"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-46 ДУГААР БҮЛЭГ
ГАЙХАМШИГТ АРГЫГ ХЭРЭГЛЭЖ КУНМИН ЗЭВ ЗЭЭЛСЭН НУУЦ УХААНЫГ ӨРГӨЖ ХУАНГАЙ ЭРҮҮГ ХҮЛЭЭСЭН
Өгүүлэх нь: Лүсү Жоу Юйгийн сургасан захиаг хүлээж, шууд онгоцны дотор Кунминийг туршихаар ирсэнд Кунмин угтан оруулж суулцсаны хойно Лүсү өгүүлрүүн: “Өдөр дараалан цэргийн үйлийг хичээж шийтгэсээр гэгээн сургаалыг сонсохыг алдав”. Кунмин өгүүлрүүн: “Жугө Лян би ч мөн Дүдүд баяр хийхээр очсугай!”. Лүсү өгүүлрүүн: “Ямар баяр?”. Кунмин өгүүлрүүн: “Гунзинь ноён таныг зарж Жугө Лян намайг мэдмүй үү, үгүй үү хэмээн туршуулахаар ирүүлсэн. Энэ зүйлийн хэрэгт баяр хийж өгвөөс зохих үгүй үү?”. Лүсү айсандаа царай алдаж асууруун: “Ноёнтон яахин олж мэдэв?”. Кунмин өгүүлрүүн: “Энэ зүйлийн аргаар гагцхүү Зянганийг мэхлэх буй за. Цаоцао хэдий нэгэн цагт мэхлэгдэвч хойно лав ухаж олмуй. Гагц өөрийн буруугаа хүлээхгүй буй. Өдгөө Цаймао, Жан Юнь хоёул үхсэн тул зяндунд зовлонгүй болжээ. Юунд баяр хийж өгөхгүй буй. Би сонсвол Цаоцао Маозе, Юйзинь нарыг усан цэргийн Дүдү болгов хэмээмүй. Тийм бөгөөс энэ хоёулын гар эцэстээ усан цэргийн амийг хүргэх буй за!”. Лүсү үүнийг сонсоод ам нээж чадахгүй болж, элдэв үгээр энэ тэрхнийг ярьж хагас цаг хэлээд салах ёс хийж буцсугай хэмээсэнд Кунмин гуйн өгүүлрүүн: “Зызин та Гунзиньгийн нүүрний өмнө, Жугө Лян намайг энэ хэргийн тухай урьдаас мэдэв хэмээн үл хэлэх ажаам уу! Гунзинь атгаг сэтгэл өвөрлөж, бас шалтаг эрэн лян намайг хорлох болуузай хэмээмүй”. Лүсү үгийг хүлээн авч очив. Хариад Жоу Юйд золгон анхны хэргийг үнэнийг дагаж, тоочин хэлсэнд Жоу Юй ихэд цочин өгүүлрүүн: “Энэ хүнийг хэрхивч үлдээж болохгүй! Би түүнийг аргацаасхийн алсугай!” хэмээхэд Лүсү хориглон өгүүлрүүн: “Хэрэв Кунминийг албаас харин ч Цаоцаод элэглэгдмүй”. Жоу Юй өгүүлрүүн: “Надад гол ёсоор алах арга байваас барав. Түүнийг үхэвч гомдолгүй болгосугай!”. Лүсү асууруун: “Юуг гол ёсоор алмуй хэмээмүй?”. Жоу Юй өгүүлрүүн: “Зызин битгий асуу! Ирэх өдөр даруй олж үзмүй!” хэмээв.
Тэндээс удаах өдөр олон жанжин нарыг цацрын дор цуглуулж, жич Кунминийг “Үйл зөвлөсүгэй!” хэмээн залуулав. Кунмин баярлан хүрч ирээд суусан хойно Жоу Юй Кунмингаас асууруун: “Даруйдаа Цаоцао лугаа байлдаан үүсгэж, усан замаар цэрэг байлдуулахад ямар цэргийн зэвсгийг урьтал болговоос зохимуй?”. Кунмин өгүүлрүүн: “Их мөрний дээр нум сумаар урьтал болгомуй”. Жоу Юй өгүүлрүүн: “Ноёнтны хэлсэн нь мунхаг миний санаанд маш нийцэв. Өдгөө гагцхүү цэрэгт хэрэглэх зэв дутуугийн тул аймшиггүй ноён таныг зовоож, арван түмэн зэвийг захиран үйлдүүлж, дайныг дарахын зэвсэгт тус болгосугай. Энэ болбоос албан хэрэг тул ноён та хишгээр үл маргах ажаам уу!”. Кунмин өгүүлрүүн: “Дүдүгийн тушаасан явдлын хариуд эрхбиш хүчийг бариваас зохимуй. Аймшиггүй асуух нь арван түмэн зэвийг аль үед хэрэглэмүй?”. Жоу Юй өгүүлрүүн: “Арван өдрийн дотор үйлдүүлж бармуй уу?”. Кунмин өгүүлрүүн: “Цаоцаогийн цэрэг өдөр удахгүй хүрч ирэх тул хэрвээ арван өдрийг хүлээвээс лав их үйлийг саатуулмуй”. Жоу Юй өгүүлрүүн: “Ноён та бараглаваас хэдэн өдөрт үйлдэж гармуй?”. Кунмин өгүүлрүүн: “Гагцхүү гурван өдөрт арван түмэн зэвийг ёсчлон барьсугай!”. Жоу Юй өгүүлрүүн: “Цэргийн дунддад наадам үг үгүй болой”. Кунмин өгүүлрүүн: “Ямар аймшиггүй Дүдүд наадам үг хэлмүй. Дуртайяа цэргийн цаазын гэрч бичиг байгуулсугай. Гурван өдөрт эс тушааваас хүнд ял хүлээхийг хүсмүй”. Жоу Юй ихэд баярлаж цэргийн засгийг баригч түшмэдийг дуудан нүүрний өмнө гэрч бичгийг байгуулаад архи базаан хүндэлж өгүүлрүүн: “Хүлээж цэргийн үйл төгссөний хойно эрх биш зүдүүрийг хариулсугай!” хэмээв. Кунмин өгүүлрүүн: “Энэ өдөр нэгэнтээ завдахгүй болов. Ирэх өдрөөс эхлэн үйлдэж гуравдахь өдөрт хүрвээс таван зуун бага цэргийг томилон мөрний дэргэдээс зэвийг зөөлгөхөөр илгээтүгэй” хэмээн хэлээд хэдэн хундага уугаад салж одов. Лүсү өгүүлрүүн: “Энэ хүн эсвээс хуурмаг буюу?”. Жоу Юй өгүүлрүүн: “Тэр өөрөө үхэхийг эрсэн болой. Бид түүнийг гачигдуулсан бус. Өдгөө олны өмнө ив илхэн гэрээ бичиг байгуулаад тэр мөн хоёр суганд жигүүр ургав хэмээвч нисэж гаран чадахгүй болжээ. Би гагц цэргийн урчуудыг захиж тэд нарыг зориудаар алгуурлан удааж алив хэрэглэвээс зохих эл зүйлийг цөм бүрэн гүйцтэл өгүүлэхгүй болбоос эрхгүй хугацаа өдрийг саатуулах болой. Тэр үед ял хийвээс түүнд одоо ямар хэлэх ёс баймуй. Өдгөө гүн чи очиж түүний үнэн худлыг туршин олоод буцаж ирэн мэдүүлтүгэй!” хэмээв.
Тэндээс Лүсү захиаг хүлээн Кунминтэй уулзахаар ирсэнд Кунмин өгүүлрүүн: “Би Зызин чамайг гуйсан нь Гунзиньд битгий үнэнийг хэл! Тэр лав намайг хорлох болой хэмээсэн бөгөөтөл санамсаргүй зызин харин надад даран далдалж өгсөнгүй тул энэ өдөр үнэхээр бас хэрэг үүсгэн гаргаж иржээ. Гурван өдрийн дотор яахин арван түмэн зэв үйлдэж гарган чадах билээ? Зызин та намайг авартугай!”. Лүсү өгүүлрүүн: “Гүн өөрийн эрсэн зовлонг би яахин чамайг аварч чадмуй”. Кунмин өгүүлрүүн: “Зызин та надад хорин их онгоц зээлэн өгөөд, онгоц бүрт цэргийн ард гучин хүн, онгоцны дээр цөм хөх бүсээр бүрхэж, онгоц тутам мянга илүү боодол өвсийг уяад хоёр тийш хуваан жагсаасугай! Надад өөр хэрэглэх гайхамшигт газар баймуй. Гуравдахь өдөрт лав арван түмэн зэв байваас барав. Гагцхүү бас Гунзиньд мэдэгдэж үл болмуй! Тэр хэрвээ мэдвээс миний арга эвдрэх болой”. Кунмингийн үгийг Лүсү хүлээн авсан ч харин түүний санааг тайлан чадсангүй. буцаж Жоу Юйд мэдүүлэн үнэхээр “Онгоц зээлмүй” хэмээсэн хэргийг дурьдсангүй гагцхүү хэлсэн нь: “Кунмин огт сумны хулс ба өрөвлөг өд, шир цавуу зэргийн юмыг хэрэглэхгүй. “Зүй зохис баймуй” хэмээн хэлмүй” хэмээхэд Жоу Юй ихэд сэжиглэн өгүүлрүүн: “Түр түүний гурван өдөр болсны хойно яахин надад хариу мэдүүлэхийг үзсүгэй” хэмээв.
Түүнээс Лүсү өөрийн бие сэмээр хөнгөн хурдан онгоц хорийг гаргаж, онгоц бүрт гуч илүү хүн, жич бөс бүрхүүл багцат өвс зэрэг юмыг цөм бүрэн бэлтгэн өгөөд Кунмингийн хэрэглэхийг хүлээв. Тэргүүн өдөр харин ч Кунмингийн чимээг сонссонгүй. Хоёрдугаар өдөрт мөн хөдөлсөн ч үгүй, гуравдугаар өдрийн дөрвөн жингийн үе болсонд Кунмин сэмээр Лүсүг онгоцны дотор залж авчрав. Лүсү асууруун: “Гүн та олдой291 намайг дуудан ирүүлсэн нь ямар учир буй?”. Кунмин өгүүлрүүн: “Тусгайлан зызинийг залж хамтдаа зэв авахаар одсугай хэмээмүй!”. Лүсү “Хаанаас авахаар очмуй? хэмээн асуусанд Кунмин өгүүлрүүн: “Зызин та битгий асуу урагш очвоос даруй олж үзмүй” хэмээгээд даруй хорин их онгоцыг урт сунагаар харилцан холбож уяулаад, шууд хойд хөвөөг зүглэн урагш оруулав. Мөн шөнөдөө манан тэнгэрийг бүрхэж урт мөрний дунд униар манан нэн хэтэрхий тул нүүр эсрэгцэн байгаа хүнийг олж танихгүй болжээ. Кунмин онгоцыг шаардуулан урагш орвоос үнэхээр маш их манан ажгуу. Урьдын хүний нэгэн бүлэг “их манан мөрөнд буусан магтуу”-ны үг:
“Урт мөрөн их болой!
Баруунш Минь, Ө уулнаа залгалдан
Өмнөд гурван Үг эзэмшиж
Умардад есөн голыг бүслээд
Зуун усыг хуруулан далайд орж
Түмэн үе өнгөртөл давлагааг давлагаалж ирсэн бөгөөд
Жишээлбэл лун бө, далайн эзэн
Мөрний рагини292 болон мянган хос алд урт халим
Есөн тэргүүт далайн сахиулсан хийгээд
Ерөөс чөтгөр шулам өөр төрөлхтөн цөм цугларчээ.
Угаас чөтгөр сахиус түшиглэн оршиж
Баатар идэрхэгийн байлдан сахих газар болой.
Тэр цагт арга билиг нэгэнтээ самууран
Үүрийн гэгээ ялгагдахгүй.
Урт агар нэгэн өнгө болсонд гайхан атал
Гэнэт их манан дөрвөн зүгт буух нь.
Хэдий дээд түлээ ч үзэгдэхгүй
Гагц хэнгэрэг харангын дуу сонстмуй.
Анханд бүрүйн хүдэнтэж
Сая өмнө уулын ирвэсийг халхтал
Байн байсаар нийтэн бүрхээд
Умар далайн таянга загасыг төөрүүлэх шахав
Хожим нь дээд өндөр огторгуйд залгалдаад
Дорогш тултал газарт тултал бүрэг бараг болоод
Уужим нь хязгааргүй
Халим загас уснаас гарч долгионы дээр үсрэн
Матар луу хөвд шунгаж уур үлээвэй.
Бас зуны хурын чийгийг хурааж
Хаврын бүрхгийн жихүүн болгож байх мэт
Бүрхирэн бужигнаж бутран тунараад
Зүүн этгээдэд Чайсангийн эрэг бараа тасраад
Өмнө зүгт Сякоугийн уул үзэгдэхгүй болжээ.
Байлдах онгоц мянга цөм эрэг гууд живч халхлагдаад
Нэгэн бага загасчны онгоц цочин сандарч
Долгион давлагаанд илрэн нуугдмуй
Ихэдвээс агаар тэнгэр гэрэлгүй болж
Өглөөний наран өнгө буураад
Гэгээн өдрийг бүрэг бараг болгож
Улаан уулыг усны мэт хөх хувилгамуй.
Да Юй мэтийн мэргэн боловч
Түүний гүн гүехэнийг хэмжиж чадахгүй
Даамай хурц нүдэт Лилү ирэв ч
Тохой ямхыг хэрхэн ялгаж чадах буй
Түүнээс лусын хаан давлагааныг зогсоож
Борооны эзэн үйлдлээ намжаахад
Загас, лаг мэлхий нуун дутааж
Зам мөрөө шувуу, гөрөөс далдлахад
Пөнлайгийн арлыг алслан халхлаад
Тэнгэрийн ордныг бүдэгрүүлэн бүрхэвэй.
Бараг бүрэг хөвөлзөн түлхлэх нь
Түргэн бороо хүрч ирэх мэт
Бүрхийн харлаж балран дэгдэх нь
Зүүн үүл лүгээ адилсаг болсугай хэмээмүй
Үүний дотор хорт могойг далдлан муу нүүр гаргаад
Дундаас нь шуламс чөтгөр нуугдаж
Үүнд түшиглэн гамшиг зовлон болоод
291 Мөхөс, дорд
292 Дагина
Хүнд өвчин эмгэг хүртээн Хилийн гадна салхи тоос нэмэгдүүлсэнд Өчүүхэн ард тохиолдвоос төөрөн хордогдоод Их хүмүүн үзвээс гуньхрал төрөгдөнө. Энэ агуу уур их холд эгүүлэн Тэнгэр газрыг хутгалдуулан нэгэн хэсэг болгожээ”. Мөн шөнийн таван жингийн үед онгоц нэгэнтээ Цаоцаогийн усан хүрээний ойр болов. Кунмин цааз зарлаж онгоцны толгойг баруун зүг, сүүлийг зүүн зүгт хандуулан зэрэгцүүлэн жагсааж мөн онгоцны дээр хэнгэрэг дэлдүүлэн, харанга цохиулаад цугаар хашхируулахад Лүсү цочиж өгүүлрүүн: “Хэрвээ Цаоцаогийн цэрэг хамтаар гарч ирвээс хэрхмүй?”. Кунмин инээн өгүүлрүүн: “Би бодвол Цаоцао энэ мэт давхар мананд лав аймшиггүй гарч ирэхгүй буй за! Бид гагцхүү архи ууж зугаа хийнгээ, цэнгэлдэн суусаар хүлээж, манан дэгдэсний хойно буцаж хариваас барав” хэмээжээ.
Тэндээс Цаоцаогийн хүрээнд хэнгэрэг дэлдэн хашхирах дууг сонсоод Маозе, Юйзинь хоёул санд мэнд нисэх мэт Цаоцаод мэдүүлсэнд Цаоцао цааз зарлаж өгүүлрүүн: “Давхар манан мөрөнд тунарсанд чинадсын цэрэг гэнэт хүрч ирснийг үзвэл эрхгүй бүгсэн цэрэг баймуй. Хэрхивч хөнгөнөөр хөдөлж болохгүй! Хурдан усан цэргийн холхивч293 нум барьсан ардыг гаргаж самуун зэвээр харвуулагтун! Бас хүн зарж хуурай замын цэргийн хүрээнээс Жанляо, Сюйхуаныг дуудуулан тус тусдаа холхивч нум барьсан гурван мянган цэргийг авч түргэнээ мөрний дэргэд ирж туслан харва!” хэмээжээ. Жич зарласан цааз хүрч иртэл Маозе, Юйзинь мөнхүү өмнө зүгийн усан цэргийг булаан орохоос айж хэдийнээ холхивч нум барьсан ардыг зарлан хүрээний өмнөдөд зэв харвуулж буй амуй. Удсангүй хуурай хүрээнээс холхивч нум барьсан ард мөн хүрч ирэв. Бараглаваас нэг түм илүү хүн цөм бүрнээ мөрний зүг хандан цугаар харвалцмуй. Зэв нь бороо орох мэт болсонд Кунмин онгоцны толгойг зүүн зүг сүүлийг баруун зүг хандуулан усан хүрээний ойр дэвшүүлж зэв хүлээн авахуулмуй. Нэгэнтээгүүр хэнгэрэг дэлдүүлж цугаар хашхируулан хүлээж, нар өндөр болж манан шүүсний хойно Кунмин онгоцыг хураамжилж “Түргэнээ эгэгтүн!” хэмээжээ. Тэр хорин их онгоцны хоёр этгээдэд багласан өвсний дээр зэв дүүртэл хатгажээ. Кунмин онгоц бүрийн цэргийн ардыг нэгэн аялгуугаар “Чансангийн зэвийн хишигт талархмуй!” хэмээн бархируулав. Жич Цаоцаогийн хүрээнээс үүнийг Цаоцаод мэдүүлтэл, эндэх онгоц хөнгөн бөгөөд ус түргэн тул хэдийнээ хорин хэдэн газар одоод нэхэвч гүйцэхгүй болжээ. Цаоцао гэмшивч барахгүй болж цэргийг хураав.
293 Гичиргүй нум, сааль нум
Тэндээс Кунмин онгоцыг эгүүлж ирээд Лүсүгийн зүг өгүүлрүүн: “Онгоц бүрийн дээрх зэвийг бараглаваас тав зургаан мянга баймуй. Зяндунгийн хагас хүчийг сүйтгэсэнгүйгээр арван түм илүү зэвийг олов. маргааш өдөр даруй Цаоцаогийн цэргийг харвахад дөхөмгүй юу?”. Лүсү өгүүлрүүн: “Ноён та үнэхээр хувилгаан хүн болой. яахин энэ өдөр ийнхүү их манан байхыг мэдэв?”. Кунмин өгүүлрүүн: “Жанжин болсон хүн бүгд тэнгэрийн утгад нэвтрэхгүй, газрын ёсыг таниагүй, гайхамшигт хаалгын сургаалыг294 мэдэхгүй агаад арга билгийг төсөөлөхгүй, жагсаалын зургийг үзэхгүй, цэргийн байдалд тодорхойгүй болбоос бул цул хэмээх ард болой. Жугө лян би гурван өдрийн урьд нэгэнтээ энэ өдрийн их манан байхыг бодож мэдсэн тул сая гурван өдрийн хугацааг айшгүй295 хүлээсэн бөлгөө. Гунзинь намайг “арван өдөрт бүтээн гаргатугай!” хэмээгээд урчууд ба эл хэрэгслийн юмыг цөм гүйцэтгэж өгөхгүй энэ нь ялгуун сайхан ялаар ив ил намайг “алсугай!” хэмээв. миний амь нь тэнгэрийн гарт байх тул Гунзинь яахин намайг хорлож чадах аж”. Лүсү ёслон гүн бишрэв.
Тэндээс онгоц хөвөөнд хүртэл Жоу Юй хэдийнээ таван зуун цэргийг зарж мөрний дэргэдээс зэв зөөлгөхөөр илгээв. Кунмин онгоцны дээрээс авахуулбаас арван хэдэн түмэн зэв олж цөмийг цацарт зөөлгөн оруулж тушаан бариулав. Лүсү орж Жоу Юйд золгон Кунмингийн зэв авчирсан хэргийг бүрнээ хэлсэнд Жоу Юй ихэд цочон шагшин гайхаж өгүүлрүүн: “Кунмингийн хувилгаан арга, гайхамшигт бодлогыг би гүйцэж чадахгүй нь!” хэмээв. Хожмын хүний магтсан шүлгийн үг:
“Агаар дүүрэн өтгөн манан хөх мөрнийг бүрхээд
Алс энэтээ цөм ялгагдахгүй усан бүрэг бараг
Шаагих хур нисэх царцаа байлдах онгоцноо хурсанд
Шаламгай Жоуланыг Кунмин энэ өдөр мохоов”
Тэндээс удсангүй Кунмин хүрээнд орж Жоу Юй лүгээ золгоход Жоу Юй цацраас бууж угтан аваад сайшаан магтаж өгүүлрүүн: “Ноёнтон таны хувилгаан бодлого үнэхээр хүнийг хичээнгүйлэн бишрүүлмүй”. Кунмин өгүүлрүүн: “Энэ яльгүй бяцхан аргад ямар гайхамшигтай хэмээх газар баймуй?”. Жоу Юй Кунминийг урьж цацарт оруулан хамт архи уухад
Жоу Юй өгүүлрүүн: “Өчигдөр миний эзэн элч зарж “цэргийг шаардуулан урагш ор!” хэмээн хэлэхээр илгээв. Жоу Юй надад нэг ч сайн аргагүй тул ноён та сурган өгөхийг хүсмүй!”. Кунмин өгүүлрүүн: “Жугө Лян би чухам бул цул хэмээх ард болой. Хаанаас гайхамшигт арга баймуй?”. Жоу Юй өгүүлрүүн: “Би өчигдөр Цаоцаогийн усан хүрээг үзвээс туйлын чанга цаазтай, энгийн зэргээр байлдаж болох нь бус гагц нэгэн арга бодож олов. Болох ба эс болохыг мэдэхгүй”. Жоу Юй өгүүлрүүн: “ Ноёнтой та юй надад таслан өгөх ажаам уу!”. Кунмин өгүүлрүүн: “Дүдү та түр битгий өгүүл! Бид тус тусдаа гарын алганд бичээд адил уу? Үгүй юуг үзсүгэй!”.
294 Эртний цэргийн эрдэмтэнд найман хүлэлийн жагсаал гэж байдаг. Тэр нь харилцан адилгүй. Жүгө Ляны найман хөлийн жагсаалыг тэнгэр, газар, салхи, үүл, луу, барс, шувуу, могой гэж найм хуваадаг. Тэнгэр, газар, салхи, үүл нь дөрвөн гол хаалга болно. Луу, барс, шувуу, могой нь дөрвөн гайхамшигт хаалга болно
295 Аймшиггүй, айх шинжгүй, зоригтой
Жоу Юй ихэд баярлаж бийр зууруул авчруулан урьдаар өөрөө сэмхэн бичээд Кунминд өгсөнд Кунмин мөн сэмээр бичиж хоёул суусан сандлыг ойролцоо дэвшүүлэн өөр өөрийн гарын алган дахь үсгийг гаргаж харилцан үзээд цөм ихэд инээлцэв. Үзвээс Жоу Юйгийн гарын алганд нэгэн “Гал” хэмээх үсэг бөгөөд Кунмингийн гарын алганы дотор мөн нэгэн “Гал” хэмээх үсэг ажгуу. Жоу Юй өгүүлрүүн: “Бид хоёр хүний бодсон нь мөн адил тул дахин өөр сэжиглэлгүй болов. Завшаанаар үл задруулах ажаам уу!”. Кунмин өгүүлрүүн: “Хоёр гэрийн албан хэрэг тул хэрхин задруулах ёс буй. Би бодвол Цаоцао хэдий хоёр удаа миний энэ арганд унав хэмээвч лав эс бэлтгэж таарна. Өдгөө Дүдү чинээгээр явуулбаас болмуй” хэмээн ууж бараад тус тусдаа тархав. Олон жанжин нар энэ хэргийг цөм мэдсэнгүй бөлгөө.
Тэндээс Цаоцао зүв зүгээр арван тав зургаан түмэн зэвийг алдаад сэтгэл дотор маш хорсон уурлахад Сюнь Юй арга өргөж өгүүлрүүн: “Зяндунд Жоу Юй, Жугө Лян хоёр хүн арга хэрэглэж байх тул мөн даруйдаа эвдэж чадахад бэрх. Түүгээр хүн зарж зүүн Ү улсад хуурмагаар дагуулан гулдач296 болгож дотуураар тусалж чимээ нэвтрүүлбээс сая эвдэлж болмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Энэ үг төв хэмээн миний санаанд нийлэв. Чи үзвээс цэргийн дотроос хэн хүн энэ аргыг явуулбаас болмуй?”. Сюнь Юй өгүүлрүүн: “Цаймао алагдсан тул цай овогтны угсаа төрөл цөм цэргийн дотор баймуй. Цаймаогийн төрлийн дүү Цайжун, Цайхө хоёр өнөө дэслэгч жанжин болсныг Чансан та өршөөн харгалзаж хуурмагаар дагуулахаар илгээвээс зүүн Ү улс лав сэжиглэхгүй болмуй!”. Цаоцао үгийг зөвшөөрөн мөн шөнөдөө сэмээр хоёулыг дуудаж цацарт оруулан сургаж өгүүлрүүн: “Та хоёул бага сага цэргийг авч зүүн Ү улсад хуурмаглан дагахаар очтугай! Гагц чимээ төлөв байваас хүн зарж сэмээр мэдүүлэгтүн! Үйл бүтсэн хойно хүндэд өргөмжлөн шагнасугай! Битгий хоёр сэтгэл өвөрлө!” хэмээхэд хоёул өгүүлрүүн: “Бид нарын эм хүүхэд цөм зинжоу мужид байх тул ямар аймшиггүй хоёр сэтгэл өвөрлөмүй. Чансан та үл сэжиглэх ажаам уу! Бид хоёул эрх биш Жоу Юй, Жугө Лянгийн тэргүүнийг авч тугийн дор өргөсүгэй!” хэмээсэнд Цаоцао зузаан шагнав. Дэд өдөр хоёул таван зуун цэргийн ардыг авч хэдэн бага онгоцонд суугаад салхины аясаар өмнөд хөвөөг зүглэн ирэв.
296 Тагнуулч
Тэндээс Жоу Юй хараахан цэрэг орох үйлийг төхөөрөн байтал гэнэт мөрний хойдоос хэдэн онгоц мөрний аманд хүрч ирээд хэлэх нь: “Цаймаогийн дүү Цайжун, Цайхө нар тусгайлан дагахаар ирэв” хэмээн мэдүүлэн иржээ. Жоу Юй дуудан оруулсанд хоёул уйлан ёсолж өгүүлрүүн: “Манай ах ялгүй байтал Цаоцао хулгайд алагджээ. Бид хоёул “Ахын өшөөг авсугай!” хэмээн тусгайлан дагахаар ирэв. Хишиг хүртээж хураамжлан хэрэглэвээс дуртайяа өмнөд хошууч болохыг хүсмүй!”. Жоу Юй ихэд баярлан хоёр хүнийг хүндээр шагнаж даруй “Ганьнин лугаа хамт цэрэг авч өмнөд хошууч бологтун!” хэмээн тушаасанд хоёр хүн хишигт мөргөн “Аргад оров” хэмээн баярлав. Жоу Юй сэмээр Ганьнинийг дуудан авчраад сургаж өгүүлрүүн: “Энэ хоёр хүн гэрийн их багыг авчирсангүй тул үнэхээр дагахаар ирсэн нь бус. Даруй Цаоцаогийн зарж илгээсэн гулдач бөлгөө. Өдгөө би аястаж “Түүгээр чимээ нэвтрүүлсүгэй!” хэмээмүй. Чи түүнийг хичээнгүйлэн сайхан харгалзаж дотуураар сэргийлж агтун! Цэрэг мордох өдрийн өмнөхөн тэр хоёулыг алж туг тахисугай! Та хичээн сэрэмжил! Саатуулж үл болмуй”. Ганьнин захиаг дагаж одов. Лүсү орж ирээд Жоу Юйд золгон өгүүлрүүн: “Цайжун, Цайхөгийн дагаар ирсэн нь хуурмаг байж болзошгүй. Хураамжлан хэрэглэж үл болмуй!” хэмээсэнд Жоу Юй зандран өгүүлрүүн: “Цаоцао түүний ахыг алсан тул “Өшөөгөө авсугай!” хэмээн дагахаар иржээ. Яахин хуурмаг хэмээх газар буй? Чи хэрвээ энэ мэт үлэмж сэжиглэвээс дэлхий дахины эрдэмтнийг яахин агуулж чадмуй”. Лүсү дуугүй хойш эгэв. Жич одож Кунминд хэлсэнд Кунмин гагц инээх бөгөөд дуугарахгүй. Лүсү асууруун: “Кунмин юуны тул инээмүй?”. Кунмин өгүүлрүүн: “Би Зызин чамайг Гунзиньгийн арга хэрэглэснийг мэдсэнгүй хэмээн инээмүй. Их мөрөн алс хол болж, тагнуурчийн нааш цааш явах нь туйлын бэрх тул Цаоцао Цайжун, Цайхөг зарж хуурмагаар дагуулан манай цэргийн доторх үйлийг хулган туршуулахаар илгээжээ. Гунзинь тийнхүү аясдан хэрэглэж төв хэмээн “Түүгээр чимээ нэвтрүүлье!" хэмээжээ. Цэргийн мэх цээргүй байдаг болохоор Гунзиньгийн бодлого мөн болой” хэмээсэнд Лүсү сая ухаж олов.
Тэндээс Жоу Юй шөнө цацарт суутал гэнэт үзвээс Хуангай сэмээр цацарт орж Жоу Юйд золгохоор ирэв. Жоу Юй асууруун: “Гүнфү шөнөд ирсэн нь лав мэргэн ухаан байж сургахаар ирсэн буй за?”. Хуангай өгүүлрүүн: “Дайсан этгээдийн хүн олон. Бидний цэрэг цөөн тул удаан тулалдаж үл болмуй. Юунд галаар байлдахгүй буй?”. Жоу Юй асууруун: “Хэн хүн гүнд энэ аргыг хэлэв?”. Хуангай өгүүлрүүн: “Миний өөрийн санаанаас гарсан билээ. Бусад хүнээс сурсан нь бус болой”. Жоу Юй өгүүлрүүн: “Би төв хэмээн энэ мэт санасан бөлгөө. Тиймийн тул Цайжун, Цайхөгийн хуурмагаар дагахаар ирснийг үлдээж чимээ нэвтрүүлье хэмээмүй. Гагцхүү хорсох нь миний төлөө мөн хуурмагаар дагах аргыг явуулах хүн нэг ч үгүй ажгуу”. Хуангай өгүүлрүүн: “Хуангай би дуртайяа энэ аргыг явуулсугай!”. Жоу Юй өгүүлрүүн: “Баахан гашууныг эдлэхгүй болбоос тэр яахин итгэж болмуй”. Хуангай өгүүлрүүн: “Хуангай би Сүн жанжны зузаан хишгийг хүртэж хэдий элэг тархийг газарт бялдавч мөн хорсож гэмшихээргүй” хэмээсэнд Жоу Юй ёслон талархаж өгүүлрүүн: “Авгай хэрвээ энэ мэт “Мах гашуудах аргаар” явбаас Зяндунгийн түмэн завшаан болой” гэжээ. Хуангай өгүүлрүүн: “Хуангай би үхэвч гэмээнэ мөн хорсохгүй” хэмээн өгүүлээд тал өгөн гарч ирэв.
Тэндээс дэд өдөр Жоу Юй хэнгэрэг дэлдүүлж цацрын дор олон жанжин нарыг ихэд цуглуулан Кунмин мөн бас суудалд байв. Жоу Юй өгүүлрүүн: “Зуун түмэн олныг авч гурван зуу илүү газар залгалдан буусныг нэг өдөрт эвдэж болох нь бус. Өдгөө олон жанжин нарыг тус тусдаа гурван сарын амуу өвсийг хүлээн авч дайсныг тулахад бэлтгэтүгэй!” хэмээн хэлж бараагүйн урьд Хуангай урагш давшин өгүүлрүүн: “Гурван сарыг хэлэх ч байтугай мөн гучин сарын амуу өвсийг заравч хэрэгт тус үл болмуй. Хэрэв мөн сард эвдэж болбоос даруй эвдтүгэй! Хэрвээ мөн сард эвдэж чадахгүй болбоос гагцхүү Жан Зыбүгийн хэлсэн үгээр хуягийг тайлан тугийг эвхэж, хойш хандан дагаваас болмуй” гэж хэлсэнд Жоу Юй гэнэт царай хувьсаж ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Би эзэн гүнгийн зарлигийг хүлээн “Цэргийг дайчлан Цаоцаог эвдсүгэй!” хэмээх тул аймшиггүй дахин “Дагамуй!” хэмээн хэлэгчид байваас эрхгүй цавчмуй. Өдгөө хоёр этгээдийн цэрэг хараахан байлдахын үест чи харин аймшиггүй энэ мэт үгийг гаргаж манай цэргийн сэтгэлийг осолдуулмуй уу? Чиний тэргүүнийг цавчихгүй болбоос олныг дагуулахад бэрх!” хэмээгээд зүүн баруун этгээдийн ардыг зандран “Хуангайг түлхэн гаргаж цавчаад ирж мэдүүл!” хэмээхэд Хуангай мөн хилэн төрж өгүүлрүүн: “Би Пөлү жанжныг дагаж ирснээс зүүн өмнөдийг хөндлөн гулд явж, нэгэнтээ гурван үе өнгөртөл чи хаана байсан аж?” гэсэнд Жоу Юй ихэд уурлан “Түүнийг түргэн гаргаж цавч!” хэмээн зандарсанд ганьнин урагш давшиж гуйн өгүүлрүүн: “Гүнфү нь зүүн Ү улсын хуучин сайд бөлгөө. Уучлан хэлтрүүлэхийг гуймуй”. Жоу Юй өгүүлрүүн: “Чи юунд аймшиггүй үлэмж хэлэлцэж миний цааз хуулийг самууруулмуй” хэмээгээд урьдаар зүүн баруун этгээдийг зандарч: “Ганьнинийг самуун шийдмээр занчин гаргагтун!” хэмээв. Олон түшмэл цөм сөгдөн гуйж өгүүлрүүн: “Хуангайн ял хэдий албаас зохимуй хэмээвч гагцхүү цэрэгт бэлгэгүй. Гуйх нь Дүдү та түүнийг уучлан хэлтрүүлж түр ялыг тэмдэглэн Цаоцаог эвдсэний хойно албаас мөн үл хожимдмуй”.
Жоу Юйгийн хилэн бас ч тайтгарахгүйд олон түшмэл гашуудан хэлтрүүлэхийг гуйхад Жоу Юй аргагүй болж өгүүлрүүн: “Хэрвээ олон түшмэлийн нүүрийг харахгүй болбоос хэрхивч хэмээн тэргүүнийг цавчмуй. Өдгөө түр үхэх ялыг хэлтрүүлэн уучилсугай!” хэмээгээд зүүн баруун этгээдийг дуудан: “Даран унагаж ар нурууг нь нэг зуун мод цавчиргадан түүний ялыг залруулагтун!” хэмээв. Олон түшмэл бас гуйхад Жоу Юйширээг түлхэн унагаж олон түшмэлийг зандран эгүүлээд “Занч!” хэмээн бархирсанд даруй Хуангайгийн хувцсыг тайлж газарт даран унагаагаад ар нурууг тавин мод цавчиргадтал олон түшмэл бас дахин хэлтрүүлэхийг гашуудан гуйваас Жоу Юй гүйн босож Хуангайг зааж өгүүлрүүн: “Чи аймшиггүй намайг бага үзнэ үү? Тавин модыг түр тэмдэглэн одоо дахин осолдвоос ялыг хамтад нь гүйцэтгэсүгэй!” хэмээгээд заналын дуу тасрахгүйгээр хойд цацарт орж одов.
Тэндээс олон түшмэл Хуангайг түшин босгож үзвээс жанчигдсан мах дэлбэрэн, арьс хуурч, улайм цус газар дүүртэл урсжээ. Түшсээр тус хүрээнд аваачтал хэдэн удаа харангадан унав. сонсож асуухаар ирсэн хүн эс нулимс унагасан бээр үгүй. Лүсү басхүү одож асуугаад Кунмингийн онгоцонд ирж Кунминий зүг өгүүлрүүн: “Энэ өдөр Гунзиньгийн хилэн төрж Гүнфүг жанчихад бид нар цөм түүний захиргааны хүн тул аймшиггүй хэтрэмгийгээр гашуудан ятгаж чадахгүй. Ноён чи зочин хүн бөгөөд юунд гар дугтуйлан хажуудаас үзэж байгаад нэг ч үг гарахгүй буй?”. Кунмин инээн өгүүлрүүн: “Зызин чи намайг мэхлэв”. Лүсү өгүүлрүүн: “Лүсү би ноён чам лугаа мөрнийг гэтлэн ирснээс нэгэн хэрэг хэмээн огтхон ч мэхлэсэн газаргүй билээ. Өдгөө юунд энэ мэт үг гаргамуй?”. Кунмин өгүүлрүүн: “Зызин та мэдэхгүй ажгуу! Гунзиньгийн энэ өдөр Хуан Гүнфүг хал үзүүлэн занчсан нь даруй арга болой. Яахин намайг түүнийг ятга хэмээмүй?”. Лүсү сая ухаж мэдэв. Кунмин өгүүлрүүн: “Мах гашуудах аргыг хэрэглэхгүй болбоос Цаоцаог мэхэлж хэрхин чадмуй? Өдгөө лав Хуан Гүнфүг хуурмагаар дагуулан илгээж, Цайжун, Цайхөг энэ хэргийг мэдүүлтүгэй хэмээмүй. Зызин та Гунзиньд золгосны цагт Жугө Лян намайг “Энэ аргыг урьдаас мэдмүй” хэмээн битгий өгүүлэгтүн! Бас Жугө Лян намайг “Дүдүд хорсмуй” хэмээн хэлбээс барав”. Лүсү салж очоод цацарт орж, Жоу Юй лүгээ золгосонд Жоу Юй залж хойд цацарт оруулсан хойно Лүсү өгүүлрүүн: “Энэ өдөр юунд Хуан Гүнфүг хүндэд залхаав!”. Жоу Юй асууруун: “Олон жанжин нар хорсож баймуй уу?”. Лүсү өгүүлрүүн: “Олонхийн сэтгэл дотор амаргүй буй”. Жоу Юй асууруун: “Кунмингийн санаа ямар буй за?”. Лүсү өгүүлрүүн: “Тэр бас ч Дүдүг найр нимгэн хэмээн гасалмуй”. Жоу Юй инээд өгүүлрүүн: “Энэ удаа харин түүнийг мэхлэн чадав” хэмээжээ. Лүсү өгүүлрүүн: “Ямар учир болой?” хэмээхэд Жоу Юй өгүүлрүүн: “Энэ өдрийн Хуангайг нэвширтэл занчсан нь арга болой. Би түүнийг хуурмагаар Цаоцаод дагуулсугай хэмээхдээ урьдаар мах гашуудах аргыг хэрэглэж Цаоцаог мэхлэсэн хойно үүнээс галаар байлдваас дийлж болох болой”. Лүсү даруй дотроо Кунмингийн бодлого мэргэнийг ойшоовч харин ч аймшиггүй ил хэлсэнгүй бөлгөө.
Тэндээс Хуангай хөшигний дотор шархаа тэжээн хэвтэж байхад олон жанжин нар цөм ирж биеийн байдлыг асуувч Хуангай нэг ч үг дуугарахгүй гагц уртаар шүүрс алдах буйзаа. Гэнэт мэдүүлрүүн: “Дэмнэгч түшмэл Каньзө асуухаар ирэв” хэмээсэнд Хуангай хэвтэх гэртээ залж оруулан зүүн баруун этгээдийг зандарч эгүүлсэн хойно Каньзө өгүүлрүүн: “Жанжин чи арай Дүдү лүгээ өшөөтэй буюу?”. Хуангай өгүүлрүүн: “Бус болой”. Каньзө өгүүлрүүн: “Тийм бөгөөс гүнгийн жанчигдсан нь эсхүл мах гашуудах арга буюу?”. Хуангай асууруун: “Юугаар олж мэдэв?”. Каньзө өчрүүн: “Каньзө би гүнгийн хөдөлбөр авирыг үзээд нэгэнтээ найм есөн хувь олж мэджээ”. Хуангай өгүүлрүүн: “Хуангай би зүүн Ү улсын гурван үеийн зузаан хишгийг хүртэж хариулах газаргүй. Тийнхүү энэ аргыг өргөж “Цаоцаог эвдсүгэй!” хэмээмүй. Мах хэдий гашууныг амсавч мөн хорсох газаргүй болой. Би цэргийн дотроос эрэн үзвээс сэтгэл зүрхний мэт хүн нэг ч үгүй. Гагцхүү гүн та анхнаас шударга журамт сэтгэл байхын тул аймшиггүй сэтгэл зүрхний үгээ хэлсүгэй!”. Каньзө өгүүлрүүн: “Гүнгийн надад хэлсүгэй хэмээх нь эсвээс надаар “Хуурмаг дагах бичгийг өргөхөөр очигтун!” хэмээх нь бус уу?”. Хуангай өгүүлрүүн: “Үнэхээр тийм санаа баймуй. Болох ба эс болохыг мэдэхгүй”. Каньзө баярлан захиаг хүлээн авав. Энэ чухамхүү:
“Баатар жанжин биеийг хөнгөлөн эзэнд хариулахыг санаад
Бодлогот сайд улсын төлөө нэгэн адил сэтгэл баймуй”
Эгнэгт нь Каньзөгийн хэлсэн нь юуг мэдэхгүй, доор бүлэгт үзтүгэй!
Сэтгэгдэл ( 0 )