Олон улсын рейтингийн “Фитч” агентлаг Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, эдийн засгийн төлөвийг "тогтвортой" хэвээр үлдээснийг fitchratings.com мэдээллээ.
Тус агентлагийн зүгээс гаргасан мэдээлэлд, Монгол Улсын засаглалын үзүүлэлтүүд, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь “B” үнэлгээтэй бусад орнуудтай харьцуулахад харьцангуй өндөр байгааг тодотгожээ. Түүнчлэн дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийн төлөвийг таатай байхаар тооцсон байна.
Гэхдээ Монгол Улсын эдийн засгийн суурь нь БНХАУ руу чиглэсэн түүхий эдийн экспортоос буюу гадаад санхүүжилтээс голлон хамаардаг, улс төрийн тогтворгүй байдалтай зэрэг нь зээлжих зэрэглэлийн үнэлгээг энэ түвшнээс ахиулахад саад болж буйг бичсэн байна.
Эдийн засгийн өсөлт ойрын хугацаанд зогсонги хэвээр байх төлөвтэйг дурджээ. Ковидын эрсдэлийг бууруулах вакцинжуулалтын үр нөлөөгөөр хил боомтоо нээсэн ч, Монгол Улсын эдийн засаг энэ онд 1.2 хувиар буюу өнгөрсөн оныхоос 0.2 пунктээр буурсан өсөлтийг үзүүлнэ гэж “Фитч”-ийн шинжээчид таамаглажээ. Монгол Улсын худалдааны гол түнш болох БНХАУ нь ковидтой холбоотойгоор “0 ковид” зорилтын хүрээнд хил боомтоо хаасан, чангатгасан хэвээр байгаа нь нүүрсний экспорт, бусад барааны эргэлтийг ихээхэн тасалдуулж байна.
2023 онд хил боомтын гацаа багасах төлөвтэй байгаа ч, БНХАУ-тай хийх худалдааны тасалдал илүү удаан хугацаанд үргэлжлэх юм бол эдийн засгийн өсөлтийг бууруулах эрсдэл нэмэгдэнэ. Украины дайнаас үүдэлтэй дэлхийн эдийн засгийн хямрал болон хоёр хөрш орноос авдаг импортын тасалдлаас үүдэлтэй нийлүүлэлтийн хүндрэл нь инфляцын дарамтыг нэмэгдүүлж, иргэдийн бодит орлого, хэрэглээг бууруулах эрсдэлтэйг дурджээ.
Эдийн засгийн дунд хугацааны өсөлтийн төлөвийг таатай байхаар төсөөлөхдөө, Украины дайнаас үүдэлтэй эрсдэлүүд буурч, Монголын экспортын түүхий эдийн гол зах зээл БНХАУ-ын эрэлт тогтвортой байхаар байгаа тул Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2023 онд 6.3%, 2024 онд 6.8% байна гэж тооцжээ.
Сэтгэгдэл ( 0 )