Олон улсын рейтингийн “Фитч” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, эдийн засгийн төлөвийг "тогтвортой" хэвээр үлдээснийг fitchratings.com мэдээлснийг өчигдөр /2022.05.19/ хүргэсэн билээ.
“Фитч”-ийн хэвлэлийн мэдээнд дурдсан зарим асуудлуудыг тодотгоход, Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдлыг 2022 онд ДНБ-ий 16.3%, гадаад өрийн үлдэгдэл ДНБ-ий 167%-д байна гэж төсөөлжээ. Мөн гадаад валютын нөөцийг 2022 оны эцэс гэхэд 3.6 тэрбум ам. доллар байна гэж тооцоолсон байна.
Харин улсын төсвийн алдагдлыг 2022 онд ДНБ-ийн 4.4% болж өснө гэж төсөөлжээ. Цаашид Монгол Улсын эдийн засаг сэргэх хандлагатай байгаа тул төсвийн орлого бүрдүүлэлт эрчимжсэнээр алдагдал 2023 онд 3.7% хүртэл буурна гэж төсөөлсөн байна. Монголтой ижил “В” зэрэглэлтэй бусад улсуудын төсвийн алдагдлын дундаж нь 4.7% байгаа аж.
Мөн “Фитч” Оюутолгой төслийн талаар мэдээлэлдээ дурджээ. Стратегийн ач холбогдол бүхий уг төслийн талаар Засгийн газар болон хөрөнгө оруулагч талуудын сүүлд байгуулсан гэрээ нь төслийн саатал, зардлын хэтрэлт, татвараас үүдсэн маргаантай харилцаа намжсан гэдгийг харуулж байна. Уг гэрээ нь гадаадын хөрөнгө оруулагчдад болон далд уурхайн бүтээн байгуулалтыг үргэлжлүүлэхэд эерэгээр нөлөөлнө гэж үзэж байна гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )