"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-33 ДУГААР БҮЛЭГ
ЦАОПЭЙ САМУУНЫГ ТОХИОЛДУУЛАН ЖЭНЬШИ223-Г ГЭРГИЙ БОЛГОН АВСАН ГУОЗЯГИЙН ҮЛДЭЭСЭН ГЭРЭЭСИЙН АРГААР ЛЯОДУНГ ТОГТООСОН
223 Жэнь овогт
Өгүүлэх нь: Цаопэй хоёр эхнэрийн уйлахыг үзээд сэлмээ сугалж алахыг завдав. Гэтэл гэнэт улаан гэрэл нүд дүүртэл үзэгдсэнд даруй сэлмээ зогсоож асууруун: “Чи ямар хүн буй?” хэмээхэд нэгэн эхнэр өгүүлрүүн: “Эхнэр би Юань жанжны гэргий Лю овогт мөн” хэмээв. Цаопэй өгүүлрүүн: “Энэ хүүхэн ямар хүн буй за?” хэмээхэд Лю овогт өгүүлрүүн: “Энэ нь дэд хөвгүүн Юаньсигийн эм Жэнь овогт болой. Урьд Юаньси Южоуг сахихаар одоход Жэнь овогт хол явах дургүй тул тийнхүү энд хоцорсон бөлгөө” хэмээжээ. Цаопэй мөн эмийг ойр татан аваачиж түүний гэзэг үс самууран, нүүр хир буртагт халтантаж байсныг Цаопэй дээлийн ханцуйгаар нүүрийг арчиж, шинжин үзвээс арьс мах хас мэт, зүс өнгө цэцгийн адил үнэхээр улсад хоёргүй үзэсгэлэнтэй тул даруй Лю овогтын зүг өгүүлрүүн: “Би Цао Чансангийн хөвгүүн болой. Дуртайяа чиний нэгэн өрхийг хамгаалсугай. Чи битгий зовнигтун!” хэмээгээд сэлмээ атгаж танхимд орон суужээ.
Түүнээс Цаоцао олон цэргийг дагуулан Зижоу хотноо ороод сая хаалгаар ормогц Сюй Ю морийг довтолгон урагш ирж ташуураар хотын хаалгыг заан их дуугаар өгүүлрүүн: “Цаоцао амань224 чи намайг олсонгүй болбол яахан энэ хаалгаар орж ирэн чадмуй за?” хэмээсэнд Цаоцао ихэд инээн өнгөрөөсөн боловч олон жанжин нар энэ үгсийг сонсож дотроо ихэд уурлажээ.
Хойно Юаньшаогийн гэрийн үүдэнд хүрээд асууруун: “Хэн энэ үүдээр орсон буй?” хэмээхэд сахиж байсан цэргүүд: “Гүнз дотор амуй” хэмээсэнд Цаоцао дуудан гаргаж ихэд донгодоход Лю овогт гарч ирэн ёслоод өгүүлрүүн: “Гүнз байгаагүй болбоос эхнэр миний нэгэн өрхийг хамгаалан чадахгүй байлаа. Дуртайяа Жэнь овогтыг гүнзд бэр болгон барьсугай!” хэмээхэд Цаоцао Жэнь овогтыг дуудан гаргаваас Жэнь овогт ирж ёслон мөргөв. Цаоцао үзээд хэлрүүн: “Үнэхээр миний хүү бэр болой” хэмээж Цаопэй бээр эм болгон авахуулав. Цаоцао Зижоу мужийг тогтоосон хойно тахилга бэлтгэн биеэр Юаньшаогийн хүүрт хүрч дахин давтан ёслон маш гаслан уйлаад олон жанжин нарт өгүүлрүүн: “Эрт өдөр би Юань Бэньчү225 лүгээ хамт цэрэг үүсгэх үес Бэньчү надаас асууруун: “Хэрвээ хэрэг бүтэхгүй болбоос аль зүгийг түшвээс болмуй” хэмээсэнд би “Эрхэм таны санаа ямар буй?” хэмээн асуусваас бэнъчү өгүүлрүүн: “Би өмнө Хөбэйг эзэлж, Янь, Дайг тосон, бас цөлийн олныг сэргийлж, урагш хандан дэлхий дахиныг тэмцвээс харин болмоор мэт” гэхэд миний өчсөн нь: “Дэлхий дахины мэргэд хүчтэнгийн дураар болгон, гагц ёсоор удирдваас үл болох нь үгүй” хэмээсэн энэ үгс өчигдрийн мэт бодогдмуй. Эдүгээ Бэньчү нэгэнтээ үхсэн тул би яахан түүний төлөө нулимс унагахгүй болой?” хэмээснийг олон сонсоод цөм шүүрс алдав. Цаоцао Юаньшаогийн гэргий Лю овогтод алт торго, амуу зэргийн юм хүртээн өгөв. Бас захиа зарлаж “Хөбэйгийн хүн ардад цэргийн аюул тохиолдсон тул мөн жилийн түрээс гаалийг цөмөөр хэлтрүүл!” хэмээгээд нэгэнтээгүүр бодрол бичиг айлтгаад өөрөө Зижоу мужийн эзнийг хүлээн авав.
224 Цаоцаогийн өөр нэгэн өргөсөн нэр
225 Юаньшаогийн өргөсөн нэр
Түүнээс нэгэн өдөр Сюйчу морь унаж зүүн хаалгаар орохуйяа Сюй Ютэй учирсанд Сюй Ю Сюйчуг дуудаж өгүүлрүүн: “Миний бие үгүй бөгөөс та нар яахан энэ хаалгаар орж гарч чадах буй?” хэмээхэд Сюйчу хилэгнэн өгүүлрүүн: “Бид мянгантаа эдгэрэн түмэнтээ үхэн, хутга жадын дор шурган цус шүүсээр эсэргүүцэн сая булаан авсан байтал чи ямар аймшиггүй бардам үг хэлмүй!” гэхэд Сюй Ю хараан өгүүлрүүн: “Та цөм бэртэгчин эр, яахан дурьдаж болмуй!” хэмээсэнд Сюйчу ихэд хилэгнээд сэлмээ татан гаргаж Сюй Юг цавчин алаад тэргүүнийг Цаоцаогийн дэргэд аваачиж “Сюй Ю ёсон бус аашлахад би алав” хэмээсэнд Цаоцао хэлрүүн: “Зы Юань226 миний хуучин нөхөр тул наадам хийсэн бөлгөө. Юунд хорлов?” хэмээгээд Сюйчуг гүн донгодоод Сюй Юг ёсчлон оршуулав. Бас хүн гаргаж газар бүхнээс эрдэмтэн сайд сурвалжлахад Зижоу мужийн ард хэлрүүн: “Цидү Юй түшмэл Цүй Янь, өргөсөн нэр Зигүй, цэнгэг голын зүүнтээх Учэн хотын хүн болой. Урьд Юаньшаод хэдэнтээ арга сүвэгчилж өгсөн боловч Юаньшао авахгүйд өвчнөөр шалтгаалан гэртээ буцжээ” хэмээсэнд Цаоцао даруй Цүй Янийг дуудан авчирч мөн мужийн Безя Цунши түшмэл болгоод хэлрүүн: “Тус мужийн өрхийн дансаар журамлан үзвээс бүгд гучин түмэн амны олон байх тул үнэхээр их муж хэмээж бололтой” хэмээсэнд Цүй Янь өгүүлрүүн: “Дэлхий дахин ангижран, есөн муж хагаран цуураад Юань овогтын ах дүү харилцан тэмцэж Зижоу мужийн ардын яс хээр талд гээгдэж байтал Чансан чи газрын зан аалийг түргэвчлэн асууж олон ардыг гамшиг зовлонгоос гарган туслах санаа төрөхгүй. Харин урагш хүн амыг бодолцох нь манай мужийн олон эр эмийн гэгээн гүнээс эрмэлзэн ахуу газар бус” хэмээснийг Цаоцао сонсоод нүүрээ төв болгон тал өгч хэлээд дээд зочноор хүндлэв.
226 Сюй Югийн өргөсөн нэр
Түүнээс Цаоцао Зижоу мужийг нэгэнтээ тогтоосон хойно хүн зарж Юаньтаньгийн чимээг сурвалжилбаас тэр үес Юаньтань цэргээ дагуулан Ганьлин, Аньпин, Бохай, Хөзянь зэргийн газруудаар дээрэмдэж байх ба Юаньшан ЖунШаньд буруулан явсныг сонсоод даруй цэрэг авч байлдахаар очсонд Юаньшан эсэргүүцэх санаагүй шууд Южоу мужид очоод Юаньсиг дагажээ. Үүнд Юаньтань түүний олон цэрэг жанждыг цөмөөр оруулан аваад дахин Зижоу мужийг бодлого хийж байтал Цаоцао хүн зарж дуудахаар ирсэнд Юаньтань очсонгүй тул Цаоцао ихэд хилэгнэн бичиг довтолгон илгээж түүний ургийн хэргийг таслаад цэрэг авч шууд Пин Юаньд хүрснийг Юаньтань сонсоод даруй Любяогийн тэнд хүн зарж тэнхрүүлэхийг гуйсанд Любяо Сюаньдөг залж зөвдөлцөв. Сюаньдө өгүүлрүүн: “Эдүгээ Цаоцао Зижоу мужийг эвдээд цэргийн хүч бадран хөгжиж ахуу тул Юань овогтын ах дүү удалгүй лав Цаоцаод баригдмуй. Өмөглөвч тусгүй. Нэд Цаоцао үргэлжид зин, Сян хоёр мужийг халдах санаа буй. Бид гагц цэргийг тэжээн газраа сахихаас хайш яйшаар хөдөлж болохгүй” хэмээжээ. Үүнд Любяо хэлрүүн: “Тийм болбол ямар үгсээр тасалмуй” хэмээсэнд Сюаньдө өгүүлрүүн: “Юань овогтын ах дүүд захидал өгч хоёулыг зохицоон болгохоор нэр болгон сайн үгсээр тасалбаас болмуй” хэмээхэд Любяо түүний үтийг зөвшөөрч даруй бичиг үйлдэн Юаньтаньд илгээжээ. Бичгийн үгс нь:
“Эрдэмтэн хүн зовлонгоос зайлавч өшөөтөн улсад орохгүй билээ. Урьд сонсвоос эрхэм та өвдөг нугалан Цаоцаод орж өгөв хэмээмүй. Энэ нь эцгийн өсийг умартан ах дүүгийн найрыг алдаж хамт найрлагсдад ичгүүрийг үлдээсэн бөлгөө. Хэрвээ Зижоу227 түүнчлэх үгүй боловч захирагч зүй нь сэтгэлээ даран бууруулж эедэн дагаад хэрэг тогтсон хойно ертөнцийн хүнээр зөв бурууг ялгуулбаас дээд сайн зүй бус уу?” хэмээжээ.
Бас Юаньшанд өгсөн бичгийн үгс нь:
“Цинжоу мужийн захирагч228 иь төрөлхөөс чанар түргэн, түүний зөв бурууд нэгэнтээ мунхарсан тул авгай та урьдаар Цаоцаог арилгаж эцгийн хорслыг хариулбаас зохимуй. Хэрэг тогтсон хойно сая түүний зөв бурууг бодолцвоос дээд сайн биш үү? Хэрвээ мунхраад сэрэгдэхгүй болбоос мөн нохой туулайг хөөсөн мэт өөрөө урьдаар зүдэж тариалангийн эрд баригдах хэргийг үлдээмүй” хэмээжээ.
Юаньтань Любяогийн бичгийг үзээд цэрэг гаргах санаагүйг мэдсэн бөгөөд бас өөрөө бараглавч Цаоцао лугаа эсэргүүцэх чинээгүй тул даруй Пин Юанийг хаяад Наньпи руу явав. Цаоцао хойноос нэхэж Наньпид хүрсэнд өдрийн хүйтэнд гол хөлдөөд хүнсний онгоц явж чадахгүй болсноос Цаоцао зарлал гаргаж “Мөн газрын иргэнээр мөсийг цавчуулан онгоцыг явуулсугай” хэмээсэнд иргэн зарлалыг сонсоод цөм дутаан явжээ. Цаоцао ихэд хилэгнэж барин алсугай хэмээхэд олон иргэн сонсоод биеэр цэргийн хүрээнд толгойгоо өргөхөөр ирсэнд Цаоцао өгүүлрүүн: “Хэрэв таныг алахгүй болбоос миний зарлал нэвтрэхгүй. Таныг алсугай хэмээхүл миний сэтгэлд бас яахан түвдмүй? Та нар даруй уулан дотор нуун далдлахаар очиж миний цэргүүдэд үл баригдагтун!” хэмээсэнд иргэн цөмөөр нулимс унагаан явав.
227 Эртний хүмүүс ямагт түшмэлийн тушаалын нэрээр хүний нэрийг орлуулдаг байжээ. Зижоу гэж энд Юаньшаныг зааж байна. Тэр бол Зижоугийн Мао түшмэл байжээ.
228 Цинжоу гэдэг нь Юаньтанийг зааж байна. Тэрээр Цинжоуд Цыши түшмэл байжээ.
Түүнээс Юаньтань цэргээ дагуулан хотоос гарч ирээд Цаоцаогийн цэрэг лүгээ харилцан эсэргүүцлэн жагсаал жагссан хойно Цаоцао урагш гарч ташуураар Юаньтанийг чичин харааж: “Би чамайг ийм зэрэг дотнолсон байтал яахин өөр сэтгэл үүсгэмүй?” хэмээхэд Юаньтань өгүүлрүүн: “Чи миний зах хязгаарыг халдахаар ирж, миний хот балгасыг булаан авч, миний эм хөвгүүдийг гөрлөөд гэдрэг намайг өөр сэтгэл барив хэмээмүй үү”. Цаоцао ихэд хилэгнээд Сюйхуаныг байлдахаар гаргасанд Юаньтань, Пөн Аньгаар угтуулаад хоёр морь хэдэнтээ зөрөлдсөнгүй Сюйхуан Пөн Анийг мориноос цавчин унагасанд Юаньтаньгийн цэрэг ихэд дарагдаж Наньпид буруулан оржээ. Үүнд Цаоцао цэргээр хотыг дөрвөн зүгээс хаахад Юаньтань сандран Синьпинг Цаоцаогийн дэргэд зарж орж өгөхийг хэлэлцүүлэхэд Цаоцао өгүүлрүүн: “Юаньтань бага хөвгүүн болой.
Өрөвхийлэн хөрвөж санаа тогтомгүй тул би итгэмжлэхүйеэ бэрх. Чиний дүү Синьпиг би хүндээр хэрэглэж баймуй. Чи бас ч миний энд үлдвээс ямар?” хэмээхэд Синьпин хэлрүүн: “Чансан чи цалгайдав. Би сонсвоос эзэн эрхэм болбоос түшмэл нүүртэй. Эзэн зовбоос түшмэл ичгүүрмүй. Би удтал Юань овогтыг дагаад эдүгээ харин тэсэргүүлмүй үү?”. Цаоцао үлдээн авч болохгүйг мэдээд эгүүлэн явуулав. Синьпин эгэж Юаньтаньд учраад Цаоцао дагахыг тогтоохгүй учрыг хэлсэнд Юаньтань зандран өгүүлрүүн: “Чи дүүгээ Цаоцаогийн тэнд байхыг үзээд даруй хоёр сэтгэл өвөрлөсөн буюу?” хэмээхэд Синьпин сонсоод цээж дүүртэл тачаадаж даруй газарт харангадан унасанд Юаньтань хүнээр түшин гаргуулбаас удсангүй үхсэнд Юаньтань ихэд гэмшжээ.
Хойно Гуоту Юаньтаньд өчрүүн: “Дараа өдөр хотын доторх иргэнийг цөмөөр омнө болгож цэргийг хойно дагуулан Цаоцао лугаа үхэхээр байлдсугай!” хэмээсэнд Юаньтань үгийг дагаж мөн шөнө хотын доторх иргэнийг цөмөөр гаргаж жад бариулан зарлалыт сонс хэмээв. Дараа өглөө нь дөрвөн хаалгыг нээж цэргийг хойно болгон ардыг урагш хөөж их дуугаар хашхируулан нэгэн цугаар шууд Цаоцаогийн цэргийн хүрээнд хүрээд хоёр этгээд зууралдан байлдаж луу цагаас морин цаг болтол дийлэх дийлэгдэх ялгарсангүйгээс, алагдсан хүн тал дүүрчээ. Цаоцао ялсангүйд морийг хаяад ууланд гарч өөрөө хэнгэрэг дэлдэхүйеэ олон жанжингууд үзээд урагш шаламгайлан орсонд Юаньтаньгийн цэрэг ихэд дарагдаж иргэний алагдсан нь тоогүй. Цаохун жагсаалд гүжирмэглэн ороход цав хийтэл Юаньтаньтай учирснаар илд барин дураар цавчилдсанд Юаньтань Цаохунд алагдав. Гуоту жагсаалын самуурсныг үзээд даруй хотын зүг дутаасанд Юэзинь үзээд сумыг онилон харвасанд хүн морь хотын доорх голд унаж үхэв. Цаоцао цэргийг дагуулан Наньпид ороод зуун овогтныг дөнгөж тохинуултал гэнэт нэгэн анги цэрэг довтолгон иржээ. Үзвээс харин Юаньсигийн доорх жанжин Зяочу, Жаннань нар болой. Цаоцао өөрөө цэрэг дагуулан угтан гарваас “Хоёр жанжин жадаа буруу хандуулж дуулгаа тайлж тусгайлан дагахаар ирэв” хэмээсэнд Цаоцао тэдгээрийг цөм Хоу өргөмжлөв. Бас хар уулын хулгай Жан Янь арван түмэн цэргийг дагуулан дагахаар ирсэн тул Цаоцао түүнийг Пинбэй жанжин өргөмжлөв.
Тэндээс захиа зарлаж Юаньтаньгийн тэргүүнийг хотын хойд хаалганд өлгөөд “Аймшиггүй үүний төлөө уйлах хүн аваас алагтун!” хэмээв. Нэгэн хүн бүс малгай, бэлэвсрэлийн дээл өмсөж тэргүүний дор уйлахад ойрх хүмүүс түүнийг барин Цаоцаогийн дэргэд авч ирэв. Цаоцао асууваас харин Цинжоу мужийн Безя түшмэл Вансю болой. Юаньтанийг ятган хэлсэн учирт үлдэгдсэн бөлгөө. Эдүгээ Юаньтаньгийн үхсэнийг сонсож тийнхүү уйлахаар ирсэн ажгуу. Цаоцао өгүүлрүүн: “Чи миний зарлалыг мэдэх үү?” хэмээхэд Вансю өгүүлрүүн: “Мэдмүй” хэмээжээ. Цаоцао өгүүлрүүн: “Чи үхэхээс айхгүй юу?”. Вансю өгүүлрүүн: “Амьд үес би түүний хишгийг хүртээд үхсэн хойно уйлахгүй бол журам бус. Үхэхээс айгаад журмыг умартваас яахин ертөнцөд зогсмуй? Хэрэв Юаньтаньгийн ясыг хураан авч оршуулан чадах болбоос алагдавч хорсохгүй” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Хөбэй газар журамт хүн яахин ийм олонтоо буй аж? Хайрлалтайяа Юань овогт хэрэглэн чадахгүй. Хэрэв хэрэглэн чадсан болбоос би яахин энэ газрыг төвөөр үзэж чадмуй?” хэмээгээд Юаньтаньгийн ясыг оршуулан Вансюг дээд зочны ёсоор аваачиж Сы Зинь Жунлан жанжин болгосон хойно асууруун: “Эдүгээ Юаньшан нэгэнтээ Юаньсиг дагахаар одсон тул үүнийг ямар аргаар авбаас зохимуй” хэмээхэд Вансю өчихгүй. Цаоцао өгүүлрүүн: “Үнэхээр шударга түшмэл болой” хэмээжээ. Гуозягаас асуухад Гуозя өгүүлрүүн: “Юань овогтоос дагахаар ирсэн жанжин Зяочу, Жаннанийг зарж байлдахаар илгээвээс болмуй” хэмээхэд Цаоцао үгийг дагаж даруй Зяочу, Жаннань, Люйкуан Люйсян, Ма Янь, Жан Кай нарт тус тусын цэргийг өгч гурван замаар Южоу мужийг халдахаар явуулаад нэгэнтээгүүр Лидянь, Юэзинь хоёрыг Жан Янь лугаа нийлүүлж Бинжоу хийгээд Гаоганийг авахаар илгээв.
Тэндээс Юаньшан, Юаньси хоёул Цаоцаогийн цэрэг ирснийг сонсож үүн лүгээ эсэргүүцэхүйеэ бэрхийг мэдээд хотыг хаяад мөн шөнөдөө цэргийг дагуулан Ляоси газарт дутаан явж Үхуанийг дагахаар одов. Южоу мужийн Цыши түшмэл Ү Хуаньчу
Южоу мужийн олон түшмэлийг цуглуулан цус хутгаж тангараглаж хамт Юаньшаныг тэсэргүүлэн Цаоцаог дагах хэргийг зөвдөлцөөд Ү Хуаньчу урагш хэлрүүн: “Би бодохуйяа Цао Чансан нь эдүгээ цагийн аруухан баатар болой. Өнөө дагахаар очиход хэрэв цаазыг дагахгүй хүн аваас даруй алсугай!” хэмээгээд дэс дараалан цусаа хатгаж гаргасаар Безя түшмэл Ханьхөнгийн өмнө хүрсэнд Ханьхөн сэлмээ газарт цохиж бархиран өгүүлрүүн: “Би Юань гүнгийн эцэг хөвгүүний зузаан өршөөлийг хүртээд эдүгээ эзэн мөхөхөд мэдлэг нь тусалж чадахгүй, баатар нь үхэж чадахгүй нь болбоос үнэхээр журмыг алдсан болой. Эдүгээ нүүрийг хойш хандуул Цаоцаод орж өгөх хэргийг би үйлдэхгүй” хэмээсэн үгсийг олон сонсоод цөм царай алдав. Ү Хуаньчу өгүүлрүүн: “Алив их үйлсийг бүтээгчид нь их журмыг байгуулбаас зохимуй. Үйлсийн бүтэх ба үгүй нь нэгэн хүний санааны дураар болгож эс болохын тул Ханьхөн хэрэв ийм зориг байваас түүний санаагаар болготугай!” хэмээгээд Ханьхөнг түлхэн гаргажээ. Түүнээс Ү Хуаньчу хотоос гарч гурван замын цэргийг угтаж шууд Цаоцаогийн дэргэд дагахаар очсонд Цаоцао их баярлан Жэнбэй жанжин болгов.
Түүнээс гэнэт харуулын хүн ирж хэлрүүн: “Юэзинь, Лидянь, Жан Янь гурвуул Бинжоу мужийг байлдахад Гаогань Хугуань боомтыг бэхлэн сахиснаар цэрэг орж чадахгүй” хэмээжээ. Үүнд Цаоцао өөрийн биеэр цэрэг авч одоход гурван жанжин угтаж “Гаогань боомтыг сахиад байлдавч олохуйяа бэрх” хэмээсэнд Цаоцао олон жанжинг цуглуулан Гаоганийг эвдэх аргыг зөвдөлцөхөд Сюнь Юй өгүүлрүүн: “Гаоганийг эвдлэхэд эрхгүй хуурмагаар дагах аргыг хэрэглэвээс сая олж болмуй” хэмээсэнд Цаоцао “мөн” хэмээгээд урьдын орж өгсөн жанжин Люйкуан, Люйсяныг дуудаж ирээд чихэнд нь ийм тийм хэмээн хэлж явуулав. Түүнээс Люйкуан нар арван хэдэн цэргийг дагуулан шууд боомтын дор хүрч дуудан хэлрүүн: “Бид угтаа Юань жанжны хуучин жанжид бөлгөө. Аргагүйдээ Цаоцаод дагажээ. Цаоцао хүний хувьд зусар зальхай бөгөөд манийг хөнгөнөөр аваачих тул эдүгээ эгэж хуучин эзнээ тэтгэсүгэй. Хурдан боомтыг нээж оруул!” хэмээсэнд Гаогань итгэмжлэхгүй “Гагц хоёр жанжныг өөрсдөө боомтод гарч үг хэл” хэмээв. Хоёр жанжин хуягийг тайлан морийг гээж ороод Гаоганьгийн зүг өгүүлрүүн: “Цаоцаогийн цэрэг сая хүрч ирсэн тул түүний цэргийн сэтгэл тогтоогүйг тохиолдуулан энэ шөнө Цайзыг дарваас болмуй. Бид дуртайяа өмнө болохыг хүсмүй” хэмээсэнд Гаогань баярлан үгийг дагав. Мөн шөнө хоёр Люйг өмнө болгож түм илүү цэргийг дагуулан урагш очиж Цаоцаогийн Цайзад хүрэх шахмагц арын хойноос хашхирах дуу ихэд түрхрэн бүгсэн цэрэг дөрвөн зүгээс гарсанд Гаогань аргад оногдсоныг мэдээд яаран Хугуань хотод эгтэл Юэзинь, Лидянь нэгэнтээ боомтыг булаажээ. Гаогань зам булаан мултран гарч Шань Юй улсыг эрэн очив. Цаоцао цэргийг авч боомтыг тосож суугаад хүн зарж Гаоганийг нэхэмжлэн бариулахаар илгээв. Гаогань Шань Юйгийн хязгаарт хүрсэнд төв хэмээн хойд халхавчийн Зуосянь вантай уулзав. Гаогань мориноос бууж газар мэхийн сөгдөөд өчрүүн:
“Цаоцао зах хязгаарыг хамтатган залгисаар эдүгээ ван таны газар орныг халдсугай хэмээмүй. Түмэнтээ гуйх нь тэнхрүүлэн өмөглөж нэгэн хүчээр гэдрэглэн авч хойд газрыг хамгаалмуй уу?” Зуосянь өгүүлрүүн: “Би Цаоцао лугаа өшөөгүй байтал юунд миний газар орныг халдмуй за? Чи намайг Цаоцаотай хорсол зангидуулъя хэмээмүй үү?” хэмээгээд Гаоганийг зандран эгүүлэв. Гаогань элдэвчлэн бодовч замгүй тул аргагүй Любяод эрэн очив. Явсаар Шанлуогийн газар хүрсэнд Дү Вэй түшмэл Ван Янь алж тэргүүнийг Цаоцаод хүргэж ирэв. Цаоцао Ван Янийг Хоу зэрэгт өргөмжлөв.
Түүнээс Бинжоу мужийн газар нэгэнтээ тогтносны хойно Цаоцао баруунш Үхуанийг байлдсугай хэмээн зөвлөхөд Цаохун нар өгүүлрүүн: “Юаньси, Юаньшан хоёрын цэрэг дийлэгдэн жанжин мөхөж, сүр бууран хүч мохоод, холхи элс манхны оронд явжээ. Эдүгээ бид цэрэг авч баруунш байлдахад хэрэв Любэй, Любяо завыг тохиолдуулан Сюйдүг хулган авахаар ирэхэд бид өмөглөн завдахгүй болбоос зовлон болох нь гүехэнгүй болой. Цэрэг эгвээс дээр болов уу?” хэмээсэнд Гуозя өгүүлрүүн: “Олон гүнгийн хэлсэн нь ташаарчээ. Эзэн гүнгийн сүр хүч хэдий дэлхий дахинаа алдаршивч хойд элс манхны хүн түүний хязгаар холдоо эрдэж лав үл бэлтгэмүй. Түүний бэлтгэлгүйд тохиолдуулан гэнэтхэн байлдваас эрхгүй эвдэлж болмуй. Тэр ч байтугай Юаньшао Үхуань лугаа найртай бөгөөд Юаньшан, Юаньсигийн ах дүү бас байсаар тул арилгахгүй болбоос үл болмуй. Любяо сууж хэлэлцэх зочин буй за. Эрдэм нь Любэйд тэнцэж чадахгүйгээ өөрөө мэдэж хүнд тушаалд хэрэглэвээс хойш захирагдахгүйгээс болгоомжилмуй. Хөнгөн тушаалд хэрэглэвээс Любэй хэрэглэгдэхгүй болмуй. Хэдий улсыг хоосруулан хол дайлаар гаравч зовних газаргүй болой”. Цаоцао өгүүлрүүн: “Фөнсяогийн229 үг маш мөн” хэмээгээд даруй их бага олон цэргийг авч тэрэг хэдэн мянгатай урагш оров. Гагцхүү үзвээс шар элс ороон эргэж, догшин салхи дөрвөн зүгээс дэгдэн, зам гудас муруй сарий хүн морь явахуйяа бэрх тул Цаоцао цэрэг эгэх санаа төрж Гуозягаас асуусанд Гуозя энэ үе шороо усанд үл зохиж, өвчин олж тэргэнд хэвтэж амуй. Цаоцао шогшон уйлж хэлрүүн: “Миний элс манхын газрыг түвшитгэе хэмээхийн тулд гүнг хол бэрх зүдгүүрт явуулж өвчин эмгэгт хүрүүлжээ. Миний сэтгэл ямар амар баймуй”. Гуозя өгүүлрүүн: “Гуозя би Чансангийн их ачид шүтэж хэдий үхэвч түмнээс нэгийг хариулан үл чадмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Би үзвээс хойд газрын зам муруй сарийд цэрэг эгсүгэй хэмээн санамуй. Ямар буй за?” Гуозя өгүүлрүүн: “Цэрэг нь сахиулсан мэт түргэнийг эрхэмлэмүй. Эдүгээ мянган газрын хүнийг халдахаар ирээд ачаа хөсөг үлэмж болбоос ашгийг эрэхэд бэрх. Цэргийг хөнгөлөн замыг эвхэж гараад түүний бэлтгэсэнгүйд даруй очиход хүрэхгүй. Гагц эрх биш ас замыг танигч ардыг олж газарч болговоос сая болмуй” хэмээжээ.
229 Гуозягийн өргөсөн нэр
Тэндээс Гуозяг Ижоу мужид үлдээж өвчнийг сувилуулаад газарч түшмэлийг эрэн зам удирдуулахад Юаньшаогийн хуучин жанжин Тяньчоу хэмээгч байж энэ хязгаарын газрыг гүн мэддэг ажгуу. Цаоцао дуудан ирүүлж асуусанд Тяньчоу хэлрүүн: “Энэхүү замд зун намрын хооронд ус байж гүехэндээ тэрэг морь нэвтрэлцэхгүй. Гүндээ онгоц сал явж болохгүй явахуйяа асар бэрх газар бөлгөө. Цэрэг эгэж Лү Лункоу заваас Байтаньгийн хавцлыг өнгөрч хөндий хоосон газраар гарваас өмнөд Лючэн хотод ойр тул түүний бэлтгэлгүйг ашиглаж хүчлэн нэгэнтээ байлдваас Тадүнийг бариваас болмуй” хэмээсэнд Цаоцао тэр үгийг дагаж Тяньчоуг Зинбэй жанжин өргөмжилж газарч түшмэл болгон өмнө талд явуулав. Жанляог дэд болгож өөрийн бие хойно хайгуул болж зам давхарлан гавшгай мориор урагш оров. Тяньчоу Жанляог дагуулан урьдаар ЛанШань ууланд хүрсэнд төв хэмээн Юаньси, Юаньшан, Тадүньтэй нийлж хэдэн түмэн морьтон лугаа урагш ирмүй. Жанляо нисэх мэт Цаоцаод мэдүүлсэнд Цаоцао өөрийн биеэр морийг татаж өндөрт гарч анхааран үзвээс Тадүньгийн цэрэг анги эмх дараагүй бөгөөд хутган зууралдаж тэгшгүйд Цаоцао Жанляогийн зүг өгүүлрүүн: “Дайсны цэрэг тэгшгүй тул байлдваас болмуй” хэмээгээд даруй туг хиурыг Жанляод тушаав. Жанляо, Сюйчу, Юйзинь, Сюйхуан нарыг дагуулан дөрвөн зам хуваан уулнаас бууж хүчийг гүжирмэглэж шаардан байлдахад Тадүнь ихэд самууртал Жанляо морийг довтолгон хүрч Тадүнийг мориноос цавчин унагаав. Үлдсэн жанжин цөм дагажээ. Юаньси, Юаньшан хэдэн мянган морьтонг авч Ляодунгийн зүг одов.
Түүнээс Цаоцао цэрэг хураан Лючэн хотод ороод Тяньчоуг Лютинхоу өргөмжилж Лючэн хотыг сахиулахад Тяньчоу уйлан өгүүлрүүн: “Тяньчоу би журмыг үтээрсэн, оргодуул босуул хүн болой. Зузаан хишигт хүртэж амийг бүрэн болгосон нь завшаан үлэмж болсон бөлгөө. Хэрхэн Лүлунгийн Цайзыг худалдаж шан хишгээр арилжмуй. Үхэвч Хоугийн тушаалыг аюулгүй хүртэхгүй” хэмээсэнд Цаоцао журмыг сайшаан даруй Тяньчоуг илан түшмэл болгож хүндэтгэв. Түүнээс Цаоцао Шань Юйгийн улсын хүмүүсийг элбэн тохинуулж нэрт сайн морийг түм илүү хураан олоод мөн өдөртөө цэрэг эгэв. Тэр үес тэнгэрийн амьсгал жихүүн бөгөөд ган гачигтай тул хоёр зуун хоёрт усгүй цэрэгт бас амуу хүнс дутагдсанд морийг алж идэш болгомуй. Газрыг өрж гуч дөчин хос алд гүн болсонд сая усыг олов. Цаоцао Ижоу мужид эгэж ирээд урьдын хориглосон ардыг хүндэд шагнав. Олны зүг өгүүлрүүн: “Мөхөс би анханд түгшүүрийг тохиолдуулан хол дайлаар очиж завшаанаар гавьяа бүтэв. Хэдий дийлсэн боловч тэнгэр ивээсэн нь болой. Хууль болгож үл болмуй. Авгай нарын хориглосон нь даруй түмнийг амар болгох арга бөлгөө. Тийнхүү шагнамуй. Хожим битгий бэрхшээн өгүүл” хэмээв. Тэндээс Цаоцао Ижоу мужид хүрч иртэл Гуозя үхэж нэгэнтээ хэдэн өдөр болжээ. Авсыг албаны танхимд тавьж буй. Цаоцао очиж тайгаад ихэд уйлан өгүүлрүүн: “Фөнсяогийн үхсэн нь тэнгэр намайг мөхүүлэх болой” хэмээгээд эгэж олон түшмэлийн зүг өгүүлрүүн:
“Олон авгай нарын нас жил цөм мөхөс хүн над лутаа сацуу гагц Фөнсяо маш залуу. Би хойшдын хэргийг түүнд тушаасугай хэмээтэл санамсаргүй дунд насандаа зуурмаг болж миний сэтгэл зүрхийг тэс огцруулав” хэмээсэнд Гуозягийн зүүн баруун этгээдийн хүн Гуозягийн үхэх үеийн битүүмжилсэн бичгийг өргөн гаргаж өчрүүн: “Гуо гүн үхэхийн үед биеэр энэ бичгийг бичиж сурган хэлсэн нь “Чансан хэрвээ энэ бичгийн хэлсэн ёсоор явбаас Ляодунгийн хэрэг лав тогтмуй” хэмээжээ” Цаоцао бичгийг нээж үзээд тэргүүнийг гэхэн шүүрс алдмуй. Олон хүн цөм түүний санааг олж мэдсэнгүй. Дэд өдөр Ся Хоудүнъ олныг дагуулан орж мэдүүлрүүн: “Ляодунгийн Тайшоу түшмэл гүн Сүнькан ойшоон дагахгүй удав. Эдүгээ Юаньси, Юаньшан бас эрэн очжээ. Эрхгүй хожим зовлон болмуй. Түүний хөдлөөгүйн урьд түргэнээ одож дайлахад хүрэхгүй. Тийм болбоос Ляодунг олж болмуй” хэмээсэнд Цаоцао инээн өгүүлрүүн: “Олон гүнгийн барсын сүрийг хөдөлгөхгүйгээр хэдэн өдрийн хойно гүн Сүнькан өөрөө хоёр Юаньгийн тэргүүнийг хүргэж ирмүй” хэмээсэнд олон жанжин цөм итгэсэнгүй бөлгөө.
Тэндээс Юаньси, Юаньшан хэдэн мянган морьтонг авч ляодунг зүглэж ирэв. Ляодунгийн Тайшоу түшмэл гүн Сүнькан угтаа Сянпингийн хүмүүн, Үвэй жанжин гүн Сүньдүгийн хөвгүүн бөлгөө. Тэр өдөр Юаньси, Юаньшангийн эрэхээр ирснийг сонсоод даруй уул аймгийн харьяат түшмэдийг цуглуулж энэ хэргийг зөвлөхөд гүн Сүньгүн өгүүлрүүн: “Юаньшао амьд бүхийдээ үүрд Ляодунг залгих санаа буй асан ажгуу. Эдүгээ Юаньси, Юаньшан цэрэг дарагдаж жанжин мөхөөд орших оронгүйдээ энд эрэхээр иржээ. Энэ нь хөхөө шувуу шаазгайн үүрийг булаах230 санаа болой. Хэрэв агуулбаас хожим эрхгүй булаагдмуй. Түүнийг мэхлэн хотод оруулж алаад тэргүүнийг Цаогүнд хүргэхэд хүрэхгүй. Тийм болбоос Цаогүн манийг эрхгүй хүндэд харгалзмуй” хэмээсэнд Гүн Сүнькан өгүүлрүүн: “Гагцхүү Цаоцаогийн цэрэг авч Ляодунг авахаар ирэхээс аймуй. Бас хоёр Юанийг агуулж надад туслуулахад үл хүрмүй” хэмээсэнд гүн Сүньгүн өгүүлрүүн: “Хүн зарж чимээ авахуулсугай! Хэрвээ Цаоцаогийн цэрэг байлдахаар ирвээс хоёр Юаньг үлдээе! Тэр хэрвээ хөдөлсөнгүй болбоос хоёр Юанийг алж Цао гүнд хүргэсүгэй!” хэмээсэнд гүн Сүнькан үгийг дагаж хүн зарж чимээ авахуулахаар илгээв.
230 Хөхөө өөрөө үүр барихгүйгээр шаазгай үүрээ засахыг хүлээж байгаад шаазгайн үүрийг эзэлдэгтэй зүйрлэжээ.
Тэндээс Юаньси, Юаньшан Ляодунд хүрч ирээд хоёул сэмээр зөвлөж өгүүлрүүн: “Ляодунгийн жанжин, цэрэг хэдэн түм байх тул Цаоцао лугаа сайтар тэмцэлдэн байлдваас болмуй. Эдүгээ түр түүнийг дагая! Хойшид гүн Сүньканийг алаад түүний газар орныг булаан амьсгал хүчийг тэжээж Жун Юань лугаа мөчөөрхвөөс Хөбэйгийн газрыг дахин олж болмуй” хэмээн зөвлөн тогтоод даруй орж гүн Сүнькантай уулзсанд гүн Сүнькан өртөө бууцад буулгаж гагцхүү өвчтэй хэмээн шалтаг хийж учирсангүй. Нэгэн өдөр болсонгүй харуулын хүн эгэж ирэн “Цаоцаогийн цэрэг Ижоу мужид сууж огт Ляодунг авахаар ирэх санаагүй” хэмээн мэдүүлсэнд гүн Сүнькан ихэд баярлан даруй урьдаар илд, сүх барьсан ардыг халхавчийн хойно бүгүүлээд хоёр Юанийг оруулж золгон ёс хийж барсан хойно “суу!” хэмээв. Тэр үед тэнгэрийн амьсгал тэсгэм хүйтэн тул Юаньшан сандал ширээн дээр олбог дэвсгэр ч үгүйг үзээд гүн Сүнькангийн зүг өгүүлрүүн: “Дэвсгэр дэвсэж суухыг хүсмүй” хэмээсэнд гүн Сүнькан нүдийг бүлтийлгэн өгүүлрүүн: “Танай хоёулын толгой түмэн газар чанадад явахад шахсан бөгөөтөл бас ямар дэвсгэрийг дурламуй”. Юаньшан ихэд цочтол гүн Сүнькан зандран өгүүлрүүн: “Зүүн баруун этгээдийн ард юунд гар хөдлөхгүй буй” хэмээсэнд илд, сүх барьсан ард түлхлэн гарч ирээд суудал дээрээс цавчин унагааж хоёр хүний тэргүүнийг огтлон модон хайрцганд хийж хүн заран Цаоцаод хүргүүлэв. Тэр үед Цаоцао Ижоу мужид байж цэрэг хөдөлгөхгүй бүхийд Ся Хоудүнь, Жанляо орж мэдүүлрүүн: “Бид Ляодунгийн газрыг эс авбаас Сюйдүдөө эгсүгэй! Любяогийн сэтгэл түргэдэхээс болгоомжилмуй” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн:
“Хоёр Юаньгийн толгой хүрч ирсэн хойно даруй цэрэг эгсүгэй!” хэмээсэнд бүгдээр цөм сэмээр инээлцмүй. Гэнэт хүн мэдүүлрүүн: “Ляодунгийн гүн Сүнькан хүн зарж Юаньси, Юаньшангийн тэргүүнийг хүргэж иржээ” хэмээхэд олон бүгдээр цөм ихэд цочив. Зарсан элч бариулсан бичгийг
441
өргөсөнд Цаоцао ихэд инээн өгүүлрүүн: “фөнсяогийн бодлогоос гарсангүй” хэмээгээд ирсэн элчид хүндэд шагнаж гүн Сүньканийг Сян Пинхоу “Зүүн этгээдийн жанжин” болгон өргөмжлөв. Олон түшмэл лавлан асууруун: “Юуны учир “Фөнсяогийн бодлогоос гарсангүй” хэмээмүй?”. Цаоцао даруй Гуоэягийн бичгийг гаргаж үзүүлсэнд бичгийн үг нь:
“Эдүгээ сонсвоос Юаньси, Юаньшан хоёр Ляодуныг эрэн одов хэмээмүй. Гэгээн гүн түр битгий цэрэг орогтун! Гүн Сүнькан нь Юань овогтын хамтатган залгихаас эмээж уджээ. Хоёр Юань эрэхээр очвоос эрхгүй сэжиглэмүй. Хэрэв цэрэг орж байлдваас лав хүч хавсран угтан байлдмуй. Даруйд авч чадахгүй. Алгуурлаваас Гүн Сүнькан нь Юань овогтон лугаа эрхгүй өөр зуураа харилцан хөнөөмүй. Түүний байдал ийнхүү болой” хэмээжээ.
Олон бүгдээр цөм үсэрхийлэн харайж “сайн!” хэмээн сайшаажээ. Түүнээс Цаоцао олон түшмэлийг авч дахин Гуозягийн ясны өмнө тахил бэлтгэж тайв. Үхсэн жил гучин найман настай. дайлахаар гарах цэргийг даган явсаар арван нэгэн он болж гайхамшигт гавьяаг олонтоо байгуулсан ажгуу.
Хожмын хүний магтсан шүлгийн үг:
“Гуо Фөнсяо төрөлх мэргэн
Гүн эрдэм олон баатдын манлай
Гавлын дотор ном судрыг агуулаад
Гэхдэгийн дунд хуягт цэргийг нуужээ
Аугаа чадвар Фаньлигийн мэт бөгөөд
Арга ухаан Чэньпинд тэнцмүй
Хайран түүний бие эрт үхсэн нь
Харин төрийн тулгуурыг доргиулсан болой”
Түүнээс Цаоцао цэргийг авч Зижоу мужид буцаад хүн зарж урьдаар Гуозягийн хүүр ясыг авчруулан Сюйдүд шийтгэн оршуулав. Түүнээс чэн юй нар лавлан өгүүлрүүн: “Хойд зовхис нэгэнтээ тогтож эдүгээ Сюйдүд буцваас эртхэн мөрний өмнөдөд цэрэг мордох аргыг зөвдвөөс зохимуй” хэмээсэнд Цаоцао инээн өгүүлрүүн: “Надад энэ санаа байж удав. Олон авгай нарын хэлсэн нь төв хэмээн миний санаанд нийцэв” хэмээгээд мөн шөнө Зижоу хотын зүүн өнцгийн асар дээр хоноод хэрсэгийг түшиж дээш тэнгэрийн утгыг шинжихэд тэр үе сюнь юй хажууд байжээ. Цаоцао хуруугаар зааж өгүүлрүүн: “Өмнөд зовхисийн мандах уур гэрэлтэж ахуу тул авбаас үл болох болов уу”. Сюнь Юй өгүүлрүүн: “Чансангийн тэнгэрийн сүрд ямар дагахгүй хэмээх газар баймуй” хэмээн хараахан үзэж байтал гэнэт нэгэн зурвас алтан гэрэл газар доороос дэгдэн гарав. Сюнь Юй өгүүлрүүн: “Энэ газар доор лав эрдэнэ баймуй” хэмээсэнд Цаоцао асраас бууж хүн дуудан гэрлийг даган өрүүлэв. Энэ чухамхүү:
“Одны утгын зүг зовхисыг өмнөд заатал
Умар газраас алтан эрдэнэ дараагаар түрэгдэв”
Эгнэгт чухам ямар юм олохыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )