Татварын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зарлалаа. Гол зорилго нь татварын албанаас хүүхэд залууст татварын боловсрол олгох, татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжид татварын хууль тогтоомжийн өөрчлөлт шинэчлэлийг сурталчлан таниулах, татвар төлөгчдөдөө талархах, сурталчлах чиглэлээр жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай холбоотой байв.
Энэ жилийн татвар төлөгчдийн өдрүүдийг “Та Баялаг бүтээгч” уриан доор 23 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Өнөө жил ажил хөдөлмөр эрхэлж, баялаг бүтээж байгаа иргэн бүртээ И-баримтын системээр дамжуулан цахим талархлыг хүргүүлснээр “Татвар төлөгчдийн өдрүүд” эхэлж байгаа аж. ТЕГ, Нийслэлийн татварын газар, аймаг, дүүргийн татварын хэлтсээс энэ долоо хоногийн турш тухайн орон нутагтаа танхимын болон цахим сургалтыг хуваарийн дагуу зохион байгуулах, татвар төлөгчдийн санал хүсэлтийг сонсох уулзалтыг цахимаар болон танхимаар зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөсөн гэнэ. Хэвлэлийн бага хурлын үеэр Татварын Ерөнхий газрын дарга Б.Заяабал сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
-Цар тахлын үед татварын хөнгөлөлт аж ахуй нэгжүүдэд хэр үзүүлэв?
-Нийт дүнгээрээ АНОАТ, НӨАТ, ХХОАТ гэх мэтчилэн албан татваруудад хөнгөлөлт чөлөөлөлтүүд олгогдсон байгаа. Нийтдээ 570 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт цар тахлын өнгөрсөн хугацаанд аж ахуй нэгжид олгогдсон байдаг.
-ТЕГ-аас шилдэг татвар төлөгчдийг жил бүр зарладаг. Энэ жилийн хувьд ямар аж ахуй нэгжүүд шалгарсан бэ?
-“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн өөр нэг зорилго нь татвар төлөгчдөө сурталчлах юм. Энэ зорилгын хүрээнд жил бүр шилдэг татвар төлөгчдийг шалгаруулж, хэвлэл мэдээллээр сурталчилж, алдаршуулдаг. Монголын татварын алба нь 2020 оноос үйлчилгээндээ сегментийн бодлого нэвтрүүлсэн бөгөөд орлогоор нь том, дунд, жижиг, бичил гэсэн дөрвөн ангилалд хуваасан. Энэхүү ангилал тус бүрээс 10 шилдэг татвар төлөгчийг шалгарууллаа. Шилдэг татвар төлөгчийг шалгаруулахдаа дан ганц татвар төлөлт бус хуулийн хугацаандаа тайлангаа илгээж, татвараа төлдөг зэрэг татварын хуулиа хамгийн сайн хэрэгжүүлсэн татвар төлөгчдийг шалгарууллаа. Татварын шинэ хууль 2020 оны нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжиж эхэлснээс хойш татвар төлөгчдийг ялгаатай авч үздэг болсон. Өөрөөр хэлбэл, аавыг нь хүүхдээс нь ялгаатай авч үзэж байна гэсэн үг. Аавынх хувцас хүүхдэд нь таарахгүй, хүүхдийнх нь хувцас аавд нь таарахгүйтэй адил том аж ахуй нэгжүүд, бичил аж ахуйн нэгжүүд, дунд аж ахуй нэгжүүд, жижиг аж ахуйн нэгжүүд гэж дөрөв ангилж, тус бүрд нь тохирсон татварын үйлчилгээг үзүүлдэг болсон. Үүний үр дүнд үндсэндээ татвар төлөгчдийн 97 хувь нь нэг хувийн татварын системд орсон.
Ингээд том ангиллын шилдэг татвар төлөгчдөөсөө эхлээд танилцуулаад явъя. Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжийн жагсаалтыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ 860 тэрбум төгрөг татварт төвлөрүүлснээр тэргүүлжээ. Ингээд Оюутолгой ХХК, ХААН банк ХХК, Эрдэнэставан толгой ХК, Болдтөмөр ерөө гол ХХК, Голомтбанк ХХК, Энержиресурс ХХК, Монголын алт МАК ХХК, Монголросцветмет ХХК, Юнител ХХК нар шилдэг татвар төлөгчөөр шалгарсан байна. Харин дунд ангиллын шилдэг татвар төлөгч аж ахуй нэгж гэдэг нь жилийн 3-20 тэрбум төгрөг хүртэлх борлуулалт хийдэг, зах зээлд байр сууриа эзэлсэн аж ахуйн нэгжүүдийг багтаагаад байгаа юм. Энэ дундаас Юни трансмишн нэтворк ХХК, Мастер тайм ХХК, Монголфарм ХХК, Дижитал сэйлс чаннел ХХК, Сэйлэс энд сервис ХХК, БСБ корпорэйшн ХХК, Монкабель системс ХХК, Ай Эм трейдинг ХХК, Грийн катеринг сервисес ХХК, Говькараван ХХК нар шилдэг татвар төлөгчөөр шалгарчээ. -Үлдсэн хоёр ангилалд багтсан аж ахуй нэгжүүдээ нэрлэвэл? -Жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс дээш гурван тэрбум төгрөг хүртэлх ийм аж ахуйн нэгжүүдийг жижиг аж ахуйн нэгжийн ангилалд багтаасан. Энэ дундаас шилдэг татвар төлөгчөөр Ньюсэнтюри ложистик ХХК, Их мөнх наран ХХК, Татаххүч ХХК, Ханлаб ХХК, Укрэлектромонтаж ХХК, ХҮННҮ ХХК, Скай сервисес ХХК, Тригтек ХХК, Пи Кэй Эф интегрейтед финансиал сервис ТМЗ ХХК, Ганвор ХХК шалгарчээ. Харин дөрөв дэх буюу бичил ангилалд жилийн борлуулалтын орлого нь 50 сая төгрөгөөс бага борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд багтдаг. Жилдээ нэг удаа татварын тайланг нэг хувиар өгдөг ийм аж ахуйн нэгжүүд байгаа. Энэ дундаас шилдэг татвар төлөгчөөр Эй энд Би инженеринг ХХК, ТТК ХХК, Алтайхангай бүрд ХХК, Эм Си Пи Си ХХК, Праймери гео ХХК, Жэмр ХХК, Бэстграцнд Сүрвэй ХХК, Хулан моторс ХХК, Качфлов энержи ХХК, Ачид-Орг ХХК тус, тус шалгарсан байна. Аж ахуйн нэгжүүдээ ингэж дөрөв хувааж ангилж байгаагийн гол зорилго нь жижиг компаниудаа татварын хуулиар дэмжиж, үйл ажиллагааг нь томруулахад чиглэгдэж байгаа юм.
-Иргэдийн орон сууц худалдан авалт болон сургалтын төлбөрийн буцаан олголт хэзээнээс орж эхлэх вэ?
-ХХОАТ-ын хуулийн дагуу хамгийн их хөнгөлөлт чөлөөлөлт, буцаан олголт явагддаг. Хуулиараа хоёрдугаар улиралд олгох ёстой. Гэхдээ орон нутгийн төсвөөс олгодог. Нийслэлийн хэмжээнд өнөөдрөөс /өчигдрөөс/ орж эхэлнэ.
-НӨАТ-ын 10 хувийг бууруулах боломжтой юу. Та ТЕГ-ын удирдлагын хувьд ямар тайлбар хийх вэ?
-Олон улсын жишигт бага НӨАТ-тай орон буюу 10 хувиас дооших, 10-20 хувийн дунд татвартай орнууд, 20-оос дээш хувийн их татвартай орнуудаар авч үзсэн судалгааны ажлууд байдаг. Эндээс авч үзвэл Монгол Улс бага татварын хувь хэмжээтэй орон. НӨАТ-ын татварыг хамгийн сүүлд төлдөг хүн нь хэрэглэгч буюу талх худалдан авч байгаа иргэн юм. Одоогийн хуулиар хоёр хувийг буцааж олгодог. Өөрөөр хэлбэл, найман хувийн буцаан олголттой орон гэсэн үг. Олон улсын судалгаагаар хамгийн бага НӨАТ-тай орны ангилалд Монгол Улс багтаж байгаа юм. Япон бол 2020 онд найман хувийн НӨАТ-тай байж байгаад 10 хувь болгож нэмсэн. Шри-Ланк улсыг судлаад үзээрэй. Тус улсын хувьд 14 хувийн НӨАТ-тай байж байгаад зургаан хувь болгож буулгаад дараа нь найман хувь болгосон байдаг. Үүнтэй холбоотойгоор төсвийн орлого нь тасарч, төр нь дампуурлаа зарлаж байх жишээтэй. Гэх мэтчилэн НӨАТ-ын хуулийн хувь хэмжээ хөдлөхийн цаана улс орны тусгаар тогтнол, эрх ашгийн асуудал байдаг учраас энэ асуудал дээр бодлогын хувьд зөв хандах зайлшгүй шаардлагатай.
-НӨАТ-ын сугалааг зогсоох тухай яриа гарч эхэлсэн. Энэ талаар?
-Сангийн сайд үүрэг өгсөн. Сугалааг болих шийдвэр гарсан. Гэхдээ урт биш түр хугацааных юм. Сугалааг яаж зохион байгуулбал олон нийтэд хүрэхүйц байх талаар судлаад, эргэж танилцуул гэдэг үүрэгтэй түр хугацаагаар НӨАТ-ын сугалааг зогсоосон байгаа. Сангийн яамтай хамтран ажиллаж, бусад орны жишгийг судалж байна. Энэ оны 12 дугаар сард багтаж танилцуулан, сугалааны дараагийн хувилбарыг явуулахаар бодлогын хувьд төлөвлөж байна.
-Түр хугацаанд гэдгийг тодруулахгүй юу?
-Энэ жилдээ багтааж, сугалааны хувилбарыг шийднэ гэсэн үг.
-Цаг үеийн нөхцөл байдлын улмаас татварын өрөнд орчихсон байгаа ААН-үүдэд татвараас хөнгөлөх чөлөөлөх арга хэмжээ авах уу?
-Татвар төлөгч нь Татварын хуулийн дагуу хуулиар ногдох албан татвараа өөрөө томьёолоод, татварын албанд тайлагнадаг. Энэ хүрээнд 3.4 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний татварын өр Татварын албанд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд цугларсан. Татварын алба хяналт шалгалтын журмаар өр тавиад, энэ хэмжээнд нэмэгдүүлсэн зүйл байхгүй.Тайлагналын хувьд авч үзвэл 2020 онд 135.252 татвар төлөгч тайлан ирүүлсэн. Үүнээс X буюу үйл ажиллагаа явуулаагүй тайлан 68.500, алдагдалтай тайлан 20.559, ашигтай буюу үйл ажиллагаа явуулсан 35.425 компани байна. Харин 2021 оны байдлаар 142.600 татвар төлөгч тайлан ирүүлсэн. Үүнээс Х тайлантай 71 мянга, алдагдалтай тайлан ирүүлсэн компанийн тоо буурч, 20.152, ашигтай үйл ажиллагаа явуулсан нь 45.352 болж өнгөрсөн жилээс даруй 10 мянган компаниар нэмэгдсэн. Монгол Улсад 230 орчим мянган хуулийн этгээд бүртгэлтэй байдаг. Үүнээс үйл ажиллагаа огт явуулаагүй, сүүлийн гурваас дээш жил тайлан ирүүлээгүй 60 орчим мянган компани буюу чанаргүй хуулийн этгээд бий. Эдгээр компанийг татан буулгах асуудлаар УБЕГ, Сангийн яамтай хамтран ажиллаж судалгаа хийж байна. Зах зээл дээр жилдээ 10-15 мянган хуулийн этгээд нэмэгддэг байгаа.
-Монгол Улс татварын хэр дарамттай орон бэ?
-Татварын дарамттай холбоотой асуудал яригддаг. Ер нь нэг ийм ойлголт байдаг. Тодруулбал, 25 хувиас доош бол бага, 25-35 хувь бол дунд, 35 хувиас дээш бол татварын их дарамттай гэж үздэг. Энэ төрлийн судалгаанууд ч бий. Монгол Улсын хувьд 24 хувийн татварын ачаалалтай орон гэсэн судалгаа 2019 онд гарч байсан. Тэр үед манай ААНОАТ нь 10 хувь, 25 хувь гэсэн хоёр шатлалтай байсан. Харин 2020 оны нэгдүгээр сарын нэгнээс нийт татварын төлөгчийн 97 хувь нь нэг хувийн татвартаа орчихсон байгаа. Үүнтэй холбоотойгоор сүүлд хийсэн судалгаагаар манай татварын дарамт 21.2 хувь болсон.
-Цар тахалтай холбоотойгоор олон аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаа царцсан байгаа. Тэдэнд татварын бодлогоор дэмжлэг үзүүлэх үү?
-Тэг зогсолт хийсэн зарим салбарын аж ахуй нэгжийг дэмжиж ажиллаж байгаа. Гэхдээ хөнгөлөлт чөлөөлөлт гэдэг бол дандаа хуулийн хүрээнд тодорхойлогддог. Татварын алба тэр хуулийг хэрэгжүүлэх үүрэгтэй. Ковидын үед үйл ажиллагаа нь доголдсон аж ахуй нэгжүүдийн мэдээллийг шалгаж байгаа. Үйл ажиллагаа нь доголдсон гэх мөртлөө тендер аваад ажиллаж байгаа аж ахуй нэгжүүд байна уу. Дансан дахь үлдэгдэл нь татвараа төлөхөөр хэмжээний мөнгөн хөрөнгө байна уу гэх мэт холбогдох мэдээллүүдийг авч, харилцан уулзалт хийж, өр барагдуулах ажлыг шат дараатай зохион байгуулдаг.
-Энэ оныг “Татварын боловсролыг дэмжих жил” болгосон гэсэн үү?
-Тийм. Үүнтэй холбоотой нийслэлийн ЕБС-ийн багш нарын дунд хүүхэд багачуудад татварын боловсрол олгох зорилгоо зарласан шилдэг контентын уралдааны шилдгүүд болон уламжлал болгон зохион байгуулдаг гар зургийн уралдааны ялагчдыг шалгаруулж, энэ сарын 13-нд шагналыг гардуулна. Энэхүү аяны хүрээнд есөн дүүрэг, 21 аймгийн татварын хэлтэс орон нутгийнхаа томоохон худалдааны төвүүдэд төлбөрийн баримт авах, өгөх дадалд суулгах өдөрлөгийг зохион байгуулах бөгөөд цахим орчинд “төлсөн л бол баримтаа аваарай” уриалга бүхий сурталчилгааны ажлыг зохион байгуулж байна. Мөн Татварын ерөнхий газар, Гааль, татвар, санхүү мэдээллийн төв УҮГ хамтран бэлэн бус төлбөр тооцооны үед хэрэглэгчийн үүсгэсэн цахим төлбөрийн баримт үүсэх боломж бүрдүүлсэн шинэ үйлчилгээг өнгөрсөн долоо хоногт нэвтрүүлсэн бөгөөд энэхүү үйлчилгээнд иргэдийг дадуулах нь аяны бас нэгэн зорилго юм.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Бараа бүтээгдэхүүнийх нь үнэ хэр өссөнийг энэ хүнойлгодоггүй юм байх даа. Цалин тэтгэвэр тэтгэмж нь тэр өсөлтөө дагаад нэмэгдэж чадахгүй хэдэн төгрөг нэмсэн болоод л ард иргэдээ хуурч байгаа. Татварын албаны энэ мэдэгдлийг сонсход үнээр өрөвдөлтөй. Бага цалин тэтгэвэр тэтгэмжтэй иргэд бараа бүтээгдэхүүнийхээ үнийн өсөлтөнд чирэгдэн мөн л НӨАТ нь нэмэгдсээр байхад татварын алба НӨАТ бага байна гэнэ амьдрах гэж ядаж байгаа ард иргэдээ яа гэх гээв. Та нар тэр хуурамчаар бичиг баримт үйлдэн иргэдийн НӨАТ мөнгийг залилан луйвардаж байсан гэмт хэрэгтнүүдээ эхлээд ил гаргаад ир тэр хүмүүсээ зарла.
Олон улстай бүү харьцуул..ОУ шиг цалин өгч бгаа биш..хүнсний үнэ чинь тэгвэл оу.с илүү өндөр бгаа шүү.мануухайнууд
цалин, ндш, элдэв бусад татвар, татварын буцаалт, амьжиргааны түвшин зэргээ харьцуулан судалсан уу, хэдэд жагсаж байна вэ?