гурван хэрэг болов?” хэмээсэнд Гуань гүн урьдын хэргийг нэгэн зэрэг хэлсэнд Гань хатан хэлрүүн: “Өчигдөр Цаоцаогийн цэрэг балгасанд орж ирэхүйеэ бид цөм эрхгүй үхмүй хэмээсэн бөлгөө. Санамсаргүй үсний мэт юмыг ч хөдөлгөсөнгүй, нэгэн цэрэг хэмээн хаалганд эс оров. Авга нэгэнтээ хүлээсэн болбоос төдий буй за! Бид хоёулаас асууж юу хиймүй? Гагц хойч өдөр авга чамайг Цаоцао хааны авгыг эрэхээр илгээхгүй болов уу хэмээмүй”. Гуань гүн өгүүлрүүн: “Бэргэн сэтгэлээ сул тавь! Надад өөр санаа буй”. Хоёр хатан өгүүлрүүн: “Авга өөрөө ухаж мэдтүтэй! Алив үйлийг манай эхнэр хүнээс асуух хэрэггүй” хэмээв. Гуань гүн салж гарч ирээд даруй хэдэн арван морьтонг авч Цаоцаод золгохоор ирэхэд Цаоцао биеэр цэргийн хүрээнд хаалганы гадна гарч угтсанд Гуань гүн даруй мориноос буугаад орж ёсолсонд яаран хариу ёс хийв. Гуань гүн өгүүлрүүн: “Дарагдсан цэргийн жанжин Чансангийн алсангүй хүнд хишигт талархмуй” хэмээсэнд Цаоцао Өгүүлрүүн: “Би ер Юньчан таны шударга журамтайд бахдаж агсан бөлгөө. Энэ өдөр завшаанаар олж золгоод ер миний эрмэлзсэнд тохууруулав” хэмээсэнд Гуань гүн өгүүлрүүн: “Вэнь Юаньгаар уламжлан мэдүүлсэн гурван зүйлийн хэргийг Чансан ойлгон хүлээн авсныг санахад үгийг эгүүлэхгүй буй за!” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Миний үг нэгэнтээ гарсан тул юу хэмээн батыг алдмуй?”.
192 Юйран гэгч бол байлдаант улсын үеийн хүн болой. Тэр ердөө: Улсын эзэн хэрвээ намайг олон хүний маягаар үзвэл би даруй олон хүний овроор хариулна. Хэрвээ тэр намайг улсын эрдэмтнээр үзвэл би бас ч улсын эрдэмтний овроор хариулна гэж ярьдаг байжээ.
Гуань гүн өгүүлрүүн: “Би хэрвээ хааны авгын байх газрыг мэдвээс хэдий ус галд хийсгэвч эрхгүй очиж дагамуй. Тэр цагт аяарлан хэлж завдахгүй болжээ. Олдохул багтахгүй ажаамуй.” Цаоцао өгүүлрүүн: “Сюаньдө хэрвээ байваас эрхгүй гүн чамайг илгээмүй. Гагц самуун цэрэгт үгүй болсон буй за. Гүн түр сэтгэлээ сул тавьж сонсон үз” хэмээн өгүүлсэн хойно Юньчан харамж өгсөнд Цаоцао хурим бэлтгэж, сайтар хуримлав.
Дэд өдөр Юньчан цэрэг эгэхэд Гуань гүн хөсөг тэргийг засамжилж, хоёр бэргэнээ тэргэнд залж суулгаад өөрийн бие цэрэг авч тэргийг хамгаалан явжээ. Зам гудас өртөө гэрт буухад Цаоцао эзэн түшмэлийн ёсыг самууруулсугай хэмээн Гуань гүнийг хоёр бэргэн лүгээ хамт нэгэн гэрт буулгасанд Гуань гүн ганцаар цонхны гадна зогссоор нэгэн шөнө өнгөрөөж, нэг ч халирас хийхгүйд Цаоцао Гуань гүнгийн энэ мэтийг үзээд нэн илүү хичээнгүйлэн хүндлэв. Нэгэнтээ Сюйчанд хүрсэн хойно, Цаоцао нэгэн ордон салган өгч Гуань гүнийг суулгахад, Гуань гүн нэгэн гэрийг хоёр хүрээ болгон хувааж дотоод хаалганд хөгшин цэрэг арван хүнийг салган сахиулж өөрөө гадаад гэрт суув. Цаоцао Гуань гүнийг удирдан Сяньди хаанд бараалхсанд хаан Гуань гүнийг хажуугийн жанжин болгосонд, Гуань гүн хишигт мөргөөд гэртээ эгэв. Дэд өдөр Цаоцао их хурим бэлтгэн бичиг цэргийн түшмэдийг хуруулахад Гуань гүнийг зочны ёсоор хүндэлж дээд суудалд суулгав. Бас хэмэрлэг торго, алт мөнгөний сав хүргэж ирэхэд Гуань гүн цөмийг хоёр бэргэндээ өгч хураалгав. Гуань гүн Сюйчанд хүрснээс Цаоцао ихэд зузаатган аваачиж гурван өдөрт нэг бага хурим, таван өдөрт нэг их хурим базаан бас “Гуань гүнд үйлчил!” хэмээн гоо охин арван нэр хүргэж ирсэнд Гуань гүн цөмийг дотоод хүрээнд илгээн хоёр бэргэнийг үйлчлэгтүн хэмээв. Гурван өдөр болоод нэгэн удаа дотоод хаалганы гаднаас бие мэхийн ёс хийж хоёр бэргэний амар сайныг асуумуй. Хоёр хатан хойш хааны авгын мэдээг асууж бараад “Авга өөрийн тааваар бологтун!” хэмээвээс Гуань гүн сая эгэж гармуй. Цаоцао үүнийг сонсоод нэн хувь нэмж хүндэтгэн бишрээд барахгүй бөлгөө.
Түүнээс нэгэн өдөр Цаоцао Юньчангийн өмссөн ногоон хэмэрлэгийн дээл хуучирсныг үзээд түүний биеийн өндрийг хэмжиж өөр зүйлийн сайн хэмэрлэгээр нэгэн зах оёулан өгснийг Гуань гүн хүлээн авч дотроо өмсөөд гадуур уг хуучин дээлээр халхлав. Цаоцао инээн өгүүлрүүн: “Юньчан юу хэмээн ийн цэвэр буй?” Гуань гүн өгүүлрүүн: “Би цэвэрч бусын тул болой! Хуучин дээл болбоос хааны авгын хүртээсэн нь тул би өмсвөөс ахын нүүрд золгосон мэт. ямар аймшиггүй чансангийн шинэ хүртээснийг үзээд ахын хуучныг нь умартмуй? Тийнхүү давхарлан өмссөн болой”. Цаоцао сайшаан өгүүлрүүн: “Үнэхээр журамтай хүн болой” хэмээв. Хэдий аманд бахдан сайшаавч сэтгэлд үнэнхүү баярлахгүй бөлгөө. Нэгэн өдөр Гуань гүн ордондоо ахуйд гэнэт зарц хүн ирж мэдүүлрүүн: “Дотоод хүрээний хоёр хатан уйлан газарт унажээ. Ямар учрыг мэдэхгүй. Жанжин хурдан орж үзэгтүн!” хэмээсэнд Гуань гүн даруй дээлээ засаж дотоод хаалганы гадна сөгдөж асууруун: “Хоёр бэргэн юуны учирт энэ мэт уйлмуй?”. Гань хатан өгүүлрүүн: “Би шөнө хааны авгын бие газар зоорьт унав хэмээн зүүдэлсэн тул сэрээд Ми хатан лугаа шүүмжлэн санахад нэгэнтээ есөн булгийн дор байх буй за хэмээн уйлсан бөлгөө”.
Гуань гүн өгүүлрүүн: “Зүүдний үйлийг гэрчилж болохгүй. Энэ нь бэргэн дотроо санахын шалтгаан болой. Битгий зовогтун!” хэмээв. Түүнээс Цаоцао хүн зарж Гуань гүнийг хуримлая хэмээн залахаар ирэхэд Гуань гүн хоёр бэргэнээсээ салж Цаоцаод золгохоор ирвээс Цаоцао Гуань гүнгийн нүдний нулимс асгаруулсан байдлыг мэдээд учрыг асуусанд гуань гүн өгүүлрүүн: “Хоёр бэргэн ахыг мөрөөдөн уйлахад санамсаргүй миний сэтгэлд энэлгээ төрөгдөв”. Цаоцао инээн уужруулж хэлээд архи уулгахад Гуань гүн ихэд согтоод сахлаа өргөж өгүүлрүүн: “Амьдарч байгаад улс төрд ач хүргэн чадахгүй бөгөөд ахаас зөрөх нь талаар хүмүүн болсон болой!” хэмээсэнд Цаоцао асууруун: “Юньчангийн сахал нь тоотой юу?”. Гуань гүн өчрүүн: “Бараг хэдэн зуу буй. Намар болбоос гурав тав зулгарч унамуй. Өвөл болбоос түүний тасрахаас айж үргэлж хар шаагаар уут хийж халхалдаг” хэмээсэнд Цаоцао даруй хэмэрлэг шаагаар уут хийж Гуань гүнд өгч “Сахлаа хамгаал!” хэмээв. Дэд өглөө хаанд бараалхахад хаан Гуань гүнгийн өвчүүнд шаагийн уут байхыг үзээд асууваас Гуань гүн айлтгаруун: “Сайд миний сахал урт тул чансан уут хүртээж хамгаалуулав”. Хаан өмнөө тайлуулж үзвээс хэвлийг өнгөрсөнд хаан өгүүлрүүн:
“Үнэхээр сайхан сахалт гүн болой” хэмээжээ. Түүнээс хүмүүс цөм түүнийг “Сайхан сахалт гүн” хэмээн дуудах болов. Гэнэт нэгэн өдөр Цаоцао Гуань гүнийг залж хуримлаад тарсан хойно ордны гадна хүртэл үдээд Гуань гүнгийн морь туранхайг үзээд Цаоцао өгүүлрүүн: “Гүнгийн морь юунд ийм туранхай аж?”. Гуань гүн өгүүлрүүн: “Дорд миний бие маш хүнд тул ямар ч морь байсан ялгаагүй ийнхүү үргэлж турмуй”. Цаоцао хоёр жигүүрийн хүнийг нэгэн моринд эмээл тохож авчир хэмээсэнд удалгүй хөтөлж ирэв. Тэр морь галын цог мэт, байдал дүр маш хатуу чийрэг ажээ. Цаоцао заан өгүүлрүүн: “Гүн энэ морийг таних уу?”. Гуань гүн өгүүлрүүн: “Эсвээс Люйбүгийн унадаг “Улаан туулай” морь бус уу?” гэж асууваас Цаоцао өгүүлрүүн: “Тийм болой!” хэмээгээд даруй эмээл хазаартай нь Гуань гүнд өгөв. Гуань гүн дахин давтан ёсолж, сөгдөн тал өгөхөд Цаоцао урамсгүй өгүүлрүүн: “Би удаа дараагаар сайн охид, алт монгө, торго эд гарган өгвөөс гүн нэгэнд нь ч дорогш сөгдөн ёсолсонгүй. Эдүгээ би морь өгөхөд харин баярлаж дахин давтан сөгдөж ёслох нь юунд хүнийг доромжлон унааг хүндэтгэмүй?”. Гуань гүн өгүүлрүүн: “Би энэ морины нэгэн өдөр мянган газар явахыг мэдмүй. Эдүгээ завшаанд олсон тул хэрвээ ахын мэдээг олсон цагт нэг өдөрт даруй золгож болох болой”. Цаоцао сая сэрэгдэж маш гомдов. Гуань гүн ёслон оджээ.
Хожмын хүн шүүрс алдаж, шүлэглэсэн шүлгийн үт:
“Гурван улсыг сүрээр дарсан баатар нэр мандаад
Нэгэн гэрийг хуваан суусан чигч журам алдаршжээ
Зусар чансангийн хийдэм ёслол талаар хүндэлсэн бөлгөө
Журамт Гуань Юн Цаоцаод дагахгүйг яахан олж мэдмүй”
Цаоцао Жанляогаас асууж өгүүлрүүн: “Би Юньчаныг хүндэлсэн нь нимгэнгүй атал тэр үргэлж одох сэтгэлийг өвөрлөх нь юун болой?”. Жанляо өгүүлрүүн: “Би түүний байдлыг байцаан үзсүгэй” хэмээн өгүүлээд дэд өдөр Гуань гүнд золгохоор одож ёслон суусан хойно Жанляо өгүүлрүүн: “Би ахыг хүний хойно болгосонгүй бөлгөө”. Гуань гүн өгүүлрүүн: “Чансангийн хүнд өршөөсөнд гүнээ талархаж барахгүй. Гагц миний бие хэдий энд байвч сэтгэл нь хааны авгыг санаж нэгэн цаг хэмээн дотроос гарахгүй”. Жанляо өгүүлрүүн: “Ахын үг цалгайрав. Орчлонд бие гарагчид хүнд хөнгөнийг ялган салгахгүй болбоос эр хүн бус болой. Сюаньдө ахыг өршөөсөн нь Чансангаас юун хэтрэх аж? Ах юунд гагцхүү одох санааг өвөрлөмүй?”. Гуань гүн өгүүлрүүн: “Би үнэнхүү Цао Гүнгийн намайг өршөөх нь маш зузааныг мэдмүй. Гэвч би Лю хааны авгын зузаан хишигт хүртэж, хамт үхмүй хэмээн амалдсаныг тэсэргүүлбээс болохгүй. Би эцэстээ энд байхгүй. Тийм боловч эрхгүй гавьяа байгуулж Цао гүнд ач хариулсан хойно сая одмуй” хэмээв. Жанляо өгүүлрүүн: “Сюаньдө нэгэнт үгүй болсон болбоос гүн хаана одох буй”. Гуань гүн өгүүлрүүн: “Газрын дор дагаж очих буй за”. Жанляо Гуань гүнийг хэрхэвч үлдээж болохгүйг мэдээд ёслон салж ирээд эгэж Цаоцаод золгож үнэнээр хэлбээс Цаоцао бишрэн өгүүлрүүн: “Эзнийг үйлчлэхдээ түүний үндсийг умартахгүй нь дэлхий дахины журамт эрдэмтэн болой”.
Сюнь Юй хэлрүүн: “Түүний өгүүлэх нь гавьяа башуулж сая очмуй хэмээмүй. Хэрвээ түүгээр гавьяа байгуулуулахгүй болбоос яахан одож чадмуй?” хэмээсэнд Цаоцао: “Тийм” хэмээв.
Тэндээс Сюаньдө Юаньшаогийн дэргэд үдэш өглөө хараахан хорсож гаслахад Юаньшао өгүүлрүүн: “Сюаньдө юунд үргэлж зовнимуй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Хоёр дүүгийн мэдээг нэгэн ч олохгүй бөгөөд эм хүүхэд Цаоцаод автагдаад дээдэд болбоос хаанд ач хариулан чадахгүй, доордод болбоос гэрийг хамгаалан эс чадсан тул юунд зовнихгүй болой?” хэмээв. Юаньшао өгүүлрүүн: “Би хэдийнээс цэрэг олж, Сюйдү балгасыг авсугай хэмээн санасан бөлгөө. Эдүгээ хаврын дулаанд чухам цэрэг үүсгэх цаг болой” хэмээн даруй Цаоцаог эвдэх учрыг зөвлөхөд Тяньфэн ятган өгүүлрүүн: “Урьд Цаоцао Сюйжоуг байлдахад Сюйдү хоосон байтал тэр үед цэрэг хэрэглэхгүй эдүгээ Сюйжоуг аваад Цаоцаогийп цэрэг чухам хурц байх тул хялбараар байлдаж эс болмуй. Удаандаа түүний завсрыг үзэж сая хөдлөхөд хүрэхгүй” хэмээсэнд Юаньшао өгүүлрүүн: “Алгуур бодсугай!” хэмээгээд Сюаньдөгөөс асууруун: “Тяньфэн намайг бэхлэн сахь хэмээн хоригломуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Цаоцао эзнийг мэхэлсэн хулгайг гэгээн гүн хэрвээ арилгахгүй болбоос дэлхий дахины их журмыг алдахаас эмээмүй”. Юаньшао өгүүлрүүн: “Сюаньдөгийн үг маш сайн” хэмээгээд “Цэрэг байгуулсугай” хэмээсэнд Тяньфэн бас ятгаваас Юаньшао хилэн төрж өгүүлрүүн: “Та бичигт орж цэргийг хөнгөтгөн намайг их журмыг алдуулмуй уу?”. Тяньфэн мөргөлхийлэн өгүүлрүүн: “Хэрвээ сайд миний сайн үгийг сонсохгүй болбоос цэрэг гаргавч сайнгүй болой”. Юаньшао ихэд хилэгнэж алсугай хэмээхэд Сюаньдө хүчлэн ятгасаар гянданд хорив. Зюйшоу Тяньфэнийг гянданд хоригдсоныг үзээд өөрийн угсаа төрлийг цуглуулж гэрийн эдийг дуустал түгээн өгч салах ёс хийж өгүүлрүүн: “Би цэргийг дагаж одоход дийлбээс сүр нэмэгдэхийг өгүүлэх газаргүй. Хэрвээ дийлэгдвээс нэгэн биеийг хамгаалан эс чадмуй” хэмээсэнд олноор уяран нулимсаар үдэв.
Тэндээс Юаньшао их жанжин Яньляныг гавшгай болгож Байма хөтлийн зүг байлдахаар очуулахад Зюйшоу ятгаж өгүүлрүүн: “Яньлянгийн чанар цухал хэдий баатар боловч ганцаараар хүлээлгэж болохгүй!”. Юаньшао өгүүлрүүн: “Миний их жанжинг таны зэргийн хүн мэдэж, олох нас бус” хэмээгээд их цэргийг дэвшүүлэн Ли Янд хүрвээс Дунзюньгийн Тайшоу түшмэл Лю Янь Сюйчанд довтолгон мэдүүлсэнд, Цаоцао яаран цэрэг үүсгэж, дайсныг халхлахыг зөвлөвөөс Гуань гүн сонсоод даруй Чансангийн яаманд ирээд Цаоцаод золгож өгүүлрүүн: “Сонсвоос Чансан цэрэг үүсгэсүгэй хэмээмүй. Би өмнө цэрэг болж одохыг хүсмүй” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Жанжинг хол зүдээж төвдөхгүй. Эрт орой хэрэг байваас залахаар ирсүгэй!” хэмээсэнд Гуань гүн эгэв.
Цаоцао арван таван түмэн цэргийг авч гурван анги хувааж мордов. Замд бас Лю Яньгийн яарлын бичгийг залгалдаагаар хэдэн удаа хураан авсанд Цаоцао таван түмэн цэргийг авч биеэр Байма газарт одож шороон уулын ойр буугаад холоос харвал уулын өмнө нэгэн тэгш их хээрт Яньлянгийн өмнө ангийн арван түмэн шилдэг цэрэг жагсаал жагсаажээ. Цаоцао үзээд хойш хандаж Люйбүгийн хуучин жанжин сунсяньгийн зүг өгүүлрүүн: “Би сонсвоос чи Люйбүгийн доорх баатар жанжин хэмээмүй. Эдүгээ Яньлян лугаа нэгэнтээ байлдагтун!” хэмээхэд Сунсянь хүлээн авч жад барин морилон гарч шууд жагсаалын өмнө хүрвээс Яньлян илдийг хөндлөн барьж тугийн дор морьтойгоо зогсох бөгөөд Сунсяньгийн морь хүрч ирснийг үзээд Яньлян нэгэнтээ бархирмагц морь довтолгон угтан ирж гурван удаа байлдсангүй, гар өргөмөгц Сунсяньгийг цавчин мориноос унагаав. Цаоцао ихэд цочиж өгүүлрүүн: “Үнэхээр баатар жанжин болой”. Вэйсюй өчрүүн: “Миний нөхрийг алсанд хариу авахаар очихыг хүсмүй”. Цаоцао: “Од!” хэмээсэнд Вэйсюй морь унан жад барьж шууд жагсаалын өмнө хүрч Яньлянг ихэд харааваас Яньлян үг дуугүйгээр нэгэнтээ байлдсанд Вэйсюйгийн толгойг цавчин унагаав. Цаоцао өгүүлрүүн: “Эдүгээ хэн аймшиггүй байлдахаар очих вэ?” хэмээсэнд Сюйхуан өчиж гараад Яньлян лугаа хорин удаа байлдаж дарагдаад хойш цэргийн жагсаалд ирсэнд олон жанжин нар цөм цочилцов. Цаоцао цэрэг дарагдсанд Яньлян мөн цэргээ хураав. Түүнээс Цаоцао дараагаар хоёр жанжин хохирсонд дотроо зовниж байхад Чэн Юй өгүүлрүүн: “Нэгэн хүнийг өргөн гаргаваас эрхгүй Яньляныг ялж чадмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Хэн буй?”. Чэн Юй өгүүлрүүн: “Гуань гүнээс бусад болохгүй”. Цаоцао өгүүлрүүн: “Түүний гавьяа олсон хойно даруй одохоос эмээмүй”. Чэн юй өгүүлрүүн: “Любэй хэрвээ байваас эрхгүй Юаньшаог дагахаар очмуй. Эдүгээ Гуань гүнгээр Юаньшаогийн цэргийг эвдүүлбээс Юаньшао лав Любэйг сэжиглэж алах болой. Любэй нэгэнтээ алагдваас Юньчан яахан очиж чадах аж?” хэмээсэнд Цаоцао ихэд баярлан даруй хүн зарж, Гуань гүнийг залахаар илгээв. Гуань гүн даруй хоёр бэргэний дэргэд аяарлахаар орсонд хоёр бэргэн өгүүлрүүн: “Авга энэ удаа одвоос хааны авгын мэдээг сурвалжилмуй” хэмээжээ.
Түүнээс Гуань гүн хүлээн авч гарч ирээд, хөх луут дам илдийг барин, “Улаан туулай” моринд морилоод хэдэн нэр дагагсдыг дагуулан байма газар ирж Цаоцаод золговоос Цаоцао: “Яньлян залгалдаагаар хоёр жанжинг алаад түүний баатарт тэсэхүйеэ бэрх тул тусгайлан юньчаныг залж зөвлөсүгэй!” хэмээсэн учрыг гарган хэлсэнд Гуань гүн өгүүлрүүн: “Би очиж үзсүгэй!” хэмээв. Үүнд Цаоцао дарс бэлтгэж хүндлэн уулгаж, байх зуур гэнэт хүн ирж: “Яньлян байлдахаар ирэв” хэмээн мэдүүлжээ. Цаоцао Гуань гүнийг авч уулын дээр гарч үзэхээр одоод Цаоцао Гуань гүн лүгээ суулцсан хойно олон жанжин тойрон зогсжээ. Цаоцао уулын доорх Яньлянгийн жагсаалын туг шинэ бөгөөд жад илд, шугуй мэт сэгийлцэн төв чанга хийгээд сүртэйг зааж Гуань гүнд өгүүлрүүн: “Голын хойдох193 цэрэг морь энэ мэт идэрхэг баатар” хэмээхэд Гуань гүн хэлрүүн: “Миний үзүүлбээс шороон тахиа, вааран нохой мэт болой” хэмээсэнд Цаоцао бас зааж өгүүлрүүн: “Их тугийн доорх хатгамал дээл алтан хуягтай, илд барьж морь унан зогсох нь даруй Яньлян болой”. Гуань гун тэргүүн өргөж нэгэнтээ үзээд Цаоцаод өгүүлрүүн: “Би Яньляныг үзэхэд өвс хатгаж толгойгоо худалдах хүн мэт болой”. Цаоцао өгүүлрүүн: “Хөнгөлөн үзэж болохгүй” хэмээв. Гуань гүн босож өгүүлрүүн: “Би хэдий эрдэм чадалгүй боловч түмэн цэргийн дотор одож түүний толгойг авч Чансанд өргөн барьсугай!”. Жанляо өгүүлрүүн: “Цэргийн дотор наадам үггүй. Юньчан битгий дэмий хялбараар аваачигтун!”. Гуань гүн уурлан морийг унаж дам илдээ хойш хандуулан барьж уулнаас довтолгон буугаад гарьдийн нүдийг дүгрэглэн нээж, хүр хорхойн хөмсгөө сэрийлгэн босгоод дайсны дотор дайран оров. Хөбэйгийн цэрэг долгион нээж давлагаа хагарсан адил хоёр тийш зайлав. Гуань гүн шууд Яньляныг зүглэн орвоос Яньлян төв хэмээн их туг дор агаад Гуань гүнгийн ирэхийг үзэж сая асуусугай хэмээтэл Гуань гүнгийн “Улаан туулай” морь түргэн тул нэгэнтээ нүдний өмнө хүрч ирэв. Яньлян гар хөдлөн завдсангүй Юньчан нэгэн илдээр цавчин мориноос унагаагаад агшин зуур мориноос бууж Яньлянгийн толгойг огтлон аваад морины хүзүүнд өлгөн уяж моринд алавхийн мордоод дам илдээ барьж жагсаалаас гарч одсон нь хүнгүй газар явах мэт. Хөбэйгийн жанжин цэргүүд ихэд цочиж байлдсангүйгээр өөрөө самуурсан тул Цаоцаогийн цэрэг хойноос нэхэж алсныг нь тооловч барахгүй. Морь хуяг цэргийн зэвсгийг олсон нь маш үлэмж аж. гуань гүн довтолгон ууланд гарахад олон түмэн баярлан сайшаав. Гуань гүн Цаоцаод Яньлянгийн толгойг өргөн барихад Цаоцао өгүүлрүүн: “Жанжин үнэхээр сахиус болой”. Гуань гүн өгүүлрүүн: “Намайг ямар тоочих хэрэг буй. Миний дүү Жан Идө зуун түмэн цэргийн дотор орж тэргүүлсэн жанжингуудын толгойг авах нь уутанд хийсэн юмыг авах мэт бөлгөө”. Цаоцао ихэд хиртхийн хойш хандаж хоёр жигүүрийн олны зүг өгүүлрүүн: “Үүнээс хойш хэрвээ Жан Идө лүгээ учирваас битгий хөнгөлөн байлдагтун!” хэмээгээд цөм дээлийн дотоод энгэрт тэмдэглэн бичүүлж ойлгуулав.
193 Хөбэй гэдэг нь голын хойдох гэсэн утгатай үг.
Тэндээс Яньлянгийн дарагдсан цэрэг буруулан эгэхэд зам зуур Юаньшаод золгоод мэдүүлрүүн: “Улаан царайтай урт сахалт дам илд барьсан нэгэн баатар жанжин ганц мориор жагсаалд орж Яньляныг алж одсонд ихэд дарагдав” хэмээсэнд Юаньшао цочин өгүүлрүүн: “Энэ нь хэн буй”. Зюйшоу өгүүлрүүн: “Энэ эрхгүй Лю Сюаньдөгийн дүү Юньчан болой”. Юаньшао ихэд хилэн төрж Сюаньдөг хуруугаар заан: “Чиний дүү миний амраг жанжныг алсан тул чи лав хамт бодлого хийсэн буй. Чамайг үлдээж юу хиймүй” илд сүх баригчдыг дуудаж “Сюаньдөг аваачиж алагтун!” хэмээв. Энэ чухамхүү:
“Анхан учрахад дээд зочмодоор аваачин хүндэлсэн нь
Энэ өдөр арайхан яндрын доорх хориулын хүн болжээ”
Эгнэгт Сюаньдөгийн амь ямар болохыг мэдэхгүй, доорх бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )