Хиймэл оюун ухаан рентген зургаар арьсны өнгийг тодорхойлж сурчээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Хиймэл оюун ухаан рентген зургаас хүний арьсны өнгийг тодорхойлдог өөрийн гэсэн арга олсныг сүүлийн үеийн судалгаа харуулжээ. Гэтэл эмч хүн рентген зургаас хүний арьсны өнгийг тодорхойлох огт боломжгүй аж.

Судалгааны үр дүн эрдэмтдэд багагүй болгоомжлол төрүүлж, хиймэл оюун ухааны анагаах ухааны оношилгоо, эмчилгээнд гүйцэтгэх үүргийн талаар нухацтай бодоход хүргэжээ.

“The Lancet Digital Health” сэтгүүлд бичсэнээр, олон зуун мянган рентген зургийг ашиглан хиймэл оюун ухаан 90 хувийн оновчтой рентген зургаар хүний арьсны өнгийг таньж сурсныг АНУ, Канад, Тайванийн судлаачдын хамтарсан баг тогтоожээ. Ингэхдээ тэд нэг нас, хүйсний хүмүүсийн рентген зургийг ашигласан байна. Хиймэл оюун ухаан хүний арьсны өнгийг хэрхэн тодорхойлж байгааг эрдэмтэд одоогоор хэлж мэдэхгүй байна. Судлаачид зураг дээрх ясны нягтаршил зэрэг санаа өгсөн мэдээллийг арилгасан ч хиймэл оюун ухаан хүний жинхэнэ арьсны өнгийг гайхмаар зөв тодорхойлсоор байжээ. Компьютерын систем арьсны өнгийг ямар байхыг тодорхойлдог меланины одоогоор шинжлэх ухаанд танигдаагүй шинжийг илрүүлж сурсан байж магадгүй гэж эрдэмтэд таамаглаж байна.

Өмнөх судалгаагаар хиймэл оюун ухаанаар рентген зураг уншуулахад хар арьстай өвчтөнүүдийн өвчний шинж тэмдгийг орхигдуулах магадлал өндөр болохыг тогтоосон байна. Тиймээс эрдэмтэд энэ үзэгдлийн учир шалтгааныг тайлахын тулд бүхий л арга хэрэглэн судалж байна. Хиймэл оюун ухаан нь хүний сэтгэх чадварыг дуурайж, мэдээллийн зүй тогтлыг богино хугацаанд тодорхойлдог. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухаан хүний бодол, таамгийг тусгах боломжтой гэсэн үг. Гэвч үүний учир шалтгааныг эрдэмтэд одоогоор тогтоож чадаагүй л байна. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top