Гурван улсын үлгэр | 27 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 21

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-27 ДУГААР БҮЛЭГ

САЙХАН САХАЛТ ГҮН МЯНГАН ГАЗРЫГ ГАНЦ МОРИОР ЯВСАН ХАНЬШОУ ТИНХОУ ТАВАН БООМТОД ЗУРГААН ЖАНЖИНГ АЛСАН

Өгүүлэх нь: Цаоцаогийн харьяат олон жанжны дотор Жанляогоос гадна гагц Сюйхуан, Юньчан лугаа нийлж найрласан бөгөөд бусад нь бас ч цөм биширмүй. Гагцхүү Цай Ян, Гуань гүнийг таалахгүй, тийнхүү энэ өдөр одсоныг сонсоод “Нэхсүгэй!” хэмээхэд, Цаоцао өгүүлрүүн: “Угаас эзнээ умартахгүй гэдрэг эрж очих нь илт тодорхой, Үнэхээр ихэс эр болой. Та цөм дуурайваас зохимуй” хэмээгээд Цай Яныг зандран нэхүүлсэнгүйд Чэн Юй хэлрүүн: “Чансан Гуань Юйг маш зузаан хүндэлсэн атал эдүгээ тэр учрахгүй очоод нэгэн хуудас самуун үгээр дээдийн сүрийг хэтрэмхийлсэн196 нь түүний ял их болой. Хэрвээ тавьж Юаньшаод дагуулбаас барсад жигүүр нэмэгдүүлэх болно. Харин нэхэж алаад хойшдын зовлонг таслахад хүрэхгүй” хэмээв. Цаоцао өгүүлрүүн: “Эрт өдөр би нэгэнтээ амалдсан тул яахан батыг алдмуй. Тэр тусмаа бүр өөрийн эзний төлөө тул битгий нэхэгтүн!” хэмээгээд Жанляод өгүүлрүүн: “Эд мөнгө түүний сэтгэлийг хөдөлгөн чадахгүй. Хэргэм пүнлүү түүний зоригийг шилжүүлэн чадахгүй. Энэ зэргийн хүнийг би гүн хичээнгүйлмүй. Санахад тэр хол яваагүй бөлгөө. Би нэгэнтээ найр хийсүгэй хэмээмүй. Чи урьдаар одож түүнийг залж зогсоо! Би түүнийг үдсүгэй! Нэн бас хүнсний мөнгө байлдах дээл хүргэж өгөөд хойч өдрийн саналын тэмдэг болгосугай!” хэмээсэнд Жанляо захиаг хүлээж ганц мориор урьд очсон хойно Цаоцао арван морьтонг дагуулан хойноос нь явав.

196 Хэтрэмхий зан гаргах

Тэндээс Юньчангийн унасан “Улаан туулай” морь нэг өдөр мянган газар явахад чухам нэхэж гүйцэхгүй бөлгөө. Гагц тэргийг хамгаалсугай хэмээх тул аймшиггүй морийг тавихгүй хазаарыг татаж алгуур одмуй. Гэнэт арын хойноос хүний дуудах дуун сонсогдон “Юньчан түр алгуур яв!” хэмээжээ. Хойш хандан үзвээс Жанляо морь довтолгон ирэх ажгуу. Гуань гүн дагах хүнийг дуудан: “Ганц тэргийг авч их замыг барин шаардаж яв!” хэмээн илгээгээд өөрөө “Улаан туулай” морийг татаж дам илдийг атган асууруун: “Вэнь Юань эсвээс намайг нэхэж эгүүлмүй үү?”. Жанляо өгүүлрүүн: “Бус болой. Чансан ахыг хол одмуй хэмээн үдэхээр ирэх тул тусгайлан намайг урьдаар илгээж эрхмийн биеийг залж зогсоохоос өөр санаагүй” хэмээв. Гуань гүн өгүүлрүүн: “Чансангийн хуягт цэрэг ирэвч би ганцаар нэгэнтээ үхэн байлдахыг хүсмүй” хэмээгээд даруй гүүрэнд морилон зогсож үзвээс цаоцао арваад морьтонг авч нисэх мэт ирмүй. арын хойно Сюйчу, Сюйхуан, Юэзинь, Лидянь зэргийн ард дагажээ. Цаоцао Гуань гүнгийн дам илдээ хөндлөн болгож, гүүрний дээр морилон зогссоныг үзээд олон жанжин нарыг зүүн баруун хоёр этгээдэд хуваан жагсаав. Гуань гүн олон хүний гарт цөм зэвсэг үгүйг үзээд сая сэтгэл сулхан болов. Цаоцао өгүүлрүүн: “Юньчангийн явах нь юунд ийм түргэн аж?”. Гуань гүн морины дээр бие мэхийж ёслоод хэлрүүн: “Би урьд өдөр чансанд нэгэнтээ мэдүүлсэн бөлгөө. Эдүгээ хуучин эзэн Хөбэйд буй тул би түргэвчлэн одохгүй болбоос үл болмуй. Удаа дараа ордонд очсон боловч золгож чадсангүй. Тийнхүү бичгээр мэдүүлж маргасан болой. алтыг битүүмжлэн, тамгыг өлгөөд чансанд эргүүлэн баримуй. Хүсэх нь чансан урьд өдрийн үгийг үл умартмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Би тэнгэрийн дор батыг үзүүлсүгэй хэмээх бөгөөтөл юу хэмээн урьдын үгийг үтээрхмүй. Жанжин зам гудаст хүнс дутагдах болов уу хэмээн тусгайлан замын хүнс бэлдэн үдэхээр ирэв” хэмээн хэлтэл нэгэн жанжин морины дээр нэгэн тэвш алтыг өргөн иржээ. Гуань гүн өгүүлрүүн: “Дахин давтан хүртээн өгсөн хишигт харин ч илүү эд буй. Энэ алтыг үлдээж байлдах цэрэгт шагнамуй!”. Цаоцао өгүүлрүүн: “Энэ багахан тал нь их гавьяаны түмэн хувийн нэгийг хариулах нь буй за. Хэрхэж маргамуй?”. Гуань гүн өгүүлрүүн: “Өчүүхэн төдий зүтгэлийг хэрхэн сэтгэлд тавимуй”. Цаоцао инээн өгүүлрүүн: “Юньчан ертөнцийн журамт хүн, миний буян нимгэн тул олж үлдээн чадахгүй боловч хэмэрлэгийн магнаг нэгэн захаар ямхийн төдий сэтгэл болгон өгсүгэй” хэмээн нэгэн жанжинг мориноос буулгаж хоёр гараар өргөн бариулсан хойно Юньчан өөр хувьсал байжээ хэмээн мориноос буухгүй, дам илдний үзүүрээр магнаг дээлийг өлгөж аваад биедээ нөмрөөд тэргүүн эргэж харамж өгч өгүүлрүүн: “Чансан хувцас хүртээсэнд талархмуй. Өөр өдөр дахин уулзсугай!” хэмээгээд гүүрнээс бууж умард зүг одов. сюйчу өгүүлрүүн: “Энэ хүн огоот ёсгүй тул яахан баримтлахгүй аж?”. Цаоцао өгүүлрүүн: “Тэр нэгэн хүн ганц морь, бид хэдэн арван хүн тул яахан сэжиглэхгүй буй? Миний үг нэгэнтээ гарсан тул нэхэж болохгүй!” хэмээгээд олныг авч хойш хотдоо эгэх замд юньчаныг санаад гомдож баршгүй бөлгөө.

Тэндээс Гуань гүн тэргийг нэхэхээр одож гучин газар явтал үзэгдэхгүй тул цочиж, дөрвөн зүг эрэхэд гэнэт уулын дээрээс нэгэн хүн өндөр дуугаар: “Гуань жанжин түр зогс!” хэмээн дууджээ. Гуань гүн үзвээс нэгэн залуу шар алчуур хэмэрлэгийн дээл өмсөж гартаа жад барин морины хүзүүнд нэгэн толгой өлгөж зуу илүү явган хүнийг авч уулнаас нисэх мэт бууж ирэв. Гуань гүн асууруун: “Чи яасан хүн болой?”. Тэр залуу жадыг орхиод мориноос бууж газарт сөгдөв. Юньчан түүнийг аргадах болов уу хэмээн морио татаж дам илдийг барьсаар асууруун: “Идтэн чиний нэр овгоо хэлэхийг хүсмүй”. Тэр хүн өчрүүн: “Би угаас Сян Ян газрын хүн, овог Ляо, нэр Хуа, өргөсөн нэр Юаньзянь. Цагийн самуунд мөрөн тэнгист хэрж явсаар таван зуун хүн цуглуулж, тусгайлан булаан дээрэмдэхээр амьдарлага хиймүй. Өнөөхөн миний хоршоо Дү Юань хэмээгч уулнаас бууж явахдаа ташаарч хоёр хатанг булаан уулын дээр аваачсан бөлгөө. Би дагах ардаас асууваас “Хааны авгын хатан бөгөөд бас жанжныг хамгаалан явж буй” хэмээн сонсоод даруй уулнаас бууж хүргэн ирсүгэй хэмээвээс Дү Юань ёс бус үг гаргаж дагахгүй тул би түүнийг алаад эдүгээ жанжны өмнө толгойг өргөж ял хүлээхээр ирэв”. Гуань гүн өгүүлрүүн: “Хоёр хатан хаана буй”. Ляохуа өгүүлрүүн: “Өнөө ууланд буй”. Гуань гүн: “Хурдан уулнаас авчир!” хэмээсэнд удсангүй зуу илүү хүн тэргийг түлхэн ирэв. Гуань гүн мориноос буугаад тэргийг угтаж асуун өгүүлрүүн: “Хоёр бэргэн цочсон буюу?”. Хоёр хатан өгүүлрүүн: “Ляо жанжны хамгаалалаас бус болбоос Дү Юаньд ичгүүр болох бөлгөө” хэмээв. Гуань гүн дагасан ардаас асууруун: “Ляохуа яахан хатныг тэнхрүүлсэн аж?”. Дагасан ард өгүүлрүүн: “Дү Юань ууланд булаан аваачсан хойно Ляохуагийн хамт нэжгээд хуваан эм болгосугай хэмээхэд Ляохуау учрыг асууж ёслон хүндэлсэнд Дү Юань үгийг дагахгүй тул ляохуад алагдав. Гуань гүн тэр үгийг сонсоод Ляохуад тал хэлэв. Ляохуа өөрийн нөхдийг авч Гуань гүнд дагасугай гэхэд Гуань гүн сэтгэрүүн: “Энэ хүн шар алчууртны үлдсэн нам тул хань болгож болохгүй!” хэмээн тал хэлж марган зогсоов. Ляохуа мөнгө, торго хүргэж өгвөөс Гуань гүн бас хүлээн авсангүй, Ляохуа салаад нөхдөө авч ууланд одов.

Түүнээс Юньчан Цаоцаогийн хувцас өгсөн хэргийг хоёр бэргэндээ хэлээд тэргийг дагаж явсаар нар орой болсон хойно нэгэн гацааны гэрт хоносугай хэмээн очвоос гэрийн эзэн угтан ирэв. Сахал үс цөм цайжээ. Асууруун: “Жанжны овог юун нэр хэн болой”. Гуань гүн мориноос буугаад ёсолж хэлрүүн: “Би болбоос Лю Сюаньдөгийн дүү Гуань овогт болой”. Хөгшин хүн өгүүлрүүн: “Яньлян, Вэньчоуг алсан Гуань гүн бус уу?”. Гуань гүн өгүүлрүүн: “Мөн бөлгөө”. Хөгшин хүн ихэд хичээнгүйлэн гэртээ залахад Гуань гүн өгүүлрүүн: “Тэргэнд бас хоёр хатан буй” хэмээсэнд хөгшин хүн даруй эм охиныг дуудан гаргаж хоёр хатанг угтаж, улалжийн танхимд оруулсан хойно Гуань гүн гар уулзуулан хоёр хатны хажууд зогсов. Тэр өвгөн Гуань гүнийг “Суугтун!” хэмээхэд Гуань гүн хэлрүүн: “Хоёр бэргэний дэргэд яахан сууж болох билээ?” хэмээсэнд өвгөн даруй эм охиноор хоёр хатныг дотоод гэрт залж оруулан хүндлээд өөрөө танхимд Гуань гүнийг хүндлэв. Гуань гүн өвгөнөөс овог нэрийг асуухад өвгөн өчрүүн:

“Миний овог Ху, нэр Хуа, Хуаньди хааны үед илан түшмэл асан бөлгөө. Түшмэлийг байж нутагтаа эгэжээ. Эдүгээ миний хөвгүүн Хубань хэмээгч Син Янгийн Тайшоу Ванжигийн дор Цунши түшмэл болж буй. Жанжин хэрвээ тэр газраар өнгөрөн гарваас надад нэгэн битүүмж бичиг буй. Аваачиж хөвгүүнд уламжлан өгмү!” хэмээсэнд Гуань гүн хүлээн авав.

Удаах өдөр өглөөний будаа идсэний хойно хоёр бэргэнээ тэргэнд залж, Хухуагийн бичгийг аваад харилцан салж их замаар Луо Ян хотын зүг явсаар нэгэн боомтод хүрэв. Нэрийг Дүн Лингуань боомт хэмээмүй. Сахисан жанжны овог Кун нэр Сю. Таван зуун цэрэг авч давааны хавцал амыг сахижээ. Тэр өдөр Гуань гүн тэргийг даган давааг давж одоход цэргийн хүн Кунсюд хэлсэнд тэр боомтоос угтан гарч ирэхэд Гуань гүн мориноос бууж кунсю лүгээ ёслон золговоос өгүүлрүүн: “Жанжин хааш одмуй”. Гуань гүн өгүүлрүүн: “Чансангаас салаад тусгайлан Хөбэйд ахыг эрэхээр очмуй”. Кунсю өгүүлрүүн: “Хөбэйгийн Юаньшао төв хэмээн Чансангийн эсэргүүцэл тул жанжин энэ одоход эрхгүй Чансангийн тэмдэг бичиг байх буй за?” Гуань гүн өгүүлрүүн: “Мордох өдөр даанч шахам тул авч завдсангүй” хэмээсэнд Кунсю өгүүлрүүн: “Нэгэнтээ бичиггүй болбоос түр хүлээж, би хүн зарж чансанд мэдүүлсэн хойно сая тавин илгээсүгэй”. Гуань гүн өгүүлрүүн: “Чиний мэдүүлэхийг хүлээвээс миний явах зам саатах болой”. Кунсю өгүүлрүүн: “Цааз хуулийг баримтлах тул энэ мэт бус болбоос болмуй уу”. Гуань гүн өгүүлрүүн: “Чи миний боомт гарахыг ойшоохгүй юу?”. Кунсю өгүүлрүүн: “Чи өнгөрөн гарсугай хэмээвээс хөгшин залуугаа данж197 болгон тавигтун!” хэмээсэнд Гуань гүн ихэд хилэгнэж илдийг далай Кунсюг цавчин ирэхэд Кунсю яаран боомтод орж хэнгэрэг дэлдэн цэргээ цуглуулж бие хуяглан морь унаж боомтоос гарч ирээд их дуугаар бархиран өгүүлрүүн: “Чи аюулгүй боомтыг өнгөрөн гармуй уу”. Гуань гүн түр тэргийг хойш болгож, морио давхиулан илдээ далайж үг дуугүйгээр шууд Кунсюг цавчин оров. Кунсю угтан байлдах ганц удаад Кунсюгийн яс морины дор хөндөлдөн унав. Олон цэрэг буруулахад Гуань гүн өгүүлрүүн: “Цэргийн ард битгий явагтун! Би

Кунсюг алсан нь аргагүйн тул болой. Та бүхэнд хамаагүй. Та нар Цао Чансанд уламжилж Кунсю намайг хорлосугай гэх тул би сая алсан учрыг хэлэгтүн!” хэмээсэнд олон цэрэг цөм морины өмнө мөргөв.

197 Зээл, түүнтэй адилтгах зүйлийн барьцаа

Тэндээс Гуань гүн хоёр хатны тэргийг боомтноос гаргаад Луо Ян хотын зүг одов. Хэдийнээ харуулын хүн урьдаар Луо Янд одож Тайшоу түшмэл Ханьфүд мэдүүлэв. Ханьфү даруй олон жанжингуудыг цуглуулж зөвлөхөд бага жанжин мэнтань өгүүлрүүн: “Чансангийн тэмдэг бичиггүй болбоос даруй хулган явах тул хэрвээ зогсоохгүй болбоос бидэнд эрхгүй ял ирмүй”. Ханьфү өгүүлрүүн: “Гуань гүн идэрхэг баатар Яньлян, Вэньчоу харин ч цөм алагдсан болой. Эдүгээ хүчээр байлдаж болохгүй гагц аргаар бариваас болмуй”. Мэнтань өгүүлрүүн: “Нэгэн арга буй. Урагш шороор боомтын амыг халхалж түүнийг хүрч ирсэн хойно би цэрэг авч түүн лүгээ байлдаад хуурмаг буруулж түүгээр нэхүүлсүгэй! гүн чи хулган харвагтун! Хэрвээ Гуань гүн мориноос унавал даруй барьж Сюйдүд хүргэвээс эрхгүй хүнд шан олмуй” хэмээн зөвлөж тогтоход хүн ирж: “Гуань гүнгийн тэрэг хүрч ирэв” хэмээн мэдүүлэв. Үүнд Ханьфү нэгэн мянган холховч сумт цэргийг авч боомтын аманд жагсаагаад асууруун: “Ирэх нь хэн болой?”. Гуань гүн морины дээрээс бие бөхийж өгүүлрүүн: “Би Ханьшоу Тинхоу Гуань хэмээгч болой. Аймшиггүй зам зээлэн өнгөрмүй”. Ханьфү өгүүлрүүн: “Цао Чансангийн тэмдэг бичиг буй юу?”. Гуань гүн өгүүлрүүн: “Хэрэг олон тул авч завдсангүй”. Ханьфү өгүүлрүүн: “Би Чансангийн захиагаар энэ газрыг сахиж суун тусгайлан урагш хойш явах тагнуулчийг байцаан асуумуй. Хэрвээ тэмдэг бичиг үгүй болбоос даруй оргох боол болой”. Гуань гүн ихэд уур хүрч өгүүлрүүн: “Дунлиньгийн Кунсю нэгэнтээ надад алагдав. Чи бас үхэхийг эрмүй үү?”. Ханьфү өгүүлрүүн: “Хэн надад баримтлан өгмүй” хэмээтэл Мэнтань хос илд бариад, Гуань гүнгийн зүг байлдан гарав. Гуань гүн тэргийг баахан эгүүлээд морио давхин байлдаж, гурван удаа болсонгүй. Мэнтань морио салгаж явахад Гуань гүн нэхэж ирэв. Мэнтань гагц Гуань гүнийг өдөөн аваачихыг эрмэлзсэнээс Гуань гүнгийн морь түргэнийг санаж олсонгүй. Хэдийн завдаж хүрээд нэг илдээр цавчиж хоёр тийш болгов.

Гуань гүн морийг татаж нэхэн ирэхэд Ханьфү хаалганд далдалж хүчний чинээгээр нэгэн сум харваж илгээсэнд чив хэмээн Гуань гүнгийн зүүн мөрөнд онов. Гуань гүн амаар зэвийг сугалан авбаас цус тогтохгүй урсах, морь довтолгон шууд Ханьфүг зүглэн очоод олон цэргийг цөм дайран сарниулахад Ханьфү буруулан завдсангүй байтал Гуань гүн илд өргөмөгц толгой мөртэй хамт цавчиж мориноос унагаав. Түүнээс Гуань гүн олон цэргийг авч сарниулан тэргийг хамгаалж, нэг хэсэг цагаан хивийг огтлон зэвийн шархыг уяаж, замд хүн хоргоогуузай хэмээн зогсолгүй шөнө дөлөөр Сы Шүйгуань боомтын зүг одов. Боомт сахисан жанжин Бинжоу газрын хүн овог Бянь, нэр Си туухай манчрага198 хэрэглэхэд сайн. Угтаа шар алчуурт хулгайн нам бөлгөө. Хойно Цаоцаод дагаар ороод боомтыг сахихаар илгээжээ. Тухайд Гуань гүнгийн ирэх шахсаныг сонсоод мэргэн арга бодон олж, “Боомтын өмнө Жэнь Гуосы сүмд илд сүх барьсан хоёр зуун цэргийг бүгүүлж хундага цохихоор тэмдэг болгон хорлосугай!” хэмээн тогтсон хойно боомт гарч гуань гүнийг угтав.

198 Нэг төрлийн байлдааны зэвсэг

Гуань гүн Бяньсигийн угтахаар ирснийг үзээд мориноос бууж золговоос Бяньси өгүүлрүүн: “Жанжны нэр алдар тэнгэрийн доор алдаршсаныг хэн аймшиггүй хичээнгүйлэхгүй болой. Эдүгээ хааны авгад эгэж одох нь үнэхээр шударга журам хос бүрэн болой” хэмээхэд Юньчан Кунсю, Ханьфүг алсан үйлийг хэлсэнд Бяньси өгүүлрүүн: “Жанжны алсан нь зүй. Би чансанд золговоос чиг мөрийг мэдүүлэн өгсүгэй!” хэмээхэд Гуань гүн маш баярлаж хамт морилон Сы Шүйгуань боомтыг өнгөрч Жэнь Гуосыгийн өмнө хүрч мориноос буутал олон хуушаан199 нар хонх цохин гарч угтав. Тэр Жэнь Гуосы сүм болбоос Хань улсын Минди хааны хүж зулны хүрээ ажгуу. Тус сүмд гуч илүү хуушаан буй. Түүний доторх нэгэн хуушаан нь харин Юньчан лугаа нэгэн гацааны хүн бөгөөд сахилын нэрийг нь Пузин хэмээмүй. Тэр тухай Пузин нэгэнтээ түүний санааг мэдээд урагш давшиж Гуань гүнд золгож өгүүлрүүн: “Жанжин Пүдүнгийн газраас салаад хэдэн он болов?”. Гуань гүн өгүүлрүүн: “Хорин он шахжээ”. Пузин өгүүлрүүн: “Бас үгээгүй хуушааныг танимуй уу?”. Гуань гүн өгүүлрүүн: “Нутгаас ангижраад он удсан тул танилцахгүй болов”. Пузин өгүүлрүүн:

“Үгээгүү хуушааны гэр жанжны гэрээс ганц нэгэн гол алслах бөлгөө”. Бяньси, Пузингийн нутаг газрын сэтгэлгээг хэлэлцэн гаргахыг үзээд сэрэгдүүлүүзэй хэмээж зандран өгүүлрүүн: “Би жанжныг залж хуримласугай хэмээн атал чиний зэргийн хуушаан юунд олон үг хэлэлцмүй?”. Юньчан өгүүлрүүн: “Тийм бус нэгэн гацааны хүнд харилцан учирваас юу хэмээн хуучин сэтгэлгээг хэлэлцэхгүй аж”. Пузин гуань гүнийг “Өөрийн суусан гэртээ залж цай уулгасугай!” хэмээхэд Гуань гүн өгүүлрүүн: “Хоёр хатан тэргэнд буй. Урьдаар цай өргөвөөс зохимуй” хэмээсэнд Пузин цай авчруулж урьдаар хоёр хатанд өргөсөн хойно, Гуань гүн сая хуушааны гэрт орсонд Пузин гараар өөрийн зүүсэн санваарын хутгыг барьж нүдээр Гуань гүнийг харсанд Гуань гүн ухааныг мэдээд дагах нөхрийг дуудаж илдийг бариулж ойр дагуулав. Бяньси Гуань гүнийг “Сүмийн их танхимд залж хуримласугай!” хэмээхэд Гуань гүн өгүүлрүүн: “Бянь авгай намайг залж хуримлах нь сайн санаа юу? Муу санаа юу?”. Бяньси өчиж завдаагүйд Гуань гүн хэдийн хөшигний дотор илд сүхтэй цэрэг байхыг үзээд их дуугаар Бяньсиг зандран өгүүлрүүн: “Би чамайг сайн хүн хэмээсэн атал ямар аймшиггүй ийм зальхай явмуй”.

199 Хятад хувраг

Бяньси хэрэг сэрэгдсэнийг мэдээд их дуугаар “Түргэнээ гар хөдөл!” хэмээгээд тэдгээр сая хөдөлсүгэй хэмээтэл Гуань гүн сэлмээ сугалж, цөмийг цавчиж унагаав. Бяньси танхимаас гарч хэрсгийг тойрон буруулахад Гуань гүн сэлмийг цохиж дам илдийг бариад нэхэхэд Бяньси хулгаж, туухай манчрагаар Гуань гүнийг цохин илгээв. Гуань гүн дам илдээр тосон зайлуулж нэхэн ороод нэгэн илдээр цавчиж хоёр тийш болгов. Түүнээс даруй бие эргэж хоёр бэргэнээ үзэхээр ирвээс хэдийнээ цэргийн хүн хаажээ. Гуань гүнгийн ирэхийг үзээд цөм дөрвөн зүг сарнив. Гуань гүн олон цэргийг хөөж сарниулаад Пузинд ёслон тал өгч өгүүлрүүн: “Багшаас бус болбоос нэгэнтээ энэ хулгайд хорлогдох бөлгөө”. Пузин өгүүлрүүн: “Үгээгүү хуушаан энд байж болохгүй болов. Би бас ч бадар аяга, номын дээлийг авч хэрж явмуй. Хожим золгох хугацаа буй. Жанжин чи биеэ сайн хамгаал!” хэмээжээ. Юньчан харамж өгч тэргийг хамгаалан Син Янгийн зүг одов.

Түүнээс Рунань Тайшоу түшмэл Ванжи болбоос Ханьфү лугаа ураг болох бөлгөө. Гуань гүнгийн Ханьфүг алсныг сонсоод Гуань гүнг сэмээр хорлосугай хэмээн зөвдөж хүнээр боомтын амыг сахиулан Гуань гүнийг хүрч ирсэнд Ванжи боомтноос гарч баясгалангаар угтваас Юньчан ахыг эрэхээр одохыг хэлэв. Ванжи өгүүлрүүн: “Жанжин замд урагш хойш довтолгон хатад тэргэнд зовж зүдсэн тул түр хотод залран орж, өртөөний гэрт нэгэн шөнө бие амраад маргааш одоход эс оройтмуй”. Гуань гүн Ванжигийн сэтгэл санаа маш хичээнгүйг үзээд даруй хоёр бэргэнээ хотод залж оруулбаас өртөөний гэрт цөм дэвсэж жагсаан бэлтгэн ажээ. Ванжи Гуань гүнийг хуримлахаар аваачсугай хэмээн залбаас Гуань гүн маргаж очсонгүй тул Ванжи хүнээр хуримын ширээг өртөө гэрт илгээв. Гуань гүн замд зүдсэнээр хоёр бэргэнийг залж үдшийн зоогийг барьсан хойно дунд гэрт буулгаад дагах ардыг “Тусдаа бие амар! Морийг цадтал идүүл!” хэмээн илгээгээд өөрөө бас хуягаа гайлж баахан амсхийв.

Тэндээс Ванжи өөрийн доорх Цунши түшмэл Хубанийг дуудаж зарлан өгүүлрүүн: “Гуань гүн Чансангаас тэсэргүүлж оргон ирээд замд Тайшоу түшмэл бөгөөд боомтыг сахисан жанжингуудыг алсан тул халдсан ял хөнгөн бус. Энэ хүний баатар хүчирхэгт бид байлдваас тэсэхгүй. Чи энэ үдэш нэг мянган цэрэг салгаж буусан гэрийг хаагаад нэг хүний нэжгээд баглаа бариулт гал бариулан гурван жингийн үес нэгэн зэрэг гал тавьж хэн хүнийг асуухгүй цөмийг хуйхалж алагтун! Би бас цэрэг авч тусалсугай!” хэмээв. Хубань захиаг дагаж даруй цэргийг шалган сэмээр хуурай өвс, гал татах юм зэргийг өртөөний хаалганд зөөлгөөд болзооны цагт хэрэг үүсгэсүгэй хэмээв. Түүнээс Хубань сэтгэрүүн: “Би Гуань гүнийг хэдийн сонссон боловч ер ямар зэргийн хүнийг олж үзсэнгүй. Очиж гэтэлхийлэн үзсүгэй!” хэмээж өртөөний гэрт орж улаач түшмэлээс асууруун: “Гуань жанжин хаана буй?” хэмээхэд өчрүүн: “Гол гэрт сууж бичиг үзэх нь мөн болой”. Хубань танхимын өмнө хулган очиж үзвээс Гуань гүн зүүн гараар сахлаа эвхэж бариад ширээг түшиж зулны дор бичиг үзэж амуй. Хубань үзээд дуу алдан гайхаж өгүүлрүүн: “Үнэхээр тэнгэрийн сахиус болой”. Гуань гүн сонсоод асууруун:

“Яасан хүн болой?” хэмээсэнд Хубань даруй орж мөргөөд өгүүлрүүн: “Син Янгийн Тайшоугийн доорхи Цунши түшмэл Хубань” хэмээхэд Гуань гүн өгүүлрүүн: “Сюйдү хотын гаднах Хухуагийн хөвгүүн бус уу?”. Хубань өгүүлрүүн: “Тийм болой”. Гуань гүн даруй дагах хүнийг дуудаж хөсгийн дотроос бичгийг гаргаж Хубаньд өгөв. Хубань үзэж дуусаад Гуньхран өгүүлрүүн: “Арайхийн эндүүгээр шударга сайдыг алахад хүрүүлэв” хэмээгээд даруй сэмээр өчиж өгүүлрүүн: “Ванжи муу сэтгэл барьж жанжинг алсугай хэмээн сэмээр өртөөний гэрийн дөрвөн талаас хааж, гурван жингийн үес гал тавихаар болзов. Би эдүгээ урьдаар одож хаалгыг нээсүгэй! Жанжин хурдан хураамжилж хот гарагтун!”. Гуань гүн ихэд цочиж яаран хуяг дуулгыг өмсөж илдийг аван морь унаад хоёр бэргэнээ даруй тэргэнд суулгаж, өртөөний гэрээс гарч үзвээс үнэхээр цэргийн хүн тус бүр цөм гал тавих өвс барьж бэлтгэн амуй. Гуань гүн яаран хотын зах хүрч ирвээс хотын хаалгыг нэгэнт нээжээ. Гуань гүн тэргийг хөөж түргэвчлэн хотыг гарсан хойно Хубань хойш гарч гал тавив. Гуань гүн одож хэдэн газар явсангүй арын хойноос галын гэрэл гарч цэрэг морь нэхэж ирмүй. Ванжи урагшлан ирж өндөр дуугаар: “Гуань овогт битгий явагтун!” хэмээмүй. Гуань гүн морио татаж зогсоод хараан өгүүлрүүн: “Би чам лугаа өшөөгүй атал чи юунд хүн зарж гал тавиулмуй?”. Ванжи морио ташуурдан жад далайж, Гуань гүнг жадлан ирэхэд Гуань гүн зайлан гарч нуруугаар нэгэнтээ цавчихуйяа хоёр анги болгон мориноос унагаагаад цэрэг морийг цөм хөөж сарниулав. Гуань гүн тэргийг шаардаж түргэлэн одох замд Хубаньд талархаж барахгүй бөлгөө.

Түүнээс явсаар Хуажоу мужийн хязгаарт хүрвээс хүн Лю Яньд сонсгосонд Лю Янь даруй хотоос гарч хэдэн морьтонг авч угтав. Гуань гүн морины дээр бие бөхийж өгүүлрүүн: “Тайшоу салснаас нааш сайн уу?”. Лю Янь өгүүлрүүн: “Гүн эдүгээ хаана одсугай хэмээмүй?”. Гуань гүн өгүүлрүүн: “Чансангаас салаад ахыг эрэхээр одмуй”. Лю Янь өгүүлрүүн: “Сюаньдө Юаньшаогийн дэргэд буй. Юаньшао болбоос Чансангийн өшөөт хүн тул яахан гүнгийн очихыг хүлээмүй”. Гуань гүн өгүүлрүүн: “Эрт өдөр хэлэлцэж тогтсон бөлгөө”.

Лю Янь өгүүлрүүн: “Эдүгээ шар мөрний олом хийгээд боомт хавцалд Ся Хоудүньгийн доорх жанжин Циньци сахижээ. Жанжны гэтлэхийг хүлээхгүй буй за?”. Гуань гүн өгүүлрүүн: “Тайшоу онгоц өгч гэтэлгэвээс ямар буй?”. Лю Янь өгүүлрүүн: “Онгоц хэдий буй боловч өгөхөөс аймуй”. Гуань гүн өгүүлрүүн: “Би урьд Яньлян, Вэньчоут алж эрхэм таны зовлонг тайлсан бөлгөө. Энэ өдөр гагц нэг гэтлэх онгоц гуйваас өгөхгүй нь юу болой?” хэмээхэд Лю Янь өгүүлрүүн: “Ся Хоудүнь мэдээд надад ял хийхээс аймуй”. Гуань гүн Лю Яньгийн тэнхээгүй хүн болохыг мэдээд даруй тэргийг шаардан урагш давшсаар шар мөрөнгийн оломд хүрвээс Циньци цэрэг авч угтан гараад асууруун: “Ирэх нь яасан хүн буй” хэмээсэнд, Гуань гүн өгүүлрүүн: “Ханьшоу Тинхоу Гуань овогт болой”. Циньци өгүүлрүүн: “Эдүгээ хаана одсугай хэмээмүй?”. Гуань гүн өгүүлрүүн: “Хөбэйд ах Сюаньдөг эрэхээр одсугай хэмээн онгоц зээлэхээр ирэв”. Циньци өгүүлрүүн: “Чансангийн бичиг хаана буй”. Гуань гүн өгүүлрүүн: “Би Чансанд захирагдахгүй тул ямар бичиг буй?”. Циньци өгүүлрүүн: “Би Сяхоу жанжны захиагаар боомт хавцлыг сахимуй. Чи хэдий жигүүр ургавч гэмээнэ өнгөрөн гарч чадахгүй”. Гуань гүн хилэгнэж өгүүлрүүн: “Чи миний замд зам хоригсдыг алсныг мэдмүй үү”. Циньци өгүүлрүүн: “Чи гагц нэгхэн нэргүй доорд жанжныг алсан буй за, айлгүй намайг алмуй уу”. Гуань гүн өгүүлрүүн: “Чи Яньлян, Вэньчоуд адилтгаваас ямар буй?”. Циньци ихэд хилэгнэж илдээ далайн морио давхиулан Гуань гүнгийн зүг оров. Хоёр морь зөрөлдөн нэг удаад Гуань гүн илд өргөмөгц Циньцигийн толгойг цавчиж унагаав. Гуань гүн өгүүлрүүн: “Намайг хоригсод нь нэгэнт үхэв. Бусад цочин явах хэрэггүй. Хурдан онгоц авчирч намайг хүргэж гол гэтлүүлсүгэй!” хэмээсэн хойно цэргийн хүн даруй онгоцыг голын хөвөөнд тавьсанд Гуань гүн хоёр бэргэнээ онгоцонд суулгаж шар мөрнийг гэтлэв. Голын цаана даруй юаньшаогийн газар болмуй. Гуань гүн таван боомтыг өнгөрөхөд зургаан жанжинг алсан бөлгөө.

Хожмын хүний сүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Алтыг битүүмжилж тамгыг өлгөн

Хань улсын чансангаас салж

Ахаа эрэхээр алсын замыг чиглэн нэгэнтээ одов

Улаан туулай морь нэгэн өдөр мянган газар аялан

Урт дам илд таван боомтонд зургаан жанжинг цавчив

Агуу журам хуур шуур ертөнцөд мандаад

Аруухан баатар үүнээс уул мөрнийг донсолгоном

Аяны замд гагцаар тулсан хүч үнэхээр тэнцэшгүй

Адил гавьяаг хөх сударт түмэн үедээ үлдээв”

Түүнээс морины дээр гомдож өгүүлрүүн: “Би зам гудаст хүнийг алсугай хэмээсэнгүй бөлгөө. Гагц аргагүй учир болой. Цао гүн сонсвоос лав намайг ач журмыг үтээрсэн хүн гэх буй за!” хэмээн гэмшиж яван атал нэгэн морьт хүн хойноос ирээд их дуугаар дуудан: “Юньчан түр зогс!” хэмээжээ. Гуань гүн морио татаж үзвээс харин Сүньцянь болой. Гуань гүн асууруун: “Рунаньд салснаас нааш мэдээ ямар аж?”. Сүньцянь хариу өгүүлрүүн: “Рунаньгийн Люпи, Гундү жанжныг цэрэг эгсэн хойно дахин Рунанийг булаан аваад намайг зарж “Хөбэйгийн юаньшао” лугаа болзоо нийлэн Сюаньдөг зарж хамт Цаоцаог эвдлэх аргыг зөвлө!” хэмээн илгээсэнд санамсаргүй Хөбэйгийн олон цэргийн түшмэл харилцан атаархаж Тяньфөн басхүү Гянданд хоригдсоор буй. Зюйшоуг хөөж явуулаад хэрэглэхгүй. Шэньпэй, Гуоту тус тусдаа эрх барихаар тэмцэлдмүй. Юаньшао олонтоо сэжиглэж санаа тогтомгүй тул би хааны авга лугаа зөвдөж урьд бие гарах аргыг эрж, эдүгээ хааны авга нэгэнтээ Рунаньд одож Люпид золгон нийлэхээр очив. Жанжныг мэдэхгүйгээр Юаньшаогийн дэргэд одож гэдрэг хорлогдуузай хэмээн тусгайлан намайг замд жанжинг угт хэмээн илгээсэн болой. Завшаанаар энд золгов. Жанжин түргэнээ Рунаньгийн зүг хааны авгад золгохоор оч!” хэмээхэд Гуань гүн Сүньцянийг хоёр хатанд уулзуулбаас хатад түүний байдлыг асуусанд Сүньцянь Юаньшаогийн хааны авгыг хоёр удаа алсугай хэмээсэн бөгөөд эдүгээ завшаанд мултран гарч Рунаньд очсон тул хоёр хатан

360

одоо хааны авга лугаа энэ газар золгомуй” хэмээн учрыг дуусган хэлсэн хойно хоёр хатан цөм нүүрээ бүтээж уйлав. Гуань гүн үгийг дагаж Хөбэйд одохгүй шууд Рунаньгийн зүг явж атал хойноос тоос дэгдэх газраас нэгэн баг цэрэг морь нэхэн ирэх үзэгдэв. Тэргүүлэн ирэх нь Ся Хоудүнь өндөр дуугаар: “Гуань овогт битгий явагтун!” хэмээв. Энэ чухамхүү:

“Зургаан жанжин боомтыг хориглон талаар үхээд

Нэгэн анги цэрэг зам тосож дахин тэмцэлдмүй”

Эгнэгт Гуань гүн яахан бие мултран гарахыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй.

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top