Гурван улсын үлгэр | 44 ДҮГЭЭР БҮЛЭГ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.

Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.

Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.


 

I БОТЬ-44 ДҮГЭЭР БҮЛЭГ

КУНМИН УХААН ХЭРЭГЛЭЖ ЖОУ ЮЙГ ӨРНҮҮЛСЭН СҮНЦУАНЬ БОДЛОГО ТОГТОЖ ЦАОЦАОГ ЭВДЭЛСЭН

Өгүүлэх нь: Ү Гуотай Сүньцуаньгийн тогтворгүй сэжиглэж байхыг үзээд түүний зүг өгүүлрүүн: “Асан эгчийн гэрээслэн хэлсэн нь “Ах тань эцэс болохдоо үлдээсэн үгэнд дотоод хэргийг таслан чадахгүй болбол Жанжаогоос асуу, гадаад хэргийг таслан чадахгүй аваас Жоу Юй лугаа хэлэлц” хэмээжээ. Өдгөө юунд Гунзинийг278 залж ирэн асуухгүй буй?”. Сүньцуань ихэд баярлан даруй элч зарж “Пө Янхүгаас Жоу Юйг залж хэрэг зөвлөе!” хэмээн илгээв. Үзвээс Жоу Юй Пө Янхү тэнгист байж усан цэргийг боловсруулан сургаж байтал “Цаоцаогийн их цэрэг Ханьшанд хүрч ирэв” хэмээн сонсоод, даруй шөнө дөл Чайсан хошуунд буцаж цэргийн үйлийг зөвлөхөөр ирэв. Зарсан элч гарч очоогүйгээр Жоу Юй нэгэнтээ урьдаар хүрч иржээ. Лүсү Жоу Юй лүгээ зузаан нөхөрлөсөн тул урьдаар очиж угтан аваад анхны хэргийг нарийвчлан нэгэн мөр хэлсэнд Жоу Юй өгүүлрүүн: “Зызин битгий сэтгэл зовогтун! Жоу Юй надад тогтсон санаа буй. Өдгөө хурдан Кунминийг залж ирэн уулзсугай!” хэмээсэнд Лүсү моринд мордон одов.

Тэндээс Жоу Юй сая бие амарсугай хэмээтэл гэнэт мэдүүлрүүн: “Жанжао, Гү Юн, Жанхун, Бүжи нарын дөрвөн хүн урагш үзэхээр ирэв” хэмээжээ. Жоу Юй дунд танхимд угтан оруулж суулцсаны хойно, жихүүн дулааныг асуулцан бараад Жанжао өгүүлрүүн: “Дүдү Зяндунгийн ашиг зовлонг мэдмүй үү?” хэмээсэнд Жоу Юй өгүүлрүүн: “Мэдээгүй!”. Жанжао өгүүлрүүн: “Цаоцао зуун түмэн олныг авч Ханьшангийн газар буун суугаад өчигдөр бичиг илгээж эзэн гүнг Зянсяд ав нийлсүгэй хэмээн залжээ. Тэр хэдий хамтатган залгих санаа баймуй гэвч түүний төлөв илрэн гараагүйд тийнхүү Жанжао бид нар эзэн гүнийг ятгаж Цаоцаод дагаваас Зяндунгийн хамаг зовлонгоос хэлтэрч болмуй хэмээсэн бөлгөө. Санамсаргүйгээр Лү Зызин Зянсягаас Любэйгийн цэргийн багш Жүгө Ляныг энд авч ирэв. Тэр өөрийн өшөөг авсугай хэмээн тусгайлан уран үг тавьж эзэн гүнийг шууд өдөөжээ. Зызин харин ч төөрөн эргүүтэж үл ухахын тул тийнхүү хараахан Дүдү таныг хүлээн таслуулъя хэмээсэн бөлгөө”. Жоу Юй өгүүлрүүн: “Гүн нарын санаа цөм адил буй уу?”. Гү Юн нар өгүүлрүүн: “Хэлэлцсэн нь цөм нэгэн адил” хэмээсэнд Жоу Юй өгүүлрүүн: “Би мөн дагасугай хэмээн санаж удав. Гүн нар та түр эгтүгэй! Маргааш эрт эзэн гүн лүгээ золгосон цагт лав тогтсон шүүмжлэл байх буй за!”. Жанжао нар салж одов.

278 Жоу Юйгийн өргөсөн нэр

Тэндээс удсангүй бас мэдүүлрүүн: “Чэнпү, Хуангай, Ханьдан нарын нэгэн намын байлдах жанжин золгохоор ирэв” хэмээжээ. Жоу Юй угтан оруулж тус тусдаа тохинуулан асуулцаж барсны хойно өгүүлрүүн: “Дүдү Зяндунг бусдын харьяат болох нь өглөө үдшийн хэрэг болсныг мэдмүй үү?”. Жоу Юй өгүүлрүүн: “Мэдээгүй” хэмээсэнд Чэнпү өгүүлрүүн: “Бид нар цөм Сүнь жанжныг дагаж тулгар хөрөнгийг нээн, их бага хэдэн зуун удаа байлдаж сая зургаан хошууны хот балгасыг олж эзлэв. Өдгөө эзэн гүн зөвлөлийн сайдуудын үгийг сонсож “Цаоцаод дагасугай!” хэмээмүй. Энэ үнэнээр хайрлалтай, ичгүүртэй хэрэг аж. Бид нар үхэвч хэмээн гутаагдахгүй болой. Дүдү та эзэн гүнийг ятгаж, цэрэг байгуулахаар санаа тогтвоос бид нар дуртайяа хүч барин үхэн байлдахыг хүсмүй!”. Жоу Юй өгүүлрүүн: “Жанжин нарын санаа цөм адил буюу” хэмээсэнд Хуангай тачаадан босож гараар магнайгаа алгадаж өгүүлрүүн: “Миний толгойг тасалж болмуй, амалдавч Цаоцаод дагахгүй!” хэмээхэд олон хүн цөм өгүүлрүүн: “Бид нар бүрэн Цаоцаод дагах дургүй!” хэмээсэнд Жоу Юй өгүүлрүүн: “Би чухамхүү Цаоцао лугаа таслан байлдсугай хэмээмүй. Юунд түүнд дагамуй, Жанжин нар түр эгтүгэй! Жоу Юй би эзэн гүн лүгээ уулзваас лав тогтсон шүүмжлэл буй” хэмээсэнд Чэнпү нар салж одов.

Түүнээс удалгүй “Жугө Зинь, Люйфань нарын нэгэн багийн бичгийн түшмэд золгохоор ирэв” хэмээсэнд Жоу Юй угтан оруулж, ёс хийж барсан хойно Жугө Зинь өгүүлрүүн: “Мунхаг миний дүү Жүгө Лян Ханьшангаас ирж хэлэх нь: “Лю мужийн захирагч зүүн Ү улс лугаа найралдаж, бүгдээр хүч нийлэн Цаоцаог дайлсугай!” хэмээн иржээ. Тийнхүү бичиг, цэргийн түшмэд хэдий зөвлөвч тогтуурь үгүй байсаар амуй. Мунхаг миний дүү элч болж ирсэн тул Жугө Зинь би аймшиггүй үлэмж өгүүлсэнгүй тусгайлан Дүдүг хүлээн ирсний хойно энэ хэргийг таслуулсугай хэмээмүй”. Жоу Юй асууруун: “Гүнгийн шүүмжлэлээр болбол хэрхмүй?”. Жугө Зинь өгүүлрүүн: “Дагах нь амар болоход хялбар. Байлдах нь хамгаалахад бэрх”. Жоу Юй инээн өгүүлрүүн: “Жоу Юй надад тогтсон санаа буй, ирэх өдөр цугаар ордонд хүрч хэлэлцэн тогтсугай!” хэмээсэнд Жугө Зинь нар салан одов.

Тэндээс бас мэдүүлрүүн: “Люмөн Ганьнин нарын нэгэн анги хүн золгохоор иржээ”. Жоу Юй залж оруулан бас энэ хэргийг хэлэлцэн шүүмжилбээс байлдсугай хэмээгчид ч баймуй, дагасугай хэмээгчид ч баймуй, харилцан тэмцэлдэн хэлэлцэхэд Жоу Юй өгүүлрүүн: “Үлэмж бүү өгүүл! ирэх өдөр цөм ордноо хүрч хамтаар зөвлөсүгэй!” хэмээсэнд олон цөм салж одов. Жоу Юй жихүүнээр инээж зогсохгүй бөлгөө.

Тэндээс орой болсонд хүн орж мэдүүлрүүн: “Лү Зызин Кунминийг дагуулан ёсолж золгохоор ирэв” хэмээжээ. Жоу Юй дунд хаалгаар гарч угтан оруулаад ёс хийж барсан хойно зочин гэрийн эзний ёсоор ялган суусанд Лүсү урьдаар Жоу Юйгаас асууруун: “Өдгөө Цаоцао цэрэг түлхлэн өмнөдийг халдахын тулд эедэх ба байлдах хоёр зүйлийг эзэн гүн таслан чадахгүйдээ жанжин таны явуулахыг сонсмуу хэмээмүй, жанжиний санаанд ямар аж?”. Жоу Юй өгүүлрүүн: “Цаоцао тэнгэрийн хөвгүүнээр нэр болгох тул түүний цэргийг мөчөөрхөж үл болмуй. Нэн ялангуяа түүний сүр хүч их тул хөнгөнөөр байлдаж болохгүй! Байлдваас эрхгүй дийлэгдмүй. Дагаваас амар болоход хялбар болой, миний санаа нэгэнтээ тогтов. Ирэх өдөр эзэн гүн лүгээ уулзаж даруй элч заран дагахыг гуйлгасугай!”. Лүсү хиртхийн өгүүлрүүн: “Авгай таны үг ташаарав. Зяндунгийн тулгар төр нэгэнтээ гурван үе хүртэл улирсан атал хэрхин хормын зуур бусад хүнд гээж болмуй. Бофүгийн гэрээс үгэнд гадаад хэргийг жанжин чамд тушаа хэмээжээ. Өдгөө хараахан жанжинд итгэж улс гэрийг хамгаалан бүртгэж, Тай Шань уул мэт түшлэгтэй болгосугай хэмээн санаж байтал юунд бас ч үхээнц ардын зөвлөлийг дагамуй”. Жоу Юй өгүүлрүүн: “Зяндунгийн зургаан хошуунд хүн амьтан хэмжээгүй. Хэрвээ цэрэг дайны аюулд нэрвэгдүүлбээс эрхгүй Жоу Юй надад хорсох болой. Тиймийн тул санаа тогтож дагасугай хэмээмүй”. Лүсү өгүүлрүүн: “Тийм бус жанжин таны аруухан баатар хийгээд Ү улсын газрын бэрх хавцлаар Цаоцао лав зоригийг олж эс чадмуй” хэмээн хэлж хоёул харилцан ялган салган тэмцэлдэж булаалдахад Кунмин гагцхүү гараа ханцуйлан жихүүнээр инээмүй. Жоу Юй асууруун: “Ноёнтон ямар учирт элэглэн инээмүй?”. Кунмин өгүүлрүүн: “Жугө Лян би бусад хүнийг шоолоогүй. Зызингийн279 цагийн явдлыг үл танихын тул инээмүй”. Лүсү өгүүлрүүн: “Ноёнтон юунд намайг цагийн зүйг танихгүй хэмээн гэдрэг элэглэмүй?”.

Кунмин өгүүлрүүн: “Гунзиньгийн280 гол санаа Цаоцаод дагасугай хэмээсэн нь зүй лүгээ маш нийцмүй”. Жоу Юй өгүүлрүүн: “Кунмин болбоос цагийн өнгийг таних эрдэмтэн. Лав над лугаа нэгэн санаа буй амуй”. Лүсү өгүүлрүүн: “Кунмин чи бас юунд энэ үгийг хэлмүй” Кунмин өгүүлрүүн: “Цаоцао цэрэг хэрэглэхэд туйлын хэцүү тул дэлхий дахинд аймшиггүй эсэргүүцэх нь үгүй. Урьд гагц Люйбү, Юаньшао, Юаньшу, Любяо аюумшиггүйгээр эсэргүүцсэн гэвч өдгөө энэ хэдэн хүн цөм Цаоцаод сөнөөгдөөд дэлхий дахин хүнгүй болжээ. Гагцхүү Лю мужийн захирагчийн төдий л байж цагийн өнгийг танихгүйгээр хүчирхэглэн түүн лүгээ эсэргүүцэн тэмцэлдээд өдгөө бие мөхөсдөж, Зянся газарт суун тогтнох мөхөхийг батлан чадахгүй болов. Жоу жанжин санаа тогтож, Цаоцаод дагах нь эм хүүхдийг баталж чадах бөгөөд баян эрхмийг бүртгэн чадах болой. Улсын буяны шилж нүүхийг нь тэнгэрийн заяанд тавибаас барав, ямар хайран хэмээх газар буй амуй?”. Лүсү ихэд уурлан өгүүлрүүн: “Чи манай эзнийг бие бөхийлгөн улсын хулгайд ичгүүрийг хүлээлгэмүй үү?” хэмээв. Түүнээс Кунмин өгүүлрүүн: “Мунхаг надад нэгэн арга буй. Огт дэмий хонь гахай хөтөлж, архи дарс дамнан, газар орныг өргөн тамга цомцгийг тушаалгах хэрэггүй бөгөөд мөн биеэр мөрнийг гэтлэх учир ч үгүй. Гагцхүү нэгэн зарц хүнийг зарж бага саланд хоёр хүнийг суулган мөрний дээр хүргэвээс Цаоцао хэрэв энэ хоёр хүнийг олсонд зуун түмний олон цөм хуягийг тайлан тугийг ороож эгэх болой!”. Жоу Юй асууруун: “Ямар хоёр хүнийг хэрэглэж Цаоцаогийн цэргийг эгүүлж болмуй?”.

279 Лүсүгийн өргөсөн нэр

280 Жоу Юйгийн өргөсөн нэр

Кунмин өгүүлрүүн: “Зяндунгаас энэ хоёр хүнийг илгээвээс их модноос нэгэн навч хийссэн мэт. Их сангаас нэгэн мөхлөг амуу авсан адил хялбар бөгөөд Цаоцао үүнийг олсонд лав ихэд баярласаар одмуй”. Жоу Юй бас асууруун: “Үнэхээр ямар хоёр хүнийг хэрэглэвээс болмуй?”. Кунмин өгүүлрүүн: “Жугө Лян би лунжунд сууж байх үед даруй сонсвол Цаоцао Жанхө голд шинэ нэгэн тагт цогцлов хэмээмүй, түүнийг “Хүрэл бялзуухай” хэмээн нэрлэжээ, туйлын үзэсгэлэн сайхан, дэлхий дахины гоо охидыг ихэд сонгож түүний дотрыг дүүргэжээ. Цаоцао угаас өнгөнд ховдог ард тул Зяндунгийн Цяо гүнд хоёр охин буй хэмээн сонссоор уджээ. Ахмадын нэр “Том Цяо”, дэдийн нэрийг “Бага Цяо” хэмээмүй, цөм загасыг живүүлж, галууг унагаах өнгөтэй бөгөөд сарыг хамхиулах, цэцгийг ичээх зүс баймуй хэмээжээ. Цаоцао амалдаж өгүүлсэн нь “Би нэгэнтээ дөрвөн далайг төвшитгөн шүүрдэж хааны тулгарыг бүтээхийг хүсмүй, нэгэнд Зяндунгийн хоёр Цяог олж “Хүрэл бялзуухай тагтан” дээр тавин эцсийн насан хүртэл цэнгэлдэхийг хүсмүй, ийм болбоос хэдий үхэв хэмээн хорсох газаргүй болой” хэмээжээ. Өдгөө хэдий зуун түмний олныг авч Зян Нанийг хялайн үзэвч түүний магад нь энэ хоёр охины төлөө болой. Жанжин та юунд Цяо гүнийг эрэн очиж, мянган лан алтаар энэ хоёр охиныг худалдан авч Цаоцаод хүргэхгүй буй? Цаоцао энэ хоёр охиныг олсонд санаа гүйцэн сэтгэл ханаж эрхгүй цэрэг эгмүй. Энэ нь Фаньли, Сишыг өргөсөн арга болой. Юунд хурдан үйлдэхгүй буй?”. Жоу Юй өгүүлрүүн: “Цаоцаогийн хоёр Цяог олсугай хэмээсэнд ямар тэмдэг буй амуй?”. Күнмин өгүүлрүүн: “Цаоцаогийн отгон хөвгүүн цаожи, өргөсөн нэр Зызянь. Бийр барьмагц утга бүтэх бөлгөө. Цаоцао басхүү түүгээр нэгэн магтуу зохиолгон нэрийг “Хүрэл бялзуухайн магтуу” хэмээв. Энэ магтуугийн доторх санаа нь дан ганц түүний гэрт тэнгэрийн хөвгүүн төрвөөс зохих бөгөөд амалдавч мөн хоёр Цяог авсугай хэмээжээ”. Жоу Юй асууруун: “Энэ магтууг гүн тэмдлэн ойлгосоор буюу?”. Кунмин өгүүлрүүн: “Би тэр утгыг идтэй бөгөөд сайхныг бахархаж байн байн авч уншсаар харин тэмдэглэжээ”. Жоу Юй өгүүлрүүн: “Нэгэн удаа уншиж өгөхийг гуймуу!” хэмээн өгүүлсэнд Кунмин даруй “Хүрэл бялзуухайн” магтууг уншруун:

“Гэгээн хатныг дагаж наадан зоог хийн

Дэгтэрт тагтанд гарч сэтгэлийг баясгасугай!

Тайфу ордны идэд нээсний үзвээс

Богдын эрдмийн хүчээр үйлдсэнийг мэдмүй.

Өндөр хаалгыг хэтийдэн байгуулж

Хиргүй агаарт давхар харш хөвжээ.

Шууд тэнгэрийн дунд нэвтрэх үзэмжийг бүтээж

Нисэх асрыг баруун хотонд залгалдуулав.

Жаншүй усны урт урсгалыг ирмэглэж

Хүрээлэнгийн жимсний амтат хээнцрийг хармуй.

Зүүн баруунд хос тагт үйлдэж

Хас луу бөгөөд алтан гарьд буй амуй.

Зүүн өмнөдөөс хоёр Цяот281 хамж

Өглөө үдэш хамтад цэнгэлдэхийг хүсмүй.

Хааны нийслэлийн наадам сайхныг мэхийн санахул

Үүл туяагаа нээх хөдлөхийн мэт

Олон эрдэмтний цугларан ирсэнд баярлаж

Нисэх өтөг282 хавсран сайн бэлгэт зүүдэнд ормуй.

Хаврын салхины эерэг дулааныг эрээлцэн

Зуун зүйлийн шувууны эмгэнэн донгодохыг сонсмуй.

Үүл тэнгэр харилцан түүнд зогсож

Гэр нь хослон амраглахыг эрэмшмүй.

Орчлонд өршөөл гэсгээлийг алдаршуулж

Бишрэлтэйд дээд нийслэлд бүртгэн хүргэмүй.

Гагц Хуань, Вэньний магтсаны шалтгаан

Хэрхин богд гэгээнд хүрмүй.

Гэрэлтэв! Сайхан болов!

Хишиг өглөг хол алдаршив!

Манай хааны гэрийг жигүүрлэн тусалж

Тэрхүү дөрвөн зүгийг амар болгосугай!

Тэнгэр газрын хэмжээ дүрмийг хамтатгаж

Наран сарны гялбаа гэрэл лүгээ сацуу болгомуй.

Үүрд эрхэм дээд бөгөөд хязгаарлашгүй

Эзний өлзийг хаврын тэнгэрт зэргэцүүлмүй.

Луугийн хиурыг барин зоог хийн явж

Хааны тэргийг амрагаар тойруулан эргүүлмүй

Хишиг гэсгээлийг дөрвөн далайд хүрүүлж

Түмэн бодис элбэг болж иргэн амар болтугай!

Энэ тагт өнө удаан батдан зогсож

Үүрд дуусахгүй болохыг хүсмүй” хэмээжээ.

Жоу Юй үүнийг сонсож бараад гэнэт ихэд хилэгнэж суудлаас ангижран хойш зааж хараан өгүүлрүүн: “Хөгшин хулгай намайг даанч хэтэрхий дарлажээ”. Кунмин яаран босож зогсоон өгүүлрүүн: “Эрт өдөр шань юй улс удаа бүр зах хязгаарыг халдахад Хань улсын хаан гүнжийг өгч ураг болон эеджээ. Өдгөө жанжин та гагц ардын хоёр охиныг хайрламуй уу?”.

281 Хоёр цяо: Том Цяотайгийн магтууд бичсэн “Хоёр Цяо” бол уг нь хоёр гүүрийг заасан юм. Кунмин энд үүнийг зориудаар хүний нэр болгон хэрэглэж, Жоу Юйгийн уур хилэнг төрүүлсэн байжээ. Учир нь “Том Цяо” гэгч бол Сүнь Цөгийн гэргий бөгөөд “Бага Цяо” бол Жоу Юйгийн гэргий болох юм.

282 Баавгай

Жоу Юй өгүүлрүүн: “Гүн мэдэхгүй бөлгөө. Том Цяо болбоос Сүнь Бофү жанжны хатан бөгөөд бага Цяо болбоос Жоу Юй миний эхнэр болой”. Кунмин зориудаар айж эмээсэн байдал гаргаж өгүүлрүүн: “Жугө Лян би үнэхээр мэдэхгүй тул амалдаж болгон дэмий л чалчжээ. Үхэх ял! Үхэх ял!” хэмээхэд Жоу Юй өгүүлрүүн: “Би хөгшин хулгай лугаа амалдаж зэрэгцэн зогсохгүй” хэмээсэнд Кунмин өгүүлрүүн: “Хэргийг дахин давтан шүүмжлэх хэрэгтэй. Хойш гэмшиглэн болоход хүрэхийг хэлтрүүлмүй!”. Жоу Юй өгүүлрүүн: “Би Сүнь Бофү жанжны гэрээслэн тушаасныг хүлээсэн атал хаана бие бөхийн Цаоцаод дагах ёс буй, өнө саяын хэлсэн үг зоримгоор хошигносон буй заа. Би По Янху тэнгисээс ирэхдээ мөн хойдыг дайлахаар очих сэтгэл байсан тул хэдий илд сүхийг хүзүүнд тавивч хэмээн миний энэ зориглосныг халж эс чадах болой. Ноёнтон та нэгэн тохойн хүчийг тусалж хамтдаа Цаоцаог эвдэхийг хүсмүй”. Кунмин өгүүлрүүн: “Үнэхээр гээхгүй болбоос дуртайяа нохой морины хүчийг барьж эрт орой их бодлогыг сонсъё!”. Жоу Юй өгүүлрүүн: “Ирэх өдөр эзэн гүнд орж золгосон хойно даруй цэрэг байгуулахыг хэлэлцье” хэмээсэнд Кунмин Лүсү лүгээ ёслон гараад тус тусдаа салж одов.

Дэд өдрийн өглөө эрт Сүньцуань танхимд гарсан хойно зүүн этгээдэд бичгийн түшмэл Жанжао, Гү Юн нарын гуч илүү хүн, баруун этгээдэд цэргийн жанжин Чэнпү, Хуангай нарын гуч илүү хүн, дээл малгай гялтганан, сэлэм зүүвч тарчигнаж анги ялган жигүүрлэн зогсолцов. Удсангүй Жоу Юй орж золгон ёс хийж барсанд Сүньцуань мөн тохинуулан асуусан хойно Жоу Юй өгүүлрүүн: “Өнөөхөн сонсвол Цаоцао цэрэг авч Ханьшанд суугаад энд бичиг довтолгон илгээв хэмээмүй. Эзэн гүн таны дээд санаанд хэрхсүгэй хэмээмүй?”. Сүньцуань даруй Цаоцаогийн илгээсэн бичгийг авч Жоу Юйд үзүүлэв. Жоу Юй бичгийг үзэж бараад инээн өгүүлрүүн: “Хөгшин хулгай манай Зяндунд хүнгүй хэмээн аймшиггүй ийнхүү дарламуй уу?”. Сүньцуань асууруун: “Авгайн санаанд болбоос ямар буй?”. Жоу Юй өгүүлрүүн: “Эзэн гүн олон бичиг цэргийн түшмэд лүгээ зөвдсөн буюу”. Сүньцуань өгүүлрүүн: “Өдөр дараалан энэ хэргийг зөвдсөөр буй, намайг Цаоцаод дагатугай хэмээн ятгагчид нь буй. Байлд хэмээн ятгагчид нь буй тул миний санаанд тогтоогүй. Тийнхүү гүн таныг залж ирэн таслуулсугай хэмээмүй”. Жоу Юй асууруун: “Хэн хүн эзэн гүнийг дагатугай хэмээн ятгав?”. Сүньцуань өгүүлрүүн: “Жан Зыбү нар цөм энэ санааг гол болгожээ”. Жоу Юй мөн Жанжаогоос асууруун: “Ноёнтон таны дагахыг гол болгон санасан санааг сонсохыг хүсмүү!”. Жанжао өгүүлрүүн: “Цаоцао тэнгэрийн хөвгүүнийг авч дөрвөн зүгийг дайлахад хөдлөх бүр хаанаар нэр болгох бөгөөд өнөөхөн бас Зинжоу мужийг олж сүр хүч нэн хэтийджээ. Манай Зяндунгийн Цаоцаог мөчөөрхөж болох нь Хөх мөрөн болой. Өдгөө Цаоцаогийн байлдах онгоц, яахин мянга, зуугийн тоогоор зогсох аж? Хэрвээ усан, хуурай цэрэг цугаар орж ирвээс юугаар тулмуй? Тийнхүү түр түүнд дагаж хожмын аргыг дахин бодоход хүрэхгүй” хэмээв. Жоу Юй өгүүлрүүн: “Энэ нь цалгай бичгийн хүний шүүмжлэл болой. Манай Зяндун нь улс нээснээс өдгөө гурван үе улирсан атал нэгэн өглөөний хооронд яахин талаар гээж төвдмүй”. Сүньцуань асууруун: “Тийм бөгөөс хэрхвээс сайн?” хэмээсэнд Жоу Юй өгүүлрүүн: “Цаоцао хэдий нэрийг “Хань улсын чансан” хэмээн шалтаглавч үнэндээ Хань улсын хулгай болой. Жанжин та бээр сүр жавхлан баатар эрдмээр эцэг ахын үлдээсэн хөрөнгөнд шүтэж, Зяндунг эзлэн суугаад цэрэг шилдэг, амуу элбэг тул төв хэмээн дэлхий дахинд хөндлөнгөөр явж, улс гэрийн төлөө харгисыг сөнөөн догшныг арилгаваас зохих бөлгөө. Юунд хулгайд дагасугай хэмээж болох аж. Тэр ч байтугай Цаоцаогийн энэ удаа ирсэн нь “Цэргийн гэрийн цээрлэлийг үлэмж халджээ” хойд зовхисыг төвшитгөөгүйд Матэн, Ханьсүй түүний хожмын зовлон болох атал Цаоцао удтал өмнөдийг дайлах нь нэгэн цээрлэл болой. Хойд газрын цэрэг усанд боловсронгуй үгүй тул эмээлт морийг гээж, онгоц саланд суун зүүн Ү улс лугаа байлдан тэмцэх нь хоёр цээрлэл болой. Бас цаг хөлдүү, өвлийн тэсгим хүйтэн тохиолдсон тул моринд өвс бордоогүй нь гурван цээрлэл болой. Дундад улсын цэргийг хөөн аваачаад, хол мөрөн голыг гэтэлгэж газар ус зохихгүй олонтоо өвчин тахал хүрсэн нь дөрвөн цээрлэл болой.

Цаоцаогийн цэрэг энэ хэдэн цээрлэлийг халдсан тул хэдий олон боловч эрхгүй дийлэгдмүй. Жанжин таны Цаоцаог барих нь төв хэмээн энэ өдөрт буй амуй. Жоу Юй би шилсэн цэрэг хэдэн мянгыг гуйж, Сякоуд дэвшин суугаад жанжин танд эвдэж өгсүгэй!”. Сүньцуань ухасхийн босож өгүүлрүүн: “Хөгшин хулгай харин Хань улсыг дэвшүүлэн, биеэ байгуулсугай хэмээн санаж удав. Гагц эмээх нь хоёр Юань, Люйбү, Любяо жич мөхөс над лугаа болой. Өдгөө хэдэн идтэн цөм сөнөөд гагцхүү мөхөс би тогтнож амуй. Мөхөс би хөгшин хулгай лугаа амалдаж хамт нэгэн тэнгэрийг шүтэхгүй. Сайд таны дайлбаас зохимуй хэмээсэн нь, мөхөс миний санаа лугаа яв цав нийлэв. Энэ нь тэнгэр надад сайдыг хайрласан нь болой”. Жоу Юй өгүүлрүүн: “Сайд би жанжин таны тул цусаар байлдан тасалсугай! Түмэнтээ үхэвч маргахгүй, гагц жанжин таны сэжиглэн татгалзаж тогтворгүй байх вий гэдгээс болгоомжилж байна” гэхэд Сүньцуань зүүсэн сэлмийг сугалан авч өмнө тавьсан ширээний нэгэн өнцгийг цавчин буулгаж өгүүлрүүн: “Олон жанжин түшмэд нар үүнээс хойш дахин Цаоцаод дагасугай хэмээн өгүүлэгчид нь буй бөгөөс энэ ширээний адил болгомуй” хэмээн хэлж бараад сэлмээ Жоу Юйд шагнан өгч их Дүдү болгон, Чэнпүг туслагч Дүдү болгож, Лүсүг Цаньзюнь Сяо Юй түшмэл өргөмжлөөд “Хэрвээ бичиг цэргийн жанжин сайд нар зарлал цаазыг сонсохгүй нь байваас даруй энэ сэлмээр цавчтугай!” хэмээн тушаав. Жоу Юй сэлмийг тосон авч олны зүг өгүүлрүүн: “Өчүүхэн би эзэн гүнгийн зарлигийг хүлээн олныг авч Цаоцаог эвдэх тул олон жанжин түшмэд нар ирэх өдөр мөрний дэргэд очиж явах хүрээнд цаазыг сонсох хэрэгтэй. Хэрэв алгуурлан осолдогчид аваас долоон зүйлийн цаазлан зарласан тавин дөрвөн цавчин алахуйн ёсоор зарлан явуулсугай!” хэмээн хэлж бараад Сүньцуаньгаас салж бие босон яамнаас гарч одсон хойно олон бичиг цэргийн түшмэд нар цөм тус тусдаа дуугүй тархав.

Тэндээс Жоу Юй өөрийн бууцдаа буцаж хариад даруй Кунминийг үйл зөвлөсүгэй хэмээн залуулав. Кунмин хүрч ирсэн хойно Жоу Юй өгүүлрүүн: “Энэ өдөр яаманд хурж нийгмээр зөвлөл тогтсон тул Цаоцаог эвдлэх сайн аргыг зааж өгөх ажаам уу?”. Кунмин өгүүлрүүн: “Сүнь жанжны сэтгэл бас ч тогтоогүй байсаар тул бодлогыг таслан тогтоож үл болмуй”. Жоу Юй өгүүлрүүн: “Юунд сэтгэл тогтоогүй хэмээмүй?”. Кунмин өгүүлрүүн: “Сэтгэлд Цаоцаогийн цэргийн арвинаас чичивхийж цөөнөөр олныг дийлж чадахгүйн санааг өвөрлөмүй. Жанжин чи тийнхүү цэргийн тоог тайлан хэлж түүнийг илэрхийлэн ухамшруулж, сэжиггүй болгон чадсаны хойно сая их үйлийг бүтээж болмуй”. Жоу Юй өгүүлрүүн: “Ноёнтны хэлсэн нь маш сайн” хэмээгээд дахин орж Сүньцуаньд учирсанд Сүньцуань асууруун: “Гунзинь та шөнийн гүнд ирсэн нь лав учир байх буй за?”. Жоу Юй өгүүлрүүн: “Ирэх өдөр цэрэг морийг улируулан салгахыг эзэн гүн сэтгэлдээ сэжиглэнэ үү?”. Сүньцуань өгүүлрүүн: “Гагцхүү Цаоцаогийн цэрэг арвин тул цөөнөөр олныг тулж болохгүй болов уу хэмээн зовнимуй, өөр сэжиглэх газаргүй” хэмээхэд Жоу Юй инээн өгүүлрүүн: “Жоу Юй би тусгайлан үүний тул эзэн гүнд тайлан хэлсүгэй хэмээн ирэв. Эзэн гүн Цаоцаогийн илгээсэн бичигт усан ба хуурай замын цэрэг зуун түм хэмээснийг үзээд тийнхүү сэжиглэл эмээлийг өвөрлөж дахин түүний үнэн ташааг хянасангүй буй ажгуу. Өдгөө магадлан хянавал Цаоцаогийн зүг Жун Юань газраас уг авч ирсэн цэрэг нь, арван тав зургаан түмээс давахгүй бөгөөд цөм ядан зүдсээр уджээ. Жич Юань овогтоос олсон олон нь, гагцхүү долоо найман түмээс давахгүйн дээр олонхи нь сэжиглэлийг өвөрлөн бишрэн дагаагүй байсаар бөлгөө. Тэр зүдэж удсан цэрэг хийгээд сэжиглэлийг өвөрлөсөн нь олонтой. Тэдний тоо хэдий арвин боловч түүнээс айн эмээх газаргүй болой.

Жоу Юй би таван түмэн цэрэг олбоос түүнийг лав эвдлэн чадмуй. Эзэн гүн та үл зовох ажаам уу!” хэмээсэнд Сүньцуань, Жоу Юйгийн мөрийг илбэн өгүүлрүүн: “Гүнзиньгийн энэ үг үнэхээр миний сэжиглэлийг тайлав. Зыбү283 бодлогогүй, мөхөс миний эрээлснийг гүнээ алджээ. Дан ганц сайд чиний бие бөгөөд Зызин жич мөхөс над лугаа нэгэн санаатай аж. Сайд чи Зызин, Чэнпү лүгээ мөн өдөрт цэргийг сонгон авч урагш орогтун! Мөхөс би дараа дараагаар хүн морийг явуулан, амуу хүнсийг үлэмж тээж, сайд чамд өмөглөл болгосугай! Сайд чиний өмнөд цэрэг хэрвээ сэтгэлд эс нийцэх бөгөөс даруй мөхөс миний дэргэд иртүгэй! мөхөс би биеэр Цаоцао хулгай лугаа таслан байлдсугай! дахин өөр сэжиглэх газаргүй” хэмээсэнд Жоу Юй тал өгөн гарч ирээд дотроо сэтгэрүүн: “Кунмин харин Үхоугийн сэтгэлийг хэдийнээ олж төсөөлжээ. Түүний арга бодлого бас надаас нэгэн толгой өндөр болой. Хожимдоо эрхгүй Зяндунд зовлон болмуй, эртнээс алахад хүрэхгүй” хэмээн бодоод даруй хүнээр шөнө дөл Лүсүг цацарт залж оруулан Кунминийг алсугай хэмээсэн хэргийг хэлбээс Лүсү өгүүлрүүн: “болохгүй ээ! Өдгөө Цаоцаог эвдлээгүйн урьд эрдэмтнийг алах нь өөртөө туслагчийг сөнөөх нь болой”. Жоу Юй өгүүлрүүн: “Энэ хүн Любэйд тусалж эрхгүй манай Зяндунд зовлон болмуй”. Лүсү өгүүлрүүн: “Жугө Зинь түүний төрсөн ах бөлгөө. Энэ хүнийг элсүүлж хамтаар зүүн Ү улсыг үйлдүүлбээс сайнгүй үү?” хэмээхэд Жоу Юй тэр үгийг зөвшөөн дагав.

283 Жанжаогийн өргөсөн нэр

Түүнээс дэд өдрийн өглөө Жоу Юй явах хүрээнд хүрээд дунд цэргийн цацарт дэвшин дээш сууж, зүүн баруун этгээдэд илд сүх барьсан ардыг зогсоогоод бичиг цэргийн түшмэдийг цуглуулж цаазыг сонс хэмээв. Үзвээс Чэнпү, Жоу Юйгээс нас ах тул өдгөө Жоу Юйгийн тушаал хэргэм түүнээс дээр болсныг үзээд сэтгэл дотроо маш тааламжгүй болж мөн өдөр бие өвчтэй хэмээн шалтаг хийж гарсангүй. Ахмад хөвгүүн Чөнзыг бие орлон илгээсэн ажгуу. Түүнээс Жоу Юй олон жанжин нарт зарлаж өгүүлрүүн:

“Засаг цаазад янаггүй тул олон авгай нар тус тусын тушаалаа сахих хэрэгтэй. Өдгөө Цаоцао хараахан эрхийг эзэрхсэн нь Дунжуогоос хэтэрхий болж тэнгэрийн хөвгүүнийг Сюйчанд хориод догшин цэрэг хязгаарт суулгажээ. Өдгөө би зарлигийг хүлээн хулгайг дайлах тул олон авгай нар завшаанд чинээ хүчийг гүйцэтгэн чармайж урагш ортугай! Их цэрэг хүрсэн газар иргэнийг түйвээж болохгүй. Шагнаж яллахад огтхон ч нүүрчлэн хэлтрүүлэхгүй!” хэмээн зарлаж бараад, даруй Ханьдан Хуангайг томилон өмнөд ангийн гавшгай болгож өөрийн харьяат байлдах онгоцыг авч мөн өдөртөө мордон гараад, өмнөх Сань Зянкоугийн аманд хүрч цайз буун өөрөө “Дахиж цааз зарлахыг сонстугай!” хэмээгээд Зянцинь, Жоутайг хоёрдугаар анги, Линтун, Фань Жаныг гуравдугаар анги, Тай Шыци, Люймөнийг дөрөвдүгээр анги, Лүсюнь, Дунсиг тавдугаар анги болгон Люйфань, Жузиг дөрвөн зүгийг сэргийлэн цагдагч болгож “Зургаан хошууны түшмэл цэргийг захиран хөөгтүн!” хэмээгээд усан ба хуурай замаар цугаар орж өдөр болзон хамт уулзтугай хэмээн ялган салган зарлаж барсанд олон жанжин нар цөм тус тусдаа онгоц сал ба цэргийн зэвсгийг бэлтгэн засаж мордон гарав. Чөнзы буцаж эцэг Чэнпү лүгээ золгон “Жоу Юйгийн цэрэг явуулах, хөдлөх аашлах нь дүрэм хэмжээтэй” хэмээн хэлсэнд Чэнпү ихэд цочиж өгүүлрүүн: “Би анхнаас Жоуланыг зөөлөн буурай, жанжин болох чадалгүй хэмээн доромжилсон бөлгөө. Өдгөө энэ мэт чадахаар үзвэл үнэхээр жанжны эрдэмтэй нэгэн аж! Би юунд ойшоохгүй байж болмуй” хэмээгээд даруй биеэр явах хүрээнд хүрч ял хүлээв. Жоу Юй бас найр тавин тал өгчээ.

Тэндээс дэд өдөр Жоу Юй, Жугө зинийг залж ирээд өгүүлрүүн: “Эрхмийн дүү Кунминд ванд туслах эрдэм буй бөгөөд юунд биеийг гутааж Любэйд үйлчилмүй? Өнөө хишгээр Зяндунд хүрч ирсэн тул ноёнтон та алжаахыг үл бодон уруул шүдний үлсэн үгийг хайрлалгүйгээр эрхмийн дүүг ятгаж Любэйг гээгүүлэн зүүн Ү улсыг үйлдүүлэх болбоос эзэн гүн сайн туслагчийг олохын зэрэгцээ ноёнтон таны ах дүү бас олж уулзмуй, харин сайн үгүй юу? Ноёнтон та одож ятгахыг хүсмүү!”. Жугө Зинь өгүүлрүүн: “Жугө Зинь би Зяндунд ирснээс хойш ямхын төдий гавьяа байгуулсангүйдээ ичингүйрч байсан билээ. Өдгөө Дүдү таны захиа байх тул ямар аймшиггүй хүч барихгүй хэмээмүү” хэмээгээд мөн даруй моринд мордон шууд өртөөний гэрийг зүглэж Кунминтэй уулзахаар ирэв. Кунмин угтан оруулж уйлан ёслоод тус тусдаа салсан учрыг хэлэлцсэний хойно Жугө Зинь уялан өгүүлрүүн: “Мэргэн дүү Бо И, Шуци мэдмүй үү”. Кунмин дотроо сэтгэрүүн “Энэ лав Жоулан зарж намайг ятгуулахаар илгээсэн буй за” хэмээгээд даруй өчрүүн: “Бо И, Шуци нар эртний богд мэргэд болой”. Жугө Зинь өгүүлрүн: “Бо И, Шуци хэдийгээр Шоу Ян Шань уулын доор өлбөрөн үхсэн боловч ах дүү хоёул мөн нэгэн зэрэг байжээ. Өдгөө би чам лугаа нэгэн хэвэл, хамт хөхөөр өссөн өссөн бөгөөтөл харин ч тус тусын эзнийг үйлдэж өглөө үдэш харилцан золгож үл чадмуй. Бо И, Шуцигийн хүмүүнээр үзвэл ичгүүр хүрэх үгүй юу?”. Кунмин өгүүлрүүн: “Ахын өгүүлсэн нь сэтгэлгээ, харин дүү миний сахисан нь журам болой. Дүү би ах чам лугаа цөм Хань улсын хүн бөлгөө. Өдгөө Лю хааны авга болбоос Хань улсын удам мөн тул ах хэрвээ зүүн Ү улсыг тэвчиж дүү над лугаа хамт Лю хааны авгыг үйлдэн чадваас дээдэд болбоос Хань улсын сайдыг гутаахгүй бөгөөд яс, мах бас харилцан золгож болмуй. Энэ нь сэтгэлгээ журам хоёрыг бүртгэх арга болой? Гагц ах таны санаанд ямрыг үл мэдмүй”. Жугө Зинь сэтгэрүүн: “Би түүнийг ятгахаар ирээд гэдрэг би түүнд ятгагджээ” хэмээгээд өчих үггүй болж, бие босон салж одоод, буцаж Жоу Юйтай золгож Кунмингийн хэлсэн үгийг нарийвчлан хэлсэнд Жоу Юй асууруун: “Гүнгийн санаанд ямар буй?”. Жугө Зинь өгүүлрүүн: “Би Сүнь жанжны зузаан хишгийг хүлээсэн бөгөөтөл яахин тэсэргүүлж болмуй”. Жоу Юй өгүүлрүүн: “Гүн та нэгэнт шударга сэтгэлээр эзнийг үйлчилэх болбоос үлэмж хэлэлцэх хэрэггүй, надад эрх биш Кунминийг дагуулах арга баймуй” хэмээв. Энэ чухамхүү:

“Мэргэд лүгээ учирваас эрхгүй хамтдах нь зүй

Эрдэмтэн нь эрдэмтэнтэй мөргөлдвөөс бас багтаахуйяа бэрх болмуй”

Эгнэгт Жоу Юй ямар аргаар Кунминийг дагуулахыг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top