"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-29 ДҮГЭЭР БҮЛЭГ
СЯО БАВАН204 ХИЛЭН ТӨРЖ ЮЙЗИГ АЛСАН ХӨХ НҮДЭТ ХӨВГҮҮН СУУСААР ЗЯНДУНГ ЗАХИРСАН
204 Бяцхан эзэрхэг гэсэн утгатай
Өгүүлэх нь: Сүньцө Зяндун газрыг эзэлснээс цэрэг чийрэг, амуу элбэг болжээ. Амгалан байгуулагчийн дөрөв дүгээр онд Лүзянг сундлаад Люсюнийг дарав. Юйфанийг элч болгон Юйжанд бичиг довтолгож, Юйжангийн Тайшоу Хуасинь дагаснаар сүр хүч ихэд алдаршиж, Жанхуныг Сюйчанд зарж, дийлсэн учрыг илтгэл бичиг айлтгаж сэтгүүл довтолгов. Цаоцао Сүньцөгийн хүчирхэг болсныг мэдээд шүүрс алдаж өгүүлрүүн: “Арслангийн хөвгүүн лүгээ тэмцэлдэхүйеэ бэрх болой” хэмээн даруй Цаорэньгийн охиныг Сүньцөгийн бага дүү Сүнькуанд өгч хоёр гэр ураг барилдаж, Жанхуныг Сюйчанд агуулав. Сүньцө “Да Сыма түшмэл болсугай!” хэмээвээс Цаоцао зөвшөөрсөнгүй тул Сүньцө ихэд хорсож үргэлж Сюйдүг сундлах сэтгэл буй. Ү хошууны Тайшоу түшмэл Сюйгун хулгаж, элч заран Сюйдүд илгээж Цаоцаод өргөсөн бичгийн их бараг нь: “Сүньцөгийн баатар мэргэн нь Сянзи лугаа алдаршмуй. Хаан үүнийг гадуур туйлын өршөөлийг үзүүлэн нийслэл хотод дуудан аваачваас зохимуй. Гадна дарангуйлан суулгаж, хойшдын зовлон болгож болохгүй” хэмээжээ.
Элч бичгийг авч мөрнийг гэтлэхэд сахисан жанжин цэрэгт баригдаад даруй Сүньцөгийн дэргэд хүргэж ирсэнд Сүньцө бичгийг үзээд ихэд хилэгнэж, тэр элчийг алаад хүн зарж хуурмагаар Сюйгунийг хэрэг зөвлөсүгэй хэмээн залахаар илгээв. Сюйгун ирсэн хойно Сүньцө бичгийг гаргаж үзүүлээд донгодож өгүүлрүүн: “Чи намайг үхэх газарт хүргэсүгэй хэмээнэ үү?” хэмээгээд цэргийн ардаар хөвчдөн алуулав. Сюйгунгийн гэрийн бүгд цөм сарнижээ. Сюйгунгийн гэрт гурван зочмод буй асан тул тэд түүний өшөөг авсугай хэмээвээс гагц завсрыг олохгүйд хорсож байсан бөлгөө.
Түүнээс нэгэн өдөр Сүньцө цэрэг дагуулан Даньту газрын баруун ууланд ав нийлэхэд нэгэн их бугыг хөөж босгосноор Сүньцө морио довтолгон уулан дээр гарч хойноос хөөж яван атал шугуйн дотор гурван хүн жад барин нум зүүн зогсож амуй. Сүньцө морио татаж асууруун: “Та нар яасан хүн аж?” хэмээхэд өчрүүн: “Ханьдангийн цэргийн хүн энд буга харваж буй” хэмээв. Сүньцө сая хазаараа оргож явсугай гэтэл нэгэн хүн жад барьж, Сүньцөгийн зүүн гуяыг жадлахаар иржээ. Сүньцө ихэд цочиж яаран зүүсэн сэлмийг авч морин дээгүүр цавчин илгээвээс илдний ир хуурч унаад гагц иш гарт хоцорчээ. Тэр чөлөөнд бас нэгэн хүн сум онилон харвасанд цав хэмээн Сүньцөгийн хацар оногдов. Сүньцө нүүрэнд хадсан зэвийг татаж аваад нум авч харваваас тэр хүн зэвийг дагаж унасанд жич хоёр хүн жад барин Сүньцө лүгээ дэмий л жадалж дуудруун: “Бид Сюйгунгийн гэрийн зочмод бөлгөө. Тусгайлан эзний төлөө өшөө авахаар ирэв”. Сүньцө гартаа огт зэвсэггүй тул гагц нумаар мөчөөрхөж зайлуулан бөгөөд явмуй. Хоёул үхэн байлдаж, эгэхгүй тул Сүньцөгийн биед хэд хэдэн газар жадлагдаж морь бас шарх олжээ. Хараахан зовлон тохиож бүхийд Чэнпү хэдэн хүнийг авч ирсэнд Сүньцө их дуугаар: “Хулгайг ал!” хэмээмэгц Чэнпү олныг дагуулан хамт ороод Сюйгунгийн зочмодыг шавар болтол цавцав. Сүньцог үзвээс нүүр дүүрэн: цус урсаж, нилээд хүнд шарх олсон тул даруй хувцсыг огтлон түүний шархыг ороож уяад хойш Үхуй хотноо тэнхрүүлэн авчирч өвчнийг тэжээв. Хожмын хүн Сюй овогтын гурван зочныг магтсан шүлгийн үг:
“Сүньлангийн мэргэн баатар мөрний хөвөөнд манлайлавч
Сөөгт уулнаа авлан намнахад гэнэтийн аюулд тохиолдов
Сюй овогтны гурван зочин журмаар үхэж чаджээ
Шударгыг гүйцэтгэн Юйранд хариулсан гайхалтай явдал бус”
Тэндээс Сүньцө шархдаж эгээд хүнээр Хуатуог ирүүлж засуулсугай хэмээвээс Хуатуо нэгэнтээ Жун Юань205-ийн зүг очжээ. Гагц шавийн төдий л Ү улсад буй. Түүнийг дуудаж эмнүүлэхэд тэр өгүүлрүүн: “Зэвийн үзүүрт хор байж хор нь дотогш ясанд оржээ. Зуун өдөр биеийг намаар сувилбаас сая зовлонгүй болмуй. Хэрэв уур төрөөд шарх ударсанд засахуйяа бэрх болмуй!” хэмээв. Сүньцө язгуураас зан түргэн тул мөн доороо сайн болохыг хүсмүй. Сая хорин өдөр болсон хойно гэнэт “Жанхунгийн зарсан хун Сюйчангаас ирэв” хэмээн сонсоод Сүньцө дуудан авчирч асуухад ирсэн хүн хэлрүүн: “Цаоцао эзэн гүнээс маш айнам бөгөөд цацар доорхи зөвлөлийн түшмэл бас ч биширмүй. Гагц Гуозя бишрэхгүй”. Сүньцө өгүүлрүүн: Гуозя юу хэмээн хэлмүй?”. Ирсэн хүн айж хэлэхгүйд Сүньцө хилэгнэж, шахамдан асуухад ирсэн хүн үнэнээр өчиж өгүүлрүүн: “Гуозя, Цаоцаод хэлрүүн: “Эзэн гүнг эмээхэд хүрэхгүй хөнгөн бөгөөд сэрэмжгүй. Чанар түргэн, бодлого цухаг тэр бэртэгчин эрийн баатар болой. Хойш өдөр лав өчүүхэн хүний гарт үхмүй” хэмээжээ. Сүньцө тэр үгийг сонсоод ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Бэртэгчин эр ямар аймшиггүй намайг урьдаас таамаглаж өгүүлмүй. Би амалдаж Сюйчаныг авсугай!” хэмээгээд шарх анихыг хүлээхгүй даруй цэрэг гарах хэргийг зөвдөлцөхөд Жанжао өгүүлрүүн: “Эмч эзнийг “зуун өдөр битгий хөдлөгтүн!” хэмээн цээрлүүлсэн тул эдүгээ юунд нэгэн цагийн уурт түмэн лан алтны биеийг хөнгөлмүй” хэмээв.
205 Төв Хятад
Түүнээс гэнэт хүн ирж хэлрүүн: “Юаньшаогийн элч Жэньжэнь хүрч ирэв” хэмээмүй. Сүньцө дуудан оруулж асууваас Жэньжэнь: “Юаньшао, Дүн Ү харилцан нийлж туслалцаад хамт цаоцаог байлдсугай” хэмээснийг өгүүлбээс Сүньцө маш их баярлаж, мөн өдөртөө хотын асар дээр олон түшмэдийг цуглуулан хурим базааж, Жэньжэнийг хуримлан уулцах хооронд гэнэт олон түшмэд харилцан шивнээд түрчигнэж асраас буув.
Сүньцө гайхаж учрыг асуухад хоёр жигүүрийн хүн өчрүүн: “Юй хувилгаан нь асрын доогуур өнгөрсөн тул олон түшмэд үзээд мөргөхөөр одсон болой”. Сүньцө хэрсэгт түшиж үзвээс нэгэн бомбо тогоруун жанч206 нөмөрч гартаа таяг бариад замын хажууд зогсжээ. Зуун овогт хүж шатаан замд сөгдөж мөргөмүй. Сүньцө ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Энэ шимнус болой. Түргэн надад барьж авчир!” хэмээхэд хоёр жигүүрийн хүн өгүүлрүүн: “Энэ хүний овог Юй , нэр Зи, зүүн зүгт суужээ. Үхуйгийн газар урагш хойш явж, тарнит ус түгээн өгч уулгаваас түмэн зүйлийн өвчин эс эдгэхгүй нь үгүй. Энэ үеийн хүн цөм хувилгаан хэмээн дуудах тул хөнгөн үзэж эс болмуй” гэхэд Сүньцө нэндээ хилэгнэж бархиран хэлрүүн: “Түргэвчлэн барьж ирэгтүн! Үгийг зөрчигсдийг даруй алмуй” хэмээвээс хоёр жигүүрийн хүн аргагүй асраас бууж, Юй Зиг түлхлэн асарт авчрав. Сүньцө зандран өгүүлрүүн: “Балмад бомбо ямар аймшиггүй хүний сэтгэлийг бачилмуй?”. Юй Зи өгүүлрүүн: “Үгээгүй бомбо би Лан Я гүнгийн бомбо бөлгөө. Шүньди хааны цагт ууланд эм түүхээр очиж, Цюй Ян газрын усан дээр хувилгаан бичгийг олов. Нэрийг “Тай Пин Цин Лин Дао”207 хэмээж бүгд зуу илүү дэвтэр буй. Цөм хүний өвчин эмгэгийг засаж, эмнэх жор байсныг үгээгүй бомбо олоод тэнгэрийн төлөө тархаан түмэн хүнийг түгээмлээр тэнхрүүлэн хүнээс ямхын төдий юмыг ч авснаар үгүй тул юу хэмээн хүний сэтгэлийг самууруулав хэмээмүй”. Сүньцө өгүүлрүүн: “Чи хүнээс үсний төдий юм авахгүй хэмээвээс идэх уух өмсөх зүүх нь хаанаас олсон болой. Чи даруй шар алчууртны хулгай Жанзяогийн урсгал, эдүгээ алахгүй болбоос хойно эрхгүй зовлон болмуй” хэмээгээд жигүүрийн ардыг зандаж “Аваачин ал!” хэмээсэн хойно Жанжао ятгаж өгүүлрүүн: “Юй бомбо Зяндунд хэдэн арван жил байж огт эндэгдэлгүй тул албаас үл болмуй”. Сүньцө өгүүлрүүн “Энэ зэргийн шимнусыг алахад гахай, нохойг алахаас юун өөр болой” хэмээсэнд олон түшмэд цөм гашуудан ятгаж, Жэньжэнь бас хоригловоос Сүньцөгийн уур намхрахгүй тул түр гянданд аваачиж хориулав. Олон түшмэд цөм тархсан хойно Жэньжэнь бас өргөөндөө эгэв.
206 Өмсдөг нөмрөг
207 Их амгалангийн цэнхэр хүрээт ёсон
Түүнээс Сүньцө ордондоо эгсэнд хэдийн дотоод түшмэл энэ хэргийг уламжилж, Сүньцөгийн эх Үтай хатанд сонсгов. Хатан Сүньцөг хойд гэрт дуудан аваачиж өгүүлрүүн: “Би сонсвоос чи Юй овогт хувилгааныг баримтлав хэмээмүй. Энэ хүн олны өвчнийг олонтоо зассанаар бичиг цэргийн ард хичээнгүйлэн итгэхийн тул албаас болохгүй”. Сүньцө өгүүлрүүн: “Энэ хүн шимнусьн аймаг тул шимнусын увдисаар олны сэтгэлийг бачилжээ. Арилгахгүй болбоос бололгүй”. Ү хатан дахин давтан тайлан хоригловоос Сүньцө өгүүлрүүн: “Эх битгий гаднах хүний дэмий үгийг сонсогтун! Хөвгүүн би санасан газар буй” хэмээн гараад даруй Гяндангийн түшмэлийг дуудан “Юйзиг авчирч асуусугай!” хэмээн илгээв. Угаас гяндангийн түшмэл Юйзиг ихэд бишрэх тул түүнийг гянданд байх үес гинж дөнгийг цөм тайлан тавьсан ажгуу. Сүньцө дуудах цагт сая гинж дөнгө өмсгөн авчрахад Сүньцө сурвалжлан мэдээд ихэд хилэгнэж гяндан сахисан хүнийг сайтар донгодож Юйзигийн гав дөнгийг дахин чангатган өмсгөж хэвээр гянданд хүргүүлэв. Жанжаогийн зэрэг хэдэн арван хүн нэр нийлэн бичиг үйлдээд Сүньцөд барьж “Юйзиг батлан авсугай!” хэмээн гуйхад Сүньцө өгүүлрүүн: “Гүн та цөм бичиг уншсан хүн бөгөөд юунд ёс мэдэхгүй аж. Эрт Зяожоугийн нэгэн Цыши түшмэл Жанзинь хэмээгч гажууд сургаалыг итгэмжлээд хэнгэрэг дэлдэн хүж шатааж толгойдоо улаан хив ороогоод өөрийн бие “Цэрэг гарахад сүрийг тусалж чадмуй” хэмээн хэлээд хожим харин дайсанд алагджээ. Энэ зэргийн хэрэг огт тусгүй. Олон гүн нар өөрөө сэрэгдээгүй болой. Би Юйзиг алсугай хэмээх нь чухам төвийг санан, гажууг цаазлаж, төөрснийг сэргээх нь болой” хэмээв.
Түүнээс Люйфань өгүүлрүүн: “Би ер Юй бомбын салхи гуйн, бороо урьж чадахыг мэдмүй. Эдүгээ төв хийтэл ган болж байх тул түүгээр бороо гуйлгаж ялыг тайлуулбаас ямар аж?”. Сүньцө өгүүлрүүн: “Би энэ шимнус бомбын увдисыг түр үзсүгэй!” хэмээгээд даруй гяндангаас Юй Зиг гаргуулж гав дөнгийг тайлсан хойно “Мандалд гарч бороо гуйгтун!” хэмээхэд Юй Зи захиаг дагаж биеэ угаан, хувцас халж өмсөөд шатам халуун наранд дээсээр биеийг уяж тавив. Зуун овогтын үзэх нь зээл гудамж цөм дүүрчээ. Юй Зи олны зүг өгүүлрүүн: “Би гурван тохой амтат бороо гуйж түмэн иргэнийг тэнхрүүлсүгэй! Тийм боловч би эцэст үхэхээс хэлтрэн чадахгүй бөлгөө!”. Олон хүн өгүүлрүүн: “Хэрвээ гайхамшигт тохиол байваас эзэн гүн эрхгүй биширмүй”. Юй Зи өгүүлрүүн: “Тоо хүрч ирсэн тул хэлтрүүлэн чадахгүй” хэмээжээ. Сүньцө биеэр мандалд гарч ирээд зарлан: “Хэрвээ морин цаг болтол бороолохгүй болбоос даруй галд ноцоож алмуй” хэмээн урьд хуурай модыг овоолж хүлээв. Үдийн үес болоод гэнэт зуур их салхи дэгдэж салхи өнгөрсөн газар дөрвөн зүгээс улам үүлтэж ирмүй.
Сүньцө өгүүлрүүн: “Нэгэнтээ үдийн нар болжээ. Хий агаарт хоосон үүл байхаас бороогүй. Энэ чухам шимнус болой” хэмээн хоёр жигүүрийн хүнийг зандран Юй Зиг өргөж цогцолсон модон дээр тавиулаад тойрон гал тавиулбаас дөл салхийг дагаж босов. Үзтэл утаа нэгэн зурвас огторгуйд тулж гарахуйяа гэнэт аянга цахилгаан цугаар үүсэж их бороон цутгах мэт орж баахан зуур зээлд гол горхийн адил ус урсаж үнэхээр гурван тохой бороо буй. Юй Зи цогцолсон модны дээр гэдрэг хэвтсээр их дуугаар зандармагц бороо зогсож үүл ярагдаад нар гарав. Түүнээс олон түшмэдийн бие зуун овогтын хамт Юй Зиг цогцолсон модноос түшин буулгаж хүлсэн дээсийг тайлаад дахин давтан ёсолж мөргөв. Сүньцө олон түшмэд иргэний усан дотор сөгдөж мөргөн дээл хувцсыг хайрлахгүйг үзээд зандаж өгүүлрүүн: “Бороог арилгах зогсоох нь тэнгэр газрын тогтоосон тоо болой. Шимнус түүнийг завшаан тохиолдуулсан буй за. Та нар юу хэмээн энэ мэт бачлагдмуй?” хэмээгээд даруй зүүсэн сэлмээ сугалж хоёр жигүүрийн хүнд өгөөд: “Юй Зиг түргэн ал!” хэмээвээс олон түшмэл хүчлэн хориглоход Сүньцө уурлаж өгүүлрүүн: “Та цөм Юйзиг дагаж урвамуй уу?” хэмээсэн хойно олон түшмэд аймшиггүй дахин эс дуу гарав. Сүньцө цэргийн ардыг зандарч Юйзиг нэгэн хутгаар толгойг цавчиж газарт унагаав. Үзвээс нэгэн зурвас бараан уур зүүн хойд зүгт дэгдэж одов. Сүньцө Юйзигийн үхдлийг зээлд тавиулж олонд үзүүлээд шимнусын увдисыг итгэхийг тэгшитгэв.
Тэндээс мөн шөнө салхи бороо солилцон орж гэгээрсэн хойно үзвээс Юйзигийн үхдэл үзэгдэхгүй болжээ. Ясыг сахисан түшмэл цэрэг түүнийг Сүньцө д хэлсэнд Сүньцө хилэгнэж сахисан хүнийг алсугай хэмээтэл гэнэт нэгэн хүн танхимын өмнүүр алгуур алхлан ирэх үзэгдэв. Үзвээс Юйзи ажгуу. Сүньцө ихэд хилэгнэн сая илд авч цавчсугай хэмээхэд гэнэт харангадаж унав. Түүнээс зүүн баруун этгээдийн хүн даруй өргөж гэрт оруулан хэвтүүлсэн хойно баахан сэргэв. Эх Үтай хатан ирж өвчнийг үзээд Сүньцө д өгүүлрүүн: “Миний хөвгүүн хувилгааныг мушгин алсан тул энэ зовлонг урьсан болой”. Сүньцө инээн өгүүлрүүн: “Хөвгүүн би залуу наснаас эцгийг дагаж байлдаад хүнийг алсан нь олс мэт тул юу хэмээн гамшиг болох ёс буй. Эдүгээ шимнусыг алсан нь төвхийтэл зовлонг арилгасан атал яахин гэдрэг надад гамшиг болмуй?”. Ү хатан өгүүлрүүн: “Чи бишрэхгүй тул иймд хүрсэн болой. Эдүгээ сайн үйлийг үйлдэж залбирваас болмуй”. Сүньцө өгүүлрүүн: Миний насан хутаг тэнгэрт буй болой. Шимнус хэрхэн зовлон болгож чадах аж. Залбирах хэрэггүй!”. Хатан ятгавч итгэмжлэх
Үгүй хэмээгээд өөрөө сэмээр хүнд өгүүлж буян үйлдүүлж тайлан наманчлуулав.
Тэндээс тэр шөнө хоёрдугаар жингийн үед Сүньцө гэрт хэвтэж бүхийд гэнэт чөтгөрийн салхи салхилан шатаасан зул унтраад дахин гэгээн болж сүүдрийн дор үзвээс Юйзи ширээний өмнө зогсжээ. Сүньцө ихэд бархиран өгүүлрүүн: “Би язгуураас амалдаж шимнус чөтгөрийг алж дэлхий дахиныг ариун болгомуй. Чи нэгэнтээ үхсэн чөтгөр болоод ямар аймшиггүй миний ойр халдахаар ирмүй?” хэмээн өгүүлээд хэвтэх ширээний хажууд өлгөж байсан сэлмийг авч цохитол гэнэт үзэгдэхгүй болжээ. Үтай хатан сонсоод гуньхран гаслахад Сүньцө эхийн сэтгэлийг амаржуулсугай хэмээн өвчнийг хатуужин очвоос эх Сүньцөгийн зүг хэлрүүн: “Богд хүний өгүүлсэн нь “Чөтгөр сахиусны эрдэм их болой” хэмээжээ. Бас өгүүлрүүн: “Дээд доорд чөтгөр сахиусанд залбир!” хэмээжээ. Чөтгөр сахиусны үйлийг итгэхгүй болбоос болмуй уу? Чи мушгиугаар Юй ноёнтонг алсан тул хариулал үгүй хэмээж яахин болох аж. Би нэгэнтээ хүнээр хотын гаднах “Юй Цингуань сүмд” буян үйлдүүлэв. Чи биеэр очиж наминчлан мөргөвөөс аяндаа амар сайн болох болой”. Сүньцө эхийн үгээс зорчиж болохгүй тул аргагүй сүйхэнд сууж “Юй Цингуань сүмд” хүрвээс бомбо нар гарч угтан оруулаад Сүньцөг хүж барь хэмээвээс Сүньцө гагц хүж бариад мөргөсөнгүйд гэнэт хүжийн хүлсийн дотроос утаа мандаад сарнихгүй цугларсаар нэгэн суурь ишт лавир болоод түүний дээр Юйзи суужээ. Сүньцө уурлан хараасаар харшаас гарч ирвээс Юйзи харшийн хаалганд зогсож Сүньцөг хялайн харж амуй.
Сүньцө дагагсдыг харж асууруун: “Та шимнусыг үзэв үү?”. Дагагсад өчрүүн: “Харагдсангүй!” хэмээсэнд Сүньцө уурлаж зүүсэн илдийг авч Юйзигийн зүг цохиход нэгэн хүн оногдож үхэв. Олон үзвээс харин урьд өдрийн Юйзиг алсан бага цэргийн ард илдэнд оногдож долоон сүвээс цус гарч үхэв. Сүньцө дамнаж гаргалган булуулаад сүмээс гарвал Юйзи бас сүмийн хаалгаар алхан орж ирэх нь үзэгдмүй. Сүньцө өгүүлрүүн: “Энэ сүм шимнусын нуун далдлах газар болой” хэмээгээд сүмийн өмнө сууж таван зуун цэргээр тэр сүмийг эвдэгтүн хэмээв. Цэргийн хүн сая гэрийн дээр гарч ваарыг ховхлон авахад харин Юйзи гэрийн оройгоос ваарьг' газарт авч цохимуй. Сүньцө ихэд уурлан “Энэ сүмийн бомбын цөм үлдэж гаргаад гал тавь!” хэмээн тавиулбаас галын нөлөө дэгдсэн газар гэрлийн дотор Юйзи бас зогсож буй. Сүньцө ордонд эгж ирвээс Юйзи бас гэрийн үүднийөмнө зогсож байх тул Сүньцө гэрт орсонгүй даруй гурван аймаг цэргийг шалгаж хотын гадна гарч хүрээ буугаад олон жанжныг хуруулж цэрэг үүсгэн Юаньшаод тусалж хамт Цаоцаог байлдсугай хэмээвээс олон жанжин өгүүлрүүн: “Эзэн гүнгийн бие илаар болоогүй тул хөнгөнөөр гарч болохгүй. Өвчин сайн болсон хойно цэрэг гарахад эс хожигдмуй” хэмээжээ.
Тэндээс тэр шөнө Сүньцө цайзад хоносонд бас Юйзи үсийг тавин хүрч ирэхийг үзээд зандан дуудсаар гэгээрүүлэв. Дэд өдөр Үтай хатан захиа буулган Сүньцөг гэртээ эгэгтүн! хэмээвээс Сүньцө эгээд эхэд золговоос хатан Сүньцөгийн овор дүр хожийсныг үзээд уйлан өгүүлрүүн: “Хөвгүүн чи байдлаа алдсан болой” хэмээгээд даруй Сүньцөд толь авчруулан өөрийн өнгийг үзүүлбээс үнэхээр байдал дүр арван хувь мууджээ. Ихэд цочиж хоёр этгээдийн ардын зүг хандаж өгүүлрүүн:
“Би юунд энэ зэрэг хожийсон болов?” хэмээн хэлж барахын урьд гэнэт үзвээс Юйзи толины дотор зогсжээ. Сүньцө толийг цохиж өндөр дуугаар нэгэнтээ дуудахуйяа шарх дэлбэрэн хагарч газарт харангадан унав. Эх хатан түшүүлэн босгоод унтах гэрт аваачиж хэвтүүлсэнд удсангүй сэрээд шүүрс алдаж өгүүлрүүн: “Би дахин амьдарч чадахгүй болов” хэмээн даруй Жанжао нарын олон түшмэд жич дүү Сүньцуанийг хэвтэх ширээний өмнө дуудан авчраад найдаж өгүүлрүүн:
“Дэлхий дахин самууран ахуйд Ү, Юйгийн олноор гурван мөрний батад ихэд үйлдэж болмоор бөлгөө. Зыбү, та миний дүүг сайнаар тусла!” хэмээгээд тамга цомцгийг аваад Сүньцуаньд өгч: “Хэрвээ Зяндунгийн олныг авч хоёр жагсаалын хооронд арга гаргаж, дэлхий дахины хүн лүгээ тэмцэхэд чи надад хүрэхгүй, мэргэдийг өргөн, чадалтныг хэрэглэж тус бүр хүч гүйцэтгэн явуулж зяндунг хамгаалахад би чамд хүрэхгүй. Чи эцэг ахын тулгар төр байгуулсан гашуун зүтгэлийг санаж сайтар хичээгтүн!” хэмээхэд Сүньцуань ихэд уйлан сөгдөж тамга цомцгийг хүлээн авсан хойно Сүньцө эхийн зүг өгүүлрүүн: “Хөвгүүний насны хэмжээ нэгэнт дууссан тул нигүүлсэхүйт эхэд ачлалыг гүйцэтгэж чадахгүй болов. Эдүгээ тамга цомцгийг дүүд тушаан өгсөнийг эх өглөө үдэш сурган хэлж эцэг, ахын хуучин хүнийг битгий хөнгөтгөн гээгдүүлэгтүн!” гэв. Эх уйлж өгүүлрүүн: “Хэрвээ чиний дүү нас залууд их үйлийг хүлээн чадахгүй болбоос одоо яаваас зохимуй?” хэмээхэд Сүньцө өгүүлрүүн: “Дүүгийн чадал надаас арван хувь илүү тул их үйлийг хүлээхэд гүйцэд бөлгөө. Хэрвээ дотоод үйлийг таслан чадахгүй болбоос Жанжаогоос асуу! Гадаад хэргийг улируулан эс чадваас Жоу Юйгээс асууваас болмуй. Гагц гомдох иь Жоу Юй энд үгүй тул нүүрийн өмнө тушаан чадахгүй болов” хэмээгээд бас олон дүү нарыг дуудаж хэлрүүн:
“Намайг үхсэн хойно та хамт Жунмоуг туслагтун! Төрөл угсаа дотор өөр сэтгэл баригчид аваас олноороо алагтун! Ах дүү сөргүүгээр явбаас өвгөсийн хүүрт оруулж болохгүй!” хэмээсэнд олон дүү нар цөм уйлав. Бас эм Цяоси хатанг дуудаж өгүүлрүүн: “Би чам лугаа хишиггүй зуурмаг салахад хүрэв. Чи эх, охин дүүг чилэн тэжээх хэрэгтэй. Өглөө үдэш чиний охин дүү уулзахаар ирвээс түүнд өгүүлж Жоулан208-д уламжлан миний дүүд чинээгээр туслуулж битгий миний ерийн ханилан явсныг үтээрүүл!” хэмээн өгүүлж дуусаад үгүй болов. Хорин зургаахан настай бөлгөө. Хожмын хүмүүний магтсан шүлгийн үг:
Зүүн Өмнө газарт гагцаар байлдаад
Зүг бүрийн хун “Сяо Баван” хэмээн нэрийджээ.
Самбаа ухаан нь барс оцойх мэт бөгөөд
Сайхан арга нь хараацай дэгдэх адил
Гурван мөрнийг сүрээр төвшитгөөд
Дөрвөн далайд сайн нэрийг алдаршуулжээ.
Бие эцэслэх үедээ их хэргийг гэрээслэхэд
Бэх бат санаагаа Жоуланд тушаав”
Түүнээс Сүньцө үгүй болсон хойно Сүньцуаны ширээний өмнө уйлан унасанд Жанжао өгүүлрүүн: “Энэ жанжны уйлах цаг бус болой. Нэгэнтээгүүр бид бэлэвсрэлийн хэргийг бэлдэж нэгэнтээгүүр улс цэргийн их хэргийг шийтгэвээс зохимуй” хэмээсэнд Сүньцуань сая нулимсыг арчиж босов. Жанжао Сүньзингээр бэлэвсрэлийн хэргийг бэлтгүүлэн даруй Сүньцуанийг танхимд залж гаргаад олон бичиг цэргийн түшмэлийн бараалхахыг хүлээлгэв. Сүньцуаньгийн төрсөн нь эрүү дөрвөлжин, ам их, нүд харавтар, сахал бор. Эрт Хань улсын элч Лювань, Ү улсад ирж Сүнь овогтын ах дүү нарыг үзээд хүнд өгүүлрүүн: “Би Сүнь овогтын ах дүү нарыг найдам үзвээс хэдий тус бүр цөм чадал эрдэм, хэн хэн нэвтэрхий боловч цөмөөр буян хишиг удаангүй. Гагц Сүнь Жунмоугийн байдал дүр ихэмсэг гайхамшигтай. Бие төлөв өтөл бус, харин ихэд дээд эрхэм болох байдалтай бөгөөд нас уртыг нь олон цөм хүрэхгүй” хэмээн өгүүлсэн бөлгөө.
208 Мэргэн зөвлөх Жоу Юйг хэлжээ. Энэ хүн шинэ эзэн Сүньцуаньгийн хамт Ү улсыг байгуулж, Цаоцаогийн сая цэргийг дийлэхэд түүхэн гавьяа байгуулдаг.
Тэндээс Сүньцуань, Сүньцөгийн гэрээс үгийг хүлээж зяндунгийн хэргийг захирч төхөөрөн чадаагүй бүхийд хүн ирж хэлрүүн: “Жоу Юй, Бацюгаас цэрэг авч Ү улсад хойш ирэв” хэмээхэд
Сүньцуань өгүүлрүүн: “Гунзинь209 хойш ирвээс би зовохгүй болов” хэмээжээ. Угаас Жоу Юй, бацюг сахиж бүхийд “Сүньцөг харвагдав” хэмээн сонсоод тийнхүү эгж амар сайныг асуухаар ирсэн ажгуу. Ү мужийн газар хүрч ирээд Сүньцөгйнн үгүй болсныг сонсон шөнө дөл бэлэвсрэлд ирэв.
Тухайд Жоу Юй, Сүньцөгийн авсны өмнө сөгдөж уйлахад Үтай хатан гарч Сүньцөгийн гэрээслэн хэлсэн үгийг Жоу Юйд хэлсэн хойно Жоу Юй газарт сөгдөж өгүүлрүүн: “Ямар аймшиггүй нохой морины адил хүчийг өгч үхтэл зүтгэхгүй болой?”. Удалгүй Сүньцуань орж ирсэнд Жоу Юй ёслосон хойно: Сүньцуань өгүүлрүүн: “Гүн бээр ахын гэрээс үгийг умартахгүйг хүсмүй!”. Жоу Юй мөргөж өгүүлрүүн: “дуртайяа элэг цөсөө газарт илэхээр явж харилцан санааг мэдэлцэгсдийн хишигт хариулсугай!”.
Сүньцуань өгүүлрүүн: “Эдүгээ эцэг, ахын үлдээсэн төрийг хүлээсэнд одоо ямар аргаар сахиваас зохимуй?”. Жоу Юй өгүүлрүүн: “Эртнээс хүнийг олсон нь мандаж хүнийг алдсан нь мөхмүй. Эдүгээгийн арга болбоос гэгээн хол бодох эрдэмтнийг олж туслуулсан хойно зяндун тогтож болмуй”.
Сүньцуань өгүүлрүүн: “Асан ахын210 гэрээс үг нь дотоод үйлийг Жан Зыбүд тушаан гадаад хэргийг цөмөөр гүн чамд найдан тушаа хэмээсэн бөлгөө”. Жоу Юй өгүүлрүүн: “Зыбү мэргэн төгөлдөр сайд тул их тушаалыг хүлээж чадмуй. Жоу Юй би эрдэм мөхөс тул тушаан найдсан хүнд үйлийг үтээрэх болов уу хэмээмүй. Би нэгэн хүнийг өргөж жанжинд туслуулсугай!”. Сүньцуань асууруун: “Хэн хүн болой?”.
209 Жоу Юйгийн өргөсөн нэр
210 Талийгаач ахын гэсэн утга
Жоу Юй өгүүлрүүн: “Овог Лү нэр Сү, өргөсөн нэр Зызин. Линьхуайгийн Дунчуань газрын хүн. Энэ хүн өвчүүний дотор арга бодлогыг өвөрлөж хэвлийд тухай мэдлийг нуужээ. залуу наснаас эцэггүй болж эхийг үйлчлэх нь туйлын ачлалтай. гэр ихэд баян, үргэлж эдийг сарниулан түгээж үгээгүй ардад тусламуй. Жоу Юй би Зюйчаогийн дарга байх цагт хэдэн зуун хүнийг авч Линьхуайг өнгөрөн одоход амуу тасарсанд сонсвоос Лүсүгийн гэрт хоёр хашуур амуу буй бөгөөд тус бүр гурван мянган суулга буй хэмээх тул туслахыг гуйхаар очсонд лүсү чэгэн хашуурыг зааж туслан өгөв. Түүний хуур шуур ихэмсэг нь энэ мэт. ер илд бүжиглэх харвах намнахад дуртай. Цюй А газарт суусанд эмэг эх өнгөрсөнд хүүрийг дунчэнд хүргэж оршуулжээ. Түүний нөхөр Люзы Ян хэд хэдэн удаа түүнийг залж “Чаоху газарт Жэньбаогийн дэргэд очсугай!” хэмээвээс Лүсү татгалзан очсонгүй бөлгөө. Эдүгээ эзэн гүн хурдан авахаар илгээвээс зохимуй”. Сүньцуань ихэд баярлан даруй Жоу Юйг зарж залахаар илгээв. Жоу Юй захиаг хүлээн биеэр очоод Лүсүд золгож ёслосон хойно Сүньцуаньгийн бахдан хүндлэх санааг хэлсэнд Лүсү өгүүлрүүн: “Люзы Ян намайг Чаохуд очихоор болзсон бөлгөө. Би одсугай хэмээж буй”. Жоу Юй өгүүлрүүн: “Эртний Ма Юаний Гуан Үд өчсөн нь “Эдүгээгийн орчлонд гагц хаан түшмэлийг сонгох нь бус. Сайд бас хааныг сонгомуй” хэмээжээ. Өнөө манай Сүнь жанжин болбоос мэргэдэд янаглаж, эрдэмтнийг хүндлэн, сониныг авч өөрийг тэмдэглэмүй. Орчлонд чухаг хүн бөлгөө. Эрхэм та өөрийг бодох хэрэггүй. Гагц над лугаа хамт зүүн Ү улсад очих нь мөн болой” хэмээсэнд Мүсү үгийг дагаад даруй Жоу Юйгийн хамт Сүньцуаньд золгохоор ирэв. Сүньцуань ихэд хүндэлж өдөр бүр шүүмжлэн хэлэлцвээс хоног дуустал огт ядахгүй бөлгөө.
Тэндээс нэгэн өдөр олон түшмэд цөм тархсан хойно Сүньцуань Лүсүг хоцруулан хамт архи уулцаж орой болсонд нэгэн ширээнд хэвтэж, шөнө дундад Сүньцуань, Лүсүгээс асууруун: “Эдүгээ Хань улсын төр буураад дөрвөн зовхист самууран үүсгэв. Мөхөс би эцэг ахын үлдээсэн тулгар төрийг залгамжлан Ци Хуаньгүн, Зинь Вэнь гүнгийн адил засгийг тогтнуулсугай хэмээн санах тул авгай надад юуг сурган өгмүй?”. Лүсү өгүүлрүүн: “Эртний Хань Гаозү Иди хааныг211 эрхэмлэн үйлчлэсүгэй хэмээгээд чадсангүй нь Сян Юйгийн хор болсон тул болой. Эдүгээ Цаоцаог Сян Юйд адилтгаж болох тул жанжин яахин Цихуань, Зиньвэнь гүнийг дуурайж болмуй. Лүсү би бодвоос Хань улсын төр дахин бадарч чадахгүй. Цаоцаог эцэст арилгаж эс болохын тул жанжны төлөө бодвоос Зяндунгийн газрыг хүлисийн хөл адил болгож дэлхий дахины чөлөө гарахыг үзсүгэй. Эдүгээ умард газарт хэрэг олонд тохиолдуулан Хуанзуг арилган, Любяог дайлж Хөх мөрнийг бүрэн олж эзэлсэн хойно цол байгуулан хаан өргөмжлөж дэлхий дахиныг хичээвээс энэ Гаозүгийн төрийг байгуулах нь болой”. Сүньцуань үгийг сонсож ихэд баярлаж хувцсыг нөмрөн босоод гүн талархав. Дэд өдөр Лүсүг хүндээр шагнаж жич дээл хувцас, замаа хөшиг зэргийн юмыг Лүсүгийн эхэд өгөв. Лүсү бас нэгэн хүнийг Сүньцуаньд батлан өргөв. Тэр хүний сурсан эрдэм үлэмж, эхийг хүндлэхэд туйлын ачлалтай, давхар овог Жугө нэр Зинь, өргөсөн нэр Зы Юй, Лан Ягийн Нань Ян газрын хүн болой. Сүньцуань дээд зочмод болгов. Жугө Зинь Сүньцуанийг хориглож өгүүлрүүн:
“Битгий Юаньшао лугаа нийлэгтүн! Түр Цаоцаод дагасан хойно тухайг үзэж хичээвээс болмуй” хэмээсэнд Сүньцуань үгийг дагаж даруй Жэньжэнийг зарж бичгээр Юаньшаогаас таслав.
Түүнээс Цаоцао Сүньцөгийн үхсэнийг сонсоод цэрэг авч “3ян Наньд мордсугай!” хэмээн зөвлөхөд Си Юйши түшмэл Жанхун хориглож өгүүлрүүн: “Хүний бэлэвсрэлийн тухай дайлбаас журам бус болой. Нэндээ түүнийг ялахгүй болбоос гэдрэг урьдын найрыг гээж өшөө болмуй. Харин сайнаар явалцахад хүрэхгүй” хэмээсэнд Цаоцао тэр үгийг авч даруй айлтгаж
Сүньцуанийг жанжин өргөмжлөөд Хүйзигийн тайшоу болгож Жанхунг Хүйзигийн Дү Юй түшмэл болгоод тамга бариулан Зяндунд хүргүүлэв. Сүньцуань ихэд баярлан бас Жанхунгийн эгж ирсэнд даруй” Жанжао лугаа хамт засгийн үйлийг шийтгэ!” хэмээн тушаав. Жанхун бас нэгэн хүнийг Сүньцуаньд батлав. Тэр хүний овог Гө, нэр Юн, өргөсөн нэр Юьтань, Жунлан, Цай Юнгийн шавь. Тэр хүн үг цөөн архи уухгүй, сэтгэл шударга, төв ихэмсэг. Сүньцуань даруй Чэн түшмэл болгож Тайшоугийн хэргийг шийтгүүлэв. Үүнээс Сүнъцуаньгийн нэр сүр Зяндунд алдаршиж иргэний сэтгэлийг ихэд олов.
211 Иди хаан: Цинь улсын эцсийн жилүүдэд Сян Юйгийн байгуулсан Чу улсын Хуайванг хэлж байна. Сян Юй боомтод орсон хойно Чу улсын Хуайванг Иди хаан гэж өргөмжилжээ.
Тэндээс Жэньжэнь Юаньшаод золгож сүньцө нэгэнтээ үхээд сүньцуань залгамжилсанд Цаоцао жанжин өргөмжилж гадаадад туслахаар хэлэлцсэнийг хэлсэнд Юаньшао ихэд уур хүрч даруй Зи, Цин, Ю, Бин зэргийн дөрвөн газрын цэрэг морь дал илүү түмийг авч дахин Сюйдүгийн зүг байлдахаар ирэв. Энэ чухамхүү:
“Зян Наньгийн цэрэг дайн сая зогссонд
Зибэйгийн байлдаан бас дахин үүсэв”
Эгнэгт дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )