Гурван улсын үлгэр | 26 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 20

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-26 ДУГААР БҮЛЭГ

ЮАНЬ БЭНЬЧУ ЦЭРЭГ ДАРАГДАЖ ЖАНЖНЫГ ХОХИРУУЛСАН ГУАНЬ ЮНЬЧАН ТАМГЫГ ӨЛГӨЖ АЛТЫГ БИТҮҮМЖИЛСЭН

Өгүүлэх нь: Юаньшао, Сюаньдөг алсугай хэмээсэнд Сюаньдө алгуур аажмаар өгүүлрүүн:

“Гэгээн гүн нэгэн үгний төдийхнийг сонсоод, эрт өдрийн найрыг даруй тасалмуй уу? Любэй би Сюйжоу мужаас сарниад хоёрдугаар дүү Юньчангийн байх ба үгүйг мэдэхгүй тэнгэрийн доор адил нүүрт нь бага бус. Гагц улаан царайт, урт сахалтай нь эрхгүй Гуань тэр хэмээвээс болмуй уу. Гэгээн гүн яахан хянан үзэхгүй аж” хэмээхэд Юаньшао угаас нэгэн тогтворгүй хүн тул Сюаньдөгийн үгийг сонсоод Зюйшоуг буруушааж өгүүлрүүн: “Чиний үгийг эндүүрэн сонсоод арай сайн хүнийг алахад хүрүүлэв” хэмээгээд Сюаньдөг дээр залан суулгаж, Яньлянгийн хариу авахыг зөвлөхөд цацрын доороос нэгэн хүн өчиж хэлрүүн: “Яньлян над лугаа ах дүү мэт. Эдүгээ Цаоцао хулгайд алагдсан тул яахан өшөөг авч өгөхгүй болмуй?” хэмээв. Сюаньдө үзвээс тэр хүний биеийн өндөр найман тохой, нүүр голч гөрөөс адил Хөбэй газрын нэрт жанжин овог Вэнь, нэр Чоу болой. Юаньшао баярлаж өгүүлрүүн: “Чамаас бусад нь Яньлянгийн өшөөг авч чадахгүй. Би чамд арван түмэн цэрэг өгсүгэй. Хатан голыг гэтлэн Цаоцао хулгайг хөөж ал!”. Зюйшоу өгүүлрүүн: “Болохгүй эдүгээ цэргийг Яньзиньд зогсоож цэрэг хуваан Гуаньдүд буух нь дээд арга болой. Хэрвээ хөнгөлөн голыг гэтлээд хэрвээ хувьсал гарваас олон цөм эгэж чадахгүй болмуй”. Юаньшао хилэгнэж өгүүлрүүн: “Та цөм цэргийн сэтгэлийг бачмаг болгон өдөр сарыг түлхэж их үйлийг саатуулмуй, цэргийг сахиулсан мэт хурдан болговоос эрхэм хэмээх үгийг сонссонгүй юу?”. Зюйшоу гараад шүүрс алдаж хэлрүүн: “Дээд нь өөрийн санааг дураар омгорхож, доорд нь түүний гавьяаг хичээгээд хязгааргүй хатан голыг гэтэлмүй үү?” хэмээгээд түүнээс өвчнөөр шалтаглаж гарч хэрэг зөвдөхгүй болов. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй би ямагт өршөөсөн их ачид хариулах тухайг олоогүй, санаанд Вэнь жанжин лугаа хамт одож, нэгэнд болбоос гэгээн гүнгийн ачид хариулсугай.

Хоёрт мөн дашрамаар Юаньчангийн мөн бишийг магадлан үзсүгэй хэмээмүй”.

Юаньшао баярлаж Вэньчоуг дуудаж “Сюаньдө лүгээ хамт цэрэг авч өмнө анги болж од!” хэмээхэд Вэньчоу өгүүлрүүн: “Сюаньдө удаа дараа дарагдсан жанжин тул цэрэгт ашиггүй болжээ. Нэгэнт эзэн гүн түүнийг илгээх болбоос би гурван түмэн цэрэг хуваан өгч хойд анги болгосугай” хэмээгээд Вэньчоу долоон түмэн цэргийг авч урьдаар мордоод Сюаньдө гурван түмэн цэрэг авч дагалдаагаар мордов.

Тэндээс Цаоцао Юньчан Яньляныг алсныг үзээд нэн хувь нэмж, хүндлэн хаанд бичиг айлтгаж, Юаньчаныг “Ханьшоу Тинхоу” өргөмжлөөд тамга цутгаж Гуань гүнд өгөв. Гэнэт мэдээний хүн ирж хэлрүүн: “Юаньшао бас их жанжин Вэньчоуг илгээж Хатан голыг гатлан Яньзинь газар хүрээ буужээ” хэмээжээ. Цаоцао тэр мэдээг сонсоод урьд хүн зарж, тэр газрын иргэнийг Сихө газарт нүүлгэсэн хойно өөрийн бие олон цэргийг авч угтав. Түүнээс ухуулан зарлаж “Хойно цэргийг өмнө болгон өмнө цэргийг хойно болгож амуу өвсийг өмнө, цэргийг хойно яв!” хэмээхэд Люйцянь өгүүлрүүн: “Амуу өвсийг өмнө талд цэргийг хойно болгох нь ямар санаа болой?”. Цаоцао өгүүлрүүн: “Амуу өвс хойно болбоос олонх нь хулгайд автмуй. Тиймийн тул өмнө болгов”. Люйцянь өгүүлрүүн: “Хэрвээ дайсны цэрэг булаан аваачваас яамуй?”. Цаоцао өгүүлрүүн: “Би түр дайсны цэрэг хүрч ирсэн цагт учир шалтгаан буй” хэмээжээ. Люйцянь дотроо сэжиглэн ухсангүй. Цаоцао: “Амуу өвсний хэрэгсэл юмыг голыг ирмэглэн Яньзиньд хүргэгтүн!” хэмээн зарлав. Цаоцао хойдох цэрэгт байж өмнө цэргийн хашхирах дууг сонсоод даруй хүн гаргаж үзүүлэхээр илгээвээс ирж хэлрүүн: “Хөбэйн их жанжин Вэньчоугийн их цэрэг хүрч ирсэнд бидний цэрэг амуу өвсийг цөм гээж дөрвөн зүг сарниулжээ. Хойдох цэрэг бас хол тул одоо яамуй” хэмээхэд Цаоцао ташуураар өмнө довыг зааж өгүүлрүүн: “Түүнд түр зайлсугай” хэмээн хүн морь сая довд хүртэл цаоцао цэргийн хүнийг “Цөм хуягийг тайлж дуулгаа тайлаад баахан амар” хэмээн морийг тавиулсанд Вэньчоугийн цэрэг даруй хүрч ирэв. Олон жанжин нар өгүүлрүүн: “Хулгай хүрч ирэв. Хурдан морийг хурааж баймад эгсүгэй” хэмээхэд Сюнь Юй яаран зогсоож өгүүлрүүн: “Энэ төв хэмээн дайсныг гөхдөх цаг тул юу хэмээн буруулмуй” хэмээсэнд Цаоцао яаран Сюнь Юй рүү харж үзээд Сюнь Юй санааг ухаад дахин юм хэлсэнгүй. Вэньчоугийн цэрэг нэгэнтээ амуу өвс тэрэг зэргийг олж бас морийг булаан авахаар ирэхэд цэргийн ард ангийг алдаж, харилцан самуурсан тул Цаоцао цэрэг жанжныг довоос урагш нэгэн зэрэг байлдуулахад Вэньчоугийн цэрэг самуурсанд Цаоцаогийн цэрэг хааж ирэв. Үүнд Вэньчоу ганц биеэр хүчлэн байлдавч цэргийн ард харилцан хашхиралцаж самуурахыг Вэньчоу зогсоон чадахгүй болоод морь буцуулж буруулав. Цаоцао довын дээрээс зааж өгүүлрүүн: “Вэньчоу Хөбэйн нэрт жанжин. Хэн үүнийг гарч баримуй?” хэмээхэд Жанляо, Сюйхуан хоёр хамт гарч их дуугаар дуудруун: “Вэньчоу битгий явагтун!” хэмээхэд Вэньчоу хойш хандаж, хоёр жанжны гүйцэж ирэхийг үзээд даруй жадаа хөлөөр хавчиж, нуманд сум онилон чив хэмээн Жанляог харавахад Сюйхуан ихэд бархираад: “Хулгайн жанжин битгий харвагтун!” хэмээмэгц Жанляо толгойгоо бөхийтөл нэгэн суманд дуулга оногдож соновтор194 огцрон ойчив. Жанляо шаламгайлан нэхэж, очиход бас Вэньчоугийн нэгэн суманд морины магнай оногдохуйяа тэр морь өмнө хоёр хөлөөр сөгдтөл Жанляо газарт унав. Вэньчоу морио эргүүлэн ирэхэд Сюйхуан угтан авч байлдав. Үзвээс Вэньчоугийн хойдох цэрэг хамт хүрч ирсэнд Сюйхуан ялахуйяа бэрхийг мэдээд морийг татаж буруулан явав. Вэньчоу гол ирмэглэн нэхэж иртэл гэнэт үзвээс арван хэдэн морьтон туг хиур дэрвэлзэн хийсгэж нэгэн жанжин дам илд барьж нисэх мэт морь тавин ирмүй. Тэр Гуань Юньчан болой. Их дуугаар зандран: “Хулгайн жанжин битгий буруулагтун!” хэмээгээд гурван удаа болсонгүй Вэньчоу морийг эргүүлэн голын зүг буруулахуйяа Гуань гүнгийн морь түргэн тул завдаж хүрээд арын хойноос илдээр Вэньчоуг цавчин мориноос унагаав. Цаоцао довын дээрээс Гуань гүнгийн Вэньчоуг алсныг үзээд цэрэг морийг тавин дайран орсонд Хөбэйгийн цэргийн их хагас усанд унаад амуу өвс, тэрэг морийг цаоцао хэвээр булаан эгүүлэв.

194 Дуулганы цомцог

Тэндээс Юньчан хэдэн морьтонг авч зүүнш дайран баруунш шувталж, алан явахын хооронд Лю Сюаньдө гурван түмэн цэрэг авч хойно хүрч ирэхэд өмнө ангийн харуулын хүн Сюаньдөд ирж хэлрүүн: “Энэ удаа бас ч улаан царайтай урт сахалтай хүн Вэньчоуг алав” хэмээжээ. Сюаньдө сонсоод яаран довтолгон очиж үзвээс голын цаана нэгэн баг цэрэг морь урагш хойш нисэх мэт довтолгон тугийн дээр “Хань Шоу Тин Хоу Гуань Юнь Чан” хэмээх долоон үсэг бичжээ. Сюаньдо дотроо тэнгэр газарт залбиран: “Миний дүү үнэхээр Цаоцаогийн дэргэд буй ажгуу” хэмээн дуудан золгосугай хэмээвээс Цаоцаогийн их цэрэг дайрч ирэхтэй тааран аргагүй цэргээ хураан хойш эгэв. Юаньшао, Гуаньдүд хүртэл туслахаар ирээд хүрээ буусан хойно Гуоту, Сяофэй орж Юаньшаод золгон хэлрүүн: “Энэ удаа бас ч Гуань Юньчан Вэньчоуг алжээ” гэхэд Юаньшао ихэд хилэгнэн харааж өгүүлрүүн: “Их чихт хулгай ямар аймшиггүй ийнхүү үйлдмүй” хэмээжээ. Удалгүй Сюаньдө хүрч ирсэнд Юаньшао зарлаж: “Түлхэн гаргаж ал!” хэмээв. Сюаньдө өгүүлрүүн: “Надад ямар ял буй?”. Юаньшао өгүүлрүүн: “Чи санаатайгаар дүүгээ тавьж гарган бас миний нэгэн их жанжныг хохируулав. Яахан ялгүй хэмээмүй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Нэгэн үг хэлээд үхэхийг гуймуй.

Цаоцао язгуураас Любэй намайг жигших тул эдүгээ Любэйгийн гэгээн гүнгийн дэргэд бүхийг мэдээд намайг гүнд туслуузай хэмээн тийнхүү тусгайлан Юньчаныг гаргаж хоёр жанжныг алуулсан бөлгөө. Гэгээн гүн үүнийг мэдвээс эрх биш хилэгнэмүй. Энэ нь гүнгийн гарыг зээлэн Любэй намайг алуулсугай хэмээсэн арга тул гэгээн гүнгийн тольдон хянахыг хүсмүй”. Юаньшао өгүүлрүүн: “Сюаньдөгийн үг мөн болой. Та нар хариугүй надад мэргэдийг алсан муу нэрийг олуулахад хүргэв” хэмээгээд хоёр жигүүрийн ардыг зандарч илгээн Сюаньдөг залж дээр суулгав. Сюаньдө тал өгч өгүүлрүүн: “Гэгээн гүнгийн уудам их ачийг хүртэж, үхэн хариулах газаргүй тул нэгэн сэтгэл зүрхний мэт хүнийг олж нарийн нягт бичиг бариулан юньчанд золгохоор илгээж, түүгээр Любэйн мэдээг мэдүүлбээс тэр эрхгүй шөнө дөл хүрч ирмүй. Ирсэн хойно гэгээн гүнд тусалж хамт Цаоцаог алж Яньлян, Вэньчоугийн өшөөг авахуулбаас ямар”. Юаньшао ихэд баярлан өгүүлрүүн: “Би Юньчаныг олбоос Яньлян, Вэньчоугаас арван хувь дээд болой” хэмээсэнд Сюаньдө бичгийг үйлдэж гаргаваас хүргэж очих хүнгүй. Юаньшао цэргийг Ү Янгийн газарт эгүүлэн хэдэн арван газар урт хүрээ бууж, цэрэг хөдөлсөнгүй бөлгөө. Цаоцао Ся Хоудүньд цэрэг тушааж, Гуаньдүгийн хавцлын амыг сахиулаад өөрөө цэргийг татаж, Сюйдүд эгээд олон түшмэдийн хамт хуримлаж Юньчангийн гавьяаг баярлаад Люйцяньд өгүүлрүүн: “Тэр өдөр би амуу өвсийг өмнө болгосон нь “Дайсныг өгөөшдөх” арга болой. Гагц Сюнь Гүнда миний санааг ухсан бөлгөө” гэхэд олон цөм бишрэв. Дахинтаа уулцахын дунд гэнэт хүн ирж хэлрүүн: “Рунаньгийн газарт шар алчуурт хулгайн Люпи, Гундү хэмээгч байж маш өрнөн самууруулжээ. Цаохун хэдэн удаа байлдваас ашиг тусгүй тул цэрэг илгээж туслуулмуй” хэмээсэнд Юньчан сонсоод урагш давшиж өгүүлрүүн: “Нохой морины хүчийг гарган Рунаньгийн хулгайг эвдлэхээр одсугай!” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Юньчангийн их гавьяа байгуулсанд хүндээр шагнаагүй атал юунд бас алжаалгаж байлдуулахаар илгээмүй”. Гуань гүн өгүүлрүүн: “Би удтал чөлөөтэй сууваас эрхгүй өвчин үүсмүй. Дахин нэг удаа явахыг хүсмүй” хэмээсэнд Цаоцао “Их эрэлхэг” хэмээн хэлээд таван түмэн цэрэг өгч Юэзинь, Юйзинийг хавсрах жанжин болгож, жич өдөр даруй цэрэг мордуулав. Сюнь Юй нууцаар Цаоцаод өгүүлрүүн: “Юньчан үргэлж Любэйд одох сэтгэл буй. Хэрвээ мэдээг олбоос эрхгүй очих тул байлдуулахаар илгээж болохгүй”. Цаоцао өгүүлрүүн: “Энэ удаа гавьяа олсон хойно би дахин дайсны ойр илгээхгүй” хэмээв.

Тэндээс Юньчан цэрэг авч Рунаньгийн ойр хүрч хүрээ буугаад тэр шөнөдөө хүрээний гаднаас хоёр гэтэлхийлэгчийг барьж ирсэнд Юньчан үзвээс тэдний нэг нь Сүньцянь ажгуу. Гуань гүн хоёр этгээдийн ардыг эгүүлээд Сүньцяньгаас асууруун: “Сарнин салснаас гүн чиний мөр сургийг огт сонссонгүй бөлгөө. Эдүгээ яахан энд буй аж?” хэмээсэнд Сүньцянь өгүүлрүүн: “Би зовлонгоос гараад Рунаньд хэрж явсанд завшаанаар Люпи хураан авчээ. Өнөө жанжин хэрхэн Цаоцаогийн дэргэд амуй. Гань, Ми хоёр хатан амар сайн байх ба үгүйг эс мэдэв” хэмээсэнд Гуань гүн урьдын хэргийг нарийвчлан нэгэн зэрэг хэлж өгөв. Сүньцянь өгүүлрүүн: “Өнөөхөн Сюаньдө гүнийг Юаньшаогийн дэргэд буй хэмээн сонсож, эрэхээр одсугай хэмээсэн боловч тэр дашрамыг олоогүй. Эдүгээ Лю, Гун овогт хоёул Юаньшаог дагаж харилцан тусалж Цаоцаог эвдэлсүгэй хэмээн асан бөлгөө. Бас завшаанд жанжныг энд буй хэмээн сонсоод тусгайлан цэргийн хүнээр зам дагуулан намайг жанжинд чимээ бариулахаар илгээв. Маргааш хоёул хууран дарагдаж буруулах тул жанжин түргэнээ хоёр хатанг аваачиж Юаньшаогийн дэргэд очиж Сюаньдө лүгээ золготугай”. Гуань гүн өгүүлрүүн: “Ах үнэхээр Юаньшаогийн дэргэд буй болбоос би эрхгүй шөнө дөлөөр одмуй. Гагц зовох нь би Юаньшаогийн хоёр жанжинг алсан тул хэрэг хувьсах болов уу хэмээмүй”. Сүньцянь өгүүлрүүн: “Би урьдаар одож үнэн ташааг олоод дахин жанжинд мэдүүлэхээр ирсүгэй!”. Гуань гүн өгүүлрүүн: “Би ахын нүүрт нэгэнтээ олж золгосны хойно хэдий түмэнтээ үхэвч мөн маргахгүй. Эдүгээ Сюйдүд эгээд Цаоцаод хэлж даруй одмуй” гэж өгүүлээд мөн шөнөдөө сэмээр Сүньцянийг үдэж илгээв. Дэд өдөр Гуань гүн цэргийг дагуулан ирэхэд Гундү, Люпи хоёул жагсаалаас гарч ирэв. Гуань гүн өгүүлрүүн: “Та юунд эзнээс тэсэргүүлмүй?” хэмээсэнд Гундү өгүүлрүүн: “Чи эзнээс урвасан хүн юунд харин намайг зэмлэмүй?” Гуань гүн өгүүлрүүн: “Би яахан эзнээс урвасан буй?”. Гундү өгүүлрүүн: “Лю Сюаньдө, Юань Бэньчугийн дэргэд атал чи Цаоцаог дагах нь юу болой?”. Гуань гүн үг дуугарахгүй морио давхиулан дам илдээ далайж ороход Гундү даруй буруулав. Гуань гүн нэхэж гүйцсэнд Гундү бие эргэж Гуань гүнд хэлрүүн: “Хуучин эзний ачийг умартаж болохгүй. Гүн хурдан давшин орогтун! Би Рунаньг тавин өгсүгэй”. Гуань гүн түүний санааг ухаж, цэргийг даллан алан ороход Люпи, Гундү зоримог буруулан дөрвөн зүгт сарниж одов.

Түүнээс Юньчан, муж хошууг булаан авч иргэнийг амгуулан тогтоогоод, Сюйдүд цэрэг эгвээс Цаоцао хотоос гарч угтан цэргүүдийг шагнаж, хуримлан дууссан хойно Юньчан гэртээ эгэж хоёр бэргэнд хаалганы гадна ёслон золговоос гань хатан асууруун: “Авга хоёр зэрэг цэрэгт гараад хааны авгын мэдээг олсон уу?”. Гуань гүн өчрүүн: “Үгүй болой” хэмээгээд Гуань гүн эргэсэн хойно хоёр хатан үүдэн дотор гашуудан уйлж өгүүлрүүн: “Санахад хааны авга бие барсан буй. Хоёрдугаар авга бид эгч дүүг гаслуузай хэмээн тийнхүү дарж хэлэхгүй буй за” хэмээн ямагт уйлахад нэгэн дагаж очсон хөгшин цэргийн хүн уйлах дуу зогсохгүйг сонсоод хаалганы гадна зогсож хэлрүүн: “Хатад битгий уйлагтун. Эзний бие Хөбэйд Юаньшаогийн дэргэд буй” хэмээмүй. Хатан өгүүлрүүн: “Яахан олж мэдэв?”. Цэргийн хүн өгүүлрүүн: “Гуань жанжинг дагаж дайнд явсан хүн хэлсэн бөлгөө”. Хатан даруй Юньчаныг дуудан ирээд донгодож өгүүлрүүн: “Хааны авга чамайг үтээрсэн газаргүй бөлгөө.

Чи эдүгээ Цаоцаогийн ачийг хүлээгээд агшинд хуучин журмыг умартаж, маньд үнэнээр хэлж өгөхгүй нь ямар учир болой?”. Гуань гүн мөргөн өчрүүн: “Ах үнэндээ Хөбэйгийн газар буй. Бэргэн нарт эс сонсгох нь хэрэг задрахаас эмээсэн болой. Үйлийг алгуураар бодолхийлэхээс хурдалсугай хэмээж болохгүй” хэмээсэнд Гань хатан өгүүлрүүн: “Авга түргэвчилбээс зохимуй” хэмээв. Гуань гүн эгээд яаравчлан одох аргыг санах зуур суувч босовч амаргүй болжээ. Үзвээс Юйзинь, Любэйгийн Хөбэйд бүхийг мэдээд Цаоцаод хэлсэн тулд Цаоцао Жанляог зарж Гуань гүнгийн санааг туршуулахаар илгээв. Гуань гүн ямагт уйдан сууж бүхийд Жанляо орж баярлан өгүүлрүүн: “Ахыг дайнд Сюаньдөгийн мэдээг олов хэмээн сонсоод тухайлан баярын ёсоор золгохоор ирэв”. Гуань гүн өгүүлрүүн: “Хуучин эзэн хэдий байвч хойш учирсангүй тул ямар баяр буй”. Жанляо өгүүлрүүн: “Ахын Сюаньдө лүгээ нөхөрлөснийг нь дүүгийн ах лугаа ханилсанд адилтгаваас ямар буй?”. Гуань гүн өгүүлрүүн: “Би ах лугаа болбоос нөхөр ханийн найр болой. Би Сюаньдө лүгээ болбоос нөхөр бөгөөд ах дүү, ах дүү бөгөөд эзэн түшмэл яахан хамт шүүмжилж болмуй”. Жанляо хэлрүүн: “Эдүгээ Сюаньдө Хөбэйд буй тул ах очиж дагамуй уу?”. Гуань гүн өгүүлрүүн: “Урьд өдрийн үгийг яахан буцааж болох буй. Вэнь Юань миний төлөө Чансанд санааг нэвтрүүлэн өгмү!”. Жанляо, Гуань гүнгийн үгийг эгэж Цаоцаод хэлсэн хойно Цаоцао өгүүлрүүн: “Надад өөртөө агуулах арга буй” хэмээв.

Тэндээс Гуань гүн ямагт санаж бүхийд гаднаас хүн ирж хэлрүүн: “Хуучин хүн золгосугай хэмээн иржээ”. Даруй залж оруулбаас танихгүй тул Гуань гүн асууруун: “Гүн яасан хүн болой?”. Нөгөө хүн өчрүүн: “Би Юаньшаогийн доорх Нань Ян газрын Жэньжэн бөлгөө”. Гуань гүн ихэд хиртхийж яаран хоёр хажуугийн хүнийг зайлуулаад асууруун: “Ноёнтны энэ ирсэн нь лав хэрэг буй буй за?”. Жэньжэнь бичгийг гаргаж Гуань гүнд өргөв. Гуань гүн үзвээс Сюаньдөгийн бичиг болой. Тэр бичгийн эх бараг нь:

“Би эрхэм тан лугаа тоорын хүрээлэнд тангарагласнаас амалдаж хамт үхсүгэй хэмээсэн бөлгөө. Эдүгээ юунд хуурмагаар харилцан зөрчөөд ачийг огтлон журмыг тасалсан буй. Авгай эрхгүй гавьяа нэрийг олж баян эрхмээр явсугай хэмээвээс дуртайяа Любэй би тэргүүнээ өргөж гавьяа нэрийг бүрэн бүтэн болгож өгсүгэй. Бичгийн үгийг дуусган чадахгүй хойш захидал ирэхийг хүлээмүй”  хэмээжээ. Гуань гүн бичгийг үзэж дуусаад ихэд уйлан өгүүлрүүн: “Би ахыг эрэх дургүй нь бус. Ганц байх газрыг мэдэхгүй учир болой. Би юуны баян эрхмийг санаж хуучин болзооноос үтээрэх буй”. Жэньжэнь өгүүлрүүн: “Сюаньдө гүн таныг санах нь маш цухал тул гүн үнэхээр хуучин болзооноос үтээрэхгүй болбоос хурдан одож уулзваас зохимуй”. Гуань гүн өгүүлрүүн: “Хүмүүн тэнгэр газрын хооронд төрөөд, эх адаггүй болбоос эрдэмтэн сайд бус болой. Би ирсэн цаг тодорхой атал одох үес илэрхийгүй болж болохгүй. Би эдүгээ захидал бичиж гүн таныг гуйн ахад өргөмүй. Би Цаоцаод хэлээд бэргэн нарыг авч золгохоор одмуй”. Жэньжэнь өгүүлрүүн: “Хэрвээ Цаоцао ойшоохгүй болбоос яамуй”. Гуань гүн өгүүлрүүн: “Би үхэвч энд үлдэж болмуй уу”. Жэньжэнь өгүүлрүүн: “Гүн түргэн хойш илгээх бичгийг бичиж Лю авгайн эргэлзэн санахыг хэлтрүүлмүй” хэмээсэнд Гуань гүн өчиж бичсэн нь:

“Би сонсвоос журамт сэтгэлийг үтээрэхгүй, шударгуу дор үхэхийг хайхрахгүй хэмээмүй. Гуань Юй би бяцханаас бичиг уншсан тул ёс журмыг бүдүүвчлэн мэдмүй. Янзяо Ай, Зуо Ботаогийн хэргийг195 үзээд ер гурвантаа гуньхарч эс нулимс унагаахаар ч үгүй. Урьд Сяпи хотыг сахихад дотор цогцлуулсан амуу үгүй, гадна өмөглөх цэрэг байхгүйн тул үхэн гүйцэтгэсүгэй хэмээвээс хоёр бэргэнийг хүнд явдал байхад аймшиггүй тэргүүнийг огтолж бие өргөсөнгүй нь тушаан найдсаныг үтээрэхэд хүрүүлжээ хэмээн тийнхүү түр биеийг үлдээн хойшдын учралыг бодсон бөлгөө. Эдүгээ Рунаньд хүрч сая ахын мэдээг олсон тул даруй Цао гүнд нүүр золгож хэлээд хоёр бэргэнийг авч одохоор шийдлээ. Гуань Юй би хэрвээ өөр сэтгэл байваас сахиулсан хүн хамт хөнөөтүгэй. Элгийг хагалж, цөсийг таславч санааг бичигт бичиж барахгүй. Золгох нь хугацаатай болсноор гагц толилон аваачихыг мэхийн гуймуй”.

195 Янзяо Ай, Зуо Бөтао хоёр бол байлдаанч улсын үеийн үнэнч андууд ажээ. Тэд чү улс руу амин зуулга эрэлхийлж явах зам зуур цасан щуурганд дайрагдаж, хувцас нимгэн хоол хүнс хомс тул Зуо Бетао нь өөрийн омссөн хувцас, өөрт ногдсон амуугаа найздаа өгч амьд гарах боломж олгоод өөрөө амь егүүдсэн гэдэг. Янзяо Ай хожим том түшмэл болсон хойло иайзынхаа ясыг цуглуулан тахиж явсаар хожим мухар сүсгийн улмаас найз лугаа зүүдэндээ учирч, ачийг нь хариулахын тулд амиа тэвчсэн гэдэг домгийг энд дурьджээ.

Жэньжэнь бичгийг олоод хойш эгэхийг өгүүлэх юун. Түүнээс Гуань гүн дотор ороод хоёр бэргэндээ хэлсэн хойно даруй Чансангийн ордонд очиж Цаоцаод золгож маргасугай хэмээвээс, Цаоцао ирсэн ухааныг мэдээд хаалганд “Эгэгтүн!” хэмээх пайз бичиг өлгөжээ. Үүнд Гуань гүн уйдан эгээд хуучин дагасан хүнээр цэрэг морийг засуулан “Өглөө үдэш бэлтгэж байгтун!” хэмээн зарлаад бас гэр доторх эл хүртээн өгсөн юмыг үлдээн тавьж ямхын төдий авч явж болохгүй хэмээсэн хойно дахин чансангийн ордноо очиж “Тал өгсүгэй!” хэмээвээс үүдний түшмэл бас эгүүлэх пайзыг өлгөв. Гуань гүн залгалдаагаар хэдэн удаа очвоос цөм олж учирсангүй. Жанляогийн гэрт үзэхээр очиж дашрамд хэргийг хэлэлцсүгэй хэмээвээс Жанляо бас эмгэгтэй хэмээн шалтаглаад гарч ирэхгүйд, Гуань гүн дотроо сэтгэрүүн: “Энэ лав чансан намайг илгээхгүйн санаа болой. миний очих зориг нэгэнтээ тогтсон тул хэрхэн дахиж агуулан чадмуй” хэмээгээд нэгэн битүүмж бичиг үйлдэж Цаоцаод талархал илэрхийлээд салахыг өгүүлэв. Тэр бичгийн үг нь:

“Гуань Юй би багаас хааны авгыг үйлчилж, үхэвч амьдравч хамт хэмээн ам алдсаныг тэнгэр газар үүнийг айлдан мэдмүй. Урьд Сяпиг сахихыг алдсанд эл гуйсан гурван зүйлийн хэргийг нэгэнт өршөөж хүлээн авсан бөлгөө. Эдүгээ хуучин эзнийг Юаньшаогийн цэрэгт байхыг сонсож мэдээд эрт өдрийн хуучин болзоог өөдлөн санаваас яахан тэсэргүүлэн зөрчиж болох аж. “Шинэ ач хэдий зузаан боловч хуучин журмыг умартахуйяа бэрх” тул эдүгээ тусгайлан бичиг өргөж салахыг мэдүүлснийг мэхийн гуйх нь толилон хянах ажааму. Тэр үлдээсэн ачид хариулахыг хойш өдөрт гүйцэтгэхийг хүлээх болов уу” хэмээжээ.

Бичиж бараад битүүмжилсэн хойно хүнээр Чансангийн ордонд өргөхөөр илгээв. Нэгэнтээгүүр дараа дараагаар хураан авсан алт мөнгийг нэг нэгээр битүүмжилж санд тавиад Ханьшоу Тинхоугийн тамгыг танхимд өлгөж хоёр бэргэнээ тэргэнд суулган, Гуань гүн “Улаан туулай” морио унаад, хөх луут дам илдийг гартаа өргөсөөр хуучин дагуулан ирсэн ардаар тэргийг хамгаалуулан шууд хойд хаалгаар одоход хаалганы түшмэл зогсоовоос Гуань гүн түрэлхийлж дам илдийг хөндлөн бариад их дуугаар зандарсанд хаалганы түшмэл цөм ухран зайдав. Гуань гүн нэгэнтээ хаалгаар гарсан хойно дагах хүний зүг өгүүлрүүн: “Та нар тэргийг хамгаалж өмнө яв! Хэрвээ нэхэж ирэгчид аваас би биеэр тулж авсугай! Битгий хоёр хатанг айлгагтун!” хэмээсэнд дагах хүн тэргийг түлхэн их замыг барьж одов. Тэндээс Цаоцао ямагт Гуань гүнгийн үйлийг хэлэлцэж бүхийд хажуугийн хүн хэлрүүн: “Гуань гүнгийн бичгийг өргөхөөр иржээ” хэмээв. Цаоцао бичгийг үзээд ихэд хиртхийж өгүүлрүүн: “Юньчан нэгэнтээ одов” хэмээтэл гэнэт хойд хаалгыг сахьсан жанжин нисэх мэт ирж мэдүүлрүүн: “Гуань гүн хаалгыг булаан гараад тэрэг морь хорь илүү хүнтэй цөм умар зүг одов” хэмээжээ. Бас Гуань гүнгийн гэрийг сахьсан хүн ирж хэлрүүн: “Гуань гүн эл алт, мөнгө зэрэг юмыг битүүмжлэн охид арван хүнийг өөр дотоод гэрт суулгаж, өөрийн Ханьшоу Тинхоугийн тамгыг танхимд өлгөн Чансангийн салгаж өгсөн зарцлах хүнийг огт аваачсангүй. Ганц уг дагаж ирсэн хүн хийгээд биеийн хэрэглэх боодлоо авч хойд хаалгаар гарч одов” хэмээсэнд олон цөм дув дуугүй болов. Нэгэн жанжин гэхэлзэн гарч өндөр дуугаар өгүүлрүүн: “Би дуртайяа гурван мянган төмөр хуягийг гуйж очоод Гуань овогтыг амьдаар барьж Чансанд өргөсүтэй!”. Олон үзвээс харин жанжин Цай Ян болой. Энэ чухамхүү:

“Түмэн хос алд матар луугийн үүрнээс зайлсугай хэмээгээд

Бас гурван мянган чоно, барс мэт цэрэг учрав”

Эгнэгт Цай Ян, Гуань гүнийг нэхээд ямар болохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top