Ирээдүйн өв сангийн тухай хуулийг 2011 оноос эхлэн боловсруулж, 2016 онд УИХ-аар баталсан юм.
Энэ хуулийн зорилт нь нөхөн сэргээгдэхгүй эрдэс баялгаас төсөвт төвлөрүүлсэн орлогыг өнөө ба хойч үеийнхэнд тэнцвэртэй хуваарилах зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор Ирээдүйн өв санг байгуулсан билээ.
Хууль 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн бөгөөд хэрэв хуульд өөрчлөлт оруулахгүйгээр, байгалийн баялгийн орлогоо хуримтлуулж чадвал 2075 онд Ирээдүйн өв сан 175 тэрбум ам.долларын хуримтлалтай болохоор тооцож байв. Гэвч хууль хэрэгжиж эхлэхээс ч өмнө 2016 оны сонгуулиар Ч.Сайханбилэгийн Засгийн газар 1.1 их наяд төгрөгийг зээлж, нийтэд тараасан байна.
Угтаа бол 2030 он хүртэл ямар нэгэн зарцуулалт хийхгүй гэсэн хуулийн заалттай. 2030 оноос хойш цэвэр орлогын 10 хувийн төсвийн зориулалттай зарцуулж болно. Энэ мөнгөө гадаадад хувьцаа худалдаж авах мэтээр байршуулна гэж тусгасан байна. Хууль батлагдсан цагаас эхлэн хуримтлал үүсгэсэн бол энэ онд 7 их наяд төгрөг байх ёстойг УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн хэлж байв. Харамсалтай нь, “Ирээдүйн өв сан” үе үеийн Засгийн газрын хойд хормойг нөхдөг сан болж, ийнхүү хоосорчээ.
Ч.Сайханбилэгийн Засгийн газар хууль зөрчин, ирээдүйн санд гар дүрсэн. Хасах 1,2 их наяд төгрөгийн өртэй санг хүлээн авсан ч 2021 оны төгсгөлд 1,3 их наяд төгрөг хуримтлагдаад байгаа талаар УИХ-ын дарга Г.Занданшатар хэлсэн билээ. Тэгвэл Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар ч энэ санд гараа дүрж, хүүхдийн мөнгө олгохоор болсон юм. Өөрөөр хэлбэл, Байгалийн баялаг ард түмэндээ хүрч байгаа хэлбэр нь хүүхдээр дамжин очих бодлого барьжээ.
Энэ талаар Сангийн сайд Б. Жавхлан “Энэ сангийн 1,3 их наяд төгрөг төрийн санд бий. Сангаас хүүхдийн мөнгө олгох нь зөв гэж Засгийн газар үзсэн” гэж мэдэгдэж байв. Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “18 нас хүртлээ хүүхдийн мөнгөө огт аваагүй хүн 20 гаруй сая төгрөг хуримтлуулах боломжтой. Байгалийн баялаг ард түмэндээ хүрч байгаа хэлбэр нь хүүхдээрээ дамжъя гэж тооцоолж байгаа. Тиймээс Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулж, зөвхөн хүүхдийн мөнгө хуримтлуулахад зарцуулна” гэв.
Төсвийн энэ удаагийн тодотголын төсөлд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2022 он дуустал Хүүхдийн мөнгийг иргэдийн гар дээр олгох хэмжээг 100,000 төгрөг хэвээр байлгахаар тусгаж оруулаад байна.
Тодотголын төсөлд уг асуудлыг тусгахдаа “2022 он гарснаар үүссэн олон улсын хямралт нөхцөл байдлын улмаас 2022 оны макро эдийн засгийн төсөөлөл анх тооцон төсөвт тусгаж байснаас өөрчлөгдөхөөр байгаа тул 2022 оны сүүлийн хагас жилд Төрийн сан дахь Хүүхдийн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр авах боломжийг хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчид мөн олгож, өрхийн орлогыг эрсдэлээс хамгаалах шаардлага үүсээд байна.
2022 оны эхний гурван сарын хугацаанд Хүүхдийн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргаж, түүний дагуу олгосон тайлан мэдээнээс үзвэл хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид тухайн хүүхдийн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр авах хэрэгцээ сонирхол өндөр байна гэж дүгнэхээр байна гэж Засгийн газар үзжээ. Тухайлбал, 2022 оны гуравдугаар сард 1,230.166 хүүхдэд Төрийн санд хуримтлал үүсгэснээс 1,229,684 хүүхдийн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр олгосон аж.
Тэгэхээр 482 хүүхэд л Төрийн санд мөнгөн хуримтлал үүсгэх хүсэлт гаргажээ.
Тодотгоход, Хүүхэд бүрийг хуримтлалтай иргэн болгох тухай Засгийн газрын “санаачилга” 2022 оны төсвийн тухай болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу, энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.
Түүнчлэн 2022 оны төсвийн жилд, нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр бэлнээр авах сонголтыг эцэг эх, асран хамгаалагчдад олгосон юм. Харин долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш энэ он дуусталх хугацаанд 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг Ирээдүйн өв санд хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр авах боломжийг өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд тусгасан юм.
Эрх баригчид энэ онд дэлхийн зах зээл дэх экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн таамаглал, экспортын биет хэмжээний төсөөлөл зэрэгтэй уялдуулан Ирээдүйн өв санд нийт 1,461,737.7 сая төгрөг төвлөрүүлнэ гэсэн тооцооллыг хийж, хуульчлан баталсан.
Тэгвэл төсвийн энэ удаагийн тодотголын төсөлд Ирээдүйн өв санд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх орлого болоод зарцуулах зарлагыг хэрхэн тооцсоныг хүргэе.
Сэтгэгдэл ( 2 )
Сайханбилэг гэж чадваргүй нөхрийг гар хөлийн үзүүрт ашиглах гэж ерөнхий сайд болгосон юмаа даа.Цаадах эзэд нь тушаал өгдөг нөхөр гарын үсэг зурдаг.
Тооцоо нь хаа байна? Ингээд идээд уучихдаг учраас өөрсдөө хүртчихсэн нь дээр.