БАЙР СУУРЬ: Хөнгөн галт тэрэгний талаар хэн, юу хэлэв

2022 оны 04 сарын 27

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр / 2022/04.25 / хуралдсан. Хуралдаанаар LRT хөнгөн галт тэрэгний төслийг дэмжих эсэх талаар хэлэлцсэн. Тус хурлаар дээрх асуудлаар Ажлын хэсэг гарч, Засгийн газартай хамтран дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ. Галт тэрэгний 49 км зам, хөнгөн галт тэрэг гээд нийт төсөвт өртөг 900 сая ам.доллароор барихаар төлөвлөсөн бөгөөд үүний 500 сая ам.долларыг БНХАУ-аас хөнгөлөлттэй зээлээр хийхээр төсөлд тусгагдсан юм. Тэгвэл уг асуудлыг Засгийн газар, УИХ-аас байгуулсан Ажлын хэсэг нягталж ажиллахаар болж байна. Өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдаан дээр уг төслөөс үүдэн гишүүд хот, хөдөөгийн гэдгээрээ талцаж маргаан дэгдээж байсан билээ. Тиймээс бид бүхэн УИХ-ын зарим гишүүдээс LRT төслийн талаар ямар байр суурьтай байгаа талаар нь сонирхсон юм.


 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: LRT хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй

 

LRT төслийн нарийн танилцуулгыг нь үзээгүй байгаа. Тиймээс нарийн танилцуулгыг нь үзэж байж байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж бодож байна. Гэхдээ манай улсад LRT хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Харин хэзээ, хэдий хэр хөрөнгөөр баригдах вэ гэдэг нь чухал. Мэдээж өөрийн зардлаа хэр хугацаанд нөхөх зэрэг эдийн засгийн судалгааг нь хийсэн байх ёстой. Миний авсан мэдээллээр бол олон улсын жишгээр буюу 500 орчим сая ам.доллароор хийгдэх юм билээ. Мөн өмнө нь бид Амгалан өртөөнөөс, Толгойт өртөө хүртэл рейлбус явуулж үзэж байсан. Түүнээс харахад тэгж их хүн суудаггүй юм билээ.

 

УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Түгжрэлийг ярьсан шиг ярьж эхэллээ

 

Ийм хэмжээнд хүрч, эрчимтэй яригдаж байгаа нь чухал. Одоо яг Улаанбаатарын түгжрэлд анхаарал хандуулаад ярьж эхэлж байна. Төсвийн хууль, өрийн таазын асуудал зэргийг зохицуулж байж шийдэл гарч ирж байна. Би нэг л зүйлд баярлаад байгаа нь түгжрэлийн асуудлыг одоо ярьсан шиг ярьж эхэллээ. Хот, хөдөөгийн байдлаар ярьж болох ч жинхнээсээ асуудалд тэгж хандаж болохгүй. Яагаад гэвэл аливаа асуудлынхаа гол дээр тогтохгүй байх нь том эрсдэл дагуулна. Мэдлэг мэдээлэл, тооцоонд суурилсан үндэслэлтэй мэтгэлцэх хэрэгтэй. Улс төрийн шийдвэр гаргах хэдий ч хуулиа л барих ёстой.

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Төслүүд бүгд хуульд нийцсэн байх ёстой

 

Орж ирж буй төслүүд бүгд хуульд нийцсэн байх ёстой. Би УИХ-ын гишүүн, Монгол Улсын хууль тогтоомжийг дээдэлнэ гэж тангараг өргөсөн хүн. Хууль засагладаг, хуулийн дагуу бүх юм шийдэгдэх ёстой гэсэн байр сууринаас ажиллаж ирсэн. Төсвийн байнгын хороон дээр энэ асуудал орж ирэхэд хуулийн хоёр зөрчил байсан. Засгийн газрын өргөн мэдүүлсэн төсөл дотор зээлийн баталгаа гаргуулагч нь нэг компани бий. Уг компани регистрийн дугаар аваагүй. Дээр нь гурван жил ашигтай ажилласан байх гэсэн Өрийн удирдлагын тухай хуультай зөрчилдсөн. Энэ 2.8 тэрбум ам.долларын өртөгтэй LRT, мөн Тавантолгойн цахилгаан станцад 565 сая ам.долларын баталгаа гаргах тухай асуудал байна. Нийтдээ 3.4 тэрбум ам.долларын асуудал болчихоод байгаа. Ингэхээр Монгол Улсын өрийн босго зөрчигдөж буй. Үүнийг хэлж, Төсвийн байнгын хороо хэлэлцээгүй.

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Замуудынхаа нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх шаардлагатай

 

Бид чинь өмнө нь тусгай замын автобус, рейлбус гээд янз бүрийн юм хийж үзсэн. Яг энэ төслийг хувь хүнийхээ хувьд дэмжихгүй байгаа. Уг төсөл Төсвийн тухай болон бусад хуулиудыг зөрчсөн юм билээ. Ер нь Улаанбаатар хотын түгжрэлийн асуудлыг маш яаралтай шийдэх хэрэгтэй. Гэхдээ хийх ажлууд их байгаа. Автозамын түгжрэлийг бууруулахын тулд нэвтрэх чадварыг нь л нэмэгдүүлэх шаардлагатай. Тэгэхээр юуны түрүүнд замаа өргөсгөх, зогсоол, хоёр түвшний уулзвар зэргийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Яармагийн хоёр дахь гүүрийг бий болгох, автобусны тоогоо нэмэгдүүлэх гээд наана нь бага өртөгтэйгөөр шийдэх асуудлууд байна. Энэ төсөл зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ цаг хугацааны хувьд өнөөдрийн эдийн засаг хүндрэлтэй, олон нөхцөл байдалд хавчигдсан үед  дэмий байх.  

 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Хууль зөрчсөн төслийг дэмжихгүй

 

Түгжрэлийн асуудлыг шийдэхийг дэмжиж байгаа. Гэхдээ хуулийн дагуу шийдэх ёстой. Орж ирж байгаа төслийнх нь хүрээнд УИХ-ын судалгаа, шинжилгээний төвийн хийсэн үнэлгээгээр хууль зөрччихсөн юм билээ. Тэгэхээр хууль зөрчсөн төслийг дэмжих ямар ч боломжгүй. Өрийн удирдлагын тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчиж байгаа. Хоёрдугаарт, энэ төсөл дээр Засгийн газрын баталгааг зөвшөөрсөн тохиолдолд манай өрийн тааз ямар ч зайгүй болно. Цаана нь ямар ч гадаадын эх үүсвэр авах боломжгүй болно.

Тэгэхээр манай зээлжих зэрэглэл буурна. Ингэхээр төр, хувийн хэвшил гээд бүгдэд нь эдийн засгйин нөлөөлөл нь ирнэ. Тийм болохоор энэ тогтоолын төслийг дэмжих боломжгүй гэсэн байр суурьтай байгаа. Дээрээс нь хэтэрхий үнэтэй байна. Нэг километр нь бараг 50 гаруй сая ам.доллар юм билээ. Судлаад үзэхэд бусад орнуудад LRT төслийг дунджаар нэг километрийг нь арван хэдээс 30 гаруй сая ам.доллароор хийсэн байна.

 

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Түгжрэлийг бууруулахын тулд зайлшгүй арга хэмжээ авах ёстой

 

Энэ асуудлыг Төсвийн байнгын хороон дээр түр хойшлуулсан юм билээ. Яагаад гэхээр дүн шинжилгээ хийж үзээд манай улсын өрийн таазыг асуудалд оруулахаар болсон байна гэж үзсэн. Би өөрөө Улаанбаатар хотоос сонгогдсон гишүүн. Ер нь Монгол Улсын иргэний хувьд хэлэхэд өнөөдөр нийслэлийн түгжрэл бол онцгой анхаарах ёстой асуудал болсон. Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд зайлшгүй арга хэмжээ авах ёстой. Гэхдээ LRT төслийг аваад үзэхэд маш өндөр өртөгтэй. Тиймээс манай улсын хэмжээнд зохицох уу гэдэг дээр мэргэжилтнүүд яриад байгаа юм. Түгжрэлийн асуудалд хот, хөдөө гэж хандахгүйгээр LRT биш юм бол өөр ямар нэг замаар түгжрэлээ шийдэх ажлыг нэн дариу хийх хэрэгтэй байна.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Гарцаагүй хэрэгтэй төсөл

 

Энэ асуудалд хот, хөдөө гэж хуваагдаж болохгүй. Монгол Улс бол нэгдмэл улс. Хүн болгон л улсаа хөгжүүлэх бодлого, зорилготой. Гишүүд маань бүгд хотод амьдардаг. Агаарын бохирдол, замын түгжрэл, сургууль, цэцэрлэгийн хүртээмжгүй байдал гээд хотын зовлонг бүгдээрээ л биеэрээ амсаж байгаа. Гэхдээ бас сонгогдсон тойрогтоо илүү хөрөнгө тавиулчих юмсан гэдэг асуудал байдаг. Үүнийг хот, хөдөөгийн гэж хэт хувааж, ялгарал бий болгож хэрэггүй. LRT төслийн хувьд мэдээлэл бага байна. Нийтдээ 2.5 тэрбум ам.доллар, нэг километр нь 50 сая ам.доллар гээд янз янзаар ярьж байна. Уг нь бол гарцаагүй хэрэгтэй төсөл. Гэхдээ боломжит хувилбарууд, зэрэгцээ шийдлүүд юу байхав гэдэг дээр нухацтай хандах хэрэгтэй. Нэн яаралтай хотын захаар тойрог зам, хурдны босоо замтай болмоор байна. Бага тойрогтоо машин нь ч явдаг, LRT нь ч явдаг давхар замтай болох ажлыг хиймээр байна. Өмнө нь яригдаж байсан олон төслүүдтэй харьцуулж байгаад аль нь эдийн засгийн хэмнэлттэй, үр өгөөжтэй байх вэ гэдгийг ч гаргаж ирэх хэрэгтэй.

 

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: Эдийн засгийн хувьд энэ ажлыг хийх цаг нь биш

 

Би төдийгүй ихэнх гишүүд уг төслийг төдийлөн дэмжихгүй байна. Яагаад гэвэл улсын эдийн засгийн хувьд энэ ажлыг хийх цаг нь биш. Мөн өмнөх жилүүдэд хийгдэж байсан төслүүдийн үр дүнг гишүүд шаардаж байна. Төсөв тодотгох энэ үед орон нутгаас нэлээд хэмжээний төсвийг танаж байгаа. Тэгсэн мөртлөө 50 сая ам.долларын төсөл орж ирж байгаа нь оновчтой биш байна. Дээрээс нь зарим улс орнуудад энэ төслийг хэрэгжүүлээд унасан, ашиггүй болсон гэдгийг гишүүд ярьж байгаа. Хотын түгжрэлийг бууруулах нь нэгдүгээр асуудал мөн гэдэгтэй санал нэг байна. Гэхдээ илүү төсөв зарахгүйгээр нэг гарын дүрэмтэй болох ч гэдэг юм уу шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зоч(103.161.242.66) 2022 оны 04 сарын 27

Эсэргүүцэж байна. Нэг мөсөн метрогоо тавихгүй юү.. Жаахан жаахнаар мэрсээр байтал нэг мэдэхэд метротой болно шүү дээ. Ямар газар чөлөөлнө барьна гэх биш. Газар доогуур дуртай чиглэлдээ явуулна шүү дээ...

0  |  0
Иргэн(202.9.47.68) 2022 оны 04 сарын 27

МЕТРОГОО ХУРДАН БАРЬЖ ЭХЭЛ. ӨӨР АРГА БАЙХГУЙ , БУСАД НЬ ХАЙРАН ЦАГ ЗАВ , ХАЙРАН ХӨРӨНГӨ МӨНГӨ ҮРСЭН АЖИЛ БОЛНО ШҮҮ. ЖИЛД 5-10КМ ТАВИХАД 10ЖИЛИЙН ДАРАА БИД МЕТРОТОЙ БОЛНО

1  |  0
dalai(124.158.120.30) 2022 оны 04 сарын 27

1500 шинэ автобусаар парк аа шинэчлээд тэгш сондгойгоор нь явуулах хэрэгтэй Ингэж өрөнд унах хэрэг үгүй

0  |  0
Top