УИХ-аас 2021 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж, эцэслэн баталсан билээ. Уг хууль 2022 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэлснээр Монгол Улсын 16 насанд хүрсэн иргэнд тоон гарын үсгийн гэрчилгээг таван жилийн хугацаагаар олгох, иргэний үнэмлэхийн санах ойд үнэ төлбөргүй байршуулахаар тусгасан юм.
Хуулийн хэрэгжилтийн хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал нар өчигдөр тоон гарын үсгээ авлаа. Улсын бүртгэлийн ерөнхий газар ирэх зургаадугаар сараас тоон гарын үсгийг ухаалаг гар утсаар дамжуулан авах боломжтой апликейшныг хэрэглээнд нэвтрүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байгаа гэдгээ энэ үеэр танилцуулсан. Одоогийн байдлаар 2.3 сая орчим иргэний үнэмлэх хүчин төгөлдөр байгаагаас 10 мянга орчим иргэн тоон гарын үсгээ авчээ. Тоон гарын үсэг хэрэглээнд бүрэн нэвтэрснээр хувь хүмүүс болон албан байгууллагууд орон зай, цаг хугацааг үл хамааран албан харилцаагаа явуулах боломжууд бүрдэх аж. Иргэд өөрт ойрхон байрлах бүртгэлийн байгууллагын салбар, нэгжээс биечлэн очиж тоон гарын үсгээ авахаас гадна цахим төхөөрөмж ашиглан таниулах боломжтой юм байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “УИХ-ын даргын санаачилгаар цахим, цаасгүй парламент болох зорилтыг дэвшүүлээд, бид өнгөрсөн хугацаанд ажлын хэсэг байгуулан иргэдтэй хамтран хууль санаачлах “D-Parliament” цахим портал, аппликейшныг нэвтрүүлсэн. Иргэд уг аппликейшнээр дамжуулан хууль санаачлах үйл ажиллагаанд оролцох эрхтэй болж байгаа. Энэ эрхийг хангуулахад Тоон гарын үсэг бодитой хувь нэмрээ оруулах болно. Тоон гарын үсгээр дамжуулаад хүнд суртлыг бууруулах, авлигаас ангид, олон нийтэд нээлттэй төрийн үйлчилгээг нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Тоон гарын үсгийг хэрэгжүүлэхийн тулд төрийн байгууллагууд манлайлан оролцох хэрэгтэй” гэсэн юм.
Бид энэ үеэр иргэд хуулийн төсөл санаачлах боломж, тоон гарын үсгийн талаар УИХ-ын даргаас тодрууллаа.
-Тоон гарын үсэгт шилжсэнээр ямар давуу байдлууд бий болох вэ?
-УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо санаачлан ажиллаж, “Цахим Монгол”-той холбоотой багц хуулиудыг батлан гаргасан. Түүний нэг нь энэ Цахим гарын үсгийн тухай хууль юм. Тухайн хууль маань амьдралд бодитойгоор хэрэгжээд бүх газруудаар цахим гарын үсгийг цуглуулж эхэлж байна. Харин насанд хүрсэн иргэдийн 20 хувь нь иргэний цахим үнэмлэхийн зөрчилтэй байна гэсэн мэдээлэл байсан. Иргэний үнэмлэхээ хэтэвчиндээ удаан авч явсан зэргээс шалтгаалан чип нь уншдаггүй юм билээ. Мөн Иргэний бүртгэлийн байгууллагаас мобайл аппликейшнийг болж өгвөл хурдан ашиглалтад оруулснаар тоо гарын үсэг авах хүмүүсийн тоо нэмэгдэнэ гэж харж байгаа. Үүнээс гадна УИХ-аас “D-Parliament” төслийг хэрэгжүүлж байна. Энэ төслийн иргэдийн санал, хууль санаачлах ажлууд хэрэгжүүлэхэд тоон гарын үсэгтэй уялдана. Нэг үгээр одоо зөвхөн УИХ-ын гишүүд, Ерөнхийлөгч, Засгийн газар хууль санаачилах эрхтэй байдаг бол 100 мянган хүний гарын үсгээр хууль санаачилах эрхийг ард түмэндээ өгч байгаа юм. Иргэд асуудлыг босгож ирээд, ийм хуулийн төслийг хэлэлцэх шаардлагатай байна гэх боломжтой болно. Дээрээс нь УИХ-ын гишүүдтэй тоон гарын үсгээрээ дамжуулан шууд цахимаар харилцах боломжтой.
Тийм болохоор нийт гишүүд, ард түмэндээ тоон гарын үсэгтэй идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Жинхэнэ хэмнэлт чинь энд байгаа юм шүү дээ. Хэмнэлт гэдэг мөнгө хэмнэхээс гадна үр ашгийг нэмэгдүүлэхийн нэр. Тийм болохоор цаасгүй, цаг хугацаа хэмнэсэн, түгжрэлээс зайлсхийсэн, орон зайнаас үл хамааран төрийн үйлчилгээг тоон гарын үсгээрээ авч болно. Мөн тендерийн шалгаруулалт зэргийг тоон гарын үсгээр дамжуулан хүний оролцоогүй болгосноор авлига хээл хахууль буурах зэрэг олон сайн талтай. Энэ бол манай цахим хувьсгал, цахим өөрчлөлтийн суурь том дэвшил, нэг тулгуур нь юм.
-Та сая 100 мянган иргэн гарын үсгээрээ хуулийн төсөл санаачилдаг болно гэлээ. Энэ талаараа тодорхой мэдээлэл хэлж өгнө үү?
-Монгол Улсын Үндсэн хуулийн 3.1-т Засгийн эрх ард түмний мэдэлд байна, төрийн хэрэгт шууд болон төлөөллийн байгууллагаараа дамжуулан энэхүү эрхээ эдэлнэ гэж заасан байдаг. Мөн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах эрхтэй. Төрийн байгууллага, албан тушаалтан түүнийг нь шийдвэрлэх үүрэгтэй гээд тодорхой заагаад өгчихсөн. Харамсалтай нь иргэдийн маань гаргасан өргөдөл, гомдол хаачсан нь мэдэгдэхгүй замхраад алга болчихдог. Тийм болохоор иргэд тухайн асуудлаар асуудал дэвшүүлэх, хууль санаачлах шаардлага гардаг. Боломж нь байхгүй учраас жагсаж, цуглаж дуу хоолойгоо илэрхийлдэг. Үүнийг ардчилсан, цахим технологид шилжүүлэн, одоогоор хуулийн төсөлд 100 мянга гэж тусгасан байгаа. Ингэж 100 мянган хүний гарын үсэг цугласан тохиолдолд тухайн хуулийн төсөл, асуудлыг нь “D-Parliament” төсөл дээр байршуулаад түүнийг нь иргэд дэмжих юм бол УИХ заавал авч хэлэлцдэг байхаар тусгасан. Тухайн асуудлыг Засгийн газар шийдвэрлэх ёстой бол заавал шийддэг байх ёстой. Ер нь цахимаар гарын үсэг цуглуулах маш хурдан юм байна лээ. Ийм байдлаар урьдчилсан байдлаар Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Тэгээд Тоон гарын үсгийн тухай болон бусад хуультайгаа уялдаад ойрын хугацаанд өргөн барихаар Инновац, цахим бодлогын байнгын хороо ажиллаж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )