Гурван улсын үлгэр | 30 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 26

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-30 ДУГААР БҮЛЭГ

ГУАНЬДҮ ГАЗАР БАЙЛДАЖ БЭНЬЧУ ДАРАГДСАН ҮЧАОГ БУЛААЖ МӨНДӨ АМУУГ ШАТААСАН

Өгүүлэх нь: Юаньшао цэрэг үүсгэж Гуаньдүгийн зүг мордоход Ся Хоудүнь бичиг илгээж түргэн болсныг мэдүүлбээс Цаоцао долоон түмэн цэрэг авч урагш байлдахаар ирэв. Сюнь Юйг үлдээж Сюйдүг сахиулав. Юаньшаогийн цэрэг мордон гарахад Тяньфэн гяндан дотроос бичиг өргөж хориглож өгүүлрүүн: “Эдүгээ намаар сахин сууж тэнгэрийн цагийг хүлээвээс зохимуй. Дэмий цэрэг хөдөлбөөс эрхгүй их зовлон болох болой”. Фөнзи муулж өгүүлрүүн: “Эзэн гүн өршөөл журмын цэрэг үүсгэх атал Тяньфэн юунд ийм өлзийгүй үг гаргамуй” хэмээсэнд Юаньшао хилэгнэж Тяньфэнг алсугай хэмээхэд олон түшмэд гуйж хэлтрүүлэв. Юаньшао занаж өгүүлрүүн: “Би Цаоцаог эвдэлсэн хойно төв илэрхийгээр түүнийг ялласугай!” хэмээгээд даруй цэрэг шаардаж мордов. Туг хиур тал дүүрч илд жад шугуй мэт явсаар Ян Ү газарт хүрч ирээд хүрээ бууж тогтсон хойно Зюйшоу өгүүлрүүн: “Бидний цэрэг хэдий олон боловч баатар хүч тэдэнд хүрэхгүй тэдний цэрэг хэдий шилдэг гэвч амуу өвс маньд хүрэхгүй. Түүний цэрэгт амуу үгүй тул түргэн байлдахад сайн. Манай цэргийн амуу элбэг тул алгуурлан сахиж хэрвээ өдөр сарыг удааваас тэдний цэрэг байлдахгүй өөрөө буруулах болой”. Юаньшао хилэгнэж өгүүлрүүн: “Тяньфэн миний цэргийн сэтгэлийг осол болгосонд би эгсэн цагт эрхгүй алмуй. Чи бас ямар аймшиггүй дэмий үг хэлмүй хэмээн хоёр жигүүрийн хүнийг дуудан зюйшоуг цэргийн дотор хадгалагтун! Би Цаоцаог эвдэлсэн хойно Тяньфэн лүгээ хамт ял хэлэлцмүй” хэмээв. Тэндээс зарлаж их цэрэг далан түмийг зүүн, баруун, өмнө, умардад тойруулан хүрээ бууж ер илүү газар залгалдав.

Түүнээс харуулын хүн үнэн ташааг сурвалжилж Гуаньдүд мэдүүлэхээр ирсэнд Цаоцаогийн цэрэг анхан хүрч ирээд сонсмогц ихэд цочин эмээмүй. Цаоцао олон зөвлөлийн түшмэл лүгээ зөвлөвөөс Сюнь Юй өгүүлрүүн: “Юаньшаогийн цэрэг хэдий арвин боловч айх хэрэггүй. Бидний цэрэг цөм баатар чийрэг, нэг нь аравтай тэнцэхгүй иь үгүй. Гагц хурдан байлдваас сайн. Хэрвээ өдөр сар удсанд амуу өвс гүйцэхгүй болбоос эмээлтэй болмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Чиний хэлсэн нь миний санаанд нийлэв” хэмээгээд даруй цааз зарлаж хэнгэрэг дэлдэн дэвшүүлэн ороход Юаньшаогийн цэрэг угтан ирж хоёр тийш цөм жагсаал жагсаав. Шэньпэй холховч нум барьсан цэргийг хоёр жигүүрт бүгүүлэн саадагт цэрэг таван мянгыг хүрээний доторх тугийн дор нуулгаж буун дуу сонсмогц цугаар харвагтун!” хэмээгээд гурван зэрэг хэнгэрэг дэлдсэн хойно Юаньшао алтан хуяг дуулга хэмэрлэгийн магнаг дээл өмсөөд хасын бүс бүсэлж жагсаалын өмнө морилон зогсов. Хоёр этгээдэд Жанхө, Гаолань, Ханьмэн, Чүнь Юйцюн нарын жанжныг зогсоон туг хиур, үет цомцог, төмгийг жагсаасан нь маш чанга тэгш болой. Цаоцаогийн жагсаалын үүдний туг нээгдтэл Цаоцао морилон гарч Сюйчу, Жанляо, Сюйхуан, Лидянь нар тус бүр зэвсэг барьж урагш хойшид хамгаалан явмуй. Цаоцао ташуураар Юаньшаог зааж өгүүлрүүн: “Би чамайг хаанд айлтган их жанжин болгосон атал эдүгээямар учирт самууран урвамуй”. Юаньшао уур төрж өгүүлрүүн: “Чи Хань улсын Чансан хэмээн нэрийдэвч үнэндээ Хань улсын хулгай бөгөөд чиний ял нүгэл тэнгэрт тулжээ. Ванман, Дунжуогоос хэтэрсэн атал харин бас хүнийг урвав хэмээн гөрлөмүй үү?”. Цаоцао өгүүлрүүн: “Би өнөө хааны зарлигаар чамайг дайлахаар ирэв”. Юаньшао өгүүлрүүн: “Би хааны дээл бүсний зарлиг бичгээр хулгайг алахаар иржээ”. Цаоцао хилэгнэж Жанляог “Байлд!” хэмээн гаргаваас Жанхө морь давхиулан угтан гарч ирээд хоёул дөч, тавин удаа болтол байлдваас аль нэг нь ч дийлэхгүй бүхийд Цаоцао үзээд сэмээр гайхмуй. Сюйчу илдээ эргүүлэн морь довтолгон шууд туслан байлдахаар орсонд Гаолань бас жад барьж угтан гарав. Дөрвөн жанжин хараахан туслан байлдахад Цаоцао Ся Хоудүнь, Цаохунд тус бүр гурван мянган цэргийг өгч хамт түүний жагсаалын дундуур дайрахаар оруулсныг Шэньпэй Цаоцаогийн цэрэг жагсаалыг дайрахаар ирснийг үзээд тэмдэг бууг тавиулбаас хоёр этгээдээс түмэн холховчит нум цугаар харваж дотоод цэргийн саадаг нумт цэрэг бас жагсаалын өмнө гарч цацлан харвахад Цаоцаогийн цэрэг яахин тэсэж чадмуй. Цөм өмнийг тэмцэн буруулбаас Юаньшао цэргийг тавьж нэхүүлсэнд Цаоцаогийн цэрэг ихэд дарагдаад цөм Гуаньдүд дутаан орсонд Юаньшао цэргийг нүүлгэн

Гуаньдүгийн ойр хүрээ буужээ. Шэньпэй өгүүлрүүн: “Өнөө арван түмэн цэрэг салгаж Гуаньдүг сахиад Цаоцаогийн хүрээний өмнө шороон уул цогцлоож цэргийн ардыг дорогш харуулан хүрээн дотор сум харвуулж Цаоцао хэрвээ хүрээг гээж одвоос бид энэ хавцал амыг олсноор Сюйчаныг эвдэж болмуй”. Юаньшао үгийг дагаж олон хүрээнээс хүч бүхий хүнийг сонгож шороо дамнуулан Цаоцаогийн хүрээний ойр уул цогцлоон босгов. Цаоцаогийн цэргийн хүрээнээс шороон уул цогцлохыг үзээд гарч хөшсүгэй хэмээвээс Шэньпэйгийн холховч нум барьсан цэрэг чухал хоолой газарт зогсож харвах тул урагш давшин чадахгүй арван өдрийн дотор тавь илүү шороон уул босгожээ. Дээрээс дэмий л харвахад Цаоцаогийн цэрэг ихэд цочиж цөм халхыг шүтэж зэвнээс халхалмуй. Уулан дээрээс нэгэнтээ тогшуур цохимогц зэвийн ирэх нь бороо орох мэт тул Цаоцаогийн зэрэг халхаар халхлан биеийг бүтээж газарт хэвтэхийг Юаньшаогийн цэрэг үзээд хашхиралцах бөгөөд инээлцмүй. Цаоцао цэргийн айж самуурахыг үзээд зөвлөлийн түшмэдийг цуглуулж арга сүвэгчлэхэд лю е урагш давшиж өгүүлрүүн: “Чулуу харвах тэрэг хийж эвдэлбээс болмуй” хэмээсэнд Цаоцао Лю Егээр тэрэгний зураг өргүүлж шөнөдөө чулуу харвах тэргийг хэдэн зууг үйлдүүлээд цэргийн хүрээний хэрмийн дотор шороон уул дээрх үүлэн шатны зүт харуулж жагсаан тавив. Дээрх хүн зэв харвах үес хүрээн дотроос нэгэн цугаар чулуу харвах тэргийг хөдөлгөхөд буу чулуу дээш хий агаарт үсэрч зайлах газаргүй болоод хүний үхснийг нь тооловч барахгүй. Юаньшаогийн цэрэг тэр тэргийг “Цахилгаан буух тэрэг” хэмээмүй. Үүнээс Юаньшаогийн цэрэг аюул үгүй өндөрт гарч харвахгүй болов. Шэньпэй бас нэгэн арга өргөв.

“Төмөр хүрзээр газрыг гулдран орж, зам гарган шууд Цаоцаогийн хүрээнд нэвтлэн ормуй. Үүнийг “Эрэгч цэрэг” хэмээн цолджээ”. Цаоцаогийн цэрэг, Юаньшаогийн цэргийн уулын хойд гуу эрэхийг мэдээд Цаоцаод мэдүүлсэнд Цаоцао бас Лю Егээс арга асуухад Лю Е өгүүлрүүн: “Юаньшаогийн цэрэг илээр байлдаж чадахгүй тулд сэмээр газрыг өрж хэвтээд газар доороор хүрээнд орсугай хэмээх нь болой”. Цаоцао асууруун: “Юугаар халхламуй?”. Лю Е өгүүлрүүн: “Хүрээний дотор эргэн тойрон гуу эрсэндгулдран эрэх нь хэрэггүй болмуй хэмээсэнд Цаоцао шөнө дөл цэрэг гаргаж гуу эрүүлэв. Юаньшаогийн цэрэг гулдран эрсээр гууд хүрээд үнэхээр орж чадсангүй хоосоор цэргийн хүчийг сүйтгэв.

Тэндээс Цаоцао Гуаньдүг найман сараас есөн сарын эцэс болтол сахиж цэргийн хүч улам муудах бөгөөд амуу өвс тасарсан тул санаандаа Гуаньдүг гээж Сюйчанд эгсүгэй хэмээн татгалзан тасалж чадахгүй болсон бөгөөд бичиг хийж Сюйчанд хүн зарж Сюнь Юйгээс асуухаар илгээв. Сюнь Юй хариу бичиг үйлдэж илгээсэн нь:

“Эдүгээ хүлээн авсан эрхэм зарлигт “Орох эгэхийг таслан илгээ!” хэмээснийг дагаж мунхаг би санахад Юаньшао Гуаньдүгийн газарт олон цэргийг цуглуулсан нь гэгээн гүн лүгээ дийлэх дийлэгдэхийг тасалсугай хэмээн ирсэн болой. Гүнгийн буурайгаар хүчирхэгтэй тулж хэрвээ сахиж чадахгүй болохул эрхгүй автагдмуй. Энэ дэлхий дахины их тухай болой. Юаньшаогийн цэрэг хэдий баатар боловч хэрэглэж чадахгүй. Гүнгийн сүр жавхлан мэргэн гэгээнээр хандсан зүг яахин үл чадахгүй аж. Эдүгээ хэдий цэрэгт амуу үгүй боловч эртний Чу, Хань улсын Рунань, Чэнгаод цухалдсан мэт үгүй болой. Өнөө гүн газрыг зурж сахиад бэрх хавцлын амыг атган, давшиж оруулан чадахгүй байдлыг үзэхэд хүч мохож эрхгүй хувьсах ойртов. Эдүгээ ямагт арга залийг хэрэглэх цаг тул яавч алдаж үл болмуй. Гагц гэгээн гүнгийн хянан байцаахыг хүсмүй” хэмээжзэ.

Цаоцао бичгийг үзээд ихэд баярлан түшмэл цэргээр хүчин гүйцэтгэн хичээж сахиулснаар Юаньшаогийн цэрэг гуч илүү газар эгэв. Цаоцао жанжин гаргаж цагдуулахад Сюйхуангийн доорх жанжин Шихуань, Юаньшаогийн цэргийн Гулдач212-ийг олзолж Сюйхуанд учруулсанд Сюйхуан түүний цэргийн үнэн ташааг асууваас тэр хүн хэлрүүн: “Их жанжин Ханьмэн амуу зөөж ирэн цэргийн тусалбар болгохын тул манийг урьд замыг байцаан үзэхээр илгээсэн бөлгөө” хэмээжээ. Сюйхуан энэ учрыг Цаоцаод мэдүүлбээс Сюнь Юй өгүүлрүүн: “Ханьмэн хэмээгч бэртэгчин эр болой. Хэрвээ нэгэн хүнд гавшгай цэрэг хэдэн мянга өгч хагас замд хөшүүлж түүний амуу өвсийг таслуулбаас Юаньшаогийн цэрэг өөрөө самуурмуй”.

212 Гулдач гэдэг нь тандуул, заншлаач гэсэн утгатай

Цаоцао өгүүлрүүн: “Хэн очвоос болмуй” хэмээсэнд Сюнь Юй өгүүлрүүн: “Мөн сюйхуаныг илгээвээс болмуй” хэмээсэнд Цаоцао даруй Сюйхуанд хандан: “Шихуань хийгээд харьяат цэргийг авч урьдаар очигтун!” хэмээгээд хойно Жанляо, Сюйчуг цэрэг авч туслуулахаар илгээв. Тэр шөнө Ханьмэн амуу тэрэг хэдэн мянгыг дарж Юаньшаогийн хүрээнд хүргэж тусламуй хэмээн яван атал уулын завын дотроос Сюйхуан, Шихуань цэрэг авч гараад очих замыг тоссон тул Ханьмэн нисэх мэт довтолгон байлдахаар ирэхэд Сюйхуан угтан байлдах хооронд Шихуань тэрэгний хүнийг алж сарниулаад амуугийн тэргийг гал тавив. Ханьмэн байлдаж тэсэхгүй болж морийг эгүүлэн буруулав. Сюйхуан цэргийг шаардан амуу тэргийг дуусган шатаасанд Юаньшаогийн цэрэг баруун хойдод гал мандсаныг үзээд сэжиглэн бүхийд буруулсан цэрэг ирээд “Амуу өвсийг булаагдав” хэмээн хэлсэнд Юаньшао, Жанхө, Гаоланийг гаргаж их зам тосохоор илгээвээс төвхийтэл Сюйхуангийн амуунд гал тавиад хойш ирэхтэй уулзаж сая байлдсугай хэмээтэл арын хойноос Сюйчу, Жанляогийн цэрэг хүрч ирээд хоёр этгээдээс хавчин байлдаж Юаньшаогийн цэргийг сарниулаад дөрвөн жанжин цэргээ нэгэн газарт нийлүүлэн Гуаньдүд эгж ирсэнд Цаоцао ихэд баярлаж хүнд шагнаад цэргийг салгаж хүрээний гадна хүрээ буулгаж тулга болгов.

Тэндээс Ханьмэнгийн дарагдсан цэрэг хүрээндээ эгсэнд Юаньшао ихэд хилэгнэн: Ханьмэнг алсугай хэмээсэнд; олон түшмэд гуйж хэлтрүүлэв. Шэнъпэй өгүүлрүүн: “Цэрэг гарахад амуу хүнд болгох тул хичээн сэрэмжлэхгүй бол үл болмуй. Үчао хэмээгч амуу өвс цуглуулсан газар тул эрхгүй олон цэргээр сахиулах хэрэгтэй”. Юаньшао өгүүлрүүн “Би нэгэнтээ арга сүвэгчлэн тогтов, Чи Едү газарт одож амуу өвсийг захирч цэрэгт битгий дутагдуул!” хэмээхэд Шэньпэй захиаг хүлээн одов. Юаньшао их жанжин Чүнь Юйцюнг түүний доорх жанжин Сю Юаньзинь, Хань зюйзы, Люй Вэйхуан, Жаорүй зэргийн ардыг захиран хоёр түмэн цэргийг дагуулан Үчаог сахигтун!” хэмээн илгээв. Гэр, Чүнь Юйцюн хэмээгч ер чанар хатуу бөгөөд архинд дуртай тул цэргийн хүн ихэд аймуй. Нэгэнтээ Үчаод хүрсэн хойно өдөр бүр олон жанжин нарыг цуглуулж уулцан суумуй.

Тэндээс Цаоцаогийн цэргийн идэх амуу барах шахсан тул яаран элч зарж Сюйчанд илгээн “Сюнь Юйг даруй амуу өвс хурааж шөнө дөл хүргэж ирэн цэргийн хэрэгсэлд туслагтун!” хэмээсэнд элч бичгийг авч яваад гучин газар явсангүй. Юаньшаогийн цэрэг барьж аваад хүлж зөвлөлийн түшмэл Сюй Югийн дэргэд авчирав. Тэр Сюй Югийн өргөсөн нэр Зы Юань багадаа Цаоцао лугаа нөхөрлөсөн бөлгөө. Энэ цагт Юаньшаогийн дэргэд зөвлөлийн түшмэл болж амуй. Тухайд элчийн биеэс амуу хөөхөөр очих бичгийг нэгжин гаргаж шууд Юаньшаогийн дэргэд ирж өгүүлрүүн: “Цаоцао Гуаньдүд цэрэг буугаад бидэн лүгээ эсэргүүцэж өдөр уджээ. Сюйчан хот эрхгүй хоосон буй.

Хэрвээ нэгэн анги цэргийг салгаж шөнө дөлөөр Сюйчаныг сундлахаар очвоос Сюйчаныг олж болох бөгөөд Цаоцаог барьж болно. Эдүгээ Цаоцаогийн амуу өвс нэгэнтээ барсан тул төвхийтэл энэ тухайд тохиолдуулан хоёр замаар хөшвөөс зохимуй” хэмээсэнд Юаньшао өгүүлрүүн: “Цаоцаод гэнэдүүлэх арга ихэд үлэмж, энэ бичиг дайсныг удирдах арга болой” хэмээжээ. Сюй Ю өгүүлрүүн: “Эдүгээ хэрвээ авахгүй болбоос хойно гэдрэг түүний хорыг амсмуй” хэмээн ямагт хэлэлцэн атал гэнэт хүн Езюний газраас ирээд Шэньпэйгийн илгээсэн бичгийг өргөв. Бичгийн тэргүүнд

“Амуу зөөх хэргийг өгүүлэн Сюй Ю Зижоуд байх үес санааны дураар иргэнээс эд юм авсан бөгөөд ач хөвгүүдээ тавьж гарган амуу цалин, гааль хурааж биед шингээсэн тул эдүгээ түүний ач нарыг цөм бариад гянданд хорив” хэмээн бичжзэ. Юаньшао тэр бичгийг үзээд уур хүрч хэлрүүн: “Дураар явах бэртэгчин эр бас ямар нүүр буй хэмээн миний өмнө арга өргөх буй? Чи угаас Цаоцао лугаа нөхөрлөсөн тул санахад бас ч түүний мөнгө торгын хахуулийг хүлээн аваад түүний төлөө гулдач болж миний цэргийг гэнэдүүлмүй үү? чухам чиний тэргүүнийг авах бөлгөө. Түр чиний толгойг хүзүүнд тэмдэглэн тавьсугай! Түргэнээ гарагтун! Үүнээс хойш уулзаж болохгүй!” хэмээсэнд Сюй Ю гарч очоод тэнгэрийн зүг хандан шүүрс алдаж өгүүлрүүн. “Шударга үг чихэнд тааламжгүй бага хөвгүүн лүгээ арга сүвэгчилж эс болмуй, миний хөвгүүн ба ач хөвгүүн цөм Шэньпэйд хөнөөгдсөн тул одоо ямар нүүрээр Зижоугийн хүнтэй уулзах билээ?” хэмээхэд зүүн баруун этгээдийн хүн илдийг булаан авч хориглон өгүүлрүүн: “Гүн чи яахин үхэхийг энэ мэт хөнгөн үзмүй. Юаньшао шударга үгийг авахгүй болбоос хожим эрхгүй Цаоцаод баригдмуй. Гүн нэгэнтээ Цаоцао гүн лүгээ нөхөрлөсөн болбол юунд харанхуйг гээж гэгээнийг дагахаар очихгүй аж?” хэмээсэн энэ хоёр үгэнд Сюй Ю сэрэгдэж даруй Цаоцаог дагахаар очив.

Хожмын хүн шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Бэньчугийн баатар сүр дундад улсыг бүрхэх агаад

Гуаньдүгийн байлдаан талаар гуниглалтай болжээ

Сюй Ю гйнн арга хэрвээ хэрэглэгдсэн аваас

Цаоцаогийн гарт дэлхий дахин орох уу?”

Тэндээс Сюй Ю хүрээнээс гарч шууд Цаоцаогийн хүрээнд очсонд бүгсэн цэрэг баримтлан авбаас Сюй Ю өгүүлрүүн: “Би Цао Чансангийн хуучин нөхөр бөлгөө. Нань Ян газрын Сюй Ю золгохоор ирэв хэмээн хурдан нэвтрүүлэн өгөгтүн!” хэмээхэд цэргийн хүн Цаоцаогийн их хүрээнд орж мэдүүлбээс тэр үес Цаоцао сая хувцас тайлан бие амуусугай хэмээн асан болой. Сюй Юг “Хулган ирэв!” хэмээн сонсоод ихэд баярлаж гутлыг өмсөж завдсангүй хөл нүцгэн угтахаар гарч холоос Сюй Юг үзээд алгаа ташин инээж гар барилцан хамт орсон хойно Цаоцао газарт сөгдөж мөргөхүйд Сюй Ю яаран өргөн босгож өгүүлрүүн: “Гүн болбоос Хань улсын Чансан би болбол өтөл ард атал юунд ийм хөнгөмсгөөр ёсломуй”. Цаоцао өгүүлрүүн: ‘Гүн болбоос миний хуучин нөхөр тул яахин нэр хэргэмээр дээд доордыг ялгаж болмуй?”.

Сюй Ю өгүүлрүүн: “Би эзнийг сонгож чадсангүй биеийг гутаан Юаньшаог дагаж үгийг сонсох үгүй аргыг эс дагахын тулд өнөө гээж хуучин нөхрийг эрэхээр ирэв. Хураан авч хэрэглэхийг хүсмү”. Цаоцао өгүүлрүүн: “Зы Юань213 ирсэнд миний хэрэг одоо бүтэх болой. Даруй надад Юаньшаог эвдэх арга сургахыг хүсмү”. Сюй Ю өгүүлрүүн: “Би Юаньшаод “Гавшгайлан орж Сюйдүг сундлаад тэргүүн сүүлийг байлдсугай!” хэмээн сургасан бөлгөө” хэмээхэд Цаоцао ихэд хиртхийж өгүүлрүүн: “Хэрвээ Юаньшао Зы Юаньгийн үгийг хэрэглэсэн бөгөөс миний хэрэг хохирон барагдмуй!” хэмээжээ. Сюй Ю өгүүлрүүн: “Гүн чиний цэргийн амуу бас хэдий буй?”. Цаоцао өгүүлрүүн: “Нэг жил идэхэд хүрмүй”. Сюй Ю инээн өгүүлрүүн: “Тийм бусаас эмээмүй”. Цаоцао өгүүлрүүн: “Хагас жилийн баймуй”. Сюй Ю ханцуйгаа гөвж босоод их алхмаар цацраас гарч өгүүлрүүн: “Би үнэнхүү санаагаар дагахаар ирсэн атал гүн чи энэ мэт мэхлэхэд миний эрмэлзэх газар бус болой” хэмээхэд Цаоцао үлдээж хэлрүүн: “Зы Юань битгий уурлагтун. Би үнэнийг хэлсүгэй, цэргийн амуу гурван сард идэж гүйцмүй”. Сюй Ю инээж өгүүлрүүн: “Ертөнцийн хүн цөм мөндөг зальхай баатар хэмээх бөлгөө. Эдүгээ үзвээс үнэн аж?”. Цаоцао бас инээн өгүүлрүүн: “Цэрэгт хуурахыг жигших үгүй” хэмээгээд чихэнд шивнэж өгүүлрүүн: “Гагц энэ сарын амуу буй” хэмээх үгэнд Сюй Ю их дуугаар өгүүлрүүн: “Битгий намайг хуурагтун! Амуу нэгэнтээ дуусжээ”.

213 Сюй Югийн өргөсөн нэр

Цаоцао зэмлэж өгүүлрүүн: “яахин олж мэдсэн буй” хэмээхэд Сюй Ю Цаоцаогийн Сюнь Юйд илгээсэн бичгийг гаргаж үзүүлэн өгүүлрүүн: “Энэ бичгийг ямар хүн бичсэн аж?”. Цаоцао цочиж асуун өгүүлрүүн: “Хаанаас олов?”. Сюй Ю зарсан хүнийг барьсан учрыг хэлсэнд Цаоцао гарыг барьж өгүүлрүүн: “Зы Юань нэгэнтээ хуучин нөхөрлөснийг санаж ирсэн болбоос даруй сургахыг хүсмү”. Сюй Ю хэлрүүн: “Гэгээн гүн цөөн цэргээр их дайсныг эсэргүүцэхэд хурдан дийлсүгэй хэмээх аргыг бодохгүй, энэ өөрөө үхэх замыг эрэх нь болой. Сюй Ю надад нэгэн арга буй. Гурван өдрийг өнгөрүүлэхгүйгээр Юаньшаогийн зуун түмний олныг байлдахгүйгээр өөрөө эвдрүүлмүй. Гэгээн гүн сонсмуй уу. Цаоцао ихэд баярлаж өгүүлрүүн: “Сайн аргыг сонсохыг гуймуй”. Сюй Ю өгүүлрүүн: “Юаньшаогийн цэргийн амуу хэрэгслийн зүйлсийг цөм Үчаод цогцлоогоод өдгөө Чүнь Юйцюнгээр сахиулжээ. Чүнь Юйцюн архинд дуртай бөгөөд сэрэмжгүй. Гүн чи сайн цэргийг сонгож Юаньшаогийн жанжин зянцигийн цэрэг хэмээн хууран хэлж тэр газар хүрээд зайг үзэж амуу өвс хэрэгслийн зүйлд гал тавиулбаас Юаньшаогийн цэрэг гурван өдөр болохгүйгээр өөрөө самууран сарних болой”. Цаоцао ихэд баярлаж Сюй Юг цэргийн хүрээнд үлдээж хүндэд хүндлэв. Дэд өдөр Цаоцао өөрийн бие явган морьт цэрэг таван мянга шалгаж Үчаод амуу тосохоор очсугай хэмээхэд Жанляо өгүүлрүүн: “Юаньшаогийн амуу өвс цуглуулсан газар яахин бэлтгэлгүй болж болмуй? Чансан хөнгөнөөр очиж болохгүй. Сюй Югийн аргад орох болов уу!”. Цаоцао өгүүлрүүн: “Тийм бус Сюй Югийн энэ ирсэн нь тэнгэр Юаньшаог эвдлэх нь болой. Эдүгээ бидний цэргийн амуу хүрэлцэхгүй тул удтал сахихуйяа бэрх. Хэрвээ Сюй Югийн аргыг авахгүй болбоос энд суусаар зовлонг хүлээх нь болой. Тэр хэрвээ хуурваас юу хэмээн манай цэргийн дотор үлдэх аж. Нэндээ би түүний хүрээг булаасугай хэмээн санасаар уджээ, Эдүгээгийн амуу булаах хэргийг эрхгүй даруй явуулах хэрэгтэй. Авгай битгий сэжиглэгтүн!”.

Жанляо өгүүлрүүн: “Гэвч Юаньшаогийн хоосныг завшиж сундлахаар ирэхийг болгоомжлох хэрэгтэй”. Цаоцао инээж өгүүлрүүн: “Би хэдийн бодож боловсруулжээ” хэмээгээд даруй Сюнь Юй, Зясюй, Цаохунаар Сюй Югийн хамт их хүрээг сахиулаад Ся Хоудүнь, Сяхоу юанийг нэгэн салаа цэрэг авч зүүн этгээдэд бүгүүлж, Цаорэнь, Лидянийг нэгэн салааны цэрэг авч баруун этгээдэд бүгүүлээд түргэн түүхийг сэрэмжлүүлсэн хойно Жанляо, Сюйчуг өмнөд, Сюйхуан, Юйзинь хойдод, Цаоцао өөрийн бие олон жанжин нарыг авч дундад болон хамт таван мянган цэрэг морийг дагуулан Юаньшаогийн цэргийн туг далбааг өргөөд цэргийн хүмүүнд боожтой өвс өргүүлээд, аманд модыг үмхүүлэн морины амыг татаж” гэгээ тасрахын үе Үчаогийн зүт очиход энэ шөнө тэнгэр дүүрэн од гялбалзав.

Тэндээс Зюйшоу цэргийн дотор хоригдож агаад мөн шөнө олон одон гэгээхэн жагсаалцсаныг үзээд сахих хүнээр дундад танхимд дагуулан гаргаад дээш хандаж тэнгэрийн байдлыг шинжвээс гэнэт цагаан одон Ударасад одыг халдсаныг үзэж ихэд цочиж өгүүлрүүн: “Гамшиг хүрч ирэх шахав” хэмээгээд мон шөнөдөө Юаньшаод золгосугай хэмээсэнд тэр үе Юаньшао нэгэнтээ согтож унтсан бөлгөө. “Зюйшоуг нарийн мэдээ хэлэхээр ирэв” хэмээн сонсоод оруулж асууваас Зюйшоу өгүүлрүүн: 'Энэ шөнө тэнгэрийн байдлыг шинжвээс цагаан од сөрж аслис одны хооронд орж түүний гэрэл Удирасад одонд тусжээ. Лав хулгайн цэрэг булаах хор амуй. Үчаогийн амуу цуглуулсан газрыг сэргийлэхгүй болбоос үл болохын тул даруй шилдэг цэрэг, баатар жанжныг зам эвхэж илгээн уулын завааг цагдуулж Цаоцаогийн аргад орохоос хэлтрүүлбээс зохимуй” хэмээвээс Юаньшао зандаж өгүүлрүүн: “Чи болбоос ял авсан хүн бөгөөд ямар аймшиггүй дэмий үг гарган олны сэтгэлийг самууруулмуй” хэмээгээд сахисан хүнийг ихэд зандаж өгүүлрүүн: “Би чамд захиж сахин хориулсан атал ямар аймшиггүй тавьж гаргав” хэмээн сахисан хүнийг алаад өөр хүнийг дуудаж Зюйшоуг сахиулав. Зюйшоу гарч ирээд нулимс унагааж гуньхран хэлрүүн: “Бидний цэрэг мөхөх нь өглөө үдэш болсон тул миний хүүр яс аль газарт булагдахыг мэдэхгүй болов”.

Хожмьн хүн шүүрс алдаж шүлэглэсэн шүлгийн үг:

“Шударга үг тааламжгүй гэдрэг өшөө болгосон

Шунахай эзэн Юаньшао арга бодлого цөөн аж.

Үчаогийн амуу дуусаад уг үндсээ алдсан байгаад

Өчүүхэн бага Зижоуг басхүү сахисугай хэмээв”

Тэндээс Цаоцао цэрэг дагуулан шөнө явж Юаньшаогийн өөр хүрээг өнгөрөн очиход хүрээний доторх цэрэг: “Хаанах цэрэг морь буй?” хэмээн асуухад Цаоцаогийн цэрэг өчрүүн: “Зянци захиагаар Үчао газарт амуу өвсийг сахихаар очмуй” хэмээсэнд Юаньшаогийн цэрэг үзвээс өөрийн цэргийн туг хиур мөн тул даруй сэжиглэсэнгүй. Хэд хэдэн газрыг өнгөрөхөд цөм Зянцигийн цэрэг хэмээн хэлснээр нэгэн ч хориглосонгүй ажгуу. Үчаод хүртэл дөрөвдүгээр жингийн цаг болжээ. Цаоцао даруй цэргээр өвсийг тойруулан гал тавиулаад хэнгэрэг дэлдэн ороход тэр цагт Чүнь Юйцюн сая олон жанжин лугаа уулцан бараад цацарт хэвтэж асан бөлгөө. Хэнгэргийн дууг сонсоод үсэрхийлэн босож “Юун учир цургилдмуй?” хэмээн асууж дуусахын урьд хэдийнээ дэгээнд татагдаж унав. Сүй Юанзинь, Жаорүй хоёр амуу зөөж сая эгээд гал мандсаныг үзэж яаран өмөглөхөөр ирэхэд Цаоцаогийн цэргийн хүн яаран Цаоцаод хэлрүүн: “Хулгайн цэрэг хойно буй. Цэрэг хуваан тулмуй!” хэмээн мэдүүлсэнд Цаоцао бархиран өгүүлрүүн: “Гагц шаламгайлан урагшлагтун! Хулгайн цэрэг арын хойно хүрч ирсэн хойно сая эгж байлдсугай!” хэмээхэд олон жанжин нар эс хүчлэн урагшилж орохгүй нь үгүй. Нэгэн цагт гал утаа дөрвөн зүгээс мандаж огторгуйг халхалжээ. Сүй Юанзинь, Жаорүй хоёр жанжин цэрэг довтолгон өмөглөхөөр ирвээс Цаоцао морь эгүүлж байлдсанд тэд тэсэхгүй цөм Цаоцаогийн цэрэгт алагдаж амуу, өвс дуустал түлэгджээ. Чүнь Юйцюнг баривчилж Цаоцаод золгуулбаас Цаоцао хамар, чих, гар, хурууг огтлон аваад морин дээр уяж Юаньшаогийн хүрээнд тавин илгээж гутаав. Тэндээс Юаньшао цацарт аж чимээг сонсоод үзвээс чанх хойд зүгт галын гэрэл тэнгэрт тулжээ. Үүнд Үчаог алдсаныг мэдээд даруй гарч бичиг цэргийн түшмэдийг цуглуулан цэрэг илгээж туслахыг зөвдөхөд Жанхө урагш давшиж өгүүлрүүн: “Би Гаолань лугаа очиж тэнхрүүлсүгэй!” хэмээсэнд Гуоту өгүүлрүүн: “болохгүй Цаоцаогийн цэрэг амуу булаахаар очиход эрхгүй Цаоцао биеэр цэрэг авч ирмүй. Цаоцао нэгэнтээ өөрөө очвоос хүрээ эрхгүй хоосон бөлгөө. Бид цэрэг гаргаж урагш Цаоцаогийн хүрээг цохиулсанд Цаоцао сонсвоос эрхгүй яаран эгмүй. Энэ нь Сүньбинь, Вэй улсыг хааж Жоу улсыг тэнхрүүлсэн арга214 болой”. Жан Хө өгүүлрүүн: “Тийм бус Цаоцаогийн бодлого үлэмж тул гадна гарахад эрхгүй дотоодоор бэлтгэж, түргэн түүхийг сэргийлмүй. Эдүгээ хэрвээ Цаоцаогийн хүрээг байлдаад олохгүй Чүнь Юйцюн зэргийн ард цөм олзлогдсон болбоос бид цөмөөр түүнд баригдмуй” . Гуоту өгүүлрүүн: “Цаоцао гагц амуу булаахыг санахаас юунд хүрээндээ цэрэг үлдээх буй?” хэмээн дахин давтан Цаоцаогийн хүрээг булаасугай хэмээн өгүүлэх тулд Юаньшао сая Жанхө, Гаоланьд таван мянган цэрэг өгч Гуаньдүд хүрээг дарахаар илгээгээд Зянцид нэгэн түмэн цэрэг өгч Үчаод туслуулахаар илгээв.

214 Сүньбинь, Вэй улсыг хааж Жоу улсыг тэнхрүүлсэн арга: Сүньбинъ бол байлдаант улсын үеийн алдарт цэргийн эрдэмтэн болой. Нэг удаа Вэй улс, Жао улсын нийслэл Ханьдань хотыг хааж байлдсанд Тяньзи, Сүньбинь хоёрыг цэрэг дагуулан явж, Жао улсыг тэнхрүүлтүгэй гэж Ци Ван зарлиг буулгажээ. Вэй улсын хурц цэрэг нь бүр Жао улсад байх тул дотооддоо хоосон гэж Сүньбинъ боджээ. Тийнхүү Вэй улсыг байлдсанд Вэй улсын цэрэг улсаа тэнхрүүлэхээр эргэхэд, Чү улсын цэрэг, Вэй улсын цэргийн ядарч зүдэрсэнийг нь далимдуулан байлдаж тэднийг ихэд дийлжээ. Ингэснээс Жао улсын хаагдсан нь тайлагджээ.

Тэндээс Цаоцао, Чүнь Юйцюнгийн цэргийг алж сарниулаад түүний цэргийн хуяг дээл туг хиурыг цөм булаан аваад хууран: “Чүнь Юйцюнгийн дарагдсан цэрэг хүрээндээ эгмүй” хэмээн уулын цухал замд хүрэхүйеэ төвхийтэл Зянцигийн цэрэгтэй учирсанд Зянцигийн цэрэг асууваас хэлрүүн: “Үчаогийн дарагдсан цэрэг хойш эгмүй” хэмээсэнд Зянци даруй сэжиглэсэнгүй тул морь довтолгон өнгөрөн гартал гэнэт Жанляо, Сюйчу хүрч ирээд их дуугаар “Зянци битгий буруул!” хэмээн дуудахад Зянци гар хөл хөдлөн завдахын урьд Жанляод цавчигдан мориноос унав. Зянцигийн цэргийг цөм алж бараад бас хүн зарж: “Зянци өөрөө нэгэнтээ Үчаогийн цэргийг цөм алж сарниулав” хэмээн хууран хэлсэнд Юаньшао Үчаод дахин цэрэг илгээж туслуулсангүй гагц Гуаньдүд цэрэг нэмжээ.

Түүнээс Жанхө, Гаолань Цаоцаогийн хүрээнд алахаар ороход зүүнээс Ся Хоудүнь, баруунаас Цаорэнь дундаас цаохун нэгэн зэрэг гарч ирээд гурван замаар хавчин байлдсан тул Юаньшаогийн цэрэг ихэд дарагдав. Өмөглөх цэрэг хүрч иртэл Цаоцаобас умраас орж ирээд дөрвөн зүгээс хааж алахад Жанхө, Гаолань хоёр зам булааж буруулан гарав. Юаньшао Үчаогийн дарагдсан цэрэг хүрээндээ эгэхийг хураан авч үзвээс Чүнь Юйцюн хамар, чих цөм үгүй гар, хөл бүгд огцорчээ. Юаньшао өгүүлрүүн: “Яахин Үчаог автагдав?” хэмээн асууваас дарагдсан цэргийн хүн хэлрүүн: “Чүнь Юйцюн согтож унтсан тул дайсан лугаа байлдаж чадсангүй” хэмээсэнд Юаньшао хилэгнэж даруй алав. Гуоту Жанхө, Гаолань эгж ирээд мөн бусыг гэрчлэн хэлэхээс болгоомжлон урьдаар юаньшаогийн дэргэд орж хөнөөн өгүүлрүүн: “Жанхө, Гаолань хоёр жанжин таны цэрэг дарагдсаныг үзээд лав ихэд баярлах бөлгөө” гэхэд Юаньшао хиртхийж өгүүлрүүн: “Яахин энэ үгийг гаргамуй?”. Гуоту өгүүлрүүн: “Хоёул хэдийнээс Цаоцаог дагах сэтгэл байсан тул эдүгээ хүрээг дарахаар илгээсэнд хүч гаргахгүйдээ цэрэг морийг хохируулав”. Юаньшао ихэд уур хүрч ял хийсүгэй хэмээн яаран хоёулыг дуудахаар илгээхэд Гуоту урьдаар хүн зарж хоёуланд хэлүүлсэн нъ “Эзэн гүн таныг авчраад алмуй хэмээж буй” хэмээжээ. Юаньшаогийн зарсан хүн хүрсэн хойно Гаолань асууруун: “Эзэн гүн манийг дуудаж юу хиймүй?”. Зарсан хүн хэлрүүн: “Ямар учрыг мэдэхгүй” хэмээтэл

Гаолань сэлмийг сугалан зарсан хүнийг алжээ. Жанхө ихэд цочив.

Гаолань өгүүлрүүн: “Юаньшао хов үгийг сонсон итгэх тул эрхгүй цаоцаод баригдмуй. Бид юунд суусаар үхэхийг хүлээмүй?. Цаоцаод дагахыг хүрэхгүй”. Жанхө өгүүлрүүн: “Би бас ийм санаа байж удав” хэмээн хоёул харьяаны цэргээ авч Цаоцаогийн хүрээнд дагахаар ирэв. Ся Хоудүнь өгүүлрүүн: “Жанхө, Гаолань дагаар ирсэн нь үнэн ташааг олж мэдэхгүй”. Цаоцао өгүүлрүүн: “Би хишгээр өршөөн аваачваас хэдий өөр сэтгэл буй боловч бас хувьсаж сайн болох болой” хэмээгээд даруй хаалгыг нээж оруулав. Хоёул зэвсгээ хэвтүүлэн хуягийг тайлж газарт сөгдөхөд Цаоцао өгүүлрүүн: “Хэрвээ Юаньшао танай хоёр жанжны үгийг дагасан болбоос дарагдахад хүрэхгүй бөлгөө. Эдүгээ хоёр жанжны ирсэн нь Вэйзигийн инь улсаас одсон, Ханьсиньгийн Хань улсад дагасан адил болой” хэмээгээд Жанхөг хажуугийн жанжин Тинхоу өргөмжилж Гаоланийг хажуугийн жанжин Дунлай Хоу болгосонд хоёул ихэд баярлав.

Тэндээс Юаньшао нэгэнтээ Сюй Юг алдсан хийгээд Жанхө, Гаолань яваад бас Үчаогийн амуу шатаагдсанаар цэргийн сэтгэл ихэд тогтворгүй болжээ, Сюй Ю бас Цаоцаог шаардаж: “Түргэнээ цэрэг орогтун!” хэмээсэнд Жанхө, Гаолань: “Гавшгай болсугай” хэмээн гуйснаар Цаоцао зөвшөөрч даруй Жанхө, Гаоланийг цэрэг дагуулан Юаньшаогийн хурээг дарахаар илгээв. Тэр шөнийн гурван жингийн үес цэрэг гарч гурван замаар хүрээг булаахаар очоод хутган байлдсаар гэгээ орсон хойно тус бүр цэргээ хураагаад үзвээс Юаньшаогийн цэргийн их хагас хохирчээ. Сюнь Юй арга өргөж өгүүлрүүн: “Эдүгээ бид хүн морь салгаж нэгэн замаар Суаньзаог авч, Езюнь сумыг байлдахаар одмуй. Нэгэн замаар Ли Яныг авч “Юаньшаогийн цэргийн эгэх замыг гасалмуй” хэмээн үг алдаршуулан215 хэлүүлбээс Юаньшао сонсмогц эрхгүй санд мэнд цэрэг хуваан манийг халхлахаар ирмүй. Бид түүний цэрэг хөдлөх үес цохиж орвоос Юаньшог барьж болмуй”. Цаоцао тэр аргыг хэрэглэж их бага гурван аймгийн цэргийн хүнээр дөрвөн зүгт зориуд алдаршуулсанд Юаньшаогийн цэргийн хүн сонсоод хүрээндээ эгж хэлрүүн: “Цаоцао хоёр замаар цэрэг хуваан нэг зам Езюнь сумыг аван нэг замаар Ли Яньг авахаар одов” хэмээвээс Юаньшао ихэд айж яаран Юаньтанд таван түмэн цэрэг өгч Езюнь суманд туслуулан Синьминд таван түмэн цэрэг өгч Ли Яныг тэнхрүүлэхээр шөнө дөлөөр явуулав. Цаоцао Юаньшаогийн цэрэг хөдлөсөн чимээг мэдээд их цэргийг найман замаар хуваан цугаар гарч шууд Юаньшаогийн хүрээнд байлдахаар Орсон тул Юаньшаогийн цэрэг байлдах сэтгэлгүй дорвөн зүг сарниж явсанд ихэд дарагдав. Юаньшао хуяг өмсөж завдсангүй дан хувцас, ерийн малгайгаар морь унаж бага хөвгүүн юаньшан хойно дагав. Жанляо, Сюйчу, Сюйхуан, Юэзинь дөрвон жанжин цэрэг авч Юаньшаог нэхэн ирсэнд Юаньшао яаран голыг гэтлээд бичиг хар, тэрэг жагсаал, алт торгыг цөм гээж гагц найман зуу илүү морьт цэргийг авч очив. Цаоцаогийн цэрэг нэхэж гүйцсэнгүй. Эл гээсэн юмыг дуустал олж найман түм илүү хүн алсанд цус урсаж суваг дүүргээд усанд живж үхсэнийг нь тооловч барахгүй. Цаоцао ихэд дийлээд олсон алт, эрдэнэ, торгыг олон цэрэг жанжин нарт шагнав. Бичгийн дотроос нэгэн ороодос захидал байцаан гаргаад үзвээс цөм Сюйдү хийгээд цэргийн доторх олон хүний Юаньшао лугаа хулгаж нэвтрүүлсэн бичиг тул жигүүрийн хүн өгүүлрүүн: “Дэс дараалан нэр овгийг дуудаж бариад албаас болмуй” гэхэд Цаоцао өгүүлрүүн: “Уг Юаньшаогийн хүчирхэг цагт мөхөс миний биеийг харин ч хамгаалан чадахгүй бөгөөтөл нэндээ бусад хүнийг юун өгүүлмүй” хэмээгээд даруй тэр бичгийг цөм галдуулж дахин асуусангүй бөлгөө.

215 Цуу үг тараах

Тэндээс Юаньшао дарагдаж буруулсанд Зюйшоу хоригдож байсан тул даруй явж чадсангүй. Цаоцаогийн цэрэгт олзлогдож Цаоцаод учруулбаас Цаоцао Ер Зюйшоу лүгээ танилцах тул Зюйшоу Цаоцаод уулзмагц өндөр дуугаар өгүүлрүүн: “Зюйшоу би дагахгүй” хэмээжээ. Цаоцао өгүүлрүүн: “Би бодлогогүйдээ авгайн аргыг хэрэглэсэнгүй атал яахин бас түүдэрмүй. Би хэрвээ эрт эрхэм таныг олсон болбол дэлхий дахиныг тогтооход зовнихгүй бөлгөө” хэмээгээд зузаатган хүндэлж цэргийн хүрээнд үлдээсэнд Зюйшоу хүрээнээс морийг хулган авч “Юаньшаог эрэхээр оргосугай!” хэмээсэнд Цаоцао хилэгнэж алжээ. Зюйшоу үхтэл царай хувирсангүй бөлгөө. Цаоцао шүүрс алдаж хэлрүүн: “Би шударга журамт түшмэлийг эндүүрч алав” хэмээн ёсчлон авсалж шар мөрний оломд216 хүүр байгуулан оршуулаад хүүрийн өмнө хөшөө чулуу босгож “Шударга журамт зюй авгайн хүүр” хэмээн сийлэв.

Хожмын хүний магтсан шүлгийн үг.

“Голын умард нэрт эрдэмтэн олон боловч

Голч шударгаар Зюй авгай охь болмуй.

Ширтэн үзвээс жагсаалын аргыг таних бөгөөд

Шинжин барлаваас тэнгэрийн утгыг мэдмүй.

Бие үхтэл сэтгэл нь төмөр мэт хатуу

Бэрхэд учирахуйяа уур нь үүл адил зузаан

Мэргэн Цаоцао бат журмыг нь бишрээд

Мөн тэр оронд өнчин бумба босгож өгөв”

Цаоцао захиа зарлаж “Зижоуг байлдахаар очмуй” хэмээжээ. Энэ чухамхүү:

“Хүч буурай боловч олонтоо бодолхийлснээр дийлээд

Хүчирхэг цэрэг нь гэдрэг бодлого мөхөст мөхөөгдөв”

Эгнэгт дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй доорд бүлэгт үзтүгэй!

 

216 Гарам гэсэн утгатай

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top