Гурван улсын үлгэр | 39 ДҮГЭЭР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-39 ДҮГЭЭР БҮЛЭГ

ЗИНЖОУ ХОТОД ГҮНЗ253 ГУРВАНТАА АРГА ГУЙСАН БӨВАН ХӨТӨЛД ЗЮНЬШИ254 АНХАН ЦЭРЭГ ХЭРЭГЛЭСЭН

253 Ноёны хүү

254 Цэргийн их багш

Өгүүлэх нь: Сүньцуань олныг авч Сякоуг байлдсанд Хуанзу цэрэг дарагдаж жанжин мөхөөд лав сахин чадахгүйг мэдэж даруй Зянсяг гээж Зинжоугийн зүг буруулан очив. Ганьнин Хуанзуг эрхгүй Зинжоугоор явахыг төсөөлөн мэдээд даруй зүүн хаалганы гадна цэрэг бүгүүлж хүлээв. Хуанзу хэдэн арван морьтонг авч зүүн хаалгыг шувтлан гараад хараахан явж байтал гэнэт нэгэн бүлэг хашхирах дуун дэгдэж Ганьнин хөндөлдөн тосож авсанд Хуанзу морин дээрээс Ганьнингийн зүг өгүүлрүүн: “Би анхнаас чамайг дэмий нимгэн аваачсангүй билээ. Эдүгээ юунд ийнхүү гачигдуулмуй!”. Ганьнин зандран өгүүлрүүн: “Би эрт өдөр Зянсяд байж олонтоо гавьяа байгуулсан бөгөөтөл чи харин ч намайг мөрнийг дээрэмлэх хулгайгаар үзэж дорд болгон аваачаад энэ өдөр одоо юуг хэлмүй!”. Хуанзу хэлтрэхүйеэ бэрхийг мэдээд морийг буцаан гэдрэг явахад Ганьнин цэргийн ардыг нэвтлэн гарч шууд нэхэн ирэв. Гэнэт сонсохул хойноос хашхирах дуу дэгдэж бас хэдэн морьтон нэхэн иржээ. Ганьнин нарийвчлан үзвээс харин Чэнпү ажгуу. Ганьнин Чэнпүг гавьяа булаахаар ирсэн болов уу хэмээн айж санд мэнд нумыг авч зэв онилон Хуанзугийн арын хойноос харван явуулсанд Хуанзу зэвд оногдож бие хөрвөн мориноос тонгорцоглон унасанд Ганьнин түүний тэргүүнийг огтлон авч Чэнпү лүгээ цэрэг нийлэн буцаж ирээд Сүньцуаньд учирч Хуанзугийн тэргүүнийг өргөсөнд Сүньцуань модон хайрцагт агуулж Зяндунд авч харьсан хойноо өнгөрсөн эцгийн ясны өмнө тахил тавиад олон цэрэгт хүндэд шагнан Ганьнинг дэвшүүлэн Дү Вэй түшмэл болгож цэрэг хуваан Зянсяг сахьсугай хэмээн зөвдөхөд Жанжао өгүүлрүүн: “Гагц хотыг сахиж болохгүй тул түр Зяндундаа буцахад үл хүрмүй. Любяо бидний Хуанзуг эвдсэнийг мэдвээс эрхгүй өшөө авахаар ирэх буй за. Бид амар цэргээр түүний яван зүдсэнийг нь хүлээн авбаас Любяо эрхгүй дийлэгдмүй. Любяо дийлэгдсэн хойно хүчийг тохиолдуулан байлдваас Зинсянг олж болмуй” хэмээсэнд Сүньцуанъ үгийг дагаж даруй Зянсяг гээгээд Зяндундээ цэрэг эгэв.

Тэндээс Сүфэй чингэлэг тэрэгний дотор байж нууцаар Ганьнинд хүн зарж амь аврахыг гуйж илгээсэнд Ганьнин өгүүлрүүн: “Сүфэй ийн хэлээгүй боловч би хэрхэн умартаж болмуй?” хэмээжээ. их цэрэг Үхуйгийн газар хүрч ирсэн хойно Сүньцуань цааз зарлаж Сүфэйгийн тэргүүнийг огтлон Хуанзугийн тэргүүн лүгээ хамтад тахил өргөтүгэй хэмээтэл Ганьнин даруй орж ирэн Сүньцуаньд учирч мөргөн ёслоод уйлан гуйж хэлрүүн: “Нин би Урьд өдөр хэрвээ Сүфэйгээс бус болбоос хэдийнэ мах, яс гуу сувагт булагдсан бөлгөө. Яахан жанжны тугийн дор хүчийг барин чадах аж? Эдүгээ Сүфэйгийн ял албаас зохих боловч Ганьнин би түүний эрт өдрийн ачийг бодож дуртайяа энэ түшмэл хэргэмийг эгүүлэн тушаагаад Сүфэйгийн ялыг зольсугай!” хэмээхэд Сүньцуань өгүүлрүүн: “Тэр авгай чамд ач хүргэсний тулд би авгай чиний тул хэлтрүүлсүгэй! Гагцхүү тэр хэрвээ дутаан одвоос яамуй?”. Ганьнин өгүүлрүүн: “Сүфэй алагдахаас олж хэлтэрвээс өршөөлд хариулах газаргүй байтал хэрхэн явах аж?! Хэрвээ Сүфэй орговоос Ганьнин би дуртайяа тэргүүнийг яндрын дор өргөсүгэй!” хэмээсэнд Сүньцуань даруй Сүфэйг хэлтрүүлээд гагц Хуанзугийн тэргүүнээр тахил тайв. Тавиглаж бараад хурим бэлтгэн бичиг цэргийн түшмэлийг ихэд хурааж гавьяаг баярлах хурим тавин хараахан уулцаж байтал суудал дээрээс нэгэн хүн ихэд уйлан гүйн босож сэлмийг сугалан авч шууд Ганьнингийн зүг цавчин иртэл Ганьнин яаран суусан сандлыг өргөн авч сэлмийг тосов. Сүньцуань цочиж тэр хүнийг үзвээс харин Линтун ажгуу. Юу хэмээвээс Ганьнин Зянсяд байх үе түүний эцэг Линцаог харван алсан бөлгөө. Энэ өдөр харилцан учраад тийнхүү өшөөгөө авъя хэмээжээ. Сүньцуань яаран хориглож зогсоогоод Линтунгийн зүг өгүүлрүүн: “Синба сайд танай эцгийг харван алсан нь тэр үе цөм тус бүр эзний төлөө тул чармайж хүчийг дуусгахгүй хэмээн үл болмуй. Эдүгээ нэгэнтээ нэгэн гэрийн хүн болсонд хэрхэн хуучин өшөөг дахин бодож болмуй? Түмэн хэрэг ч болов цөм миний нүүрийг үзэгтүн!” хэмээхэд Линтун мөргөн ихэд уйлан өгүүлрүүн: “Хамт нэгэн тэнгэрийг шүтэхгүй өшөөг яахин хариулахгүй болж болмуй”. Сүньцуань олон түшмэл лүгээ дахин давтан хориглоход Линтун гагцхүү хилэнгийн нүдээр Ганьнинийг хялайн хармуй. Сүньцуань мөн өдөр Ганьнинд таван мянган цэрэг, нэг зуун байлдах онгоц өгч Сякоуд одож дарангуйлан сахиад Линтунгаас түр зайлтугай хэмээн илгээв. Ганьнин хишигт мөргөн цэргийг авч шууд Сякоугийн зүг одов. Түүнээс Сүньцуань бас Линтунийг нэмж Чэнле Дүвэй түшмэл болгон өргөмжилсөнд Линтун гагцхүү хорслыг агуулсаар байв. Зүүн Ү улс үүнээс байлдах онгоцыг үлэмж үйлдэж цэрэг хуваан мөрний ам ба хөвөөг сахиулаад бас Сүньзинд нэгэн салааны цэрэг өгч Үхуйгийн газрыг сахиулав. Сүньцуань өөрийн биеэр их цэргийг дагуулан Чайсанд суужээ. Жоу Юй өөрөө По Янху тэнгист усан цэргийг боловсруулан сургаж байлдах дайлахад бэлтгэв. Үгийг хоёр тийш хуваасугай.

Тэндээс Сюаньдө элч зарж Зяндунгийн хэргийг чимээлэхээр илгээсэнд хойш мэдүүлрүүн: “Зүүн Ү улс нэгэнтээ Хуанзуг эвдлээд эдүгээ Чайсангийн газар цэрэг буужээ” хэмээсэнд Сюаньдө даруй Кунминийг залж ирэн арга зөвлөж хэлэлцэн байтал гэнэт Любяо хүн зарж Сюаньдөг залахаар ирээд Зинжоуд очиж хэрэг зөвлөсүгэй хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Энэ эрхгүй зүүн Ү улс Хуанзуг эвдсэн тул эзэн гүнийг залж өшөө авах аргыг зөвлөсүгэй хэмээмүй. Жугө Лян би эзэн гүн лүгээ хамт очиж зүй зохисыг үзэн хэрэг явуулбаас лав сайн бодлого баймуй”. Сюаньдө үгийг дагаж Юньчаныг үлдээн Синь Ег сахиулж Жанфэйд таван зуун морьт цэргийг өгч Сюаньдө дагуулан Зинжоуд ирэв. Сюаньдө морин дээрээс Кунмингийн зүг өгүүлрүүн: “Эдүгээ Зиншэнд учирваас яахин өчвөөс зохимуй?”. Кунмин өгүүлрүүн: “Урьд Сян Янгийн хэргийг хариулан тал хийтүгэй. Тэр хэрвээ эзэн гүнг Зяндунг дайлахаар оч хэмээвээс хэрхэвч хүлээн авч болохгүй. Гагц Синь Ед буцаж цэрэг морийг тэгшлэн засаж үзье хэмээгтүн!” хэмээхэд Сюаньдө үгийг дагаж Зинжоуд хүрч ирээд өртөөний гэрт буугаад Жанфэйг хотын гадна цэрэг морийг захируулан үлдээв.

Сюаньдө Кунмин лүгээ хотод орж Любяод золгон ёс хийж бараад яндрын дор ял хүлээхэд Любяо өгүүлрүүн: “Би мэргэн дүү таны хорлогдсон хэргийг бүрнээ мэдэж. Даруй Цаймаогийн тэргүүнийг авч мэргэн дүүд хүргэсүгэй хэмээхэд олон хүн хэлтрүүлэхийг гуйсны тул түр уучлав. Мэргэн дүү үл зэмлэх ажаам уу!”. Сюаньдө хэлрүүн: “Цай жанжинд хамаатай хэрэг бус. Бодвол цөм доорхи хүний үйлдсэн нь болой”. Любяо хэлрүүн: “Эдүгээ Зянсягийн газрыг сахихыг алдаж Хуанзу хорлогдсон тул тийнхүү мэргэн дүүг залж бүгдээр хариу авах аргыг зөвдсүгэй хэмээмүй”. Сюаньдө өгүүлрүүн: “Хуанзугийн зан догшин тул хүнийг хэрэглэж чадсангүй. Тийнхүү энэ мэт зовлон болжээ. Эдүгээ хэрвээ цэрэг байгуулж өмнөдийг дайлахаар очвоос Цаоцао хойноос ирэхүл одоо бас хэрхмүй?”. Любяо өгүүлрүүн: “Би эдүгээ нас хөгшрөөд өвчин үлэмж. Хэргийг шийтгэн чадахгүй болжээ. Мэргэн дүү чи ирж надад туслаад би үхсэн хойно дүү чи Зинжоугийн эзэн бологтун!” Сюаньдө өгүүлрүүн: “Ах юунд ийм үг гармуй! Любэй би ямар аймшиггүй энэ мэт хүнд тушаалыг хүлээж чадмуй?”. Кунмин нүдээр Сюаньдөг харахад Сюаньдө өгүүлрүүн: “Алгуураар сайн арга бодохыг хүлээмүй” хэмээгээд салах ёс хийж гарч ирээд бууц гэртээ буцаж харьсанд Кунмин өгүүлрүүн: “Зиншэн энэ өдөр Зинжоугоо эзэн гүнд өгсүгэй хэмээтэл юунд маргамуй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Зиншэн намайг туйлаар өршөөн харгалзсан тул яахан түүний зовиурыг тохиолдуулан булаан авахыг түвдмүй?”. Кунмин шагшин өгүүлрүүн: “Үнэхээр өршөөл нигүүлсэхүйт эзэн болой!” хэмээн хараахан хэлэлцэж байв.

Түүнээс гэнэт “Гүнз Люци золгохоор ирэв” хэмээсэнд Сюаньдө угтан оруулсан хойно Люци уйлан ёсолж хэлрүүн: “Хойд эх багтаахгүй тул амь бие гагц өглөө үдшид болжээ. Гуйх нь авга эцэг та хөөрхийлөн аваачиж амийг аврах ажаам уу!”. Сюаньдө өчрүүн: “Энэ нь мэргэн ачийн гэрийн хэрэг болой. Юунд надаас асуумуй?”. Кунмин жимсхийн инээв. Сюаньдө Кунмингаас арга эрэхэд Кунмин өгүүлрүүн: “Энэ нь гэрийн хэрэг тул Жугө Лян би аймшиггүй сонсож чадахгүй” хэмээв. Дэмий угтсангүй Сюаньдө Люциг үдэж гараад чихний дэргэд шивнэн өгүүлрүүн: “Ирэх өдөр би Кунминийг зарж мэргэн ач таньд хариу ёслохоор илгээе. Мэргэн ач та ийм тийм болбоос түүнд лав гайхамшигт арга байж хэлж өгөх буй за” хэмээсэнд Люци хишигт мөргөн очив. Дэд өдөр Сюаньдө гагц хэвлий өвдмүй хэмээн шалтаг хийж даруй Кунминийг залж орондоо Люцид хариу ёслохоор илгээсүгэй хэмээхэд Кунмин хүлээн аваад агийн үүдний өмнө хүрч мориноос буун түүнтэй уулзахаар орсонд, Гүнз залж дотоод танхимд оруулан цай өргөсөн хойно Люци өгүүлрүүн: “Люци би эдүгээ дараа эхэд багтаагдахгүй болсон тул завшаанаар ноён та нэгэн үг сургаж амийг аварна уу”. Кунмин хэлрүүн: “Жугө Лян би танай энд зочин болж суугаад ямар аймшиггүй хүний яс махны хэрэгт оролцмуй? Хэрвээ задарваас харин зовлон болох нь гүехэн үгүй” хэмээн хэлж бармагц босоод салах ёсыг хийхэд Люци өгүүлрүүн: “Гэрэлтүүлэн ирсэн хишгийг хүлээсний тулд ямар аймшиггүй осолдож явуулмуй” хэмээгээд Кунминийг гуйн үлдээж нарийн нууц гэрт залж оруулан архи өргөөд цугаар сууж уунам бөгөөд Люци бас өгүүлрүүн: “Хожмын эх багтаахгүй тул ноён та нэгэн үг зааж амийг аварна уу!”. Кунмин өгүүлрүүн: “Үүнийг Жугө Лян миний аймшиггүй хэлж болох нь бус болой” хэмээн хэлж бараад бас салж одсугай хэмээхэд Люци өгүүлрүүн: “Ноён та хэлэхгүй болбоос барав. Яахан даруй одъё хэмээмүй?”. Кунмин дахин асуусанд Люци өгүүлрүүн: “Люци надад нэгэн дэвтэр эртний бичиг буй. Ноён та нэгэн удаа үзнэ үү!” хэмээгээд Кунминийг дагуулан нэгэн бага асарт гарав. Кунмин асууруун: “Бичиг чинь хаана байна?” гэхэд Люци уйлан мөргөж өгүүлрүүн: “Хожмын эх намайг багтаахгүйд Люци миний амь эрт оройд болов. Ноён та яахин түвдэж нэгэн үг гаргаж амийг аврахгүй аж?”. Кунмин царай тавин босож асраас буусугай хэмээхүл үзвээс асрын шатыг нэгэнтээ зайлуулан аваачжээ. Люци гуйж өгүүлрүүн: “Люци би гэгээн зам заан өгөхийг гуйсанд ноён та үг задрах болуузай хэмээн хэлэхгүй бөлгөө. Энэ өдөр дээшид болбоос тэнгэрт хүрэхгүй, дорогшид болбоос газарт тулахгүй, ноён таны амнаас гарваас Люци миний чихэнд орох тул одоо заан сургаж болох буй за”. Кунмин өгүүлрүүн: “Сунжирсан255 хүн ойр төрлийг завсардуулах үгүй. Жугө Лян би яахин Гүнзийн төлөө хэлж болмуй”. Люци өгүүлрүүн: “Ноён эцэстээ Люци надад сурган өгөхгүй буюу? Люци миний амийг үнэнхүү батлан чадахгүй болсон тул даруй ноёны өмнө үхсүгэй” хэмээгээд зүүсэн илдийг сугалан авч аминдаа хор хийе гэтэл Кунмин зогсоож өгүүлрүүн: “Нэгэнтээ сайн арга олов” хэмээсэнд Люци ёслон өгүүлрүүн: “Мөн даруй сурган хайрлахыг хүсмүү!”. Кунмин хэлрүүн: “Гүнз та Шэньшэн болон Чун Арийн хэргийг256 сонссонгүй юу? Шэньшэн дотоодод байсан тул мөхөөд Чун Арь гадаадад байснаар амар болжээ. Эдүгээ Хуанзу шинэ үхэж Зянсягийн газрыг сахих хүнгүй баймуй. Гүнз та юунд эцэгтээ мэдүүлж цэрэг гуйгаад Зянсягийн газрыг сахихаар очихгүй буй? Ийм болбоос зовлонгоос зайлж болмуй”. Люци дахин давтан ёслон сургав хэмээн тал өгөөд хүн дуудан шат авчруулан Кунминийг хүргэж асраас буулгав. Кунмин салж учраад Сюаньдөд уулзаж тэдгээр хэргийг бүрнээр хэлсэнд Сюаньдө ихэд баярлав.

255 Үе аглага болох, садан төрлийн холбоо холдохыг сунжрах гэнэ.

256 Энэ хоёр хүн цөм Чүньцюгийн үеийн Зиньсянь гүнгийн хөвгүүн бөлгөө. Сянь гүн хайртай хатан Лизигийн хөвүүн Сициг Тайз болгох санаатай байжээ. Лизи хатан Шэньшэн, Чун Арь хоёулыг ховлон гүтгэж хөнөөх гэсэнд Шэньшэн нь хавчигдан хяхагдаж биеэ хорлосон бөгөөд Чун Арь нь улсаасаа оргон зайлсан тул үхлээс хэлтэрсэн байжээ.

Тэндээс дэд өдөр Люци эцэгтээ мэдүүлж “Зянсяг сахихаар очъё!” хэмээхэд Любяо татгалзаж таслан чадахгүй тул Сюаньдөг залж ирэн бүгдээр зөвдөхөд Сюаньдө өгүүлрүүн: “Зянся хүнд чухал газар тул үнэхээр бусад хүн сахиваас болох нь үгүй. Чухам Гүнз биеэр очих хэрэгтэй. Зүүн өмнөдийн хэргийг ах та эцэг хөвгүүн хүлээж, баруун хойдын хэргийг Любэй би даахыг хүсмү”. Любяо хэлрүүн: “Эдүгээ сонсохул: Цаоцао Езюньгийн газарт “Сюань Ү” нэрт нуур үйлдэж, усан цэргийг боловсруулан баймуй хэмээмүй. Лав өмнөдийг дайлах санаа баймуй. Сэжиглэхгүй болбоос үл болмуй”. Сюаньдө өгүүлрүүн: “Любэй би хэдийнэ мэдэв. Ах та бүү зовнигтун!” хэмээн даруй ёслон салж Синь Едээ буцаж ирсэн хойно Любяо, Гүнз Люцид гурван мянган цэрэг өгч Зянсяг сахиулахаар илгээв.

Тэндээс Цаоцао гурван гүнгийн тушаалыг байж, өөрөө Чансангийн хэргийг хавсран Маозег Дунцао Юань түшмэл болгоод Цуй Янийг Сицао Юань түшмэл болгож Сыма Иг Вэньсюэ Юань түшмэл болгов. Сыма Игийн өргөсөн нэр Жунда, Хөнэйгийн Вэнь газрын хүмүүн, Еньчуаньгийн тайшоу түшмэл Сыма Зюньгийн ач, Зинжаогийн мэдэгч Сыма Фангийн хөвгүүн Жубу түшмэл Сыма Лангийн дүү болой. Үүнээс бичгийн сайдууд ихэд бүрдэж даруй цэргийн жанжин нарыг хуруулан өмнөдийг дайлах учрыг зөвдөхөд Ся Хоудүнь дэвшин өгүүлрүүн: “Өнөөхөн сонсвоос Любэй Синь Ед байж өдөр бүр цэрэг морийг боловсруулан сургаж буй хэмээмүй. Хойно эрхгүй зовлон болох тул эртнээс бодоход хүрэхгүй”. Цаоцао даруй Ся Хоудүнийг Дүдү болгож Юйзинь, Лидянь, Ся Хоулань, Ханьхао нарыг дэс жанжин болгон арван түмэн цэрэг өгч шууд Бөван хотод тулж Синь Ег харуулахаар илгээхэд Сюнь Юй ятгаж хэлрүүн: “Любэй аруухан баатар. Дээр эдүгээ мөн Жугө Лян хавсран цэргийн багш болсон тул хөнгөнөөр дайлж үл болмуй”. Ся Хоудүнь өгүүлрүүн: “Любэй хулганы мэт ард болой. Би лав барьж ирсүгэй!”. Сюйшу өгүүлрүүн: “Жанжин чи Лю Сюаньдөг бүү хөнгөнөөр үз. Эдүгээ Сюаньдө Жугө Ляныг олж туслуулсан нь барсад жигүүр ургасан мэт болжээ”. Цаоцао асууруун: “Жугө Лян гэгч ямар хүн болой?” Сюйшу өгүүлрүүн: “Жугө Лянгийн өргөсөн нэр Кунмин, бумбын цол Волун ноён хэмээмүй. Тэнгэрийг эвлэх, газрыг эелэхийн эрдэм байж чөтгөрийг гаргах, хувилгааныг оруулахын арга баймуй. Үнэнээр эдүгээх үеийн гайхамшигтай эрдэмтэн болой. Багаар үзэж болох нь бус” хэмээсэнд Цаоцао өгүүлрүүн: “Гүн чамд адилтгаваас ямар?”. Сюйшу өгүүлрүүн: “Сюйшу би ямар аюулгүй Жугө Лян лугаа адилтгамуй? Сюйшу би галт хорхойн гэрэл мэт Жугө Лян саруул сарны гэгээ адил болой”. Ся Хоудүнь өгүүлрүүн: “Юаньжигийн257 үг ташаарчээ. Би Жугө Ляныг үзвээс өвс шарилж мэт ямар эмээх газар буй аж! Би хэрвээ нэгэн удаад Любэйг амьдаар эс барин Жугө Ляныг амьсгалтайгаар баримтлан ирэхгүй болбоос дуртайяа тэргүүнийг огтлон Чансангийн өмнө өргөсүгэй”. Цаоцао өгүүлрүүн: “Чи эртхэн дийлсэн баярын чимээг мэдүүлэхээр ирээд миний сэтгэлийг тайтгаруултугай”. Ся Хоудүнь шаламгайлан босож Цаоцаогаас салан цэрэг авч мордон гарав.

257 Юаньжи гэдэг нь Сюйшугийн өргөсөн нэр.

Тэндээс Сюаньдө Кунминийг олсноос хойш цөм багшийн ёсоор хүндлэхэд Гуань, Жан хоёул таалахгүй өгүүлрүүн: “Кунмингийн нас залуу тул ямар эрдэм суртал байх аж? Ах түүнийг даанч хэтэрхий хүндэлмүй! бас түүний үнэн худлын тусыг үзээгүй!” хэмээхэд Сюаньдө хэлрүүн: “Би Кунминийг олсон нь загас усыг олсон мэт болой. Хоёр дүү дахин битгий үлэмж өгүүлэгтүн!”. Гуань, Жан хоёул үүнийг сонсоод дуугүйгээр эгэв. Нэгэн өдөр хүн улаан сарлаг үхэр хүргэж ирсэнд Сюаньдө үхрийн сүүлийг огтлон авч өөрөө малгай сүлжтэл Кунмин орж ирэн үзээд царайг төв болгон өгүүлрүүн: “Гэгээн гүн хол бодлогыг бодохгүй гагц энэ үйлийг хичээн үйлдэх буй уу?” хэмээсэнд Сюаньдө малгайг газарт орхин талархан өгүүлрүүн: “Би түр үүгээр зовнихыг умартуулсан бөлгөө”. Кунмин өгүүлрүүн: “Гэгээн гүн биеэ Цаоцао лугаа адилтгаваас ямар?”. Сюаньдө хэлрүүн: “Хүрэхгүй болой”. Кунмин өгүүлрүүн: “Гэгээн гүнгийн ардын олон нь хэдэн мянган хүнээс давахгүй. Хэрвээ Цаоцаогийн цэрэг хүрч ирвээс юугаар угтмуй?”. Сюаньдө хэлрүүн “Би хараахан зовниж сайн арга олохгүй баймуй” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Даруй түргэн ардын цэргийг элсэж цуглуулагтун! Жугө Лян би биеэр сургаваас дайныг тулж болмуй” хэмээв.

Түүнээс Сюаньдө даруй Синь Егийн иргэнийг элсэж гурван мянган хүн олсон тул Кунмин өглөө үдэш жагсаалын аргыг боловсруулан сургаж атал гэнэт хүн мэдүүлрүүн: “Цаоцао Ся Хоудүнийг зарж арван түмэн цэрэг дагуулан Синь Егийн зүг алахаар ирэв” хэмээв.

Жанфэй үүнийг сонсоод Юньчангийн зүг өгүүлрүүн: “Одоо тэр Кунминийг илгээж дайныг угтуулбаас барав” хэмээн хараахан хэлэлцэн байтал Сюаньдө хоёр хүнийг дуудан оруулж тэдний зүг өгүүлрүүн: “Ся Хоудүнь цэрэг авч ирсэн тул яахан дайсныг угтваас сайн?” хэмээхэд Жанфэй өгүүлрүүн: “Ах та юунд усаа илгээхгүй буй?”. Сюаньдө өгүүлрүүн: “Ухааныг болбоос Кунминд итгэвч, баатрыг болбоос хоёр дүү та хэрэгтэй. Юунд түлхэн шалтаглаж болмуй?” хэмээв. Гуань, Жан гарсан хойно Сюаньдө Кунминийг залж зөвлөхөд Кунмин хэлрүүн: “Гагцхүү Гуань, Жан хоёул миний зарлал цаазыг сонсохгүйгээс болгоомжилмуй. Эзэн гүн хэрвээ Жугө Лян намайг цэрэг явуултугай хэмээвээс тамга, сэлмээ зээлэн өгөх ажааму!” гэсэнд Сюаньдө даруй тамга, сэлмээ Кунминд тушаан өгөв. Кунмин даруй олон жанжин нарыг цуглуулж “Цаазыг сонстугай!” хэмээхэд Жанфэй, Юньчангийн зүг өгүүлрүүн: “Бид түр түүний зарлал цаазыг сонсохоор очиж түүний яахан улируулан явуулахыг үзье!” хэмээжээ. Кунмин зарлан өгүүлрүүн: “Бөвангийн зүүнд нэгэн уул буй. Нэрийг Юйшань уул хэмээмүй. Баруунд нэгэн шугуй буй нэрийг Аньлинь хэмээмүй. Түүнд цэрэг бүгж болмуй. Юньчан таны бие даруй нэгэн мянган цэрэг авч Юйшаньд бүгэхээр од! Дайсны цэрэг хүрч ирсэн хойно тавьж илгээ, битгий байлдагтун! Түүний хөсөг тэрэг амуу өвс эрхгүй хойно баймуй. Гагцхүү өмнө биед гал дэгдсэнийг олж үзмэгц цэргээ авч тосон байлдаад түүний амуу өвсийг шатаагтун! Идө мөн нэгэн мянган цэрэг авч Аньлиньгийн хойд уулын завд бүгэгтүн! Гагцхүү өмнөд биед гал дэгдэхийг үзээд даруй цэргээ аван гарч бөван хотын хуучин амуу, өвс хурааж байх газарт гал тавин шатаагтун! Гуаньпин, Люфэн та хоёул таван зуун цэргийг авч гал ноцоох юмыг бэлтгэн бөван хөтлийн хойд хоёр талд хүлээгтүн! Анх жингийн үе цэрэг хүрч ирвээс даруй гарч гал тавьтугай!”. Бас Фаньчэн хотоос Жао Юнийг дуудан ирүүлж өмнөд цэрэг болгон “Дийлж болохгүй гагц дийлэгдэгтүн!” хэмээн тушаав. “Эзэн гүн өөрийн бие нэгэн салааны цэрэг авч хойно өмөглөж тус тусдаа аргын ёсоор яв! Бүү алдагтун!” хэмээсэнд Юньчан асууруун: “Бид цөм гарч дайсныг угтахаар одмуй. Гагц цэргийн багш ямар хэрэг хийхийг эс мэдэв?” хэмээхэд Кунмин хэлрүүн: “Би гагцхүү сууж энэ хотыг сахимуй”. Жанфэй ихэд инээн өгүүлрүүн: “Бид нар цөм алалдмуй. Чи харин гэрт амар сууж жаргамуй уу?”. Кунмин өгүүлрүүн: “Тамга, сэлэм энд буй. Цаазаас зөрчвөөс цавчмуй за!”. Сюаньдө өгүүлрүүн: “Хөшиг замын дотроос улируулан бодож мянган газрын гадаадад тас тайлмуй хэмээснийг сонссонгүй үү? Хоёр дүү та бас цаазаас зөрчиж болохгүй” хэмээсэнд Жанфэй жихүүнээр инээсээр одов. Юньчан өгүүлрүүн: “Бид түр түүний явуулсан арга тохиолдох ба үгүйг үзээд ирж түүнээс асуухад хожимдохгүй” хэмээн хоёул очив. Олон жанжин нар цөм Кунмингийн арга бодлогыг мэдэхгүй тул эдүгээ хэдий цаазыг сонсов хэмээвч харин цөм сэжиглэн гайхаж тогтворгүй буй амуй. Кунмин Сюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Эзэн гүн энэ өдөр даруй цэрэг авч Бө Ваншань уулын дор сууж байтал ирэх өдрийн харанхуй болох үед дайсны цэрэг эрхгүй хүрч ирэх тул эзэн гүн даруй хүрээг гээж явагтун! Гагц гал дэгдэхийг үзвээс цэргийг эгүүлж даруй алтугай! Жугө Лян би Мижү, Мифан нар лугаа таван зуун цэрэг авч сумыг сахин сууж Сүньцянь, Зянь Юн нараар дийлсэн баярын хуримын ширээг бэлтгүүлэн, гавьяа зүтгэлийг тэмдэглэх данс дэвтрийг жагсаан хүлээлгэсүгэй!” хэмээн томилон явуулж барсан хойно Сюаньдө сэжиглэн гайхав.

Тэндээс Ся Хоудүнь, Юйзинь лугаа цэрэг авч Бөванд хүрч ирээд нэгэн хагас шилдэг цэргийг хуваан өмнөд анги болгож үлснээр цөм хөсөг тэргийг хамгаалан явуулав. Тэр үе хараахан намрын сар тул сэрчигнэх салхинд хүн морь түргэвчлэн урагш яван атал үзвээс өмнөд биед тоос шороо гэнэт дэгдэв. Ся Хоудүнь цэрэг морийг жагсаан газарч түшмэлээс асууруун: “Энэ ямар газар буй?”. Өчрүүн: “Өмнөд бие даруй Бө ван по хөтөл болой. Хойд биеийг Луо Чюаньхоу хэмээмүй”. Ся Хоудүнь бээр Юйзинь, Лидяньгаар жагсаалын өнцгийг захируулан өөрийн биеэр жагсаалын өмнө морилон гарч холоос ирэх цэрэг морийг үзээд гэнэт ихэд инээв. Олон хүн “Жанжин та ямар учирт инээв?” хэмээн асуусанд Ся Хоудүнь өгүүлрүүн: “Миний инээх нь Сюй Юаньжи Чансангийн өмнө Жугө Ляныг тэнгэрийн хүн болгон магтжээ. Эдүгээ түүний цэрэг хэрэглэхийг үзэхүл даруй энэ зэргийн цэрэг мориор өмнөд хошууч болгож мань лугаа эсэргүүцүүлэх нь төв хэмээн нохой, хонийг хөөж барс ирвэс лугаа хэрэлдүүлэх мэт биш үү!

Би Чансангийн өмнө бардам үг хэлж Любэй, Жугө Лянъг амьдаар барья хэмээсэн нь эдүгээ эрхгүй миний хэлсэн үгэнд нийлэх буй” хэмээгээд морь довтолгон урагш ороход Жао Юнь морь унаж гарч ирсэнд Ся Хоудүнь хараан хэлрүүн: “Танай зэргийн ард Любэйг дагах нь өнчин сүнс чөтгөрийг дагасан адил бөлгөө”. Жао Юнь ихэд хилэгнэн байлдахаар ирж хоёр морь харилцан зөрөлдөн хэдэн удаа болсонгүй Жао Юнь хуурмагаар буруулан явахад Ся Хоудүнь хойноос нэхэн ирэв. Жао Юнь арван хэдэн газар явж морийг эгүүлэн бас байлдаж хэдэн удаа зөрөлдсөнгүй бас дутаав. Ханьхао морио ташуурдан урагш орж ятган өгүүлрүүн: “Жао Юнь тийнхүү өдөөх нь цэрэг бүгж байх магад” хэмээхэд Ся Хоудүнь өгүүлрүүн: “Дайсны этгээдийн цэрэг энэ мэт тул хэдий арван зүгт бүгэв хэмээн би юунд эмээх газар буй амуй?” хэмээгээд даруй Ханьхаогийн үгийг авахгүйгээр шууд нэхсээр Бө Ван по хөтөлд хүрч ирсэнд буун дуу гармагц Сюаньдө биеэр цэрэг авч шувтлан ирж өмөглөн байлдахад Ся Хоудүнь инээн Ханьхаогийн зүг өгүүлрүүн: “Энэ мөн бүгсэн цэрэг буюу. Би энэ үдэш Синь Ед орохгүй болбоос амалдаж цэрэг зогсохгүй!” хэмээгээд цэргийг шаардуулж урагш орохуйяа Сюаньдө, Жао Юнь хойш ухран явжээ. Тэр үед тэнгэр нэгэнт орой болж хар үүл давхарлан бүрхээд бас сарны туяагүйн дээр өдрийн дэгдсэн салхи шөнө болоход улам их болжээ. Ся Хоудүнь гагцхүү цэргийг шаардуулан нэхэж алахыг бодмуй. Юйзинь, Лидянь нар нэхсээр нарийн хавцал газар хүрсэнд хоёр талд цөм хулс өвс болжээ. Лидянь Юйзиньгийн зүг өгүүлрүүн: “Дайсныг дарлагсад эрхгүй дийлэгдмүй хэмээжээ. Өмнөд бие зам хавцал, уул гол харилцан алс болж өвс мод нягт зузаан болсон тул тэр хэрвээ галаар байлдваас хэрхмүй?” Юйзинь өгүүлрүүн: “Авгайн үг мөн болой. Би урагш очиж дүдүд хэлье. Авгай чи хойдох цэргийг хориглон зогсоогтун!” хэмээсэнд Лидянь даруй морийг татан буцааж их дуугаар “Хойнох цэрэг алгуур яв!” хэмээн бархиравч хүн морь цөм явсаар халмагшсан тул яахан зогсоон чадмуй? Юйзинь гэнэт морийг довтолгон ихэд бархиран өгүүлрүүн: “Өмнөд цэргийн Дүдү түр орохыг зогс!” хэмээсэнд Ся Хоудүнь хараахан явж байтал үзвээс Юйзинь хойд цэргээс довтлон ирмүй. “Даруй ямар учир болов?” хэмээн асуухад Юйзинь өгүүлрүүн: “Өмнөдөд зам хавцал, уул гол харилцан алс болж өвс мод нягт зузаан болсон тул галаар байлдахыг сэргийлбээс зохимуй”. Ся Хоудүнь гэнэтхэн ухаж даруй морийг буцуулан цэрэг морийг “Бүү урагш ор!” хэмээн үг хэлж барахын урьд гэнэтхэн сонсохул арын хойноос хашхирах дуу дэгдээд хэдийнэ нэгэн бүлэг галын гэрэл гарч үзэгдэв. Түүний хойно хоёр талын хулсан өвс бас шатагдаж агшин зуур дөрвөн зүг найман зовхисоос цөм гал гарчээ. Бас салхи ихэд тохиолдсон тул галын хүч улам сүрхий болж Цао овогтын хүн морь өөр зуураа гишгэлдэн үхсэнийг тооловч барахгүй. Жао Юнь цэргийг эгүүлэн нэхэн алахаар ирэхэд Ся Хоудүнь гал утаанд шургалан одов. Түүнээс Лидянь байдал муу болсныг үзээд яаран Бөван Чэн хотод буцан иртэл галын гэрлийн дундаас нэгэн жанжин гарч очих замыг хөндөлджээ. Тэргүүлсэн жанжин нь Гуань Юньчан болой, Лидянь морийг тавин хутган байлдаж зам булаан явав. Юйзинь амуу өвсний тэрэг цөм галд шатагдсаныг үзээд даруй бага замыг эрэн дутааж одов. Ся Хоулань, Ханьхао нар амуу хүнсний тэргийг туслахаар ирэхэд төв хэмээн Жанфэйд учирч хэдэн удаа байлдсан ч үгүй Жанфэй нэгэн жадаар Ся Хоуланийг жадлан мориноос унагатал Ханьхао зам мултран гарч очив. Шууд алалдсаар тэнгэр гэгээрсний хойно сая цэрэг хурааж эгэв. Алагдсан яс нь талд нийдэм дүүрээд цус нь гол болон урсжээ. Ся Хоудүнь үлдсэн цэргээ хурааж Сюйчандаа эгэв.

Хожмын хүний шүлгийн үг:

“Бөвангийн байлдаанд галын эрдэм хэрэглэхүйеэ

Бүх цэргийг удирдахад алга хөрвүүлэх мэт хялбар

Оморхог Цао гүнгийн цөсийг хэмхрүүлсэн нь

Улалжин гэрээс гарсны анхан түрүүхний гавьяа”

Тэндээс Кунмин цэрэг хураахад Гуань, Жан хоёул харилцан өгүүлрүүн: “Кунмин үнэхээр эрэлхэг эрдэмтэн аж!” хэмээн хэлэлцсээр хэдэн газар явсангүй нүд өргөж үзвээс Мижү, Мифан цэрэг дагуулж нэгэн бага тэргийг түлхэн ирмүй. Тэрэгний дунд нэгэн хүн тэгш суусан нь харин Кунмин болой. Гуань, Жан мориноос бууж тэрэгний өмнө мэхийн ёслов. Удсангүй Сюаньдө Жао Юнь, Люфэнь, Гуаньпингийн зэрэг цөм хүрч иржээ. Олон цэргийг хураамжлан цуглуулж олсон амуу өвс ачаа хөсөг зэргийг жанжин цэрэгт хуваан шагнаад цэрэг эгж Синь Едээ харьсанд Синь Егийн зуун овогт тоосны зүг замыг халхалтал сөгдөж угтаад өгүүлрүүн: “Ард бид нарын амар амьдрах нь цөм Лю мужийн захирагч эрдэмтэн хүнийг олсны хүч болой” хэмээв. Кунмин гацаандаа эгж ирээд Сюаньдөгийн зүг өгүүлрүүн: “Ся Хоудүнь хэдий дийлэгдэн очивч Цаоцао өөрийн биеэр эрхгүй их цэрэг авч ирэх буй за”. Сюаньдо асууруун: “Ийм болбоос одоо хэрхмүй?”. Кунмин хэлрүүн: “Жугө Лян надад нэгэн арга буй. Цаоцаогийн цэргийг тулбаас болмуй” хэмээв. Энэ чухамхүү:

“Дайсныг эвдсэн байлдааны морийг амуулж чадаагүйгээр

Дайлалдах цэргээс зайлахад лав бас мэргэн бодлогод итгэмүй”

Эгнэгт ямар аргыг мэдэхгүй доор бүлэгт үзтүгэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top