Гурван улсын үлгэр | 38 ДУГААР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 06

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-38 ДУГААР БҮЛЭГ

ГУРВАН ХУВИАР ТОГТООЖ ЛУНЖУНД АРГЫГ ТАСАЛСАН ХӨХ МӨРӨНД БАЙЛДАЖ СҮНЬ ОВОГТ ӨШӨӨ АВСАН

Өгүүлэх нь: Сюаньдө Кунмин248-г хоёр удаа сурвалжилж уулзсангүй тул дахин одож сурвалжилсугай хэмээхэд Гуань, Жан өгүүлрүүн: “Ах та хоёр удаа биеэр ёслон золгохоор одсон нь түүний ёслол даанч хэтэрчээ. Бодохул тэр Жүгө Лян хоосон нэр байх бөгөөд магад үнэн сурталгүй тийнхүү зайлж аймшиггүй учран чадахгүй болой. Ах юунд тэр хүнд хэтэрхий бачлагдмуй!” Сюаньдө хэлрүүн: “Тийм бус! Эртний Цихуань гүн Дунгуогийн хөдөөгийн эрд золгоё хэмээн тавантаа явж сая нэгэнтээ олж золгосон249 бөлгөө. Нэндээ би их эрдэмтэнд золгосугай хэмээхийг өгүүлэх юун?”. Жанфэй өгүүлрүүн: “Ах та ташаарчээ. Лав энэ мэт зэрлэг эр яахан их эрдэмтний нэрийг хүлээн чадмуй? Энэ удаа ах та очих хэрэггүй. Тэр хэрвээ эс ирвээс би гагц нэгэн олс дээсээр хүлж авчирсугай!”. Сюаньдө зандан өгүүлрүүн: “Чи тэр Жоу Вэньвангийн Зянзы яг залсан хэргийг сонсоогүй юу? Вэньван ч харин энэ мэт эрдэмтнийг хүндэлсэн бөгөөтөл юунд ийнхүү ёс бусчилмуй! Энэ удаа чи очихыг байтугай. Би гагц Юньчан лугаа очсугай!” Жанфэй өгүүлрүүн: “Хоёр ах цөм очихын тулд дүү би ямар аймшиггүй хоцормуй!”. Сюаньдө өгүүлрүүн: “Чи үнэхээр хамт очъё хэмээвээс ёсыг алдаж болохгүй” хэмээсэнд Жанфэй “За” хэмээн хүлээн авав.

Түүнээс гурвуул морь унаж дагасан ардыг аван Лунжунг зүглэж явсаар улалжийн гэрээс хагас газрын үзүүрт хүрч Сюаньдө даруй мориноос буун явганаар алхаж байтал төв хэмээн Жугө Зюнь лүгээ учирчээ. Сюаньдө яаран ёс хийж асууруун: “Эрхмийн ах гэртээ байна уу?” гэхэд Жугө Зюнь өгүүлрүүн: “Өчигдөр шөнө сая буцаж ирэв. Жанжин та энэ өдөр одоо олж учирмуй” хэмээн хэлж бараад тарвалзан одов. Сюаньдө өгүүлрүүн: “Энэ удаа завшаанаар ноёнтонд олж учрах буйза” хэмээхэд Жанфэй хэлрүүн: “Энэ хүн юутай ёс бусчилмуй! Даруй манийг дагуулан гэртээ аваачваас зохих бөлгөө. Юуны тул өөрөө шууд очмуй!” Сюаньдө өгүүлрүүн: “Цөм тус тусдаа хэрэгтэй буйза. Хэрхэн хүчилж болмуй” хэмээгээд гурвуул айлын өмнө хүрч үүдийг тогшсонд хөвгүүн үүдийг нээн гарч ирээд асуухад Сюаньдө өгүүлрүүн: “Хувилгаан дүү чамайг зовоосугай! Уламжлан мэдүүлж “Любэй намайг тусгайлан ёслон золгохоор иржээ” хэмээн хэлж өгнө үү!”

248 Жугө Лянгийн өргөсөн нэр

249 Нэгэн удаа Цихуань гүн нэг өчүүхэн түшмэл. түгээ золгох гэж гурван удаа яваад олж учирсангүй тул ойрхи хүн нь “Бүү яв!” гэж ятгасанд тэр үл зөвшөөрөн тавдах удаа дээрээ өнөөх хүнтэй уулзжээ. Энд Дунгуогийн хөдөөгийн эр хэмээсэн нь угийн домог яриан дахь “Өчүүхэн түшмэл”-ийг зааж байна.

хэмээсэнд хөвгүүн өгүүлрүүн: “Багш энэ өдөр хэдий гэрт байвч гагц эдүгээ өвсөн танхимдаа унтаад сэрээгүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Тийм болбоос нэвтрүүлэн мэдүүлэхийг түр байз!” хэмээгээд Гуань, Жан хоёулыг үүдний дэргэд хүлээлгэж Сюаньдө алгуураар алхсаар дотогш орж үзвээс ноёнтны бие өвсөн танхимд ширээн дээр дээш хандан унтаж амуй. Сюаньдө гар тавин бие мэхийн яндрын дор зогсож хагас цаг хэтэртэл бас ч сэрэхгүйд Гуань, Жан гадна байж удтал зогсовч чимээгүй тул дотогш орж Сюаньдөг үзвээс бас ч гар тавин зогсож амуй. Жанфэй ихэд уурлаж Юньчангийп зүг өгүүлрүүн: “Энэ ноёнтон юунд ийм омгорхог аж! Манай ах яндрын дор гар тавин ёслон зогсож атал тэр харин шууд хэвтэж унтсандаа шалтаглаж босохгүй нь үнэхээр хэтэрчээ! Би очиж түүний гэрийн хойдоос нэгэн атга гал тавьсанд түүний босох ба эс босохыг үзье!” хэмээхэд Юньчан дахин давтан хориглож зогсоов. Сюаньдө уг хэвээр хоёулыг үүдний гадна гаргаж хүлээлгээд дахин буцаж танхим дээр үзвэл тэр ноёнтон бие хөрвөөн өндийж босоод гэнэт бас дотогш хэрмийн зүг хандан унтжээ. Хөвгүүн мэдүүлэхийг завдтал Сюаньдө өгүүлрүүн: “Түр бүү цочоон хөдөлгөтүгэй!” хэмээгээд бас нэгэн цаг болтол зогссонд Кунмин сая сэрээд амандаа шүлэг шүлэглэн өгүүлрүүн:

“Их зүүдийг хэн урьд сэрмүй

Ерийн учрыг би өөрөө мэдмүй

Өвсөн гэрт хаврын нойр ханаад

Өмнө цонхны гадна наран хэлбийжээ”.

Кунмин шүлэглэж бараад бие хөрвөөн босож хөвгүүнээс асууруун: “Үтэл зочин ирсэн буй уу?” хөвгүүн өгүүлрүүн: “Лю хааны авга ирж зогсон хүлээсээр удав”. Кунмин даруй гүйн босож өгүүлрүүн: “Юунд эрт мэдүүлэхгүй буй? хэмээн хувцас халж гарч ирье” хэмээгээд хойд танхимд эргэж ороод хагас цаг болж сая дээл малгайг тэгшлээд угтан гарч ирэв Сюаньдө Кунминийг үзвээс биеийн өндөр найман тохой, царай нь дүгрэг хас мэт, тэргүүнд эелэлт хив малгай өмсөж, биед тогоруун дах өмсөн хөдлөх авирлах нь хувилгаан сахиусны байдалтай. Сюаньдө дорогш ёслон өгүүлрүүн: “Хань улсын адгийн удам, Жуозюнь хошууны мунхаг эр би, багш таны их алдрыг сонсож хүртсэн нь аянгын дуун чихэнд нэвтэрсэн мэт. Урьд хоёр удаа бараалхахаар ирээд учран чадсангүй тул өчүүхэн нэрийг бичиж бичгийн ширээн дээр бариулсан бөлгөө. Тольдон үзсэн ба үгүйг мэдэхгүй”. Кунмин өгүүлрүүн: “Нань Янгийн зэрлэг хүн, аглаг алзуу сурамгай болж удаа бүр жанжны гээх үгүй ирсэн өршөөлд хүрсэнд тэнсэл үгүй ичгүүрэн царай улбалзмуй” хэмээн хоёул ёс хийж бараад, зочин гэрийн эзнийг хуваалцан суусны хойно хөвгүүн цай авчирч өргөв. Цай уулцаж бараад Кунмин өгүүлрүүн: “Өчигдрийн хайрлан үлдээсэн бичгийн санааг үзвээс жанжин таны улс иргэний төлөө сэтгэл зовних санааг бүрнээ олж мэдэв. Гагцхүү Жугө Лян миний нас бяцхан эрдэм мөхөс тул дорогш асуухыг саатуулуузай хэмээн хорсмуй”. Сюаньдо өгүүлрүүн: “Сыма Дөцаогийн хэлсэн Сюй Юаньжигийн өгүүлсэн хэрхэн хуурмагаар шүүмжилмүй? Ноёнтон хөдөөх доорд хэмээн гээхгүй болбоос хилсдэвч сурган хайрлах ажаамуу!” Кунмин өгүүлрүүн: “Дөцао, Юаньжи цөм ертөнцийн мэргэн эрдэмтэн бөгөөд Жугө Лян би даруй нэгэн тариалангийн эр буй за? Ямар аймшиггүй дэлхий дахины хэргийг шүүмжлэх аж? Хоёр гүн ташааран өргөжээ. Жанжин та юунд сайхан хасыг тэвчээд өөхөн чулуу эрмүй?”. Сюаньдо өгүүлрүүн: “Их эр ертөнцийг эвлэх гайхамшигт эрдмийг өвөрлөөд харин шугуй булгийн дотор хоосноор өтөлж болмуй уу? Ноёнтон та дэлхий дахины хамаг амьтныг энэрэн бодож Любэй миний мунхаг мэргүү250-г нээгдүүлэн сургахыг хүсмү!”. Кунмин инээн өгүүлрүүн: “Жанжин чиний зоригийг сонсохыг хүсмүй!”. Сюаньдө суудлыг шилжүүлэн дэргэд шахаж өгүүлрүүн: “Хань улсын төр мөхмөөр болж зальт сайд зарлигийг хулгасанд Любэй би хүчний чинээг хэмнэхгүйгээр их журмыг дэлхий дахинд явуулъя хэмээх боловч ухаан бодол гүехэн охор тул эдүгээ болтол нэг нь ч санаагаар болж чадаагүй. Гагцхүү ноёнтон чи мунхаг бөглөгдөхийг нээж, бэрх газрыг тусалбаас үнэнч түмэн завшаан болой!”. Кунмин өгүүлрүүн: “Дунжуогийн самууныг үүсгэн тэсэргүүлснээс нааш дэлхий дахины баатар эрэлхэг хамт дэгдэж Цаоцаогийн хүч Юаньшаод эс тэнцэх бөгөөтөл шууд Юаньшаог дайлан чадсан нь дан ганц тэнгэрийн цаг бус.

250 Мунхаг, мэлрээ байдал

Тэр бас ч хүмүүний бодлого болой. Эдүгээ Цаоцао нэгэнтээ зуун түмний олныг дагуулан тэнгэрийн хөвгүүнийг авч мужийн бэйст зарламуй. Энэ нь үнэхээр тэмцвээс болохгүй нь болой. Сүньцуань мөрний зүүнийг эзлэн нэгэнтээ гурван үе болж улс бэрх хавцал бөгөөд эргэн дагажээ. Энэ нь хэрэглэн өмөглүүлж болох бөгөөд авбаас үл болох нь болой. Зинжоугийн газар болбоос хойдод Хань, Мянь усыг эзэлж өмнө далайн ашгийг гүйцэтгэн, зүүнд Ү улс лугаа холбон нийлж баруунд ба, шугийн газарт нэвтрэх тул энэ нь цэрэг хэрэглэх газар бөгөөд түүний эзэн бус болбоос сахин чадахгүй. Үүнийг лав тэнгэрийн жанжинд өгсөн нь болой. Жанжин харин санаа баймуй уу? Ижоу муж болбоос боомт бэрх, элбэг атар мянган газарт хүрч тэнгэрийн ордны улс тул Гаозү хаан үүнд тулгар төрийг байгуулжээ. Эдүгээ Люжан харанхуй буурай, ард зузаан, улс баян атал өршөөн хайрлахыг мэдэхгүй тул мэргэн чадалт эрдэмтэн цөм гэгээн эзнийг олохыг хүсэж амуй. Жанжин та хааны удам болсон тул итгэмж журам дөрвөн далайд алдаршиж, аруухан баатрыг хураамжилж аван эрдэмтнийг хүсэх нь ундаассан адил. Хэрэв Зинжоу, Ижоугийн газрыг олоод түүний хавцал цухал газрыг хамгаалж, баруунд олон хотончууд лугаа найрлан өмнөдөд И, Юэ аймгийг элбэж, гадаадад Сүньцуань лугаа холбон, дотоодод засаг цаазыг засаад хүлээж дэлхий дахин хувьссан хойно нэгэн дээд жанжинг илгээж Зинжоугйн цэргийг захируулан Вань, Луогийн газраас гараад жанжны бие Ижоу мужийн олныг авч, Циньчуаньгаар гарваас зуун овогт ард сэвэгт будаа, хултай шөлөөр жанжныг эс угтах нь баймуй? Үнэхээр тийм болбоос их үйл бүтээд Хань улс мандаж болмуй. Энэ Жугө Лян миний жанжны төлөө бодолхийлэн өгөх нь болой. Гагцхүү жанжны авахыг хүсмүү!” хэмээн хэлж бараад хөвгүүнийг дуудан нэгэн ороодос зураг авч ирүүлээд танхимын дунд өлгөөд зааж Сюаньдөгийн зүг хэлрүүн:

“Энэ болбоос Сычуаньгийн тавин дөрвөн муж хошуудын газрын зураг бөлгөө. Жанжин чи хааны хөрөнгийг бүтээсүгэй хэмээвээс хойдод болбоос Цаоцао тэнгэрийн цагийг эзэлж, өмнөдөд болбоос Сүньцуань газрын ашгийг эзэлж байх тул жанжин чи хүний найрамдахыг эзлэн, урьд Зинжоуг авч гэр болгоод хойно даруй Сычуанийг аван тулгар төрийг байгуулж, хүлисийн хөл мэт эрх сүрийг бүтээсний хойно сая Жун Юанийг бодвоос болмуй”. Сюаньдө үгийг сонсоод даруй суудлаас зайлж гар өргөн тал өгөөд өгүүлрүүн: “Ноёнтны үг бөглөрөгдсөнийг гэнэт нээж, Любэй намайг үүл мананг сөхөн хөх тэнгэрийг олж үзүүлсэн мэт болгов. Гагц Зинжоугийн Любяо, Ижоугийн Люжан цөм Хань улсын угсаа төрөл тул Любэй би яахин булааж түвдмүй?”. Кунмин өгүүлрүүн: “Жугө Лян би шөнө тэнгэрийн байдлыг шинжвээс Любяо хүний ертөнцөд удахгүй буйза. Люжан тулгар төрийг байгуулах эзэн бус. Удаандаа эрхгүй жанжинд ормуй” Сюаньдө энэ үгийг сонсоод мөргөн талархав. Гагц эдгээр үгс нь Кунмин улалжийн гэрээс гаралгүйгээр дэлхий дахиныг гурван хувь болохыг нэгэнтээ мэджээ. Үнэхээр түмэн үеийн хүн хэмээн үл хүрэх бөлгөө.

Хожмын хүний магтсан шүлгийн үг:

“Юйжоу урьд өдөр ганцаардан байхуйяа

Нань Янгийн газар Волун байсан нь юутай завшаан

Хойш өдөр оцоглон зогсохыг мэдсүгэй хэмээхэд

Хуруугаар заан зургийн дотор буй хэмээжээ”

Түүнээс Сюаньдө Кунминг ёслон залж өгүүлрүүн: Любэй би хэдийгээр нэр өчүүхэн, эрдэм нимгэн боловч ноёнтон та хөдөөх дорд хэмээн гээхгүй уулнаас гарч туслан тэтгэвээс Любэй би бие мэхийн гэгээн сургаалыг сонсохыг хүсмүү!”. Кунмин өгүүлрүүн: “Жугө Лян би тариаг үйлдэж хичээсээр ертөнцөд нийлүүлэх дургүй болж удсан тул захиаг дагаж үл чадмуй”. Сюаньдө уйлан хэлрүүн: “Ноёнтон та гарахгүй бөгөөс хамаг амьтныг хэрхье?” хэмээн хэлж бараад нулимс нь дээлийн ханцуйд нэвтэрч хувцасны энгэр цөм норжээ. Кунмин түүний санаа маш үнэнчийг үзээд даруй өгүүлрүүн: “Жанжин та үнэхээр гээхгүй бөгөөс дуртайяа нохой морины хүчийг барьсугай!” гэхэд Сюаньдө ихэд баярлан даруй Гуань, Жанг дуудан оруулж ёслон золгуулаад авчирсан алт, мөнгө, торгын ёслолын юмыг гаргаж өргөсөнд Кунмин хатуучлан маргаж хүлээн авахгүй тул Сюаньдө хэлрүүн: “Энэ нь их эрдэмтнийг залах ёслолын юм бус, гагцхүү Любэй миний ямхын төдий сэтгэлийг илтгэсэн болой” хэмээхэд Кунмин сая хүлээн авав. Түүнээс Сюаньдө нар Хэвтээ луу довцогт бүгдээр нэгэн шөнө хоноод дэд өдөр Жугө Зюнь буцаж ирсэнд Кунмин сурган өгүүлрүүн: “Би Лю хааны авгын гурвантаа хайхарсан өршөөлд хүртэж гарахгүй болохул үл болохын тул чи одоо энд биеэр хичээж тариаг таригтун! Хэрхэвч ширэлдүүлэн гээж болохгүй. Хожим гавьяа бүтсэн өдөр даруй буцаж ирэн нуун суумуй” хэмээжээ.

Хожмын хүний магтсан шүлгийн үг:

“Мандан дэгдэхийн урьд эгэхийг бодсон бөлгөө

Магтаал алдар мандсан цагт эдүгээгийн үгийг бодууштай

Засаж тэтгэхийг урьд эзэн гэрээслэн тунгаасан хойно

Жанжин од намрын салхинаа Ү Жан Юаньд унав”

 

Бас эртний шүлэг нэгэн анги буй, түүний үг:

“Манай Гаозү гурван тохой хурц илд барьж

Мандангийн газар цагаан могойг алсан бөлгөө

Цинь улсыг төвшитгөн Чуг сөнөөж Сянь Янд ороод

Чив чиг хоёр зуун он үргэлжилсэн болой

Гуан Ү хаан Луо Янгийн газраас мандсан нь гайхамшиг

Хуаньди, Линдид хүрч ирээд эвдрэн цуцрав

Хань Сяньди Сюйчангийн газар нийслэлээ шилжүүлсэн

Хатан баатрууд дөрвөн далайн дотор тус тус дэгдэв

Цаоцао эрхийг эзэрхэн тэнгэрийн цагийг олохуйяа

Сүньцуань мөрний зүүнд их тулгарыг нээжээ

Сюаньдө мөхөсдөн ганцаардаж дэлхий дахиныг хэсэж

Синь Егийн газар ганцаар сууж ардын тул зовнив

Нань Ян газрын Волунд их зоригтон буй бөгөөд

Нар шиг гэгээн хэнхдэгийн дотор цэрэг хуягийг жагсаамуй

Ухамгай Сюйшү аяарлахдаа хэлсэн үг буйд

Улалжин гэрийг гурвантаа сурвалжлаад сэтгэлээ мэдэлцэв

Хорин долоотой Кунмин ноён тэр үед

Хуур, бичгээ багцалж тариалангаас ангижрав

Урьд Зинжоуг авч хойно Сычуанийг аваад

Улс төрөөр засаж эрдмээ ихэд гаргав

Хэлний үзүүр дээр салхи аянгыг ихэд үүсгэн

Хэнхдэгийн дотор одон гаригийг дураар улируулмуй

Луу тоглон барс хялайх мэт дэлхий дахиныг амаржуулаад

Лут их алдар гавьяа түмэн онд мөнхөрмүй”

Түүнээс Сюаньдө нарын гурван хүн Жугө Зюньгээс салж Кунмин лүгээ Синь Едээ буцаж ирэв. Сюаньдө Кунминийг багшийн ёсоор хүндэлж идвээс нэгэн ширээ, унтваас нэгэн сандал, өдөр дуустал дэлхий дахины хэргийг шүүмжилмүй. Кунмин өгүүлрүүн: “Цаоцао Зижоугийн газар Сюань Ү нуурыг үйлдэж усан цэргийг боловсруулан сургах нь эрхгүй мөрний өмнөдийг халдах санаа баймуй. Бид сэмээр хүн зарж мөрнийг гэтэлгэн үнэн худлыг туршуулсугай!” хэмээхэд Сюаньдө үгийг дагаж хүнээр мөрний зүүнд туршуулахаар илгээв.

Тэндээс Сүньцуань ах Сүньцөг үхсэнээс хойш мөрний зүүнийг эзлэн сууж эцэг ахын тулгар хөрөнгийг залгамжлан мэргэд сайдыг ихэд хурааж Үхуйгийн газар зочдын бууц гэр нээн Гө Юн, Жанхун нар дөрвөн зүгээс ирсэн зочдыг угтуулсанд жил дараалан ирсээр, чи би харилцан өлгөлцөж, тэр үе Хуйзи газрын Каньзө, өргөсөн нэр Дөрүнь хэмээгч байж. Жич Пөнчэнгийн Яньзюнь, өргөсөн нэр Маньцай. Пэйсяньгийн Сюэзун, өргөсөн нэр Зинвэнь. Рү Янгийн Чэнбин, өргөсөн нэр Дөшү. Үзюньгийн Жүхуань, өргөсөн нэр Сюмү. Лүзи, өргөсөн нэр Гүнзи. Ү газрын хүн Жанвэнь, өргөсөн нэр Хүйшү. Үшангийн Луотун, өргөсөн нэр Гунсюй, Үчэнгийн Үцань өргөсөн нэр кунсю. Эдгээр хүн цөм Зяндунд хүрч ирсэнд Сүньцуань маш зузаан хичээнгүй ёслолоор хүндлэв. Бас хэдэн сайн жанжныг олов. Рүнангийн Люймөн, өргөсөн нэр Зымин. Үзюньгийн Лүсюнь, өргөсөн нэр Бай Янь. Лан Ягийн Сюйшэн, өргөсөн нэр Вэньсян. Дунзюньгийн Фаньжан,өргөсөн нэр Вэньгүй. Лүзянгийн Динфөн, өргөсөн нэр Чэн Юань зэргийн бичиг цэргийн олон хүн харилцан туслан тэтгэж үүнээс “Зяндунгийн хүн олсны бадрал” хэмээн нэрийджээ. Амгалан байгуулагчийн долдугаар онд Цаоцао Юаньшаог эвдээд Зяндунд элч зарж Сүньцуанийг “Хөвгүүнээ Сюйдүд илгээж хааныг дагуул!” хэмээсэнд Сүньцуань дагалцаж таслан чадахгүй байтал Үтай хатан, Жоу Юй, Жанжао нарыг нүүр золгон зөвлөтүгэй хэмээсэнд Жанжао өгүүлрүүн: “Цаоцао манийг хөвгүүнээ илгээж хааныг дагуул хэмээсэн нь мужийн эздийг дүрэм хуулиар холбох арга болой, Тийн гэвч хэрэв эс илгээвээс тэр цэрэг байгуулан Зяндунд ирвээс байдал эрхгүй түгшүүртэй болмуй”. Жоу Юй өгүүлрүүн: “Жанжин эцэг ахын үлдээсэн хөрөнгийг залгамжлан зургаан хошууны олныг хамтатгаснаар цэрэг шилдэг, амуу элбэг, жанжин түшмэд зарлигийг дагах бөгөөтөл ямар гачигдал газар баймуй хэмээн хүнийг данж251 болгон хүргэсүгэй? Хэмээмүй. Нэгэнтээ данж өгвөөс одоо Цаоцао лугаа найрлахгүй болбоос болохгүй болоод түүний дуудах зарлиг байваас очихгүй байж үл чадмуй. Ийм болбоос даруй хүнд захирагдмуй. Харин илгээхгүйгээр алгуураар түүний хувьсгалыг үзэж өөр сайн арга бодож халхлахыг үл хүрмүй”. Ү хатан өгүүлрүүн: “Гүнгийн үг мөн болой” хэмээхэд Сүньцуань үгийг дагаж элчийг буцаагаад хөвгүүнээ илгээсэнгүй. Үүнээс Цаоцао Зян Нанийг авах сэтгэл төрөгдөв. Гагцхүү хараахан хойд зовхист төвшин болоогүйд тохиолдсон тул өмнөдийг дайлах чөлөө гарсангүй. Амгалан байгуулагчийн наймдугаар оны арван нэгэн сард Сүньцуань цэрэг авч Хуанзүг байлдахаар очоод их мөрний дунд байлдаж Хуанзүгийн цэрэг дийлэгдсэнд Сүньцуаньгийн харьяат жанжин Линцао хөнгөн салаар урагш түрүүлэн Сякоугийн аманд алан ортол Хуанзүгийн жигүүрийн жанжин Ганьнин нэгэн зэвээр харван алав. Линцаогийн хөвгүүн Линтун тэр жил сая арван таван настай бөгөөд шаламгайлан орж эцгийн ясыг булаан эгжээ. Сүньцуань салхины өнгө сайнгүйгүзээд цэрэг хурааж Ү улсдаа эгэв.

251 Барьцаа

Тэндээс Сүньцуаньгийн дүү Сүнь И нь Дань Янгийн Тайшоу түшмэлд суусан бөлгөө. Сүнь Игийн зан чанар хатуу бөгөөд дарсанд дуртай, согтсон хойно үргэлжид цэргийн ардыг ташуурдмуй. Дань Янгийн захирагч жанжин Гүйлань, хошууны дэслэгч Дай Юань нар үргэлжид Сүнь Иг алах сэтгэл байж даруй Сүнь Игийн дагасан ард Бяньхун лугаа сэтгэл зүрх мэт болж хамт Сүнь Иг алсугай хэмээн зөвлөв. Тэр үе олон жанжин нар ба сумын захирагчид цөм Дань Янд цугларсан тул Сүнь И хурим бэлтгэн залж хуримлахад Сүнь Игийн эм Сюй овогт зүс сайхан бөгөөд мэргэ төлөг үзэхэд туйлын хэцүү. Энэ өдөр нэгэн төлгө төлгөдвөөс түүний байдал ихэд муу тул Сүнь Иг “Бүү гарч зочинд уулз!” хэмээн хоригловоос Сүнь И сонсохгүй даруй олон хүн лүгээ хурж орой болтол уулцаад сая тархав. Бяньхун илд зүүж үүдний гадна дагаж гараад гэнэтхэн илдийг сугалан авч Сүнь Иг цавчин алсанд Гүйлань, Дай Юань хоёул харин ялыг цөм Бяньхунгийн биед болгож зээлд аваачин цавчив. Гүй, Дай хоёул хүчийг тохиолдуулан Сүнь Игийн гэрийн эд таваар ба зардсан эхнэрт хүртэл олзлон авч Гүйлань бас Сюй овогтын сайхан төрснийг үзээд түүний зүг өгүүлрүүн: “Би чиний эрийн төлөө өшөөг авч өгсүгэй! Чи намайг дагах хэрэгтэй! Дагахгүй болбоос үхмүй”. Сюй овогт өгүүлрүүн: “Эр үхэж удаагүй тул дагахад төвдөхгүй. Сарын сүүлд хүрэхийг хүлээн тахил бэлтгэж тайгаад бэлэвсрэлийг тайлсан хойно холбоход оройтохгүй” хэмээхэд Гүйлань үгийг дагав. Түүнээс Сюйши сэмээр Сүнь Игийн сэтгэл зүрхний мэт хуучин жанжин Сүньгао, Фү Ен хоёр хүнийг яамандаа дуудан оруулж уйлан өгүүлрүүн: “Миний эр байх өдөр үүрд хоёр гүнг шударга журамтай хэмээн хэлэх бөлгөө. Эдүгээ Гүйлань, Дай Юань хоёр хулгай араатан миний эрийг алаад ганц Бяньхунгийн биед ялыг нүүлгээд миний гэрийн эд таваар ба боол шивэгчинг хүртэл цөм бүрнээ хуваан аваачжээ. Гүйлань бас доорд эхнэр миний биеийг эзлэе хэмээх тул доорд эхнэр би хуурмагаар хүлээн авч түүний сэтгэл санааг амаржуулсан бөлгөө. Хоёр жанжин та хүн зарж шөнө дөл Ү Хоуд252 мэдүүлэн нэгэнтээгүүр нууц арга бэлтгэж хоёр зальхай хулгайг барин аваад энэ мэт өшөө ичгүүрийг цагаатган өгвөөс амьд ба үхсэнд хүртэл их ачийг үл умартмуй!” хэмээн хэлж бараад дахин ёслоход Сүньгао, Фү Ен цөм уйлан өгүүлрүүн: “Бид энгийн өдөр эзний өршөөл хишигт хүртэж байгаад энэ өдөр зовлонд эс үхсэн нь төв хэмээн хариу авсугай хэмээсэн арга болой. Хатан таны захисныг ямар аюулгүй хүчийг үл баримуй!” хэмээгээд даруй сэмээр сэтгэл зүрхний мэт элчийг зарж Сүньцуаньд мэдүүлэн илгээв.

252 Сүньцуаньгийн хэргэм тушаал

Жич сарын сүүлд хүрсэн тул Сюйши урьдаар Сүнь, Фү хоёр хүнийг дуудан ирүүлж дотоод гэрийн хөшигний хойно бүгүүлсэн хойно танхим дээр тахил бэлтгэн тайж бараад даруй бэлэвсрэлийн хувцсыг тайлж биеийг ариутган угаагаад, улбалзтал засаж гялбалзтал чимээд, нахилан танхилзаж хэлэлцэн инээлцмүй. Гүйлань үүнийг сонсоод маш баярлаж шөнө болсонд Сюйши зардсан охидыг зарж Гүйланийг ордонд залуулан ирээд танхимын дунд хуримын ширээ засаж Гүйланьд архи барин шаардаж уулгасаар нэгэнтээ согтсон хойно Сюйши даруй Гүйланийг залж дотоод гэрт оръё хэмээхэд Гүйлань ихэд баярлаж согтуугаар алхаж ортол Сюйши ихэд бархиран өгүүлрүүн: “Сүнь, Фү хоёр жанжин хаана буй?” хэмээсэнд хоёр хүн даруй хөшигний хойдоос илд барин үсэрхийлэн гарч ирсэнд Гүйлань гар хөдлөн завдсангүй. Фү Ен нэгэн илдээр газарт цавчин унагаатал Сүньгао дахин нэгэн илд цавчсанд агшин зуур амь нь тасрав. Сюйши бас Дай Юанийг хуримд залсанд Дай Юань ордноо орж танхимын дунд хүрээд бас ч Сүнь, Фү хоёр жанжинд алагдав. Нэгэнтээгүүр хүн зарж хоёр хулгайн гэрийн хөгшин залуу ба жич хоршоо намтай цөм дуусган алаад Сюйши дахин хүнд бэлэвсрэлийг өмсөн Гүйлань, Дай Юань хоёр хүний тэргүүнийг огтлон авч Сүньгийн ясны өмнө тахил тавив. Нэгэн өдөр Сүньцуань биеэр цэрэг морь авч Дань Янгийн газар хүрч ирээд Сюйши нэгэнтээ Гүйлань, Дай Юанийг алсныг үзэж даруй Сүньгао, Фү Енг “Ямэнь жанжин” болгон өргөмжлөөд Дань Яныг сахиулав. Сюйшийг авч хариад хөгширтөл хүндлэн тэжээв. Зяндунгийн хүн Сюйшигийн эрдмийг эс магтсан нь үгүй бөлгөө. Хожмын хүний магтсан шүлгийн үг.

“Зориг эрдэм ертөнцөд үгүй хос бүрдсэн тул

Золбин зальхайг нэгэн өглөөд хядагдан арилжээ

Жигшимтгий түшмэл хулгайг дагаад шударга түшмэл үхэвч

Зүүн Үгийн эмэгтэй баатрыг үнэхээр хүрэхгүй”

Тэндээс зүүн Ү улсад эл газрын уулын хулгай цөм төвшин болж их мөрний дунд байлдах онгоц долоон мянга илүү агаад Сүньцуань даруй Жоу Юйг их дүдү болгон өргөмжлөөд Зяндунгийн усан хуурай цэргүүдийг ерөнхийлөн захируулав. Амгалан байгуулагчийн арван хоёрдугаар он өвлийн тэргүүн сард Сүньцуаньгийн эх Үтай хатан өвдөж маш хүнд болсонд Жоу Юй, Жанжао хоёрыг дуудан ирүүлж тэдний зүг өгүүлрүүн: “Би болбоос угтаа Ү газрын хүн бөлгөө. Хараахан багаас эцэг эхгүй болж дүү Жанжао лугаа Юэгийн газар нүүн суужээ. Хойно Сүнь овогтод холбоод дөрвөн хөвгүүн заяав. Ахмад хөвгүүн Сүньцөг төрөх үед саран миний өвөрт оров хэмээн зүүдлэв. Дэд хөвгүүн Сүньцуанийг төрөхөд бас наран өвөрт оров хэмээн зүүдэлжээ. Шинжигч хүмүүний өгүүлсэн нь: “Наран саран өвөрт оров хэмээн зүүдэлбээс түүний хөвгүүн эрхгүй эрхэм болмуй” хэмээв. Завшаангүй Сүньцө зуурмаг үхээд эдүгээ Зяндунгийн тулгар хөрөнгө Сүньцуаньд болсон тул хүсэх нь гүн нар та нэгэн сэтгэлээр туслан тэтгэвээс би үхэвч сэтгэл амар нүд анимуй” хэмээгээд бас Сүньцуанийг сургаж хэлрүүн: “Чи Зыбү, Гунзинг багшийн ёсоор үйлчлэгтүн! Осолдож болохгүй. Миний охин дүү над лугаа хамт чиний эцэгт холбосон тул мөн чиний эх болой. Намайг үхсэний хойно миний охин дүүг үйлчлэх нь намайг үйлчлэх адил бологтун! Охин дүүгээ мөн өршөөн тэжээж нэгэн сайн хүргэнийг сонгож буулган өгөх хэрэгтэй” хэмээн хэлж бармагц даруй эцэс болов. Сүньцуань гашуудан уйлж түүний бэлэвсрэл ба оршуулсан эл ёслолыг өгүүлэх юун бөлгөө.

Тэндээс хойд жилийн хавар болсонд Сүньцуань, Хуанзүг дайлсугай хэмээн зөвдөхөд Жанжао өгүүлрүүн: “Бэлэвсэрч жилийн ой болоогүйгээр цэрэг хөдөлгөж үл болмуй”. Жоу Юй өгүүлрүүн: “Өшөө авч хорслыг цагаатгахад юуны жилийн ойг хүлээмүй?” хэмээсэнд Сүньцуань татгалзаж тогтворгүй байдал Пинбэй Дүвэй түшмэл Люймөн орж ирээд Сүньцуаньд хэлрүүн: “Би Лунцюгийн усны амыг сахиж байтал гэнэт Хуанзүгийн харьяат жанжин Ганьнин дагахаар ирснийг мөн би нарийвчлан асууваас Ганьнингийн өргөсөн нэр Синба, Базюнь хошууны Линзян газрын хүн болой. Бичиг сударт маш нэвтэрч хүч чийрэг бөгөөд журамт явдалд дуртай. Үргэлжид босуул оргуул ардыг элсэж мөрөн голын дунд хөндлөн гулдаар явмуй. Бүсэлхийдээ гуулин хонх өлгөж хүн хонхны дууг сонсвоос цөм зайлан дутаамуй. басхүү үргэлжид Сычуаньгийн хэмэрлэгээр онгоцны далбаа хийх тул тэр үеийн хүн цөмөөр “Хэмэрлиг далбаат хулгай” хэмээн дуудмуй. Хожимдоо урьдын эндүүд гэмшин явдлаа халж сайныг дагасугай хэмээн олноо авч Любяод дагахаар очоод түүний хэрэг бүтээж чадах хүмүүн бусыг мэдэж тийнхүү зүүн Ү улсад дагахаар ирье гэтэл харин ч Хуанзү Сякоугийн амандаа үлдээн авчээ. Урьд удаа зүүн Ү улс Хуанзүг эвдлэх үед Хуанзү Ганьнингийн хүчийг олж сая Сякоуд дутаан харив. Тийм бөгөөтөл маш нимгэнээр аваачихуйяа Дүдү Сүфэй удаа дараалан Хуанзүд Ганьнинийг батлан өргөхөд Хуанзү өгүүлрүүн: “Ганьнин хэмээгч мөрнийг дээрэмлэсэн хулгай бөлгөө. Хэрхэн хүнд хэрэглэж болмуй!” хэмээсэнд Ганьнин үүний тул хорслыг өвөрлөжээ. Сүфэй түүний санааг мэдээд даруй хуримын ширээ бэлтгэж Ганьнинийг гэрт залж авчраад түүний зүг өгүүлрүүн: “Би гүн чамайг хэдэн удаа өргөвч эзэн гүн хэрэглэхгүйг хэрхсү! Өдөр сар ээлжилсээр хүн болж төрөөд хэдий насламуй за? Өөрөө холыг бодвоос зохимуй. Би гүнг Жүсянь сумын дарга болгон батласугай өөрөө одох аргыг хийгтүн!” хэмээжээ. Ганьнин үүний тул Сякоуг олж гэтлэн Зяндунд ирье хэмээхүл манай Зяндунд түүний Хуанзүг туслахад Линцаог алав хэмээн хорсох болуузай хэмээмүй. “Би эзэн гүнг эрдэмтэнг хүсэх нь ундаассаны адил. Алив хуучин хорслыг бодохгүй нэн ялангуяа тус тусдаа цөм өөрийн эзний төлөө тул бас ямар хорсох газар баймуй?” хэмээн бүрнээ хэлсэнд Ганьнин маш баярлаж олныг авч мөрнийг гэтлэн эзэн гүнд бараалхахаар ирэв. Зарлигаар тогтоохыг гуймуу” хэмээсэнд Сүньцуань ихэд баярлаж өгүүлрүүн: “Би Синбаг олсонд Хуанзүг эвдлэх нь лав болов” хэмээгээд даруй Люймөнгөөр Ганьнинийг дагуулан оруулж ирүүлээд ёсолж барсан хойно: Сүньцуань өгүүлрүүн: “Синбагийн энэ ирсэн нь миний сэтгэлийг ихэд баярлуулжээ. Хэрхэн хорслыг бодох ёсон буй? Битгий сэжиглэгтүн! Надад Хуанзүг эвдэх аргыг заан сургахыг хүсмүү”. Ганьнин өгүүлрүүн: “Эдүгээ Хань улсын төр улам түгшүүртэй болж Цаоцао эрхгүй эцэстээ хаан ширээг булаан авмуй. Зинжоугийн чиг өмнөд газрыг Цаоцаогийн эрхгүй тэмцэх нь болой. Любяод хол бодлогогүйн дээр түүний хөвгүүн бас мунхаг буурай тул хөрөнгөө залгамжлан тулгар төрийг байгуулж чадахгүй. Гэгээн гүн эртнээс бодвоос зохимуй. Хэрвээ татгалзваас Цаоцао урьдаар бодох буй за. Эдүгээ урьдаар Хуанзүг авбаас зохимуй. Хуанзү эдүгээ нас хөгширч харанхуй маанаг болоод эд ашигт шунаж, ард иргэдийг мөлжин харгислахад хүний сэтгэл цөм хорсож, байлдах зэвсэг тэгшгүй, цэрэгт цааз хууль дутагдав. Гэгээн гүн хэрвээ дайлахаар одвоос түүний байдал хүч эрхгүй эвдэрмүй. Хуанзүгийн цэргийг нэгэнтээ эвдсэн хойно хэнгэрэг дэлдэн баруунш орж чугуанийг эзлэн ба, шуг бодвоос тулгар хөрөнгө тогтож болмуй”. Сүньцуань өгүүлрүүн: “Энэ алтан хасын шүүмжлэл болой!” хэмээв.

Тэндээс Жоу Юйг дуудан их Дүдү болгож усан хуурай замын цэргийг захируулан Люймөнг өмнөд хошууч болгож Дунси, Ганьнин лугаа дэд жанжин болгоод Сүньцуань өөрийн биеэр их цэрэг арван түмийг авч Хуанзүг дайлахаар ирэв. Харуулын хүн энэ чимээг олоод Зянсяд мэдүүлэн иржээ. Хуанзү яаран олныг цуглуулан зөвдөж Сүфэйг их жанжин болгоод Чэнзю, Дөнлунг өмнө хошууч болгоод Зянсягийн цэргийг дуусган авч дайсныг угтан ирэв. Чэнзю, Дөнлун тус тусдаа нэгэн бүлгийн байлдах онгоцыг авч Мянькоугийн амыг тосон хүлээгээд онгоцны дээр цөм холховч зэв, хатуу нумыг мянга илүү базааж их гархиар байлдах онгоцыг усны дээгүүр аргамжив. Зүүн Ү улсын цэрэг хүрч ирмэгц байлдах онгоцны дээр хэнгэрэг дэлдэн сум зэв цугаар харвахад Ү улсын цэрэг аймшиггүй орж чадсангүй усны дээгүүр хэдэн газар гартал хойш ухрав. Ганьнин Дунсигийн зүг өгүүлрүүн: “Хэрэг нэгэнтээ үүнд хүрсэн тул орохгүй болбоос үл болмуй” хэмээгээд даруй бага онгоц зуу илүүг сонгон авч онгоц бүрт шилдэг цэрэг тавин хүнийг хэрэглэн, хорин хүнээр онгоц сэлбүүлэн, гучин хүнд цөм хуяг өмсгөн гарт илд бариулж зэв чулуунаас зайлахгүйгээр шууд байлдах онгоцны дэргэд хүрч их төмөр дээсийг цавчин тасласанд онгоц цөм хөндөлдөв. Ганьнин нисэх мэт онгоцонд үсрэн гараад Дөнлунг цавчин алсанд Чэнзю онгоцоо гээж дутаатал Люймөн олж үзээд бага салнаас үсрэн бууж биеэр сэлүүр шургийг барьсаар шууд олон онгоцны дунд ороод гал тавин олон онгоцыг шатаахад Чэнзю яаран хөвөөнд гартал Люймөн амь тэмцэж түүний дэргэд нэхэн хүрээд өвчүүний дээр нэгэн илдээр цавчин газарт унагав. Жич Сүфэй хөвөөн дээрээс цэрэг авч өмөглөн иртэл тэр үес зүүн Ү улсын жанжин нар нэгэн цугаар үсрэн хөвөөнд гарсанд байдал нь эсэргүүцвээс болохгүй тул Хуанзүгийн цэрэг ихэд дийлэгдэж Сүфэй буруулан явтал төв хэмээн зүүн Ү улсын их жанжин Фаньжанд учирч хоёр морь зөрчилдөн хэдэн удаа ч байлдсангүй Фаньжанд амьдаар баригдаж шууд онгоцны дундад хүрч Сүньцуаньд золгохоор ирэв. Сүнъцуань зүүн баруун этгээдийн ардыг дуудан “Үүнийг аваачиж чингэлэг тэргэнд хоригтун! Хуанзүг амьдаар барьсан хойно нэгэн зэрэг алъя” хэмээгээд дахин олон цэргийг шаардан хөдөлгөж “Өдөр шөнөгүй Сякоуг байлдан авагтун!” хэмээв. Энэ чухамхүү:

“Гагц хэмэрлэг далбаат хулгайг хэрэглэсэнгүй учирт

Гархилсан их онгоцыг дайран сарниулахад хүрүүлэв”

Эгнэгт Хуанзүгийн дийлэх дийлэгдэхийг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.18.248) 2022 оны 05 сарын 08

0  |  0
Top